наргиа
Сайд судалгаа хариуцсан туслахаа дуудлаа.
-Миний талаар гадуур “авлига, олигархийн жинхэнэ загалмайлсан эцэг” ч гэх шиг элдэв юм яригдаж байна. Тэгтэл бас, Булганд хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг сүрхий хүн гарч гэнэ. Тэрний ажлыг л минийх гээд танилцуулчвал, элдэв яриаг дарахад гүйэ мөн их хэрэг болох нь ээ. Хэн тэр хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна?
-Мэдэхгүй.
-Чи чинь судалгааны төсөл дээр байгаа шүү дээ, мэдэх л ёстой доо.
Намайг чинь, “социализмын үед 5-р баазын нябо байх үеэсээ идэж ууж сурсан, улс төр, бизнэс, хууль хяналтынхантай бүгдэнтэй нь хуйвалдаж дөнгөдөг, хотын мэнэжэр байхдаа газрын наймаагаар хагартлаа баяжсан” гээд л ёстой авч өгдөг болж.
Үгүй тэр Булганд байгалийн нөөцийн мэнэжмэнтийн чиглэлээр бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, малчдыг сургах, чадавхижуулах юм амжуулаад байгаад товарищ хэн бэ? Усан хангамжийнх нь фон дээр жаахан яриад зургаа авахуулчвал ЗГ хэврэг байгаа нөхцөлд тун чиг хэрэгтэй байна даа.
-Мэдэхгүй.
-Чи чинь яачихсан эргүү төлөг вэ! Унавал хамтдаа л унана штээ, бид.
“Хадгаламж” банкны мөнгийг идэлцсэн, татвар төлөгчдийн мөнгөөр Солонгост байнга очиж казиноддог, төрийн хөрөнгөөр охиноо солонгос залуутай суулгаж Чэжүд нижгэр хурим хийлгэсэн, тэндэргүйгээр 100 мянган мал гаргасан” гээд л баллаж тавьж байна, цаана чинь!
Эрчимжсэн МАА эрхлэх үндэс суурийг тавиад, нутгийн үхрийг мах, сүүний чиглэлээр сайжруулах арга хэмжээг 2005 оноос авч хэрэгжүүлж, 1000 үнээнд зохиомол хээлтүүлэг хийгээд яваад байгаа нөхөр байнаштээ. Тэрний үнээтэй нь хамт патиар даруулахгүй бол болохоон байлаа. Харин тайлбарыг нь юу ч гэдэг юм. “Сайд үнээ хоёр”, “Сайд ба үнээ”, “Баруун гар талаас эхнийх нь сайд, хоёр дахь нь үнээ”… За, тэр ч яахав, хэн бэ тэр нөхөр, сайн сана даа!
-Мэдэхгүй.
-Мэдэх нь чиний үүрэгштээ! Манай яамны хийсэн ажил гээд гөрдчихөж болох ганц гайгүй юмийг мэдэхгүй хаашаа юм? НҮБ-ын хөтөлбөр юм байлээштээ.
Тэрнийг л барьж авахгүй бол эртний үнэт эдлэл цуглуулах, 32 шаглаа угалзтай гутал өмсөх, чөлөөт бөхийг унагах, спортын цогцолбор барина гээд 450 саяыг унагах - нэг иймэрхүү л ажилтай сайд гэж намайг ойлгоод байна, мал аа! Хужаа нар хамаг мал мах авч гараад ганц чи л үлдээд байгаагаа ойлгож байнуу, тахиан тархит аа!
-Мэдэхгүй гэж хүний хэлээр хэлээд байнаштээ!
-Хүний хэл ойлгодоггүй мал болж таарахнээ, би! Жаажаагийн нусгай биш байсан бол аль хэдийн чамайг халаад хаях байсан юм…
За, за, хоёулаа муудалцаад ч яахав. Уул уурхайн эдэлбэр газарт шахагдаад, талхлагдаад, бэлчих ч газаргүй болоод МАА бүрмөсөн сөнөж байгаа энэ хэцүү үед бид эвтэй бол хүчтэй.
Шүлхий намжих янз алга. Цөлжилт ч гаарлаа. Ямар сайндаа өлсгөлөн болж магад гээд Лаост газар худалдаж авч, жаахан тутарга тарьж байхав дээ. Хүнс ч үгүй, ХАА ч үгүй, үйлдвэр ч үгүй, юу ч үгүй яам болчихлоо штээ, бид!
Ядаж байхад яр гэгчээр, намайг чинь “айхтар луйварчин болохоор нь 2000 онд МАХН-ын ЕНБД Энэбиш хотын мэнэжэр болохыг нь маш их эсэргүүцэж байсан, намын хамаг эрх мэдлийг гартаа атгасан, Н.Энхбаяр хажууд нь юу ч биш, ганц бухтай ХАА-н сайд, тэр нь бух Энхболд, харь гаралтай, ургац сайжруулна гээд тэнгэрийн ташуур гээчээр ороолгуулдаг, “Монгол мал” хөтөлбөрийг хүн дээр хэрэгжүүлсэн”, юу юу гэнэ вэ, хэлэх хэлэхгүй үг алга. Ловон нөгөө хэн билээ, тэрүүнгээр л арай дайруулж хэлсэнгүй, бусдыг нь бол хэллээ.
Тэгэхлээр одоо тэр сайн үүлдрийн малын цөм сүргийг өөд нь татаад байгаа нөхрийг тодруулаад л, одоохон нисээд дээрээс нь буучмаар байна. Тэр нисдэг тэрэгний чинь билэт нь ч гайгүй үнэтэй, цагийн 2500 доллар л юм байналээ…
-Тодруулаад байх юм байхгүй. Мэдэхгүй л байхгүй юу даа.
-Гүйцээ! Чамтай ухнатаж ханалаа. Ерөөсөө халлаа, чамай мууг! Өөдөөс адраад, агсраад байдаг үхэр вэ, яадаг. Архи үнэртэхгүй л байх юм. Өвс татаад элийрчихсэн юм байна л даа.
-Мэдэхгүй гээд байхад чинь яасан хэцүү юм бэ, та чинь, ий ий…
-Чи чинь яагаад уйлаад унав. Яг өвс татсан байнашт. Алив хурдан гар, үхээрийн хар үмбүү чинь мөөрөөд, зүгээр, хүн уруу татаж уйлуулах нь л дээ. Байдал гэж бандаашиг болчоод, хэн хүнгүй уйлчихмаар дуулчихмаар л байхад яах нь вэ, энэ чинь.
Зудын бэлтгэлээ хуваагаад идэцгээчихсэн, зуд хаяанд ирчихээд байдаг…
Гарч уйлаач ээ, чи, эсвэл тэр этгээд гэнофонд хамгаалах зорилгоор малчдад юу авч өгөөд байгааг хэлээдэх. Нэрийг нь мэдэхгүй ч, ажлыг нь гүйцэд мэдээд цээжлээд аваадхая. УИХ дээр байцаагдахад хэлэх үггүй болчихоод байна.
-Хуц.
-Юу гэнээ? Өө, ямаанд идүүлмэр чинь одоо бүр… Халагдчихаад юу гэж хаа хамаагүй өрөөнд уйлаад зогсоод байгаа юм зайл! Одоохонд нүднээс далд орохгүй бол ална шүү, муу сэг идмэр!
-Арван хуц.
Энэ нь сайдын тэсгэлийг барагдуулж туслахаа нэвширтэл нь балбаад, амбаардан хөөж гаргав. НҮБ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хүний нэрийг тодруулахыг өөр ажилтнуудад даалгаад, хөлсөө арчив.
Чингээд сонин гарчиглатал тэргүүн нүүрүүдэд нь “Сайд өрөөндөө туслахыгаа үхтэл нь зодож, үндэслэлгүйгээр халжээ”, “Бэлчих малгүй, бэлжих тариагүй болчихоод, уураа ажилтандаа гаргав”, “Эрхэм сайд шүлхийн хүндрэлтэй болсон гэж үнэн үү?” гээд л дүүрэн дуулиан. Яасхийгээд энэ хэдэн гүжир мэдээллүүдийг няцаачихъя даа гэж бодож суутал нь ажилтнууд пижигнэн дайрч орж ирээд, бие биеийнхээ өмнүүр орох гээд л ноцолдоод байх юм.
-Та нар чинь галзуурсан гахайнууд шиг яагаад байна аа? Тэр “Сэлэнгэ” үүлдрийн үхэр сэргээгээд байгаа хэн бэ? гэвэл ажилтнууд хоороор:
-Мэдэхгүй! гэж хариулав.
-Ухайс, та нар бүр төр засгийн эсрэг үймээн самуун дэгдээхээр шийдээ шив. Малчдад тэр юу тараагаад байна?
-Зуун хуц!
-Заазлаад өгье өө, та нарыг! Төрийн эсрэг үг хэлбэл 10-15 жил хорих Бат-Үүл баатрын хууль гарсан. Баатарт хэлж, яс цоожинд ясыг чинь цайлганаа гээд л бүгдийг нь ганцаараа поольдлоо.
Мөлхөх дөхөн ширээнийхээ ард хүрээд, өвөлжилтийн хүндрэлийн байдалтай танилцах зорилгоор ТВ-ээ нээсэн чинь, ажилтнуудаа гөвшиж байгааг нь 100 инчийн 3D LED зурагт нь яг бодтоор үзүүлэв ээ. “Энэ муусайн хэвлэлийнхнийг бяц мөргөе өө, гайгүй!” гэж бодон өндийтөл утас нь хангинаж, ерөнхий сайд:
-Чи чинь яагаад хамаг ажилтнаа зодоод унав аа. Чамайг дууриагаад энд тэндгүй дарга нь цэргээ, цэрэг нь даргаа зодож эхэллээ. Нам засгийн шинэ бодлого гэж эндүүрсэн юм байх! гэж ууртай хэлэв.
-Сү даргаа, тэр Булганы төслийг хэн хэрэгжүүлээд байгаа юм бэ?
-Мэдэхгүй.
-Тэр юу тараагаад байгаа юм?
-Хуц.
Нэг мэдэхэд эрхэм сайд Ганц худгийн люкс өрөөнд хэвтэж байв. Ерөнхий сайдыг хэрхэн гэсгээн цээрлүүлж байснаа бүүр түүрхэн санана. Ширээн дээрх Time сэтгүүлийг хараад, миний тухай бичсэн байж магадгүй хэмээн эргүүлтэл “Бар жилийн Азийн 10 үйл явдал” гэдэг нийтлэлд, үйлдэл дээрээ авахуулсан фототойгоон гарчихжээ. “…НҮБ-ын IFAD төслийн зохицуулагч О.Мэдэхгүй сайн үүлдрийн 65 хуц тараасан явдлыг буруу ойлгосноос…” гэх үгсийг хараад улимаар санагдав.
Ч.Мөнхбаяр
ММХI.I.XXV
No comments:
Post a Comment