Судлаач Л.Бат-Очир арав хориод оны ҮЭЧХ буюу панмонголизм нь Ар Өвөр, Буриад Ойрд бүх монголчуудын нэгэн нэгдмэл үйлс байсныг тал бүрээс нь нотлон ярив. 1911 онд бүх монголчууд босож, тусгаар тогтнол, эрх чөлөөг олж, нэгдэж нэг гэр улсаа байгуулсан гэдгийг, олон сонирхолтой баримт дурдан үгүүлэв. 1911 оны Монгол их хувьсгалыг өргөн, бодот агуулгаар нь ойлгохын чухлыг онцлон тэмдэглэв.
Лэкцийн дараа чөлөөт ярилцлага өрнөлөө. Танхимаас Э.Ринчиногийн тухай асуухад, “10-аад оны ҮЭЧХ-ийг Ар Өвөр Монголын эх орончид давамгай үүрэг гүйцэтгэн зохион байгуулсан. Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн нар бол тэдэн дундаасаа бүх Монголын хүрээнд сэтгэдгээрээ ялгарч байлаа. Тэгвэл 20-иод оны ҮЭЧХ-д Хойд буюу Буриад Монголын эх орончид нэн идэвхтэй оролцсон. Нэг удирдагч нь Э.Ринчино гарцаагүй мөн. Тэр хүн мөн, ямагт нийт монголчуудынхаа хүрээнд сэтгэж, тэмцдэг байснаараа аргагүй ялгарч явжээ” хэмээв. Хас бэлгэдлийн тухай асуухад: “Монгол ёс уламжлалынхаа дагуу хэрэглэхэд хэн ч буруу гэхгүй. Харин гадаадын нэонацистуудыг дууриавал буруудна. Тэр дууриасан хүмүүсийн хоморгонд эх орончид, үндэсний үзэлтнүүд орж бас буруудаж хэлмэгдэж болох юм” хэмээн сэрэмжлүүлээд, үндэсний эх оронч үзлийг мушгин гуйвуулах, туйлшруулахын балгийг таниулан хэлж өгөв.
No comments:
Post a Comment