Ч.Эрдэнэ: Би хэд хэдэн Нобэлийн шагнал авахаар бүтээл хийчихсэн
Та бидний “Сүпэрнэгдлийн” хүн гэж ойлгодог Бэсүд Ч.Эрдэни басхүү монгол соёл иргэншлийг судалдаг. “Хастанру”, “Хөх Монгол”, “Даяар Хөх Монгол” үндэсний үзэлт бүлхэмүүд зэрэг газраас зохион байгуулсан “Хас” арга хэмжээн дээр лэкц уншихаар ирээд байхад нь ярилцав.
-Хас 15 мянган жилийн өмнө Монголд үүссэн гэх болов. Таны бодол?
-15-аас хавьгүй олон мянган жилийн өмнө өвөг монголчууд зохиосон. Өнөөдөр хас бэлгэдлийг ямар нэг байдлаар хэрэглэдэггүй газар, соёл гэж алга. Гэхдээ анх Монголд л үүссэн юм. Соёл иргэншлийн олон элэмэнт, том том соёл иргэншлүүд Монголоос гаралтай болох талаар би цөөнгүй жил судалж байна даа.
Наад зах нь 12 мянган жилийн настай, Монгол Алтайгаас олдсон энэ зургийг хар (нотбүк дээр үзүүлж байв). Антэнтэй дуулга өмссөн, компютэрийн гар дээр ажиллаж байгаа хүн шиг байгаа биз. Энэ зураг олон таамналыг төрүүлж болно. Ер нь ийм антэнтэй юм шиг, эвэртэй юм шиг толгойн дүрс Монголд маань олон илэрсэн дээ. Их л оньсого тааварлиг, хосгүй улс орон юм шүү дээ, манайх чинь.
Нэг үе өвөг дээдэс маань үхэр тотэмтэй, шүтээнтэй байсан ч байж болох. Сүг зургаас үхрийн зураг их олддог. Түүнээс үхэр монголчууд гэх үг гарсан байж магадгүй. Заавал, тэнэг мунхаг гэсэн үг гэж ойлгох албагүй шүү дээ. Олон улс түмэнд үхэр тотэм, шүтээн байсан. Тэр нь манайхны нөлөө байх магадлалтай.
Манайхаас олдсон энэ буга хөллөсөн тэрэгний дүрсийг хар. Зэрлэг адууг гаршуулахаас ч өмнөх үеийнх бололтой.
Их дээр цагт өвөг монголчууд бүргэд шүтээнтэй, тотэмтэй байжээ. Хадны зураг дээр тодорхой байдаг. Энэ л бүргэд шүтлэгтэнгүүд урагшаа нүүж одсон замнал нь археологийн дурсгалаар батлагддаг. Эртний монгол хэлэнд бүргэдийг дарвид гэдэг байсан. Тэгвэл бүргэд шүтээнт дравид гэдэг түмэн эртний, Мохэнжо-Дарогийн соёлыг Инд мөрний сав газар үүсгэж шүү дээ. Анхны хотожсон соёлыг.
Стоунхэнжийн аварга байгууламжийг чи мэднэ дээ. Кэлтүүдийн шүтээний газар. Бөө, тайлгачийг нь друид гэдэг. Дравидад ч, Шүмэрт ч Монголын соёл иргэншилтэй холбогдох олон зүйл байдаг. Шүмэрийн энэ янгир хасыг үзэгтүн. Тэнд янгир байдаггүй л байхгүй юу, гэтэл яагаад янгирыг шүтэх болов.
Энэ бүхнийг би юун учир ярив гэхлээр, их эрт цагт Монголд өндөр соёл иргэншил үүссэн, тэр соёл иргэншил дэлхий даяар өргөн түгэн дэлгэрсэн, хас бас хамт тархсан гэдгийг хэлэх гэсэн юм.
"Хас" үзэсгэлэнд тавигдсан зураг
-“Таны” сүпэрнэгдлийн онол юу болж байна. Хэр хүлээн зөвшөөрөгдөж байна?
-Сүпэрнэгдлийн онолыг би баталчихсан шүү дээ. Барууныханд очиж танилцуулах, ном хаялцаж итгүүлж үнэмшүүлэх тал дээр л санхүүжилтгүй саатчихсан болохоос.
Сүпэрнэгдлийн онол бол шинжлэх ухааны шийдэгдээгүй хамгийн том асуудлуудын нэг байсан. Шийдсэн хүн нь нэгээр тогтохгүй Нобэлийн шагнал авах л учиртай юм. Гэтэл би баталчихаад, дэлхий нийтэд таниулж, ойлгуулж, сурталчилж чадахгүй явна.
Тэгэхлээр нь сүпэрнэгдлийн онолыг шийдвэрлэсэн талаараа дэлгэрэнгүй тайлбарласан Principia Mathematica гэдэг номыг англи хэлээр бичлээ, А4 форматын 1244 нүүр бүхий, гурван килограмм хүнд ном болсон доо. Хатуу хавтастайгаар хэвлүүлчихлээ. Энэ маань их тус болно байх. Гэхдээ л ном биччихлээ гээд бас л бүх юм бүтчихдэггүй юм байна. Очиж л еврэй эрдэмтэдтэй ном хаялцмаар. Онолын физик гэдэг чинь еврэй нарын л авч явдаг ухаан шүү дээ. Тэгэхлээр бас яадаг юм байгаа юм. Эндээ ойлгуулах гэж 13 жил чармайгаад үр дүнд хүрээгүй. Хуулиар бол, бүтээлийг минь Монгол улс үндэстний баялиг үзэж үнэлж хамгаалах ёстой. Тэгж байгаа юм алга. Бат-Үүл баатар ч физикч хүн байж анхаарал хандуулахгүй байна. Тэгсэн атал, энэ төр чинь мөнхийн хөдөлгүүр хийнэ гэсэн залууд мөнгө өгчихдөг л юм билээ.
Шинжлэх ухаанд 20 greatest unsolved problems буюу шийдэгдээгүй 20 мундаг асуудал гэж байнаа. Super Unified Theory буюу Сүпэрнэгдлийн онол чинь хориуланг нь ташраар нь шийдчихэж байгаа л даа.
Энэ зургийг хар даа. Гарамгай еврэй физикч Ричард Флэминг машинаа түрээд явж байна. Номэр нь “Mongol Mоtоrs” гэж байгаа биз. Энэ надад их бэлгэшээлтэй санагддаг. XXI зуун Mongol Mоtоrs-оор хөдөлнөө!
Ташрамд хэлэхэд, хас бол их төгс тогтмол. Бараг л сүпэрнэгдлийн онолыг тайлбарлачихдаг гэхэд болно. Тэгэхлээр өвөг дээдэс маань мөн агуу яа!
С.Бадрал: Бид хасыг маш бага хэрэглэж байна, маш их хэрэглэх учиртай
Урлаг судлаач, доктор С.Бадралыг мэдэхгүй хүн үгүй буй заа. Монголчуудын урлагийг судлан шинжлэх, сурталчлан дэлгэрүүлэх талаар мөн ч их юм хийсэн хүн. Тэрбээр мөн хасын сэдэвт лэкц уншихаар ирээд байхад нь ярилцав.
-Хас Монголоос гаралтай гэдгийг та зөвшөөрөх үү?
-Тэгэлгүй яахав. Бусад улсад хас бэлэн хэлбэржсэн, төгсжисөн байдлаараа дэлгэрсэн байна. Тэгвэл манайхаас үр хөврөлийн гэмээр үе шатууд нь олддог. Монголд 750 мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг нотолсон Баянхонгорын Баян-Өндөрийн Саальтын агуйн зургийг хар (бас нотбүкээ авчирсан дээрээ заан үзүүлж байв). Хасын үүсгэл байж байгаа биз.
Хойд Цэнхэрийн агуйн 40 мянган жилийн өмнөх зургийг хар. Тэмээний хөл, зааны чих хошууг хас болгоод л зурчихсан байна. Дундговийн Дэлхөнжлийн хадны зурагт хасыг түмэннаст болгох үүсгэл байж байна. Түмэннаст, хамаг хас хээ Монголоос гаралтайг нотлох эртний дурсгалууд олдсон.
Баян-Өлгийн энэ хадыг бол хас дүрсээр дүүргэсэн байна. Архангайн Чулуут, Ховдын Мөстийн буган чулуун дээр бас хас байна. Ташрамд, буган чулуу бол Монголоос гаралтай соёлын нэг гайхалтай элэмэнт.
Баянхонгорын Баянлигт чулуу өрж тавьж, завсар зайгаар нь хас үүсгэсэн байгаа.
-Хадны зургаас хожуу үеийн дурсгал ч мөн их баян даа?
-Тийм ээ. Хархорины тууринаас хос хас бүхий шаазангийн хагархай олдсон. Юань гүрний далайн дэсантын дүрсийг тухайн үеийн япон зураач гэрчилж үлдээсэн байдаг. 4000 хөлөг, 140 мянган цэрэгтэй дэлхийн хамгийн том тэнгисийн довтолгоонд оролцсон манайхны бамбайн дээр хас байгаа биз.
Ил хаант улсын Хас хаан гэж бий. Манайхан орос маягаар Газан гээд байдаг. Тэр хааны нэр нь Хас, хасыг ч их хэрэглэж, мандуулж байсан. Хас зоос дэлдүүлж асан. Улсдаа их өөрчлөлт шинэчлэлт хийсэн, монгол туургатны түүхийг бичүүлэх ажлыг сэдсэн сайн хаан байж. Мөн улсын Өлзийт хааны бунхан энэ байна. Урд тал нь тэр аяараа хас.
Доголон Төмөр хаан хасыг их хүндэтгэж явж. Хойчис нь мөн хүндэтгэж, Таж Махалд дүрсэлсэн байгаа. Монгол хаад язгууртнуудын хувьд хас тун их учир холбогдолтой байжээ. Дээдсийн, алтан ургийн нэгэн бэлгэдэл байж дээ.
-Эгэл олны хувьд ч гэсэн өргөн хэрэглэгдэж байсан шүү дээ.
-Маш өргөн. Хархориноос олдсон, XIV зууны цог хадгалдаг ширмэн хоовонгийн хүрээ нь тэр чигээрээ хас байна. Тулган дунд тавьдаг ширээгүүр дээр гурван том хас байж байна.
Эмэгтэй хүний толгойн боолт гоёл дээр оюу хас байна. Урьд захын эр эхнэртээ ийм гоёл авч өгдөг асан, хэдэн арван сая төгрөгөөр л үнэлэгдэх эд шүү дээ.
Хэнтийн мүзэйд байгаа саадаг хоромсог дээр ромб хэлбэрт хас байна. Дорнодын Гурванзагалаас олдсон эмээлийн даруулга дээр байна, Халхын Тожил дархны хийц л дээ.
Тэрэгний цөн, цацал, дөрөөнд бас байж байна. Баясгалан гэдэг энэ тоглоомд байна. Адуу тэмээний тамганд.
Малд хас зүүж, чоно нохой, зуд гамшигт үл чадагдъюу гэж домнодог байж. Мал нь хүртэл хас зүүгээд л явж байдаг байсан байхгүй юу.
За, энэ бол гагнаас хийлгүй, нэг төмрөөс татаж хийсэн малын хас тамга байна. Сонин сайхан хийц загвартай энэ тамга бол хөшөө байсан ч болохоор.
"Хас" үзэсгэлэнд тавигдсан зураг
-Энэ бүхэн итгэл бишрэлтэй холбоотой шүү дээ?
-Мөнх тэнгэрээ л шүтэж буй хэрэг л дээ. Сахиусанд байна. Бургас хусан дээр бичээд хаалга хатавчиндаа байрлуулдаг тарнин дээр байна. Авдар, судар, номын хайрцаг дээр байна. Монгол хүн хас дунд л амьдардаг байсан байгаа юм.
Энэ хас сүлжээ хээтэй эд бол их учиртай. Жирэмсэн эмэгтэйн гэдсэн дээр тавиад сүлжээг дагуулаад зураад байхад хүндрэлгүй төрдөг.
Тогооны хусуур, цайны эсгий гэр дээр байна. Цоожны хас түлхүүрийг дийлдэшгүй гэдэг.
Хас дом гэж тусгай дом бий. Дотроо их олон янз. Бие өвдөөд доройтож наашаа ч үгүй цаашаа ч үгүй болоход домнодог энэ хас бол их сонин хэлбэртэй. Ер нь монголчууд хасад их бүтээлч хандаж байсан. 15 мянган жилийн өмнөх алдарт морин хасыг та мэдэж байгаа. Түрүүний үзсэн хадны зургууд дотор юугаар л бол юугаар, яаж л бол яаж хас бүтээж байсныг харсан.
Туулай жилтэй хүн зүүж явбал сайн хас байна. Бар жилтэнд сайн хас ч буй. Үерээс хамгаалах хас байна. Наймаанд сайн хас байж байна. Хасын эрдэм гэж тусдаа эрдэм байсан юм шүү.
-Монгол Хасын орон юм даа?
-Байсан юм гэвэл зохилтой. Одоо хасын соёл, эрдмээ мартчихаад, бүр хасаасаа айдаг ичдэг болоод байна. Гэтэл гадныхан тэгж ичиж зовоод байгаа юм алга. Бомбэй хотын 999 жилийн ойн зоосон дээр хас байж л байсан.
Манай Данзангийн доллар дээр хас байсан. 1938 оны Дэ вангийн энэ цаасан 10 төгрөгийн дэвсгэртийн фон тэр аяараа түмэннаст хас байгаа биз дээ.
Киданы үеийн язгууртны бөгж дээр байна.
Хасаас өлзий хээ бас үүссэн байгаа. Хасыг сүлжиж, тун ч сонин сайхан янз бүрийн хээ бүтээдэг байсны жишээнүүд байна.
Монгол цэрэгт хас дайралт гэж байсан. Эргэлдэх хас хэлбэрээр дайрч ирэхэд дайсан аль ч учраа олохоо байчихдаг байж. Тэгээд хүчтэй дайсныхаа хүчийг задлаад, сарниагаад, ялдаг байжээ.
Нэдэрландад би хас бөгжтэй явж байхад хүмүүс учиргүй эвгүйрхэж, зарим нь дургүйцэж байсан. Хитлэрийн хас бүр зүрхэнд нь орчихсон юм байна билээ.
Яг Хитлэрийн, нэонацист гадны маягаар залуус маань хасыг хэрэглэвэл буруудна. Харин уламжлал ёсоороо хэрэглэх бол буруу биш, түмэн зөв болох юм. Тэр утгаараа бол манайхан хасыг маш бага хэрэглэж байна, унаган соёлоороо бол маш их хэрэглэх учиртай.
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.XIII
No comments:
Post a Comment