Республика гэж мөн ч сүртэй үг шүү. Олон хэлэнд тэр л чигээрээ орсон. Republic (анг.), Republique (фр.), Republik (rep.), Republica (исп), Repubblica (ит.), Республика (op.) г.м. Ази, Африк, Номхон далайн хэлнүүдэд ч тэр чигээрээ орсон байдаг. Монгол хэлэнд тэр чигээрээ орсон бол “Монгол республик” гэсэн паспорттай явцгаах байж. Хожим юм уу, өвөрмөц хөгжсөн хэлнүүдэд республикийг тун ч олон янзаар орчуулсан байдаг. Reblacht (ирл.), Tasavalta (фин), Dimokratia (гре.), Rzeczpospolita (пол.) Lydveldid (исл.), Cumhurijeti (тур.), Conh Ноа (вьет.), Yinhang (хят.) г.з. Ямар ч орчуулга нь ардын эрх, ардын улс гэсэн утгатай байх аж. Respublica гэх уг латин үг нь ч яг тийм утгатай юм.
Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид төрийн эрх барих засаглалыг Бүгд найрамдах улс хэмээн хятад хэлнээс орчуулсан нь чихэнд сонсголонтой, тэр үеийн бичгийн сонгодог уламжлалд тун их нийцсэн аж. Хөрш улсын эзэн хаад, династийн нэр гуншинг тиймэрхүү янзаар орчуулж нэрлэдэг байсныг уншигчид санаж байгаа. Харин тун харамсалтай нь орчин үеийн хэлний хэм хэмжээ нэвтрээд ирэхэд бүгд найрамдах улс нь нэр томъёо бус, тайлал үгүүлбэр болчихжээ гэдгийг ойлгоцгоосон байна. Өөр ямар ч хэлэнд ийм урт хувилбар байсангүй.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдгээ оросуудын Менер (МНР) гэдэг шиг Бэнмау гэж аргалъя гэхээр хятад ч үг юм шиг сонсогдох нь хэцүү. Уг нь тэр “ард улс” гэдэг нь гарцаагүй л республика мөн байлаа. Хүчилтөрөгч гэдэг шиг нийлүүлээд залгачихвал ардулс (эсвэл ард-улс) гээд тун ч о’кей. Гэвч Монгол Ардын Ард Улс гэлтэй биш, Монгол хамгийн ард хойно хоцорч явдаг улс гэсэн шиг болчихно. Солонгосын Ардын Ардчилсан Ард Улс гэхэд хүрвэл монгол хэлэнд ер нь “ард”-аас өөр үг байхгүй мэт болж, социалист хэл уран зохиолын хөгжлөө үгүйсгэх аюултай. Ингээд л өдий хүртэл БНУ-тайгаа ирж дээ.
Ардын гэдгээ, түмний гэж явж болох л байсан. БНМАУ гэхийг, Монгол Түмний Ард-Улс (МТА), БНАСАУ-ын Солонгос Түмний Ардчилсан Ард-Улс (СТАА) гэх жишээтэй.
Парламентын маань хаврын чуулган намар үргэлжилсээр байдгийн нэг учир нь нэг үгээр хэлчихээр зүйлийг ийнхүү үгүүлбэрээр нуршиж суудгийнх гэлтэй. Тэгээд ажлаа хөнгөвчлөн, БНМУ гэхийг БН-г хасаад, МУ болгон тогтож билээ. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэмээр товчлол доо, МУ гэдэг... Уг нь ч яг л одоо Монгол Ард Улс гээд тогтчихвол тун зүгээрсэн, ард олны сэтгэл санаа ч тайтгарах магад. Аа тийм, Мао Зэдуны нэрийг мөнхжүүлж байгаа мэт болчих нь ээ дээ, энэ МАУ. Гэхдээ заавал МАУ маань МАО-тай адилхан болчихлоо гэх явдалгүй, харин манай МАУ-тай төстэй юм хэмээн ихэмсэг оршиж болмоор. Тэгээд ч нийлмэл үгийн давуу талыг ашиглан ардулс, ард-улс хэмээн хураангуйлагдах боломжтой. МА гэдэг нь ямар ч гэсэн МУ-гаас дээр биз дээ.
Ч.Мөнхбаяр. 1995
No comments:
Post a Comment