1. Монголын дайсан гэгдэж асан Богд, Цэрэндорж, Бадамдорж гурав хамгийн гарамгай баатрууд гэгдэх болов
Тэд гурвалсан дарангуйллынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан
МАН-ыг Гоминдан, Гаминдан гэхийн аль нь зөв бэ гэж маргах онигоотой үйл явдал МАХН хуваагдах явцыг дагалдсан нь Монголын улс төрд Хятадын хүчин зүйл хичнээн нөлөөтэй болсныг харуулна.
Үүнийг хятад судлаач нэгэн эрхэм тасалж, аль нь ч биш, Гөминбан гэж тайлах шив. Сю Шү Жан цэргээ тэгэж нэрлэдэг байсан юм байх.
Хятад судлаач гэхийн учир нь, тэрбээр Монголын түүхийг Хятадын түүхийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг мэт өнцгөөс харж, Хятадын нөхцөл байдлуудыг онцын шаардлагүйгээр нуршин тоочиж, хятад үнэр ханхлуулан "тайлж тайлбарлаж", өмнө зүг рүү холоо гэгч хадуураад явчихдагт оршино.
Мань эр уг нь, ерөнхий нэргүй цуврал 4 үгүүлэлдээ МАХН-ын хуваагдлыг л жаахан гоочлох гэсэн мэт. Гэтэл аанай монголчуудын түүхийг мушгин гуйвуулах, доромжлох, харийн эрх ашигт нийцүүлэх гэсэн суртал ухуулгынхаа нэгэн гол чиглэл рүүгээ л орчихож дээ.
Автономийг устгасны дараа ноёдын, консулын, зүүн хүрээний гэсэн гурван өчүүхэн бүлхэм үүсээд, ялих шалихгүй гишүүд нь яахаа мэдэхгүй л нуугдаж булагнан суув гэнэ. Гэтэл харин ерөнхий сайд Бадамдорж, Гадаад яамны сайд Цэрэндорж хоёр шууд шууд л, эхлээд Чэн И-тэй, дараа нь түүний өрсөлдөгч Сю Шү Жантай ил тодоор хэлэлцээр хийж, нүүр тулан урваж шарваж, удаа дараалан эр зоригтойгоор автономиосоо татгалзаж, эх орноо авран баатар болов гэнэ шүү.
Хэрхэн тэд Монголыг аврав аа? Автономи гэж харийнхны хочилсон тусгаар тогтнолоо алдав (Манай гадаад харилцааг Хятад хариуцна гэсэн ч, гадаад харилцааны яамтай байсан агаад, 1911 оны тусгаар тогтнолын дэ факто-гоо хэвээр хадгалж асан). Сю Шү Жаны дарангуйлал тогтож, дарлал, харгислал эхлэв. Нийслэл Хүрээний монголчуудыг эхний ээлжинд хүйс тэмтэрч устгахаар хүрзээ ирлэж, нүхээ ухаж, Улаан cap гэх гэноцид опэраци хийх гэж байсан. Энэ бүхнийг нөхцөлдүүлэхэд гол фигүрүүд нь болж оролцсон Бадамдорж, Цэрэндорж хоёрыг урвагч биш, урвагч болж жүжиглэсэн, "тусгаар тогтнолын хөдөлгөөний архитэкторууд, анхдагчид, цаг хожигчид, дорнын нарийн башир аргатангууд" гэж сүпэр нийтлэлч, "соён гэгээрүүлэгч" маань цолложээ.
Урвагчаас ямар ч ялгаагүй, урвагчийн дээд болтлоо "урвагч болж жүжиглэн" аврана гэж байх уу. Хэн сайн урванав, тэр сайн урвагч болж жүжиглэгч, өөрөөр хэлбэл эх оронч болж таарч байна шүү дээ, энэ хүний ухуулгаар бол.
Хоёр гарамгай жүжигчнийг эх орноо аварч /ямар эх орныг хэлээд байгаа юм бол, I-хийг нь үү, II-хыг нь уу/ байх хооронд, олхиогүй хэрнээн эв нэгдэлгүй, нэрийн төдий бүлхэм, дугуйлан, цугларалт, үүрийнхнийг дор нь Буртман, Сороковиков гээч большевик агэнтууд ирээд дөрлөн авч, утсан хүүхэлдэй болгов гэнэм. Ноёдынхыг авч хэлэлцэлгүй нөгөө хоёрыг нь нэгтгэн үзэхэд дээд тал нь 16 хүн байж гэнэ. Зарим нь тэгээд цэвэрлэгч, зарцын л үүрэг гүйцэтгэдэг байсан юм уу даа. Юутай ч атугай, хятадуудыг л хөөж гаргамаар байна гэсэн ганц үг л бавтнадаг байж, өөр мэдэх юм байхгүй. Ингэж л нийтлэлч айлдаж.
Хоорондоо хоёр бүлхэмийнхэн тэгээд, нөгөө тувтан хэрэлдэж тэмцэлдэж байдаг сиамын ихрийн тухай шог кино шиг байнга толхилцоостой. Үүнээсээ болоод л хожим бие биесээ Ринчиногийн хатгаасаар хядчихсан, ер нь монгол эх орончдын үхэл ийм л байдаг ажээ, 5-р цувааныхны гэмээ цайруулах тархи угаалтаар бол.
Цэрэндорж, Бадамдорж хоёр хятадад нэгдэх
төлөвлөгөө зохиож, хятадуудыг урьсан
Бай Лингийн Цэрэндорж бол, 1855 онд эцэг хужаа нь Монголд орж ирсэн, эх нь эрлийз Мөнгөнхүү гэдэг хүн асан, өөрийн жинхэнэ нэр нь Ши Ян Шан гэж түүхийн он тоололд бичсэн байна. Ч.Цогбадрах агсаны "Ши Ян Шан буюу Бай Лингийн Цэрэндорж гэгч хэн байв?" гэх алдартай үгүүлэлд, тэр хүний тухай нэн тодорхой буй. Ноён нийтлэлч ч өөрөө 2001 онд түүнийг эрлийз гэж бичсэн.
Урваж аврана гэдгийн гроссмэйстэр, дэлхийд дүйцэх хүнгүй чадвартан байсан нь ойлгомжтой. Манж Чин, Богд хаан, Чэн И, Сю Шү Жан, Барон Үнгэрн, большевикууд, МАХН-ын бүлэглэлүүд гээд хичнээн олон талд, этгээдэд тэр хэдэн ч удаа урвабаа? Хоёр биш, хорин нүүртэн байсан билээ, тэр.
Гадаад Монголын хөгшин чоно гэж нэг хятад гэнэрал хэлсэн нь Монголын эх оронч гэсэн утгаар биш, хятадын эх оронч гэсэн утгаар хэлсэн гэнэм. Дилав хутагт Жамсранжав Б.Цэрэндорж хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, хятадад дотуур халуун сэтгэлт хүмүүн тул Чэн И Хятадад Монголыг нийлүүлэхэд туйлын тустай гэж сонгосныг дурсчээ. Магсар хурц: Цэрэндорж, Бадамдорж хоёр "Хятадад нийлбээс илүү сайн болно гэсэн төлөвлөгөөг зохиовол зүйтэй" гэж зөвлөснийг Чэн И зөвшөөрч, хамтдаа тавин хэдэн зүйл зохиосон, дараа нь Цэрэндорж, Бадамдорж нар улам гүнзгийрүүлэн боловсруулж 64 болгоод Чэн И-гээр батлуулж, чингэхдээ өөрсдийн авах идэхийг л эрхэм болгосон, Монголын тусгаар тогтнолыг устгах төлөвлөгөөг тэр хоёр хүн маш нууцаар голлон зохиосон болохыг гэрчилсэн байдаг.
Тухайн үед Хятад нь нэн тархай бутархай, эв нэгдэлгүй, олон цэргийн эрхтний тэмцэлдээнд сульдан доройтоод, Гадаад Монгол руу халдахтай манатай байсан атал, чухам Цэрэндорж, Бадамдорж хоёр Хятадын түрэмгийчүүдийг урьж залан авчирч, Их Хятадын суманд даагдашгүй шороон түмэн цэрэг айсуй гэсэн худал суртал нэвтрүүлгээр олныг төөрөгдүүлэн, тусгаар тогтнолыг устгаж, түүхэн язгуурын эх орноо аварч, ашиг хонжоо олж байсан юм бипээ ш дээ. Чэн, Сюгийн түрэмгийлэл гэхээсээ илүү Цэрэндорж, Бадамдоржийн түрэмгийлэл байсан гэмээр. Ноёрхол дарангуйлал, харийн бодлогыг хэрэгжүүлэгч харийнхан-ламынхны эвсэл ийнхүү тогтнож байсан аж.
Ц.Пунцагноров, С.Гангааням нар "самуун намын аюулаас хамгаалахын тулд хятад цэргийн нэг хороог Ар Монголд оруулах, хэрэг тохиолдвол нэмж ирүүлэх санал"-ыг тэр хоёр тавьсан болохыг баталжээ.
Сю Шү Жан аанай мань хоёртой сүжирч, тэдний зохиосон "Автономитыг устгах тухай Монголын засгийн газрын бичиг" гэдэг баримтыг туйлаас сайшаан хүлээж авчээ. Цэрэндорж, Бадамдорж ч бидний гарын үсэг л байхад болоо хэмээн үзэж, Богдын мутрын тэмдгийг ч даруулалгүй, парламэнтийн саналыг тоолгүй хэрэгжүүлж эхэлсэн байх юм. Хувьсгалч Догсом дурсахдаа, Сю Шү Жан, Цэрэндорж, Бадамдорж гурвын хуйвалдаанд бид ихэд хорсож, алъя хэмээн шийдвэрлэсэн ч бүтээгүй гэж дурсчээ.
1913 онд Монголын төлөөлөгчид тусгаар тогтнолоо бэхжүүлэх, тусламж авах асуудлаар Орост хоёр сарын хугацаатайгаар айлчилж, Николай хаан /2 удаа/, сайд нартай нь олон удаа уулзахад Б.Цэрэндорж байнга хутган үймүүлж байжээ. Төлөөлөгчдийг нутаг буцахад Б.Цэрэндорж арга саам хийж үлдээд, Сайн ноён ханы үйлсийг үргэлжлүүлнэ гэж эхэндээ хэлж асан ч, мөн л эсрэг үйл ажиллагаа явуулж байгаад бараг хөөгдсөн байдаг. Монголын засгийн байр сууриас тэс өөр бодлоготой хүн болохыг нь, Оросын Гадаад яамны сайд Сазонов Монголд суугаа консулдаа яаралтай мэдэгдэж, болгоомжлохыг анхааруулсан байдаг.
1914-1915 онд Монгол, Орос, Хятадын "Гурван этгээдийн гэрээ" гээч колоничлолын баримт бичиг боловсрох, үзэглэхэд Б.Цэрэндорж бараг манлайлан зүтгэж, эх орончдыг ажлын хэсгээс хасах, хорлож алах хүртэл гэмт хэргийг зохион байгуулж байжээ. Ер нь, Ханддорж, Цэрэнчимэд, Намнансүрэн, Чагдаржав, Гончигсүрэн, Бөхбаян, Дашням, Сономравдан, Гомбосүрэн, Цэдэнсодном, Равдан, Бодоо, Данзан, Сүхбаатар, Дамдинбазар, Баваасан нарын эх орончид, зүтгэлтнүүдийг хорлож алахад түүнийг янз бүрийн хэмжээгээр оролцсон гэж бичдэг. 1993 онд Хятадад хэвлэгдсэн "Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц" номын 143-р талд "Олон нийт болон эх оронч ван Бадамдорж, гүн Цэрэндорж нарын хүчтэй шахалт дор Жазандамба хутагт нар арга буюу Цагаан хааны үнэнч нохой болох Ханддорж, Намнансүрэн нарт хор өгч алсан юм" гэж үгүүлжээ. Урваж эх орноо аврагчдыг эх орон нь ингэж магтан сайшааж, бахдан дууриах баатрууд хэмээн өргөмжилж байдаг юм байна.
1915 оны эцсээр Б.Цэрэндорж, монголчууд болон хятадуудыг ойртон нягтрахад хариас саад учруулж, хатгаас хийж байна, ийнхүү Гадаад Монголыг урхиндаа оруулж, Дундад улсыг хохироож байгаа нь хамгийн тэвчишгүй зүйл юм гэж Чэн Лү элчинд гомдолложээ. Мөн 1916 онд хятадын нэгэн баярыг хужаа нартай хамт тэмдэглэж суухдаа, Сахалт лам Бөхбаян, Хайсан, Удай нар Өвөр Монголоос Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж, Ханддорж нар дагаагүй бол, ялангуяа Хайсан байгаагүй бол Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг гарахгүй байсан гэж хорсолтой өчсөнийг Чэн Лу бичсэн номондоо дурджээ. Тэгж суухад нь Ханддорж, Бөхбаян нар эрсдэж, Хайсан, Удай нар гурван улсын гэрээний дагуу Хятадад хүргэгдэж байж дээ.
Шанзав Бадамдорж тусгаар тогтнолын төлөө тэмцэх байтугай, тэмцэгчдийг нь матаж явав
1895 онд Богдын даалгавраар Орост очиж тусгаар тогтнолыг гуйж хүссэн анхдагч алтан хараацай гэж Шанзав Бадамдоржийг шавь нар нь магтан дуулах болов. Хоёр ч удаа тийн зорчсон гэх Бадамдоржийн гэгээн үйлсийн талаар оросын түүхчид, архивчид ямар ч баримт олоогүй байна. Эсвэл яваагүй, эсвэл тагнуулаар явсан бололтой /хаанахын гэдэг нь тодорхой болов уу/. Богд хаан ч холбоотон Бадамдоржийгоо тусгаар тогтнолд онц гавъяа байгуулсан хүмүүсийн тоонд оруулж шагнаагүй байдаг.
Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Манжийн дарлалын турш өрнөсөн. 1895 оноос өмнө юу болов? Ард олны үймээн эсэргүүцэл их гардгаас үүдэн, 1893 онд Хүрээний манж, хятадын байгууллага бүр харуултай боллоо. 1885 онд харийн түрэмгийлэгчдийн эсрэг Алтан Майдарын бослого. 1880 онд цэрэг Онолтын тэмцэл. 1892 онд Ёст бэйлийн хошууны ардын хөдөлгөөн. Зөвхөн Гадаад Монголд гэхэд л ийм. Эх орончдын дургүйцэл, шахалтаас болж, 1895 онд Бадамдорж Орос руу явсан байя гэж бодъё л доо. Тэгвэл, яаж явбаа? Үл үзэгдэгч хүн шиг хэмжээнд Монголынхоо эрх ашгийг "хамгаалж" дээ, хөөрхий.
Богд, Бадамдорж нар хоёулаа Манжийн шашин, төрийн инститүцийн хичээнгүй гүйцэтгэгч байсан, харь цустай, элэгтэй, бодлоготой улс чинь юу гэж л гэнэтхэн тусгаар тогтнолчид болон хувирч, зүрх зориг муутай хэрнээн арслан барс мэт хүрхрээ аж дээ.
1899 онд Манжийн дарлалыг эсэргүүцсэн захидлыг Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар Манжийн хаанд илгээв. Мөн Улиастайн манж сайдыг зайлуулахыг шаардсан захидлыг хэсэг ноёд ардууд Манжийн хаан руу явуулсан байдаг. 1900 онд цэрэг Энхтайванаар удирдуулсан 2000 цэргийн бослого гарч, Манжийн цэргүүдийг хядаж, хятад колонистууд руу довтлов. Сансрайдоржийн хошуунд ардын хөдөлгөөн өрнөлөө. 1903 онд Ард Аюушийн зарга тэмцэл хүчээ авав. Тэр онд, Англи Төвдөд халдахад Манж Чин яаж ч чадахгүй асан дорой явдлыг үзээд, Далай лам панмонголист, Цанид хамба Агваан Доржиевийн хамтаар Их Хүрээнд ирж, "нийлээд Оросын тусламжийг хүртэж, Манжаас тусгаарлацгаая" гэх асуудлыг хэлэлцэх гэтэл, Богд хаан хүлээн авч уулзаа ч үгүй л байхгүй юу. Одоогийн суртал ухуулга үнэн бол, Жавзандамба гэгээнтэн маань уухайн тас угтаж аваад л, хэрэгжүүлэх ажилд нь ханцуй шамалж орох байсан байх.
Гэтэл харин, над дээр ирж бараалхвал бараалх хэмээн томорч, шашны ёс ёмбоо уландаа гишгэн ихэрхэж суусан билээ л. Чин ван Ханддоржийн шадар ламтан урьж залахад, Далай лам дуртай очсон нь нэгийг хэлнэм бус уу. Ханд ван тэр үед тусгаар тогтнолын төлөө тууштай үзэлт нэгэн болж төлөвшсөн байсан хийгээд, Богд-Бадамдорж-Цэрэндоржийн гурвалд ойртвоос ямар ч аюулд учирч болохыг Далай ламд ойлгуулж, харин түүнтэй хойшдын гэополитикийг хэлэлцэн өвөлжсөн буй за.
Нууцаар Хүрээнд ирсэн Далай ламыг Богд гэгээнийхэн бус, манжийн тагнуулууд л хамгаас хичээнгүйлэн угтаж, хүрээлж, мөшгиж байсан буюу. Нөгөө мундаг "анхдагчдын" явдал ийм байх ёстой гэж үү? Эх орончидтой бус, хэнтэй тэд ойр байв?
Сүүлийн үед Монголын тусгаар тогтнолын гурван баатрын нэг гэж өргөмжлөгдөөд байгаа Г.Бадамдорж /нөгөө хоёр нь VIII Богд, Б.Цэрэндорж/ Манжийн төрийн чин үнэнч түшмэд байсан. Мөнгө санхүү, цэргийн хэрэгт нь монголчуудыг сайн дайчлан хамруулсан гэж сайшаагдан, "Аугаа сайн", "Сайныг цэнгэлдэх өглөгт дуртай" гэх цол өргөмжлөлүүдийг хүртэж асан. 1909 онд лам ардын үймээнийг дарахад идэвхийлэн зүтгэсэн. 1911 онд, Оросоос тусламж гуйхаар явсан жинхэнэ эх орончдын явдлыг Сандоо амбанд нэгд нэгэнгүй илчлэн тоочиж байсан. "Би таны өршөөл ивээлд багтан, хаан төрдөө морь нохой мэт зүтгэнэ. Тусламжийн бичигт намайг албадан гарын үсэг зуруулсан. Одоо даруй сайн арга сүвэгчлэн чадвал уг хэргийг зогсоож болзошгүй" гэж байжээ.
Түүнтэй хамт алба хашиж асан түшмэд Г.Навааннамжил: зальхай, харгис, авах идэх дуртай, хөдлөх бүр Богдын нэрийг баривч Манж сайдыг л талархдаг, хээл хахуулиар хэргийг урвуулж мушгиж мэргэшсэн гэжээ. Бумаа эгчдээ цайны булан хялайлгадаггүй байж, буман шавийг яаж тэтгэнэ хэмээн, Сайн ноён ханд зэмлүүлж явсан харамч.
Эхлээд парламэнтийн хоёр танхим, дараа нь доод танхим автономийг устгах төлөвлөгөөг эсэргүүцсэнийг өчүүхэн төдий үл тоон, Богдыгоо алгасан, Сю Шү Жан руу гавъяа шагнал горилон харайлгаж явсан нэгэн. Оросын консул Орлов: Хээл хахууль, эд хөрөнгийн зэрэг их хэрэг үйлдсэн нь илэрч балрахаас өрсөн Хятадын ивгээлд яаран багтсан гэж гэрчилж үлдээжээ.
Монголын тэр үеийн гурвал засаглал Туваг Оросоос чөлөөлнө хэмээн цэрэг илгээх явдлыг дэмжиж, түрэмгийлэгчидтэй эвлэрдэггүй язгуурын эх орончдыг тийш илгээх буюу анхаарлыг нь хандуулж байгаад, ар хударгаар нь хятадуудтай хуйвалдсан байгаа юм (1919-1920 онуудад манай цэрэг тэнд байв). Өвөр Монголоос зэвсэгт хүчээ татахыг улайран шаардаж байсан тэд Тува руу оруулахыг ихэд дэмжсэн нь учиртай. Бадамдорж нар байлдааны чадвар сайтай хүчнээ Урианхай руу үдсэн хэрнээ, бараа тасрангуут нь панмонголистууд дорно зүгээс ирэхнээ, авраарай гэж урд хөршийнхөнд хандаж байж. Нармай Монголын цэргээс хамгаалуулах гэж гаминг урьсан гэдгээ ноёдод түгээсэн захидалдаа ч бичсэн буй.
Бие биедээ ямар ч аюул учруулах гээгүй нэг хэсэг монголчуудаас нөгөө хэсгийг хамгаална гээд харийн эзэрхийчүүдийг зална гэдэг мөн ч гайхалтай хэрэг шүү (Хүрээг Сю Шү Жан эзэлсний дараа л Нармай Монголын ЗГ монгол тусгаар тогтнолын голомтыг чөлөөлөх шийдвэр гаргасан). Монголын төлөө цагаантны ЗГ тэр үед энэ гурваас илүү санаа тавьж, Бээжин, Хүрээнд олон удаа эсэргүүцэл илэрхийлж. Б.Цэрэндоржид консул А.Орлов цагаантны Оросын тэргүүн Колчакийн эсэргүүцлийг өгөх гэтэл авахаас татгалзаж, зугтаж, нуун дарагдуулжээ. Колчакийн гадаад хэргийн сайд Сазонов Парист байхдаа том гүрнүүдэд хандан, Хятадын түрэмгийллийг зогсоохыг шаарджээ.
Бадамдорж мэтийн ийм л хүнийг баатар хэмээн шүтүүлэхийг оролдож буй дарга сайд нар маань өөрсдийгөө л тахиулахыг хичээж байнам бус уу. Хятадад очоод, Монголыг нэгтгэж авахыг хүсье гэсэн бичиг өгч шан авдаг нормативтай болсон гэсэн шүү дээ. Ингэлээ гээд ард түмэн тэднийг бишрэх ёстой гэж үү?
Огтхон ч үгүй ээ. Бадамдоржийн урвагч, хулгай явдлыг бүгд таньж мэдээд, хүүхэд нохой ч дооглон тохуурхах болсон юм гэдэг. Багачууд машины дохиог дууриан дуу авиа үүсгэж, Сийлэнфүүгийн машин ирлээ, Бадмаа Бадмаа гараарай гэж бархиралдаад, шанзавтан санд мэнд гүйн ирэхэд шоолон хөхрөлдөж, элдэв зүйлээр нүүлгэдэг байж. Хамгийн наад зах нь ийм л "талархал" Бадамдоржийн фэнүүдийг хүлээж байна.
Он тооллын бичигт Бадамдоржийг эрлийз хүмүүн хэмээсэн буй. Богдын талаар ч тиймэрхүү зүйл дуулддаг. Хүн эрлийз төрснөөрөө ялтан болохгүй ч, эрлийз нөхцөл байдлаа төрж өсч, амьдран сууж, өндөр дээд байр сууринд нь байгаа эх орныхоо эсрэг зэвсэг болгон ашиглаваас ялтан болох нь дамжиггүй ээ.
Сая тусгаар тогтнолын 99 жилийн ойг тэмдэглэчихэв үү, VIII Богдын хаан болсны ойг тэмдэглэчихэв үү гэлтэй үйл явдал боллоо. Монголчуудын үндэсний эрх чөлөөний тэмцлийн санаачлагч, удирдагч нь VIII Богд байсан л гээд цуураад байх юм.
Учрыг төдийлөн эс ухварлах, эсвэл айхавтар сүсэгтэй хүмүүс л юу юм гэхээс, тухайн үедээ олон хүн Богд Жавзандамбын боольхойтой явдлыг мэддэг байсан байгаа юм шүү. Хувийн жаргал цэнгэлийг нэлээд дээгүүрт тавьдаг, винайг бус виног хүндэлчих гээд байдаг, эгэл хувцас өмсөөд чайна-таунд шоудчихдаг, хөнгөн явдалт эмс охидтой цэнгээд өвчин эмгэг ч авчихдаг, бусдын эхнэр хүүхэнтэй холбогдоод булаагаад суучихдаг, өнчин хүүхэд өргөдөг буянтан нэрийн дор өөрийн үрсээ цуглуулдаг, бэлэг сэлтэд туйлын дуртай, ёс суртахууны их л доголдолтой нэгэн байсан гэдэг биш билүү.
Улс төрийн хувьд, аюулын өмнө халирамхай, ашгийн хойноос хөлбөрөмхий нэгэн явсан шиг. Тиймээс ч, урваж эх орноо авардаг Цэрэндорж, Бадамдорж нараас сална гэж үгүй, гурвапсан морь шиг хамтран зүтгэдэг, гурвалсан триумвират засаглалынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан мэт. Монгол улс үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний эсрэг олон гэмт хэрэгт холбогдолтой нэгэн гэж санагдана.
Сүүлийн үед, энэ гурвыг эх орныхоо төлөө хорлогдож алагдсан гэж суртал нэвтрүүлэгчид үлгэр домог зохиох боллоо. Цуврал үгүүллийн зохиогч маань ч тийм санаа гаргасан байсан.
Бадамдорж олны шившиг болсон тул хөдөө гарч нуугдаж яваад, өвчнөөр өөд болсон гэдэг. Нармай Монголынхон их буунд уяж буудаад ч билүү, цаазалсан ч гэж дуулддаг. Тэд Б.Цэрэндоржийг ч цаазлах гэхэд Богд хаан өмгөөлж, дэд сайд болгосон. Түүний сүсэгтнүүдэд үзүүлэх нөлөө багагүйг харгалзан үзсэн Нармай Монголынхон хаан сэнтийд өргөмжилж, Б.Цэрэндоржийг ч хүлцэхэд хүрсэн билээ. Харин хожим Богд хаан нэр хүнд муутай ч гэмээр өвчнөөсөө шалтгаалан, Б.Цэрэндорж хамрын урыг оролдох зуршлаасаа болж бохир халдвар оруулснаас үүдэн нас барсан гэх зүйлс чих дэлсдэг. Эдгээр нь үнэн эсэхийг бүү мэд, юутай ч атугай тэд маань цогт эх орончид байснаасаа болж, Монголын дайснуудад хорлогдох ямар ч үндэсгүй юм шүү.
Бадамдоржийг нас барахад Хятадын төрөөс, Цэрэндоржийг нөгчихөд Монголын хятадуудаас гүн хүндэтгэл үзүүлэн, ихээр гашуудаж байжээ.
2010.12.22-нд сүүлчийнх нь хэвлэгдсэн цуврал үгүүллэгийн "Гамин гэж хувьсгалт гэсэн үг" хэмээгчийн талаар төрсөн сэтгэгдэл ийм байна.Энэ хүн, МАХН-ыг ч бай, МАН-ыг ч бай "Монголын өнөөгийн зовлон бэрхшээлийн гол шалтгаан", АН-ыг "аврал" гэж төсөөлдөг зарим нэгний итгэл үнэмшлийг бататгах PR хийсэн мэт ч, үнэндээ хавьгүй том миссиаг биелүүлж, монголчуудын түүх, үзлийг үгүй хийхийг зорьж, харийн шовинистуудын улиг болсон ухуулгыг хуурмаг эх оронч хачиртай холимог хуурга болгон найруулаад, улсаа урваж авар гэхчлэнгийн хорыг дусаан хутгаад өөрийн уншигчиддаа болон өрөөл бусад гэнэн цайлган зарим нэгэнд залгиулж орхиж дээ, чааваас. ММХI.I.III
2. Чэн И Монголын үндэсний баатар болох учиртай гэнэ
Д.Сүхбаатар 100 хувь хужаа байсан гэжээ
Намайг нэгэн нийтлэлч рүү хэт дайран давшлав гэх хүн гарав. Би дайран давшилсан биш ээ. Тэр нийтлэлч байнга монголчууд, миний ард түмний түүх рүү дайран давшилж байгаад хэргийн учир оршино. Монголын түүх төдийгүй, монголын бүхнийг үгүйсгэх, устгах гэж чармайдагт оршино. Тэр хүн довтолж цуцахгүй байхад монголчууд бид цуцах ёстой гэж үү.
Жишээ нь, “Гамингийн оронд цагаантан, цагаантны оронд улаантан” гэдэгтээ язгуурын эх орончдын маань гэгээн үйлсийг ачаа хөсөг татах, туслан гүйцэтгэх, хиа, бараа болон дагалдах гэхчлэн үг хайрлалгүй тоочин гутааж, зарц боол хийж явсан мэт бичиж.
Ялангуяа жанжин Сүхбаатар луу их үсчжээ. Сүүлийн үед энэ нийтлэлч мэтэс нь Д.Сүхбаатарын нэр алдрыг дарагдуулах, улмаар төв талбайгаас хөшөөг нь бүрмөсөн зайлуулахад их санаа тавьж буй. Хулигаан, шоучин, хүүхэмсэг, хужаа нартай нийлж наргих дуртай, Монголын хамаг сайн сайхан хүмүүсийг хядсан, тагнуул гэхчлэн гүтгээд зогсохгүй, жинхэнэ нэр, хочоор нь Д.Сүх, Гоймийбаатар гэх хэрэгтэй гэхчлэн өдөржин шөнөжин ухуулсаар. Сүхбаатарыг газрын хөрснөөс арчья! гэж бүр галзуурахад ганц хуруу дутуу улайрч байна шүү дээ! Яагаад тэр вэ? Б.Хурц ардын баатар, Д.Сүхбаатар ардын дайсан болж байдаг ямар гээч цаг вэ?
Сүхбаатарын хөшөөний хажуу бөөрөнд хятадын түрэмгийлэгчид буюу, манай удирдах “элитийнхний” өвөг дээдсийг үлдэн хөөж буйг дүрсэлсэн барэлеф байдаг. Тэр товгор баримал тавдугаар цувааныхны сэтгэл зүрхийг ихэд өвтгөн эмзэглүүлдэг гэнэм. Дээрээс нь бас тэрхүү барималд байсхийгээд л хүндэтгэл үзүүлэх, мэхийн ёслох болдог нь амьдын там байхгүй юу.
Түүнээс гадна, Чингис хаан болон залгамжлагчдыг нь өмнөд хөршийнхөн Хятад эх орноо нэгтгэгч үндэсний баатар, Сүхбаатар болон хамтран зүтгэгчдийг нь эх орноо бутаргаж, салан тусгаарлагч үндэсний дайснууд гэдэг. Тэгээд л Д.Сүхбаатарын эсрэг кампани өрнүүлж буй хэрэг. Яахав, тэнд өөр хөшөө байж болно л доо, гэхдээ л цувааныхан өөр улсын (өөрсдийн улсынхаа) бодлогыг хэрэгжүүлэн хийрхэж буй нь гарцаагүй үнээн.
Нийтлэлчийнхээр бол, Сүхбаатарын өвөг дээдэс өмнөөс цагаачилж ирсэн, өвөө Элбэг нь хариуцлага алдан олон хүн үхүүлсэн хэрэгтэй тул Ар Монгол руу зугтсан, эцэг Дамдин нь зарц байхдаа нэгэн бүсгүйтэй ёс зүйгүйгээр учир ургуулан жирэмслүүлээд хөөгдөж, нутгийнхнаа бараадан чайна-таун Маймаачинд ирж суурьшжээ. Тэр үед хятадуудын амьдрах газар, ажиллах газар, оршуулгын газар бүгд тусдаа байсан атал Дамдин тэнд нь амьдарч, ажиллаж, оршуулагдсан гэнэ. Ташрамд, Сүхбаатарыг мөн тэнд, эцгийнх нь дэргэд оршуулж (Бас өнөөгийн Сүхбаатарын шарил бол угтаа өөр хятад хүнийх, жинхэнэ нь ор мөргүй алга болчихсон гээд бүр ямар ч байдлаар дурсгалыг нь хүндэтгэхийг нь эсэргүүцэж байгаа). Ийнхүү ноён нийтлэлч монголчуудын үндэсний баатрыг зуун хувь хятад хүн гэж тодорхойлоод зогсолгүй, удам судраар нь элдвээр доромжилж дээ.
Энэ хүний хятад толинд бус, монгол толинд байдлыг харсу. Сүхбаатарынхан бол гарцаагүй монголчууд агаад, харин газар газрын монголчууд манай баатар хэмээн булаалддаг. Буриадууд гэхэд л Сүхбаатар бол манай хуасай овгийн хүн, аав нь Сэлэнгийн казак асан, тиймээс хүүгээ багаас нь цэргийн, орос хэлний зэрэг эрдэмд боловсруулсан гэж барим тавим хэлдэг. Өвөг Элбэг нь шударга ёсны төлөө тэмцэгч, хүү нь ч мөн адил учир элдвээр хавчигдаж, дүрвэж явжээ.
Маймаачин буюу Амгалан нь хятадын биш, монголын л нутаг юм хойно, зөвхөн хятад хүн сууна, монгол хүн, нохой хоёр орж болохгүй гээд дархалчихсан бус. Батгүний шорон ч жирийн л нэг шорон байсан болохоос биш, хятадынх байсангүй ( харин хужаа нар голлон хулгай залилан хийгээд хоригддог байсан нь үнээн ). “Хятадуудын Алтан-Өлгий дэх оршуулгын газар Монголын нам төрийн удирдагчдыг хөдөөлүүлэх тусгай бүс болжээ” гээд л их л тавласан байна. Алтан-Өлгий ч Монголын нутаг юм шүү, бүхнийг хятадынх болгочихлоо гэж баясах явдалгүй.
Д.Сүхбаатар мөрийтэй тоглоомын донтон байсан агаад, Орос руу явахынхаа өмнө мөрийнд гэрээ алдаад авгай хүүхдээ айлын амбаарт үлдээж гэнэ. Нас барахад нь мөрийн их өр үлдсэнийг ЗГ-аас барагдуулсан хэмээжээ. Хятадууд мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлчихдэг гэмтэй байдаг. Тэгэхлээр энэ талаараа бас л жанжин маань хужаа хүн болж таарах нь.
1-рт, тэр хужаа биш, харин хятадын түрэмгийчүүдийг үлдэн хөөх дайн тулаанд баатарлаж явсан нэгэн (Гэтэл нийтлэлч Бавуужавтай л байлдсан гэжээ). 2-рт, эх орноо чөлөөлөх, нэгтгэх их үйлсийг үүсгэлцсэн нэрт зүтгэлтэн хүн нэн чухал аяныхаа өмнө, өнөөгийн сайд дарганцрууд шиг юу ч болж байсан “казино”-доод явж байх уу даа.
Юутай ч атугай донтон, гэрээ мөрийд алдсан, их өр үлдээсэн гэх баримт үгүй болой. Харин Сүхбаатарынхны хөрөнгийг хятад гаралтнууд заналтайгаар хурааж байсан баримт бол бий.
Чэн И Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн гэжээ
Анхны долоо гэж, хоёр нь зарц (Д.Сүхбаатар, Х.Чойбалсан) бусад нь хоорондоо эх захгүй хэрэлдсэн хөгийн амьтас байж гэнэ. Тэгээд хоёр зарцаа Улаан армид алба хаалгаж, хэсэг нь Москва руу, хэсэг нь Хүрээ рүү салж явж. Данзан Ленинтэй өчүүхэн төдий ойлголцсонгүй. Гэтэл ч 2.4-нд Үнгэрн Хүрээг чөлөөлөөд, нөхдийн бүх явдал суудал утга учир ч үгүй болов, өнөөдөр бид наадам (7.11) хийдэг нь ч буруу юм байх. Чэн И, цагаантнуудаа манай Хятадаас хөөгөөд өгөөч гэж гуйсан тул Улаан арми Монголд орохоор болжээ. Энэ асуудлыг хэлэлцэх, дийлэнхдээ оросын буриадууд оролцсон хурлыг Хиагтад большевикууд зохион байгуулж. Тэгэхдээ яагаад ч юм тэнд, МАН бол коммунист маягийн нам гэж тодорхойлсон гэнэ. Жасрано, Гачитцкий, Ринчино нарын буриадууд Гадаад Монгол бол Хятадын холбооны улсын нэг хэсэг байх ёстой гэж зүтгээд, манай хэд дүлий дүмбэ оргиод л суусан гэнэ.
Юу уншаад, яахлаараа хүн ийм болчихдог юм бол. Анагаах ухааны л сонирхох асуудал байж мэднэ.
Төлөөлөгчид, дэлхий даяар Хятадын хэсэг гэж үзэж асан Монголд ( Чин Чина хоёроо санаатай санаандгүй хольж хутган төөрөлдөх нь одоо ч гүйцэд арилаагүй ) хэн зоригтой үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтнолын үйлсэд нь тусалж чадах вэ гэдгийг сайн мэдэж асан тул, большевикуудтай асуудлуудаа нарийн хэлэлцээд Данзан, Чагдаржав, Лосол Москва руу Зөвлөлтийн удирдлагатай уулзахаар, Бодоо, Догсом нар Монгол дахь ажил төрлийг шинэ нөхцөл байдлуудтай уялдуулахаар Хүрээ рүү одож, Сүхбаатар, Чойбалсан хоёр Хиагт дахь гамин цэргийн гол бүлэглэлийг бутцохих асуудлыг судлахаар үлджээ.
Данзан монгол нутаг дахь бүх хятадуудыг устгах хэрэгтэй гэсэн нь үнэн, гэхдээ манай төлөөлөгчид Монголын тусгаар тогтнол, шинэчлэлийн талаар өргөн хүрээтэй яриаг Ленин, бусад удирдлагынхантай өрнүүлж, ихэнх асуудлаар тохиролцоонд хүрсэн. Өөрсдийгөө мэдээж, монголчуудаас ялгаж салгаж ойлгодоггүй Э.Ринчино, хамба А.Доржиев нар мөн манай төлөөлөгчдийн хэсэг байсан агаад, Ринчино Монгол бол Дорно дахинд их хувьсгалыг өрнүүлэх түлхүүр, манай Буриад Монгол Зөвлөлтийн, эсэхүл Гадаад Монголын бүрэлдэхүүнд автономи баймаар байна гэсэнд Ленин аль аль асуудлыг сайшаажээ. Ингэж Лениний анхаарлыг Монгол руу ул суурьтайгаар татаагүй бол юу ч болоо билээ.
Ринчино Буриад Монгол нь бүх монгол туургатныг нэгтгэсэн холбооны улсын, өдгөө юун түрүүн өнөөгийн Гадаад Монголын бүрэлдэхүүнд автономи болбол зохино гэх асуудлыг идэвхийлэн (Зөвлөлтийн автономи гэхээс илүүтэйгээр) тавьж, Карахан, Янсон зэрэг зөвлөлтийн удирдагчдаар зөвшөөрүүлээд ч авчээ. Москвад хийсэн ажлын айлчлал нь Гадаад Монголыг Зөвлөлтийн ивгээл дор Хятадын савраас салгахыг шийдвэрлэсэн түүхэн ач холбогдолтой байв. Гэтэл нийтлэлчийнхээр бол Чэн И-гийн гавъяагаар л бид тусгаар тогтнолоо сэргээсэн болох шив.
Үнгэрний явдал бол, монгол туургатан хэсэг эх орончдын тэмцэл зүтгэлээр байгуулагдсан Нармай Монголын ЗГ-ын цэрэг Монголыг чөлөөлсөн хэрэг шүү дээ. Үүнээс хойш Үнгэрний биш, Нармай Монголын гэж томъёолж байваас зохилтой. Зөвхөн Үнгэрн биш, Лувсанцэвээн тэргүүн, Баяр гүн, Жигмид Жамбалон гээд л монгол удирдагчид энэ чөлөөлөлтөд их үүрэг гүйцэтгэсэн.
Ташрамд, ар монголчууд Нармай Монголыг байгуулах ажилд оролцоогүй гэдэг нь ташаа ойлголт. Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нарын зүтгэлтнүүд маань уг ажилд эхнээс нь идэвхийлэн оролцож байсан. Өөр бусад хүмүүсийн оролцооны тухай ч мэдээ буй. Харин Цэрэндорж-Бадамдорж-Богдын хорт триумвират энэ гэгээн үйлсийн эсрэг хандсан нүгэл буй. Гэвч Лувсанцэвээн тэргүүнээс өгсүүлээд, олон ар монгол хүмүүн Нармай Монголын үйл хэрэгт амь хайргүй зүтгэсэн бус уу?
Нэг хэсэг эх орончид цагаан оросуудтай хамжилцан Хүрээг, нөгөө хэсэг нь улаан оросуудтай хамжилцан Хиагтыг гамингаас чөлөөлж, ингээд бүх улсаа өмнийн түрэмгийлэгчдээс цэвэрлэсэн нь юутай бахдалтай. Ташрамд, Нармай Монголын цэргийн Нэйж тойн, Норимпил гүн нараар толгойлуулсан өөр бүлэг Хиагт руу хөдлөөд, харамсалтайгаар сүйрсэн байдаг. Дамдинсүрэн, Магсаржав баатрууд зэвсэгт бослого зохион байгуулах гэж байгаад илчлэгдэж, шоронд хоригдож, эрүүдүүлэн тамлуулсан. Тэр үеийн Монголын шилдэг хөвүүд маань ийм л жинхэнэ эх орончид байж дээ.
Хиагтад МАН-ын их (тийм их бус ч гэсэн) хурал болсон нь үнэн. Гэхдээ тэнд, МАН нь коммунист маягийн нам байна гэж огт тодорхойлоогүй юм шүү. Ардын ардчилсан нам байна л гэсэн. Оросууд салан тусгаарлагчдыг дэмжиж байгаа болж харагдан том гүрнүүдийн хариу арга хэмжээнд орохгүйн тулд, Хятад нэн гоё сайхан болбол холбооны улсын статусаар бүрэлдэхүүнд нь багтахад татгалзах явдалгүй гэсэн зүйлийг баримт бичигт нь оруулах гэж хүчлэн шахсаар санасандаа хүрсэн тал бий. Буриадууд тэгээд оруулчихсан юм биш. Гадаад Монголынхон болон Буриад Монголынхон нийлж нэг улс болох л бодолтой асан.
Автономитоо сэргээнэ гэж манай хувьсгалчид хэлж ярьсан байдаг. Энэ нь мөн л, Хятадын харъяанд байна гэсэн үг биш агаад, "автономи" гэсэн нэр хаягийн дор тусгаар тогтнон явсныгаа сэргээнэ л гэсэн үг болой. Харгис импэриалистуудтай өөрсдийнх нь "хэлээр" ярих хэрэг заримдаа гарах л даа.
Нийтлэлч маань "Гамин гэж хувьсгалт гэсэн үг" хэмээгчдээ, Цэрэндорж, Бадамдорж, Богд нар урваж жүжиглэж, улс орноо худалдаж жүжиглэн байж Монголоо аварсан гэх парадокс санааг гаргасан бол, энэ удаад хамаг сайхан эх орончдыг маань хужаа, мөрийтэй тоглоомын донтон, эргүү тэнэг амьтас болгон үгүйсгээд, хятадын түрэмгийлэгч Чэн И-г Монголын тусгаар тогтнолын эцэг, үндэсний баатар гэж өргөмжлөх шив. ММХI.I.XXI
3. Сандоо амбан бараг л Монголын үндэсний баатар гэнэ
Хиагтад 3.18-нд Монгол-Орос-Хятадын
драмын урлагийн фэстивал болсон гэнэ
Манай, сая сониныхоо оны тэргүүн бичлэгийн шагналыг авсан нэрт нийтлэлчийн нэргүй цуврал нийтлэлийн III буюу “Ринчиногийн Монгол. Ардын нам хувьсгалт нам болов” хэмээх, хятадын албан ёсны суртал ухуулгатай 100 хувь нийцэх үгүүлэл нь, оросууд 1921.3.13-нд түр ЗГ гэгчийг байгуулж, толгойлогчоор нь лам Чагдаржавыг тавив, Коминтэрнээс 3 сая рубль хуваарилснаар энэ тоглоомын ЗГ-ыг байгуулсан гэж эхэлжээ.
Ерөөс энэ хүний, улс үндэстний маань эсрэг улигладаг хэдэн гол санааны нэг бол: “Монгол - тоглоомын улс”. Хууль бусаар байгуулагдсан, тиймээс татан буулгах ёстой мэт.
Хятадуудын тархи угаах “холимог хуурга” гэдэг уламжлалт арга байдаг гэнэ лээ. Түүнийг ихээхэн хэрэглэнэ. “Монгол хэзээ ч Хятадын бүрэлдэхүүнд байгаагүй” гээд л дунд сургуульд заадаг мэдээжийн юмыг шинэ тив нээсэн аятай сүржигнэн бичнэ, гэтэл дотор нь Хятад гэх нэргүй ч, өөр нэртэй хятад династиуд (улсууд)-ын бүрэлдэхүүнд байсан гэх юм уу, эсвэл хятадууд Монголд ямар ч гай балаг тарьж байгаагүй, оросууд л манайхыг өмнөд хөршид өгөх гэж уулгалан дайраад байсан гэж турхирсан зүйлс зөндөө.
Үнэн хэрэгтээ бол, Монголд цагаантны ноёрхол тогтчихлоо гэж үзсэн хувьсгалчид маань монголчуудын зүй ёсны төр засгийг байгуулсан нь тэр байв л.
Шинэ Мянгуужингийн дараагийн үлгэр нь, Үнгэрнд цохиулж зугтсан хятад цэргүүд, улстай нь найрамдалт харилцаатай байдаг большевикуудын тусламжтайгаар, Оросоор дамжин нутагтаа буцсан, харин үүний өмнө оросууд болон тэдний утсан хүүхэлдэй монголчууд мэдээж гамингуудтай нийлж, хоорондоо байлдсан мэт жүжиг найруулан тавьсан, ингэж Хиагтыг чөлөөлсөн дүр эсгэн нэр хүндийг олсон гэх агуулгатай. Манай ардын хувьсгал чинь дайсантайгаа нийлээд драм, боевик найруулж тавьсан тэатр дэлгэцийн фэстивал, партизанууд маань урлагийн гавъяат зүтгэлтнүүд, соёлын тэргүүний ажилтнууд л юм байна шүү дээ?
Уг нь, 3.18-нд Хятадын 12 шүршүүр, долоон их буутай 1940 цэргийн эсрэг Монгол-Зөвлөлтийн (монгол цэрэг 400, шүршүүр буу дөрөв, их буу хоёртой байв) хамтарсан хүч оночтой тактик хэрэглэн, гэнэт довтолсноор, өглөөнөөс шөнө дунд хүртэл тулалдаж, ялсан юмсан. Уг тулалдаанд Х.Кануков тэргүүтэй халимагийн тусгай суман оролцсон ( бас, Буриадын Улаан цагдаагийнхан ) агаад тэрбээр хожим гүн цол, “Эрдэнийн очир” одонгоор шагнуулсан. Зарим гамин хойш зугтаж, Антанттай Кремль зөвшилцсөний дагуу улсдаа оруулсан байсан Хятадын интэрвэнтүүдтэй нийлсэн, өөр тийш зугтсан нэлээд нь үргэлжлүүлэн байлдаж яваад бүрэн цохигдсон. Монголчуудыг Оросын иргэний дайнд хамруулах гэсэн Үнгэрний том хүчтэй ч манайхан тулалдсан (Тэр үед монголчуудын хооронд иргэний дайн маягийн эмгэнэлт үйл явдал өрнөсөн билээ). Ингэж зэр зэвсэг хэрэглэсээр явж Нийслэл хүрээнд 7.6-нд орж ирээд, 7.11-нд Монголын тусгаар тогтнолыг сэргээснээ эх орончид маань тунхагласан юм. Гэтэл Мюнххаүзэн гуай монголчууд ерөөсөө юу ч хийгээгүй, хүсээгүй, Хятад өөрийн улс дотроо л цэргээ шинэ байршилжуулсан, гэтэл галзуу барон тэднийг Хүрээнээс хөөхөд большевикууд тосч авч Хятад руу хүргэж өгсөн, Хиагтад үзүүлэн тоглолт болсон, ямар ч дайн тулаангүйгээр оросууд болон тэдний марионэт монгол, буриадууд Нийслэл хүрээнд орж ирсэн, 7.11-нд юу ч болоогүй учир улсын баяр наадмыг хийж болохгүй ээ л гээд байдаг.
Тэгээд л Коминтэрнээс Э.Ринчино гэдэг “хаан тавьчихсан”. Тэр Бодоо, Чагдаржав, Сүхбаатар, Богд, Данзан, Баваасан нарыг элдэв хор найруулж, төрийн хутгуур хийсний үндсэнд устгаж, Монголыг ганц балласан гайтай хүн юм байх. Энэ бол хятадуудын бурууг бусдад тохдог бас нэг улиглал нь юм. Монголчууд л хоорондоо ямагт хагаралдаж эвдрэлцэж байдаг, өөрсдийгөө устгахаар программчлагдсан тэрминаторууд гэдэг.
Ер нь монголчууд гэдэг ойлголт энэ хүнд байдаг юм уу. Улс үндэстний минь эв нэгдлийн эсрэг маш хорсол заналтайгаар бичсэн “Цагаан баавгай”, “Монголчуудын үүсэл гарлын тухайд” зэрэг үгүүлэлдээ, монгол үндэстэн гэж байхгүй, халх, өвөрлөгч, буриад, халимаг гээд өөр үндэстэн болчихсон гэж итгэл үнэмшлээ тодорхойлсон нэгэн.
Тэгсэн атлаа, тэр Э.Ринчиногийн нүгэл гээд байгаа гэмт хэргүүдийг үйлдсэн Б.Цэрэндорж (Ши Ян Шан), мөн Сандоо амбан нарыг л дахин дахин монгол гэж онцлон тэмдэглээд л, Цэрэндоржийг нь үндэсний баатар, Сандоог нь бараг үндэсний баатар гээд байдаг. Хархоринг шатаасан хятад жанжинг, Мао-г бас монгол, монгол цустай гэдэг. Түүний мэддэг монгол үндэстэн гэж нэгиймэрхүү.
Хятадуудыг монгол хэмээснээр, ерөөс хятадууд нь ямар ч гэмгүй гэгээнтнүүд болчихдог. Монгол гэгдсэн, гэмтэй хятадуудыг янз бүрээр өмгөөлөөд, цайруулаад, шагшин магтаад байдаг хачирхалтай “оны тэргүүн бичлэгийн шагналтан” билээ.
Э.Ринчино - Ардын хувьсгалын удирдагчдын нэг, Монголын үндэсний баатар
Буриадууд бол хятад шиг өөр үндэстэн бус, монгол үндэстэн юм. Эрхэм нийтлэлчийн хувьд бол яахав монгол үндэстэн өөр үндэстэн байх л даа.
Ямагт өөрсдийгөө буриад монгол, монгол буриад гэж нэрлэсээр ирсэн зон олны сод хөвүүн П.Бадмаев 1893 онд III Александр хаанд “Орос гүрэнд Монгол, Түвд, Хятадыг нэгтгэх тухай” захидлаа өгсөн нь тус улсын гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн. Орос евроцэнтрист бодлогоо өөрчилж, Евразийн гүрэн гэдгээ мэдэрч, Ази руу анхаарлаа хандуулах болсон хэрэг л дээ. Гэхдээ уг захидал нь Орост Түвд, Хятадыг нэгтгэх бус, гол нь бутарсан монгол үндэстнийг л эргүүлж нэгтгэх зорилгыг агуулсан нь харагддаг. Их төлөв Монголын ертөнц, Чингис хааны мэргэн ухааны тухай үгүүлсэн, Монгол бол Азид нөлөөгөө тогтоох үүд хаалга юм шүү гэж онцлон анхааруулсан байдаг билээ.
П.Бадмаев зүгээр нэг захидал бичээгүй, хэрэгжилтийнх нь талаар их хөөцөлдсөн. Тиймээс ч, анхны панмонголист гэгдэх нь буй.
Монгол руу Оросын олон судлаач, элч төлөөлөгч, худалдаачид хөврөх болов. Тэдэнтэй байнга буриадууд хамт явна.
1903 онд буриадын Цанид хамба А.Доржиев дипломат бодлогынхоо хүчээр, Далай ламыг “хамтаар нийлж, Оросын тусламжтайгаар Манжаас салъя” гэх санаатай болгоод, Богд Жавзандамбатай уулзуулахаар Хүрээнд нууцаар авч ирж байсан.
1911 онд бүх монгол туургатан нийтээр нэгдэн босч, Ар, Өвөр, Барга, Хөх нуурын Монгол ер нь үндсэндээ хамтаар (Өвөр Монголын 35, Хөх нуурын 24, Ил Тарвагатайн 16 хошуу г.м.) тусгаар тогтнолоо зарласан билээ. Тэд маань Богд хаант Монгол улсын засаг захиргааны нэгдсэн систэмд хамрагдаж, захирагдаж, татвараа ч төлж, төрийн алба хэргэм, шагнал урамшууллаа ч авч байлаа шүү дээ. Буриад ноёд ардууд ч Монголд нэгдэх хүслээ илэрхийлж байсан.
Хойд монголчууд маань 1917 оны эцсээр (11.28-12.5) Бүх Буриадын их хурлаа хуралдуулж, Буриадын үндэсний хороо (Бурнацком) гэх эрх барих, төлөөлөх байгууллагаа үүсгэн, бараг тусгаар тогтносон юм. Ер нь улаантныг түшиглэх чигтэй асан ч, алийг нь ч дагахгүй төвийг сахина хэмээгээд, Улаан цагдаа гэх үндэсний зэвсэгт хүчтэй ч болсон. Салан тусгаарлагчид гэж буруутган, Колчакийн ЗГ Буриадын удирдлагыг баривчлуулж байлаа. Большевик, цагаантан, эсер, анархист бүгд л дээрэмдэж, алж талж асан тул Нармай Монгол руу тэмүүлэх болсон. Гэхдээ Нэгдсэн Монголын үзэл санааг большевикуудтай холбооцохгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байсныг бүх монголчууд ойлгож, нэгдмэл нэгэн стратэгиэ боловсруулсан. Үр дүн нь бидний тусгаар тогтнол, Монголын эрх чөлөөний голомт.
Оросын тоглоом болж явсангүй ээ, манайхан. Харин Оросын бодлого, их гүрнүүдийн зөрчлийг ухаалгаар ашиглаж байлаа. Хойд хөрш 1912 онд Японтой, монгол үндэстнийг хуваах гэрээ байгуулж, наашаа дарамт үзүүлж эхэлсэн ч, 1913 онд Өвөр Монголд халдан довтолж ирсэн хар цэргүүдийн эсрэг чөлөөлөх дайныг өрнүүлсэн. Хятад манай батлан хамгаалах, гадаад харилцааг хариуцна гэдэг асан ч, Хиагтын гэрээний дараа ч, 1919 онд автономитыг устгах хүртэл өөрийн зэвсэгт хүчтэй, гадаад яамтай явсан нь монголчууд ямар их бие даасан байдалтай, ухаалаг зоримог байсныг харуулна.
“Ринчиногийн Монгол…” гэх үгүүлэл яригдаж буй учраас энэ хүний тухайд тогтож хүүрнэе. Тэрбээр 1915-1916 онд барон Виттэгийн экспэдицийн бүрэлдэхүүнд орж Монголд ирэхдээ С.Данзан зэрэг ардчилсан үзэлт эх орончидтой танилцаж, хожмын хамтын ажиллагааныхаа эхийг тавьсан. 1919 онд Нармай Монголыг байгуулахад оролцож, ЗГ-ын гишүүн нь болсон. Гэхдээ, Монголыг нэгтгэх үйлсэд цагаантныг түшиглэх нь явуургүйг ойлгож, улаантантай холбооцож эхэлсэн.
Ар Монголын болон Буриадын панмонголистууд эртнээс байнгын холбоотой ажиллаж байж, Ардын хувьсгал хэмээх Нармай Монголын үйлсийг хэрэгжүүлсэн юм шүү. Нармай Монголын улаан, цагаан Оросыг түшиглэх гэсэн хоёр гол чиглэлийн аль алинд нь ар монголчууд идэвх зүтгэлтэй оролцсон болно.
1920 оны тавдугаар сард Ринчино Борисов, Ишидоржин нарын буриад нөхөдтэйгээ Хүрээнд ирж, Ар Монголын хувьсгалчидтай илүү сайн танилцаж, ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцсэн. Эндхийн бүлхэмийнхнийг Орост очиход тосон авч, буриад хамтран зүтгэгчдийн хамт нэгэн хэсэг нь болж нийлэлдэн явдаг асан.
1919 онд, Монгол бол бүх монгол туургатныг нэгтгэсэн Швэйцар мэт холбооны улс болбол зохино гэж, түүнээс өмнө бүх монгол туургатан хамтаар хувьсгалын үйл хэргийг өрнүүлэх хэрэгтэй гэж бичиж асныгаа, монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явахдаа большевик удирдагчдаар зөвшөөрүүлэх гэж ихэд чармайж байсан юм.
Коминтэрний Монгол-Түвдийн сэкцийг толгойлон (бас Сахьянова, Данчинов, Дашепилов, Жамцарано, Ванчиков, Ишидоржин, Цыренжапов, Балданов, Жамбалон, Убугунов, Очиров нарын буриадууд тэнд байв) ажиллаж байхдаа, улаантнуудын хүчээр Монголыг Хятадын түрэмгий санаархлаас ангижруулан салгахын төлөө их юм хийсэн.
Өөрийн улсынхаа л бүтээн байгуулалтад тусалж байна гэж санаж, олон нэрт буриад сэхээтэн Монголд ирж ажилласан бол, улсдаа л нүүдэллэж явна гэж бодсон олон буриад ард зон ч ирж нутагшсан билээ. Ринчино ч, “Оросод сэкцээ толгойлж ажилла” гэсээр атал монгол хувьсгалын үйл явцад эхнээс нь биечлэн оролцсоор, Монголын хувьсгалт цэргийн зөвлөл хэмээх байгууллагын даргын алба хаших болсон.
1911 онд Өвөр Монголын Хайсан гүн, Дамдинсүрэн баатар, Бөхбаян лам, Удай ван нар Ар Монголын Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын хамтаар үндэсний хувьсгалыг удирдсан бол, 1921 оны ардын ардчилсан хувьсгалыг Ринчино Данзан, Бодоо, Сүхбаатар нарын хамтаар удирдсан билээ. Тиймээс, Э.Ринчиног хамаг муу муухайн буруутан хэмээн яллах түүхийн бүхэл бүтэн школ үүсгэчихээд, хятад пропагандаа дагаад данхалзаж явахын оронд, Монголын үндэсний баатар хэмээн өргөн дээдэлж, хөшөө дурсгал, мүзэй, нэрэмжит гээд ямар л бол ямар байдлаар хүндэтгэн дээдэлбээс зохилтой.
1921 оны ардын хувьсгал бол 1911 онд эхэлсэн үндэсний эрх чөлөөний, Нармай Монголын өргөн хөдөлгөөний үргэлжлэл бөгөөд, халимагууд мөн оролцсоныг дээр дурдсан (1911 оны хувьсгалд ч халимаг Дамбийжанцан оролцсон билээ). Тэгвэл 1921 оны хувьсгалын дараа Өвөр Монгол, Халимаг руу чиглэсэн ажилд Ринчино идэвхийлэн зүтгэж асан. Өвөр Монголд Ар Монголын маягийн нам, эвлэл, цэргийн байгууллагуудыг үүсгэх, Халимагийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард олонд туслахад чармайн орлцож, Ижилийн ахан дүүсийг Монголд нүүлгэн ирүүлнэ хэмээн үзэл нэгтнүүдийнхээ хамтаар хойд хөршийнхөнд хүсэлт гаргаж байв. Тэр Бодоогийн гэзэг үс тайрдаг чинь Халимагийн өлссөн ард түмэнд туслах кампаний нэг хэсэг байсийм.
Ринчиног Коминтэрний мухар сохор боол, маньяк мэтээр харь гаралтнууд гүтгэдэг. Гэтэл Ринчино харин ч Коминтэрний хувьд дуулгаваргүй нэгэн байсан агаад, оросууд ч, Б.Цэрэндорж ч энэ байдлыг удаа дараалан ховлож мэдээлсээр 1924 онд буцааж татуулсан түүхтэй. Тэрбээр большевик бус, эсер намын гишүүн байсныг ч хэлэх үү. Пролэтарийг 1-рт тавьдаг коммунист бус, хөдөөгийнхөн, олон үндэстнийг анхаардаг эсер намд буриад сэхээтнүүд голлон элссэн байв (Большевик, эсер, анархист зэрэг зүүний хүчнүүд нийлж Октябрийн эргэлтийг хийсэн өгөөд, эхэндээ эвсэж асан).
Жинхэнэ коминтэрнч, интэрнационалист, хасаг Рыскулов зэрэгтэй, панмонголизмыг л дээдлэгч националист Ринчино их зөрчилдөж, тэмцэлдэж асан. Харин монголчуудтайгаа аль болох зөрчилдөхгүй, маргалдсаныг хооронд нь эвлэрүүлэхийг л хичээдэг байж. Большевист капиталист хөгжлийн замаар явна хэмээн эрс харгалдах болсон Бодоо, Данзан нарыг эвлэрүүлж, “хамгийн гол нь тусгаар тогтнол шүү" гэж байжээ. Сүхбаатартай бол их найз явсан. Монголын ямар ч нэрт зүтгэлтнийг хөнөөхөд тэр оролцоогүй. III их хурал дээр Цэрэндорж, Дамбадорж, Насанбат нарын хятад чигтэй шинэ гурвал (хожим засгийн хамаг эрхийг атгацгаасан) Данзанг баривчлах, гэсгээн цээрлүүлэхийг ихэд махран шаардаж, данзантнууд биднийг хядаж алах гэж байна гэхчилэн хийрхэж, төлөөлөгчдийг хутган үймүүлэхэд Ринчино бид өөд өөдөөсөө буу шагайн дайсагнах тийм байдалд хүрээгүй, хүрэх ч үгүй гэж өмгөөлж байжээ. Данзан зарим хэмжээний алдааг гаргаж явсан удирдагч агаад, Ринчино түүнийг илээр шүүмжилж, Данзан нь уучлал гуйн эвлэрч ч байсан.
Сод эх оронч, Монгол улсын хошой баатар Д.Сүхбаатар ч тэр үеийн том дарга нарын хамт аргагүй байдлын улмаас, оросуудын бэлтгэсэн зарим бичигт гарын үсэг зурсан явдал буй болохоос, хэнийг ч баривчлуулж, эрүү шүүлт хийлгээгүй юм шүү. Улаан тэррорыг большевикууд, эрүү шүүлтийг Сороковиков нар үйлдсэн нь тодорхой. Бодоо нар "цагаантны талынхнаас" өс авах зөвлөлтийн ажиллагааны хүрээнд (Бодоо "Үнгэрний" ЗГ-т сайд байсан) хэлмэгдсэн бол, Данзан, Баваасан нарыг баривчилж цаазлах саналыг Н.Насанбат (цэрэндоржтон) гаргасан.
Ер нь, цэрэндоржтонгуудын хорлолыг шууд Ринчиногийнх болгоод л нэрийг нь солиод биччихдэг түүхийн “школ” байгаа юм байлээшдээ, манайд. Б.Цэрэндорж хаана байна, тэнд эх орончдыг алан хядах, эх орноо худалдах ажил байдаг. Тиймээс ч, Б.Цэрэндоржгүй газар, өөрөөр хэлбэл Буриаддаа тэр ямар ч хутган үймүүлэх, хорлож хөнөөх ажил хийгээгүй юм.
Буриад Монгол хоёр нэгдэх вий, Бүх Монгол нэгдэн хүчирхэгжих вий гэж эмээсэн Ши Ян Шаны тэррор байснаас бус, Ринчиногийн тэррор гэж байсангүй. Ардын хувьсгалын маань нэгэн удирдагч, панмонголизм гэсэн туйлын зорилготой, тугтай зүтгэлтэн Э.Ринчино манай зарим нийтлэлч шиг монголчуудын эсрэг ханддаггүй байсан юм.
Тийм ч болохоороо тэрбээр Зөвлөлтөд панмонголизмын гэсэн тодотголтой хэргээр буруудан, олон сар хэрцгийгээр тамлагдсаны эцэст алагдсан. Б.Цэрэндоржийн улс төрийн залгамжлагч нарын хичээл зүтгэл, оролцоотойгоор 1931 онд Монголоос 180 буриад сэхээтэн буцаагдсан агаад, бүгд алагдах буюу ор сураггүй болжээ. Монголын минь төлөө, Монголынхоо төлөө амь амьдралаа зориулсан гэгээн буриад ахан дүүсийн маань дурсгал захиалгат нийтлэлийн хар хоронд гутаагдах ёсгүй билээ. ММХI.I.XXV
4. Монголчууд хүнээс бус, хижи гэдэг хүнэрхүү адгууснаас үүсчээ
Заримдаа Монгол орон нэг ширхэг ч хүнгүй болдог байсан гэнэ
“Ингэж өгүүлдэг” нийтлэлч маань “Үүлэн чөлөөнөөс үхлийн чөлөөнд” (ҮЧҮХ, 2010.12.22) үгүүлэлдээ 1925-1928 онд Цэрэндорж, Дамбадорж нарын лут эх орончид тусгаар тогтнолыг мандуулан бадруулаад, Монголын түүхэнд үзэгдээгүй гайхамшгийг бүтээж байтал, Коминтерн, Зөвлөлтийн дайснууд ирээд МАХН-ыг эргэлт буцалтгүйгээр хэт зүүний коммунист нам болгон хувиргаж, өдгөө хүртэл үргэлжилж буй лай ланчгийн үүд хаалгыг нээсэн гэх санааг илэрхийлжээ.
Саяхан энэ хүн “Ерөнхий сайд Манзшир хутагт Цэрэндорж” (ЕСЦ, 2011.01.26) үгүүллийнхээ манлайд “Чи түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн зөндөө олдоно” гэх эшлэл тавин заналхийлсэн. Энэ бол хоосон сүрдүүлэг биш юм. Маш бодтой, өргөн цар хүрээтэй, гадаад дотоодын харгисуудтай уялдаатайгаар ажиллан хэрэгжүүлж буй түүх устгах гэноцидийн симптом болой.
Жинхэнийг маань устгахынхаа зав чөлөөгөөр, ямар түүхийг тэд бидэнд зохиож өгч байна вэ?
Тус нийтлэлчийн сонинд (2011, ¹10) ҮШН-ын М.Энхсайхан ( 2008 онд энэ хоёр, үндэсний үзлийн улаан хамгаалагчид аятай, цуврал үгүүллүүдээр бие биеийн толгойг хяргачих дөхөн “үзэлцээд” байсан чинь маскарад л хийж байсан юм байхчивлээ): монголчууд хижи гөрөөснөөс үүсэлтэй, хүн биш хүнэрхүү амьтнаас гаралтай (хүн дор хаяж 9 сая жилийн өмнө буй болсон атал, 40 мянган жилийн өмнө өвөг дээдэс маань адгуус л байв гэнэ шүү), тиймээс чоныг шүтэж болохгүй, үүнээс болж хятадууд манайхныг зэрлэгүүд гэдэг, худлаа гэвэл Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” номыг унш гэжээ (МАН-ын нэгэн дарга Б.Батзул “Чонон сүлд” романыг бие биедээ бэлэглэж шинэлцгээе ухааны юм уриалсан байсан).
Түүх зохиож өгдөг нийтлэлч бээр “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” (ТТҮЦ, 2011.01.19)-дээ, Монгол бол - уугуулууд нь ч хаяад л одчихдог, хятадын хаад ч нүүдэлчдийг номхотгох гэж эзэлчихээд л дараа нь хаяад явчихдаг, эд хөрөнгө ч үгүй, газар хөрс нь тариаланд нэн тохиромжгүй, хэнд ч хэрэггүй нутаг гэж бичсэн. Урьд бас ингэж “өгүүлж” байсан ба, бас оросууд хэрэгтэй Буриадыг нь эзлээд, хэрэггүй Халхын нутгаас даруй хил зааг тогтоон тусгаарлаж авсан хэмээсэн. МТӨ 100 онд У Ди, МЭ 100 онд Хуа Ди зэрэг хаад Монголыг эзэлсэн ч ганц хүнтэй тааралдаагүй учир яваад өгсөн гэнэ. Нэртэйгээр нь Монгол бол вакуум орчин, огторгуй, хар нүх гэчихгүй дээ. Уг нь бол өвөг дээдэс маань дайснуудыг байлдалгүйгээр, өлсгөж харангадаагаад, ядрааж зүдрээгээд ч, хиаруулан ялчихдаг байсийм. Далай их эрдэм ухааных нь нэгээхэн л тактик бөгөөд, үүнийг Орос хэрэглэн Наполэоныг хөөж л байсан шүү дээ.
За тэгээд цааш нь Манжийн дарлал гэж огт байгаагүй, колоничлол бүр ч тохиогоогүй, Төв Монголыг бүр манайх биш гэж зүтгээд, Гадаад Монгол гэж нэрлэчихээд, гадагш нь түлхээд байсан юм гэнэ шүү (ТТҮЦ). Манж манайхыг хувааж, эвдрэлцүүлж, түрэмгийлж, нухчин дарж, хүйс тэмтэрч, мунхруулж, түүхийг нь мартуулж, соёлыг нь устгаж, алба гувчуураар эрхшээж, хужаа нарыг эхэндээ түр, сүүлдээ бүр, олноор оруулан колончилж, ХХ зууны эхээр “сөнөж мөхөж буй үндэстэн” гэж тодорхойлогдох болтол нь доройтуулсан байсныг одоо дарлал гэхгүй юу гэх юм бэ? Өнөөгийн гэноцидээ хөгжил дэвшил гээд мунхаглаад байдаг эвэртэн тууртнууд маань л ингэж гажуу хардаг өвчтэй болчихдог юм байх даа.
Тэгснээ л Хятадын түүх яриад явчихна (Нэгэнтээ тэрбээр ТВ-ээр манай үндэстэн 5000 жилийн түүхтэй гэж ярьж суусан гэх агаад, энэ нь урд хөршийнхний амны уншлага юмсанж), У Пэйфу, Жан Золин, Сүн Чуафан, Фэн Юйсянь, Дэн Сяопин яасан яасан гэнэ вэ. Юутай ч атугай хятадууд юунд ч, ямар ч буруугүй, нөгөө Зян Руныхаар нь бол гэмгүй хонин сүрэг (тэр монголчуудыг эсрэгцэл нь болох чонон сүрэг гэсэн).
Чэн И, Сю Шю Жан гээд хятадын ганц хоёр хүн жаахан дэггүйтсэн тал буй болохоос биш, Хятад бол Монголын эрх чөлөөний төлөө мятаршгүй тэмцэгч баатар-улс болж таарав (ТТҮЦ (Гоминдан Гадаад Монголын тусгаар тогтнолыг дэмжээгүй юмаа гэхэд төвийг сахисан, Кантон, Нанжиныхан бол бүр айхтар дэмжиж, амь тавих дөхсөн сурагтай)).
Түүхийнхээ турш Монголыг эзэгнэхийг чармайсан нангиад бодлого; Манжийн эрхшээлээр халхавчлан эдийн засгийн боолчлол, хүн ам зүйн сүйтгэл зэрэг олон хорлонг үйлдэж асан, хожим үерийн ус шиг садран ирж суурьшсан, 1919 онд цэргийн хүчээр түрэмгийлсэн, 1946 он гартал тусгаар тогтнолыг маань огт хүлээн зөвшөөрөхгүй, өнөөг хүртэл элдвээр хэл ам таталж байгаа, манай эсрэг хүйтэн дайн хийж байснаа, өдгөө тотал экспансийг хэрэгжүүлж буй үйл явдлууд хаачив аа? ТТҮЦ-д бол, Манжийн дарлалын үед жирийн монгол хүн амьдралдаа хятад, манж хүн харж байгаагүй гэжээ. Жир бус хутагт хувилгаад л рид шидээр үзэж байсан бололтой.
Манж, Хятад хоёр татгалзсаар атал, монголчууд, оросууд, оросын буриадууд л Монголыг өмнөд хөршид нэгтгэх гэж улайран чармайж ирсэн агаад, тэднийг л үзэн ядах хэрэгтэй гэж ухуулах юм (“Цагаан баавгай” (ЦБ, 2009.4.15)).
Манж, Хятадын түрэмгийлэгчид Монголын дайсан биш, анд нөхөд, аврагч бурхад байсан юмсанжээ. Харин хэн дайсан болж таарах вэ? ЦБ-д бол, монголчууд л бие биедээ дайсан байсан, байгаа, байх ч болно гэж турхирсан буй.
1689 оны Нэрчүүгийн гэрээгээр буриад, 1691 оны Долоннуурын гэрээгээр өвөрмонголчууд Гадаад Монголоос тусгаарлаж гялайлгаад байтал, 1727 оны Хиагтын гэрээгээр ойрдууд бүрэн тусгаарлаж бүр магнай хагартал баярлаж бахдам үйл явдал болсон гэнэ (ЦБ). “Үүгээр халх ойрдын олон жилийн тэмцэл төгсөж, нэг гэрт ижилсэн нэгдмэл нэг үндэстэн болжээ” гэж суртал ухуулгын цагаан баавгай нь элийрчээ. Тэгснээ бүр, хилийн чанадын монголчуудыг “Өөр этник угсаатан, өөр үндэстэн болон салсан. Үндэстнүүд салаалан тус тусдаа шинэ үндэстэн үүсгэдэг нь ердийн л байдаг процесс” хэмээн бүр галзуурсан. Тэр харгис муухай гэрээнүүд чинь, хоорондоо үргэлж хэмхэлдэж байдаг 15 толгойтой атгаалжин мангасын толгойнуудыг нь аятайхан салгаад зааглаад эрдэмтэн Доуэлийнх шиг эвтэйхэн амьдруулаад өгчихсөн, ачтай сайхан гэрэгэ шүтээн юм байна шүү, хөөе.
Үндэстэн салаалж сална гэдэг бол хэвийн бус, эрэмдэг явц. Үүнийг ямар их гашуун зовлон, сөрөг үр нөлөө, эмгэнэлт явц, аюумшиг дагалддаг билээ дээ!
Монголчууд өөр үндэстнүүд болоо ч үгүй, чингэх нь “ердийн нэг процэсс” ч биш атал, хаанахын хэн юуг ярьж, ямар түүх бидэнд зохиож өгөөд байна вэ?
Урьд улс үндэстнийг маань хувааж тамласан, өдгөө цаасан дээр, Монголын хэвлэл мэдээлэл, ном эрдмийн талбар дээр чингэж буй этгээдүүдийн агаар нэг, амьсгал нэг, амь нэг. Тэд бол жинхэнэ 15 толгойт атгаалжин мангас, хидра юм. Тэднийг дарах үнэн мөн баатар, Хэркүлэс бидэнд хэрэгтэй!
Монголын жинхэнэ төрийн дуулал - “Зуун лангийн жороо луус”
Хааяа, идэр дүү нарын багш маань “зуу татчихаа юу”, “төрөл арилжчихаа юу” гэж гайхмаар болж, гэнэтхэн л хальт харахад зөв зүйтэй мэт матэриал тэрлэнэ. Тэглээ чиг, даанч нэмэргүй дээ.
ТТҮЦ нь холоос гайгүй үзэгдэвч, уншаад үзэхлээр тэс өөр. Тэрбээр “Монгол хэзээ ч Хятадын хэсэг байгаагүй” гэхдээ, хятадууд ямар ч гэмгүй ариун гэгээн гэх санаа гаргадаг ухаантай. Гэтэл ТТҮЦ-дээ: “Хятад улс буюу Манж Чин гүрэн 1907 онд Долоннуурын гэрээг цуцалж, Гадаад Монголыг өөрийн нэг муж гэж үзэх болсон юм” гэжээ. Хэрвээ тийм бол, Монгол Хятадын хэсэг байсан, байх ёстой гэсэн гаргалгаа гарч ирж байна шүү дээ. Тусгаар тогтнолын үнэ цэнэ (нийтлэлийнх нь нэр) гээч энэ үү? Аль улсын ямар тусгаар тогтнолыг тэр дээдэлнэ вэ?
Урьд 1905 оны, Октябрийн зэрэг хөршийн хувьсгалын нөлөөгөөр л Монголд хамаг юм болчихсон гэдэг асан. ТТҮЦ-ийнхээр бол, Учуаний бослогын нөлөөгөөр л, огт дарлагдаагүй, эрхшээгдээгүй, гадаад мадаад, манайх биш энэ тэрээ дуудуулаад сууж байсан улс чинь сармагчин шиг дууриагаад л, байгаа тусгаар тогтнолоо ахин дахин зарлаад өвчигнөөд авсан шиг.
ЕМЦ-д: “1915 оны Хиагтын хэлэлцээр Монголын өөртөө тусгаар тогтнол зарлаад нийт монголчуудыг үүндээ хамааруулж байсан явдлыг зогсоосон юм” гэж нэг их болохгүй бүтэхгүй юмыг ашгүй яамай дарж авсан мэт бичжээ. Өөртөө тусгаар тогтнол зарлана гэж айхавтар том хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг байдаг хэрэг үү? Өөртөө бол биш, бусдад тусгаар тогтнол зарлаж, өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө биш, бусдын тусгаар тогтнолын төлөө л монголчууд үхэлдэж явах ёстой юм байна шүү дээ. Сүүлийн үед, Хиагтын гэрээ Монголын тусгаар тогтнолыг устгасан атал, бататган бэхжүүлсэн, үндэстнийг хуваасан атал сэргээж мандуулсан мэт завхарсан үзэл дэлгэрэх болов. Нэг эрдэмтэн тэгж тэнэгтээд, бүр эрдмийн зэрэг авсан, бүх эрдэмтэд маань алга ташин дэмжсэн гэж байгаа.
Тэгвэл нам засгийн хэвлэлд У.О. гэгч: “Монголын Бисмарк гэж алдаршсан Б.Цэрэндоржийн их гавъяа зүтгэл гарган байгуулалцсан Хиагтын гэрээний 105 жилийн ой боллоо. Хиагтын гэрээ Монгол орныг үүрдийн хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай байж, тусгаар тогтнолоо баталгаажуулахын эхлэл болсноороо түүхэнд асар том ач холбогдолтой. Шинэ зуунд Хиагтын гэрээний дүү нар болох Оюутолгойн гэрээ, Тавантолгойн гэрээ төрж байна. Бүтэн зуун, мянган мянганд улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийг баталгаажуулсан Хиагтын гэрээ нь…” гэхчилэн УО (ухаан олиггүй, умственно отсталый) зүйл бичсэнийг нь үзээд нэгэн хүмүүн “манайд чинь одоо бүр улайм цайм Хятадын хэвлэл гардаг болчихсон байнаштээ” гэж дуу алдаж билээ л.
Мөнөөх идэр дүүлиг нийтлэлчийн “Өнөөдөр-тусгаар тогтнолын өдөр” (ӨТТӨ)-т, Богд Жавзандамба л үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг (ҮЭЧХ) удирдсан, монголчууд бол хоорондоо л албан тушаал, алт мөнгөний төлөө уралцаад яахаас ч буцахгүй байсан, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд ЗГ-таа бусдаасаа дээгүүр гарах гээд үзэлцэж, ялангуяа Гадаад яамны сайд Ханддоржтой үлэмж зөрчилдөж элдэв хов гомдол мэдүүлж, бараг л хорлуулчихсан юм байх. Тэгэхлээр нь “би хаан болно” гэж тэмцэлддэг асан Түшээт хан Дашнямыг дарж, Богдод долигонон долдойдож, хаан болоход нь тусалсан сайн ноён хан Намнансүрэнг ЗГ-ын тэргүүнээр тавьж, болдоггүй сайд нарыг номхруулгасан ч гэх шиг (Чагдаржав чадаагүй гэнэ). Манай ҮЭЧХ гэдэг чинь нэг иймэрхүү л түүхтэй асанж уу, эсвэл мань хүн өөрийнхөө гишүүн нь байсан ЗГ-ын түүхийг андуураад биччихэв үү. Дамбадорж-Дамбадаржаа, Түшээт хан Дашням-Түшээт хан Чагдаржав, Ринчино-Ренчино, Жасрано-Жамцарано, Готчицкий-Гачитцкий гээд л андуурч эндүүрээд, хольж хутгаж бичээд байдаг юм билээ (харин Хятадын түүхэн пэрсонажуудынтухайд бол тэгж будилдаггүй юм байв уу даа).
Энэхүү нийтлэлд панмонголист болон, хятадын экспансын фактор огт тусгагдаагүй байсан. Мөн сонин тусгаар тогтнолын өдөр өө?
ӨТТӨ-тэй хамт нэг дугаарт нийтлэгдсэн (2010.12.29) “Монголын тусгаар тогтнол ба Богд эзэн хаан”-д (О.Батсайхан) мөн л Богд л гол үүрэг гүйцэтгэсэн гээд, Монголын жинхэнэ язгуурын төрийн дуулал бол “Зуун лангийн жороо луус” хэмээн сурталчилжээ.
Монголчуудыг харийнхан л удирдвал өөдөлдөг, харь хүн удирдах ёстой гэсэн үзэл санаатайгаар бид жороо луусанд мөргөн байж, 100 жилийн ойгоо угтах ёстой юм гэж үү? ММХI.I.XXX
5. Түүх зохиох нь түүхийн чиг баримжаа болж болох уу?
Б.Цэрэндорж гамингуудыг уриад, түмэн цэргийн зэвсэг бэлэглэсэн
“Ерөнхий сайд Цэрэндорж” (ЕСЦ) нийтлэлдээ нэгэн зартай түүх зохиогч маань Манзшир хутагтыг л таниулж танилцуулах гээд байгаа юм болов уу гэсэн чинь, тэр бол ердөө л Богдыг хийддээ түр орогнуулж бялангачилсны улмаас л ерөнхий сайдын сэнтийд заларсан, өөр юу ч биш юм байх. 1911, 1921 оны хувьсгалуудыг Богд, Үнгэрн нар л хийцэрсэн, монголчууд юу ч хийгээгүй, хийхийг хүсээ ч үгүй гэсэн чиг шугам үргэлжилнэ. Д.Сүхбаатар луу улангасан дайрч, түүнийг хүндэтгэхийг бүр “бэлгийн гаж дон” гэсэн байдаг шүү, өөрсдөө хараарай.
Манайхан Хиагтыг чөлөөлсөн хэмээх нь “удамшлын өвчин” гэнэ. Бодоо Монголд ирээд хутагт Цэрэндоржийн ЗГ-т орсон нь юу нь буруу байна, манай эх орончид нэгдмэл байсны л нэг баталгаа шүү дээ. Гэтэл, өөрөө харин ямар ч юм “гаж дон”, “удамшлын өвчин”-тэй нийтлэлч бээр тун “наргиантай явдал” гэж харжээ. Энэ баримт нь тухайн үед байгуулагдсан түр ЗГ нь Чэн И-гийн Монголыг чөлөөлөх хүсэлтийг л нуун далдлах хөшиг байсныг нотлоод байгаа юм байх (ЕСЦ).
Улс орныг маань дандаа л Богд, Үнгэрн, Чэн И, Бадамдорж гээд харь хүмүүс аварсан юм гэсэн. Тиймээс, Төрийн ордонд шанзавтны зургийг “урвагч” гээд тавиагүй байсныг, сонины нэг дугаарт зэрэгцэн шөргөн галаар шүршээд байдаг О.Батсайхан найзтайгаа хамтран тэмцэж байж, залуулсан паянгаа ЕСЦ-дээ их л түүхэн чухал үйл явдал мэтээр магтан дуулжээ.
“Нийслэл хүрээг чөлөөлсний 90 жилийн ой” нийтлэл: “1921.7.11-нд Монголд юу ч болоогүйг анх Баабар нийтэд зарласан”, “монголчуудын түүхийн тухай бодит үнэнийг Баабарын бичсэн “Монголчууд: Нүүдэл суудал” хэмээх Төрийн шагнал хүртсэн бүтээлээс иш татах болжээ”, “энэ номоор мэргэжлийн түүхчид чиг баримжаа хийн түүх шастиртаа хандаж байна” гэсэн, цагаандаа гарсан пропагандаар эхэлжээ. Хэрэв үнэн бол Монголын түүх капут болжээ, монголчууд бид түүхгүй болж. Нүрзэд гуай шиг зохиогоод байгаа юм болов уу гэтэл, мэргэжлийн түүхчдийн чиг баримжаа боллоо гэнэ шүү (Нүрзэд гуайнх ч чиг баримжаа болж байгаа). Үнэний хувьтай ч юм. Одоогийн дунд сургуулийн сурах бичиг “Нүүдэл суудал”-ын хуулбар болсныг үзсэн. “Нүүдэл суудал” өөрөө Бээжингийн суртал ухуулгын “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц” зэрэгтэй агаар нэгэн юм шүү дээ.
90 жилийн ойн матэриалд: Резухиний цэрэг Хүрээ рүү ороход хятад харуул мэдэлгүй унтаж өнгөрүүлсэн, Хүрээний цэргийн командлагч Го Сүнлинь байлдалгүйгээр гамингуудаа авч явсан, тэрний дараа бароны хэдэн дарга нар хашхиралдан давхицгаасан нь л нийслэлийг чөлөөлсөн хэрэг байв, большевикууд хятадуудыг Монголоос гарвал яах ч үгүй, ая тухтайгаар эх оронд нь хүргэж өгнө гэсэн тул тэд хойшоо ганц буун дуу гаргалгүйгээр гарч явсан гэжээ. Бас л монголчууд юу ч хийгээгүй, харин ач тустайгаар унтдаг хятад харуул, Го Сүнлинь зэрэг Монголыг чөлөөлсөн шинэ баатрууд борооны дараахи мөөг шиг бүлт бүлт үсрээд гараад ирлээ.
Тийм амар амгалан, хөгжилтэй наргиантай зүйл болоод байгаагүй юм. Нармай Монгол байгуулагдах нь, эрх мэдлээ алдах нь, ялт хэргүүд маань илчлэгдэх нь гэж эмээсэн Цэрэндорж, Бадамдорж нар түүхэн эх орныхоо хамгаалагчдыг урьсан. Бүр “Нармай Монголын хулгай нарын цэргээс” аврахыг тодорхой цохон хүссэн байдаг. Ер нь эртнээс өмнийн түрэмгийлэгчдийг залах бэлтгэлээ хийж, хамаг шилдэг цэрэг дарга нарыг Тагна Урианхай руу илгээж, чөлөөлөх үзэл санааг юун түрүүн хойд зүг рүү хортойгоор чиглүүлжээ. Аврагч нараа ирэхэд нь 5776 винтов, 2456 бэрдан, долоон их буу, арван шүршүүр буу, 2608 сэлэм зэрэг бараг түмэн цэрэг зэвсэглэчих, оросын үйлдвэрлэлийн шинэ зэвсгийг бэлэглэж байсан.
Гамингууд өргөн рэпрэсс хийж, гуйвамтгай Богдыг ч хорьсон, Ар Монголын улс төр, шашин, нийгэм, соёлын хамгийн том төв болох нийслэлийнхнийг хүйс тэмтэрч, Цагаан сарыг Улаан сар болгохыг амлаж асан, дээрэм тонуул, хүчирхийлэл доромжлол нь гаарсан. 1920 оны зун болсон Эх орончдын нууц зөвлөгөөний даалгавраар Дамдинсүрэн, Магсаржав нар цэрэг цуглуулж байгаад баригдаж, нууц бүлгэмүүд байгуулагдан, алсын хараатай том концэпцитэйгээр ажиллаж, Нармай Монголын цэрэг орж ирж, өргөжин тэлж, монголчууд харгислалыг тугийг нь урахаас өгсүүлээд, тугаа мандуулах хүртлээ эсэргүүцсэн нь “наргиантай” явдлаас үүдээгүй ээ.
“Үнгэрнийнхэн” 1920.10.26-нд Их Хүрээ рүү анх довтолж, 1921.2.4-нд хятадуудыг гэноцид үйлдүүлэхгүй гэж цаг алдалгүй уулгалан дийлж, тархаж бутарсантай нь байлдсаар, 4-р сард Чойр хавьд Балжинням бэйс, Сундуй гүн нарын цэрэг өмнийн бүлэглэлд нь үхлийн цохилт өгч байсан билээ. Барон басхүү Оросын эх оронч үзэлтэй, хоёрдмол санаатай нэгэн асан тул, монголчуудыг улаан цагааны иргэний дайнд татан оруулах зорилго өвөрлөн, элдэв дарамт шахалт үзүүлэх болсон тул хутагт Цэрэндоржийн ЗГ-ын нэр хүнд ч унаж, тэрхүү санаархлыг эсэргүүцсэн эх орончдын төлөөлөл болох Сундуй гүн нарт баривчлагдсанаар төгссөн. Хойш зугтсан гамингууд большевикуудын урилгаар аялж зугаалаагүй, амь тэмцэн зүтгэсээр Орос дахь интэрвэнт хятадуудтайгаа нийлсэн юм шүү дээ.
Орос, Хятад хоёр монгол туургатан нэгдэхийг дэмжиж байгаа
Түүнээс хойшхи явдлыг “бүү мартуулдаг, мартвал сөнөөдөг” нийтлэлч маань буриадуудын хорлол гэж их бичдэг дээ. Хилийн чанадын дарлагдсан монголчууд (түүнийхээр бол өөр “этник үндэстнүүд”) дарлагдаагүй бидэнд их хорсдог гэнэ. Дарлагдсан ч гээгүй юм аа, “Орост нэгдсэн монгол гаралтнууд болох буриад, тува нар, Хятадад хамаарагдсан өвөр монголчууд” гэсэн (“Цагаан баавгай”, ЦБ). Цааш эшлэбээс:
“Тэдний гомдол цөхрөл нэг талаас өөрсдийг нь хамаарч буй их үндэстэнтэй тэрсэлдэж, тэднийгээ үзэн яддаг бол нөгөө талдаа үндэс угсаа, соёл, заншлаа хадгалсаар яваа ах дүү нартаа хорсдог. Ийм учраас ах дүү нараа Бээжин, Москвад муу муухайгаар матан ховлоно, эргээд ах дүү нартаа ирж их үндэстний эсрэг бослого хөдөлгөөнийг дэмжихийг шахаж шаардан хэрээс хэтэрсэн үндсэрхэг үзэл гаргана.
Үүний нэг жишээ бол хориод оны үед Монголыг захирч байсан Ренчино юм. Тэрээр “нармай Монгол” хэмээх үзлийг санаачлагчдын нэг ба Нармай Монголын Засгийн газар гэгчид сайд хэмээх нэр ч зүүж явсан, Нармай Монголын үзлийг явж явж Халх огт тоогоогүй, тийш нь төлөөлөгч ч явуулаагүй.
Энэ нь Орос, Хятадад захирагдсан хэдэн буриад, барга, өвөрмонголчуудын ажил байлаа. Ренчино сүүлд нь Монголыг Хойд Хятад, Өмнөд Хятад, Шинжаан, Төвдтэй нэгтгэн Холбооны улс буй болгох санал гаргасан нь 1921 оны гуравдугаар сарын нэгэнд хуралдсан МАХН-ын мөрийн хөтөлбөрт үгчлэн тусчээ. (Энэ өдрийг “эх орончдын өдөр” гэж тунхаглан өөрсдийгөө гутааж байхаа зогсмоор юм!). Хожим Ренчино Монголыг Зөвлөлтийн харъяалалд оруулахаар нэлээд гүйсэн. Тусгаар Монгол л биш бол өөр яасан ч яахав!
Орос, хятадууд “нармай Монгол” гэх үзлээс 100 жил болгоомжилж ирлээ. Ийм нэрээр томоохон хядлага ч үйлдэж байсан. Гэтэл цөөн тооны ийм үл гүйцэлдэх романтик үзэлтэн байна уу гэхээс тусгаар Монголд хэзээ ч дэмжигдэж байгаагүй яриа. Монголыг Орост нэгтгэхээр хөөцөлдсөн буриад ганц Ренчиногоор дуусахгүй” гэж ганц ч эрүүл монгол хүн бичихгүй зүйлсийг эрээчжээ.
Тэр сонины 2010.12.27-ны “Далай лам, Богд, хамба” гэх үгүүлэлд, буриадууд Орост Монгол, Түвдийг нэгтгэж өгч, гүбэрнүүд нь болгоод, өөрсдөө эзэн ноён суух гэсэн мэтээр гөрдсөн буй. “Буриадууд ч Монгол тусгаарлавал хэзээ ч гүрний төв болохгүйгээ мэдэж байсан тул Төвдийг идэвхтэй дэмжиж, Монголоос Төвд хүртэлх Дорнод Азийн аугаа их гүрэн байгуулагдвал л нөлөөтэй байж чадна гэж үзэж байсан бололтой” гэснийг нь үзэгтүн. Монголын тусгаар тогтнолын дайснууд бол шунаг буриадууд аа гээд тодоос тод хэлчихсэн байгаа биз дээ. Өөрсдөө үндэсний эрх олох гэж зүдэрч, улаан цагаан элдэв дайсагнагчдын хөлд сүйдэж сөнөж, элэг нэгт төв монголчуудаасаа түшиг эрсэн тэд дэлхийд ноёрхохыг санаархсан томоохон импэриалистууд болж хувирах шив?
Түүх зохиогчид олон олон нээлтийг дэндүү хурдтайгаар, нэг амьсгаагаар хийж орхих аж. Орос, Хятад хоёр Монголыг хуваан эзлээгүй, харин нэгдье, хамаарагдъя гэснийг нь л үрчилж аваад байж. Гэтэл тэд хачирхалтайгаар, зүй бусаар “өөрсдийг нь хамаарч буй их үндэстэнтэй тэрсэлдэж, тэднийгээ үзэн яддаг”.
За тэгээд л, яаж яаж монгол ахан дүүсийг эвдрэлцүүлэхийг санаархаж, хорсол заналтайгаар, мунхаг мулгуугаар яс хаяхыг оролдсоныг нь хараарай. Өөрсдийнхөө элдэв шидийн хорлолыг л, хилийн чанадын монголчуудынх болгоод гүжирдчих юм даа, чааваас.
Элбэгдорж Ринчиног “Тусгаар Монгол л биш бол өөр яасан ч яахав!” гэж амь хайргүй гүрэлздэг байсан л гэнэ. Тэрбээр, Хятадын олон үндэстний нэгдсэн улс байгуулах мөрийн хөтөлбөр гаргасан л гэнэ. Бүх юм эсрэгээрээ шүү дээ. Улаан Оросыг бараадах Ринчиногийн алсын хараат бодлого бус, түүх зохиогчийн хорлон сүйтгэлт байсан бол юу болох байв аа? Бодоод үзэгтүн.
Бүх элгэн саднаараа нэгдэн нийлье гэж эрслэн боссон хамаг монголчуудын хууль ёсны хөдөлгөөнийг л гадаад үгээр панмонголизм гэдэг шүү дээ. Ринчино бус, Коминтэрн, Зөвлөлт л Хятад болон бусад улсын дургүйцлийг төрүүлэхгүй гэж Манж Чинг залгамжлах, холбооны эв хамт улсын талаарх утопи үг үгүүлбэрийг намын зарим баримт бичигт оруулсан тактикийн жижиг элэмэнтүүд буй. Түүнээс бус, Ринчино бол жинхэнэ панмонголист, уг хөдөлгөөний нэг удирдагч нь байсныг өөрөө ч яс хаяж, муучлах гоочлох гэж байгаад санаандгүй баталж нотолчихсон байнам бус уу.
Тэр үеийн манай баримт бичгүүдэд, даяар монголчууд хамтдаа нэгэн гэр улс болохыг эрмэлзэнэ гэж, тэр нэг тактикийн шог элэмэнтүүдээс мянга түм дахин олон удаа тунхаглагдсан, дурдагдсан байдгийг яагаад түүх зохиогч үл харна вэ? Яагаад “тусгаар Монголд хэзээ ч дэмжигдэж байгаагүй яриа” гэж бурна вэ?
БНХАУ байгуулагдчихаад байхад хүртэл нэг хэсэг манай төрийн албан ёсны бодлого асан. Ямагт бүхий монголчуудын чин хүсэл эрмэлзэл байж ирсэн. Өнөөдөр ч уугуулшууллаар, элэгшүүллээр, соёлоор хөрш гүрнүүдийг “100 жил болгоомжлуулалгүйгээр” нэгтгэх бодот боломж буй. Хоёр хөрш ч дэмжинэ. Улсынхаа харъяат монгол ястнуудыг хилийн чанадынхтай рэпатриацаар нэгдэхийг зөвшөөрсөн, дэмжсэн Орос, Хятадын тодорхой алхмууд бий. Явж явж, манай хэдэн түүх зохиогч л эсэргүүцээд, “Бээжин Москвад муу муухайгаар матан ховлоод” байх юм даа!
Б.Цэрэндоржийг Б.Шмэраль хорлож алсан гэв үү?
II Цэцэрон (уг нь Цицэрон, мань хүн хятадаас бусад хэлний үгийг ханзаас буулгачихаагүй байгаа даа гэлтэй алдаж бичээд байдаг, тэгээд ч Цицэрон ингэж хэлсэн эсэх нь эргэлзээтэй ) гэж өөрийгөө эндүүрсэн нийтлэлч бээр Монголын бүх түүхийн “алтан үе” гээч “нээлтийг” хийсэн байна билээ.
Б.Цэрэндорж нарын гарамгай эх орончдын тэмцлийн дүнд Ринчино дайсан явж, Зөвлөлт Монголыг зөнд нь орхисноор, 1924-1928 онуудад тэр алтан үе нь байсан юм байх. Шалгарсан удирдагч Ши Яншаны командлал дор Дамбадорж, Амар, Жамсрано нар ардчилсан, нэгдсэн Монгол улсыг (бүр Түркэстан, Түвдийг ч нэгтгэх гэж байсан гэх) байгуулахаар гар нийлэн, мөр зэрэгцэн шамдсан гэнэ. Өрнөдийн их гүрнүүдтэй үр дүнтэй хамтран ажилласан ч гэх шиг. Гэтэл учир битүүлгээр Монголыг Хятадад нь зөнд нь орхиод, диваажин дагшин болгочихсон Орос яагаад ч юм эргэж галзуу юм шиг дайраад л Шмэралийг илгээгээд л, Цэрэндоржийг нууцлигаар нөгчүүлээд коммунизмын зэрлэг балмад туршилтуудыг эхлүүлсэн гэнээ. Тэгээд большевик харгислалуудын хамгийн аймшигтай, эмгэнэлтэй, харуусалтай нь тэр мэтээр, хамгийн түрүүнд, “гадаадын олон мянган бизнес эрхлэгчдийг нэг амьсгаагаар хөөн гаргалаа” гэжээ (“Үүлэн чөлөөнөөс үхлийн чөлөө”, ҮЧҮХ).
Тэр онуудад Цэрэндорж-Дамбадорж-Насанбатын, 5-р цувааны шинэ триумвират л хүчжисэн байх. Түүнээс бус, 1921 онд эхэлсэн “зэрлэг балмад туршилтууд” үргэлжилсээр асан. Улс үндэстнийг коммунистжуулж, эд хөрөнгө хурааж, албан татвар нэмж, Зөвлөлтийн эдийн засгийн ноёрхлыг эхлүүлсэн. Ямар сайндаа л, лам нарын анхны үймээн гарахав. Дээрх триумвират Монгол улс үндэстэнд хор хөнөөлтэй бодлого явуулдаг байсан хийгээд, Жамсарано л монгол туургатан нэгдэж, Швэйцар мэт холбооны, хөрөнгөтний улс болох хэрэгтэй хэмээж байсан ажгуу. Сүүлийн үед Б.Цэрэндорж Монголын төлөө гэсэн сэтгэл зүтгэлээсээ болж хорлогдсон мэтээр түүх зохиох боллоо. Тэрбээр маш олон эх орончдыг хорлож алсан хэрэгт холбогддог ч, өөрөө бол 61 насандаа байгалийн жамаар, өвчнөөр нас барсан (61 гэдэг чинь тэр үеийн Монголд үйл ажиллагаа явуулж асан улс төрчдийн хувьд лут урт нас шүү).
Шмэраль ирдэг нь коммунистжуулалтын огтхон ч санаандгүй бус, ээлжит нэгэн идэвхжил байв. “Зэрлэг балмад туршилтуудын” аюумшиг нь Монгол улс үндэстнийг устгах дөхсөнд оршино. Харин тэр гадаадын бизнэс эрхлэгчдийг гаргасан гэдэг нь хятад колоничлогчдыг үлдэн хөөсөн зөв зүйтэй алхам байлаа. Тэр үед Хятадын 480 шулан мөлжигч пүүс Монголд байсан бол, бусад орных (Зөвлөлтийг оролцуулахгүйгээр) 12 байсан юм. Юунд учиргүй их харамсаж в дээ, заримдаа “би эх оронч” ч гээд цээжээ дэлдчихдэг нийтлэлч маань.
Өнөөгийн түүхийн талаар бичихдээ, 1925 оны, Ринчиногийн Х үсэгнээс сая арай гэж салав хэмээн, МАХН МАН болсон хөгийн явдлыг Монгол улс үндэстний хувь заяаг шийдвэрлэсэн, асар их ач холбогдолтой үйл явдал мэтээр харуулан сүржигнэжээ (ҮЧҮХ). Тэр Х үсэггүй бол юу болох байв аа? Их л бодож бид АМӨЗО л болох байлаа. Ингээгүйд л ихэд бачимдан давчдаж явдаг бололтой юм даг уу. Аргаа ядахдаа тэр, өөрийнх нь далан худлаас бусад нь цөм 1937 оны, Сталины “Большевик намын түүх”-ийн хуулбар гэжээ. Аль нь юуны хуулбар бол доо? Үүнийг мэддэг хүний тоо өссөөр байна.
Батбаяр гэх сайхан монгол нэрээ ба ба буюу эцэг гэх харь үгтэй төстэй дуулдах псэвдонимоор сольсон Баабар овогт Баабар гуай биологич юм гэсэндээ цагаан баавгайн талаар янз бүрийн ажиглалт хийсэн байгаа юм. Эшлэвээс:
“Хятад Монголын харилцаа эргэж сайжрахын хэрээр өвөрмонголчууд Монголтой харилцаанд орж эхэлсэн. Тэд цаашаа Бээжинд ах дүү нараа ховлож муу хэлж гүйхийн зэрэгцээ Монголд ирж тусгаар монголчуудыг Хятадын эсрэг элдэв үймээн самуунд оролцохыг илэрхий өдөн турхирна. Монголчуудыг хужаа хувхайгаар нь дууддаг улс тэд. Монголын нийгэм улс төрийн тавцанд тодорч гарч ирсэн болгоныг хятад цустай гэж зарлаад байгаагийн цаад уг сурвалж дандаа, бүр үргэлж дандаа өвөрмонголчууд болон Монголд удаан жил амьдарсан өвөрмонгол угшилтай хүмүүсээс гардаг үг.
Тэд цөөнхийнхөө хэрээр их үндэстэнд шахуулж, гадуурхагдаж сүүлдээ угсаатны хувьд мөхөж буй. Буриад-Монголын бүгд найрамдах улс гэж байсныг 1958 онд “өөрсдийнх нь хүсэлтээр” Монгол гэсэн үгийг хассан. 1959 онд сүүлчийн буриад бага сургуулийг хаасан. Өнгөрсөн жил Үст Буриад, Ага Буриад хоёрыг албан ёсоор үгүй хийж зэргэлдээх мужид нь хавсаргасан. Удахгүй Буриадын бүгд найрамдах улс “Улаан-Үд муж” болон өөрчлөгдөнө. Өвөр Монголын Өөртөө засах орны хүн амын ердөө хорин хувь нь монголчууд. Хятадчилагдахгүй л бол тэдэнд сурч боловсрох зам хаалттай. Оросчлогдох эсвэл хятадчилагдах гээгүй л юм бол ямар ч “нармай Монгол” бидэнд хэрэггүй. Үүнийг тусгаар Монгол Улсын иргэн болгон мэднэ. Ах дүү нараа хараад өрөвддөг ч хувь заяа иймээс хойш “үхсэний араас дагаж үхдэггүй”, харин “үхэх хүн ханьсаг” гэгчээр тэд л бидэнд дэндүү хорсолтой хандах юм” хэмээжээ ( Өвөр Монголын талаар бүр ч муугаар хэлсэн ноцтой явдал буй гэх агаад эх сурвалж нь тодорхойгүй байгаа тул дурдахаас түдгэлзэв ). Хэн бэ, энэ хүн? Тэр л бидэнд, монголчуудад дэндүү хорсолтой хандаад байгаа биш үү? Өөрийнхөө мөн чанарыг бусдад нялзаагаад байгаа бус уу? Жишээ нь, цагаан баавгай бусад баавгайнаас догшин, харгис, түрэмгийгээрээ онцгой ялгардаг байна гэжээ.
“Биологичид үүний учрыг олон жил судалж байж тайлжээ. Хүйтэн хахир туйлын нөхцөлд цагаан баавгайн зүйл олшрох боломжоор маш хзгаарлагдмал аж. Тэд эволюцийн сая сая жилд үргэлж цөөхүүлээ байсан. Тэд цөөхүүлээ. Туйлаар нэг янз бүрийн цагаан амьтад бий. Тэдэн дунд хөөрхий баавгай тоон утгаараа үргэлж цөөнх байсан” гэж нэмж буржээ. Энэ баяр бахдал нь удаан үргэлжлэхгүй ээ. Ийм хүнийг яаж ч “өвөр монгол угшилтай хүмүүс” “хужаа хувхайгаар нь” дуудахгүй байхав дээ.
Монголчууд улам л нэгдэн нягтарна, ухаарна сэхээрнэ. Тэр тусмаа түүх зохиогчдын тоо цөөрнө. Бөхөхийн өмнө хурц гэрэлтдэг гэгчээр, бүр ч хорон үг хэлж магад, тэд. Нэмэргүй.
Биологичийнхоо хувьд ч энэ хүн таг, тэг болсон байна. Хойшлох тусам амьтад аядуу характэртай байдаг юм. Тэгээд ч, цагаан баавгай популяцийн нөхцөл байдлаа судалж мэдээд, илүүтэй харгис хэрцгий болох боломжгүй. Аялал жуулчлалын холбогдолтой зүйлүүдэд цагаан баавгай хүнээс айдаггүй тул аюултай гэж сэрэмжлүүлсэн байх нь тохиолддог. Гэхдээ энэ нь гойд харгис хэрцгий гэсэн үг огт биш. Хүнээс айдаггүй амьтан олон.
Монгол ахан дүүсийг маань тэр сөнөж мөхөж буй цагаан баавгайтай (70 мянга) зүйрлэжээ. Түүх зохиогчид бүр цөөн учир “Хятадын үндэсний эрдэнэс”-ийн тоонд орсон хулсны баавгай буюу пандатай (1000 хүрэхгүй) зүйрлэмээр байна. Цагаан баавгай бол түвэггүй аврагдах боломжтой, өсч байгаа ч амьтан. Харин хулсны баавгай бол экологийн зайлшгүй доройтлоос болж хятадууд хиймэл нөхцөл үүсгэж, бүр үүрч дүүрч л явахгүй бол болохгүй, аврагдахаас бараг өнгөрсөн амьтан гэдгийг бүгд мэднэ.
Ч.Мөнхбаяр
ММХI.I.XXX
1 comment:
баабар цэнддоо дашрэнцэн эд бол аюултай хөлсний цэргүүд
Post a Comment