Чингис хаан хөтөлгөө морь байв уу
ҮШН гэх энэ намыг урвагчдын шинэ нам гэхчлэн их л ярьж бичсэн. УШН, ХҮШН гэхчилэн чимхэх нь ч буй.
Хэзээ нэгтээ “Авлигачныг цээрлүүлнэ” гээд л, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө хяргаад хаячих байрын үг яриатай, бие бага ч бэлчээр том маягийн нөхөр гарч ирсэн нь, тун удалгүй “Н.Энхбаярын толгой тархинаас цацраг идэвхи ялгараад болохоон байлаа, бодвол бурхан гээч нь бололтой, сонин сайхан цэнэг нь мэдрэгдээд уналаа” гэхчилэн мэдэгддэг, тэр талаар шүлэг найраглал, романс ч зохиочихдог нэгэн болно гэж хэн мэдэх билээ дээ. Ардчилсан намаасаа аюумшиггүйгээр (аюумшигтайгаар ч гэсэн болно доо) урвасан, хөөгдсөн тэр, иргэний урван хөөгдөхүйн хөдөлгөөнийг үндэслэгч, өргөнөөр зохион байгуулагч лидер нь болчихно гэдгийг ч тэр үед гадарлах амьтан байсангүй. Сүүлдээ бүр ерөнхийлөгчид дэвшигч нөгөө хоёр нь араас нь даган хуйларсан нь шившигтэй ч, жигшүүртэй ч.
Зүгээр урвах мөрөөрөө урвахгүй, монголчуудын хамгийн эрхэм нандин шүтээн болох үндэсний үзлийг ерөнхийлөгч болох гээд тайж (Арслан) болчихсон энэ хүн бугай хазаарлаж цулбуурдчихсан, хэн ч үүнийг эсэргүүцэхгүй байгаа нь өнөөгийн нэгэн эмгэнэл юм даа.
Ямар ч билээ гадаадын хүүхэлдэйн киноны нэгэн гавлыг сүлдээ гэж тахисан, Татарстаны тугийн ногооныг нь хөхөөр солиод тугаа хэмээчихсэн ҮШН-ыг хэзээ ч 2000 үндэсний үзэлтэн нийлээд байгуулчихаагүй л юм. АН-аасаа урваад хөөгдчихсөн, Ху намын аль бохир даалгаврыг биелүүлж амь зуух гэсэн хэд л байгуулсан нь тэдний байнгын “Бид урваагүй” гэх сэдэвтэй бичвэрүүд, өчлүүдээс тодхон. Ташрамд, монголчууд тэнгэрийг бэлгэдэхдээ цэнхэр өнгөөр төлөөлүүлдэг, тэдний сонгоод байгаа гүн хөх өнгө бол хятадуудын эрхэмлэдэг хувилбар юм. Улаан ч ялгаагүй. Монголын гүрний эсрэг боссон хятадууд Улаан алчууртны бослого гаргаж байсан.
Аль хүчтэй рүү нь урвана гэж ойлгогдохоор “Бид хэзээ ч сөрөг хүч болохгүй” гэх, аврал өршөөл эрэн сөгдсөн ч юм шиг дорой уриагаа тэд гол болгодог. Аль ялсных нь хөтөлгөө морь болъё гэж өөрсдөө мэдэгдэж байгаа. Хэнд ч болтугай морь нохой мэт зүтгэнэ ээ гэсэн л мөн чанартай, өөр юу ч үгүй хоосон нам энэ цөвүүн цагт үүсдэг л юм байна. Аргагүй л цөвүүн цагийн нам.
“Хөтөлгөө морины ухаан” гээч энэ сөхрөлтийг нь Чингис хаан санаачилсан юм байх аа. Одоо бүр их хаан маань эдэн шиг хөтөлгөө морь байсан болох нь. Ингэж л тэд түүхийг гуйвуулдаг, хорт суртал дэлгэрүүлдэг.
ҮШН Ху намтай хавтгай сөргөлдөхийг зогсоох үүрэгтэй гэнэ
Ц.Элбэгдоржийн засгийн газрыг Ху нам дэндүү эрээ цээргүйгээр огцруулсны дараа АН зангаа дэндүү хувилгасан тэдний “засгийн газарт” орж ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн. Нэг намын дарангуйлал тогтоох гэсэн оролдлогоо далдалж чадахгүйд хүрсэн Ху намд хэн тус хүргэсэн билээ? Төрөл бүрийн урвагч нар. Тэдэн дундаа хамгийн зүтгэлтэй нь ҮШН-ынхан байсан агаад, засгийн газарт 3 сайд, 3 дэд сайдын суудал авсан. Урвалт тун өндрөөр үнэлэгдсэн байгаа биз. Дараагийн Ху намын ЗГ-т 2 сайд, 2 дэд сайдын суудал авсан нь, үнэ хүнд нь хаа сайгүй л буурсны шинж. Эзэддээ хаягдаж, гудамжинд гарчихгүйн тулд ҮШН таалагдахыг маш их хичээдэг болсон нь ч, үнэ хүндийн бууралтыг гэрчилнэ.
ҮШН ЗГ-т “улс төрийн хавтгай сөргөлдөөнийг үгүй болгох” үүрэг рольтой гэнэ. “Хавтгай” гээчээс нь өөр геометрийн хэлбэр дүрстэй сөргөлдөөнийг бол буй болгох үүрэг рольтой гэмээр. Учир нь, Ху намын гол сөрөг хүч АН-тай бишгүй л мөргөлдөөд байдаг. Манай нам Ху намтай хавтгай сөргөлдөх явдлыг үгүй болгоно оо гэчихсэн бол үнэнд ойртох байв л.
Бид хүүхдийн мөнгө өгөөд, 40 мянган орон сууц бариад байна аа гээд л нэмж бувтнадаг. Тэр ч ҮШН-ын гавъяа биш байх аа. Харин сайд, дэд сайд нар нь энэ албан тушаалаа авахаасаа өмнө ч, авсан хойноо ч хар бараан хэл аманд байнга холбогдоод байдаг хоббитой нь үнэн.
Сөнөөд байж байгаагаа тэнгэр заяа гэж ойлго хэмээн ҮШН тулгадаг
ҮШН бусад намуудаас ялгаатай нь үзэл баримтлал нь импортынх биш гэнэ. Үзэл ч угаасаа импортоор орж ирдэггүй л дээ. Ямар Эрээний бараа байгаа биш. Нөгөөтэйгүүр, “хөтөлгөө морины” гэж нэрлээд байгаа тэр “онол” нь нэг их айхтар Монголын юм болоод байх зүйлгүй. Коллаборационизм, космополитизм гээд л гадны юм байхгүй юу.
Бид бол үндэсний үзэлтний нам гэж тэд зарладаг. Монголын үндэсний үзэл тэднээс гарах учиргүй ээ гээд л олон хүн мэтгэдэг.
Тэд ямар үндэсний үзлийг номлодог вэ? Ямар ч амьгүй, чиггүй, цэгцгүй, бодлогогүй тийм үгсийг “үндэсний үзэл” гээд цацаад байдаг. Тэдний “үндэсний үзэл” дургүйд хүчгүй гэгчээр бүдэг саарал юм л байдаг. Ийм саарал зүйл олон түмнийг үндэсний үзлээс гагцхүү жигшээнэ, залхаана. Харин энэ тал дээр бодлоготой байж магадгүй.
Зарим харь гүрний хорт бодлого, дарамт шахалтаас улс үндэстнээ хамгаалах; монгол үндэстнээ нэгтгэх; өнөөдөр улс орны санхүүжихүйн, оршихуйн нэгэн стратегийн үндэс суурь нь болчихоод байгаа ашигт малтмалаа харийн дээрэмдлэгээс чөлөөлөх - үндэсний үзлийн маань энэхүү тулгамдсан түлхүүр асуудлуудын талаар тэмцдэггүй бол өөрийгөө үндэсний үзэлтэй гэж огт сэрүүн зүүдлээд хэрэггүй. Шаардлагагүй.
Харин ҮШН ямар үндэсний үзлийг мандуулаад байгаа юм? Хэнбугайн ч атугай “хөтөлгөө морь”, боол зарц, мал адгуус нь болох; улс төрийн мэдрэмжгүй, хариуцлагагүй, сонор сэрэмжгүйгээсээ болж заяагүй байдалд орчихоод байгаагаа “тэнгэр заяатай төрчихөөд болохоон байчихсан амьтан шүү, би” гээд маасайж суух; Ху намтай хавтгай сөргөлдөхийг цээрлэх – нэг иймэрхүү л “үндэсний үзэл” гаргаж ирээд байх юм.
Түргийн үе, Манжийн үе, Зөвлөлтийн үе, урвагчдын (автогеноцидийн буюу өнөө цаг) үе гээд дөрвөн их сүйрэл мөхөл үндэстэнд маань тохиож байж. Тэгэхэд өнөөдөр сөнөөд байж байгаагаа тэнгэр заяа гэж ойлго хэмээн хийрхэх болсон нь ард түмнийг мэдэх ухаан, сэрэх эрхтэнгүй, зомби, манкурт боол болгох гэсэн хорт санаа гэлтэй.
Ямар үхсэн баланцгийнх нь тэнгэр заяа байхав. Өнөөдөр бидний заяа харийнхны ухсан нүхэнд орчихоод байна шүү дээ!
“Аугаа хувьсгалч” маань өөрийгөө худал ярьдаг, авлигаддаг, залилдаг гээд байна уу?
Хөтөлгөө морины эв нэгдлийг байнга сурталчилдаг ҮШН хувьсгал хийж болохгүй ээ гэж ухуулдаг. Ганц хэрэгтэй юм хувьсгал болчихоод байхад...
“Хувьсгалч болохын тулд худал ярьдаг, авлигыг өгч чаддаг, зальжин байх хэрэгтэй болно оо. Хувьсгал гэдэг бол импортын үзэл санаа” гэж тэд давтан давтан нуршсаар байна. Ард түмний хувьсгалын орой дээр янз бүрийн аргаар гарч, өөрсдийгөө хувьсгалч хэмээн цоллодог хэрнээн, өөрсдийнх нь эсрэг хувьсгал хийх гэхээр хориод байдаг явдал их болж байна шүү. Хувьсгалаас их ч айцгааж байна.
Энэ нам “Хөршөө бид хүндэлнэ” ч гэнэ үү хачирхалтай малгай бүхий 10 гаруйхан мөр хөтөлбөртэй. Тэнд нь “Үндэсний үзлийг төрийн бодлого болгоно” гэжээ. Ямар үндэснийхийг тэр вэ? Ингэж асуухын шалтгаан гэвэл, төр лав л монгол үндэстэнд ачтай тустай юм хийхгүй байхад, ҮШН хавтгай сөргөлдөхгүй ээ гээд л аялдан дагалдаад суудаг. “Үндэсний үзэл ба эв нэгдэлд тулгуурласан төрийн тогтолцоог бүрдүүлнэ” гэжээ. Үндэсний үзэл нь “эв нэгдэлд” харшлаад байвал яах вэ. Тэр тохиолдолд эд “эв нэгдлийг” сонгоно оо, сонгож ч ирсэн.
“Хариуцлагатай ардчиллын үндэсний загвар тогтооно” гэжээ. Гэхдээ намын гол номонцорт нь “Ардчилал аугаа ч адгийн”, “Хүний эрхээс юмны эзэн, сумны занги байх нь дээр” гэхчилэн бараг л хараал зүхэл урсгасан байх юм. Хараагаад байгаа ардчиллаа хэрхэн тогтоох нь вэ? Хамгийн адгийнхыг нь тогтоох гээд байна уу.
“Олигархийг хязгаарлаж, дундаж давхаргын эрх ашгийг хамгаална”. Бусад давхаргынх нь эрх ашгийг хамгаалахгүй, уландаа гишгэх нь ээ. Олигархийг хязгаарлана гэж ямар арга хэмжээ байдаг юм бэ. “За, наад одоо байж байгаа тэнгэр заяаныхаа хэмжээнд, раамандаа яйжигнацгааж л бай. Харин чүт чүүт илүү гарч л тон болохгүй шүү, таминь ээ. Цаана чинь хувьсгал гарчих гээд байна, айн?” гэх нь л дээ, янз нь. Уг нь бол “Авлигачныг цээрлүүлнэ” гэсэн уриатай байсан хүн одоо цээрлүүлэхээ болиод, “Авлигачныг хязгаарлана” гээд уриагаа засамжилчихдаг юм байжээ, хөөрхий.
“Монголд орж ирж байгаа гадаадын ажиллах хүчний тоо, шилжих хөдөлгөөнд хатуу хяналт тавьж, хязгаарлана”. Уг нь, хууль бус цагаачдыг эх оронд нь буцаах, харийн цагаачдын гэмт үйлдлүүд гаарсныг таслан зогсоохын төлөө тэмцэнэ гэвэл зохистойсон. Ямар авто замын хөдөлгөөн хянаж байгаа биш, хий хоосон ажиглаад ч яах вэ дээ. Бас хязгаарлаад нэмэргүй, хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байхгүй юу. Юунаас бэргээд байгаа юм бэ. “Монгол хүн арван хятадын ноён байх ёстой” гэсэн хорт үгнээсээ юу.
“Стратегийн орд газруудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эргэлтэд оруулж, орлогоор нь эрдэнэсийн сан байгуулна”. Ямар үндэсний эрх ашигт вэ? Аль улсын эрдэнэсийн сан бэ гэсэн асуултууд өөрийн эрхгүй урган гарч байна. “Нийгмийн харилцааны баялгийг бүтээнэ”. Ийм ямар баялаг байдаг, хэрхэн үнэлэгддэг, юунд хэрэглэх вэ? Аль эсвэл хөтөлгөө морь, тэнгэр заяа, гонзгой сөргөлдөөн гурваа хэлээд байна уу. Хамаг баялгийг харийнхан дээрэмдэж байхад дуугүй суучихаад, эв нэгдлийг уриалчихаад, тэр гурвыгаа жинхэнэ баялаг гэж итгүүлэх гээд байна уу. Андерсений “Нүцгэн хаан” үлгэрийн “оёдолчид” шиг юм болох нь шив дээ.
Иймэрхүү хөтөлбөртэйгээр сонгуульд оролцож, та бидний саналыг хуу хаман шуудайлж, өвөртөлж, түрийлэх дэг ээ.
Бас, бид бол “Сонгогчдын байгууллага” гээд орон гаран юм яриад байгаа. Нам бодлого явуулж, сонгогдох болохоос, бусдын бодлогыг сонгоно гэж юу яриад байна? Эсвэл эднийхэн Ху намд саналаа өгөхөө хэлээд байгаа юмсанж уу. Ху намаа бол ч сонгочихсон улс. Тэгээд өөрсдийгөө “сонгогчдын байгууллага” гээд байгаа хэрэг үү?
Бэлэглээд л байвал тэнгэр заяатай болчих сурагтай
ҮШН манийгаа “бэлгийн эдийн засаг, улс төр” гээчээр гийгүүлэх гэнэ. Монгол гэдэг үйлтэй орныг өчүүхэн төдий “хөгжүүлэхээр” өчүүхэн зүйл бодож олсон нь бэлгэнцэр үйлдвэрлэх.
Манайхан харийнхнаас царай алдаад л, үзүүртээ үстэй хэрчим мод, хятадын Го Цы Син жанжинтай тасам арьс, оньсон тоглоом нэртэй лаактай түлээ энэ тэрхнийг зарах гээд л тамаа цайж, аргаа бардаг шүү дээ. Түүнийг л хэлж байгаа юм билээ л дээ, буруу хойшоо.
Монголчууд чинь бэлэглэлцэхийн дон тусчихсан ард түмэн юм байх. Тэгээд л бэлэгнээс өөр юм хэрэггүй бололтой. Хамаг баялаг, эх орон, улс үндсээ ч харийнханд бэлэглээд л. Хог новш ч мутарлаж бэлэглээд л. Эцэст нь тэнгэр заяатай болчих юм гэнэ.
“Монгол бэлэг” хөтөлбөр өө, гэж...
Төрөөс цалинждаг, төрийг шүтүүлдэг лам нартай болох нь ээ
Хошгоруулах дуртай ҮШН маань эрх мэдэл, хөрөнгөнд сонирхолтой лам нарыг хошгоруулаад болохоон байлаа. Үндэсний үзэл, шашин хоёр яаж ч нийцдэг юм. Шашин гэдэг чинь анти үндэсний үзэл юм шүү дээ. Эх болсон зургаан амьтан болоод л явж байвал болох нь тэр.
Шашныг төрийн болгохыг ноднингоос Хятад л хөөцөлдөөд байгаасан. Хятадын бодлого Монголын бодлого болоод л ороод ирдэг болж дээ, хөөрхий. Хуурамч үндэсний үзэл ч Хятадын л бодлого шүү дээ. Хамаг баялаг, газар нутгаа булаалгаад цөлд хэдэн ямаатайгаа цөлөгдсөн өвөр монголчуудыг та нар тэнгэр заяатай гэж мунхруулаад л, хий хоосон онгироогоод л, коммунист намтайгаа эв нэгдэлтэй, хавтгай сөргөлдөөнгүй байж, морь нохой мэт зүтгээд л байвал болох нь тэр гэж тулгаад л байгаа нь Хятадын бодлого уу, Монголын бодлого уу. Лам нарыг алж хядчихаад, үлдсэн хэдийг нь төрийн болгох гээд байдаг нь ч хоёр улсын дундын л бодлого болчихож.
Бид энэ харгис төрийнх болохгүй ээ гээд 1932 оных шигээ босоод ирэхийн оронд, болно оо гээд сууж байгаа лам нарыгаа яалтай нь ч билээ. Нөгөө гэм нүглийг хүлцэхгүй, нэг нүдээр үзэхгүй байх ёстой улс яалаа. Нэг тэрэгний дугуй болцгооё оо гээд л, ахан дүү түвдүүдийгээ ч дайрч өнхрөхөд бэлэн байгаа даг аа. Лам нар тэгээд мөн ч юм уу, биш ч юм уу. Ийм лам нарыг түүх л лав мэдэхгүй юм байна.
ҮШН-жээд, төрийнжөөд болохоо байсан хэдэн задарсан хувраг, сүсэгтэн гараад байгаа. Нэг эрдэмтэн сүсэгтэн ҮШН-ын хэвлэлд: “Шүтэн бишрэх эрх чөлөөг зөвшөөрсөн нь бага хаадын бутрал, Манжийн дарлал, большевик хэлмэгдүүлэлтээс хэд дахин дор, эргүү догшин бух, галзуу согтонги заан хоёрын хөлөн дор өчүүхэн нялхыг орхисон мэт улс гэрийн эрх ашгаас урвасан, ухваргүй хэрэг” хэмээн хилэнтэйеэ эрээлжээ. Тэр айхавтар хагарал бутрал, дарлал, хядлагыг шүтэн бишрэх эрх чөлөөнөөс илүү сайн сайхан гээд байдаг ямар харгис хэрцгий үшнчин бэ. Өөрөө тэр бух, заан мэтэс нь болчихсон биш үү. Шүтэн бишрэх эрх чөлөө үгүй болбол өөрөө ч галзуу догшноор шүтэх эрхээ алдана гэдгээ мэддэггүй хэл бичгийн доктор санж үү дээ. Бусад шашныг, тэр тусмаа монголчуудын Тэнгэр шүтлэгийг ч галзуу солиотой, адгуус араатан тэргүүтнээр нь зүйрлээд байгаа хүн бугай юу судлахаараа ийм болчихдог юм бол.
Аанай л бурханч ламтан маань: “Монгол баатар эрс зэр зэвсгээ орхин амьтны амь таслахгүйн тангараг өргөөд тойн болж, гадна талын дайсантай тэмцэх бус дотоод хорт сэтгэлийн дайсантайгаа тэмцэж эхэлсэн гэдэг түүхийн үнэн нь Чингис хаан дэлхийг байлдан дагуулснаас ч илүү гавъяатай хэрэг гэдгийг түүхчид хүн төрөлхтний хувьслын үнэн болгох ёстой” гэж бичиглэжээ, ҮШН-ын сонинд.
Түм буман эрчүүд маань Манжийн дарлалтай тэмцэх нүгэлт үйлийг орхиод, тусгаар тогтнол, улс үндсээ гэсэн хорт сэтгэлтэйгээ тэмцэж эхлээд, эх болсон зургаан амьтан болчихсон нь Чингис хаанаас гавъяатай хэрэг юм гэнэ шүү. Манжийн дарлалын үеийн шарын шашны суртал тэр чигээрээ сэргэж байна. Манж хаан бол Манзширийн хувилгаан, шүтэцгээ, дагацгаа. Ийм л юм болж байна.
Нэг эрдэмтэн нэрт өвгөн, Б.Ринченг “Шар хувалз нарт” гэдэг шүлэг бичсэнийх нь төлөө ҮШН-ын л хэвлэлд дайрч давшилж. Тэр шүлэг чинь өнөөдөр харин бодтой болоод байгаа юм биш үү. Шар хувалзнуудаас сэргийлэх хэрэгтэй л байна санж.
Нижгээд хамба “Төр, шашин хоёр хүний сэтгэлд хоюулаа байж байдаг. Тиймээс салгаж болохгүй, нэгтгэх хэрэгтэй” гээд ҮШН-ыг шахамдуулаад байгаа юм байх. Хүний сэтгэлд чөтгөр бас байдаг. Төр, шашин, чөтгөр гурвыг нэгтгэх үү. Хүний сэтгэлд байгаа бүхнийг нэгтгээд байвал зугаатай хэрэг болох нь ээ.
“Буян Арвижихуй” хийдийн тэргүүн, Түвдэд 200-хан мянган хятад байхад сүржигнэх хэрэггүй, бичиг үсэггүй, сарлаг, мөргөх хоёроос өөр ажилгүй Түвдийг Хятад гэгээрүүлсэн, суурьшлын нягтрал нь тэгтэй тэнцүү байсныг Бээжин өөд нь татсан гэх зэргээр бичсэн байна. Манай лам нарын гэгээрэл нь Хятад болоо юу, таминь ээ. Энэ материал нь мөн өөр сонинд сэтгүүлч … гэсэн зохиогчтойгоор нийтлэгдсэн байх аж. Хувилгаан чадал л гэж энэ байх. Сүнс 4,3-4,8 грамм жинтэй байдаг гээд даанч сүрхий бичсэн байсан. Гэхдээ сүнс хуулийн этгээд, зохиогч, тэргүүн байж болдог юм болов уу даа.
Нөгөө Иран Миран шиг лам нар нь парламентдаа суугаад дэлхийн дайн дэгдээчих гээд хийрхэж байдгийг гоё сайхан хэмээн, бусад шашин, үзэл санаа зэргийн эсрэг Шамбалын дайн хийчих гээд байгаа манай лам нарт фронт командлагч нь хууль зөрчөөд, сонгуульд оролцох урилга тараагаад л сүйд болж байгаа. Цаадуул нь авч л байдаг. Сэрэхгүй зүүдэлбэл УИХ-ын гишүүн болчих нь ээ, янз нь. Болчихсон ч юм билүү.
Ийм үнэнч цэргүүдтэй хойно Э дарга өнгөлөг бөгөөд мөнгөлөг байлгүй ч яахав. “Англи, Норвегид хаан нь шашны тэргүүн байдаг. Түркэд лам нартаа төр нь өндөр цалин өгдөг, юу хэлэх хэлэхгүйг нь тусгай яам, ерөнхий сайд нар тэдэнд байнга зааж байдаг. Америкийг дагах гээд 20 жилийн турш хөгөө хөлдөө чирлээ” гэхчилэн зоригтойгоор “Баабар нарт” гэдэг бичвэртээ дуугарсан байна.
Ямар гаргалгаа гарах вэ? Манайх шашин, төрийг хослон барих Шар дээлт Жавзандамба Нэгдүгээр гэдэг хааны хэмжээгүй эрхт засаглалтай болох нь үү дээ л гэж ойлгогдож байна. Өөрөөр яаж ч ойлгох билээ.
ҮШН шашны болон үндэсний шалгалтдаа унасан
Төрийн шашин гэж төөрөлдөгсөд Түвдийн шалгалтад нэг унасаан. Уг нь тэд л хамгийн түрүүнд “Түвдээс савраа тат!” гээд л, өөрийгөө шатааж бариад л, үс гэзгээ хусаад сүйд болох ёстой сон. Далай лам Түвдийн амь эрсэдсэн, шархадсан, зовсон ард иргэдийн төлөө залбираарай л гэсэн. Монголынхоос бусад бүх сүм хийд үгэнд нь ороод, ном хурууллаа. Манайхан байдаггүй шүү. Муухай юм аа. Ингэтлээ төртэйгээ нэгдэж, нэгэн махбод болж барьцалдах гэж.
Төр маань бараг олон улсын шахалтан дор Лхасын хядлагаас хойш сарын дараа дуугарахчаа аядсан. Ёстой зүрх нь уландаа орно гээч л энэ байх.
ГХЯ-ных нь Хэвлэл мэдээллийн алба “Эв нэгдэлтэй байгаарай” гэсэн гурван үгтэй шахуу хуудас илгээсэн. Гарын үсэг зурах зоригтон олдохгүй, тэгээд гарын үсэггүй ч явсан гэлүү, цэвэрлэгчээр захиргаадаад зуруулсан ч гэлүү, тийм л юм болсон. Тусгаар улс стандарт илгээлт явуулах ёс манай төрийн хувьд өөртөө засах дүүргийн дарга тусгаар тогтнол зарласны дайтай “аймшигт үйл” болчихсон байх юм. Эсвэл өөртөө засах дүүрэг болчихсон юм уу.
Харин энд байгаа түвдүүдэд хатуу ширүүн хандаж, эр бяраа гаргаад, нэгжээд, баривчлаад, сүрдүүлээд, түйвээгээд, яг л Хятадын бодлогыг үргэлжлүүлчихсэн. “Хүний эрхийг хөсөрдүүлэв” гээд үүнийхээ төлөө засгийн газрууд, олон улсын, хүний эрхийн байгууллагуудад зэмлүүлээд, зээл тусламж тасрах ч магадгүй болсон. Тэгэхлээр нь түвдийн зоригт ламтан Т.Галсанд тавьсан хоригоо цуцалж, 154 минут маань уншихыг зөвшөөрсөн. Үнэндээ түвд ламтныг Баруунаас 154 сая долларын зээл авахад л ашиглачихсан хэрэг л дээ.
Т.Галсан шиг ном уншчих зүрхгүй хуврагууд маань Түвд бидэнд хамаагүй, бид Түвдээс биш, Түвд биднээс шарын шашныг залсан гэх хандлагатай болсныг ҮШН-ын хэвлэлийн хуудаснаа үзэж болно. Улааны шашны нэг монгол лам л ном уншжээ. Шарын шашин нь төртэйгээ Арга билиг болоод нэгдчихсэн.
Ингэж л шашин төрийг нэгтгэгчид Түвдийн шалгалтад унасан даа. Үнэхээр чин сүсэгтнүүд байсан бол ч...
Лам Г.Пүрэвбат “Тэнгэр заяатай монголчууд бурхан ч болох боломжтой” гэж тайвшруулж байна. Нийгэм уруудан доройтож байгаагаас болж бурхан болоод л байгаа шүү дээ, ламтан гуай. Бүр дарга нар ч тэсэхээ больсон. Харин тэнгэр заяанаас болоод байна уу, юунаас болоод байна вэ. Төр шашин хоёрыг нэгтгэвэл бурхан бологсдын тоо нэмэгдэх болов уу, хорогдох болов уу.
Төр шашныг нэгтгэгчид маань Соёлтын шалгалтад ч унасаан. Бээжин монгол иргэдийг ялихгүй шалтгаар барих, хорих, албадан гаргах зэргээр хүний эрхийг зөрчиж буйн дотор, Монголын иргэн Ж.Соёлтыг онгоцны хаалгаар цухуйв уу, үгүй юу, өөрөөр хэлбэл тус улсад ямар ч хуулийг нь зөрчөөгүй байхад хулгайлж, сураггүй алга болгочихоод байна. ҮШН хамгийн түрүүнд үүнийг эсэргүүцээд, жагсаал цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарлаад, “Огцор! Огцор!” гээд явж байх ёстой. Тэгэв үү? Үгүй ээ. Тэр талаар авиа ч гаргасангүй.
Шарын шашныг төрийн шашин болгоно, үндэсний үзлийг төрийн бодлого болгоно гэсэн нам хоёр ч “улсын шалгалтад” уначихлаа шүү дээ.
Гэвч үүнд ҮШН-ынхан огтхон ч санаа зовсонгүй. “АН хүүхдийн 10 мянган төгрөг гээд л парламентын тал суудлыг авчихсан юм чинь, бид санааг нь луйвардаад, тооны хувьд 2-оор үржүүлээд 20 мянга болгочихвол болоод л явчихна даа” гэсэн гэнэн тооцоо нь улс төрийн сэтгэлгээний оргил болсон энэ намынхан коммунист-этно эв нэгдлээ сурталчилсаар л явна.
Намуудын үүрэг ролийг улс төрийн зах зээл дээрх эрэлтээр нь эрэмбэлэх нь хамгийн зөв юм.
ҮШН.
Сонор сэрэмжтэй байгаарай
ҮШН ганцаараа биш ээ. Өөр “ҮШН”-үүд ч бий. “ҮШН”-үүд нэмэгдэх төлөвтэй. Ард түмэн минь сонор сэрэмжтэй л байгаарай.
Ч.Мөнхбаяр
2008.5.4
ҮШН гишгэх газаргүй болжээ
Энэ үгүүллийг янз бүрийн шалтгаанаас болоод нийтлүүлж амжаагүй. Гэхдээ өдгөө хоцроод, хуучраад байгаа юм байхгүй.
Өнгөрсөн хугацаанд ҮШН, сонгуулийн үеэр дээд зэргийн утга учиргүй хэдэн плакат хадаж, олны нүдийг орой дээр нь гаргаснаас өөр гавьтай юм хийгээгүй. Нөгөө хөөрхий Элбэгдоржийнхоо нүд амыг баллаж сохолж, долларын тэмдэг нааж барьж, баахан дүвчигнэсэн.
Юун тэр сонгууль монгууль, ердөө л АН-ыг газрын гаваар оруулах гээд хүрз гаапуу бариад дайрчихсан. МАХН иймэрхүү даалгавар өгсөн ч гэлээ, дэндүү шогтоод байхлаар нь зайгаа барьсан л юм. Галзуурахад ганц хуруу дутуу гэгчээр л байсан шүү дээ.
АН 1 сая төгрөг амласныг “Зоосны нүхээр” гэж гарчиглаад, өөрсдөө хорголоо тоолж 20 мянган төгрөг амласныгаа “Эх орны хишиг” гэж сурталчлах жишээтэй. Эх орны хишиг гэдэг чинь тэдний хэдэн хоргол биш юм шүү. Энэ мэтчилэн дальчиганаж байгаад “Хятадууд Элбэгдоржид дайн зарлалаа” гэж бичүүлж ч байсан.
МАХН нь Үүшин хошууныхантай ныхангүй засгийн эрхийг дангаар барьж азаргалах гээд замын ханиа холын хол жийгээд, дэвжээнээс гаргаад шидчихсээн. Тэгсэн чинь минчийтлээ уурлаж, “МАХН, АН хоёр сонгууль будлиантууллаа, тэгээгүй бол бид өчнөөн суудал авч, дарга сайд болцгоох байсан” гээд л, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч юм болсийм.
Тэгээд бас 7-р сарын 1-ний жагсаал цуглааныг дэмжээдэхсэн гэж байгаа. Мод чулуу нүүлгэж амжсийм уу, үгүй юу, харин мэдэхгүй.
Дараа нь харин юунд оролцчив оо, юу болчив оо гэж баахан бантсан. Ганц худаг руу ачигдаадах вий гээд дуугаа хурааж, таг бүгцгээсэн. Тэгээд л болоо.
Одоо энэ нам цаашдаа яах вэ? Яах ч үгүй. Өөрөө энэ нам өөрийгөө сөнөөх юмаа уйгагүй хийгээд л байсан, хийгээд л байсан, тэгээд санасандаа хүрлээ.
Урьд би “ард түмээн, ийм намуудаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байгаарай” гэж бичиж байсаан. Тэгвэл одоо тэр намуудад “сонор сэрэмжтэй байгаарай, ҮШН шиг гишгэх газаргүй болуузай, нам шиг л байгаарай” гэж сануулах байна.
Ч.Мөнхбаяр
2008.7.10
М.Энхсайхан Н.Энхбаярын сонгуулийн пиарыг хийнэ гэв үү
Орон нутгийн сонгуулийг ҮШН ор нэрийн сонгууль гэж андуураад, оролцохоор материалаа бүрдүүлж очтол, “нийслэлийн” гэж бичих ёстой юмыг “Улаанбаатар хотын” гэж бичив гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй аж. ҮШН-ынхан ч ашгүй ашгүй гээд орон нутгийн сонгуульдаа оролцолгүй тарцгаасан.
Нийслэлийн ИТХ-аа Улаанбаатар хотын ИТХ гээд бичээд очиж байдаг, асуудлынхаа талаар анхан шатны ойлголтгүй нам, улс төрчид гэж байдаг л аж. Ху намын л юу хий гэснийг хийж, хэл гэснийг хэлсээр явбал ийнхүү “толгой хамуурах” аюултай.
Нэгэнтээ ивээгч эцэг Ху нам нь тоохоо болиод, АН-тай амраглаад зав чөлөөгүй болоод ирэхийн цагт, байтлаасаа бүр Ху намд нэгдье гэж аргаан баран явж буй сурагтай. Ху нам нь хүлээж авахгүй гээд гэдэлзээд байгаамуудаа. Хүлээж авчихсан, нэгтгэчихсэн ч юм уу. Нэг тийм нууц далд юм болоод байгаа.
Н.Энхбаярын сонгуулийн пиарыг М.Энхсайхан хариуцах болж буй гэнэ. Цагтаа Н.Энхбаярын эсрэг мөн ч их хар пиар хийж байсан, сонгуульд орохдоо “Авлигачдыг цээрлүүлнэ!” гэсэн уриа гаргаад, шүд зуун заналхийлээд өрсөлдөөд байсан товарищ сайхан 180 гараадас эргэжээ.
Нэг намын дэвшигчийн пиарыг өөр намын дарга хариуцан толгойлно гэж байхгүй. Тэгэхлээр М.Энхсайханаасаа эхлээд Ху намд нэгдчихсэн, ҮШН гээд хүнд тоогдохгүй үлдчихсэн хэдэн нөхөр АТН шиг суурин дээрээ сөнөж суугаа юм биш үү.
Материалаа хэвлүүлж амжаагүй байтал сөнөчихдөг байна ш дээ. Монголын орчин үеийн “3 дахь хүч”-ний өнгө төрх гэж нэг иймэрхүү. Мэдтүгэй.
Ч.Мөнхбаяр
2008.10.23
No comments:
Post a Comment