Атаман Семёновтой хамт баригдсан хүмүүсийн дотор А.Бакшеев, У.Гармаев зэрэг буриад овогтой гэнэралууд байдаг. У.Гармаев бол Үржин Гармаев гэгч, Манж улсын Цэргийн дээд сургуулийн захирал асан хүн бий. Харин А.Бакшеевийг би сайн мэддэггүй байв.
Гэтэл тэрбээр үнэхээр буриад хүн ажээ. Нарийндаа бол эрлийз, гэхдээ буриадын Багш гэдэг овогтойг бодоход Семёновоос ч илүү буриад цустай байх. 1873 онд төрсөн, Байгалийн казакийн Читийн хороонд Г.Семёновтой хамт алба хааж, үхэн үхтлээ л хамт байж, анд нөхөд явсан шиг.
Дэлхийн I дайн, Оросын иргэний дайнд оролцсон. 1922 онд нэг хэсэг Байгалийн казакийн атаман ч болж явж. Семёнов, Унгерн, Бакшеев, Левицкий гээд гэв гэнэт дэслэгч гэнэрал болчихсон улс байдаг. Тэдэнд Нармай Монгол улсаас ийм цол олгосон гэдэг.
Семёнов, Бакшеев нарыг зөвлөлтийнхөн эх орондоо очвол яах ч үгүй гэж хуурч аваачаад, баахан тамласны эцэст 1946 онд цаазлан хороосон. Семёновын алт эрдэнэс гээчийг хаа байгааг их асууж байцааж байсан гэдэг.
Атаман Семёнов болбоос, 1890 онд Могойт гэдэг газар төрсөн, орос аавтай, буриад ээжтэй нэгэн. Орос аавынх нь эмээ алтан ургийн монгол эмэгтэй байжээ. Тиймээс энэ хүн Монголд их элэгтэй, Чингисийн цус надад буй гэдэг, буриад, халхаар чөлөөтэй ярьдаг, Эрдэнэ гэдэг монгол нэртэй нэгэн байж.
Генерал Врангель пагдгар бахим биетэй, монгол маягийн царайтай гэж түүнийг дүрсэлсэн байдаг. Зурган дээр орос маягийн царайтай байдаг л даа. Тэгвэл зарим зураг дээрээ монголжуу царайтай гарсан байдаг юм байна.
1917 оны тавдугаар сард Семёнов Керенскийд Монгол-Буриадын морин хороо байгуулах санал тавьж, зөвшөөрүүлж байжээ. Тэднийг баруун фронтод байлдуулна гэж байсан гэдэг. Чингисийн монголчууд аугаа хүчтэй, бас манайханд үлгэр дууриал болно гэж ятган зөвшөөрүүлжээ. Гэвч Октябрийн эргэлт санаснаа хэрэгжүүлэхэд нь саад болжээ.
Атаман Семёновын эрдэнэс Монголд ч байж болзошгүй
Семёнов Монголын хамаг томчуудыг таньдаг мэддэг байсан сонин хүн. Энэ тухайгаа дурдатгалдаа бичсэн байдаг. Тэгсэн атлаа хамгийн таньж мэдүүштэй баймаар Сүхбаатарын тухай юу ч дурсаагүй нь сонин.
Үүний учир жанцан Сүхбаатарын үүсэл гарал, зарим үүх түүх маш тодорхойгүй, нууцлиг байдгаас эхэлнэ. Өвөр Монголоос гаралтай гээд л энд яриад байдаг, гэтэл цаад Өвөр Монголд нь болохоор тийм хүмүүс энд огт байгаагүй гэдэг гэх.
Сүхбаатарын аав нь Дамдинов гэх хамниган буриад казак ( хазаг, хозог ) байсан гэх яриа байна. Оросын талаас онц нууц даалгавар үүрэгтэй ирсэн, Жэймс Бонд, 007 агэнт байсан юм байх. Худал намтар мамтартай. Шорон, чайна-таун, гадаадынхнаас мэдээлэл цуглуулна. Тэгээд л Семёнов нууцалсан биш үү.Иймэрхүү яриа бас байдаг.
Сүхбаатар 16 байнуу даа наснаасаа алга болчихсон байдаг гэнэ. Улаач байсан нь төдийлөн эс батлагдана. Гэтэл тэр Омскийн юмуу, Оренбургийн казак цэргийн сургуульд явсан бололтой байдаг ажээ.
Буриад гэнэрал Бакшеев, Семёнов нар
1945 онд баривчлагдаад байхдаа.
Семёновыг манай хүн л Монголын хамаг томчуудтай танилцуулж, нөхөрлүүлж явсан шиг.
Ташрамд 1911 оны хувьсгалд оролцож байснаа Семёнов дурсах дуртай байж. Ямар үүрэг гүйцэтгэснийг нь, 100 жилийн ой угтаад ултай судалж тодруулах хэрэгтэй байх шүү. Лав л монгол хэл рүү армийн холбогдолтой зэрэг ном товхимлыг орчуулж өгсөн нэгэн.
1919 оны Нармай Монголын хөдөлгөөнд Семёнов идэвхтэй оролцсон нь үнэн юм. Гэхдээ цагаантны хөдөлгөөнд мөн л идэвхтэй оролцож байжээ.
Нармай Монголынхон юуны өмнө Хүрээ, Халхыг чөлөөлөх хэрэгтэй, Дээд Үд, Буриадыг чөлөөлөх хэрэгтэй гэдэг дээр санал хуваагдаж, Семёнов Нэйс гэгээн, Норимпил гүн нарын болон бусад цэргийн хамт Дээд Үд рүү оджээ. Тэнд өвөрлөгч нар яах нь мэдэгдэхгүй удтал хагас хорионд байсны эцэст Халх руу хөдөлсөн. Тэднийг гэнэрал Левицкий нарын казакууд зогсоох гэх нэхэж очоод, Галуут нуурын дэргэд хядуулсан байдаг. Нармай Монголын дэслэгч гэнэралуудын нэг ингэж үрэгдсэн. Харин өвөрлөгчид Хиагтад ирээд хятадуудад мэхлэгдэн алагдсаан.
Семёнов Алс Дорнодод хүчирхэгжиж байгаад, нэлээд алт эрдэнэстэй болсон. Тэр эрдэнэс хаачсан бэ гэдэг нь оньсого болон үлдсэн юм. Монголд мөн Үнгэрний, Колчакийн алт буй гэдэг буй бөлгөө.
Хоёр сая казакийг тамлаж устгахад монгол казакууд ч хэлмэгдсэн
Дэлхийн нэгэн аймшигт ялт хэрэг нь оросууд өөрийн нэг ястан (цэргийн давхарга ч гэдэг) болох казакуудыг устгах гэсэн явдал юм.
Октябрийн эргэлтийг, Орос орон, хаан эзэн, хууль ёсондоо үнэнч казакууд тууштай эсэргүүцсэн. Үүнд хорссон Ленин, Троцкий, Свердлов, Цурюпа нарын еврей удирдагчид казакуудыг хүйс тэмтрэхээр шийджээ. Свердлов ялангуяа их идэвх санаачлагатай байжээ. Троцкий, өөрийн зохион байгуулалт хамгийн сайтай хүч тул устгах хэрэгтэй хэмээсэн. 1917 оноос устгаж эхэлсэн. 1919.1.24-нд бүх казакуудыг зөвлөлт засгийн дайсан гэж зарласан. 1919.3.16-нд казакуудыг устгах албан ёсны шийдвэр гарчээ.
Станица гэдгээ село, деревня болгож өөрчил, казак биш орос гэж өөрсдийгөө хэлж бай гэсэн. Газар газар янз бүрээр устгаж эхлэв. Тав юм уу, арван хүн тутмын нэгийг, жагсааж байгаад л шууд буудна. Дээрэм гаарч, казакуудын хувцсыг өмссөн орос ядуучууд буй болов. Тэднийгээ хүртэл казак гээд л өчиггүй буудаж байжээ.
Зүгээр буудахгүй, тамлан тарчилгана. Эм хүн заавал хүчиндүүлнэ, нүцгэлүүлэн доромжлуулна. 60 казак эмэгтэйг сайн байлдсан усан цэргүүдээр оочирлуулан хүчиндүүлсэн байдаг. Екатеринодарт 5-р ангийн охиныг чекистүүд 12 хоногийн турш хүчиндсэний эцэст, модонд хүлж цогшсон модоор төөнөн тамлаж байгаад бууджээ.
1918 онд Елизаветинскийн эмнэлэгт большевикууд ирж, өвчтөнүүдийг хоёр захаас нь сэлэм, сүхээр цавчиж эхэлсэн байна. Зовоолгүй буудаад өгөөч гэж өвчтөнүүд гуйж байжээ. Большевикууд та нар шиг нохдод сум ч хайран, тэгээд ч бидний эсрэг тэмцвэл яадгийг харж бусад нь сургамж аваг гэж байв. Тэндхийн өөр эмнэлэгт сүх, хүрзээр цавчсан байна. Хүүрийг гадаа олны нүдний өмнө ил хаяж ялзруул гэжээ.
Цогцсыг зөөхөөр хүмүүс ороход нэг офицэр тасарсан хөлөө бариад үхсэн байж. Өөр офицэрийн хоёр нүдийг ухсан, заримын нүүрийг цавчин үгүй болгосон, заримын нүүрийг жадаар түм сүлбэсэн, шал цусаар бүрэн хучигдсан байжээ. Цогцос биш, хэсэг хэсэг махнууд л зөөсөн гэж ажилчид ярьжээ. Хоёр сувилагчийг удтал зэрлэгээр хүчиндсэний эцэст бууджээ.
Новочеркасскийн эмнэлгийн өвчтөнүүдийг өвөл зөвхөн дотуур хувцастайгаар гудамжинд гаргажээ. Явж чадахаар нь чадахгүйг нь зөөлгөжээ. Бидэнд хувцас өгөөч гэхэд тэртэй тэргүй алах юм чинь гээд шарх руу нь цохих, хөл гарыг хугалах зэргээр зодсоор, 100 гаруй өвчтөнийг алахыг нь алж, заримыг нь үхлүүд орхин хөлдөөжээ.
Персияновка тосгонд 14-18 настай зургаан хүүхдийг нүцгэлж тамласны эцэст буудсан байв.
Вознесенский тосгоны бүх тариачныг жагсааж байгаад пулемётоор шүршсэн. Хүү охин хоёроо алуулсан хөгшин эх уйлан гарч ирэхэд элдвээр доромжилж тохуурхсанаа бууджээ.
Ефремов гэдэг казакийг жадласан атал үхээгүй аж. Гэрийнхэн нь гэртээ оруулаад байтал мэдээд, хоолойг нь жадалж алжээ. Тосгоных нь эмэгтэйчүүдийг утасны кабэлаар, нүцгэлэн ороолгоход зарим нь тэр явцад, зарим нь дараа нь шархаа даалгүй нас барж байжээ.
Тосгодыг, бүх хүнсийг хурааж, өлбөрүүлэх, их буугаар буудах, заримыг түймэрдэн шатаах зэргээр оргүй болтол устгаж байв. Мураев гээчийн залхаан цээрлүүлэх отряд эрчүүдийг дор нь алж, эмэгтэйчүүд хүүхдүүдэд “энэрэнгүй” ханддаг байв гэнэ. Тэр нь нэвт хадсан банзаар шаллаж, дүүрэн хадаас арзайлгасан камэр луу шидэх.
Энэ бол Освенцимийн еврей нар биш,
оросын концлагерьт үхсэн казакууд.
Казак устгах ажиллагаагаар 30 хувийг нь буюу хоёр сая хүнийг алсны эцэст бүрэн номхруулав гэж үзээд зогсчээ. Сайндаа ч биш, талх тариа, эр цэрэг дутагдсан учраас л зогссон аж. Тэгээгүй бол үлдсэнийг нь устгах л байжээ.
Казакуудыг хядах явцад монгол угсаатан казакууд ч өртсөн юм. Дон, Тер, Астрахань, Урал, Байгалийн казак цэрэгт халимаг (бузав), буриадууд алба хааж байлаа. Халимагуудыг мөн тийнхүү устга гэж тэр үед зарлигджээ. Бум гаруй халимаг хүнийг нэн харгис хэрцгийгээр алж хөнөөсөн гэдэг.Дэлхийн II дайнд, хорсч хилэгнэсэн 45 мянган казак Германы талд тулалдсан . Иргэний дайны нэрт зүтгэлтэн атаман Краснов, гэнэрал Шкуро нар үүнийг зохион байгуулахад идэвхийлэн зүтгэжээ. Дайны дараа, зөвхөн Британий ивгээл дор 70 мянган казак зугтан очоод, хоргодож байв. Бүх казакаа өгцгөө гэж Сталин шаардахад, их гүрнүүдээс Англи л, Чёрчилль ашиг хонжоо харж наймаалцсанаас болж, тэр 70 мянган казакийг шилжүүлсэн юм. Амэрик, Франц зэрэг улсууд тэгээгүй. Битгий Орост өгөөч гэж үймэхэд британичууд нухчин дарж, заримыг нь гар хөлөө тас цавчуулсан байдалтайгаар машин, вагонд ачиж, Зөвлөлтөд шилжүүлжээ. Тэд үзэшгүй муухайгаар тамлуулан алуулсан нь мэдээж. Орост ая тал засахын тулд Британи “манай ивгээл дор орцгоо” гэж уриалан ирүүлж байсан байгаа юм. Эзэлсэн орнуудынхаа казакуудыг шууд алж байсны жишээ нь, Хятадад баривчлагдсан Семёнов, Бакшеев нар.
Өдгөө казакууд сэргэж, хэд хэдэн мужийг нэгтгэсэн Казакия улсыг байгуулахыг шаардах болжээ.
Цэрэг ард түмэн казакуудыг болон
анархист онолыг монголчууд бүтээсэн үү
Казак хаанаас үүссэн талаар олон маргаан байдаг. В.Шамбаров, Л.Гумилёв нар касог гэдэг черкес төрлийн үндэстэн, бродник гэдэг түрэг, славын холимог үндэстэн хоёр нийлснээс үүссэн гэжээ. Р.Скрянников монголчууд слав, түрэг нартай холилдсоноос үүссэн гэв. Л.Гумилёв мөн хазар (Афганы хазара биш) нараас гаралтай гэсэн байдаг.
Харин бүх эрдэмтэн Монголын байлдан дагуулал казакуудыг төрүүлсэн гэдэгт санаа нэгтэй байдаг. Монголчууд Кипчак, Оростой байлдахад, дайчин өвөг казакууд талд нь орж, их тус болжээ. Тиймээс тэдэнд Днепр, Донд их хэмжээний сайхан газар оноож өгч, эрх чөлөөтэй болгон дархалжээ. Тийшээгээ эрх чөлөөг хүссэн слав голдуу тариачид хамжлага, дарлалаас зугтан очиж, ихээхэн славжуулжээ. Тэд эрх чөлөөнийхөө хариуд Алтан Ордод үнэнчээр зүтгэж, дайн тулаанд нь оройлон оролцдог байв.
Түргүүд янычар буюу шинэ цэрэг гэдгээ бэлтгэхдээ, христ шашинтны хүүхдийг булааж, дэрвиш гэх хийрхүү лам нараар христийнхнийг үзэн ядагч, улайрсан лал болгон хүмүүжүүлгэж, эцэг эх, эх орныхны нь эсрэг дайруулдаг байв. Алтан Ордынхонд тийм айхтар санаа байсангүй. Гэхдээ эрх чөлөөгөөр шагнаж, өөрийн гэсэн “янычар” буюу казак гэх тусгай цэрэг ард түмнийг бүтээжээ.
Казакийн олон үлгэр туульс “Сармат черкас эхтэй, Сайн хаан Бат эцэгтэй казакууд бид” гэж эхэлдэг аж. Ташрамд хэлэхэд, урьд оросууд Бат хааныг социализмын үеийнх шиг тийм их муу хэлж байгаагүй юм шүү.
1380 онд оросжисон казакууд Доны Дмитрийн талд орж, Алтан Ордын эсрэг тулалдлаа. Гэхдээ олон талд орж гуйвж дайвсаар байв. Нэг мэдэхэд бүх казакууд Орос гүрний мэдэлд орсон байлаа. Разин, Булавин, Болотников, Пугачёвын гээд казакийн олон бослого гарч, Орос орныг донсолгож байсан. Гэтэл II Екатерина хатан Доныхон л дандаа боссон атал, оросын казакуудыгаа биш, украины буюу Запорожийн казакуудыг 1775 онд хориглосон юм. Цэргийн их хүчээр бүслэхэд нь запорожчууд тулалдъя гэж байсан ч атаман Калнышевский нь бууж өгье гэж шийдвэр гаргасан. Ингээд Запорожийн алдарт казакууд эгэл тариачин украинчууд болж хувирсан. Зарим нь Кубаний казак болжээ. Оросын буюу Доны казакаас бусад бүх казак цэрэг үүсэлтэй юм (Кубань, Тер, Астрахань, Урал, Оренбург, Сибирь, Долоон Ус, Байгаль, Амар, Уссурийн казак зэрэг. Астраханий казакийн атаманаар халимаг Данзан Тундутов сонгогдож байв).
Казакууд тоотой хэд боссон ч, хаант төрийн гол тулгуур байв. Оросын хаан Алтан Ордын бодлогыг өвлөж, үнэнч зүтгэсний хариуд эрх чөлөө олгодог байв. Казакууд эзэн ноёнгүй, сонгогддог атамантай, их хэмжээний газартай, татвар бараг төлдөггүй байлаа. Анархизм буюу засаглалгүй байгууллын онолыг үүсч хөгжихөд Бакунин, Кропоткин зэрэг оросууд их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд казакуудаас (өөрөөр хэлбэл монголчуудаас) их санаа авсан гэдэг. Тиймээс ч хожим Запорожийн казакийн хойчис Нэстор Махно жанжныхаа удирдлаган дор дэлхийн хамгийн анхны бөгөөд цорын ганц анархист БНУ-ыг байгуулж асан.
Ийм эрх чөлөөтэй улс яаж пролэтарийн диктатурыг хүлцэх вэ дээ.
Ч.Мөнхбаяр
MMXI.I.XXV
1 comment:
Sonirholtoi bailaa, bayarlalaa. Oros tur bol ugaasa uudgui turduu.
Post a Comment