Наргиа
1
Эрхэм ерөнхийлөгч Арвинбат маань Швэйцар улсад, Дэлхийн тонгорог сонирхогчдын чуулганд оролцох далимдаа, Монголын түүхэнд анх удаа FIFA-гийн төв байранд зочилж, ерөнхийлөгч нь болох Зэпп Блаттэртэй уулзлаа.-Сайн уу хүү Зэпп ээ, хөгшөөн, юу байна?
-Өө юу байхав. За, Арвиагаар сонин юутай? Юу хийж явааийн?
-Дэмий дэмий… Чи нэг юу яагаадхаач. Сая Жактай уулзаад, 2040 онд Монголд олимп зохионо гээд хэлчлээ. Зүгээр л Лозаннаар жаахан явахдаа Роггэ товарищийн ажлаар шагайгаадахсан чинь хэлэх юм олддоггүй.
Чамтай ч гэсэн ярихым алга л байна. Өдөр болгон шахуу л Монакогийн хэдэн казиногийн босгыг элтэл хэсдэг улс чинь…
-Ярих юм байхгүй бол баяртай.
-Гүй ээ нэг юу яагаадах гээд байхад чинь дээ. 27, 31, 35 оны ТАШТ, 42, 46, 50 оны ДАШТ-уудаас аль нэгийг нь аваад өгөөдөх. Монголд зохиомоор байна.
-Би ямар дэлгүүрийн худалдагч юм уу…
Танайд чинь нэг ч хөл бөмбөгийн талбай, тамирчин байхгүй, рейтингээрээ дэлхийд сүүлийн байранд ч орж чадахгүй л байгаа биз дээ. Уг нь гадаад орнууд Энэтхэгт ч хөл бөмбөгийг өндөр хөгжүүлчих хэмжээний л мөнгө цутгаад байдаг, цутгаад байдаг…
-Тэр яах вэ. Монголдоо очоод хэлэх үггүй болчихоод байна.
-Чи чинь одоо өөрийнхөө үед ч биш, өөрийнхөө дараагийн үед ч биш, өөрийнхөө дараагийн дараагийн үед ч хэрэгжихгүй юмны төлөө өвгөн над руу өрвөлзөөд байх юм. Хаа байсан 2050 он бэ, хөөе.
-Харин тэгээд надад хамаагүй юм чинь яаж ч наасан яах вэ дээ. “Монгол хүн 2020” хөтөлбөр хэрэгжүүлнээ гээд л аваад хаясан гэж байгаа. 2020 онд манайхан монгол хүн болоо ч уу, гүй ч үү, гол нь олзны их маньд, овооны их өөрийн маань дараагийн дараагийн үед л байхгүй юу. Харин “Монгол мал” хөтөлбөрөөр сонгогчдоо МАНАН маань ч мал болгочихсон шүү хө. Хүн болгохоос мал болгох нь амар юм…
-Арвай, би чамайг бодвол ажилтай хүн. Нэг юмаа мянга давтчихиймаа…
-Цөг гэм, чи. Адилхан идэж уучаад юу гээд новшроод байгаа юм! Хэн болчоод хэн болчоод байгаам!
-Яавал ер нь чи гарах хүн бэ? Манай Швэйцар чинь хуультай орон. FIFA-гийн байранд агсам тавибал цаазаар авдаг юм.
-Манайх шиг цааз маазгүй болоод үсрэнгүй хөгжчихсөн биш юм уу?
-Үгүй.
-За за тэгвэл би гарлаа, яршиг.
Товчхон хэлэхэд чи тэр толгойгоо авбал ав. Манайд алт мөнгө, алмас юуны л бол юуны толгой мянга түмээрээ л хөлд тээглээд новширч хэвтдийм. Болохгүйг нь өшиглөж хаяад гоол оруулна штээ!
-Еэ, Арвиачка, түрүүний л ингээд хэлэхгүй дээ! Хэзээ ДАШТ зохиохов, одоо юу, маргааш уу?
-Байж бай гэм. Бас бэлтгэл хэрэгтэй тэрэнд чинь. Өмсөх зүүхээс өгсүүлээд л…
-Санаа зоволтгүй ээ, би аргална. Донатэлла руу залгаадхая.
-Хугацаа нь болоогүй байхад чинь дээ.
-Ээлжит бус ДАШТ л гэчихгүй юу!
-Тийм хөгийн юмаар яахын!
-Тэгвэл ээлжит бөгөөд ээлжит бус гэчихье. Хоёр статусыг хослуулсан бүр мундаг тэмцээн болно штээ. Тэр бэлтгэл мэлтгэл яах вэ, энэ зэргийн юмыг Зэпп хүү аргалж дөнгөлгүй дээ, нэг эрх биш. УЕФА-гийн унхиагүй юмнууд намайг огцруулна гээд дайрч байхад яаж л аргаллаа даа, би!
2
Арвиа дарга ДАШТ-ийг зохион байгуулах хороон даргатай ярилцаж сууна.-Чи манай Зэпп хамын итгэлийг алдаж болохгүй шүү. Бид хоёр чинь хамгийн хүчирхэг ордод, адилхан 3-р сард төрсөн, ижилхэн мэргэжилтэй, хөл бөмбөгт дуртай гээд бүх юмаараа адилхан, төөрөлдчихсөн ихрүүд байгаа юм.
-Мэднээ, та дандаа л хэлдэгштээ.
Ташрамд хэлэхэд, ДАШТ зохион байгуулах ажил дардан замаар урагшилж байгаа.
-Хөл бөмбөг хөгжүүлнэ гэчихээд л устгачих гээд байдаг шүү, товарищ минь. Бас нэг балин хамарласан үл бүтэх нөхөр шүү, чи. Хөл бөмбөгийн хот орон байгуулчих хэмжээний мөнгө Зэпп явуулдаг гэжвайна, гэтэл нэг ч стадион алга л байнашт.
“Азийн муур” гэж алдаршсан манай Томбуу хэмээх гарамгай сайн хаалгачийн тухай домог яриа он жилийг элээн одоо хүртэл үргэлжилсээр байна. Зүгээр л ингээд үргэлжлээд л байхуу.
Тухайн үед тив хоорондын тэмцээн болоход нэг ч бөмбөг алддаггүйгээрээ “Азийн муур” хэмээн алдаршсан энэ хүн маш харамсалтайгаар амь эрсэдсэн гэнэ.
Тэрбээр ачааны машины тэвшин дээр суучихсан явж байх үед тэдний сууж явсан ЗИС-5 машин замын хэвгийд онхолдоход мастэр үсэрч буугаад байтал шатахуун агуулдаг хоёр зуугийн поошиг… нөгөө юу, оросоор бол шингэн агуулах сав буюу бочко дээрээс нь унаж амь насыг нь эрсдүүлсэн гэдэг. Энэ тухайд Хятад улс Мао даргынхаа үүргийг биелүүлэх гэж чардайж шарын шашны лам нараар хараал хийлгэх гээд чадалгүй Түвдийн бумба, нэг ёсондоо бөө зайрангаар хараал хийлгэсэн гэж түүх шастирыг судлагчид бичсэн нь бий. Тэр нөхрийг шигшээгийн бүрэлдэхүүнд оруулсан уу?
-Та чинь өөрөө үхсэн гээ биз дээ. Том хүн юм уу, буу юм уу?
-Мэдэхгүй, би ямар хөл бөмбөг зөмбөгхөн сонирхож явдаг хүүхэд байгаа биш. Шотландад Доолио гэдэг хонийг дэзоксирибонүклэинээр нь олшруулчихсан л байна. Нэг тиймэрхүү юм сэтгэ л дээ. Намайг хараад л мэлийгээд суугаад байхын. Мөнгийг нь идцэн бол одоо хийх юмаа хий. Шударга байцгаая аа!
-Манай улсын Томбууг дэзоксирибонүклэинээр олшруулахгүй юм бол ямар улсын Томбууг дэзоксирибонүклэинээр олшруулна гээд, манай улсын Томбууг дэзоксирибонүклэинээр олшруулахгүй байх вэ?
-Яг оносон...
Яваад олшруулаач дээ, тэгээд…
-Олшруулаад л хэлчихлээ штээ.
-Жинхэнээр нь олшруулахгүй юу?
-Өө жинхэнээр нь байсиймуу. Тэгээд тэрийгээ түрүүн сануулахгүй дээ.
-Гурван хөлтэй хөл бөмбөгч Фрэнк Лэнтинийг лэгионэр болгох асуудлыг судлав уу?
-Баярт мэдээ дуулгахад судалж тодруулсаан. Ар гэртэй нь ч холбогдлоо.
-Юу гэж байна, хө?
-Үхчихсэн гэнээ.
-Юм гэдэг ийм хорлонтой. Яг манай ДАШТ болох гэж байхад.
-Манайх биш ээ, Чилийн ДАШТ болох гэж байхад. 1962 онд л доо.
-Ганц “олимпийн найдвар” маань үхчихээд байхад үхсэндээ инээгээд байгаа юм? Олшруул явж!
-Коноон эвдэрцэнштээ.
3
ДАШТ-ий дараа ноён ерөнхийлөгч нөгөө даргатай уулзав.-Та чинь яачваа. Тэмцээн бүрийн өмнө “Британий нэвтэрхий толь бол Монгол улсын гэрэлт ирээдүй мөн” гэдэг цуврал илтгэлээ уншна гээд л байсан…
-Салам алэйкум! Лалын хамаг оронд хувьсгал хийлцчихээд ирлээ. Олон улсын мэдээ хардаггүймуу?
-Харагдахгүй л байсанштээ, та. Спиртминт ч билүү бохьноос болж, нэг улсаас хөөгдөж нөгөөд очсоор бүх лалын ертөнцийг гүйцээлээ гэж харин нэг сонин дээр бичсэн байсан. Бодвол та уригдаад л яваад байсан биз.
-Юу уригдах гэж. Залагдсан байхгүй юу. Тэр ТВ-ийнхнийг камэраа доошлуулаачээ гээд байхад бусад хүмүүсийн толгой харагдахгүй байнаа гээд эрваатаад байсан, тэднээс л болж л дээ.
Тэрбум гаруй хүн ардаар лалын улс байгуулуулаад ирлээ ш дээ. Маргааш жихаад ч гэнэ үү, няхаад ч гэнэ үү, шахийд ч гэнэ үү, шахаад ч гэнэ үү баяраа хийх юм гэсэн. Ийм сайхан үйл бүтээчихээд байна, би. Бүтээлч монгол хүн гэдэг чинь иймэрхүү байдийм. Харин чи яав.
-Би ч яахав, ДАШТ-аан зохиочоо л сууж байна.
-За! Яриад байгаарай! Лал лал гэсээр байгаад лавлах сөгөө байсангүй. Аллах акбар!
-Манайх нөгөө хөлбөмбөгийн II НҮБ гэж алдаршсан, тангад түвд таван хэлийн тоглогчтой Швэйцартай эхлээд үзлээ.
Тэмцээний өмнө хамгаалалтынхныг бөмбөг хай гэсийм л даа. Тэд ч олсон. “Тэгээд хаа байна” гэсэн чинь “Тамирчид өшиглөж жонглёрдоод хавьтуулдаггүй. Хэл ус ч авалцахгүй юм” гэдэг байгаа. Үүнийг Швэйцарийн дасгалжуулагчид айлтгасан чинь тэр дороо л хамаг улсаа аваад нисцэнштээ. Манайх өрсөлдөгчгүй тоглоод 1:0-ээр хожсон. Нойлоор нь хусна гэдэг мундаг байгаа биз дээ.
-Мундаг аа, мундаг! Харин бөмбөгийг хэрхэн аюулгүй болгов?
-Манай цагдаа нар “Жабулани” бөмбөг олсийм байлээ л дээ.
Дараа нь Хондурастай тоглов оо. Тэгсэн чинь Утаанбаатарын алдарт утаа хөшиглөн буугаад, юу ч харагдахаа больсон. 2:0-оор алж өгсөн шүү дээ.
-Харагдаагүүмбол, яаж 2:0-ыг нь мэдсийм.
-Тэрийг мэдэх амьтан байхгүйээ, бүгд эх орны үйлдвэрийн хорт утааны багтай ноцолдсоор байгаад таарсан. Эквадорын шүүгчдийн багийнхан л тэгж авсан.
-Хондурас чинь хөл бөмбөгийн дайн хийдэг улс даа…
-Манайд дайн зарлацанштээ. Гэтэл агаарын хүчний командлагч нь цохилтын байны үзэгдэц мананд гэл үү, МАНАН-д ч билүү дарагдаад тэг хувьтай байна гэж дээш нь илтгэсэн юм байх, тэгээд таг л болчлоо штээ. Уг нь Хятадын агаараас эсэргүүцэх хамгаалах хүчийг урьд авчраад байсиймсан.
За, тэр жижиг сажиг асуудал ч яахав. Дараа нь Чилитэй таарсан. Өө, тэгсэн харин, нэг зүггүй тархи, нөгөө манай хэн даргын л хөөрхөн бацаан юм байлээлдээ, газар хөдөлнө гээд мээсэнжрээр тоглоом наадам хийгээд, цуурхал тараацан байгаам.
Халзан Санчэс нь хамгийн түрүүнд тоос татуулаад л алга болсон, бусад нь араас нь амаа мэдэхгүй давхисан, Москва-Бээжингийн хурдан галт тэргийг гүйцэж зүүгдээд долоон уулын цаагуур далд орсон доо, хөөрхий. 2:1-ээр хожлоо, тэнгэр заяатай бид. Нэг нь яахав, автогоол юм.
-Чилид чинь дандаа газар хөдөлж байдагшд. Чөрчийчөөд, юун аальгүй улс в. Би наана чинь аль 2004 оноос л Улаанбаатарын газар хөдлөлтийн эсрэг тэмцэж байхад…
-Тэд чинь дарагдсан иргэдээ дор нь суга суга татачдаг юм байх. Харин манай барилга байгууламж харсаар байтал л салхинд ганхаад, сарихад цуураад байна гэсэн шүү.
Дараа нь шигшээ маань Ёвропын Бразил гэгдсэн ёрын португалчуудтай 1/8 финалд учирлаа даа. Учирлаа ч гэж, замын түгжрэлээс болоод гадны баг ирж завдаагүй. Роналду нь уйлаад л байна гэсэн, бацаан юм даа, чааваас. 1:0-оор будаа болгосоон, тэднийг. 1/4-д Парагвайтай мөргөлддөгийм.
-Архины сугалааны хонжвор таараад 1/4 финалыг авчив уу? Дандаа л Монголын хүчин зүйлээрээ ялаад байсан байнаштээ.
-Та яг таачлаа! Худлаа худлаа, тоглосийм. Сугалаа дандаа л хулхиддагштээ, юу гэж хүний алга дээш харуулахав.
Харин домог гэмээр нэг юм хэлэхэд манайхан ид мандаж байхад цагаан алчуур, цэнхэр дээл, шар бүс, улаан шаргал монгол гуталтай хориод насны бүсгүй үзэгчдийн сандалд сууж байдаг байж. Түүнийг таних нэг ч хөлбөмбөгч байхгүй ч гэсэн монголчууд хожчихдог байсан гэдэг. Сахиусан тэнгэр гэдэг нь тэр юм уу гэнэт л алга болсон. Түүнээс хойш манай хөлбөмбөгчдийн амжилт буурсан гэж ярьдаг юм билээ. Үнэн ч байж болно.
Парагвайчууд тэр тухай сонсчиж. Тэд чинь одоо индааны мухар сүсэгт автсан, навдаг савдагнаас учиргүй айдаг улс юм байнаштээ. Тэгээд л цэнхэр дээлтэй хүүхнүүдээс айж бэмбэгнэсээр байгаад хөдөлж ч чадаагүй. Дээл өмсөөгүй хүнийг хаана ч оруулахгүй гээд хотын захирагчийн захирамж гарчихсаныг ч хэлэх үү, хаа сайгүй л хаврын яргуй шиг цэнхэр дээлнүүд. Санта Круз нь салгалаад, гулсч бөмбөг таслах гээд арзгар асфальтан дээр нялга болсонштээ. Ингэхлээр чинь Монгол 1:0-оор нэлий болгохгүй яадийм.
-Санта Клаус гэж байдаг болохоос, хэзээ Санта Круз гэж байсийм. Түрүүнээс хойш л худлаа панин гөрөөд байгаамбайнашт, энэ чинь одоо!
-Би бүр энэ хоёр нүгэлт цийлэнгээрээ харсан юм чинь! Худлаа байвал толгойг минь аваарай.
Хагас финалд харгис нээмцүүдтэй туллаа даа. СС-ийнх шиг эвгүй хар формтойг ч хэлэх үү. Даанч, “танай энэ спортын цогцолборт халуун ус алга, тэмцээний өмнө, дунд, хойно шүршүүрт орохгүй бол олны өмнө гарахгүй ээ, пий паа, FIFA-даа хэлнэ дээ” гэж гоншгоноод, цэмцэгнээд болдоггүй, лайнууд чинь. Хамаг мийс зийс, модээл зодээл хүүхнүүд, гомо нараа дайчлаад явуулын шүршүүр ажиллуулж аргалах гэтэл танай нэонацистуудаас айгаад байна гэдгийм.
-Өөрсдөө улаан фашистууд байж бүү солиор гэхгүй яасийм.
-Гадны хэвлэлүүдээр чинь Монголд фашизм нацизм дэлгэрээд, арабын хувьсгалаас аймшигтай юм болж байна гээд дүнхүүрцгээчихсийм байлээштээ. Гадаадын хүн болгоныг алаад, арьсыг нь агэнтэд тушааж байна гээд шуугицарж. Гэрманы баг хөл бөмбөгийн III НҮБ гэгддэгийг ч хэлэх үү.
-Юу болсиймбэ, тэгээд! Ярьчихгүй, янцаглаал байхийм.
-1:0-оор нидрүүлэгдлээ дээ. Финал!
Өрсөлдөгч Холландын өчнөөн дайснууд гараад ирэх юм бодсон чинь, Снэйдэр нь траншэйнд унаад, Кюйт нь хальтирч тэрийгээд, Ван Пэрси нь цацраг идэвхийн хордлого авчихжээ. Энүүхэнд хятадууд гараараа уран ухаад, тэрүүхэнд оросууд хөлөөрөө цөмийн станц бариад байгааштээ. Үлдсэн тоглогчдыг нь дэлхийн дээврийг дэрчийлгэдэг дээлтэй шороон шуурга маань арчаад өнгөрсөн дөө. 1:0-оор ниргэсээн бид, дэлхийн аварга болсон!
-Еэ гялай, гялай! 2.7 сая Чингис хурай хурай! Хосгүй дээд Чингис нь ура ура!
Манайхын хөл бөмбөг тоглодог, миний тоглодоггүй хоёр дүндээ дүн! Үнэндээ бол би л дэлхийн аварга болсон байхгүй юу даа! Архи уухаа больсон болохоор бохь зажилж тэмдэглэнээ, хө! Ээ монголчууд аа! Шударга байя аа! Шударга байцгаая л даа!
Ч.Мөнхбаяр
ММХI.II.XIX
No comments:
Post a Comment