Гэвч Оюун дуугүй суусангүй. Үг дуугүй “удирдагч” Зоригоос Оюун тэс өөр хүн байв. “Шударга ёс, авилгалтай тэмцэх, Зоригийн хэргийг илрүүлэх” гэхчилэн Оюуны дуугарсан үг бүрд Ардчилсан хүчнийхэн зүүгээр хатгуулсан мэт агзасхийж байв.
Оюуны үг тэдний үгнээс зуу дахин чанга сонсогдож байлаа. “Зоригийн дүүгийн үг!” Ард түмэн ингэж хүлээж авч байв. Ардчилсан эвсэл “Ардчиллын эцэг Зориг” хэмээх домог зохиож, хүн бүрийг цээжлэхийг албадаж байсныхаа горыг хүртэх нь ээ. Ардчилсан эвслийн олон хоногийн “гашуудал” улс орныг харанхуйлсны дараа Оюун цорын ганц гэрэл гэгээ мэт гарч ирсэн юм.
Зоригийн фракц. Этгээд хэллэгийн чанартай энэ холбоо үг нам болоод хувирчихна гэж хэн санах вэ. “Зориг ахынхаа нэрийг барих эрх надад байхгүй” гэх үгийг Оюун бараг маань болгон уншсан хэдий ч арын фон дээр нь “Зоригийн фракцийнхны намын зохион байгуулах хурал” гэжж бичээстэй байдаг байв.
Тэгвэл Оюуны хамтран зүтгэгчдийн хувьд бүр Зоригийн нэрнээс өөр дуугарах ганц үг ч үгүй шахам байгаа юм. Монгол хэл сая сая үгтэй, улс төрийн хэллэг томъёо хамгаас илүү баяжсан гэж эрдэмтэн мэргэд өчдөг атал намын нэр сонгоход “Зориг”-оос өөр үг олдсонгүй гэж үү? Намаа “И.Зориг” гэж нэрлэчихээд, түүгээрээ “Зоригийн нэрийг ашигладаггүй” гэдгээ харуулах гээд байдаг нь сонин.
Оюуны намын штабын хаалгыг татангуут л сохор хүн ч үзэхүйц том С.Зоригийн зурагтай мөргөлдөх юм. Энд голдуу 1998 оны эмгэнэлт явдалд шимширсэн хүмүүс ирж намынхан ч “Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ” гэх үгээр тэднийг угтаж, гишүүнээ болгон адислаж байв. Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж юу гэсэн үг вэ? Зоригийн замаар явбал юу болох вэ?
Эвслийн нөхөд “Ардчиллын эцэг Зориг” гэсэн домгоо үзэл суртлын өргөн фронтоор дэлгэрүүлж байхдаа маш их бэрхшээлтэй учирч байв. Домог зохиоход санаа авахуулчихмаар юм тун бага байлаа. Энэ ч аргагүй юм.
Яагаад чухам С.Зориг ардчиллын эцэг болдог билээ? Зориг юуны төлөө тэмцсэн юм? Эсвэл юуны эсрэг тэмцэв? Зоригийн хэлсэн цогтой үг өгүүлбэр гэж байна уу? Бичгийн хэлбэрээр үлдээсэн юу байна? Энэ бүх асуултуудад хариулах нь бараг далайн ёроолд Атлантидын соёлын дурсгал хайхтай дүйхүйц аж.
Залуусын шинэ хөдөлгөөн нэлээд төлөвшчихсөн хойно Зориг орж иржээ. Өөрөөр хэлбэл, “эцэг” нь “хүү”-гээсээ хожуу төрсөн хэрэг. Орж ирсэн хойноо ч “эцэг” болж чадсангүй. “Эцэггүй”, эх захгүй залуусын эмх замбараагүйн дунд Зориг байр суурьтай болох арга ч үгүй байж. Арай боловсролтой Зоригийгоо бусад нь хавчин шахаж байсан тул Зориг дандаа хоёрдугаар планд явж иржээ. Харин Нэргүй, Бошгот нар заримдаа эцэг болох дөхөж байсан байна. Зориг тэднээс хуучинсаг зүйл ярьж байсан буюу “ленинизмийг жинхэнэ ёсоор судлах, ойлгохыг” сурталчилдаг байжээ.
“Зоригийн түүхэн гавъяа” гэгдэх нэгэн кадрыг санацгаая. Тэрбээр цагаан хоолойгоор юу ч юм хэлэхэд Сүхбаатарын талбайд цугласан олон доош сууж харагддаг. Зориг тэднийг тайвшруулаагүй бол цуст мөргөлдөөн болох байсан юм байх. Үүнд үнэмших хүн гардаг нь гайхмаар. Саарал ордныг цэрэг бүсэлсэн нь ч, жагссан нөхдийн түрүүч урагш давшилсан нь ч маруухан сценариар найруулсан жүжгээс хэтрэхгүй зүйл байв. Цагаан хоолойгоор хэн нь ч ярьж болох байсан агаад зөвхөн Зориг чаддаг байв гэвэл утгагүй хэрэг.
Үүгээр л “ардчиллын эцэг” болох тухай ганц том факт хязгаарлагдаж байгаа юм. МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар түүний томилогдсон нь амбицитай нөхдүүдийн хэнийгээ ч дээш гаргахгүй байхын үүднээс хийгдсэн компромиссоос хэтэрсэнгүй. Харин ард түмэн уг албан тушаалыг “эцгийн” мест гэж эндүүрч байсан тал бий. Тэр үед уг үйл явцад бие биеэс дутахгүй хувь нэмэр оруулсан арав орчим бүлэглэл байсныг хэлэх хэрэгтэй.
МоАХ-ны “партизанууд” гэх сэтгэлийн хөөрөлтэй хүмүүсийн энергиэр энэ холбоо хөдөлдөг байв. Зорьсондоо хүрчихлээ хэмээн “партизанууд” гавъяаны амралтаа эдэлж эхлэхэд түмэн Зориг байгаад ч МоАХ өөдлөөгүй. Харин ч Зориг амар амгаланг хайж, Бүгд Найрамдах Нам хэмээх нуувчийг сонгосон юм.
Бүгд найрамдах гэдэг нь Монголын хувьд ямар ч утгагүй, “бөөрөнхий” гэж ойлгоход болохуйц байв. Бүгд найрамдах үзэл ч гэж байх үндэсгүй юм. Монгол ямар хаант улс байгаа биш. Тийм учир тэр үед Бүгд найрамдах намынхны онол үзэл гэж МАХН-ын Нагаржунайн баримжаа шиг амьгүй хийсвэр зүйл гарч ирж байсныг зарим хүн санаж байгаа.
Зоригийн МҮАН-ын үе бол бүгдтэй найрамдах бөөрөнхий “үзлээ” бүр ч тогтвортой хадгалсан цаг үе байв. Эв эеийг эрхэмлэх нь монголчуудад ус агаар шиг хэрэгтэй ч Зоригийн эв эе монголчуудыг хөнөөх аюултай. Зориг бүхэнтэй эвлэрч байв.
Түүнийг асар их боловсролтой, соёлтой нэгэн байсан гэдэг. Гэтэл тэр их боловсрол соёлоосоо ард түмнийхээ төлөө дайчилж байсан гэж үү? Үгүй ээ, зөвхөн бүхэнтэй эвлэрэхэд л боловсрол соёлоо ашиглаж байв. Ард түмэндээ хэрэгтэйг өгдөггүй боловсрол соёл нь түүнийг амин хувиа хичээгч бэртэгчнээс өөрцгүй харагдуулж байлаа.
Ялангуяа Ардчилсан эвсэл төр засгийн эрхэнд гарснаас хойш Саарал ордны зиндаанд үй түмэн бусармаг явдал Зоригийн нүдэн дээр болоод өнгөрчээ. Тэр бүхнийг буруушааж бишгүй л хүмүүс дуугарцгааж байв. Гагцхүү Зоригийн дуу л байдаггүй. Магадгүй, талбай дүүрэн цугласан хүмүүс түрхрэн ирэхэд л “тайван амгалан байцгаа” гэж дуугарах байсан байж мэдэх юм.
Зоригийг “идэж уугаагүй” гэж ард түмэн ам сайтай байдаг байв. “Идэж уух” ёстой юм гэж үү? Зоригийн хувьд “идсэн” гээд гараад ирсэн факт байхгүй ч тэр уудаг байсан нь тоогүй. Уугаад зогсолгүй, “идсэн ч” байж болзошгүй юм. 1990 оноос хойш “дээшээ гараад” идээгүй хүн байдаг гэж хэн зүүдлэх юм бэ?
Казиногийн хээл хахуулийн тухай жиг жуг яригдаж эхлэхэд Зориг яриа гаргасан хүмүүсийг чимээгүй байхыг сануулж, цаашилбал битүүхэн сүрдүүлж мэдэхүйц байсан гэлцэх юм. Түүнийг хээл хахууль авсан байж болзошгүй гэж эвслийн нөхөд нь ч ярьж байна. Тэгэхдээ бүр хамгийн ихийг нь шүү. Нэгэнтээ Макаогийн эргэлзээтэй нөхөдтэй холбогдсон бол тэр хүн урхинаас хэзээ ч гарахгүй. Хэтэрхий ноцтой асуудал тул хоригдсон УИХ-ын гишүүд тодорхой юм хэлснээс үхсэн нь дээр гэж гүрийцгээж байна уу даа.
Эцэст нь солиотны ёрлол шиг ойлгомжтой юм нэг ч байхгүй тэр эмгэнэлт явдал. Зоригийг хэн хөнөөв? Түүнд Монголд л лав ямар ч дайсан байх үндэсгүй байв. Ердөө л энэ хүн мөнгөтэй байж таарна гэсэн мунхаг люмпенүүд хөнөөв үү? Гэтэл эл хэргийн зохион байгуулалт, чадвар, түвшин гайхал төрүүлж байв. Тэд өөрсдөө биш гэхэд, ард нь хэнийг ч төөрөлдүүлж чадахуйц мэргэжлийн алуурчид байсан бололтой. Гэхдээ хэргийн эзэд монголчууд байж таарахгүй, зөвхөн тэр орой л байсан “Батаа”, “Оюунаа” гэгч хий үзэгдлүүд харийнхны найруулсан жүжиг бололтой. Энэ талаар ардчилсан хүчний нөхөд ч үнэмшилтэй сонин юм дуугарах болов. Зориг казиногийн явдлын нарийн ширийнийг мэдэж байсан боловч гадны эргэлзээтэй “нөхөд” нь түүнд итгэж чадахгүй байв гэж. Бүхэнтэй эвлэрдэг тэрбээр тууштай хүн гэсэн сэтгэгдэл төрүүлээгүй байж магад. Үнэндээ өөр үнэмшилтэй верси алга.
Байдал ийм байхад эвслийн нөхөд яагаад “Ардчиллын эцэг” гэгдэх асар том харанхуй шоуг зохион байгуулав аа? Тамын тогоонд нэгийгээ татаж оруулдаг тэд яаж ингэж өргөмжилж чадав? Зориг “Ардчиллын эцэг” юм бол түүнтэй зиндаа нэг бусад нь арын эгнээнд шилжиж таарна. “Лидерүүд” яаж үүнийг хүлцэн тэвчив?
Гэтэл тэд харин ч өөрсдийгөө Зоригоос өмнүүр тавих бэлтгэлээ хийсэн юмсанжээ. Нэгэнтээ Зоригт хөшөө босгосон юм чинь бусдад нь босгохгүй гэж үү? Ямар нэг сайн үйл хийх юм уу, алагддаггүй юм аа ч гэсэн гайхуулах зүйлгүй нутаг нугынхан нь босгоод л унана. Жалга довынхон шинэ цагийн хүн чулууныхаа сүр бараагаар уралдацгаах болно. Тэдний дэргэд Зоригийн хөшөө ёстой л нэг тарваганы хөшөө шиг байх болох биз.
Ардчилсан эвслийнхэн эл шоугаар өөрсдийгөө л өргөмжилж, өөрсдийн хөшөөний шавыг тавьж, үүний хажуугаар Зоригийг доош хийх ажлаа зэрэг амжуулж байв. МоАХ-ны байрны өмнө хөшөө босгоё гэхэд тэд зөвшөөрөөгүй. Харин замын уулзварт, зарлалын самбарын өмнө босгохчоо аядан доромжлов. Хөшөөнд цугларсан мөнгө ч буруу гараар орсон сурагтай. Удалгүй утгагүй хөшөөний өмнүүр цагдаагийн мухлаг барих ч юм уу, рекламын самбар байрлуулах биз.
С.Зоригийн сан С.Зоригийн шагналыг олгож байх юм байна. С.Зориг шиг байсан хүнд шагнал олгоход хэцүү, С.Зориг шиг биш байсан хүнд ч “С.Зоригийн” гэсэн шагнал олгоход хэцүү байгаа биз дээ. С.Зоригийн одон буй болгохоор хэсэг нөхөд хөөцөлдөж байна. “Тагтаанд бүргэдийн далавч байгаагүй, тагтаанд шонхрын зориг байгаагүй, тагтаанд гургалдайн хоолой байгаагүй, тагтаа дандаа номхон, дандаа олуулаа…” гэгчээр байж чадсан хүнд өгөх үү?
Хэдийбээр ганц ч дайсангүй байсан ч түүнийг хамгаалах юу ч байсангүй. Тэр ганцаараа байжээ. Төлөө биш юм аа гэхэд эсрэг тэмцэж байж улс төрч оршино. Тэмцэлгүй бол өөрийгөө л егүүтгэнэ. Үг үйл нь төдийлөн авцалддаггүй ч О.Дашбалбарт зориг байв. Тиймээс ч хэнтэй ч эвлэрдэггүй байсан түүний амь насанд хэн ч халдаагүй юм. Харин хорхойд хоргүй нэгэн гэгддэг байсан С.Зоригийг гай дайрчээ.
Монголын нийгэм жинхэнэ улс төрчид туйлын хор хөнөөлтэй байв. Гэхдээ ийм нөхцөлд бүр гарамгай улс төрч гарч ирж ч болно. С.Зориг тийм гарамгай нь биш байв. Хэрэв Зориг шиг байж, Зоригийн замаар явъя гэвэл ард түмэн иргэний зориггүй болно.
Ч.Мөнхбаяр
2000 оны эхээр бичжээ
No comments:
Post a Comment