наргиа
Бэхтэнгэр гишүүн урам нь хугарсан янзтай:
-Төрийн эрхийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг хэлэх, аливаа хүч хэрэглэхийг уриалахыг хориглох тухай хуулийн өөрчлөлтийг маань та бүхэн нэг л ойхгүй байна даа. Гэвч би яахав, гарц бодож олсоон гэхэд Ариун гишүүн:
-Хүүе ээ, Бэхээтэнгэрээ чи чинь одоо хаашаа юм бэ? Тийм хууль гарчихвал чи өөрөө Ардчилсан хувьсгал мувьсгал, тракторчдын жагсаал энэ тэр гээд л оролцсон, зохион байгуулсан өчнөөн олон юмандаа ороогдоод хамгийн түрүүн таварцаглана ш дээ. Ер нь үлдсэн 75-ыгаа араасаа чирч гулдрах гээд байгаа юм биш үү? гэв. Сүндалай гишүүн:
-Чи яахлаараа ганцаараа амтай хэлтэй нь юм шиг эрчүүлийн ярианд хошуу дүрээд, дандаа цор цор гэж байдаг юм? Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг юм шүү! гэж хуйсганахад Ариун:
-Дааганаас болж үхээгүй байж, дарвагараас болж үхдэг юм аа, Сүнбалай! Дуугүй чи тэр баарандаа очиж хэвт! гэж тачигнав.
-Янхнаараа чи хэвтэхгүй юу! хэмээн нөгөөх нь өрвөлзөхөд Өлзий спикэр:
-Та хоёр наад хувийн асуудлуудаа өөр газар ярьцгаа. Гараад сайхан үзчих. Бэхтэнгэр гишүүн алив наад үгээ хурдан дуусга гэж уцаарлав. Бэхтэнгэр:
-Арвин аа, танай намыг би л аварсан байх шүү. Яах гэж над руу үсчээд байгаа юм. Зоригийг үрэгдэхэд Монголын ард түмэн МАХН-ыг сөнөөе гэж дайрсан. Би л цээжээрээ хамгаалсан. 7.1-ний УИХ-ын хуралдааныг хаалттай хийлгэж мийлгээд л, ху намын та нарыг хэн хуу хаацайлж бөөцийлсөн? Би л бөөцийлсөн. Худлаа гэвэл танай тэр Анхбаяр дарга чинь надад талархал ерөөлийн үгээ хэлээд нойтон хамуу шиг салж өгдөггүй л байсан… Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох гэж зүтгээд, хамаг амьтны хараал ширээлийг ганцаархнаа хамж шимж идээд л яаж яаж л пологтлоо доо, би.
Одоо бас аль аль намыг аврах гээд л аргаа барж явна гэж хоолой зангируулан гомдоллов. Ариун:
-Та нар өөрсдөө л Зоригийг алаа биз дээ. Бодоод байхнээ, энэ хүнд АН нэг баатар өгсөн, манай нам бас нэгийг өгчихмөөр юм байнаштээ. Ер нь баатар та хэнтэй тэмцдэг, юуг хамгаалдаг баатар болох гээд байгаа юм бэ? Сөрөг хүч байтугай, сөрөг бодол байхыг ч хориглосон, хэн нэгний дарангуйлал тогтоох гэсэн л захиалгат хууль байна даг, үнэнийг нь л хэлчихье! гэснээ “Миний нөгөө юуг дарчихаарай” гээд хажуугийн гишүүндээ хэлээд явав. “Юуг нь чи дардаг юм бэ?”, “Ариунаа, хөөе, би юуг чинь өнөө шөнө дараад өгье л дөө!”, "Гараад сайхан үз гэснийг буруу ойлгочихсон юм биш биз?" гэлцэн гишүүд овоо сэргэх янз ороод явчив. Бэхтэнгэр:
-Охойм, охойм. Тэр шинэ жилээр талбайг мөсөөр хучна гэсэн яасан бэ, бас нэг нь мөнгийг нь хоп гээд үмхчихсэн үү. Одоо тэр чинь хэрэг болоод байна, хуулийн өөрчлөлтийг маань хүлээж авахгүй юм бол… гэж сөөнгөтөв.
-Нийгмийг мөсийг арилгах мөс зүсэгч атомын хөлөг онгоцууд байх ёстой, бид. Гэтэл та баатар хүн байж тэр их мөсөөр яахнав? гэж Тунхбат гишүүн том алаг нүдээ эргэлдүүлж, зургар хөмсгөөн жирвэлзүүлэн хэллээ.
-Ногоон намгийн Тунхбат чи тэр өөрийнхөө өчүүхэн намагт л вааглаж бай! Ийм том том үгийг Дэлбэгээ маань хэлдэг болохоос, чам зэрэг нь хэлдэггүй юм, за!
Намайг мөсөөр яахыг та нар дуугүй л харж бай. Сүүлийн үед гулгалт сайн болгодог шинэ бодис мөсний найрлагад оруулдаг болсон юм байна. Тэрийг судлахаар би Астана-Алматы руу нисэж, Азийн өвлийн тоглолтод оролцлоо! гэж баатар цухалдангуй хэлэв.
Удалгүй мөс бэлэн болжээ. Хүүхэд залуучууд гулгаж, эрхлэн наадаж байг, төр түмэн ийнхүү хамт байж байг, энэ нар үүрд мөнх гийгүүлж байг, энэ тэнгэр мөнх цэлмэж байг, тэгээд би мөнх байж байг гэхчлэн тайлбарлаж дээ. Нэгэн өдөр Бэхтэнгэр гишүүн дээр мөсний төслийнх нь зохицуулагч:
-Баатраа, баатраа! гэсээр амьсгаадан орж ирэв.
-Намайг битгий баатар гэж бай гэж хэлсэн шүү. Та нар наанаа баатар маатар гэж даажигначихаад, цаанаа бол энэ муу… юу юу л гэж байгаа бол доо. Сонин монин дээр Дэлбэгээ энэ хоёр ээлжилж ерөнхийлөгч болж, бие биеэ баатар болгох гэж байгаа, ерөнхийлөгчид дэвшсэнээс татгалзсаны төлөө баатар авсан, Зоригийг нийлж алсан, тэр байтугай тэрнийхээ төлөө баатар болсон гэх нь холгүй солиорч байна! Ахин баатар болох гээд дэглэмийг үхэн хатан хамгаалж байна, МАХН-ыг аварсан гэх гавъяагаа дахин дахин сануулж шантаажилж байна гэж хуцацгааж байна! Тэр Бөхвандан гэдэг нөхөр ямар гавъяа байгуулсан гэж Гандангийн тагтаа шиг бүдүүрчихээд, яагаад намайг насны доройтолд орлоо гэж доромжлов?
-Харин тэр Бөхвандангийн тухай л ярих гэж байна. Сая Духнарс энэ тэр гээд янз бүрийн иргэний хөдөлгөөний дарганцартайгаа арван хэдүүлээ ирээд, нөгөө зохион байгуулна гээд байсан цуглаанаа хийх гэсэн чинь бас арван хэдхэн хүн ирж тэднийг зоопаркийн амьтан үзэж байгаа юм шиг харж сонирхох гэж л саатлаа. Урьд нөгөө Хиншүү Жамбаагийн суултыг “нэг үзмэртэй зоопарк” гэж шоглоцгоосон шиг л.
-Тэр зоопарк моопарк надад ямар хамаатай юм бэ? Би амьтан судлалын биш, физикийн багш.
-Тэгсэн чинь халтирцгаагаад, гулсаад, эргэлдээд, дэвхцээд, зуураад, чирээд хачин хачин юм боллоо.
-Ха ха ха! Би үүнийг л хүсч байсан. Үнэхээр хавь ойрд тохиолдоогүй хөгжилтэй юм болжээ. Наад хэлээд байгаа чинь бүгд уран гулгалтын элэмэнтүүд байна. Сая Астана-Алматыд мэдэж авсийм!
-Духнарс нь Бөхвандангаас зуураад авах гэсэн чинь, цаадах нь дээр нь авираад гарчихсан. Тэгээд л авируулсан товарищ маань, Бөхвандангаа толгой дээрээ өргөөд л баахан гулгалаа даа. Зарим улс хошгоруулаад, алга ташиж марзганасан чинь дүрдээ итгээд, нөгөө хоёр чинь уран сайхны маягтай болоод шогтож өгсөөн. Бөхөөванднаа нь дэвээд л… Даанч төдөлгүй нураад ойчицгоосон.
-Ойчно гэдэг чинь уран гулгалтын чухал элэмэнт байхгүй юу, хи хи. Нөгөө Blades of Glory гэдэг хошин киноны монгол хувилбар болчихсон байнаштээ. Яагаав, Макэлрой, Майклс гээд хоёр товарищ дэлхийн анхны эрэгтэй паар болж гулгадаггүй юу! Хоёр дахь нь энэ хоёр, онцлог нь бодит амьдрал дээр!
-Нэг хэсэг нь “унасан ч, боссон ч хамтдаа” гээд сугадалцаад байж байснаа, яг хашаа нурах шиг л хамтдаа хавтгайрсан гээд бод.
-Синхрон уран гулгалт болж л дээ, хо хо. Энэ спорт ч хөгжихнээ, хөгжих нь, манайд. Шидэлтийн элэмэнт байв уу?
-Духнарс сүүлдээ ядраад ч юм уу, дургүй нь хүрээд ч юм уу Бөхвандангаа шидчих шиг болсон шүү.
-Янзтай! Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдагсад хагаралдаж! Уран гулгалт ч бүх элэмэнтээрээ хөгжсөн байна. Давхар давхар ашигтай төсөл байгаа биз? Баатар не дурак! хэмээн гишүүн ихэд хөхин баяслаа. Энэ нь зөвхөн нэг удаагийнх байсангүй. Нөгөө зохицуулагч:
-Баатар аа! Үгүй ээ, Баатарбиш ээ! гэсээр гүйн ирсэн учрал буй.
-Яав аа чи чинь, хүн цочоогоод халуун кофэ өмдөн дээр асгуулчих юм! Халцгай, халцгай!
-Наана чинь халцгай бол тэнд хүмүүс халцарч байна!
-Юу, бас Духаа Вандаа хоёр паараар гулгаа юу? Ур чадвар нь ахисан юм уу, тэгээд?
-Үгүй ээ, нөгөө МАН-ын залуус жагсаад…
-Ахиад Энэбишдагва муусайн чонын сүргийг ална гэж чацга харвуулаа юу? Хуучин бууны хугархай гэсэндээ ЭБД маань чанга шүү.
-Үгүй ээ, Намбар ван тэднийг “Бөгс долоосон, шал тэнэг” зэргээр доромжиллоо гэж жагссан.
-За, ямар өвлийн спорт бас хөгжөөдөхөв?
-Харин ээ, хө. Юутай ч гэсэн Анхбаярын ханыг нураана гээд, нэг банзан хана босгосныгоо нураах гэсэн чинь халтираад өөрсдөө даруулчихсан.
-Нураах гээд даруулчихлаа гэнээ? Үндэсний эв нэгдлийг бусниулах гэвэл ингэдэг юм. Тэр чинь Анхбаярын биш, өөрсдийнх нь л хана юм байгаа биз дээ? Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж энэ дээ.
-Хэсэг нөхөд хоороор элдэв юм хашгирч байсан чинь хэлэн дээр нь бөгсний зураг хийсч ирээд наалдчихсан. Хятадын стандарт бус хулдаас байсан болохоор ерөөсөө салахгүй байна. Эмнэлгийнхэн ч нөгөө хуурамч истор мистор бичиж, даатгалын мөнгө цохидог бизнэсээ хийгээд, тэдэнд тусламж үзүүлэхтэй манатай.
-Мангар бацаанууд элэг хөшөөгөөд хаячих юм аа. Юун бөгсний зураг вэ?
-Нэг том бөгсний зураг зуруулаад, дор нь “Бид бөгс долоодог тэнэгүүд биш!” гэж бичүүлээд, далдгар том хулдаасан дээр хэвлүүлээд далчиганаж байсан байхгүй юу.
-Биш үү, мөн үү гэдэг нь тэгээд харагдчихлаа ш дээ, хи хи.
-Зохион байгуулагчид нь, Анхбаяртнуудыг шүүрдье гээд хөлслөгдсөн ТҮК-ийн ажилтнууд руу заасан л даа. Тэд нь “Шүүрдье, шүүрдье!” гээд шүүрдэх дүр үзүүлэх гэсэн чинь халтирч гулсаад удирдагч цодгор залуусыг талбайгаас хамж гаргаад нийтийн жорлон руу нисгэчихлээ.
-Өөрсдөө шүүрдүүлцэн байнаштээ, ха ха. Миний төсөл мөн үр дүнтэй байгаа биз? Хүмүүсийг хооронд нь шашны үзэл номлолоор нь дайсагнуулах гэсэн улсыг өөрсдийнх нь хүчээр үгүй хийчихэж байна ш дээ.
-ТҮК-ийнхэн чинь шүүрээ тулаад, гулсахдаа ойчихгүй овоо тогтсоон. Тэгэхдээ харин, юм мөргөхгүй, тээглэхгүй гээд шүүрээрээ, замдаа таарсан бүхнийг чадмаг зайлуулсан. Баян айлын бандгар цагаан бацааны түрийвч унасныг шүүрээрээ булаалдаж, сүүлдээ харин сайн дураараа нэлээн гулгацгааж, олны сонирхлыг татлаа. Нэг нь талбайн зах руу цохиж гаргаад, араас нь хурдалж авах гэтэл нөгөө нь амжилттай хааж бариад, өвөртлөөд зугтчих шив.
-Хоккэй хөгжчихсөн байнаштээ! Тэднээр “ТUК proletarians” гэдэг баг байгуул. Би ивгээлдээ авна. Пий, өмнө нь ийм юм болсон бол тэднийг Астана-Алматыгийн тоглолтод явуулах байсийм! Тэр уже явчихсан улсаас илүү амжилт гаргах байсан нь дамжиггүй хэмээн гишүүн аз жаргалтайгаар малийн үгүүлэв. Энэ ч эцсийн тохиол байсангүй. Зохицуулагч нүд нь орой дээрээ гарчихсан:
-Бэхээ, баларсаан! гээд оруутаа, диван дээр үхэдхийн унав.
-Яав, юу болов, сайн нөхөр минь!
-Ази-Номхон далайн парламэнтийн удирдагчдын чуулган тасалдлаа.
-Би чамайг Төрийн Ордны зааланд мөс хөлдөө гээгүй биз дээ!
-Үгүй ээ, талбайд, талбайд!
-“Удирдах ажилтнуудад онц аюултай!” гэсэн бичиг тэнд хад гэсэн, яасийн!
-Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх гээд очсон юм байнаа.
-Байхгүй хөшөөнд үхсэн үлийгээ өргөдөг юм!
-Иш, Бэхээ минь, Бэхээ минь, төр төмбөгөр, ёс ёмбогор л гэж энэ юм байна. Төрийн ёслолын албаныхны ажлын журамд “хөшөө байхгүй нөхцөлд, мөстэй нөхцөлд цэцэг өргөхгүй” гэсэн заалт байхгүй юм байнаштээ. Тэгээд л журмаа зөрчихгүй гээд өргүүлэх болсон. Хамаг гадна дотныхон халтирч алга болоод, манайхан зочдыг барьж авах гэж хөөгөөд, тэд баригдахгүй гэж зугтаад…
-Яагаад зугтдаг билээ?
-Мэдэхгүй, баригдахгүй л юм байна. Тэгэхээр зугтлаа гэж үзэхээс яахав.
-Шорт-трэк хөгжүүлчихлээ, би!
-Юун шорт-трэк вэ, та минь ээ. Оросын Миронов, Малайзын Үжанг хоёр дээр дороо ороод л хичнээн өнхрөв!
-Цэвэр шорт-трэк. Шорт-трэк гэдэг чинь олуулаа унах урлаг юм билээ. Казахстанд харж л явлаа. Манай үндэсний баатар бүсгүй Алтантуяаг тэр муу Багинда баас нь алчихаад байхад тоох ч үгүй, тэр тухай яримааргүй байна гэж пээдэлзээд байгаа Малайзын төлөөлөгч хохь нь! Миронов ч гэсэн пээдэгнээд л байдаг юм. Монголын мөс хатуу шүү гэдгийг хуралд ирсэн хувхай дайснууд ойлгож аваг!
-Ямар дайсан бэ, Бэхээ. Хүндэт зочид шүү дээ!
-За, за!! Тэрийг чинь чи мэддиймүү, хүний эрхийн дэд хороон дарга би мэддиймүү. Цаадуул чинь янз бүрийн бодол санал, үндэс угсаа, арьсны өнгө, шашны номлол, хүч бүхий улс байгаа. Өөр өөрсдийнхийгөө л зөв зүйтэй гээд зүтгэнэ. Тэгэхээр жинхэнэ эв нэгдлийг бусниулагчид, дайсагнуулагчид, эвдрэлцүүлэгчид, уриалагчид байхгүй юу! Хориглох хэрэгтэй! Тэр зугтаад байгаа этгээдүүдийг барьж авахын тулд конькит цагдаагийн анги зохион байгуулж, хатуу гэсгээн цээрлүүл! гэж баатар зарлигдав. Хэрэг явдал үүгээр төгсгөл болсонгүй ээ. Зохицуулагч инээмсэглэн шагайж:
-Тада! Сюрприз! Үндэсний олимпийн хороо таныг шинээр буй болгосон "Алтан Очир Баатар" одонгоороо шагнах болсон байна гэв.
-Яахнав дээ. Гэхдээ өвлийн бүх спортыг хөгжүүлчихсэн хүнийг чинь шагналгүй л яахав.
-Үгүй ээ, тийм шалтгаанаар биш ээ.
-Юу үгүй гэж! Тэгээд өвлийн бүх спортыг хөгжүүлээгүй гэж намайг шагнах гээ юу?
-Шагайн спортыг хөгжүүлсэн гэжээ.
-Шагай мултрахыг чинь одоо шагайн спорт гэдэг болчихоо юу?
-Та нөгөө хуулийн өөрчлөлтөө батлуулах гэж үсээ цайтал зүтгэсээр яваад орчлонгийн хамаг явдлаас бүрэн хөндийрчихөж. Сүхбаатарын талбай мөсөн шагайчдын диваажин болсон шүү дээ.
-Юу? Даруй тэшүүрт цагдаагийн ангиар тараалга! Тэд чинь шагайгаа төрийн эсрэг чиглүүлбэл яах юм. Хүч хэрэглэхийг уриалсан нөхдийг өчүүхэн төдий ч өршөөж болохгүй, төрийн төмөр нүүрийг, биш ээ, мөсөн нүүрийг гарга! хэмээн баатар бархирав аа.
Ч.Мөнхбаяр
ММХI.I.XXVIII
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment