Наргиа
1
Ерөнхийлөгч аанай л тэсэрч дэлбэрэх дөхөн хилэгнэж:-Нүнжиг гэж нэг шар шувуу шиг солиотой юм намайг С.Зоригийг алсан гэж доромжилсон байна. Улс орноо ухаж биш, ургуулж хөгжих гэж зовж яваа амьтан намайг ингэж ч доош нь хийх гэж дээ хэмээн цовхчив. ТГ-ын ажилтан нь:
-Шар шувуу биш, бэгбаатартай адил биш үү гэхэд түүн рүү үсчин дайрч:
-Муу хогийн Нүнжигийг чи бас баатар маатар гэж өргөмжилнө гэнэ ээ? Гайгүй ээ, дөрвөн тэрбум төгрөг гүзээлдэг байж дөртэй юу ч хийдэггүй та нарыг цөмийг нь хална даа, яадым!
Финландад Сүнжидмааг чирч очоод л яалаа, би. Нүүрээ улалзуулан байж, “танайх шиг их эрдэс баялагтай орон сумны үйлдвэртэй болмоор юм” гэхчлэн элдвээр гоочлуулан байж 130 кг сум гуйж аваад үүрч ирээ биз дээ! Гэтэл нэг нь өнөө хэдэн сумаар шал далиу буудаад, нөгөөх нь Зоригийг алсан гэж хуцаад…! хэмээн бархирав.
-Шувуу хуцдаггүйштээ!
-Амаа хамхи! Ер нь миний Зоригийг ална уу, байнуу та нар шиг юманд ямар хамаа байсийм! Битгий хүний хувийн хэрэгт хошуу дүрж, ул шагайж бай. Алив, 69 гараадастай “Гуандунгийн мөнгөн мөс”-нөөс минь аягалаадах!
-Та чинь зөвхөн сүү ууна гээгүй билүү?
-Өө, нээрэн тийм. Сүү дусаагаад л өнгийг нь хувиргачихаач дээ, яасан ухаанд нь ухна ишиг үхсэн малан дурак вэ, чи! Ай даа…
Дотор нэг юм онгойлоо.
-Ахиад аягалах уу?
-Ерөөсөө лонхонд нь сүү дусаагаад аваад ир. Тэгэхлээр ийм байнаа, хө. Би сая С.Ганзүг гэдэг товарищийн гамбиран үзэсгэлэн үзлээ.
-Гамбир аа?
-Тийм ээ, тийм. Гамбир мэддэггүймүү хаашаа юм. Монголчуудын үндэсний хоол гамбир болж байхад…
Дэлхийд гурилаар уран бүтээл хийдэг хүн олон гэнэ. Элсэн цөлд хурал хийдэг хүн бас гурил хийлээ гэхэд хэн ч гайхахгүй. Ерөөсөө би “гамбираар яруу эгшгийг туурвидаг ялж төгссөн ерөнхийлөгч” гэж алдаршихаар шийдлээ. Уг нь би дэлхийд алдартай ерөнхийлөгч байх хоббитой ш дээ, ямар сайндаа тэр мянмагийн ардчилагч гээч Аун Сан Су Чи туучийг дэмжиж онигоотохов, даанч тэр муу намайг тоогоогүй.
-Таныг тоох хүн зөндөө л байналээштээ.
-Хэн тэрэв?!
-З.Эрдэнэбилэг гэдэг хүн “Арвинбат сонгогдвол бид эх орноо алдах байх даа. Энэ сонгууль чинь Хятад Монголын тулалдаан” гээд л бичсэн байсан.
-Тэр муу гөлгийг цаазаар ав!
-Та өөрөө цаазыг хүчингүй болгочихоод…
-Ээ чааваас яах гэж тэгвээ, хар тэнэг толгой. Дэлхийн од болох гээгүй бол ч үхсэн заяа нь тэхгүй байсийм… Ерөөсөө гамбир хийхээс өөр арга алга. Гамбир гамбир!
-Ерөнхийлөгчөө та чинь цалингаа нэмэхгүй гээд л байсан, түр арга хэмжээ байсан, нэмээд найм есөн зуун мянга л болгочихлоо, лицэнз олгохгүй л гээд байсан, бас л түр байсан. Гамбир хийх санаа чинь бүр түрийг яаж мэдэх юм бэ. Яг хайрч байсан чинь болилоо, гамбүргэр хийнэ гэвэл…
-Энэн шиг л бүр! гээд Арвиа ерөнхийлөгч лонхтойг дуусгав аа.
2
-Арвиа дарга аа, гуанзанд хийж болоогүй юм уу? гэж пидэн хар царайлан асуув.
-Тэгвэл бүтээл биш хоол болчихно мэдэв үү! Тэгээд ч бид цалинтай ажлын журмаар хийж байгаа болохоор ажлын мээстэн дээрээ байхгүй бол болохгүй. Далимд нь бас утаагүй зуухаар PR-аа хийж байнаштээ, ойлгож байнуу, дух минь.
Олон үглэж байж, давс хөрөнгийг нь ихдүүлж багадуулж хар гай болов! 49-ний жил орж байгаагаа аргадах гэж 49 сая төгрөг төсөвлүүлсэн ажил шүү, хариуцлагатай л хандаж үзээрэй.
-Хэдэн гамбир хийх юм бэ?
-Тэр С.Ганзүг 120 гамбир хийсэн байсан. Бид заавал түүнийг давах ёстой. 121-ийг хийнэ.
-Пээ, тийм олныг уу даа?
-Гадуур дотуур зугаалж цэнгэхээс өөр ажилгүй юм байж ганц удаа гамбир халтартуулчихад яачихаад байгаа юм? Гараас чинь гар тасарчих гээд байнуу. Дандаа садан төрөл, нутаг нугынхнаа авч тэнэгтээгүйсэн бол ч, та нарыг ёстой алах юмсан.
Тэр Далх-Очир хэн хэн ч билээ зураачдыг туслуулахаар дууд гэсэн, яасан?
-Финланд явцан.
-Бас сум авчрах гэж байгаа юм байх даа.
-Бид ч яахав гурил мурил зуурах хайрах гээд гүйцэтгэх ажлыг нь хийж байна. Та юу хийж байгаа юм бэ?
-Юу юу гэж, уран бүтээл хийж байна!
-Тэгвэл энэ ухаан нь юу гэдэг уран бүтээл в?
-“Би Зоригийг эс алж байгаа нь” гэдэг бүтээл.
-Алж байгаа л юм шиг харагдаад байна даа.
-Битгий солиор! Урлаг ойлгохгүй байж яадаг чигьяантүрүү вэ?
-Энэ “Наймаалж” гэдэг бүтээл үү?
-“Би бар наймаалж биш” гэдэг бүтээл.
-Юу гэсэн үг юм?
-Намайг бар наймаалж буюу Цэху овогт гэж солиорцгоодог болоод байгаа. Чи дэмий чалчиж байхын оронд гурилаа аятайхан зуураач ээ, чулуу шиг хатуу юм хийчээд, дийлдэхгүй юм.
-Гайгүй л зуурсандаа, та л биеийн хөдөлмөрөөс хөндийрчихсөн болохоор… Ямар бүтээл хийх гэсэн чинь дийлдэхгүй байгаа юм? Би хамжилцъя л даа.
-"Ашигт малтмалгүйгээр амьдардаг, үлгэрлэн дууриах хүмүүс” гэдэг бүтээл. Жишээ нь чацаргана тарьдаг Оюунчимэг, өмхөрсөн мод түүдэг Оюунгэрэл хоёрын дүрс чамаас болж нийлэлдээд, тарьж байгаа түүж байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо. Яагаав би ашигт малтмалгүй амьдардаг баахан хүмүүсийг ардын баатар болгож шагнаагүй юу. Тэднийг би энэ гамбирт дүрсэлсэн байхгүй юу.
Гурилаа жигд элд л дээ, заримынх нь зузаан 2 санж, заримынх нь 20 болчихлооштээ. “Байгал нуурын ёроолд би Колчакийн алт бус, Дэлхийн монголчуудын конвэнт хайсан” гэдэг шэдээвэр маань ч будаа боллоолдоо, чамаас болж.
-Урлаг ойлгодоггүй надад ч бүх гамбир л адилхан агуулгатай харагдаад байх юм.Энэ гамбир дээр та юун 1,5 гэсэн тоо зурчихав аа?
-“Гадаад томилолтын 1.5 тэрбум төгрөг” гэсэн бүтээл болохоор нь тэр. Биднийг чинь дэндүү их төсөвтэй байна гээд хогийн новшнууд барьж идчих гээд байгаа биз дээ. Төсвийнхөө зарцуулалт бүрээр сэдэвчлэн хийх цуврал бүтээл маань сонгогчдын сэтгэл санааг уярааж, асуудлыг зөвөөр ойлгуулна. Төсөв дэмий юманд үрэгддэггүй юм байна гэж ухааруулна.
-Ээ дээ, мэдэхгүй…
-Хөөе чи шаргал хальс тогттол хайрахын оронд яагаад харгал хальс тогттол түлчив ээ. Наадах чинь ёстой л “Би Зоригийг алсан нь” гэдэг бүтээл болчихлоо.
Хүн ардад ашигт малтмалгүй амьдрахын үлгэр жишээг биечлэн үзүүлэх гэж байхад чинь дээ. Дуудлага худалдаагаар зарах гэж байсан юм…
Ёох-ёх, ганц гамбир хайрчиж чадахгүй ийм улстай амбан явж, гамбир хайрахгүйнээ. Ашигт малтмалгүй үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал - Төрийн гэрэгээг санаачилж, өөрөө ч авчих юм билүү гэж битүүхэн горилж байсан. Ийм үнс нүүрс хийчихээр хэн надаас үлгэр авахав, хэн энэ гайтай муу ашигт малтмалын хараалгүйгээр амьдрах гоё гэж санахав. Хэн намайг “төрийн албаны шалгалт өгөөгүй учир огцор” гэж солиорохоо болих вэ!
Алив нөгөө миний “сүүг”…
-Та хэтрүүлээд байдаг боллоо шүү. Сүүлдээ халуун боодог, хүйтэн өгөрций нэхээд, тэгээд л балардаг биз дээ…
-Хар усан туулай болсон юм чинь хар усаар л ундаалах ёстой байхгүй юу. Туулай чинь их архичин золиг. Согтох төгөлдөр туулай гээд л бас байгаагүй юу. Тээр жил 3 дахи ЗГ маань огцорч, 3 гишүүн маань шоронд ороод ээ мөн…
-Таминь ээ, гал командынхан ирээд наашаа ус шүрших гэж байна! Амь амиа бодоорой!
3
-Дарга аа, контэмпопулист биш, контэмпорари.
-Аа цусаар урс, ямар ялгаа байсан юм. Миний түн-түн-пин-пан-рари урлагийн “Монголын ардчиллын 20 жил буюу Мооко Хан” үзэсгэлэнд морилон ирсэн явдалд баяр хүргэе!
-Ерөнхийлөгч өө, архи байхгүй болохоор нэг зочин хатаад үхчихлээ.
-Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй…
-Дарга аа, дарга аа!
-Үзэсгэлэнгээ нээх ганц үг хэлүүлчихгүй яасан зовлонтой хүүр вэ,чи!
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамаг гамбир идчихлээ!
-Юу? Тахир дутуу байж яасан ховдог юм?
-Яг ч тахир дутуу биш л дээ. Монголын иргэн бүр өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг юм байна. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гамбирын үзэсгэлэн үнэгүй үзүүлэх сургаар дайрч орж ирээд…
-Хамгаалалт яасан юм бэ?
-Тулалдаж байна.
-Хаана?
-Урлан дээр.
-Урлагийн галэрэй дээр ирэх ёстой биз дээ? Юу гэж би урлан дээр байж байх юм бэ?
-Андуураад оччихжээ, ялгадаггүй юм байна. Тэгээд зураач нартай үзэлцэж байна. Цаадуул нь урьдчилж юу ч хэлээгүй байж түйвээлээ гэж эсэргүүцээд бяцхан “7.1” болж байна, тэнд.
-Нааш нь даруй дууд. Ээ халаг, ээ халаг, хичнээн өдөр хийсэн бүтээлийг минь хэдхэн гуйлгачин идчих гэж.
-Ерөнхийлөгч өө, хамгаалалтынханд хэлчихлээ.
-Юу гэж байна?
-“Ээ, п...” гэж байна.
-Намайг уу даа?
-Мэдэхгүй, намайг л лав биш.
-За яахав, Элбэгээ баян хотойхгүй ээ.
Дараагийн нүүдлээ аль эрт бодчихсон. Хэмнэлтийн үүднээс улс даяар барээний шилэнд дүрдэг пэлээтгээр цай чанаж байх санаачлага дэвшүүлэх гэж байгаа.
-Төсөв нь ямар юм? Бас 49 сая уу?
-Барээний шилэнд хэдэн грамм ордог билээ?
-500.
-Ойлгов уу?
-Үгүй.
Ч.Мөнхбаяр
ММХI.I.XX
P.S. Энэ наргианд хийсвэр сэтгэмжийн зэрэгцээ, бодот үйл явдлууд, баримтууд ашиглагдав.
No comments:
Post a Comment