Friday, February 25, 2011

Оросын киночид монгол удирдагчийг малгайтай мал болгон доромжилж үзүүлэв

Монголчууд махыг хэдэн сар өмхийрүүлж байгаад иддэг хэмээн харуулав

Буриадын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтэн Михей Ербанов гэж хүн байдаг. 1923-1937 онд Буриадын №1 удирдагч байсан, хойд монголчуудын дунд Д.Сүхбаатар адил хүндэтгэгддэг нэгээн. Түүний хөшөө дурсгал, нэрэмжит газрууд Буриадад зөндөөн.
Иргэний дайны үед тэрбээр, большевик нууц байгууллагын гишүүн байв. Эрхүүд цагаантны эсрэг бослого гарч, большевикууд засгийн эрхийг гартаа авахад Ербанов Хувьсгалт хороо (Ревком) гэх түр засаглах байгууллагын гишүүнээр сонгогдож хамаг асуудлыг шийдэлцэх болов. Улаантнууд Антант болон чэхүүдийн хамгаалалтад байсан Колчакийг шантаажлан өөрсдийн мэдэлд авлаа…


…Ревкомын байрны нэгэн өрөөнд гурван хүн байх бөгөөд гаднаас хүн ирж:
-Ямар өмхий үнэр гараад байна? Манай өрөөнд чинь үхсэн муур илжрээгүй биз дээ? гэхэд хойморт зогсох орос:
-Муур биш, тансаг зоог үнэртэж байна гээд Ербанов руу заав. Саарал өнгөтэй л болохоос, дундад азийнх мэт энгэр, загвартай “дээл” өмсөж, шовгор хөх конусын ёроолыг үсэрхэг эдээр эмжин бүтээсэн, болхи гэгч томдсон малгайг толгой дээрээ залсан, харваас маанаг байрын эр тахианы махтай ноцолдонгоо:
-Юу яриад байгаа юм? Шинэхэн сайхан мах. Хүүхдүүд иднэ иднэ гээд л дайраад байсан. Арайхийж хулгуун өвөртлөөд, эндээ авчраад нэг юм болгоож сууна… Болгоож л сууна даа… гэж алиалагчийнх мэт гаж хоолой, жигтэй муухай хазгай аялга, хялбаршуулсан “чукча” маягийн яриагаар өчив.

Киноны хэсгээс

-Ербанов, чи дандаа л худлаа ярих юм. Наад ой гутам сэгээ хаяач!
-Манай хамаатан өнгөрсөн оны намар над руу энэ сайхан шарсан махыг явуулсан юм. Олзны юм гэж байгаа. Тэрнээс хойш чинь за байз, октябрь, ноябрь, юу юу билээ, аа тийм, декабрь, январь, дөрөвхөн сар өнгөрч. Цоо шинэхэн байхгүй юу? Цоо шинэхэн…
-За тэр яахав, Колчакийг бууд гэсэн Лениний 26 тоот захирамж ирлээ…
-Хорин юу юу гэнээ. Ямар аймаар олон юм бэ? Яаж тийм олон захирамж гаргадаг байна аа… Яаж… Яаж…гэж ухаан хомсдолтой эр тоть мэт давтан үглэнэ.
-Ербанов, олон үггүй гарын үсгээ зур!
-Зурах хэрэгтэй. Хэрэгтэй шүү. Хэрэгтэй….гээд тэр гарын тосоо мөр энгэрээрээ нэг нялан арчина. Байсхийгээд л хэхрэх юм уу, зогисуулна. Амьтан маягийн элдэв авиа байнга гаргана.
Колчакийн хоригдсон өрөөнд ороход нэг хүнлиг сэтгэлт большевик эр учир явдлыг танилцуулах гэж халгаж ядна. Харин бохир заваан, соёлгүй бүдүүлиг Ербанов хэхэрч орхиод, тэнэгдүүхэн инээв. Хоёр алуурчин большевик мөн адилаар хөхрөв.
Оросын хууль ёсны засаг (Омск) гэдгийн тэргүүн, адмирал Колчакийг буудахад Ербанов навсганаж савсганаж, эргүүтэж гүйсээр байгаад бүр “Зайлаач ээ, мал аа!” гэж зүхүүлэн хөөгдөв…

Саяын “уран сайхны халил” бол Оросын “Конь белый” гэх түүхэн сэриалд буриадын ард түмний бахархан дээдэлдэг хүмүүнийг хоёр анги дамнуулан дүрсэлсэн байдал. “Цагаан морь” гэх эл сэриал нь еврэйг үзэн ядахуй буюу антисэмитизм, бас шовинизм нэвт шувт шингэсэн кино юм. Нэг большевик,
-Оросын ард түмний эсрэг олон гэмт хэрэг үйлдсэн Колчак болбоос…гэхэд Ербанов үгийг нь таслаж:
-Яагаад зөвхөн Оросын ард түмэн гэж? Еврэй яагаав? гэж байх юм. Гэтэл нөгөөх нь:
-Еврэй биш, жид гээч! хэмээнэ. Жид гэж, еврэйг харааж доромжлохдоо хэлдэг, гуйвуулж дуудсан үг.
Хэдийбээр, уг кино нь Орос-Еврэйн (Бурхан-Чөтгөрийн) тэмцлийг харуулж буй мэт ч, зэрэгцээгээр нь, энэ хоёр том ард түмний дэргэд буриад мэтэс нь бол бүр юу ч биш гэсэн санааг илэрхийлж, удирдагчийг нь мал амьтан мэт харуулж, түүний дэргэд бол жигшээд байгаа еврэйчүүдээ ч хүн мэт үзүүлж, шаталсан булай дээрэнгүй үзлээ шалдлан гаргажээ.
Үнэн мөн нь ямар байв?
М.Ербанов (1889-1938) газар шинжигч-хэмжигч болон банк-санхүүгийн давхар мэргэжилтэй, газрын албанд ч, банкинд ч ажиллаж байв. 1917 онд, Түр засгийн газрын (Керенскийн) үед, Буриадын үндэсний хороо (Бурнацком) гэх бараг тусгаар тогтносон Буриад-Монгол улсын эрх баригч, үндэсний байгууллагын гишүүн болжээ. Дараа нь большевик намд элсэв. Тэр үед улаан цагааныг аль алийг нь эсэргүүцнэ гэвэл бүтэхгүй, нэгийг нь түшиглэх шаардлагатайд хүрэх нөхцөл байдал үүсээд байв. Бурнацкомын олонхи нь эсер-народник байсан агаад аажим аажмаар большевик нам руу хэлбийцгээсэн.

М.Ербанов

Октябрийн эргэлтийг большевик, меньшевик, эсер (зарим хэсэг нь), анархист зэрэг хүчнүүд хамт хийлцсэн. Бусдыгаа замаасаа зайлуулах гэлээ гээд нэг хэсэг эсер большевикуудтай эвдрэлцсэн бол, нөгөө хэсэг нь эвссэн хэвээр байв. Эсер Ринчино, Цанид хамба Доржиев нар Ар Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Ленинтэй монгол туургатны асуудлыг хамтаар хэлэлцсэн агаад, пролетарийн удирдагч уулзалтын төгсгөлд “В первую голову калмыкам и бурят-монголам!” хэмээн, зөвлөлтийн анхны автономиудыг байгуулах шийдэлд хүрсэн байдаг. “Оросын” монголчууд өмнө нь ч бас автономийн талаар большевикуудтай хэлэлцэж байсан юм билээ л дээ.
Колчакийг Ербанов хороолцсон тухайд бол ийм ээ. Адмиралын асуудлаар тусгай ажлын хэсэг маягийн юм байгуулагдсан агаад бүрэлдэхүүнд нь Ербановыг оруулсан. Бусад нь Янкель Шумятский, Борис Блатлиндер, Лазарь Левинсон, Самуил Чудновский гээд дан еврей нар. Тэдэн дундаа хамгийн боловсролтой, чадвартай нь Ербанов байв. Буудах ажиллагааг биечлэн удирдаж, командалсан С.Чудновский бол тэр “Белый конь” кинон дээр гардаг маанаг эр шиг нэгэн байсан гэдэг. Онцлог нь хорлол сүйтгэлдээ гаршсан, ямар ч муу муухай даалгаврыг дуулгавартай гүйцэтгэгч, найдвартай боол, харгис хэрцгий этгээд.
Ербанов большевизмд тийм ч үнэнч байсангүй. Түүний хувьд панмонголизм чухал байсан юм. Тиймээс ч, 1918 онд Эрхүүг цагаантны гэнэрал А.Пепеляев (Колчакийн ЗГ-ын ерөнхий сайд, адмиралтай хамт цаазлагдсан В.Пепеляевын дүү) эзлэн авч гарт нь орсон большевикуудыг бүгдийг нь алахыг нь алж, хорихыг нь хорьсон ч, Ербановыг хөндөлгүй, банкинд ажиллуулж байжээ.
Тэрбээр большевик нууц байгууллагадаа туслахын тулд хуурамч баримт бичиг үйлдэх чадварыг эзэмшжээ. Намынхан нь “ид шидтэн мэт” хэмээн гайхдаг байж. Борис Блатлиндерийг Иван Бурсак гэсэн нэрээр адислаж, еврэйг хядах ажиллагаанаас аварчээ. Цаадах нь ачтай сайхан большевик нэр хэмээн насан туршдаа тэр хэвээр явжээ. Хүмүүст элдэв хуурамч нэр оноохдоо, хошин шогч байдлаар хандан зугаацдаг байсан гэдэг.

Сталин ба буриад охины ард Ербанов цухуйж байна. Уг нь олон хүн хамтдаа авахуулсан зураг байсан агаад, хожим бусдын дүрсийг хайчлан устгаж, Ербановыг рэтүшилж даран, хэвлэлд зориулсан “шинэ” зураг бэлтгэсэн гэдэг.

Колчакийг буудалцаж, сорилгыг сайн давсан хэмээн коммунистууд түүнд итгэл үзүүлдэг байж. Буудсан, буудаагүй гээд л янз бүрийн баримт дурдагддаг. Нэгдүгээрт, Ленин нууц тушаалаар асуудлыг хөдөлбөргүй шийдвэрлэсэн, хоёрдугаарт, Ербановт Колчакийг өрөвдөх ямар ч шалтгаан байсангүй. Адмирал үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дарж, Бурнацкомынхныг эх орноосоо урвасан, салан тусгаарласан гэж яллан хорьж байсан. Юутай ч атугай, гаргацтай, гоё, хурдан бичдэг, найруулдаг гээд түүнийг бичгийн ажилд их дайчилдаг байв. Колчакийн хэргийн бичиг баримтыг ч Ербанов гардан хариуцсан.
А.Рыбаков “Арбатын хүүхдүүд” романдаа “Үндэсний үзэлтэн Ербанов ч Сталины үгийг ангайн сонсов” гэсэн байдаг. Ер нь бол нэг их “ангайн сонсдоггүй” байж л дээ. Нэг хэсэг Зөвлөлт болон Коминтерн “панмонголизм бол колониализмын эсрэг тэмцлийн зэвсэг мөн” хэмээн, зарим хэмжээгээр дэмжих хандлагатай байв. “Панмонголизм Азид импэриализмын эсрэг шуургыг дэгдээнэ” ч гэж байлаа. Ийм байр суурь төлөвшихөд буриадуудын гүйцэтгэсэн үүрэг их ээ.
М.Ербановыг автономиудын хамгийн шилдэг удирдагчдын нэг гэж Кремль сайшаадаг байв. “Буриад-Монгол улс зөвлөлтийн үндэсний бодлогын шилэн хорго (витрина)" ч гэх үг гарчээ. Сталин буриадуудыг сүр сүндэртэйгээр хүлээн авч, монгол дээл өмсч, буриад охиныг тэврэн (хожим “эсэргүүний охин” гэгдэн, хувь заяа нь тун эмгэнэлтэйгээр эргэсэн) зургаа авахуулж, бөөн юм болсон нь тийм учиртай.
1924 оны намар, МАХН-ын их хуралд ирж үг хэлэхдээ М.Ербанов “Бидний ахан дүүс Монгол улсын зон олон та бүхэндээ өөрийн эрхийг бататган, монгол угсаатныхаа итгэл найдвар, түшиг тулгуур болж явахыг хүсэн ерөөе. Цаашид ч Өргөөгийн ЗГ монгол угсаатны хүсэл тэмүүлэл, итгэлийг татсан төв болж явах болтугай. Та бүхэн өөрсдийн үйл ажиллагаагаа бүх монгол туургатныг нэгтгэх, дарлал боолчлолоос чөлөөлөхөд чиглүүлж, тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт буриад-монгол анд нөхөд бид итгэж байна. Бүх монгол угсаатны нэгдэх үйлс, аз жаргалант ирээдүй, эрх чөлөөний наран мандутгай!” хэмээжээ. 1925 онд Буриад-Монголыг БНМАУ-д нэгтгэх саналыг дэвшүүлж, шийдвэрээ ЗХУ болон манай улсын ЗГ-уудад өргөн барьж байсан гэж 1990 онд, нэгэн зөвлөлтийн буриад хүн бичсэнийг уншиж байсан.
1937 онд Зөвлөлт засаг саяхан “зөв зүйтэй” гэж сайшааж байсан панмонголизмаа “зөвлөлтийн эсрэг импэриалистуудын зэвсэг” хэмээн 180 хэм эсрэг зүйл ярьж эхлэхэд “оросын” монголчууд чихэндээ итгэхгүй, алмайран гайхаж байсан гэдэг.  Удалгүй, Ербанов тэргүүтэй Буриадын бүх том дарга нарыг хоморголон баривчилж, өргөн харгислалыг эхлүүлэв. Зүүн, Баруун Буриад нэгдмэл, хүн ам, удирдлагын олонхийг буриадууд эзэлдэг асныг бусниулж, улсыг таван хэсэг хувааж, хайр найргүй оросжуулан сөнөөх замд орсон. Буриад бол Өвөр Монгол шиг хамгийн өндөр төвшинд колоничлогдсон орны нэг шүү дээ. Халимагийн хувь заяа бүр эмгэнэлтэй байв. Ленин дороо зангаа хувиргаж, бүх халимагуудыг (мөн хазаг, хозог буюу казакуудыг) устгах зарлиг буулгасан, Сталин бас чингэж, тарааж цөлсөн (дэпортаци).
М.Ербановыг (бусад буриад удирдагчдыг ч) удтал тамлан зовоож байгаад 1938 онд буудан хөнөөжээ. Ингэж жигшүүртэйгээр харгислан хэлмэгдүүлчихээд, өдгөө ч өргөн олондоо алиа салбадай байсан мэт доромжлон харуулж, булшийг нь дэвсэлж байх гэж дээ. Бас цагаатгасан гээд байгаа…
М.Мөнхбаяр
MMXI.II.XV

1 comment: