Sunday, July 18, 2010

Гүйдэл

хошин үгүүллэг

Миний бие, нэгэн сумын дарга монгол хэлийг шинэчлэх хууль санаачлан, тэндхийн парламентаараа батлуулж, амьдралд хэрэгжүүлж буй явдлыг сурвалжлахаар алсыг зорилоо. Замдаа уншина гэж авсан “Далд амьдрал”, “Болсон явдал”, “Байлдан дагуулагч” зэрэг сонинуудад гүйдэл, хий үзэгдэл, чөтгөр шулмын тухай материалууд гарчээ. Гэхдээ, доргион донслооноос болж чичигнээд уншиж болох биш. 
-Танай сум чинь гүйдэлтэй юу. Би тиймэрхүү юмнаас сүнсээ зайлтал айдаг хүн гэж тэр нутгийн ардаас асуувал:
-Байлгүй яахав гээд баясан мишээж, архи задлан, алганд минь дүүргэв. Түүнээс оочлонгоо:
-Буудалд чинь бий юу? гэв.

-Бий бий. Өрөө болгонд.
-Нойлд байгаа юу.
-Байлгүй яахав дээ. Яасан сонин юм асуудаг юм. Алив, наад хоёр алгаа тос. Ахиад дүүргээд, тулгачихъя хоёулаа. 
-Үзэгдэх үү, тэр гүйдэл чинь. 
-Үзэгдэхгүй бол ямар юмных нь гүйдэл байхав дээ.
-Тэгвэл ч бие засч ч болохгүй газар байна даа. Буудлын хамгаалалтын алба энэ тэр нь юугаа хийж суудаг байна аа. 
-Тэдэнд ямар хамаа байхав. Согтуучуудыг оруулахгүй, гаргахгүй, хүүхнүүдийг оруулж гаргаж л байвал болоо.
-Хүүхээн? Тэр чинь зүгээр асуудал байна даа. Аятайхан хүүхэн болгоныг л бариад байх хэрэг үү? Тэгээд иймээ тиймээ болж байсан чинь нөгөө гүйдэл нь үзэгдээд унах юм биш биз.
-Тухайн хүмүүсээсээ л шалтгаална даа. Тэр ажлаа яаж зохион байгуулах юм байгаа юм. 
-Айл хунараар гүйдэл явах юм уу?
-Явна аа, явна.
-Та нар тэгээд айхгүй ээ?
-Юу гэж айх билээ. Гүйдэл шиг хэрэгтэй юм хаа байна. 
-Юу? Энэ сонин дээр, ач тустай гүйдэл бас байдаг гэж байна. Тийм гүйдэл байх нь ээ. 
-Гүйдэл ач тустай гэдгийг манай сумын хэн ч мэднэ. Чи юу гэж санаад байна? Нэг их бүдүүлэг газар гэж бодоод байна уу, үгүй юу. Торгуульд нь өөрийнхөө божинг гаргах болж дээ, хө.
-Божин гэнэ ээ. Танайхан бие биенээ тэгэж шийтгэдэг юм уу. Эвгүй газар байна даа. 
-Гожинг манайд тэгж хэлдэг юм аа.
-Гожоон?
-Шил архи.


-Тэгээд л хэлчихгүй дээ. Алив амаа ангай. Шууд юүлчихье. Алган дээр хийхээр цалгиад, аймаар юм сонсохоор цочоод цацаад байх юм зүгээр. За, амаа хамхи. Тэгээд тэр гүйдэл ямар ач тустай байхав... Хөөе, сонсч байнуу, хүн юм асууж байхад...
-Чи чинь л өөрөө амаа хамхи гээ биз дээ. 
-Одоо нээж болно оо. 
-Өө тэр гүйдэл шиг ачтай амьтан алга. Хоол ундаа хийж иднэ, хорвоогийн сонин хачныг үзэж мэднэ. Гүйдэлтэйгээ л хамт амьдарна шүү дээ. 
-Та нар ч бүр дөжирчихсөн байна л даа. 
-Дөжрөөд байх ч юу байхав. Танай газрын гүйдэл ямар байхав. Өөр байх уу.
-Манай 1-р хороололд чинь гүйдэл байхгүй. 
-Пөөх манайхаас дор газар байдаг л юм байна. Яагаад гүйдэл байдаггүй юм бэ? Гүйдлийнхээ мөнгийг төлдөггүй ядуу зүдүү улс байх уу? 
-Ядуу зүдүү улс бий нь бий. Гэхдээ гүйдэлд мөнгө төлж яах юм? Дээр үед гүйдэл мэр сэр байсныг нь ламаар ном уншуулж, бөө бөөлүүлээд бүр ор байхгүй болгосоон. Та нар гүйдэлд мөнгө төлдөг юм уу.
-Төлөлгүй дээ. Үхэхээс өөр үнэгүй юм байх уу. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос болсон цаг шүү дээ. 
-Танай гүйдэл ч хоол унд хийж өгдөг, хорвоогийн сонин хачныг ярьж өгдөг юм байна. Өөр газрынх бол хүнийг айлгаж цочоохоос бусдыг мэдэхгүй шүү дээ. Орилно чарлана, уйлна дуулна. Сүүлийн үед хүн алж, хүрээ талдаг гүйдэл гарсан. Дэлхий даяар, гэмгүй хүнийг зодож занчдаг, халуун хүйтэн зэвсгээр халддаг, бүр амь насыг нь бүрэлгэдэг гүйдэл гараад байгаа шүү дээ. Уншсан уу.
-Үгүй, манай сумын ерөнхийлөгч чөлөөт хэвлэлийг хориглочихсон. Манай сумын, монгол хэлний хуулийг мөрддөггүй болохоор.
-Тэр хууль чинь ер нь ямар янзын юм байнаа. Манай нэг УИХ-ын гишүүн цагаан толгойноос Ш, Й, Ъ-ийг хасна гээд хууль санаачилсан. Тэрнэрхүү юм байгаа юм биш биз.
-Арай өөр л дөө. Тог гэж ярихыг хориглож, гүйдэл гэж хэлэх болгосон хууль л даа. Манай сумын дарга чинь Орост тээмэс төгссөн, мончоор хүн шүү дээ. Тог гэдэг нь гүйдэл гэх утгатай орос үг болохыг мэдсэн анхны монгол хүн юм гэнэ билээ.
-Өө хөөрхий, тийм учиртай байсан юм уу. Уг нь  ч монголоор хэлэх нь зөв л дөө. Гэхдээ цахилгаан гэж болоогүй юм уу. Би гүйдэл гэхээр чинь хий үзэгдэл бодогдоод…
-Ха ха. Ёстой хөгжилтэй юм боллоо. Тэмдэглээд хундагаа дүүргэцгээнээ, хө. Суманд маань хий үзэгдлийг хориглочихсон л доо. 
-Ер нь хий үзэгдэл гэж байдаггүй юм биш үү.
-Тэгж бас яриад байгаа гэж нутгийн ардыг өчихөд:
-Битгий солиороод байгаарай! гэх хүмүүн бусын дуун хаанаас ч юм гарч, үнхэлцэг хагалах дөхвөө…

Ч.Мөнхбаяр 

No comments: