Tuesday, July 27, 2010

Гиннессийн номонд орсон алуурчид Монголд ирсэн бололтой


Монгол - террорчдын араанд зуугдсан орон

“Палестины 27, японы 10 террорист Монгол Улсад орж ирсэн буюу, орж ирэх гэж байх магадлалтай” гэсэн мэдээлэл байна хэмээн, хилийн чанадаас Монголын холбогдох байгууллагуудад анхааруулга сэрэмжлүүлэг өгсөн билээ. Манай холбогдох байгууллагынхан ч хэвлэлийн хурал хийлгэж, тэдний орж ирсэн үгүй талаар, бидэнд дээрхээс өөр ямар ч мэдээлэл алга гэж мэдэгдэв.
Христийн сүмүүдийг шалгаж эхлэх нь бололтой. Палестинийхан нь лалын хэт даврагчид, Японд христийн шашин огт дэлгэрээгүй атал тэргүүн чиглэлээ зөв тодорхойлов уу даа, үгүй юу. 
Чингэхийн оронд Чалмерс Малмерсынхаа царай зүсийг ичиж зоволгүй эгц харж сурвал зохистой мэт. Террорч мэтийн үл бүтэх нөхдийг улайлгаж илчилдэг олон улсын аргачлал нь аль эрт яв цав боловсорсныг хичээнгүйлэн дагаваас хандах зүг өөрөө тогтох буй заа.

Загалмайн шашинтнуудыг нэн анхааран байх хооронд нөгөөдүүл нь Увс аймгийн Хяргас суманд амарч цэнгэж яваа сураг гарав. Палестиний сэжиг бүхий 10 гаруй иргэн тэнд буй гэсэн мэдээллээр, террортой тэмцэх хүчин маань алс баруун хязгаарыг зорилоо. 
Урьд манайд, жаргал нь дэндсэн Саудын Араб, Эмирт, Кувейт, Катар зэрэг орны л арабууд ирдэг байснаас биш, мөнхийн дайны байдалтай Палестиний арабууд ирж байгаагүй.
Гэхдээ энэ нь өгөөш байж ч болох. Увсын арабууд нь жинхэнэ террорчид биш агаад, харин хэргийн эзэд орос, хятад, еврей түншүүдийн дүрээр, террортой тэмцэгчдийн ар хударгаар айлчилж, хүндэт зочдын индэрт заларч магадгүй шүү, базарваань.
Манайд террор акци хийх шаардлага нь үгүй асан болохоос биш, Монгол бол гадны зандалчдын хувьд халдашгүй хана хэрэм бус юм. Магадгүй ер нь диваажин нь ч юм билүү. Тэд энд ая тухгүй байх ямар шалтгаан байна вэ? 
Ямар ч шалтгаан байхгүй. Өргөн уудам нутаг, хаос, хавтгайрсан хариуцлагагүй явдал, авлига, харийнхныг тахин шүтэх үзэл, ашигт малтмалын хязгааргүй их сул олз ашиг… Эрхэм гишүүн Г.Занданшатарын “Манай уран алан хядах байгууллагынхны гарт орохгүй гэх баталгаа алга байна” гэсэн нь ч ортой юм шүү. 
Манай орны эргэн тойрон террор-идэвхжилтэй. Хятадын Шинжаан, Нинша-Хуй гэдэг хоёр ислам ӨЗО-нд бага үндэстний зэвсэгт бүлэглэлүүд, зөрчил хямрал бий. Оросын Сибирь бол Кавказын зэвсэгт бүлэглэлийнхний нуувч, ар тал болдог ч учир байна. Нальчик хотноо ноцтой үймээн дэгдээсэн кабардын “Ярмук” хөдөлгөөний хоёр удирдах зүтгэлтэн Кавказаас гараад, Чит мужид, Монголд нэвтрэх зорилгоор зорчиж яваад баривчлагдсан. Хойд хөршийн хил залгаа нутгуудад кавказ, дундад азийнхан багагүй агаад, Эрхүүгээс буриад залуу Шейх-аль-Буряти /А.Тихомиров/, Буриадын имам ингуш эр хоёр, нөхдийн хамт Чеченьд очиж, жихадын /шашны чигтэй дайн/ удирдагчид болсон. Өрнө тийшээ тэр аяараа ислам. Афган, Бирм дэх зэвсэгт бүлэглэлийнхний хянадаг хар тамхины үйлдвэрлэлийн “Алтан намуу”, “Алтан гурвалжин” зэрэг сүлжээний үйл ажиллагаа Монголд явагддаг боллоо гэж хүчнийхэн маань албан ёсоор мэдэгдсэн шүү дээ.


Палестин, Японы террорчид Монголд ямар зорилгоор ирсэн /ирэх гэж байгаа/ байж таарах вэ? 
1-рт, нуугдах. Хил, гааль, иргэний бүртгэл, хүчнийхэнтэй холбоотой алдаа дутагдал их яригддаг. Манай хаос дунд тэд хөрөнгө оруулагч, төсөлчин, мэргэжилтэн, хүмүүнлигийн ажилтан, шашны зүтгэлтэн, төрийн байгууллагын зөвлөх, банкны захирал гэхчилэн аль ч дүрд хувилан дархлагдах боломжтой.
Шонхорчин арабууд гээд л буй. Зөрчил гаргасныг нь хөөчихөөр, “хувилгаан” дүрийг олоод л, өөр паспорт бариад ирдэг. Хөдөө нутагт бараг л микронаци гэдэг бичил улс байгуулаад, дураараа дургиж, дунд чөмгөөрөө  жиргэсэн, шүдээ хүртэл зэвсэглэсэн, нутгийн ард иргэдийг  айлгаж ичээсэн улс байдаг. Тэндээ зандалчлах сургуулиа чөлөөтэй хийгээд л, шонхор барих дасгал үйлдэж байнаа хө гээд сууж байх бололцоотой. Яам, сумын бичигтэй /байдаг ч юм уу, үгүй ч юм уу/ л бол, халдашгүй эрхтэй болж, саахалтын хэртэй ойртвол духанд сум зоох дөхдөг гэж байгаа.
2-рт, санхүүжих. Палестин, японы дээрх хоёр бүлгийнхэн санхүүжилтийн проблемтэй, гишгэх газаргүй болсон улс. Ийм асуудалд орсон бол аврал хаана байх вэ? Монголд. БНХАУ-даа хүн амины хэргээр эрэн сурвалжлагдаж буй этгээд ч манайд гадны хөрөнгө оруулагч гэгдээд л, дарга нарыг маань бараа бологч болгоод л таахалзаж явдаг бус уу.
Арабын ийм тийм шейх шах, японы ийм тийм -сан байна, тэр лиценз мицензээ өгөөдөх, ашгийн 10  хувь чамд гэж мэд гэхэд л бүх асуудал ногоон гэрлээр. Алт зэсээр ч яахав, уран, цөмөө өгөөдхөөрэй гэх юм байгаа биз.
3-рт, террор үйлдэх. Ийм зүйл бүү л болоосой гэж залбиръя. Гэхдээ японы террорчдын хувьд бол, манайд хуран цуглаж, дэлбэртлээ хүчжиж, тэсэртлээ баяжих зорилготой неоколонич капиталистууд, дулангууд, мангасууд дургүйг нь хүргэнэ. 
Афган, Ирак зэрэгт цэргээ илгээсэн улс гүрэн бүрийг залхаан цээрлүүлнээ гэсэн исламын экстремистүүдийн өс хонзон буй юм шүү.
4-рт, хөлсний ажил хийх. Энэ хоёр бүлгийнхэн хөлсөөр тэсэлж дэлбэлэх, буудаж түйвээх, барьцаалж олзлох ажил хийж бас мөнгө олдог юм. Манайд ажил олгогчийн урилгаар ирэх гээд байгаа ч юм билүү.
Ийм дөрвөн зорилгоор ирж магад ажээ. Заллагагүй гийчдийг товч танилцуулбаас:
1937 онд, өнөөгийн Израилийн, Яффа хотноо төрсөн Абу-Нидаль /псевдоним/ үүсгэсэн. Нидаль палестиний террорист “Фатх” байгууллагад элсэж, удирдагч нь болох Ясир Арафатын шадар хүн болсон. Улс төр, дипломатын аргыг мөн хэрэглэнэ гэснийх нь төлөө Я.Арафатыг урвагч гэж зарласан, “Фатх” түүнд эчнээгээр цаазлах ял оноосон. Гагцхүү террорын аргыг эрхэмлэсэн тэр АНБ-аа үүсгэж, 20 гаруй оронд 100 гаруй теракт үйлдсэн. Дэлбэлэх, онгоц барьцаалах, улс төрийн аллага хийх, дайрч хядах г.м. Абу-Нидаль хамгийн олон хүний амь насыг егүүтгэгсдийн жагсаалтад багтаж, “Гиннессийн ном”-онд орсон. 2002 онд Багдадад учир битүүлгээр, сумны шарх олон, нас барсан. Ташрамд тэр, Ирак, Ливи, Сирийн тусгай албадын ивгээл дор байсан агаад, Саддам Хуссейний тушаалаар алагдсан бололтой гэдэг.
1969 онд Фусако Сигэнобу гэдэг хэт зүүний үзэлтэн байгуулсан. Террорын аргаар капиталист нийгмийн гол гол зүтгэлтнийг хөнөөж удирдлагагүй болгоно, дарлагдсан ард түмэн эрслэн босох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн зорилготой. Еврейн сионизм, Зөвлөлтийн ревизионизмыг мөн эсэргүүцнэ гэдэг тэд 70-аад онд Ливан руу зугтаж, тэнд АНБ-тай холбоотон болсон юм. 1972 онд Израилийн Бэн-Гурионы онгоцны буудал, 1974 онд Сингапур дахь “Шэлл” компаний салбар, 1979 онд Гаага дахь Францын консулын газар, 1975 онд Куала-Лумпур дахь АНУ-ын ЭСЯ, 1977 онд Бомбэйн нисэх онгоцны буудал, 1986 онд Жакарта дахь Япон, АНУ, Канадын ЭСЯ, 1988 онд Итали дахь Америкийн армийн офицерын ордон зэрэг рүү халдаж, аллага хядлага үйлдэж, дэлбэлж, барьцаалж байв.
Ч.Мөнхбаяр
MMX.VI.XXX

No comments: