Дарга нарын үнэн төрхийг таньсан ард түмэн эрслэн босч ч магад
1. Нинж юу ч хийхээс, үнэнийг хэлэхээс ч буцахгүй хүн
“Нинж гэдэг бол угаасаа л хулгайч хүн шүү дээ” гэж АН-ын С.Эрдэнэ нэлээд хэдэн жилийн өмнө ярилцлага өгч байсан. Хулгайч эсэхийг нь мэдэхгүй юм, зүгээр. Олон нам хүч дамжсан энэ хүн харин юу ч хэлж хийж мэднэ гэдгийг гадарлана.
Зургаан жилийн өмнө тэрбээр ТТГ-ын барилгын ангийн дарга байсан юм уу даа. ТТГ-т барилгын ангийн хэрэг ч гэж юусан билээ. Ямар ч гэсэн, хууль дүрэм зөрчиж манай байруудын дунд барилга барина гэж, янз бүрийн хүч, тэхник ашиглан, бараг арван удаа дайралт зохион байгуулсан. Тухай бүрд оршин суугчдын элдэв юм нүүлгэх, ноцолдох, зодолдох зэргээс болж ухарч байсан даа.
Хамгийн сүүлчийн ухралтынхаа дараа тэр тэррорист үйлдэл хийнэ гэж заналхийлсэн гэхэд болно. Яг л одоо иргэний дайнаар заналхийлж байгаа шигээ. “Удахгүй газар хөлдөнө. Тэгэхлээр би газрыг дэлбэлүүлнэ дээ. Танай энэ хэдэн байрны цонх өвлийн хүйтэнд яй болно. Цонх төдий хохирол үзвэл та нарын зол. Харж л байгаарай!” гэж хийрхэн цамнаж байхад нь нэгэн залуу уурлаж: “Чи ямар овоо муу гар вэ? Хоёулаа үзчихье!” гээд дайрахад харин зугтаж, хамгаалагчдын дунд орсон юм.
Нэг өглөө манай байрнуудын дундах сүүдрэвч шаттчихсан байв. Дугуй мугуй авчирч шатаасан байлаа. Оршин суугчид галдан шатаалтын тухай мэдээгүй шахам байхад л бүх ТВ, радиогоор энэ хэрэгт ТТГ холбогдолгүй гэсэн мэдээлэл нэвтрүүлэгдэж байв шүү. Тухайн үед (2005) би тэр тухай бичиж мэдээлж л байв.
Гэхдээ хүн дандаа муу, дандаа сайн юм хийнэ, хэлнэ гэж байхгүй. Нинж гэдэг хүн үргэлж худал ярина гэж юу байхав. С.Зоригийн үхлийн талаар, зарим хэмжээнд үнэмшигдэж ч болох тун ноцтой зүйлүүдийг тэр хэлж үгүүлэх болов. Дэглэмийнхэн амь нэгтэй хойно, өдий хүртэл олгой хагаравч тогоон дотроо гэж нууж хааж явсан юмыг аргагүйн эрхэнд гаргаад ирсэн байж болох. МАНАН бусад улс төрийн хүчинд ямар ч шаанс олгохгүй, зүү орох зайгүй битүү хана хэрмийг байгуулчихсан тул МАХН-ынхан бөмбөг дэлбэлэхээр шийдсэн байж болно оо доо. Харин биечлэн дэлбэлсэн Нинж энэ “гавъяа”-ныхаа төлөө өөрийнхөн дундаа байр сууриа дорвитой ахиулж, том шан хүртэх нь дамжиггүй.
Тэрбээр улс төрийн өрсөлдөгчдөө буудаж устгана, иргэний дайн хийнэ гэхчилэн бархирч байсныг нь хэн ч тоогоогүй. Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийг хөнөөсөн, баримт бий гэж хашгирахад нь олны чих аргагүй дэлдийв.
Яагаад ч юм, С.Зоригийн хэрэг Монголын улс төр-нийгмийн гол түлхүүр асуудал юм шиг ойлголт яваад байдгийг ч хэлэх үү. Уг нь гол асуудал биш, эрүүгийн том хэрэг. Гэхдээ дэглэм дэнжигнэж, оршин тогтнох эсэхдээ тулаад байгаа өнөө үед бол энэ хэрэг илрэх нь маш өндөр ач холбогдолтой болж болно. Ард түмэн ноёлогч МАНАН-гийн үнэн дүр төрхийг тодоос тод харж, яс чөмгөндөө тултал ойлгож аван, жигшин зэвүүцэж, үзэн ядаж, эрслэн босч юуны магад вэ. МАХН-ынхан бол яахав тоглодог л тоглоомынхоо ганц хоёр нүүдлийг л харж байх шиг.
2. С.Зоригийг найзууд нь агсамнан согтуурхаад ч алчихсан байж болно
Д.Нинжийн вээрс шинэлигээрээ бус, олны сэм ярилцдагийг дэглэмийн хүн, дотоод гал тогооных нь хүн батлан давтсан гэдгээрээ анхаарал татсан тийм вээрс л дээ. Өөрсдийнхөн нь алчихсан гэнэ лээ, Бат-Үүл, Элбэгдорж, Булган нар хөнөөчихсөн гэнэ лээ гэх үг байнга л сонсогддог байсан даа.
“Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Баабар, Р.Гончигдорж нар С.Зоригийг хөнөөх саналыг анх гаргасан. Соцдэкийн “Алтан гадас” нууцаар хуралдаж, Баабар, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, Улаанхүү нар мөн тийм шийдэлд хүрсэн. Аллагын ажилд оролцсон дөрвөн хүн хилийн чанадад нуугдаж ирэв.
Э.Бат-Үүл С.Зориг амь үрэгдсэнийг хэн ч мэдээгүй шахам байхад яаран мэдэгдэл хийж, улмаар хэргийн газар олон хүнийг аваачин бужигнуулж ул мөрийг бүдэгрүүлсэн. Энэ дүйвээнээр мартсан малгайгаа сэм авч амжсан. Өдий хүртэл хэргийн матэриалыг устгах, баримтлах юмгүй болгох ажлыг уйгагүй хийж ирэв. Үүнийг сайн гүйцэтгэлцсэн Д.Мөрөн албан тушаалаар шагнуулж, өндөрт гарсан.
С.Зоригийг нас барсны дараа хүмүүс Н.Багабанди, МАХН-аас С.Зоригийн амийг нэхье гэлцэж байхад Бат-Үүл маш сандран болиулсан. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг л тэр. С.Зоригийн дурсгалыг хүндэтгэх цуглаан дээр Ц.Элбэгдорж маш баяртай байсан. Хэрэг бүтлээ гэж тэр шүү дээ.
IX Богд Монголд айлчлахад, төрийн томчууд түүнтэй уулзаж болохгүй гэсэн асуудал гарсан, учир нь Хятад эвгүй байсан. Гэтэл Ц.Элбэгдорж үүнийг зөрчиж IX Богдтой уулзсан. Тэр үед би Богд Жавзандамбатныг дагаж явсан. Ц.Элбэгдорж хүний амь хөнөөсөн гээд аргалж ариулж өгөхийг хүсч байсан.
Би Ц.Элбэгдорж нар С.Зоригийг хөнөөснийг 2000 оноос илчилж ирэв, Дожоодоржтой хамт ном бичсэн” гэж Д.Нинж хаа сайгүй, өглөө үдэшгүй ярьж явна. Олон дарга овооролдон, Цэзарийг Брут нар хөнөөсөн шиг л дүр зураг буунам.
Иймэрхүү зүйл сонин хэвлэл дээр бишгүй бичигдэж байсан. Хуучин МАХН-ынхан ч “өөрсдөө алсан” гэж мөн ч олон хэлж байсан даа. С.Оюун гэдэг хүнийг Монголын ард түмэн мэддэггүй байсан бол, тэрбээр ахыг маань ардчилсан намынхан алсан гэж ойлгогдохоор зүйл дуугарч л анх бараг өөрийгөө мэдүүлж асан биш үү.
Хурал хуй хийж байгаад алах нь ч юу юм. Ерөнхий сайдын ч юм уу, казиногийн асуудлаар ярилцаж байгаад хэрэлдэж маргалдсанаас үүдсэн байж болох. С.Зориг шударга ёсны төлөө тэмцэгч байгаагүй ч, нөгөөдүүл шигээ том гарын хулгайч дээрэмчин ч байгаагүй. Тэгэхлээр, хэрэг төвөгт хутгалдахаас дургүйцдэг ч юм уу, бусадтайгаа халамцуугаар маргаж (агсам тавьж), зодуулж нүдүүлж асан нь бишгүй л гэдэг. Бас, 100 г-ыг бол залчихдаг л байсан гэдэг.
Тэгвэл тэр нэг өдөр согтуу маргацгаагаад л, тэгээд л алалдчихсан байж болох оо доо. Дээр байгаа улс чинь тиймэрхүү л аяг ааш, амьдрал явдалтай байдаг юм шүү дээ.
3. С.Зориг хувьсгалыг удирдсан уу, зогсоосон уу?
Тухайн үед:
-Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөн;
-Казиногийн асуудал (Казиногийн хэргийг нь бүтээж өгч чадаагүй тул хятадын мафи хөнөөсөн, тэднээс хэсэг улс төрч 600 мянган долларын хахууль авсан асан гэж бичигдэж байв);
-Ардчилсан холбоо эвслийн хагарал;
-Эгийн голын УЦС-ын тэндэр;
-Гэр бүлийн дотоод зөрчил зэрэг шалтгаануудыг аллагын үндэслэл болгон дэвшүүлдэг байв. Ойр дотныхон нь хөнөөсөн байж болзошгүй гэсэн ноцтой хардлага байнга байсан юм. Тиймээс Бат-Үүл, Булган нарыг саатуулан шалгасан.
Мөн маш олон хүнийг хоморголон баривчилж, хэлмэгдүүлсэн. Саяын 7.1-ний хоморголсон хэлмэгдүүлэлт шиг л юм болсон шүү дээ. Ард түмэн Бурхан бодьсадваагаа алдчихлаа гэж гашуудаад анзаараагүй л болохоос. Одоо тэр хэлмэгдэгчдээс төр уучлал гуйж, нөхөн олговор өгөх нь зүйд нийцнэ.
Миний бие 2000 онд С.Зоригийн улс төрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөд хүн бүр л эвэртэй туулай үзсэн мэт намайг гайхаж, нийтлэх газар олдохгүй байсан билээ. Нийгэм С.Зоригийг тахин шүтэж байхад, би тийм тахин шүтэгдэх гавъяатан огтоосоо биш гээд л үгүүлэл биччихсэн байхгүй юу. Тэр үед анд Б.Сэргэлэнгийн хамт хувьсгалд уриалан дуудсан хувьсгалт сонин гаргана гэж, баахан матэриал бэлтгэсэн ч санаа маань бүтээгүй юм.
“Монголд улс төр гэж алга!” нийтлэлдээ, дээгүүр зөвхөн гэмт хэргийн бүлэглэлүүд оршиж ирэв гэж дүгнэсэнсэн. “Монголын ардчилсан хувьсгал гэж юу байв аа?” гэдэгтээ өдгөөгийн байдлыг нөхцөлдүүлсэн, ноёлогч дарга ангийнхны байр сууриа хадгалах гэсэн жүжиг, инспираци байв хэмээж асан. Өнөөдөр бол, ард түмний ардчилсан хувьсгалыг номэнклатур гэх колонийн түшмэдүүд, харь гаралтнууд хулгайлан завшсаан гэмээр байна. Тийм биш гэж үү.
С.Зориг олон нийтийн төсөөлөөд байгаа шиг гарамгай удирдагч биш гэдгийг 1999 онд “Шинэ Улаанбаатар” сонины тэргүүн нүүрэнд илэрхийлж байв. 2000 онд “С.Зоригийн замаар замнавал юу болох вэ?” үгүүллээ: “Хэрэв Зориг шиг байж, Зоригийн замаар явъя гэвэл ард түмэн иргэний зориггүй болно” гэж төгсгөж байсаан. Хэвлэх зүрхтэн олдохгүй, сүүлд нь нэг найзынхаа сонин дээр тавьж асан. Дээд зэргийн эсэргүү матэриалд л тооцогдож байлаа шүү дээ.
Саяхан “Алтан өд” наадмын үеэр хэсэг зохиолч жаахан “улс төржсөн” юм. Би тэдэнд “С.Зориг ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг мөөн. Энэ утгаар бол хүндэтгэх ёстой. Гэхдээ тэдэн дундаасаа онцлогдох ямар гавъяа байгуулсан юм бэ?” гэхэд хариулж дөнгөхгүй асан. Ардчилсан хувьсгалыг оройлон удирдсан гэж хэлэх гээд л арай чадахгүй байх шиг байсан. Анхдагчид хамтаар удирдаж байснаас гадна, НАХЯ, МАХН-ын томчуул гээд л олон хүн чиглүүлж байсан юм шүү. Төрийн ордон руу дайрах гэж асан олон түмнийг зогсоосноороо харин тэр хувьсгалыг саармагжуулсан бус уу?
Дараа нь тэрбээр дороо л, байдаг л нэг гишүүн, дарга болчихсон. Яахав нэг их идэж уугаагүй. Ганц С.Зориг ч тийм байсан юм бус, тэр үед тэгж толгой дараалан аймшигтай том хулгай луйвар хийгээд байдаггүй байлаа. Гэхдээ том хулгай луйвартай эвлэрээд, дарангуй дэглэмийг хүлээн зөвшөөрөөд, бүтээн байгуулалцаад л явж байлаа шүү дээ. “Тэдний” л нэг байсан юм.
Монголоо гэх сэтгэл түүнээс төдийлөн мэдрэгддэггүй асан. Яагаад тэр вэ? “Магадгүй гарал үүсэлтэй холбоотой байж мэдэх. Түүний өвөө Симуков ямар эмэгтэйтэй ханилан, Монголд үртэй болов? Тэр эмэгтэй Симуков хэлмэгдсэний дараа хэнтэй заяа холбосон бэ?” гэхчилэн янз бүрийн оньсого тааварлиг хувилбарууд яригддаг.
Үнэн юм үнэнээрээ сайхан. Монголд минь олон олон баатрууд, эх орончид, үндэстнийхээ төлөө тэмцэгч гээд бахархан дууриах хүмүүс бий. Харин С.Зоригийн хувьд алтан хараацай гэхээс өөр “гавъяаг” олж үзэхийн тулд мөн ч хүчтэй дуранбай хэрэг болох бий вий. Монгол улс үндэстнийг нэн эрчтэйгээр сөнөөж мөхөөх болсон “ардчилсан” гэгдэх псэвдонимтой тогтолцооны фундамэнтийг (дэд бүтцийг) тавилцсан хүнийг юу гэмээр ч юм б дээ.
Гэхдээ л төрийн сайд хүний амь насыг хорооно гэдэг тун хүнд гэмт хэрэг мөн. Д.Нинж ноцтой баримтуудыг ярьж байгаа тул нэр холбогдсон өндөр албан тушаалтнууд ажлаасаа огцорч түдгэлзэж, өөрсдөө сайн дураараа хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй хэрэг болно. Бусад нь ч гэсэн.
Эсбөгөөс, нийгэм яаж ч мэдэхээр, дарьтай торх шиг болчихоод байгаа шүү!
Ч.Мөнхбаяр
MMXI.I.XXII
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment