Бүх монголчуудыг нэгтгэх хуулийн төсөл санаачилжээ
Сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Репатриацийн тухай хуулийн төсөл”-ийг 2005 оны XII сард санаачилжээ. 2006 оны 6-р сарын 6-нд төрийн өндөрлөгүүдэд өргөн барьсан байна. Ерөнхийлөгчийн тамгын газар энэ асуудлыг сонирхож, сэтгүүлчийг хүлээн авч ярилцахдаа, Монгол Улсын ерөнхийлөгчид танилцуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Ерөнхийлөгч хуулийн төслийг маань дэмжиж магадгүй байна гэж хэлж буй Ч.Мөнхбаяртай манай сурвалжлагч ярилцлаа.
- Та хуулийн төслийнхөө талаар уншигчдад товч танилцуулна уу?
- Репатриаци гэдэг нь хилийн чанад дахь юм уу, салж тасарсан өөрийн үндэс угсаатнуудаа болж өгвөл бүгдийг нь нүүлгэн ирүүлж, иргэнээ болгож, нэгтгэнэ гэсэн үг л дээ. Өнөөдөр үндэстний нэгдмэл байдлын ач холбогдлыг хүж дэлхий даяар ойлгож, Монгол Улсаас бусад нь бараг бултаар ийм хуультай болоод байна. Эх оронч өвөг дээдэс, ард түмэн маань зуу зуун жилийн турш нэгдэж нийлэхийг хүсч мөрөөдөж байсан, тэмцэж ч байсан. Тэр мөрөөдлийг хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгээд ч нүүдэлчин монголчууд анх репатриацийг санаачилсан ч юм билүү гэж боддог.
- Монголчууд репатриацийг санаачилсан гэснээ тодотгохгүй юу.
- Юань гүрэн унасны дараа Тогоонтөмөр хаан бүх монголчууд нүүн ирж, нэгдэж нийлэхийг тунхагласан. Энэ нь репатриацийн бодлого мэт. Сүүлийн үеийн жишээ дурдахад, XX зуунд манай улсын эх оронч удирдагчид, зүтгэлтнүүд мөн репатриацийн бодлого явуулж, буриад, өвөрлөгч, барга ахан дүүсийг олноор ирүүлж байсан. Монгол төрийн тасралтгүй залгамжлан үргэлжлэх учиртай нэгэн бодлого нь репатриаци байх учиртай гэж үздэг.
- Энэ хуулийн төслийн хэрэгжих боломж хэр байна вэ?
- Би одоогийн байдлаар Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын дэмжих болов уу гэсэн гишүүдэд хуулийн төслөө өгөөд байна. Ерөнхийлөгчийн тамгын газар сонирхсон гэдгийг дээр хэлсэн. Эх оронч итгэл сэтгэл гаргаад төслийг дэмжих аваас, хуулийг санаачлан хэлэлцүүлэхэд ямар саад байх билээ. УИХ-ын гишүүд маань хуулийг баталбал үнэхээр түүхэн том үйл явдал, гавъяа болох юм шүү дээ. Ард иргэд маань улс үндэстний энэ амин чухал асуудлыг ойлгож, дэмжих хэрэгтэй байна.
- Манай иргэд гадагш цагаачлаад байдаг, гэтэл хэн наашаа ирэх юм бэ, тэднийг яаж тэжээх юм бэ?
- Одоо манайд өөрийн иргэдийг цааш нь, өөр угсаатны төлөөлөгчдийг нааш нь цагаачлуулах бодлого явагдаад байна. Тэр бодлогыг таслан зогсоох хэрэгтэй. Түүнээс биш, Монголд амьдрах аргагүй юм биш.
Дэлхийн хэмжээнд ашиглагдахад 50, 100 жилийн нөөцтэй гэгдэх их ордууд манайд байна. Тэр ордуудыг өөрийн хэмжээнд ашиглавал, бүх монгол туургатан буюу 10 сая гаруй хүн манай улсад төвлөрсөн ч хүн амыг олон зуун жил тэжээж, Саудын Араб, Кувейтын иргэд адил баян тансаг амьдруулах боломжтой. Үүний зэрэгцээ улс орныг ч дээд зэргээр хөгжүүлэх боломжтой юм.
Репатриантуудын урсгалыг болон ажлын байрын асуудлыг их ордууд, бичил уурхайн салбар луу чиглүүлж, олон олон Монголын “Клондайк” бий болгох хэрэгтэй байна. Ашигт малтмалаа аль болох өөрсдөө олборлох, борлуулах автаркийн бодлого баримталж, олсон орлогоосоо репатриацийг санхүүжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Энэ талаар төсөлдөө би тусгасан. Гэхдээ энэ нь ашигт малтмалыг зөвхөн репатриантуудад зориулна гэсэн үг огт биш, манай улсын бүх хүн амд л зориулагдана гэсэн үг шүү дээ.
Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол бид баялгаа ашиглаж чадахгүй гэдэг худал. Хамаг хөрөнгө оруулалт маань газар дор байна, гаргаж ирээд л ашиглахад бидний бүх асуудал шийдэгдэнэ.
- Баахан хятадууд ороод ирэх боломж бүрдвэл яах вэ?
- Хууль гэдэг маань тунхаг бус, зохицуулалт шүү дээ. Монгол угсаатанд хамаарахыг нотлох баримт бичиг, хэлний шалгалт шүүлэг зэрэг шалгууруудыг хуулийн төсөлд заасан. Угсаатны хувьд холимог гэр бүлийг жилд ОХУ, БНХАУ-аас тус бүр 100, бусад улсаас нийт 100-гаас илүүг авч болохгүй гэж тусгасан. Мөн энэ хуулиар ирэгсэд буюу репатриантын жилийн квотыг ЗГ тогтооно гэсэн. Эмх замбараагүй, хяналтгүй явдал гарахааргүй байхаар бодож, төслөө зохиосон доо.
Мэдээж хэрэг, авилгачид репатриацийг хууль бус цагаачдыг оруулж ирэх суваг болгохыг оролдоно. Тэдгээр этгээдүүдтэй манай зохих байгууллагууд, эх орноо гэсэн ард иргэн бүхэн тэмцэх ёстой. Тэгвэл таны хэлсэн шиг явдал гарахгүй.
- Хуулийн төсөлд чухам хэнийг монгол туургатанд хамруулахаа тодорхой заасан уу? Манайхан чинь нэг болохоор Монгол Улсын иргэдээс бусад нь монгол биш юм шиг, нөгөө болохоор индиан, япон, унгар гээд бүгд л монгол юм шиг ярьдаг шүү дээ.
- Шинжлэх ухааны үүднээс монгол хэлтэн гэж тооцогддог бүх угсаатны бүлгийнхэн репатриант болж болно. Өвөрлөгч, буриад, халимаг, торгууд, афганистаны могол гээд л байдаг шүү дээ. Мөн тува, алтай нарыг түрэг хэлтэй болсон урианхай, ойрд нар юм гэж үзэн оруулсан. Харин хазар, якут нарыг дурдсан явдалдаа эргэлзэж байгаа. Оруулмаар ч юм шиг, үгүй ч юм шиг. Би шийдэхгүй, төрийн түшээдийн нэгдсэн хичээл зүтгэлээр шийдвэрлэгдэх болохоор учир нь олдох биз ээ.
Репатриацийн асуудлыг ойлгож, дэмжээсэй гэж ард түмнээсээ хүсэх байна. Улс үндэстний хувь заяаг шийдвэрлэх амин чухал асуудал юм шүү. Эзэн Чингисийнхээ гол үзэл санаа болсон монголчуудын эв нэгдлийг бадраан мандуулж, энэ их ойн жил бүх монголчуудаа нэгтгэцгээе. Саяын их ойг тэмдэглэх явдлын үеэр монголчуудыг нэгтгэх асуудлыг сөхөж яриагүй нь харамсалтай.
Ярилцсан Ш.Гэрэлсайхан
Ийм утга агуулгатай ярилцлагыг “Өдрийн сонин”-ы Б.Дашням ахдаа мөн өгч байв.
Сэтгүүлч Ч.Мөнхбаяр: Монгол туургатнаа нэгтгэснээр улс орны бүх хүнд асуудлууд шийдэгдэнэ
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал, төсөл”-үүдээ дэвшүүлж, мөн “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөнийг үүсгэн байгууллаа гэж ХБХ-аар зарласан билээ. Түүнтэй манай ажилтан уулзаж хөөрөлдсөн юм.
— Та уугуулшууллын тухай хуулийн төсөлдөө бүх монгол туургатныг Монгол Улсад нүүлгэн ирүүлэх тухай санааг, элэгшүүллийн тухай хуулийн төсөлдөө бүх монгол туургатныг Монгол Улсын иргэн болгох санааг дэвшүүлжээ. Эдгээрийг хэрэгжүүлэхийн гол ач холбогдлууд юу вэ?
— Монголын хүн ам нэмэгдсэнээр улс гүрэн хүчирхэгжинэ, нийгмийн бүх асуудлууд эергээр шийдэгдэхэд нөлөөлнө. Бидэнд хүн-материал дутагдаж байгаа. Хүн гэдэг хамгийн үнэтэй эрдэнэ, баялаг. Бага хүн амтай байгаа нь манай хөгжилд маш сөрөг хүчин зүйл болж байгаа.
Салж бутарсан ард түмнүүд нэгдэж, үндэстэн-улс байгуулагдах хандлага 19-р зуунаас хүчтэй болж, одоо улам даяаршиж, хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Хөршүүд маань ч уугуулшуулал, элэгшүүллийн бодлого явуулдаг, бусад улсын ийм бодлогыг ойлгож хүлээж авч, хамтран ажилладаг, тусалдаг болсон. Ийм аятай таатай нөхцөл байдлыг бид цаг алдалгүй ашиглаж, алсын хараатай амьдрах учиртай.
— Энэ бодлого хэрэгжвэл, хууль бус цагаачид олноор түрж орж ирэх аюултай биш үү? Хэрхэн сэргийлэх вэ?
— Хууль бус цагаачлалтай хийх тэмцлийг урьдаас дорвитой болгох хэрэгтэй. Энэ тэмцэлд ард нийтээрээ оролцож, сонор сэрэмжтэй байж, мэдээлж, хянаж, гэмт явдлыг зогсоох иргэний үүргээ биелүүлэх учиртай юм шүү.
Би хуулийн төслүүддээ хууль бус цагаачлалын эсрэг тусгайлан анхаарч, Монголын нөхцөл байдалд тохирсон заалтуудыг оруулсан. Мөн эх оронч, монгол туургач үзлийг дэлгэрүүлэх нь үндэс угсаагаараа нэгдэх бодлогыг мушгин гуйвуулахаас сэргийлнэ.
Өнөөдөр ард иргэдэд маань үндэс угсаагаа гэсэн үзэл дутагдаж байна. Тиймээс би Засгийн газрын монгол туургач номнолын концепцийг боловсруулж, багц санал төслүүдийнхээ хамтаар төрийн өндөрлөгүүд, намууд, нэрт зүтгэлтнүүд, ТББ-ууд зэрэгт өргөн барьж байгаа. Монгол улсын болон элэг нэгтнүүдийн монгол туургач нэгдмэл бодлого, хамтын ажиллагааны тухай концепци юм. Монгол улсад сайд тэргүүнтэй Монгол туургатны газрыг байгуулах шаардлагатай гэж боддог.
— Монгол туургач гэдэг нь панмонголист гэсэн үг үү?
— Тэгж ойлгож болох юм. Гэхдээ интермонголист буюу монгол хоорондын гэж гадаад орчуулгад томъёолдог юм уу ч гэж төлөвлөж байна.
— Геноцидийн тухай буюу хүй төрөлгүйтгэлийн тухай хуулийн төсөл тань манай улсыг хөрш гүрнүүдтэй эвдрэлцүүлэх юм биш биз?
— Манай улс эвдрэлцэх биш, тэдэнтэй аль болохоор найрамдаж нөхөрлөж, хамтран ажиллаж байх учиртай. Тийм болохоор, сталинизмын болон соёлын хувьсгалын алдаа завхралуудыг буруутгаж үздэг хөрш гүрнүүдийн албан ёсны байр сууриудтай уялдуулж, энэ асуудлаа гаргаж ирэх, хүлээн зөвшөөрүүлэх бүрэн боломжтой. Геноцидийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрүүлэх, таниулах асуудал нь монгол угсаатныг нэгтгэж нягтруулах, тэдэнд түүхэн сургамжийг ухааруулах зэрэгт их ач холбогдолтой.
— Ашигт малтмалын автарки гэж ярьж буй зүйлээ тодотгоно уу?
— Би ашигт малтмалын тухай хуулийг автаркийн зарчмаар өөрчлөе гэсэн уриалга гаргаад байгаа л даа. Автарки гэдэг бол бүхнийг өөрөө хийх зарчмыг илэрхийлдэг эдийн засгийн нэр томъёо. Улс орнууд ашигт малтмалын салбартаа автаркийн бодлогыг баримталдаг нь түгээмэл чиг хандлага юм. Мэдлэг туршлага, хүн хүч дутлаа гэхэд гадаадын компанийг хөлсөлж ажиллуулдаг, харин тэдэнд хөлснөөс өөр зүйл санал болгодоггүй болжээ.
Ашигт малтмалын автаркийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хөрсөн дор маань хадгалаатай байна. Бүрэн боломжтой асуудал.
— Төрийн хас сүлдний тухай санал тань бас болгоомжлолыг төрүүлж байна...
— Болгоомжлох хэрэгтэй. Тийм ч болохоор би морин хас, шонхор хас, чонон хас, таван толгойт хас зэрэг хувилбаруудыг дэвшүүлсэн. Хас бол монголчуудын унаган шүтээн учир, төрийн сүлдэндээ залбал ард түмний хийморь лүндаа сэргэнэ.
— Сүүлийн үед монгол бичгийн төлөө хөдөлгөөн хүчтэй боллоо. Үүнтэй холбогдуулаад, та латин үсгийн төслөө дэвшүүлэв үү?
— Би 1992 оноос хойш энэ төслөө тасралтгүй сурталчилж, дэвшүүлж ирсэн. Таны хэлсэн хөдөлгөөнтэй шууд хамааралтай биш ээ. Монгол бичиг бол ард түмний маань соёлын салшгүй нэг хэсэг, монгол бичгийг мэдэхгүйгээр эх хэлээ таньж мэднэ гэж байхгүй. Нийт монголчуудыг нэгтгэн нягтруулахад ч тустай. Гэхдээ 90-ээд оных шиг алдаа завхралыг дахин давтвал улс орны маань соёл боловсрол тэсэхгүй байх шүү гэж хэлмээр байна. Тэр үеийн алдаатай үйл ажиллагаанд шууд холбоотой цөөн тооны хүмүүс гэнэт олон жилийн өмнөх үгээ давтаад гарч ирж байгаа нь гайхлыг төрүүлж байгаа. Ард түмэн хэрэг явдлыг мартаагүй шүү.
— Та “Нэгдсэн Монгол” гэдэг хөдөлгөөнийг өвөрмөц зохион байгуулалттайгаар үүсгэлээ гэсэн. Тэр талаараа ярина уу?
— Энэ бол ямар ч зохион байгуулалтгүй, сайн дурын хөдөлгөөн. Дугуйлан, жагсаал цуглаан, акци зэрэгт түр зуурын удирдлагатай, хэсэгчилсэн зохион байгуулалттай л байж болно. Тиймээс удирдлагыг нь худалдан авах, үйл ажиллагааг нь завхруулах зэрэг боломж байхгүй. Нийтлэг үндэслэлүүд бүхнийг шийднэ. Түүнд таарч тохирохгүй бол “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн ч биш, гишүүн нь ч биш болох юм.
Ард олныг өргөнөөр Монгол улс үндэстний төлөө үйлсэд уриалан дуудсан хөдөлгөөн. Энэ дашрамд хэлэхэд, дээрх санал төслүүдийн бүрэн эхийг moenhbayar.blogspot.com-оос уншиж танилцаж болно.
Энэ ярилцлагыг “Өнөөдөр” сонины найз А.Баасандорждоо өгсөн болно.
Дээрх ярилцлагуудад үгүүлэгдсэн санаануудаа сурталчилж, хэрэгжүүлэх арга замыг хайн явтал харин нөхцөл байдал өөрөөр эргэсэн болохыг дор буй гурван материалаас ойлгож болно.
Бүх монгол туургатныг Монгол улсад нүүлгэн ирүүлж нэгтгэх (уугуулшуулал, репатриаци) үзэл санааг 2001 онд олон нийтэд хандан дэвшүүлж, 2005 онд, холбогдох хуулийн анхны төслийг нийтлүүлж, 2006 онд төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж байснаас хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Тэгэхэд ерөнхийлөгчийн хүмүүс надтай хэдэнтээ уулзан ярилцсан юм. Чингээд, уулзалтуудын үр дүнг тусгасан, ерөнхийлөгчид үзүүлэх танилцуулгыг бичихийг надад итгэн даалгасан. Түүнийг, уншигчдад сонин байх болов уу хэмээн толилуулж байна.
Монгол Улсын “Репатриацийн тухай хуулийн” төслийн тухай ТАНИЛЦУУЛГА
2006 оны 6-р сарын 6-нд чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр дээрх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргэж өгсөн билээ.
Уг төсөл нь монгол угсаатныг нэгтгэнэ гэсэн төрийн бодлогыг тунхаглах чанартай бөгөөд, бүх монгол угсаатны төлөөлөгчид Монгол Улсад чөлөөтэй нүүн ирэх эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьжээ.
Репатриацийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь монгол угсаатныг нэгтгэх; үндэстнийг сэргээн мандуулах; элэг нэгтнээ хамгаалан тэтгэх; тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэх; геополитик, стратегийн нөхцлийг сайжруулах; хөрш болон бусад улсуудтай тогтоосон найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж зохиогч төслийн “Нийтлэг үндэслэл”-дээ дурдсан байна. Мөн:
- хүн ам бага зэрэг таагүй байдлыг арилгана;
- оюун, эдийн засаг, соёл, батлан хамгаалах, оршихуйн потенциал өснө;
- газар нутгийн эзэмшигдэх түвшин нэмэгдэнэ;
- боловсон хүчин ба ажиллах хүчний дутагдал багасна;
- эдийн засгийн бүтэц сайжирна, хөгжил эрчимжинэ, зах зээл өргөжнө гэх зэрэг ач холбогдлуудыг дурджээ.
Энэ хуулийн репатриаци, репатриант гэсэн нэр томъёог монгол хэлээр илэрхийлж, монгол хөрсөнд буулгамаар санагдана. Зохиогч төсөлдөө:
- монгол хэлтэн угсаатны бүлэг;
- түрэг хэлтэн тува, алтай, сарт халимаг;
- перс хэлтэн хазар угсаатны бүлэг зэрэгт хамаарах гадаадын харъяат нь эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхдийн хамтаар репатриант болох эрхтэй гэсэн байна. Түрэг, перс хэлтэн дээрх угсаатнуудыг монгол үндэстэнд хамруулах нь эргэлзээ төрүүлж байна.
Репатриантад горилогчийг аюулт өвчинтэй, гэмт хэрэгтэн, үндэсний эрх ашигт харшлах зэрэг үндэслэлүүдээр репатриант болгохоос татгалзана гэжээ. Эх монгол хэлээ эзэмших боломжоор хангагдсан байдаг БНХАУ-ын иргэн монгол хэлний шалгалт, шүүлэг өгөх шаардлагатай гэсэн байна. Репатриантын квотыг Засгийн газар тогтооно, угсаатны хувьд холимог гэр бүлийн квот жилд БНХАУ, ОХУ, БНАфгУ-аас тус бүр 100, бусад улсаас 100 гэр бүлээс илүүгүйгээр тогтоогдоно гэсэн байна. Репатриаци Монгол Улсын эрх ашигт харшлахааргүй байхыг бодолцсон хангалттай хязгаарлалтууд тогтоожээ гэж санагдав.
Репатриант урьдын харъяаллаас гарсан хойноо Монгол Улсад репатриантын журмаар ирсэн бол ирсэн өдрөөс нь хойш 2 сарын дараа, урьдын харъяаллаас гаралгүй ирсэн бол гарсан өдрөөс нь хойш 2 сарын дараа Монгол Улсын харъяат болгоно гэж төсөлд заасан байна. Уг нь 3-5 жил байдлыг нь харж байж, Монгол Улсын харъяат болгох эсэхийг нь шийдвэрлэнэ гэвэл илүү дээр мэт. Горилогчийн хүсэлт гаргасан бичиг баримтыг хүлээж авснаас хойш 2 сарын дотор асуудлыг нь шийдвэрлэнэ гэсэн нь ч манай нөхцөл байдалд тохирохгүй давчуу хугацаа шиг санагдаж байна.
Төслийн “Репатриантуудад үзүүлэх тусламж” гэсэн бүлэгт ирэх тээврийн зардал, нэг удаагийн мөнгөн тусламж, гэр, хашаа, газар, сууц барих зээллэг, ажилгүйн тэтгэмж, төрөөс даах даатгал, ажлын байр, үнэгүй сургалт зэргийг оруулсан байна. Энэ нь, Монгол Улсын төсвийн хувьд болон бусад талуудын хувьд ч боломжгүй болохоос гадна, репатриант бус иргэдэд тэгш бус хандсан хэрэг болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх магадлалтай юм. Зохиогч ашигт малтмалаас олох орлогыг нэмэгдүүлэх, репатриант бус иргэдэд төрөөс үзүүлэх тусламжийг мөн өсгөх зэрэг замаар асуудлыг шийдвэрлэнэ гэж ярьж байсан нь өнөөгийн бодит байдал, ойрын хэтийн төлөвд төдийлөн нийцэхгүй байна.
Хуулийн төсөлд Монгол Улсын Репатриацийн газрыг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байгуулна гэжээ. Репатриацийн цар хэмжээ тодорхойгүй байгаа, мөн янз бүрийн үе шаттайгаар хэрэгжиж болох тул, шууд Газар байгуулах бус, ажлын цар хэмжээ, үе шатаас хамаарч ямар нэг байгууллагын хэлтэс, мөн Хороо, Агентлаг зэрэг хэлбэрийг басхүү хуульд тусгаж өгөх хэрэгтэй мэт.
“Репатриантуудад туслах Засгийн газрын хөтөлбөр, Репатриацийг дэмжих Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлүүд” гэсэн зүйлүүд хуулийн төсөлд дурдагдсаны дотор репатриацийг ашигт малтмалын олборлолтой онцлон холбож үзсэн байна. Репатриацийг ашигт малтмалын олборлолоос санхүүжүүлнэ, репатриантуудыг олборлол руу татаж, ажлын байраар хангана гэх зэргээр уг салбартай онцгойлон холбосон зүйлүүдийг төсөлд оруулсан байна. Мөн, репатриацийг санхүүжүүлэхэд олон улсын, түүний дотор харъяатуудаа Монгол улсын репатриацид хамруулах сонирхолтой улсуудын тусламжийг авах, сан байгуулах зэрэг бусад эх сурвалжийг ашиглана гэж дурдсан байв.
Репатриаци, ашигт малтмал олборлох гэсэн эмзэг, нарийн, шийдэгдээгүй асуудлыг шууд хооронд нь холбож үзэх нь өрөөсгөл мэт. Ашигт малтмалын үйлдвэрлэлийн олборлол их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаарддаг, гар аргын олборлол ажлын маш хүнд хэцүү нөхцөлтэй, эрсдэлтэй байдаг, тиймээс уг салбар олон тооны репатриантад ажлын байр гаргаж өгнө гэж найдах нь эргэлзээтэй байна. Хөл дээрээ тогтож, төлөвшиж амжаагүй байгаа уг салбарыг репатриацийг санхүүжүүлэх баттай эх сурвалж болно гэж үзэхэд ч эрт байна.
6-р сарын 16-ны өдөр төслийн зохиогч Ч.Мөнхбаярыг зөвлөх Долгоржав, референт … бид гурав хүлээн авч, ярилцсан. Энэ танилцуулгад дурдсан дээрх шүүмжлэлт санаануудыг бид түүнд хэлсэн. Зохиогч ерөнхийдөө төслөө хамгаалах чиг хандлагатай байсан. Репатриацийн бодлого хэрэгтэй гэдэг дээр бидний санал нийлсэн. Туршилтын журмаар цөөн тооны репатриант оруулж ирж, ашигт малтмал олборлох колони байгуулах чиглэлээр ажиллуулж, жишээн дээр нь бодлогыг нарийвчлан боловсруулж болох талтай гэдэг дээр мөн санал нийлсэн юм.
Зохиогч хуулийн төслөө боловсруулахдаа монгол угсаатныг нэгтгэх үзэл санааг шингээж, хууль бус цагаачдад боломж гарч ирэхийг хязгаарлахыг хичээж, репатриацийн бодлогын олон улсын жишгийг тусгаж, өргөн хүрээний асуудлуудыг хамруулахыг чармайж, эх оронч байр сууринаас хандсан байна. Гэхдээ:
1. Репатриаци, репатриант гэсэн нэр томъёог монголчлох;
2. Монгол угсаатан гэсэн ойлголтыг нарийвчлан тогтоож, түрэг, перс хэлтний талаар дурдсаныг нягтлах;
3. Боловсрол, чадвар, эдийн засгийн чадавхи зэрэг үзүүлэлтээр сонгож авах шалгууруудтай байх;
4. Монгол Улсын харъяаллыг шууд олгохоос түдгэлзэж, 3-5 жил байдлыг нь харзнасны дараа харъяаллыг нь шийдвэрлэдэг болгох, мөн горилогчийн бичиг баримтыг хүлээн авснаас хойш 2 сарын дотор репатриант болгох асуудлыг шийдвэрлэнэ гэснийг хугацааг нь сунгах талаар авч үзэх;
5. Репатриантуудад үзүүлэх тусламжийг репатриант бус иргэдэд үзүүлдэг тусламж руу ойртуулж, түвшинг нь бууруулах;
6. Репатриацийн Газрын талаархи зүйлүүдийг нягтлан үзэж, репатриацийн асуудлыг хариуцах бүтцийг үе шаттайгаар өргөжүүлэх талаар тусгах;
7. Репатриацийг ашигт малтмалын олборлолтой онцгойлон холбож үзэхгүй байх;
8. Бодлогыг нарийвчлан боловсруулах зорилгоор туршилтын репатриаци зохион байгуулах;
9. Монгол Улсын бусад хууль эрхзүйн баримт бичгүүдтэй уялдуулах зэрэг чиглэлүүдээр хуулийн төслийг улам боловсронгуй болгож ажиллах шаардлагатай гэж бид дүгнэлээ.
Репатриацийн бодлого байх нь зүйтэй гэж бид үзэж байна. Тийм учраас уг хуулийн төслийг танд танилцуулахаар шийдсэн юм. Тэгээд ч харъяат болгохыг хөндсөн асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг.
Бидний зүгээс ойрын үед хууль гаргаж, хэрэгжүүлэх нь эртдэнэ, манай нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал репатриацийн бодлого явуулахад бэлэн биш байна гэж үзлээ. Гэхдээ репатриацийн бодлого явуулах бэлтгэл, судалгааг эхлүүлэх эрхтэй гэж дүгнэсэн.
Их ойн энэ жил репатриацийн бодлогын асуудлыг дэвшүүлж тавих нь цагаа олсон хэрэг гэж зохиогчийн хэлж буй нь зөв юм. Мөн гадаадын репатриацийн дүнд хүн амаа алдахгүйн тулд өөрийн репатриацийн бодлоготой байх хэрэгтэй гэж зохиогч онцлон тэмдэглэсэн нь ч зөв байна. ОХУ-ын Халимаг улс бүх баруун монголчуудыг репатриациар төвлөрүүлэх бодлогоо хэрэгжүүлж эхлээд, БНХАУ-аас репатриантуудыг авч байна. ОХУ-ын Буриад улсад ч тэндээ буриадуудыг төвлөрүүлэх үзэл санаа байдаг. Өвөр Монголд монголчуудыг төвлөрүүлэх бодлого хэрэгжиж болно. Иймээс репатриацийн бодлогыг явуулахад яаравчлах хэрэггүй ч, цаг алдаж бас болохгүй байна.
Монгол туургатныг өнөөдөр нэгтгэхээс өөр сонголт үгүй
2006 онд ерөнхийлөгчийн аппаратынхантай репатриацийн асуудлыг хэлэлцэн явахдаа, “Үнэн” сонины сэтгүүлч Б.Нацагдоржтой тохиолдож, элдвийг хөөрөлдөн, улмаар хэвлэл мэдээллээр сурталчлая гэлцэж, дорхи ярилцлага бүтсэн билээ. Түүний сонирхсон асуултуудад би бичгээр хариулна гэж байснаа, ерөнхийлөгчийн хүмүүстэй хэлэлцсэн зүйлсийнхээ заримыг сийрүүлж орхисон юм.
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Репатриацийн тухай хууль” хэмээх, бүх монгол туургатныг улс орондоо нүүлгэн ирүүлэх замаар нэгтгэх утга санаа бүхий хуулийн төслийг зохиож, төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдэд өргөн барьжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг ажилтнууд түүнийг хүлээн авч уулзан ярилцсан бөгөөд, хуулийн төслийг Ерөнхийлөгчид танилцуулах нь зүйтэй гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Чухал асуудлыг дэвшүүлэн тавьж буй Ч.Мөнхбаяртай хөөрөлдлөө.
-Хуулийн төслөө товч танилцуулна уу?
-Бүх монгол туургатныг Монгол улсад нүүлгэн ирүүлэх замаар нэгтгэх төрийн бодлогыг тунхагласан, нүүж ирэх эрхзүйн орчинг нь бүрдүүлэх гэсэн төсөл л дөө. Бүх монголчуудыг нэгтгэсний 800 жилийн ойн энэ онд уг хуулийг батлах нь ойдоо өргөх хамгийн том бэлэг болно. Ер нь хуулийг баталбал, монголчуудын зуун зууны хүсэл мөрөөдөл байж ирсэн, нэгдэж нийлэх чин шударга зорилгыг биелэл болгох түүхэн том гавъяа болох юм шүү дээ.
-Репатриаци гэдэг үгийг орчуулж хэрэглэж болохгүй юм уу?
-Латинаас үгчлэн орчуулбал эх орноо өөрчлөх гэсэн үг болно. Эх орноо өөрчлөх хууль гэж болохгүй.
Өөрийн үндэстний гол юм уу, томоохон бүлэг байдаг улсад, тусгай бодлогынх нь дагуу байнга оршин суухаар очиж, иргэн нь болох явцыг хэлж тогтсон, олон улсын нэр томъёо шүү дээ. Гадаад нэр томъёогоор нэрлэгдсэн Монгол улсын хууль байдаг. Тэгэхлээр репатриаци гэдэг үгийг хуулийн гол нэр томъёо болгон ашиглаж болно гэж бодож байна.
-Манай Цагаачлалын тухай хуульд “Хүн амын 0,33%-иас илүү гарахгүй тооны гадаадын харъяатыг Монгол Улсын харъяат болгоно” гэж заасан байдаг. Таны энэ төсөл дээрх хуулийг зөрчиж байгаа юм биш үү?
-Репатриацийн тухай хууль батлагдахад хэд хэдэн хуульд өөрчлөлт орохоос өөр аргагүй. Үндэс угсаатнаа нэгтгэх зорилго нь манай төрийн тасралтгүй залгамжлагдах нэгэн амин чухал бодлого байх учиртай. XX зуунд манай улс хэд хэдэн удаа элэг нэгтнээ олноор ирүүлж байсан. Өнөөгийн бид чадахгүй гэвэл үнэмшилгүй л дээ.
-Хэдэн хүн ирэх боломжтой вэ гэсэн судалгаа танд байна уу?
-Хилийн чанадын монгол туургатны дунд тийм судалгаа явуулах нь хүндрэлтэй. Харин эндээ хэдэн хүн хүлээж авах боломжтой вэ гэдгийг засгийн газрын хүрээнд судалбал квотоо тогтооход хэрэгтэй. Газар нутгийн хомсдол зэрэг хүнд асуудалтай тулгарч байгаа өвөр монголчууд ирэгсдийн олонхийг бүрдүүлэх байх.
-Боловсрол, чадвараар шалгаруулж авахыг төсөлдөө тусгасан уу?
-Хуулийн гол үзэл санаа нь угсаатнаа нэгтгэх, nation-state-ийн зарчмыг гүйцэд хэрэгжүүлэхэд оршиж байгаа учир элэг нэгтэндээ тэгш бусаар хандах хэрэггүй гэж би үзсэн. Гэхдээ хилийн чанадад суурьшихаар шийдсэн хүн ажил, амьдралын потенциал өндөртэй, эрч хүчтэй байдаг. Тэгэхээр өөрийн эрхгүй шалгарал явагдана л даа.
-Цагаачлалын хуульд хамруулах юм уу, Ногоон картын хууль гаргаж болохгүй гэж үү? Тэгвэл илүү ойлгомжтой, дөхөмтэй байх бус уу?
-Үндэс угсаатнаа нэгтгэх үзэл санааны хууль болохоор таны хэлдгээс өөр байх учиртай байна. Цагаачлалын хууль, ногоон карт зэрэг нь өөрийн угсаатныг онцолж үзэх санаагүй байдаг. Репатриацийн хуульд өөрийн угсаатан хүн л хамгаас чухал. Тиймээс ч ирэгчид ногоон карт зэргийг өгөхгүй, шууд Монгол улсын харъяат болгоно гэж хуулиндаа заасан байгаа.
-Давхар иргэнчлэлийн асуудлыг төсөлдөө тусгасан уу?
-Тусгаагүй. Гэхдээ би монгол үндэстэн нэгэн гэр улс болох явцад давхар иргэнчлэлийг хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг сонирхож байгаа. Өөрийн улсын гол үндэстэнтэй элэг нэг гадаадын иргэдийг иргэнчлэлдээ хамааруулж, давхар иргэнчлэлтэй болгодог практик бий. Яг энэ хуулийн төслийг боловсруулахад давхар иргэнчлэлийн асуудлыг тусгах шаардлага гарсангүй. Давхар иргэнчлэл сөрөг нөлөөтэй байж болно гэж санагддаг.
-Та төсөлдөө, ирэгчдэд тээврийн зардал, гэр, хашаа, газар, мөнгө, зээллэг, үнэгүй сургалт, төрөөс даах даатгал гээд маш олон зүйлээр туслана гэж заасан байна. Энэ бүхэн төсөвтэй шууд холбоотой, гэтэл төсвийн хэмжээ маань хязгаартай шүү дээ. Бас, ирэгч болон уугуул харъяатууддаа тэгш бусаар хандах явдлыг дээрх тусламж буй болгох нь байна. Шведэд очсон цагаач нар ажилгүйн тэтгэмж гэх 800 еврог хүртчихээд л, нийгэмд дарамт болдог нь олонтаа гэж дуулдсан. Тийм явдал манайд гарвал яах вэ. Репатриантад цалингийн 2 доод хэмжээтэй тэнцэх тусламж олгоно гэж байна. Гэтэл манайхны тэтгэвэр тэтгэмж ямар билээ?
-Улсын төсвийн нөхцөл байдалтай уялдуулж, тусламжийн талаар төсөлдөө тусгасан. Ашигт малтмалын тухай шинэ хууль төсвийн боломжийг нэмэгдүүлнэ. Унаган харъяатуудаа ч, ирэгч харъяатуудыг ч адил тэгш ивээн тэтгэх бололцоо бүрдэнэ, гэхдээ миний төсөлд тэр бүхнийг тусгах учиргүй шүү дээ. Тусламжийн хэмжээг олон улсын жишгээс доогуур тогтоож, төсөлдөө заасан. Бусад улсад орон сууц, репатриантын тэтгэмж, мэргэжлийн сургалтад үнэгүй хамрагдах эрх зэргийг олгодог, би бол тийм зүйл оруулаагүй. Төсөлдөө үнэгүй сургалт гэсэн нь шаардлагатай бол монгол хэл, зарим хууль тогтоомжийг таниулах курсэд хамруулах, мөн шаардлагатай бол хүүхдийг бэлтгэл сургалтад хамруулахыг хэлж байгаа. Голдуу өвөр монголчууд ирэх тул үнэгүй сургалтад хамрагдах хүн цөөн байх болно. Цалингийн 2 доод хэмжээтэй тэнцэх мөнгийг нэг удаа л олгоно гэсэн. Төсөвт дарамт учруулахгүй байх талыг бодолцсон. Гэхдээ олон улсын жишгийг дагаж, ажилгүйн тэтгэмжийг цалингийн доод хэмжээгээр бодож олгох гэж заахаас өөр аргагүй байлаа. Энэ тэтгэмжийг авах зорилгоор ирэх хүн гарахгүй гэж бодож байна.
Олон улсын жишгээс доогуур тусламж үзүүлэх заалтууд оруулсан учир амьжиргааны чадвар өндөртэй репатриант ирэх болж байгаа юм шүү дээ. Тэр нь бас л нэг шалгарал. Төсөл маань хэрэгжвэл, баруунд очсон цагаачдын явдал манайд давтагдахгүй.
Нийгэм маань тусламж хэрэгтэй бүхэнд тэгш ханддаг болох ёстой. Репатриантын хууль ард иргэдэд хандах шинэ төвшинг тогтоож өгнө.
-Ирсэн хүмүүс уугуул иргэдийн ажлын байр, үйлдвэрлэл-үйлчилгээний орон зайг булааж, зөрчил үүсгэвэл яах вэ?
-Булаана гэх нь зөв үү. Адилхан л монголчууд, Монгол Улсын иргэд шүү дээ. Чөлөөт өрсөлдөөн гэвэл яасан юм. Ирсэн хүмүүс өөрсдөө үйлдвэрлэл-үйлчилгээний орон зай, ажлын байр үүсгэх болно.
Репатриацийг зохион байгуулах нэг үндсэн суурь нь ашигт малтмалыг эх орны эрх ашигт нийцүүлэн ашиглах явдал байх юм. Ашигт малтмалгүйгээр репатриацийг төсөөлөх аргагүй. Репатриантуудын урсгалыг Монголын Клондайкууд руу чиглүүлэх хэрэгтэй байна.
-Алт олборлоход дор хаяж 100 сая төгрөг хэрэгтэй гэдэг. Репатриантууд тийм хэмжээний мөнгөтэй байх болно гэх үндэслэл юу вэ? Бас тэднийг нутаг зааж суулгах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг болно.
-Бага олборлолд төдийлөн их хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Бага олборлолыг зохих ёсоор үнэлэхгүй байх явдал байна даа. Гэтэл бага олборлол олон хүнд ажлын байр, амьжиргааны эх үүсвэрийг өгч чадна.
Нутаг зааж цөлөх гэсэн хэрэг бус. Амьжиргааны, бизнесийн голдрил руу чиглүүлж өгч буй хэрэг гэсэн үүднээс би хуулиндаа хэд хэдэн удаа ашигт малтмал олборлолын асуудлыг онцлон заасан.
Ирэгчид эхлээд “нинжа” маягаар, дараа нь артель, коммуны зохион байгуулалтаар олборлож, улмаар үндэсний их олборлолыг үүсгэхэд хувь нэмрээ оруулж чадна.
Ер нь, бага олборлолыг бага гэлгүй, эх орны, үндэсний олборлол гэсэн утгаар дэмжих хэрэгтэй байна. Өнөөдөр ашигт малтмалын ихэнхийг харийнханд эзэмшүүлчихсэн, тэд болохоор Монголын төрөөс “манай хаягдал шорооноос “нинжа” нар олборлол хийсний нөхөн төлбөр, татвараас бүрэн чөлөөлөгдсөн бид НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн Монголд худалдан авсны нөхөн төлбөр” гэхчилэн сая сая доллар нэхэж, олон улсын шүүхэд хандаж байдаг дүр зураг харагдаад байна. Ард түмний гэж Үндсэн хуульд заагдсан баялгаа илүү үр дүнтэй, зөв зүйтэй ашиглавал хязгааргүй их боломж манайд бий.
Ашигт малтмал олборлох колони байгуулах 2000 ч юмуу хүнийг туршилтын журмаар авчраад, жишээн дээр нь бодлогоо улам нарийсган боловсруулж болно шүү дээ. Ямар ч гэсэн, репатриацийн чиглэлээр цаг алдалгүй алхам хийх хэрэгтэй.
-Соёлын ялгаа их бэрхшээл учруулна даа. Манайхаас явсан казахууд соёлын ялгаанаас болоод идээшиж чадахгүй, буцаж Монголын харъяат болох хүсэлт олноор тавьж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудад тийм өргөдөл хэдэн зуугаараа овоорч байна. 3-5 жил болоод шийдэгдэж байна.
-Казахстаны казахууд эх соёлоосоо хөндийрч, оросын соёлд нэлээд ууссан. Гэхдээ энэ нь манай казахуудын идээшээгүй шалтгаан бус. Эдийн засгийн болон суурьшлын хүнд асуудлуудтай нутгуудад манай казахуудыг суурьшуулж байгаа нь гол шалтгаан болсон.
Гаднаас ирэгч суурьшсан орныхоо соёлыг хүлээж авах чиг хандлагатай байдаг. Манайд ирэгчдийн олонхи болох өвөр монголчууд бол бидэнтэй соёлоор нэгдэж байгаа ард түмэн. Тиймээс соёлын ялгаанаас болж их бэрхшээл гарахгүй гэж бодож байна.
-Репатриаци бол яавч орхиж болохгүй, маш чухал асуудал гэдэг нь ойлгогдож байна л даа. Гэхдээ нэн эмзэг, хэсэг хугацааны дараа ярьж болох асуудал ч гэж ойлгогдож байна. Өнөөдөр цаг нь арай болоогүй гэх сэтгэгдэл хэн бүхэнд л төрөх байх. Тэгээд ч хоёр хөршийн дургүйцлийг төрүүлж болохоор юм.
-ОХУ субъект, автономийг цөөрүүлж, бүс нутгаа томсгох бодлого баримталж байгаа нь цөөнх үндэстнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тиймээс үндэстний асуудлаа багасгахын тулд гадаадын репатриацийг дэмжинэ.
БНХАУ хүн ам их, газар нутгийн хомсдолтой. Газар булаалдах асуудал Өвөр Монголд хурц байгаа. Үүнээс болоод Хятад бас л гадаадын репатриацийг дэмжинэ.
Орос, Хятад хоёр Монголын репатриацид тал бүрийн дорвитой тусламж ч үзүүлж болох юм. Үүнийг улс хоорондын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэх хэрэгтэй гэж би төсөлдөө заасан.
Халимаг улс БНХАУ-ын 150 мянга гаруй ойрд хүнийг репатриацаар ирүүлэхийг зорьж, улсдаа эрхзүйн асуудлаа шийдвэрлэсэн, Хятадтай албан ёсны тохиролцоонд хүрсэн. Туршилтын журмаар 10 мянган хүнийг улсдаа ирүүлэхэд орхигдсон САА сэргэх зэрэг эерэг үр нөлөө гарсан байна. Бас Хятад Халимагт автобусны үйлдвэр байгуулах зэргээр, тэнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд туслана гэсэн байна билээ.
Гадаад нөхцөл байдал тохиромжтой байгаа дээр репатриацийг эхлүүлэх нь чухал. Биднийг репатриацийн асуудалд шуурхай бус хандаж байх хооронд нөхцөл байдал өөрчлөгдвөл яах вэ. ОХУ-ын Халимаг, Буриад руу манай ойрд, буриадууд явах болчихвол хэрхэх билээ. Мөн Хятад Өвөр Монгол руу монгол үндэстнийг татаж төвлөрүүлнэ гэвэл яах вэ? Репатриацийн асуудалд цаг алдаж болохгүй, өнөөдөр л шийдвэрлэхээс өөр сонголт бидэнд үгүй байна.
Ярилцсан Б.Нацагдорж
Монгол туургатныг нэгтгэх алтан боломжийг алдагдуулсан ажилтанд бичсэн захидал
Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Тантай хэдэн үг солилцох боломж ер гарахгүй юм. Тиймээс хэлэх гэснээ бичгээр дамжуулчихъя.
Би 2006.06.6-нд Репатриацийн тухай хуулийн төслөө Төрийн Ордны шууданчид биечлэн хүргэж өгсөн. 6-р сард та болон зөвлөх Долгоржав, хуульч ажилтан намайг хүлээж авч, төсөлтэй танилцах товч уулзалт хийсэн. Тэгэхэд та бүхэн бүгдээрээ л хуулийн төслийн эхний өгүүлбэрийг л хальт гүйлгэж харсан аятай тун ч маруухан ойлголттой, Цагаачлалын хууль байсаар байтал би түүнийг мэдэлгүй бас нэг өөр Цагаачлалын хуулийн төсөл санаачилчихсан мэт зүйлийг ярих гээд байсан. Уулзалтын үр дүнд энэ байдал өөрчлөгдсөн. Тэгээд би Ерөнхийлөгчид үзүүлэх танилцуулгыг төлөвлөж бичиж өгч байсан. Энэ бүхэн 6-р сарын эхээр болсон явдал. Түүнээс хойш 7 сар өнгөрлөө, хуулийн төслийн ажил миллиметрийн төдий ч ахисангүй.
Би уугуулшууллын /Төрийн Хэлний Зөвлөлтэй зөвлөлдсөний эцэст би репатриацийг ингэж монголчилсон/ үзэл санааг өргөн олонд сурталчлах ажлыг хийсээр ирлээ. Эх оронч хүмүүс, байгууллагууд, хэвлэлүүд намайг дэмжиж байна. Харин сурталчлах явцад “Ерөнхийлөгч ямар хариу өгсөн бэ, дэмжсэн үү, эсэргүүцсэн үү?” гэсэн асуулттай байнга тулгардаг. Тамгын газрын та бүхнийг хаацайлсан хариулт өгсөөр ирлээ. Гэтэл ингэж хаацайлж явдаг минь зөв үү гэж бодогдох боллоо. Би тэсвэр тэвчээртэй боловч, тэр нь мэдээж хязгаартай.
Үндэстнээ нэгтгэх, уугуулшуулах нь маш чухал, ер нь ¹1-рт тавигдах асуудал. Энэ асуудлыг Тамгын газрын та бүхэн жижигрүүлээд, өмнө нь томорхоод, хүнд суртал гаргаад сууж байсан тул шийдвэрлэгдэх нэгэн алтан агшин нь алдагдсан. Нэгдсэн Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаж, энэ асуудлыг бүрэн шийддэггүй юм аа гэхэд, шийднэ гэж тунхагласан, мэдэгдсэн бол цаг үеэ жинхэнэ олсон алхам байлаа. Үүнийг би 2006.06.06-нд өгсөн хандах бичигтээ ч бичсэн. Ядаж, бодлого явуулна гэсэн ганцхан өгүүлбэрийг их ойн үеэр Ерөнхийлөгч хэлсэн бол, ойг тэмдэглэх үйл ажиллагааны хамгийн гол нь тэр өгүүлбэр л болох байлаа. Тэр өгүүлбэр хэлэгдсэн бол, бусад арга хэмжээ ч сүрд нь дарагдахуйц тийм их ач холбогдол байлаа. Ерөнхийлөгч маань “Улс үндэстнээ нэгтгэгч эцэг”, магадгүй “Хоёрдахь Чингис хаан” гэгдэн хүндэтгэгдэх улс төрийн их боломж байлаа шүү дээ. Тэр ганц өгүүлбэрийг бэлтгэхэд бүтэн сарын хугацаа хангалттайн дээд хангалттай байсан. Гэтэл тэр алтан эгшнийг хэн хэн хэрхэн яаж алдагдуулав?
Хаанаас хаалгач гэх үг байдаг. Гэхдээ хаалгач ямар байлаа ч, хаан ямагт л дээр нь байх болно, хаан түүнийг захирч, айлгаж, гэсгээн цээрлүүлэгч, чадах нь ойлгомжтой шүү дээ. Америкийн Цагаан Ордны авилгачид Ерөнхийлөгчтэйгээ уулзуулахад саад тотгор хийж, мөнгө төгрөг нэхсэн, авсан тохиолдол гарсныг уншсан. “Арай тийм зүйл болж байгаа юм биш биз” гэж хардаж нүгэл хураагаад яахав.
Би та бүхнээс мөнгө төгрөг, боов боорцог гуйгаагүй. Элгэн саднаараа нэгдэж нийлье гэсэн ард түмнийхээ зуун зууны хүсэл мөрөөдөл, эрмэлзэл тэмүүлэл, сэтгэл зүрхний илэрхийлэл болж, төлөөлж очоод, хуулийн төслийг өгсөн. Үнэн нь тэр болохоор, ард түмэн гэсэн үгийг бичихдээ би огтхон ч ичиж зовохгүй, харин ч бахдалтай байна. Үнэн надтай хамт байгаа болохоор би итгэлтэй ч байна, хүчтэй ч байна.
Улс үндэстний чухал асуудлыг боогдууллаа, эсэргүүцлээ гээд бичиж нийтлүүлээд, жагсаал цуглаан хийлгүүлээд явъя гэвэл чадна. Хамгийн гол нь би хагаралдахаас илүүтэйгээр, та бүхэнтэй хамтран ажиллая гэж бодож ирсэн. Хэрэв надтай хамтарч ажиллахаас татгалзаж, нэгэн эсэргүүцэл дургүйцлийн голомт бий болгоход хүргэвэл та бүхний ажил төрөлд аятай таатай нөлөөлөхгүй нь мэдээж. Үл ойшоосон байдлаа хязгаарлахгүй бол, би юуны өмнө Ерөнхийлөгчид хандсан ил захидал бичиж, дуртайяа нийтлэх, нэвтрүүлэх ХМХ-үүдэд хандах болно, дараа нь үе шатчилсан үйл ажиллагаа явуулна.
Нэгэнтээ боов боорцог гуйгаагүйгээс хойш, надад жижигрээд байх шаардлага алга. 1990 оноос хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, хал үзэж халуун чулуу долоолоо. Үзэг минь ч, зориг минь ч мохоогүй, харин улам хурцлагдсан. Тэмцэж ч үзлээ, бүх л саад бэрхшээлийг туулж ч ирлээ. Хэн нэгэнтэй намайг эндүүрээд байна уу даа.
Ингээд, тодорхой зүйлүүд рүү оръё:
-Надтай уулзаж, хуулийн төслийн ажил ямар байдалтай явагдаж, одоо ямархуу үе шатандаа байгааг ил тодоор танилцуулах албан ёсны хариуг өгөх шаардлагатай байна. Гэхдээ, та бүхэн надтай зөвлөлдөж байж, ажлынхаа хуваарьт зориуд цаг гаргаад намайг урьж уулзах хэрэгтэй. Би бол та нарын хэлсэн цагт түргэн авч очих цэрэг биш. Надад ч бас ажил төрөл байна. уулзмааргүй байвал шуудангаар албан ёсны хариу явуул.
Намайг Ерөнхийлөгчтэй биечлэн уулзуулах боломжийг зохион байгуулах шаардлагатай байна. Өөрөө биечлэн төслөө танилцуулахгүй бол, та бүхнийг хангалттай сайн танилцуулна гэдэгт итгэх боломжгүй болсон.
Ийм хоёр тодорхой зүйлийг би шаардаж байна. 7 сар хүлээж, чирэгдсэний хувьд шаардахаас өөр арга алга. Энэ захидал бол сүрдүүлэг ч биш, гуйлт хүсэлт ч биш шаардлага. Хагаралдалгүй, хамтран ажиллая гэсэн үүднээс шаардлаа. Хэрэв үл ойшоосон, хүнд суртал гаргасан, үүрэгт ажлаа умартсан байдлаа үргэлжлүүлсээр байвал, би дахин ингэж аминчилж харьцахгүй.
Ч.Мөнхбаяр
P.S. Энэхүү захидлыг хүлээн авах ёстой эзэнд нь өгөх гэтэл, ажлаасаа өөрчлөгдсөн байв. Оронд нь томилогдсон залуу миний төслүүдийг алга болсон байна хэмээн, удтал "олоогүй", харин шинээр хүлээлгэн өгнө үү гэсэн. "Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал төслөө" өгтөл, "Улс үндэстэн гэж юу гэсэн үг юм бэ. Бүртгэж бичих гэсэн чинь албан ёсны нэр төр томъёолол хэрэгтэй байна. Монгол улс гэдэг ойлголт байдгаас биш, Монгол улс үндэстэн гэдэг ойлголт байдаггүй штээ" хэмээн намайг алмайруулж багагүй маргаж билээ. Улсын ерөнхийлөгч санал төслүүдийг минь хүлээж авах "дөхсөн" үйл явдлууд үүгээр төгсвөр болсон юм.
No comments:
Post a Comment