Friday, February 25, 2011

Элбэгээ дарга маань ноднин Байгалийн ёроолд Колчакийн алтыг хайсан, энэ жил Монголд хайна гэнэ

Колчак манай тусгаар тогтнолыг хамгаалагч агаад, 
Монголыг чөлөөлөх дөхжээ

Адмирал Александр Колчак (1874-1920) бол хойд хөршийн маань үндэсний баатар, цагаантны хөдөлгөөний өрлөг жанжин, нэг хэсэг Антантын эвслийн болон бусад улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн Оросын Засгийн газрын тэргүүн явсан хүн. Османы түрк Колчак-паша гэх цэргийн нэрт зүтгэлтний жич хүү.
Барон Толлийн алдарт экспэдицэд оролцож, дуулиант Санниковын газрыг хайлцаж явсан эрдэмтэн (“Санниковын газар” гэдэг сайхан роман бий шүү дээ). Толль сураггүй алга болоход, түүнийг хайж Хойд туйлаар хатуу ширүүн нөхцөлд эрэл хайгуул явуулж, нээлт ч хийж байв.
1917 оны хавар эсерүүдийн толгойлсон хувьсгал ялахад, Орос-Японы Дэлхийн I дайны баатар (түүний тухай “Адмиралъ” гэх сэриал Монголын тэлэвизүүдээр гарсан) тэрбээр Хар тэнгисийн флотын командлагчийн албанаасаа огцруулагдсан. Эсер ерөнхийлөгч Керенскийтэй хамтран ажиллахыг үл зөвшөөрөхөд нь амэрикчууд зөвлөхөөр ажилла гэж урьжээ. Заналт дайсан Гэрманыхаа эсрэг байлдах боломж олдох нь гээд явсан ч, зарчимч, зөрүүд тэр янкуудтай хэл амаа ололцсонгүй. Сан-Францискогийн цэргийн сургуульд тэнхмийн эрхлэгч бол хэмээн урьж, баян тансаг амьдралыг амлалаа. Амэрикчууд түүнийг аажмаар уусгаж аваад, армидаа зүтгүүлэхийг санаархаж байсан гэдэг.

Гэвч, Колчак Британий армид цэргээр элсээд Мэсопотамийн фронт руу зүглэв. Сингапурт байхад нь Омскийн цагаантны (уг нь ч эсерүүдийн л дээ) ЗГ тэргүүнээрээ ажиллахыг урилаа. Цогт эх оронч тэрбээр огтхон ч эргэлзэлгүй Сибирь лүү явж, большевикуудын эсрэг тэмцэлд эрслэн оров (1917 оны хаврын хувьсгалын дараа, цэвэр халимаг монгол цустай, Оросын зэвсэгт хүчний командлагч асан Лавр Корнилов (Лхагва Дэлдэнов) нэгдэж Оросоо аврая гэхэд ард түмнийхээ эсрэг зэвсэг шагайхгүй гээд татгалзсаныгаа адмирал хэзээ ч уучилж чадаагүй юм гэдэг).
Стандарт бусаар сэтгэдэг авъяаслаг цэргийн зүтгэлтэн хэдий ч, бусад хэрэгт яг л Хаант Оросын үеийн хууль дүрмээр ханддаг тэр Финландын Маннэргэйм жанжин хүч хавсрая гэхэд салан тусгаарлагчидтай ярих юм байхгүй гэж гэдийгээд дэмжээгүй. “Армиа холбоотнуудын нэгдсэн хүчний ерөнхий командлалд захируулбал тусална” гэхэд гөжүүдлээд, Антантын дэмжлэгийг бараг бүрэн алдсан. Хэрэв монархист Колчакийн хуучинсаг байр суурь саад болоогүй бол большевикууд хэд дахин ч газартай тэгшлэгдэж болох асан гэдэг.
Ташрамд, Лениний ЗГ Гэрманд шившигтэйгээр бууж өгч, Украин, Бэларусь зэргээ бэлэглэж, асар их дайны төлбөр хийх болсон. Гэтэл Гэрман элдэв аян шалтаг зааж, Зөвлөлтийн бусад нутаг руу ч өнгөлзөж, эзэгнэж асан тул, Антантынхан хил хязгаарыг нь хамгаалах болсон билээ. Зөвлөлтийн ЗГ-ын зөвшөөрөлтэйгээр шүү. Хэрвээ Гэрман Зөвлөлтийг эзэлж авбал дийлэхэд мөн ч хэцүү болох байв.
17 улсын цэрэг тийнхүү хамгаалж асныг большевикууд интэрвэнт дайснууд гэж гүжирдэн, түүхэндээ сийлжээ. Ихэнх нь дэлхийн I дайн дуусахад гарч явсан агаад, большевизмийг эсэргүүцэгч зарим нь цагаантнуудад хань болж (тэгэхдээ байлдаагүй) саатсан талтай. Энэтхэг, Хятад, Грэк, Сэрб, Канад зэрэг “сонин хачин” улсын цэрэг ч Оросод интэрвэнцэлж байсийм.
Чэх, словакийн 50 мянган олзны цэрэг, 20 мянган сайн дурынхан Ленинд үхлийн цохилт өгч, цагаантнуудад цорын ганц сэргэн мандах боломжийг олгож байсан нь сонин. Австрийн эзэнт улсаас тусгаарлахын төлөө тулалдана гэсэн тэднийг Кремль фронт руу хүргэж байснаа, Гэрманд бууж өгсний тул саатуулж, хүйс тэмтрэн устгах нууц төлөвлөгөө боловсруулсан юм. Гэтэл чэх, словакууд хэрэг бишдэх нь гэж гадарлаад бослого үймээн дэгдээж, Урал, Сибирь, Алс Дорнодын гол төмөр замын дагуухи нутгийг эзлэв. Владивостокоос Францад очих төлөвлөгөө нь амжилттай биелсэн.
Тэдний хяналтын дорхи нутгаар ухарч буй Колчакийнхны төмөр замын цуваа Эрхүүг зорьсон юм. Цувааг большевикуудаас хамгаалах үүргийг Антант чэх, словакуудад даалгав. Гэвч Эрхүүд эсерийн бослого гарч, цагаантнуудыг яллаа. Тэд Колчак болон Оросын алтны нөөцийг өгөхийг чэх, словакуудаас шаардаж, хариуд нь Владивостокод очиход нь тусалж дэмжихээ амлалаа. Эх орноос нь өөр үнэт зүйлгүй чэх, словакууд яаран зөвшөөрсөн. Харин Сырова гэдэг чэх офицэр Колчакийг өөрсдийнхөн дундаа нууж аврах гээд, татгалзсан хариу авч байжээ.
Колчакийн хувийн хамгаалалт гэж 60 офицэр, 500 цэргээс бүрдсэн ланжгар хүч байв. Тэд алтаа аваад Монгол руу гаръя гэсэн санал тавьжээ. 318 тонн алт байв (нэлээдийг нь цагаантнууд гадаад руу зөөвөрлөж амжсаны үлдпэгдэл). Өмнө талд нь буриадууд, бараг байхгүй болсон Оросоос тусгаарласан шахуу асан агаад, иргэний дайны хувьд төвийг сахина гээд “Улаан цагдаа” (ерөнхийдөө, большевикуудыг нь алсдаа түшиглэж болох юм гэсэн чигтэй байсан хэрэг л дээ, өөр сонголт байсангүй) гэх зэвсэгт хүчнийг байгуулан, дайны түймрийг нутаг орондоо нэвтрүүлэхгүйг хичээж байв. Тиймээс, Колчак явган маршаар ирж явсан Каппэлийн армиа хүлээж байгаад хамтдаа Монгол руу явсан бол аврагдах боломж бүрэн л байж дээ, зүгээр л дамжин өнгөрөх учир.
Чэх, словакууд болон Антантын гэнэрал Жаннэн Колчакийг хуурч мэхлэн Эрхүүд ганцааранг нь аваачих гэж оролдож байв. Колчакийг хүчээр олзолж арай л чадахааргүй асан хэрэг.
Тэрбээр хүчтэй байхдаа буриадуудын хувьд багагүй нүгэл үйлдсэн. Жишээ нь, Буриадын нэрт удирдагчдыг (Буриадын үндэсний хороо буюу Бурнацкомын) баривчлуулсан удаатай. Гэвч буриадууд томхон хүчний өмнө аргагүй мөхөсддөг асан тул, Колчакт дургүй ч гэлээ, нутгаараа хүлцэн өнгөрүүлэхээс өөр аргагүй болох байсан биз ээ.
Түүнд бас, буриад оросын эрлийз атаман Семёнов дургүй байв. Мань эр тэгэхдээ хувийн харьцаагаа хувьсгалын хэрэгтэй хольж хутгадаггүй асан тул, Колчактай нэгдэн нягтрах байсан нь дамжиггүй. Адмирал алагдаж, хүч нь цохигдсоны дараа Семёнов цэрэг офицэруудыг нь ивгээлдээ авч байв л. Японтой хамтран ажиллах асуудлаар Семёнов нь “за”, “Колчак нь “үгүй, Оросын дайсантай нийлэхгүй” гээд муудалцсан хоёр. Хожим хагарал нь багасч, Семёнов Колчакийн хүсэлтээр Эрхүүгийн босогчид руу дайрч, адмирал болохоор атаманыг Оросын Окраины (Байгаль хавь, Алс Дорнодыг багтаасан хязгаар) тэргүүнээр дэвшүүлэн томилж байв (1920.1.4).
Колчак хэдий зөрүүд ч гэлээ, зарчмаасаа ухрах, буулт хийх явдал гаргадаг л байв. Эхнэр хүүхэдтэй хэрнээ, Иргэний дайны аяны үед амраг бүсгүй А.Тимирёвагаасаа салаагүй. Өөрсдийнхөн нь хууль бус харгислал үйлдсэн аваас шийтгэнэ гэж сүр бадруулчихаад, сэм өршөөчихдөг. Семёновын Японтой хамтрахыг зөвшөөрсөн г.м. Тиймээс, “1915 оны гэрээг зөрчин, Ар Монголын өргөн автономийг Орос баталгаажуулдаг атал шууд халдан довтолж, хамаг эрхийг устгасан нь манайхыг түрэмгийлснээс өөрцгүй” гэсэн байр суурь дээр хатуу зогсдог тэрбээр гэрээг мөрдүүлнэ хэмээн, гамин цэргийг үлдэн хөөх асан нь гарцаагүй. Тува (Оросын протэкторат ч гэгдэж асан)-д гамин орсонд онцгой дургүйцэж байсныг ч хэлэх үү. Ташрамд, Антантын хөтөлбөрийн шугамаар интэрвэнцэлж ирсэн гамингуудыг тэрбээр хүлцсэн.
Хэрэв Колчак бараа бологчид, Каппэлийн арми, бусад хүч, алттайгаа Монголд ирсэн бол Үнгэрний байр суурийг эзлэх байв. Харин, эхлээд “Богд хаант улсыг сэргээж, Чингисийн нэгдсэн Монголыг байгуулна” гэж байснаа сүүлдээ монголчуудыг Оросын иргэний дайнд татан оролцуулах гээд Сундуй гүнд баривчлагдсан Үнгэрн (атаман Семёнов ч мөн хоёрдмол санаалаад аль нь ч эс бүтэж асан) мэт авирлахгүй, “Хиагтын гэрээгээ дагаж мөрднөө” гээд даруй гарч явах байсан болов уу. Дунд нь тээг болсон Эрхүүгийн босогчдын дорно талд гарч Семёновтой нэгдэх нь стратэгийн ихээхэн ач холбогдолтой байлаа.
Гэтэл нөгөө айхавтар зөрүүд зан нь гэнэт хөдлөх нь тэр. “Ганцаараа Эрхүүд ир, алтаа чэхүүдийн хамгаалалтад өг гэсэн Антантын саналыг дагах хэрэгтэй. Би Каппэлийг Эрхүүд угтана гэсэн, хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Миний аюулгүй байдлыг гэнэрал Жаннэн, чэхүүд даана гэсэн. Намайг өглөө ч эсерүүдэд өгнө. Тэд намайг яаж ч чадахгүй. Та нар Каппэлийг тос” гээд ганцаараа явахад нь, “хэрхэвч салахгүй” гэсэн Анна нь дагажээ.
Антантынхан ч үг сүггүй л Колчакийг эсерүүдэд өгчихөв. Эсерүүд бол большевикуудтай эвдрэлцсэн, Антанттай хамтран ажиллачихдаг, гэхдээ гуйвамтгай, хагаралтай улс байлаа. “Намайг хамт хорь” гэж улайран зүтгэсэн бүсгүйг нь мөн танхайрсан, эсэргүүцсэн хэмээн баривчлав. Эсерүүдийг буудсан хорьсон, төрийн эрхийг булаасан, эгэл олныг харгисласан зэргээр яллан шүүх гэтэл нэг л болж өгөхгүй байлаа. Шүүгчдийн дунд, Колчак эсерүүдийг хавчихыг эсэргүүцсэний ачаар амь гарсан эсер байж байв.
Гай газар дороос гэгчээр, Каппэлийн арми ойртож буй сургаар большевикууд бослого гаргаж, засгийн эрхийг гартаа авч, Колчакийг ерөнхий сайдтай нь хамт өчиггүй буудаж, цогцсыг нь мөс цоолон живүүлжээ.
Колчак 1919 онд хятадууд Монголын автономи (үнэн хэрэг дээрээ тусгаар тогтнол)-ийг Омскийн гэгдэх Оросын хууль ёсны ЗГ-ын тэргүүний хувьд эрс шийдэмгий, хилэнтэйгээр эсэргүүцсэн юм. Манай Цэрэндорж, Бадамдорж нар саад болж болох цэрэг жанждыг Тагнын Урианхайг чөлөөл гэж явуулчихаад, “Нармай Монголын цэргээс авраач ээ” гэж Хятадаас тусламж хүссэн байдаг. Тэр шалтгаар гамин орж ирчихээд, бүр эзэн сууж даварсан. Колчак “Нармай Монголын цэргээс болгоомжилж цэрэг оруулах шаардлагагүй. Харин та бүхэн Нармай Монголын цэрэг ирэх шалтгаан болж байна (Тэр ёсоор ч болсон. Ч.М.). Даруй Гадаад Монголын автономит улсаас цэргээ гаргахгүй бол Орос үүнтэй яасан ч эвлэрэхгүй гэдгийг хатуу анхааруулж байна!” гэхчилэн, Бээжин рүү олон ноот, ультиматум, протэст илгээж байжээ. Бээжин таг дуугүй гүрэлзсэн аж. Өргөө дэх консул Орлов Омскийн ЗГ-ын баримт бичгүүдийг монголчуудад танилцуулах гэтэл Б.Цэрэндорж зүйл бүрээр саад хийдэг асан нь түүхэнд бичигдэн үлджээ.
Адмиралд 500 тн алт байсан агаад, эсерүүдэд 182 тн дутаж тушаагдсан. Тэр их алтаар зэвсэг хэрэгсэл авчихаагүй юмсанж. Заримыг нь цагаантнууд авч зугтаж амжсан агаад, “Байгаль нуур дээгүүр гарахдаа цөмөрч живүүлсэн, Монголд нуусан” гэх яриа таамаг байдаг ажээ.
Колчакийн галт тэргийг “Алтан галт тэрэг” гэдэг байв. Антантынхан, чэхүүд, эсерүүд, большевикууд түүнийг гартаа оруулах гэж их ч үзсэн, улаантнууд булаан авч чадсан даа.
Ноднин жил Дэлхийн монголчуудын чуулган (конвэнт) Буриадад болоход их ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань оросуудтай хамт Байгаль нуурт шумбаад алга болчихсон. Батискаф гэх онгоцоор шумбасан дэлхийн анхны, улсын ерөнхийлөгч гээд л бялдууч сонинууд шуугилдсан. Үндэсний үзэлтнүүд монгол туургатны эв нэгдлийн үйлсийг живүүлэхийг бэлгэдсэн дарлага ёс дом хийв үү гэж хардсан. Тэгээгүй юм шиг байнаа, хөөрхий.
Оросууд чинь Байгалийн ёроолоор ноднин зунжин Колчакийн алтыг хайн бэдэрсэн юм байна шүү дээ. Энэ нь бас Монголтой ч холбоотой асуудал, манай ерөнхийлөгч ч оролцож байгаа ажил юм байна. Тэгээд л конвэнтээс чухалчлан үзэж, явцтай нь биечлэн танилцаж шалгасан юм билээ ш дээ.
Чингээд, Байгаль далайн ёроолд алт байхгүйг олж мэдэцгээгээ биз дээ. Ирэх зун Монголд Оросын тал эрэл хайгуулаа үргэлжлүүлэх юм байна. Тэр ажилд манай ерөнхийлөгч хамтарна, оролцоно гэдгийг гадаадын хэвлэлүүдэд бичжээ. Харин манай хүн яагаад энэ тухайгаа ард түмэндээ хэлдэггүй юм бол доо? Архи битгий уугаарай л гээд гудамжны өвгөнт- үндэстэнд хандаж байгаа аятай, өөр үг сүггүй л явах юм. Монголчууд бидэнд чинь архинаас өөр сонирхдог зүйлс байдаг л байж таараа шүү дээ.
Колчакийн алт дуулиант сэдэв болсон тул (Колчак өөрөө ч их романтик түүх намтартай, дэлхий даяар алдар нэртэй хүн) Холливудын намбар ван найруулагч Жэймс Кэмэроны чихийг дэлдийлгээдхэж. Чингээд тэр эрэл хайгуултай чинь хамт зорчиж, Пандора гаригийн нави аймгийнхан шиг аж төрөлтэй гэгддэг монголчуудын амьдралын талаар баримтат “Аватар” хийе энэ тэр гэсэн санал тавьсан юм байна. Дэлхийн ододтой мөр зэрэгцэх сүрхий ажил хийж явна шүү дээ, ерөнхийлөгч маань. Харин бидэндээ хэлдэггүй нь л тоогүй.
Ч.Мөнхбаяр
ММХI.II.IX

No comments: