Tuesday, July 27, 2010

Судлаач Ц.Ганбаатар амь үрэгдсэн хэрэгт хариуцлагагүй хандсан ЗГ огцрох болзлоо хангав



Айраг суманд хятадын "Энжүмэн" компаний даварсан захирал Жан овогт нар газар усныхаа төлөө тэмцсэн Сүхболд гэдэг залууг дахин дахин машинаар дайрч, балбаж нүдэж алсан балмад хэрэг гарсан билээ. Тэгэхэд миний бие, Сүхболдод баатар цол олгоё, ийм хэрэг гарсан тул ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулах хэрэгтэй гэж  бичиж л байсан. Гэвч эрхэм ерөнхийлөгч Сүхболдыг шагнаа ч үгүй, аяллаа хойшлуулаа ч үгүй.
За тэгээд айлчиллаа. Хятадын Их тэнгэрийн цогцолбор нь болох газрын ойролцоо Цагаан үүл гээд сүм байх. Тэнд манайхныг бараалхуулсан байгаа юм. Чанчун гэдэг, шашны тэргүүн хамба нь Чингис хаан руу зорчин очиж уулзсан түүхэн үйл явдалд зориулан босгосон, бумбын (даосизм) ёсны сүм юм билээ л дээ. Эзэн Богдыг маань Дундад гүрний хаан хэмээдэг хятадын төрийн томчууд энэ сүмд ихээхэн ач холбогдол өгч, мөргөж хүндэтгэдэг аж. Чингээд эхлэхээр нь манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Дагаад мөргөвөл хятад шашинд орсон болчих гээд, эс мөргөвөл Чингис хаанаа үл ойшоосон болчих гээд. Бантсандаа тэрүүхэн тэндээ мэхэлзэн бөхөлзсөн дүр үзүүлээд өнгөрсөн юм гэв үү дээ.

Их хаан маань эрдэм номд нэвтэрхий нэгэн асан тул, Чанчун бумбатай захидлаар харилцаж, ном хаялцдаг байж л дээ. 1219 оны захидалдаа, бидний өвөг бол Хүннү гэсэн нь чухаг мэдээлэл болж, хүннү түрэг үү, монгол уу гэсэн маргааныг таслахад үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хуулбар нь манай ШУА-д буй. Бусад захидалд нь ч чухал мэдээлэл байж болох хэдий ч, энэ шашныхан яагаад ч юм нууцлаад ил гаргадаггүй юмсанж. 
Харин тэр удаад, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Хятадын томчууд бүх захидлын хуулбарыг өгнө гэжээ. Эзэн Чингис хааны өөрийнх нь захидал гэхээр ямар үнэлж баршгүй дурсгал болох нь тодорхой. Харин ерөнхийлөгч маань хэр үнэлсэн юм бол, тэр талаар ярьсан хэлсэн нь төдийлөн дуулдаагүй.
Элч төлөөлөгчид маань Шанхайн Экспо-2010 хэмээх, дэлхийн хөгжил дэвшлийг харуулсан үзэсгэлэнг сонирхсоон. Хятадын павильон нь гэж томоохон музей шиг юм байсан агаад, түүхийн хэсэгт нь Чингис хааны баримал байсан, бас л манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Мэхэлзэж бөхөлзвөл Чингис бол Хятадын хаан, бид бол Хятадын хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн болчих гээд, эсбөгөөс их богд эзнээ эс хүндэтгэсэн болчих гээд. Дундуур нь л аргацааж дээ.
Гэтэл Монголын 300 гаруй сая төгрөгөөр (хятадууд мөнгөөр тусалсан гэж байгаа) боссон павильонд нь хэдэн гэр дээр динозаврын хагархай өндгийг дүрсэлж гэж таамаглаж болохоор нөмрөг тохчихсон,  манайх гэж үлэг гүрвэлийн үеийн хоцрогдсон орон гэж ойлгогдохоор, хэдэн архи, ноолууран цамц өрчихсөн  угтаж, төлөөлөгчдийг шалз булз түлсэн юм гэдэг. Ажлаа хүндэтгэдэггүй юмаа гэхэд, ерөнхийлөгчөө хүндэтгэж болмоор доо. Тэгсэнгүй ээ.
Энэ бүхнийг юун учир нуршив гэвэл, сүмд бараалхахад ч, үзэсгэлэнтэй танилцахад ч, МУИС-ийн багш, Бээжингийн их сургуульд хятад судлалаар докторын зэрэг хамгаалахаар суралцаж, багшилж асан, манай авъяаслаг, ирээдүйтэй залуу судлаач Ц.Ганбаатар ерөнхийлөгчид орчуулагч хийн үйлчилж явсан байгаа юм. Тухайн үеийн хэвлэлүүдэд ч тэгж дурдсан.
Ц.Ганбаатар Чингис хаан, Чанчун бумба хоёрын уулзалтын талаар эртнээс судалсан, энэ сэдвээр докторын цол хамгаалах гэж байжээ. Чингис хааны нууц захидлуудыг ил болгож шинжлэх ухааны эргэлтэд оруулах нь Монгол улс үндэстэнд маш их ач холбогдолтой гэж үздэг, хэрэгжүүлэх гэж хөөцөлдөж тэмцэж явдаг хүн асанж. Тэрбээр Цагаан үүл сүмд байхдаа, энэ санаагаа ерөнхийлөгчид хэлж, ерөнхийлөгч ч тэр талаар асуухад хятадууд тулгамдаад, хуулбарыг нь өгнө гэсэн бололтой байдаг.  Энэ үйл явдалд Ц.Ганбаатар маш их баясч, чухам аз жаргалын дээдэд умбан явж дээ. Мөрөөдөл биелнэ гэдэг л чухам энэ буюу.
Гэтэл ерөнхийлөгч Хятадаас явсны дараахан Ц.Ганбаатар нас баржээ. Цээжиндээ хутгалуулсан, цоожтой өрөөнд удтал байснаас цогцос нь муудсан байжээ. Хятадын цагдаа нар амиа хорлосон гэж дүгнэж. Өмнө нь гэрэлт ирээдүй гэгээрч байсан тэрбээр яалаа гэж амиа хорлох билээ. Архи дарс хэтрүүлэн хэрэглэдэггүй, ном бичгийн хүний дөлгөөн зан, соёл боловсролтой тэр ирт мэс шүүрэн авч, өөрийгөө бүлэн егүүтгэв гэж үү?
Эрхэм ерөнхийлөгч маань энэ явдалд санаа тавих нь зүй ёсны хэрэг мөн. Түүнд орчуулга хийж тусалж явсан хүн яагаад явангуут нь алагдав. 
Гэтэл санаа тавьсангүй ээ. Ерөнхийлөгчийн зүгээс болон, түүний аппарат, тойрон хүрээлэгчид, хамтран ажиллагсдаас нь энэ ноцтой хэргийн талаар авиа ч гарсангүй. Одоо л, хилийн чанад дахь монголчуудын туслалцаатайгаар зарим зүйл тодорхой болж байна.
Ц.Ганбаатарын үхэл нийгэмд маш их дуулиан шуугиан, хардлага сэрдлэг, зэвүүцэл дургүйцлийг төрүүлж. Ерөнхийлөгчийг ч хардаж сэрдэж буй нь түүний нэр хүндийн талаар эргэцүүлэхэд хүргэж буй. Харин ерөнхийлөгчийнхний зүгээс бас л таг чиг. Ц.Ганбаатар гэдэг эх оронч, эрдэм номтой залуу, Эзэн Богд хааны маань ариун гэгээн захидлууд тэгж таг дуугүй байвал зохих, юу ч биш болж таарч байнуу?
Хар хүний өмнөөс, шар хүн гэгчээр ГХЯ ээлжит болчимгүй алхмаа хийж, гоомой мэдэгдэл хийлээ. Ц.Ганбаатар ямар ч орчуулга хийгээгүй, харин тайлбарлагч байсан гэнэ. Тэр хүн ингэснээрээ ерөнхийлөгчид хамаагүй болчихгүй, тэр хүн сүм, үзэсгэлэнгийн тайлбарлагчаар ажиллаж байсан ч бус. БНХАУ тайлбарлагчийн боловсон хүчний хомсдолд ороогүй, хэн дуртай нь хоёр улсын удирдагчид руу дайрч очоод элдвийг тайлбарлаад ч байдаг юм биш. Ц.Ганбаатар чухам орчуулагч байсан буюу.
"Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хувилбар гаргах эрхтэй ч", "хөрш орнуудыг буруутгаж", "найрамдалт харилцаанд сэв суулгаж", "эмгэнэлт явдлыг улстөржүүлж", "ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар ч хаалттай уулзалт хийгээгүй", "айлчлалын үеэр БНХАУ-ын тал захидлын хуулбарыг өгөөгүй" гэхчлэн, авцалдаагүй, утгагүй үгсээр бүтсэн тэр мэдэгдлийг гадаад харилцааны мэргэжсэн байгууллага маань гаргалаа гэж үнэмшимгүй.
Хэвлэл мэдээллийнхэн одоохондоо хувилбар гаргаагүй байна. Хөрш орнуудыг  буруутгасан юм ч үгүй. Найрамдалт харилцаанд сэв суулгаагүй, хэн ч улс төржүүлээгүй. Ерөнхийлөгчийг хаалттай уулзалт хийлээ гэж  ч хэлж бичээгүй. ГХЯ л харин олон сонин зүйл цухалзуулаад байгаа биш үү? Тэр цухалзуулсан зүйлсээ булж далдлах мэдэгдэл хийх хэрэгтэй болсон бус уу?
Тус яамныхан чөлөөт хэвлэлтэй (өөрсдийнх нь хэллэгээр бол "хувилбар гаргахтай") тэмцэж, үүрэг зорилгоо умартаж байхын оронд, үндсэн ажлаа хийгүүштэй. Тамхины наймаа, мэргэжлийн бус хүн ажиллуулах, харийн бодлогыг хэт аялдах, монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаггүй гээд л хичнээн асуудалтай байгаа билээ дээ. Хэн нь хэнийгээ сургах болоод байгаа бол. Эрхэм сайдад Ц.Ганбаатар агсаныг тайлбарлагчаар нэхэн томилох, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас өөр ажил бишгүй л баймаар.
Ер нь тус яамныхан Монголын иргэн алагдлаа, сураггүй алга боллоо, хохирлоо, хэлмэгдлээ, цаазлагдах ял авлаа гэхэд, хүнээс илүү хэн ч болоод төрчихсөн юм гэлтэй их зан, хүнд суртлаа гарган, санаа тавих байтугай нуун дарагдуулдаг нь бүр ёс уламжлал нь. Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг дээр яаж байв? Манай иргэн Соёлтыг гэм буруугүй атал, үндэсний эх оронч үзлийнх нь төлөө отож байгаад баривчилж хориход хэрхэв? Ц.Ганбаатарын хэргийг үл ойшоочихоод, одоо юу яриад, хүчтэй нөлөөтэй бүхэнд тал засахыг л эрхэм болгож байна? Хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг бус, эндэх албан тушаалтан, тэндэх харь гүрнийг хамгаалдаг юу гээч байгууллага вэ?
Уржнан би "Соёлтыг өмгөөлж хамгаалалгүй, харьтай үгсэн хуйвалдсан, ГХЯ-ны сайд огцрох ёстой!" гээд л бичиж байв. Одоо илүү ноцтой хэрэг гарчихаад байна. 
Сайд яалаа гэж огцордог юм бэ? Урьд нь хариуцлагагүй явдлууд өчнөөн давтагдсаар атал жишим ч үгүй суусаар ирсэн. Гэтэл хүний амь үрэгдчихлээ. Монгол улсын ерөнхийлөгчтэй хамтран ажилласан иргэнээ хэд хоног ч атугай хамгаалж, харж хандаж чадсангүй юу? Ядаж хэн нас нөгчсөнийг тодруулж болсонгүй юу? Монголын сайд, ЗГ огцрохын тулд юу хангалттай байдаг юм бол?
1994 онд Хятадад "Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц" гэсэн ном гарсныг мэдээлэхэд минь ГХЯ-наас бас л харийг өмгөөлсөн мэдэгдэл гаргаж байв. Гадаад харилцааны яам уу, гадаадын яам уу гэж бодогдохоор л байж ирлээ.
Хариуцлагын тогтолцоо гэж хаа сайгүй замхарчээ. Хаана ч үнэндээ тэр ажлынхаа алуурчид нь сууж байдаг болсон буюу. Хүний амь үрэгдлээ ч, хэн ч гэдэг албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө. 7.1-ний 5 хүний амь нас юу болов...
Вэн Зябао дарга, Монголд айлчлахдаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэж хөтөлбөртөө оруулсан байснаасаа гэнэт татгалзжээ. Уг нь Вэн дарга нөгөө хуулбарыг авч ирмээр сэн. Бас л үгүй. Харин манай дарга нар "Вэн Зябао тэнгис далайг гэтлэн ирэв" гэсэн үгүүлэлтэй, Ар Монголын өөртөө засах орны хэвлэл үү гэж андуурмаар агуулгатай сэтгүүлийг айл бүрийн шуудангийн хайрцгаар үнэгүй түгээв ээ. Эрхэм төрийн түшээдийн маань эзэн Чингис Богд нь тэнгис далай гатлан аймаг сумандаа л ирсэн юм байна шүү дээ. Тийм болохоор, Чингисийн захидал, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гээч нь юухан хээхэн төдий л юм шив дээ. Тэр бүхэн юухан хээхэн юм бол Ц.Ганбаатар юу ч биш болж таарах логик харагдаж байна.
Сэтгүүлчид Ц.Ганбаатар, Чингисийн захидлын талаар асууж лавлахад ерөнхийлөгчийн хүмүүс мэдэхгүй л гэсэн байна. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин захидлын хуулбарыг ерөнхийлөгчид өгсөн эсэхийг мэдэхгүй гэжээ. Юуг мэдэх болж байна вэ, бид? Мэдэхгүй гэх үгийн цаана юу ч байж болох аж.
"Ц.Ганбаатар тэгэх хүн биш. Түүнд амиа хорлох ямар ч шалтгаан байгаагүй". Энэ бол МУИС-ийн НШУС-ын тэнхмийн эрхлэгч, найз П.Дэлгэржаргалынх нь үг. МУИС-ийн СНА-ын тэнхимийн багш, Д.Мөнхтөр маань Хөвсгөлд яваа агаад, "Бидний найз Ганбаатар уу? Хоёр Ганбаатар байдаг ш дээ? Ганбаатар яалаа гэж амиа егүүтгэх юм бэ? Хүнд л алуулсан байх!" гэж дэргэд байгаа шиг л тодхон хэлж, дуу алдан гайхширч байв. Их сургуульд тохой нийлүүлэн суусан эрхэм дүү, монгол судлаач эрдэмтэн М.Ууганбаяр: "Би Ганбаатарыг сайн мэднэ. Яавч архи дарс хэтрүүлээд, амиа хөнөөнө гэж байхгүй. Ажил бүтээлтэй, том зорилготой, тохитой томоотой хүн. Ёстой гялалзаж явсан юм" гэж харуусан халаглав.
...2008 оны зун, Бадар-Ууган олимпийн хоёр дахь алтыг авсныг, бас нэгэн анд маань анхны номоо гаргах болсныг хэсэг нөхөд тэмдэглэн хөгжилдсөнсөн. Намайг явж очиход Ц.Ганбаатар "Их сургуулийн анд минь" хэмээн туйлын элгэмсэг дотноор угтаж, тэврэн авсан. Тэрбээр маш өөдрөгөөр, гэрэл гэгээт төлөвлөгөөнүүдийнхээ талаар сэтгэл хөөрөн ярьж байсан билээ. Удалгүй Бээжинд ажлаар очих санаатай байгаагаа хэлэхэд "Би чамайг угтаж авна. Бүх ажилд чинь тусална, үйлчилнэ. Надад итгэж найдаарай. Хоёулаа Бээжингээр сайхан аялах болно" гээд л гарыг минь атган байсан. Нэлээд хугацааны дараа түүнтэй нэг нь маргалдав.  Ц.Ганбаатар: "Бидний яриа нэг л биш болж байна. Ойлголцохгүй болж байна" гэж төв шулуунаар хэлээд, бусдаас уучлалт хүсээд, тааламжгүй уур амьсгалыг соёлтойгоор орхин гарч байсан юм. Түүнээс хойш удалгүй, миний бие Бээжинд их л яаруу давчуу очоод буцсан бөгөөд, түүнтэй уулзаж амжаагүй, "Дараа л нэг тухтай..." гэж бодоод өнгөрсөн. Хэзээ ч уулзахгүй байх тавилантай байж дээ...
Нэг хүн Монгол улсын хувьд ямар үнэтэй байдаг юм бол? Үнэтэй л байх ёстой доо.
Нэр хүндтэй эрдэмтэн судлаач, эх оронч, Монголын иргэн, бидний нэг маань учир битүүлгээр алагдчихаад байхад, энэ хэргийг яавч зүгээр орхиж болохгүй. "Ц.Ганбаатарын хэргийн буруутныг олъё, эзнийг олъё!" хэмээн, ард олон маань шаардан тэмцэх хэрэгтэй байна. Хилийн чанад дахь монголчуудын эрх ашгийг хамгаална гэж тунхагласан ерөнхийлөгч маань ч, хамтран ажиллаж асан нөхрийнхөө алагдсан учрыг олохын төлөө, ард олноо манлайлан тэмцэх шаардлагатай боллоо. Гадаад яам ч тэмцэх үүрэгтэй.Энэ нь хоёр улсын найрамдалд харшлах явдал огт биш. Шударга үнэний төлөө санаа нэгдэн ажиллаж байж л найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх ёстой юм. Найрамдал гэмгүй хүмүүсийн үхэл дээр суурилах ёстой юм биш шүү!
Ч.Мөнхбаяр
MMX.VII.III

P.S.Ерөнхийлөгчид, орчуулга хийн хамтран ажиллаж байсан эрдэмтэн Ц.Ганбаатар алагдсан дуулиан намжаагүй атал, хуулийн зөвлөхтэй нь хамтран ажиллаж асан, АНУ-ын иргэн  учир битүүлгээр амиа алдлаа.
Тэрбээр Цэцээ гүн оргилд гарахаар аялж яваад, бусдаасаа төөрөлдсөн гэнэ. Алга болсныг нь нэлээд цаг алдаж мэдээлсэн гэх. Хүчнийхэн өргөн хэмжээний самналт хийж байж цогцсыг нь илрүүлээд, осгож үхсэн байдалтай олдов хэмээв. 
Яагаад ерөнхийлөгчтэйгээ хамтран ажилласан хүмүүсийг хамгаалж чадалгүй, учир битүүлгээр үхүүлээд байна вэ?Интернет болон бусад шугамаар олны санаа бодлыг тандан үзвээс, ерөнхийлөгчийг маань элдвээр хардаж сэрдэж л байгаа аж. Ойр орчмынхоо үхлийн төвшинг багасгахгүй бол, нэр хүндэд нь халтай болж мэдэх нь. Олон улсын асуудал ч босч ирж магад. Бусад улсынхан иргэндээ санаа тавьж, амь насыг нь нэхдэг юм байна.

No comments: