Friday, February 25, 2011

“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн дарга нарын хоол ундыг хувааж идэж, хамт өлсөхийг уриалав

С.Жавхлан: Ард түмэн гэж хэлж болохгүй, түмэн олон гэвээс зохилтой

Хүмүүс “Жавхлангийн хөдөлгөөн” ч гэж ярьдаг “Гал үндэстэн” хөдөлгөөнийхний, нэг удаагийн уулзалт дээр очлоо. С.Жавхлан, Д.Гансүрэн, Ц.Мөнхбаяр, Ц.Энхбаяр, О.Лхагвадорж гээд УЗ-ийн гишүүд нь байж байв. Бас идэвхтэн гишүүд, элсэхээр шинээр очсон хүмүүс ч сууж байлаа.
Дуучин С.Жавхланг бүгд мэднэ. Д.Гансүрэн - “Хөх Монгол” үндэстний үзэлтнүүдийн бүлхэмийн тэргүүн, дайчин, зоригтой залуу. Ц.Мөнхбаяр бол ИТХ-ын даргын ажлаасаа татгалзаж, “Онги гол” хөдөлгөөн байгуулан нутаг усаа хамгаалж, Голдманы гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн, ноднин намар гадны түрэмгийлэгч компаниудыг буудаж, шуугиан дэгдээсэн, гэр хөрөнгөө ч зараад тэмцэлдээ зориулчихдаг л хүн. Ц.Энхбаяр гуай 7.1-нд хүүгээ эрх баригчдад буудуулж алдсанаасаа хойш, шударга ёсны төлөө тэмцэлд тууштай нэгдсэн нэгэн. О.Лхагвадорж бол хоёр намыг хориглуулна гэж эртнээс тэмцэж ирсэн, шударга хүмүүн билээ.
Онцлог нь тэд, бусад байгууллагын удирдлага шиг эгэл гишүүдээсээ хөндийрөн дайжихгүй, индрийн ард ихэрхэхгүй, дунд нь л эрх тэгш, эгэл жирийн ах дүү, найз нөхөд шиг хөөрөлдөн суух юм. С.Жавхлан гэхэд л шинээр ирсэн хүмүүсийн нэр, утсыг хичээнгүйлэн бичиж авч, яриаг нь анхааран сонсч байв. Ямар ч “оддын өвчин” харагдсангүй ээ.

Энд албан тушаал, ашиг хонжоо горилсон хүн ирээд хэрэггүй гэнэ. Гагцхүү Монгол улс үндэстнийхээ төлөө чадах ядахаараа тэмцье гэсэн хүн л очвол зохих бөгөөд, хүмүүн гагцхүү түмэн олныхоо төлөө хэрхэн тэмцэж зүтгэж буйгаараа л үнэлэгдэнэ.
Христийн сүмийн цугларалт гээд монголчууд илэн далангүй сэтгэлээ уудалж, жаргал зовлонгоо ярьж, ахан дүүс, найз нөхөд мэт болж байдаг газрууд байдаг даа. Даанч тэр цугларалтууд шашныг л голчилдог тул тэгсхийгээд мухарддаг. Тэгвэл энд шашингүйгээр, элгэмсүү дотноор эвсэн нэгдэж болох ажээ. Эх орныхоо төлөө шүү дээ.
“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн түмэн олондоо үнэнийг ойлгуулах, ухааруулах, тэдний ч үгийг сонсч, санааг хүлээн авч, харилцан ойлголцох ажлыг их хийдэг байна. Үүний тулд хөдөө орон нутгаар, нийслэлийн олны хөлийн газруудаар явж биечлэн ярина. “Хөх Монголын дэг ёс” сониноо түгээнэ. “Хөх нуруут” төв дээр ирж санал бодлоо хуваалцаж болно. Тодорхой цагуудад удирдах зөвлөлийнхөн нь эгэл олныг хүлээн авч уулздаг. Ажилд нь туслах, шинэ гишүүдийг авчрах хүмүүс эдэнд тун их хэрэгтэй юм билээ. Хүн бүр ахиад 10 хүнийг бидэнтэй нэгтгээд байдаг бол тун сайнсан л гээд байсан. С.Жавхлан:
-Нэг залуу “Монголдоо хайртай гээд монгол дээл өмсөхийг хэлэхгүй шүү дээ” гэж байсан. “Би Монголдоо хайртай” гээд гадны хувцас өмсөөд, “би Монголдоо хайртай” гээд гадны хоол идээд, "би Монголдоо хайртай" гээд гадны ухаанаар тархи толгойгоо дүүргээд, гадны соёл урлагийг бишрээд яваа хүнийг харин би Монголдоо хайртай гэхэд эргэлзэнэ. Хариас ялгаагүй болчихоод, яаж Монголдоо хайртай байх юм?
Тийм ч учраас би монгол дээл хувцсаа өмссөн, монгол ухаан, үг, зан заншил, хоол ундаа хэрэглэж байна. Тэгэхлээр Монголдоо хайртай гэдэг үгийг хэнээс ч илүү, хэнээс ч чанга тод хэлж чадна. Амаараа ч хэлж чадна, бие минь ч хэлж чадна. Би  эзгүй хээр гэр бүлээрээ монгол ёсоо даган амьдарч байгаа.
Өвөг дээдэс маань бидэнд байшин барилга өвлүүлээгүй. Байшин барилга бол хүнийг хорьж, эрх чөлөөг нь боогдуулдаг, гамшиг болбол дарж алж авс болдог эд гэдгийг мэддэг байж. Онгон зэрлэг талдаа дураар нүүдэллэн амьдрах л ариун, агуу гэдгийг мэддэг байж. Биднийг тэгж амьдраасай гэсэндээ барилга байшин бус, онгон дагшин газар нутгийг өвлүүлсэн.
Бид өвөг дээдсийнхээ өв соёлыг мартсанаар ойд төөрсөн сармагчин адил болсон. Жишээ нь, ард гэдэг үгийг манжууд монголчуудыг “ард байдаг зэрлэгүүд” гэж харааж зүхэхдээ хэрэглэдэг байсан. Гэтэл тэр хараал зүхлийн үгийг Манжийн дарлалаас салсан 100 жилийн ойг тэмдэглэх гэж байж, хамгийн хүндэт үг болгон хэрэглэж, ардын баатар, ардын жүжигчин, ардын дуу бүжиг, ардын нам, ардчилал, ард түмэн гээд л өөрсдийгөө байнга харааж явна. “Миний Монголын ард түмээн, ард түмнийхээ төлөө” гэж хошгоруулдаг хүмүүс монголчуудын төлөө биш, эсрэг зүйл хийж явдаг нь учиртай шүү. Манжийн дарлагчдын хойчис, үр сад, тэдгээр дарлагчидтай адил болохоороо л тэр. Монголын нууц товчоонд ард гэх үг байдаггүй. Бид бол Ар улсын биш, Түмэн улсын үр сад.
Намайг түүх судлаач болчихсон юм уу гэж асуудаг. Тэгвэл би монгол хүнд чаддаггүй мэддэггүй юм гэж байх ёсгүй гэмээр байна. Малчин хүн 1200 мэргэжил эзэмшсэн байдаг гэдэг. Би ч тийм баймаар байна. Эцэг эхээс бүтэн биетэй төрсөн юм чинь бүхнийг хийж чаддаг байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүхнийг хийж чадаад л явж байдаг шүү дээ. Тэгвэл бүтэн биетэй хүн ямар байх ёстойв гэхчлэн ярьж байв. Ц.Мөнхбаяр:
-Төр түмэн олонд ял тулгадаг. Харин одоо түмэн олон нь төрдөө ял тулгах цаг болсон. Монголын газар нутгийн 50 гаруй хувь харийнхны мэдэлд орчихоод байна. Тэдний балгаар 4000 гаруй мөрөн гол, булаг шанд, 300 гаруй нуур тойром ширгэж, Монголын газар нутгийн 90 хувь цөлжлөө. Урьд бид аль ч гол нуурынхаа уснаас утгаад л уудаг асан, одоо бол алиных нь ч усыг уугаад яаж ч магадгүй болсон. Энийг хэлье ярья гэхээр хэвлэлийн эрх чөлөө манайд огт алга. Сэтгүүлзүй 100 хувь эрх баригчдын гарт тарчилж байна. Монгол дотор мөлжигч луйварчдын тусдаа улс байгуулагдсан. Түүнийг ор мөргүй болтол устгах хэрэгтэй. Тэгээд үндэсний үзэл, монгол ухаан, унаган шүтлэг, нүүдэлчин соёлоо дээдэлж байж бид аврагдана.
Шанзав Бадамдорж гэхчилэн, улсаа худалдсан урвагчид байдаг. Тэдний хүүхдүүд хэдэн үеэрээ нуугдаж явна. Урвагч нар үр хүүхэддээ ийм ирээдүй л бэлдэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Үр хүүхдүүд нь ч өөрсдөд нь ямар ирээдүй бэлдэж байгааг ойлговол зохино хэмээн үгүүлж суув.

2012 онд хүчтэй газар хөдлөлт болж магадгүй тул, 
гэрт амьдрах нь зөв гэнэ

Хөдөлгөөний гишүүд 2012 онд дэлхийд болон Монголд байгалийн аймшигтай гамшигт үзэгдэл тохиолдоно гэдэгт нэлээд итгэлтэй байгаа нь ажиглагдлаа. Байгалийг эртний монгол хэлэнд буй-гал гэдэг асан гэнэ. Ер нь монголчуудын хувьд гал маш чухал хэмээнэ.
Дэлхийн дотоодод буй гал оргилон дэлбэрэх цаг нь болсон, Улаанбаатараас хамаг амьтад дайжсан гэнэ. Эртүүд нэг өдөр би өөрөө маш олон шувууд өмнө зүг рүү удтал нисэн өнгөрөхийг харсан билээ. Гэхдээ тэднийг нийслэлээс дайжив гэх баталгаа байхгүй л дээ.
Бүрэн хөлдсөн, гэссэн бус, завсрын үед газар хөдлөлт их тохиодог учир магадлал ойртож буй юм байх. Хөдөлгөөнийхөн “Олон давхар байшиндаа даруулаад үхэх үү, таван ханатынхаа унинд цохиулаад өнгөрөх үү, энэ бол таны сонголт” хэмээн хэлж, аль болох бүгдээр уламжлалт нүүдэлчин амьдралдаа шилжихийн давуу талыг сурталчилж байв.
Миний бие ноднин газар хөдлөлтийн талаар мөн ч их бичиж, уриалж, аврагдах арга замуудыг эрэлхийлж, шүлэг хүртэл тэрлэсэн дээ. Судалгаа гэж хэдэн тэрбум төгрөг гаргуулж, хэдэн нөхөд хувааж цохиж байгаагаас өөр зүйл хийгдээгүй. Сүүлдээ ер нь, газар хөдлөлтийн дуулиан шуугиан нь ээлжит луйврын арга мэх биш үү гэж бодох болсон. 2008 онд ямар ч аюул байхгүй гэж ярьж байсан улс, ноднин болохоор “2004 оноос бид түгшүүрийн харанга дэлдэж ирсэн” гэх болсон шүү дээ.

“Гал үндэстэн” хөдөлгөөний уулзалтын зарим оролцогч. 
Тэргүүн эгнээнд зүүн гараас Ц.Энхбаяр, Ц.Мөнхбаяр, Д.Гансүрэн, 
II эгнээнд баруун гараас эхнийх нь О.Лхагвадорж

Гэхдээ л, хүн төрөлхтөн ирээдүйд өндөр тэхнологитой нүүдэлчид болохоос өөр замгүй. Чингис хааны “тагтанд (байшинд) хэзээ ч битгий суугаарай” гэх гэрээс их утга учиртай юм шүү.
Хужаа нар маш ихээр мах авч гарч буйд тэд нэлээд бухимдалтай байв. Өлсгөлөн болж магад, тэгвэл дарга нарын хоол ундыг хувааж иднэ, хамт өлсөнө гэлцэнэ.
“Гал үндэстэн” холбооныхон баруун аймгуудад ажиллаж явахад, нэг өдрийн замд 60-100 тоннын даацтай, мах ачсан 23 машин зөржээ. Жолооч нар “Намаржингаа хятадуудын махыг зөөлөө. Нэг удаад 2000 богийн мах ачдаг” гэж байна гэнэ. Малчид болохоор газар ус ч үгүй боллоо, аргаа барахдаа ингэж хотоо харлуулж байна даа гэдэг аж. Үнэхээр өлсгөлөн болох юм биш үү?
“Тэнэг төрийн түшээд ээ! Мулгуу толгойтнууд аа! Та нар төрийн ордны гадаа цөхөрсөн олон нь очоод өлсөхөөр зохиомлоор баривчилж аваачаад эмнэлэгт хэвтүүлчихдэг юм байна лээ. Тэгвэл монголчууд төрийн ордны гадаа биш бөмбөгөр гэр дотроо өлсөөд, өлөн зэлмүүн болоод ирвэл та нар бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлж чадах уу?
Энэ төр засаг биднийг өлбөрүүлж үхүүлэхээр шийджээ. Бид харин зүгээр өлсөж чадахгүй шүү. Монгол хүн өлсөж чаддаггүй юм шүү. Монгол хүнийг өлсгөж болдоггүй юм. Яагаад гэвэл монгол хүн чоно заяатай учраас өлсөхийн цагт та нарыг барьж тасдана шүү! Энэ хавар махны үнэ өсөх л юм бол маш хэцүү хатуу зүйл та нарыг хүлээж байгаа шүү.
Хөрсийг нь ухаж сэндийчиж дуусчихаад, дараа нь малыг нь зөөж гаргачихаад, хүнийг нь өлбөрүүлж үхүүлчихээд эзэн суух гэж байна уу. Тэгдэггүй юм!
Үхсэн хойноо, та нар гадны боол болчихоод, монголоо цөлж, монголоо алчихаад байж байна.
“Иргэд түмэнтэйгээ амь нэгтэй, дуу нэгтэй ерөнхийлөгч байна” гэж донгосоод, хуцаад байсан эрхэм ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, Их хурлын дарга Дэмбэрэл ээ, Олон уурхайн захирал ерөнхий сайд Батболд оо, Хууль зүйн сайд ноён Ц.Нямждорж оо, Сангийн сайд Баярцогт оо, Хүнс хөдөө аж ахуйн сайд Бадамжунай, УБ хотын дарга Мөнхбаяр аа, Гаалийн дарга Цэвээнжав аа, Тагнуулын ерөнхий газраа, Улсын нөөцийн даргаа, махны үнэ энэ маягаар өсөж, мах хомсдоод, бид өлсөж эхэлбэл, дахиад хэлье, зөвхөн та нартай биш хэдэн үеэр чинь ярина шүү!!!
Бид өлсвөл, өлсгөлөнгөө усан толгойтой түшээдтэйгээ хамтдаа эдэлнэ. Эд нар бидэнтэй хамт өлсөх ёстой. Хэрэв Монгол улсад үнийн хөөрөгдөл үүсч, махны олдоц ховордвол, Монголчууд аа бүгдээрээ босъё. Хамтдаа тэмцье!” хэмээн “Гал үндэстэн" холбоо 2010.12.22-нд уриалжээ. Тус холбооноос Ц.Элбэгдоржид хандсан захидалдаа:
“Монгол Улсын ерөнхийлөгч өө, та чацаргана жимс тарья л гээд байх юм. Энэ чинь нарийн яривал, чи ногоо тарь, шавар тагзанд амьдар, илжиг луус уна гэсэн үг үү? Чадах ч үгүй, болох ч үгүй.
Өнөөдөр дэлхийн зургаан тэрбум гаруй хүнээс хоёр тэрбум гаруй нь одоогийн байдлаар бүрэн өлсгөлөнгийн байдалд, 852 сая нь хагас өлсгөлөн, өлөн зэлмүүн байдалтайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Тийм ч учраас дэлхийн хамгийн толгой 40 том тэрбумтан хураасан хөрөнгөө ядуу хүмүүст тараах хүртэл шийдвэрийг гаргажээ. Энэ маань тэд сайндаа ч биш, одоо амьгүй хоосон цаас хэрэггүй болсныг ухаарсных юм. Нэг ёсондоо тэд цаас идэж болдоггүйг ухаарчээ.
Тэгвэл бидэнд тарих булах хэрэггүйгээр, таалаад ивээгээд явдаг таван хошуу мал байна шүү дээ. Мал аж ахуйн салбараа илүү хөгжүүлж бэхжүүлж, амьтай зүйлээ шүтэн барилдуулж элбэгшүүлэх нь түмэн олны зорилго зорилт байх учиртай.
Иймд мал хэрэггүй ээ, ногоо жимс тарья гэж болохгүй ээ. Хүлэмжийн ногоог тэтгэе гэж байна, монголчууд малгүй болоод ногоо тарья гэж бодъё. Бүх хүнээс махгүй ногоо идэж чадах уу? гэж асууя. Эрхэм ерөнхийлөгч та ч гэсэн махгүй дан ганц ногоо идэж чадах уу?
“Шөлөөр цадаж төлөөр баяжина” гэдэг эцэг өвгөдийн минь үг хүртэл байдаг шүү дээ. Тэр үгийг солиод “ногоо тарьж ногоогоор баяжья” гэх гээд байна уу. Монголчууд шавар тагзанд амьдарч ногоо тарьдаггүйг та ч мэднэ, бид ч мэднэ, өвгөд ч мэднэ, түүх ч хэлнэ. Тэгвэл та монгол хүний малчин заяа, босоо хийморьтой, морин дээрээ явдаг нүүдлийн соёл иргэншилтэй ахуйг, хөрс аргадаж ногоо тарьдаг амьдрал болгож солих гэж битгий хичээгээч ээ!” гэсэн байна.
Сод мэргэн хүмүүсийн хөшөөг босгоход, тэдний сүнс чулуунд шингэн хөшөөд, эргэн хүн болж төрдөггүй учир монголчууд өөдлөхөө байна гэлцэнэ. Уламжлал ёсоор ил тавьж оршуулахаа больсон тул нийслэл оршуулгын газраар хүрээлэгдэж, удаан задрах хүүрийн хорт хий, хар энэргид нэрвэгдэж байна хэмээнэ. Тэнгэр лүү буудаж хиймэл хур оруулбал тэнгэрийн гэсгээлийг хүртэнэ ч гэх юм. Алтнаас цэвэр ус илүү үнэлэгдэх цаг ирсэн гэж байна. Монгол оронд ямар ч нам хэрэггүй, намын тогтолцоо тохирохгүй гэхчлэн сонин содон үгс санааг хэлэлцэн суух ажээ.
“Миний нас 60 дөхөж байна. Хангалттай амьдарлаа, хангалттай ч дуугүй суулаа, болно бүтнэ гэж итгэж явлаа. Амь нас минь огт хайран биш. Надад амь насаа зориулах л даалгавар өгөөд аль!” гэх хүн байх юм. “Бид юуны өмнө олон түмэнд үнэнийг ойлгуулж, тэднээс ч ойлгож авч, хамтдаа ухаарч сэхээрэх хэрэгтэй байна. Та даалгавар хүсээд байгаа бол сонин нугалалц” гэж нэг нь хэлэв.
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн зарчмаар уулзалт, ажил нь явагддаг юм билээ. Бүлээн ус нэмэрлэе гэвэл 9305-3223, 9661-1373 утас руу залгах хэрэгтэй гэсэн шүү.
Ч.Мөнхбаяр
ММХI.I.XXVI

No comments: