Friday, February 25, 2011

Зээлийн төсөл

Наргиа

Д.Дэмбэрэл: Японы “Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон баталцгаах асуудлыг соёрхон баталцгаачих уу даа. Та нар чинь яагаад дүнгэнэлдээд байна. “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэлэлцээд байгаамуу, тэр чинь Ганди сайд гадаадад хэдэн монгол цагаач байгааг мэдэхгүй болохоор таший шог болцыштээ, мэдээгүүмүү? Гол асуудалдаа оръёо, хүүе! (алх цохив) Сонсч байгаа хүн байнуу?
Согтуу гишүүн (СГ): Зээлийн төслийг яана яана гэчив ээ, юу ч дуулдахгүй юм.
Д.Дэмбэрэл: Та нар чинь одоо манай хүнсний үйлдвэрлэлийн хэдэн хувийг хэрэглэдэг юм бэ? Дандаа л согтуу байх юм. Эртүүд тэр нэг ерөнхийлөгч цус өгөхийг уриалахад, бүгд өгнөө л гээд байсан. Гэтэл 15 гишүүн очсоны 13 нь алкоголь хэрэглэсэн учир тэнцээгүй. Та нараас болж нүүр хийх газаргүй болж байна. Дэмбэрэлийн ангийн дэрчгэр хүүхдүүд иймээ тиймээ л гэж ярихаас биш, та нар муусайны нэр гарахгүй ш дээ.

Н.Ганбямба: Соёрхон батлана, ноёрхон батлана, хоёрхон батлана  гэнэ үү? Ямар горимын ялгаатай юм бэ. МАХН-ын ОИХ-ын урилгыг түүж урж яваад олигтой ойлгосонгүй.
СГ: Зээл устгаад байгаавайж юун байгаль майгаль хамгаална гээд тэнэгтээд байгаам бэ? Хилийн заставынхныг хуу дайчлаад л, өчнөөн муусайн зээлнүүдийг бүх зэвсгээ ашиглаад л устгаа биз дээ. Индианчуудыг хөнөөх гэж бизон устгаж байсан шиг л юм болоод байгаа штээ!
Д.Дэмбэрэл: Их хурлын олон шавь нар минь наадхыгаа бариад ав! Улааны муу нохой байна. МАХН явуулсан байх.
Тэгээд энэ зээлээ хурдхан шийдээдхэе, алив. 73 сая долларыг дарийхан оруулж ирэх сонирхол байгаа л биз дээ, та нарт.
Д.Дамба-Очир: 76 сая биш юм уу.
СГ: Аа, муусайн Уух Идэх Хуйвалдааны гишүүд хамаг зээл устгачихаад, шанд нь тэгээд Японоос сая саяын авлига авахнээ. Над мэтэд нь бас өгөхгүйнүү?
Н.Ганбямба: Түрүүчийн зээл нь ямар үр дүнд хүрсэн? Аль тэр Баярцогт, ийшээ тийшээ худлаа марзагнаад байлгүй хэл чи!
С.Баярцогт: Өмнөх зээлийн үр дүн хангалттай.
Н.Ганбямба: Ингээд л болчихдог юм уу. Мониторингийн судалгаа хаа байнаа, хаа байна!
Гишүүд: "Ганцаараа идсэн гахай таргалдаггүй юм шүү!", "Зоригт та нар Оюутолгой дээр өчнөөн л булагналаа, яасан ханаж цаддаггүй юм бэ?", "-Баярцогт больё оо, үү-үү!" (гэхчилэн шуугилдав).
С.Баярцогт: Та нарт юу ч өгөхгүй, хуц, мэдвүү!
Ц.Батбаяр: Чи нэг ийм л амны уншлагатай болжээ. Сангийн яам хувийн яам чинь биш шүү. Та хэдийг огцруулах нь л миний туйлын зорилго, амьдралын утга учир (нударга зангидан занав).
С.Баярцогт: Улаан хацарт аа, улаан МАХН-д урвачихаад бүү оодроорой. Би 1330 ажлын байр бий болгосон.
Ц.Батбаяр: Тэр байранд чинь тэгээд хүн байгаа юм уу? Ажилгүйдэл ихсээд л байх юм. Цаасан бар шиг сүржигнэхийн оронд цаасан байраа жинхэнэ болго!
СГ: Пөөх, тийм олон хүнийг дайчилж, зээл хядуулсиймуу? Наад муугаа хусч хая! Сайдын суудал нь өнцөгдчихөж!
Д.Арвин: Олон хүнээр зээл хядуулах нь ч хядуулж байгаа. Зээлийг зөвхөн томоохон гэгдэх уул уурхай, дэд бүтцэд зарцуулах бус, байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулах хэрэгтэй ш дээ, хаашаа юм? Ганц эмэгтэй би л хэлэхгүй бол эрчүүд та нар чинь одоо ухаанд нь ухна ишиг унтаж хэвтсэн урагшгүй новшнууд. Хүүхнүүд бид л Монгол орныг авч явах юм даа.
СГ: Хаашаа? Хятадлуу юу? Зээлийг онцгой комисс байгуулж байгаад устгадаг, хил давуулж хөөдөг чинь гучин долоон оны хэлмэгдүүллийг санагдуулаад байгаа шүү! Цаад хужаанууд чинь манай зээлийг очиход өвс, ус тавьж өгч хамгаалж халамжилдаг, өсгөж бойжуулдаг байна. Гэтэл бид чинь хамгаа зүгээр өгчөөд, хар тогоог нь долоодог яачихсан хувхай маанаг лүднүүд, лүүнүүд вэ!
Д.Дэмбэрэл: Согтуу толгой чинь юугаа солиороод байнаа? Та нар одоо тэр зээлээр Хятадад л хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм уу? Ганц хоёрыг нь ч болтугай Монголд оруулсан уу?
З.Алтай, С.Оюун, Д.Энхбат: Наадуур чинь хамаг зээлээ Нармай Хятаддаа л өгдөг! Биднээс харамласан 73-аа ч, биетээр нь тушаах биз!
Д.Дэмбэрэл: Энэ хэдэн “гологдсон хүүхнүүд” бүр шүлэг зохиогоод хоороор хашхирдаг болчихож. Тэр нэг Японы зээл нээрэн 76 сая байхгүй яав даа. Тэгсэн бол энэ гурав хөөрхий ингэхгүй л дээ. Одоо яая гэхэв, заяа нь тэр дээ, хэ хэ…
За, 68 хувийн саналаар дэмжицгээ, дэмжигдлээ (алх цохив). Азийн хөгжлийн банкнаас авах “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийг хэлэлцэцгээе. Та нар одоо чимээгүй байгаач ээ, бүгдийг чинь энэ алхаараа балбаад хаячихна шүү! Ална шүү!!!
СГ: Экологийг тэтгэгч зээлээ хядчаад, хөөчөөд, байгаль хамгаалах зээл гаднаас авна л гээд байхым.
Санхүүжилт дутлаа гээд гоншгонолдоод л байсан, ахиад зээл авч, тэгээд Хятаддаа нэмж өгөх нь үү. Бид чинь одоо Монголын гишүүд юм уу, Хятадын гишүүд юм уу?
Р.Раш: Кнопоо дарахаар дандаа Ганбямбын нэр ороод байна шүү! Түрүүн 68 хувиар дэмжихэд, зөвшөөрсөн гишүүдийн нэр ч бүгд Ганбямба, эсэргүүцсэн нь ч бүгд Ганбямба…
Д.Лүндээжанцан: Раашаа дахин дахин дараад байхаар ордоггүй юм. Нэг л дар.
Р.Раш: Ганц над дээр тийм асуудал гараа юу. Чамайг дарахад ч бас л тэгээд байгаа биз дээ. Конооп дарах зэргийгээ ч очиж очиж чам шиг юмаар заалгуулахгүй шүү. Төмөр замын дээд төгссөн би конооп хаана байгааг ялгахтайгаа инжнээр. Бас тэгээд Раашаа улсад сурснаар минь Раашаа энэ тэр гээд гоочлоод дөгийлгөөд байхаа болиорой! Раш шүү би!
Р.Буд: Яасан чанга хашхирдиймбэ, чи. Хүн сайхан унтаж байхад сэрээчихийн.
СГ: Зээлийг зөвхөн төр устгадаг, энгийн хувь хүн устгавал “аавын” хаалгыг татаж байгааг ойлгохгүй байна. Түмэн олноо ингэж ад шоо, алаг үзэж болох уу. Онцгой комиссынхон чинь “1 ямаа=5 зээл” гэсэн жишиг ханш тогтоочихоод, малчдын хотыг хоослоод, устгасан зээлээ идүүлээд, Хятадлуу бас мах зөөгөөд байх юм, юу юу болоод байгаам?
Д.Дэмбэрэл: Наад балайгийнхаа яриаг орчуул, юу бувтнаад байгаа юм. Зээлээс болоод малчдын хот харлаад байгаамуу?
“Гологдсон хүүхнүүд”: Хэдий их зээл авнав, хэцүү байна, бидэнд. Биш ээ, монголчуудад.
Д.Дэмбэрэл: За-ссс, дандаа л нэг ийм экстэрмийт юм ярьж байхийм.
Б.Бат-Эрдэнэ: Зээлээс болж малчдын хот харлаж байгаа нь ч үнэн л дээ. Харин Ло Жи Ти гэдэг чинь хаанахын бөх вэ?
С.Баяр: Ложись, ты гэнэ үү? Бөх юм болохоороо хэвт хэвт гээд хэлээд сонсоод сурчижээ, энэ чинь. Харин би бол ч…
Д.Арвин: Хүүе ээ, Баяр дарга чинь хаанаас гараад ирэв ээ. Гэнэт дуугарахаар нь цочлоо шүү. Та чинь зүүдээ ярих гээд паянгаа ярих гээд байнуу даа, хи хи.
Д.Дэмбэрэл: Юун унтаж хэвтэх юм яриад унацгаав аа, та нар. Шоудаж шоудчихаад л өдөр шөнө нь солигдчихсон л улс байхийм. Ахиад нэг зээлийн хууль байгаа шүү, тэсч үз.
Б.Бат-Эрдэнэ: Ло Жись Ты гэдэг чинь бөх биш юм уу. Ложисьтыгийн төсөл гэж юу болж таарч байна вэ?
Д.Дэмбэрэл: Мэдэхгүй. Би чинь та нарыг манцуйндаа чацгаан алджээ хэвтэхэд аль социализмын ид үед ня-богийн мэргэжил эзэмшсэн хүн, ямар нөхөн үржихүйн мэргэжил эзэмшсэн биш. Олон үггүй энэ хуулийг 86 хувиар дэмжицгээ, за дэмжигдлээ (алх цохив).
Д.Батбаяр: Ня Бо гэж хаанахын бөх юм бол доо…
Д.Дэмбэрэл: Гэрманаас авах “Нийслэлийн хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зээл”-ийн тухай хууль гээд энэ нэг юм байна. Хэлэлцсэн болцгооё доо та минь.
Бүлэмцүү баламцуу чи харин дахиж хуцахгүй шүү.
СГ: Тэгвэл үг хэлж болхым байгаавздээ. Зээлийн нутгийг булаагаад хойд зүгийн ахынхаа атомын цахилгаан станц, өмнө зүгийн ахынхаа дэд бүтэц, дээд бүтцийг нутагшуулах гээд байгаа юм биш үү? Бүгдийг нь хөөчихөөд “Монгол хүн ба зээлийн хувьд хаалттай бүс” гээд хилийн багана дээрээ бичиг хадчихаач!
Д.Дэмбэрэл: Энэ одоо архины цагаан солио болчихсон юм уу. Зээлээс болоод харь орны дээд бүтэц манайд буй боллоо гэж юу гэсэн хэл в?
“Гологдсон хүүхнүүд”: Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй. Үгүй ээ, уучлаарай, спикэр өшөөтэй.
Д.Дэмбэрэл: Хол очиж мөөрцгөө! Бүлэг мүлэг ч үгүй та нар энд ер нь үхсэнээ хийж суудгийм. Хамаг асуудал нам, бүлэг, байнгын хороон дээр хаалттай шийдэгддийм. Маяглаад байлгүй, 88 хувиар дэмж!
Р.Раш: Наад тоонууд чинь ямар учиртай юм бэ? 68, 86, 88 ч гэх шиг, дандаа л нэг ийм төстэйдүү тоонууд байх юм. 100 хувь гэвэл сайхан бэлэг дэмбэрэлтэй юм биш үү.
Д.Дэмбэрэл: Харин эд чинь хамгийн сайхан бэлэг дэмбэрэлтэй тоо байхгүй юу. Засгийн газар л тэгж чиг өгсөн.
Чи чинь одоо иймхэн юм асуух гээд л түрүүнээс хойш наад ямбий конооптойгоо ноцолдоод байсиймуу?
Р.Раш: Тийм (ичингүйрэв).
Ц.Нямдорж: Ек гурилын даргаа, куулиа яагаад барькуу байгаамбэ? Ерц бюрдэйгүү байкад чинл төйдөн куувиар, өйдөн куувиар демжикдлээ гед калуураад, кадуураад байкийм. Енэ төйрийн өйндөрлкийн ажлык чинь би насаараа л кийсен кюн шүү. Беткии гурилдаад байгаараа.
Д.Дэмбэрэл: Наад асуудал чинь намын бүлгээр дэмжигдсэн хойно л ярь, за!
Хамаг гишүүд хаачцийм бэ? Хөөе амьтай голтой хүн байнуу, гүйюу? Ау!
Д.Тэрбишдагва: Чоно ульж байна! УИХ-д чоно ороод ирсэн байна таминь ээ. Хүрэлсүхийн чонон сүрэг ороод ирэв үү! Ална даа!
СГ: Зүүднээсээ салж үз, хө. Цаана чинь анги даасан багш маань л боохой болчихоод зээлийн сэг зэм хэмлэх гээд байх шиг байна.
С.Баярцогт: Дэмбэрэл даргаа, тэд нар чинь өөрсдөө л цирк явцанштээ. Юу гэж бидэн рүү дайраад байгааийн.
Д.Дэмбэрэл: Байхгүй циркийн юуг нь үздэгийм?
С.Баярцогт: ОИХ гээд нэг сайхан цирк байгааштээ.
Д.Дэмбэрэл: Манай цирк юугаараа муудаав. Цирк гэнэ шүү, манай УИХ…
Д.Оюунхорол: ОИХ-д очсон хүнийг нохой гурав харагдтал дайлж, мөнгө төгрөг өгч байна гэхчивлээ.
Д.Дэмбэрэл: Алив та нар гараад ойр хавиар яваа улсыг бариад ирээч дээ.
Д.Оюунхорол: Яршиг аа, яршиг. Та чинь л шуугилаа гээд хөөгөөд туугаад байсан биз дээ.
Д.Дэмбэрэл: Хош гэм, чи! Ганц үг гээчихгүй ярзалзчихым, зүгээр. Гараач ээ, гараач, тэр циркээс хүн амьтан олж ир!
СГ: Юун амьтан? Зээл үү? Тэнд л үлдээ юу?
Д.Дэмбэрэл: Өө бүр чи бид хоёр л хоцорчоо шив. Зайлуул даа, чааваас. Чи одоо хэний хүүхэд вэ? Үзсэн л бацаан шиг.
СГ: Москва манай зээлийг авч Чит муждаа нутагшуулна гээд байгаа. Ямар учиртайийн? Гадаадынхныг л ингээд шизотой юм шиг тэтгээд байх юм бол хичнээн зээлийн хууль батлаад яах юм бэ? Дуулж байнуу, чи хөөе!
Д.Дэмбэрэл: Түрүүнээс хойш юу гэж донгосоод байгаа паампарсаа чирсэн нусан жур вэ, чи! Алхны амт үзэх нь л дээ хөөе.
СГ: Монголын түмэн олныг минь балбадаг наад алхыг чинь бяцлаад өгье өө!
Д.Дэмбэрэл: Хурлын олон шавь нар минь ээ, амь авраарай! Аллаа, намайг!
Д.Одбаяр: Чи Дэмбээ ахыг яаж байгаа юм! Муу хулгайчийг нам шаачий! Май чи!
СГ: Ёо ёо, бөлдөгдөөд байхдаа яадын! Хамаг зээлийг чинь алчихаад, чиний баталсан аймгийн сүлд далбаанаас чинь зээлийг авч хаяад байхад, дүнхүү хог вэ!
Дэвхций, дэвхций…Ёо ёо…
Д.Одбаяр: Юу, миний зээлийг алсан гэнэ ээ? Хэн тэр вэ? Тооцоо бодно доо! Хаавайна, тэр дух? Хэл чи!
Д.Дэмбэрэл: Та хоёр зайлаад өгөөч ээ! Хөлөн дээр дэвхцээд, ноцолдоод байх юм. Дунд нь би хэцүүдлээ!
Өө ашгүй гишүүд ч ороод ирлээ. Энэ үнэгүй поогоодоод байгаа хоёрыг нүднээс далдруулаадах (гишүүд салгаж, суудал руу нь гулдран авч явав).
Б.Бат-Эрдэнэ: Будааг коридорт зогсоогоороо унтаж байхаар нь, сэрээлгүй тэр чигээр нь сугандаа хавчуулаад ирлээ. Сэнтий дээрээ нойрсог дээ, хөөрхий. Коноопы нь дэрлүүлчий.
Д.Дэмбэрэл: Та нар тав алхсан Бат-Эрдэнэ аваргатай уралдаад ороод ирэх юм. Циркээс наашаа яаж ийм хурдан гялтганав?
Э.Бат-Үүл: Элбэгээ даргынхаа тэргүүн туршлагаар, улсдаа ганц вертолётоо уулгалан хөлөглөөд, зорилоо хө. Шууд дээвэр дээр нь буугаад л, цөмөрцөрхөөр нь энэ хэдийгээ олс унжуулж, чирээд дэвцэн л дээ.
Ц.Батбаяр: Манайхан яав? Манайхан биш ээ, МАХН-ынхан?
Э.Бат-Үүл: МАНАН-гийнхнаа л авчирсаан. Бусад нь яануу ийнүү ямар хамаатай юм. Гитлер капут!
СГ: Ээ хөөрхий. Монгол хүн цагаан зээл хоёл л нутаггүй болж дээ. Хуланг ч та нал Хятадлуу галгаад элгэж олуулаагүй биддээ?
Д.Дэмбэрэл: Хэн мэддийн! Тэр Хуланг чинь Баяр л гаргасийм байгаавз. Эр эмийн хооронд илжиг бүү жороол чи.
СГ: Жолоолоогүүштээ. Халин тэл зээлнүүд Монголд шүлхий талаагаад, Хятадад бол талаадаггүй, ямал сонин зээлнүүд бэ? Малгааш шүлхий талаалаа гээд манийгаа ч С.Золиг шиг ална, та нал! Энэ улсад монгол хүн ч, монгол амьтан ч амьдалж болохгүй, тээ?
Д.Дэмбэрэл: Нааччинь р үсэг хэлж чадахаа больцым биш үү. Зээр яриад байсан мудак шиг байнашт. Зээл устачлаа гээл, галаапан хаагдуулчгайд байсан чинь муу ямаа л яриад байж ёох ёх.
Тэр яах вэ, нутагтай нутаггүй нь их хурлын бидэнд ямар падлий. Зээл л хэрэгтэй штээ. Алив хурдан саналаа өгцгөө! За, өгсөнд тооцлоо. Алх ч байхгүй, энэ муу мөнжгөрөөрөө л ширээ шаагаад байхаас даа!
Р.Раш: Би түрүүн асуух юмаа асууцийм чинь явж болох уу?
Д.Дэмбэрэл: Яв, яв. Нөгөө галт тэрэгний модээлний цуглуулгаараа л эрхлэх гэж байгаавз, өйлхий, өйлхий. Ингэхэд гишүүд ээ, наад алкаш товарищ чинь одоо хэн бэ?
Гишүүд: "Мэдэхгүй, олон хэлгүй Короолёоны алийг тэр гэхийм", "Дуугүй хүний доодох нойтон гэгчээр нэг дуугарахаараа алж өгдөг юм байна, эд чинь", "Бид нар ёстой огт танихгүй юм байнаа, хаанахын гөсрий вэ?", "Хөөе чи ер нь гишүүн мөн үү?", "Эргээд хэлгүй Короолёо болчлоо, мөн л юм шиг байна" (гэлцэн дүнгэнэв).
СГ: Чих бас согтдог байхнээ. Зээлийн төсөл гэдгийг чинь зээлийн төсөл гээд сонсоод байсанштээ, ий ий…
Ч.Мөнхбаяр
ММХI.II.I
P.S. Бодит баримтуудыг зохих хэмжээгээр ашиглав.

No comments: