Ард түмнийхээ ёс суртахуунгүйг гайхаж хачирхаж, тэднийг зөв зүйтэй замд нь оруулах гэсэн, “садар самуун”-ы эсрэг янз бүрийн хууль, тогтоол мөн ч олон удаа хэрэгжүүлсэн дээ. Тэдгээрт нь “садар самуун” гэж юу болохыг огт тодорхойлоогүй, ер нь бол нүцгэн хүн, сексийн холбогдолтой зураг, нийтлэлийг хэвлэж болохгүй /ТВ-ээр үзүүлэх нь бол чөлөөтэй гэж байгаа/ гэсэн л чигтэй байж ирсээн. Гадаадад бол, хүний эрүүл мэндэд хөнөөлтэй, хүчээр тулгасан, залилангийн сэдэлтэй, үнэн хайр сэтгэл үгүй атал гэр бүл буснихад хүргэсэн зэрэг бэлгийн харьцааг л садар самуун гэдэг, эхний хэдтэй нь холбогдсон бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм билээ.
Садар самууныг сурталчиллаа л гэдэг. Сурталчилгаа гэж юу болохыг дарга нар маань уг нь маш сайн мэдмээрсэн. Гэтэл эротик, секстэй холбоотой мэдээллийг л сурталчилгаа юм гэж ойлгоод байдаг шиг.
Тэдний садар самуунтай тэмцэх нь хувийн эрх ашигтай нь маш их холбоотой. Нэг эмэгтэй гэр бүл үймүүлэхийн эсрэг хуулийн төсөл санаачилжээ. Гурван удаа “факталбал” олны өмнө хамтад нь жигшээж, нийгэмд тустай хөдөлмөр хийлгэнэ гэсэн утгатай тэр хууль байнгын хороог даваад, ерөнхий хэлэлцүүлэгт ороод ирсэн юм гэнэ билээ. Санаачлагч нь нөхөртөө гомдсон эмэгтэй гишүүн. Хэлэлцэхийг эсэргүүцэгчид нь бусад бүх гишүүд. Дарга нарын амрагийн адал явдалд хязгаар үгүй тул, түмний өмнө нүцгэн зогсож, үсээ алаг цоог хяргуулж, элдэв хогоор шидүүлэхийг яахин тэд хүсээ аж дээ.
Олон эхнэртэй байхыг дэмжсэн хуулийн төслүүд цөөнгүй удаа яригдсан. Өөрсдөө олон эхнэртэй болохоор л тэр шүү дээ. Нэг нь нэрийн төдий хуурамч, нийтийн өмнө ил гарахад л хэрэгтэй, нөгөө нь жинхэнэ, залуухан, нууц байдаг. Тэр байтугай олон авгайтай нь ч буй. Тэгээд л, энэ байдлаа, сонгогчдын дургүйг хүргэчихээргүй, хууль ёсны болгох гээд л, пиарчингаар “олон авгайтай болох хэрэгтэй, энэ нь бүсгүйчүүдээ, эх орноо харийнхнаас хамгаалж буй гэгээн үйлс, баатар гавъяа” гээд л яриулаад байдаг байхгүй юу. Дээхэн, парламентэд хүчингийн хэргийг гэмт хэрэгт тооцохгүй гэх яриа газар авч, нэг диптаат тэр чинь хонины бэлчээрт байнга л болж байдаг зүйл шүү дээ гэж бүр үнэнэээсээ гайхчихсан хэлж асан.
Төрийн нэг өндөрлөг ач шигээ охинтой холбогдож, үр хүүхэдтэй боллоо гээд л бичигдсэн. Оргүй худал гэж няцаагдсан. Гэтэл тэр охины найз залуу асан, түүнийгээ булаалгасан найрагч залуу хямраад л явж байсан. Шинэхэн хосын зураг нэг сонины редакцид байсан агаад, өндөрлөгөөс эмээгээд нийтлээгүй.
Өөр нэг өндөрлөг асан хүнийг ДОХ туссан гэж ойлгогдохоор материал сонины тэргүүн нүүрэн дээр гарчихаад байна. Тэр хүн ямар ч гэсэн хаана, яаж эмчлүүлээд илааршихгүй өвчтэй л болчихсон юм билээ. Дэлхий эмчилж чадахгүй ямар өвчин байдаг билээ дээ. Амраг асан залуухан бүсгүй нь паник, цочролд ороод шинжилгээ энэ тэр хийлгэсэн гэв үү.
Тэрхүү даргыг ДОХ туссан мэтээр бичнэ гэдэг том ар талгүйгээр бүтэхийн аргагүй ажил. Тэгэхлээр ер нь ортой л мэдээлэл болов уу. Хөөрхий өвчтэй даргыг золигт гаргаж, түүнд хамаг гэм бурууг оноон тохоон кампанит ажил эхэлсэн шиг байна.
90-ээд онд манай нэг эрхэм гишүүн Бээжингийн зочид буудалд оюутан охиныг хүчирхийлж өнгөний өвчин халдахаасан гэж бичигдэж байсан.
Тэр үед л юм байх аа даа, манай дөрвөн мундаг дарга /тэр үедээ болон, хожим нь бүгд л сайд, өндөрлөг мөндөрлөг болцгоосон/ өөр орон руу явна гэчихээд Бээжинд очиж, нэг охиныг хүчирхийлсэн, дараа нь хятад янхадтай цэнгэсэн, тэгэхдээ бүр хамгаалах хэрэгсэл мэрэгсэлхэнийг ч умартан улайрсан гэж бичигдэж л байсан.
Хятхад, бусад улс руу секс-тур хийх нь удирдах ажилтнуудын дунд ховор содон үзэгдэл огт биш. Тэр хэрээрээ шантааж, барьцаанд ч ордог аж. Манай нэг хүчний байгууллагын офицер эмэгтэй шалан дээр согтуу, нүв нүцгэн хэвтэж байгаа бичлэг хятадуудаас олдож байсан.
Манай нэг элчин том улсын нийслэлд дотоод, гадаадын дарга нарыг орхигдуулах, янхандуулах ажил их хийж байсан аж. Тэндхийн зарим янхныг цалинжуулсан, тэд нь гэртээ дуудлага хүлээгээд бэлэн байж байдаг, яаралтай хэрэг гарахаар жолоочоо илгээж авахуулдаг байсан гэдэг. Элчин маань тус хотын дээд ангиллын янхан эмсийг арван хуруу шигээ мэддэг. Монголын томоохон хэмжээний, өндөр дээд шатны төлөөлөгчид очиход, нэг худалдааны төвийн танхимыг хөлсөлж байгаад, архидан завхайрах орги гээчийг зохион байгуулсан юм уу даа. Элчин өөрөө эвгүй өвчин туссан ч бололтой дуулдаг. Их л бие султай, өвдөмхий, гэмтэмхий болчихсон. Манай ЭСЯ-ны гадна нэг гэр-ресторан маягийн юм байх. Тэнд согтуу сэрэх нь цөөнгүй байв гэнэ шүү.
Орон нутгийн сонгуульд ялсан нэг дарга баяраа хүүхэн хүчиндэж тэмдэглэсэн. Лав л шоронд орлоо гэж дуулдаагүй. Бодвол “тохиролцсон” юм уу, хүүхэн нь хүчиндсэн болж таараа биз ээ.
АТГ-ын даргыг авгайгаа сайжрууллаа гэж бичсэн. Авгайгаа сайжруулна /залуу охидтой ханилж/ гэдэг чинь ихэс дээдсийн маань хувьд энгийн үзэгдэл шүү дээ. Зарим нь олны өмнө дагуулдаг их, орондоо байлдан дагуулдаг бага хатан гэхчлэн хоёр гурван авгайтай. Тэгээд олон эхнэртэй байх хуультай болох хэрэгтэй гэж бичүүлээд, өөрсдөө ч лоббидоод байдаг. АТГ-ын нэг дарга өмгөөлөгч бүсгүйг олон цагийн турш ёсон бусаар хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан…
Манай эрхэм гишүүн эр, сайд эмэгтэй хоёр зодолдсон “инээдтэй” хэрэг гарсан. Сайд бүсгүй гишүүний дүүгийн бизнесэд саад болсон агаад, харин гишүүн маань сексийн аргаар гэсгээн цээрлүүлэхээр дайрсан юм уу даа. Урьд тэд нэг яаманд байхдаа бэлгийн холбоотой байсан ч гэгддэг. Шинэ жилийн баяраар халамцаад, нэг өрөөнд ороод иймээ тийшээ юм болж байтал, нөхөр нь орж ирж баригдсан ч гэлүү зүйл бичигдэж байв. Хожим гишүүн нөгөө эмэгтэйг хөнгөн явдалтай энэ тэр гээд л байсан. Ер нь хөнгөн явдлаар хүнд хэргийг бүтээж амжуулж чаддаг ажил хэрэгч залуу лидер авгай бүсгүй дарга нар өсч нэмэгдэж байгаа дуулддаг.
Өдгөө, гоо охид даруй түргэн дарга, олигархын өвөрт яаравчлан орж, хамгаалалд нь шургалахгүй л бол, гар дамжуулан адгийн янхан болгодог нөхцөл байдал ч үүссэн шиг билээ.
Нэг дарга авгай залуу нууц амрагтай болж, түүндээ төгрөгийг арав хорин саяр нь л шидээд ивээгээд байдаг гэсэн яриа гарсан. Гэтэл тэр авгай нэн ядуу гэж хөрөнгөө мэдүүлжээ. Дүүргийн дарга, хуурамч дипломт эр арын амралтын өрөөгөө түгжихийг мартан сексдэж байгаад мартаж, булай болсон агаад, илрүүлсэн улсыг хөхиүлэн шагнаж, амыг нь тагласан гэдэг. Албаны бэлгийн дарамт гэдэг бол замбараагаа алдчихсан юм байжээ л дээ.
Сайд бүсгүй маань нууц амрагийнхаа эхнэрт баригдаж, гадаа зодолдож байгаад, тэрхүү зураг хөрөгтэйгээ хэвлэлийн баатар болж л байв. ЗГ солигдоход тэр эмэгтэй, урьдхаасаа дутуугүй амттай бялуун дээр л буусан.
Ард түмнийг садар самуунаас салгана, аврана, хүмүүжүүлнэ гээд, Хойд Солонгос, Иран зэрэг гажууд орны хууль дүрмийг хуулж батлаад байдаг дарга нар маань өөрсдөө нэг иймэрхүү л янзтайгаар амьдралд хэрэгжүүлж байна даа. Юун Монголын ард түмнийг хүмүүжүүлэх. ДОХ халдаачихгүй бол их юм.
Ч.Мөнхбаяр
MMX.VII.V
No comments:
Post a Comment