Tuesday, July 27, 2010

Монголд албан ёсоор нэг ч монгол хүн алга



Энэ янзаар бол Монгол улс сөнөж, Халх улс ч үүсч магад!

Монгол улсын хүн ам 2,8 сая. Богд хааны үеийн 618 мянгыг бодвол тав дахин их тоо мэт санагдаж байгаа биз. Уг нь 20-50 саяул байвал о’кей болох ёстой Монгол улсын хүн ам яаж нэг хэдэн арав дахин өсөх бол доо. 
Манай хүн амын өсөлт буурч байна гэх юм. Мянга мянгаараа Казахстан руу нүүдэллэвч, өнөр гэр бүлийг эрхэмлэх исламынхны уламжлалд үнэнч байдгийнхаа ачаар ердийн өсөлтийн хувьд улам ч ахицтай яваа казахуудын жишээ бэлээхэн дэргэд байж байхад шүү.
Саяхан үүнийг бичигч бээр анкетын “яс үндэс” гээч, жишгээс гадуур асуултад “монгол” хэмээн хариулаад орхитол хариуцлагатан эр хачирхан гайхаж, алдаагүй бөглөхийг анхааруулан, шинэ хуудас сарвайж билээ. Монгол гэдэг үндэстэн огт байдаггүй мэт л тэр хандсан!

Улс оронд маань сая сая монголчууд амьдардаг гэдгийг, сонин хэвлэлийн хуудаснаа сул угийн үүрэг гүйцэтгэх “монголчууд монголчууд” ч нотолном бус уу. Гэтэл тэдгээр сул үгтнүүд нь өөрсдийгөө албан ёсоор монгол гэж нэрлэх эрхгүй юм бол Монгол улсад албан ёсоор нэг ч монгол хүн байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Анкетын асуултад багаас хэвшүүлсний дагуу “халх” гэж хариулаад монгол гэдэг ойлголтгүй газраас зайлан одож билээ л.
Ер нь “халх”, “монгол” хоёр тийм айхавтар ялгаатай, “монгол”- оо “халх” нь алдаатай болгодог, “халх”-аа “монгол” нь харин үгүйсгэдэг харш ойлголтууд болж байна уу. Энэ явц үргэлжлээд байвал зарим садан төрлүүд маань “Бид монгол биш, буриад, халимаг, ойрд” гэдэг шиг “Монгол биш ээ, халх” гэсэн байдалд хүрчихэж мэдэх юм. 
ЗХУ-д сурч байхад нэгэн нөхөр маань өөрийгөө “халхасец” хэмээн учирлаваас шинэхэн буриад танил “У вас так много хакасцев?” хэмээн гайхаж байж билээ.
Ар, Өвөр, Ойрд, Буриад, Тува болон бусад Монголын омог бардам хүн ардыг титим адил нэгтгэх Монгол гэсэн нэрийг мартуулж чадваас хоёр толгойт бүргэдийн савар, холбирон мушгирах луугийн эвэрт мөргөн сөгдөх нь лав хэмээсэн түрэмгийчүүдийн бодлого тусгаар тогтносон улсад маань хэвээр үйлчилнэм биш үү гэсэн нэгэн бодол эрхгүй ургах аж.
Өдгөө, зарим монгол аялгууг сонсоод бид юу ч эс ойлгон толгой сэгсэрдэг нь монгол бус, огт өөр өөр үндэстнүүд болчихоод англи хэлтний асуудалд орноо гэсэн үг биш байлтай. Монгол үндэстэн диалектээр баян гэдгээр, аль ч газрын монголчуудад утга зохиолын хэлний үүрэг гүйцэтгэж чадах нэг л монгол хэл бий гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Жишээ нь, фриз байерн хүмүүс өөр өөрсдийн аялгуугаар ойлголцох гээд үзвэл тамиль тагалаар харилцсанаас өөрцгүй болдог гэлээ ч, хэн тэднийг германчууд биш гэж мэтгэх билээ дээ. Аялгуу нутагшил зэргээр Монголоо үгүйсгэгчид минь ээ, хэдий болтол Монгол нэг ч монголгүй байх юм бэ? Нэг нь ч хоцролгүй нэрээ хэвшүүлж, нийтээрээ монгол гэдгийгээ баталцгаая.
Ч.Мөнхбаяр. 1995

No comments: