Зөвлөлтөд сурахаар очсон 1987 он. “Завтра была война” /Маргааш нь дайн болжээ/ гэх киног үзсэн минь их л гүн гүнзгий сэтгэгдлийг төрүүлсэн сэн. Сталины үед юутай хүнд хэцүү байж вэ, үнэн гэх ямар олон зүйл худал, худал гэх ямар олон зүйл үнэн болж байна вэ, гэвч өдгөө, цаг сайхан болж байгаа нь яамай, дахин бүү тийм гай гамшиг тохиог хэмээн бодож явсаан.
Саяхан тэр киног i-Pod-оор үзвээ. Гэтэл Сталины тэр цаг үе эргэн тойронд минь амилсан мэт санагдав. Гэгээн цагаан сэтгэлт 9Б ангийнхны: “Шударга ёс хаа байна?”, “Бид ингэж амьдарч болохгүй”, “Дуугүй хүлцэх гэж үү?”, “Цэвэр ёсзүй-бидний ирээдүй шүү дээ!”, “Хүн тэгээд яах болж байна?”, “Худлаа!” гэх үгс, бүгд миний өмнө зогсоод, өөдөөс хараад хэлж байх мэт бодтой тусч, элдвийг эргэцүүлгэв.
Онгоцны нууц үйлдвэрийг дагасан жижиг хот. Үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгч, ясны сэхээтэн Люберецкий хотынхны шүтээн. Гэрт нь, охин Викагийнх нь 9Б ангийнхан цуглаж, насан баярыг тэмдэглэнэ. Вика Есениний шүлэг уншина.
Энэ хотын дунд сургуулийн эрхлэгч эмэгтэй, атаа жөтөөч, мөрдөж мөшгигч Валендра, аальгүй хөнгөмсөг Зина охиныг яльгүй зүйлээр нээнтэглэн байцааж, шүлгийн талаар мэдээлэл авна.
Хөрөнгөтний гутранги үзлийг номлогч Есениний шүлгийг хадгалав гэсэн шалтгаар Люберецкийг, Валендрагийн матаасаар баривчилна. Охин Викаг нь эвлэл, сургуулиас хөөх, эцгээс нь татгалзуулах гэнэ. Энэ бүхнийг хотын намын дарга, сургуулийн захирал, ангийнх нь хүүхдүүд зэрэг шударга хүмүүс эсэргүүцээд өөрсдөө буруудна. 9Б ангийнхан хувьсгалын эсрэг, аюулт хуйвалдаанч бүлэг гэгдэх маягтай болно.
Амиа хорлосон Вика охиныг оршуулахад оролцож болохгүй, цогцсыг нь бараг хог дээр хая гэх ухааны юм яригдана. Сургуулийн захирал “Эмгэнэлтэйгээр эрсэдсэн Викаг хамтдаа нутаглуулцгаая” гээд ангийнхныг нь авч явдаг. Тэнд бараг эсэргүүцлийн цуглаанархуу юм болно. Захирал нийгэм дэх муу муухай үзэгдлийг шүүмжилж үг хэлнэ. Ангийн эвлэлийн үүрийн дарга Искра “хувьсгалын эсэргүү” Вика-гийн эцсийн нууц захидлыг чангаар уншаад, дараа нь Есениний шүлгийг хот даяар цуурайттал хашхиран хэлнэ. Найз залуу Стамескин нь модны ард нуугдан тэднийг /энэ ангид сурч байгаад, Люберецкийн тусламжтайгаар үйлдвэрт ажиллах болсон/ сэм харж, бэмбэгнэн зогсоно. Искра-гийн ээж, хотын намын дарга учраа олохоо байгаад гэртээ уйлж сууна.
Бөглүү жижиг хотод бослого маягийн юм гарсан нь энэ байлаа. Хамгийн шударга, шилдэг хүмүүс нь гарцаагүй хэлмэгдэж, амь насаа алдах нь ч тодорхой болов. Харин матаач Валендра, хөнгөмсөг Зина, аймхай Стамескин мэт нь өөдөө гарч, тэнэгүүдийн ноёрхол тогтох магадлалтай болно.
Люберецкий зөвдөн, суллагдсанаар бүх хэрэг өөрөөр эргэв. Үнэндээ бол зөвдөөгүй, дэлхийн дайн нүүрлэсэн тул, мэдлэг чадварыг нь л ашиглах гэж, хоёр нүүр гарган суллажээ. “Бүх юм биш болчихжээ” гэж тэр хүүхдүүдэд хэлнэ.
Ташрамд, Люберецкийн дүрд тоглосон жүжигчин В.Заманский /1968 онд манай “Төгсгөл” кинонд тоглосон/ бараг өөрийнхөө дүрийг бүтээжээ. 1928 онд төрсөн тэрбээр 1950 онд хэлмэгдэн, эрүүгийн ялтнуудтай хамт хоригдож, Москвагийн их сургуулийн тэнгэр баганадсан барилгыг хөдөлмөр хамгаалалтгүй шахуу нөхцөлд амь дүйн барилцаж явсан /дэлхийн дайнд ч танкчин болж тулалдсан/. Амьдралын ямар ч сорилтод шантраагүй, эвдрээгүй В.Заманский бүхий цаг үед туйлын хүнлиг энэрэнгүй үзэлтэй, сэхээтэнлиг, зарчимч, соёлч боловсон нэгэн байж ирсэн агаад, одоо ч амьд сэрүүн хөдөлмөрлөж яваа түүнийг “Ёстой хүний тууж” гэлтэй.
“Завтра была война”-г үзчихээд сууж байтал дүү маань, “Мийкрүүдийн чиглэлийг цөөлж, маршрутыг хязгаарлажээ. Тэд энд тэнд зам хааж байна. Сүхбаатарын талбайд автобус шатаана гэнэ” гэсээр орж ирэв. “Бас л эгэл хүмүүсийн амьдрал сүйдэж байна. Нийгэмд улам л хагарал зөрчил гүнзгийрч, дайсан манайханд хуваагдаж байна” гэж бодов. Гол замуудаар явуулахгүй, 12 жилийн өмнө үйлдвэрлэсэн бол ашиглуулахгүй, кондуктортой үйлчлүүлэхгүй гэсэн амьдралгүй шийдвэрүүд мянга мянган хүнийг орлогогүй, ажилгүй болгож шүү дээ. Тэгээд л энэ үгүүллийг тэрлэж сууна. Бичихгүй байж үнэхээр чадахгүй нь ээ. 9Б ангийнхны зүрх тархи руу чиглэсэн үгс хүлцэн сууж эс түвдүүлнэм. Балчир хүүхдүүдээс долоон дор мөлхөж явах ёстой юм гэж үү.
Тэр кинон дээр дайсан, манайхан гэж их ярина. 1940 он шүү дээ. Харин 1940 он өдгөө Монголд, 2010 онд айлчлаад ирчихсэн мэт. Орчин тойрноо харцгаая. Юу болж байна вэ?
•Хувиараа цемент ачигч 400 хүн бүгд уушигны хүнд өвчтэй. Жирийнхээс хоёр дахин өндөр үнэтэй, золбин нохойн махаар хийсэн хуушуураар хооллож, орой болгон архидаж өвчнөө анагаахыг оролддог. Цементийн хогийг хамж зардаг бүлэг хүн /хүүхдүүд голцуу/ цөм хүнд өвчтэй.
•Гуанзнууд шуудай муудсан ногоог 1000 төгрөгөөр авч хоол хийж байна. Монголчууд махны өндөр үнийг дийлэхгүй байхад, гадаадад гуйж байж кг-ыг нь 2000-аар нийлүүлдэг /Европод кг үхрийн мах 40, тугалын мах 80 евро/. Энд ирээд мал худалдан авч буй хятадууд “танай нэг хонь манай нэг порц шорлогны үнэтэй ваа” хэмээн хөхрөлдөж явж. “Бэлэн гоймонгийн газар” ч гэж нээгдлээ.
•Ядуу олонхийн үйлчлүүлдэг захыг 7-16 цаг хүртэл ажиллуулна гэнэ. Гурван жилийн өмнө ингэж мунхагласан нь бүтээгүй атал сургамж авсангүй.
•7.1, ХЗХ, Вако, Ми-8, Хонгор сумын хохирогчид нэгдэж хөдөлгөөн байгуулав. Төрийн буруугаас болж хохирогчид нийгмийн давхарга болсон. ХЗХ-ын хохирогчдод нөхөн төлбөрийг гүйцэд олгох гэж санаа тавиагүйгээс, хураагдсан 100 машин зэвэрч, хэдэн зуун компьютер найгүй хоцрогдож, эвдэрч, их хэмжээний бараа ялзарчээ. Хохирогчид нэмэгдсээр. Олон арван төрлийн хохирогчид байна. Хамгийн сүүлд баар, цэнгээний газруудын ажиллагааг хязгаарласнаас болж, 3000 гаруй хохирогч буй болов.
•Гадаадад амь насаараа дэнчин тавьж байж, боолчлогдон зовж байж олсон хэдэн төгрөгөөрөө байр л авдаг. “Богд Ар” хорооллын подвал өтгөнөөр дүүрчээ. “Москва” хорооллыг бариулагсад сууц горилогчдыг хулхидав. Бороо ороход, хажуугаар хүнд даацын тэрэг явахад, бүр нээлт хийж алга ташихад цуурсан барилга буй. Байр аваад л, ахин ажил амьдралгүйн мухардалд ордог.
•Хадгаламжийн 97 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3 хувь, 3 хувийг 97 хувь нь эзэмшдэг. Тэгвэл насанд хүрсэн монголчуудын бараг 97 хувь нь хадгаламж эзэмшдэггүй юм билээ.
•70 настай эмээ 18 жил судсандаа хар тамхи тарьж, эцэстээ судсыг нь тариурын зүү даахаа больжээ. Морфинд донтсон эмч хэдхэн жилд суга таяганд ортлоо доройтов. Нацагдоржийн хөшөө маань хар тамхичдын цугладаг газар болжээ.
•Солонгосын гэх, тамхины нэг компани угтаа бол Хятадын 70 хувийн хөрөнгө оруулалттай, Монголын тамхины зах зээлийн 40 хувийг эзэлдэг. “Эх орны үйлдвэрлэгч” эл компаний бүтээгдэхүүн хамгийн хямдаараа л сонгогдох бөгөөд, түүхий эд нь хятадын тамхины үйлдвэрийн хог.
•Жалгын 65 гэх дунд сургуулийн сурагчид дээрэм танхайн тамд бүслүүлэн зовдог. Цагдаад хэлээд ямар ч нэмэргүй. Хонхны баяр тэдний хувьд аймшигт дарлал доромжлол, дээрэмдлэгийг хүлцэх өдөр. Сургуулиа төгссөн залуус ажилгүйчүүд буюу тэдгээр дээрэмчдийн эгнээнд элсэн орно.
•Сонин болгоод хэвлэлд биччихээр сайн сайхан мэдээлэл олддоггүй. Олдлоо гэхэд муугийнхаа дэргэд бол уул шоргоолж хоёрыг зүйрлүүлэхтэй ижил байдаг.
Манайхны, манай талынхны амьдрал ийм байна. Цагтаа Азийн хөгжилтэй улсуудын тоонд орж явсан, нэг хүнд оногдох эрдэс баялгаар дэлхийд тасархай түрүүлсэн, олон сая малтай монголчууд бидний амьдрал.
Хөнгөмсөг Зина үлдэж, шударга Люберецкий хяргуулдаг
аймшигт нийгэм өдгөө Монголд минь амилан сэргэж дээ
Харин тэдний амьдрал?
•150 мянган төрийн албан хаагч буйн 20 мянга нь дарга, дарга нарын дийлэнх нь хулгайч гэж дэглэмийн нэг гол үзэл сурталч өөрийн гараар бичжээ.
•АТГ 21 аймгийн 13-д авлига байхгүйг тогтоожээ. Гэр бүлийн хувьд тогтворгүй дарга даамлууд нь улсын мөнгөөр байр авдаг, ангийн хувцсанд 40, усанд сэлэх хувцсанд 11, машины шилний хар хальсанд 9 сая гэхчлэн 500 сая төгрөгийг үрэн таран хийсэн гэж хэсэг улс төрч цагдаа, прокурорт өгчээ. АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийнхэнд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэсэн 335 сая төгрөг алга болсон гэнэ.
•Эх нялхсын эсрэг бодлого явагдаад удаж байгаа атал, Сангийн Яам 940 мянган хүүхдийг 100 мянгаар өсгөөд, зөрүү мөнгийг үгүй хийсэн гэдэг.
•МҮОНРТ жил бүр олон тэрбум төгрөгийн төсөв улсаас авдаг ч манайдаа хамгийн хоцрогдсон техник технологитой. Захирал нь 72 сая төгрөгөөр шинэ машин авч унаж, түүндээ сард нэг сая төгрөг зарцуулдаг гэж бичигдсэн. Мэссэж бичиж чаддаггүй дарга ч буй атал тэдэнд 17 нотбүк авч өглөө гэж 31,5 сая төгрөг зарцуулсан. Даацын хануудыг шилэн хана болгоход 109 саяыг, гурав дөрвөн газар бороо дусдагийг зогсооно гэж 319 саяыг /дусдаг нь хэвээр/, тамхины нэг компанид 56,5 саяыг зарлагадсан. Гэтэл ажилд нь камер, унаа нэн дутагдалтай. Төрийн аудит шалгах гэхэд манайх УҮГ биш, Сангийн яам шалгах гэхэд манайх ТББ гээд нам мадалжээ.
•Цахилгаан таслах нь бизнес болсон аж. Станцын эвдрэлгүй төхөөрөмжийг Хятадад засуулсан гэж мөнгө зувчуулсан. Үйлдвэрлэгч газрынх нь зөвшөөрөл, оролцоотойгоор засах горимыг зөрчсөн, технологийн нууцлалыг алдагдуулсан гэж оросын үйлдвэрээс нэхэмжлүүлж.
•Нэг дарга байгууллагадаа 1,2 тэрбум төгрөгийн гар утас шахаж, төдөлгүй актлан хаяулжээ.
•Төрийн нэгэн өндөрлөг маань үнийн хөөргөдлийг зогсооно гэх атлаа гэр бүлийн бизнесээрээ дамжуулан, үнэ хөөргөдөгчдийн тэргүүн эгнээнд явдаг аж.
•Баар, цэнгээний газрын үйлчлэх цагийн хязгаарлалтад том дарга нарын 27 газар хамрагдалгүй ажиллаж, мөнгийг ч хүүлж өгч байв аа.
•Б.Б гишүүний нийслэлд бариулсан 10 давхар байшин газар хөдлөөгүй байхад л нурах аюултай болчихоод байна.
•Б гишүүн ээждээ хаус бэлэглэсэн. Жолоочдоо ч хаус бэлэглэхэд, тэр нь арвидахын учир нэгдүгээр давхрыг нь аптекэд түрээслүүлжээ. Аймагт нь БНХАУ 5 давхар орон сууцны байшин бэлэглэснийг иргэдэд заржээ. Нэг талдаа 2-4 цонхтой, 1 давхар, ганц баар байрлахуйц байшинг төрийн байгууллагад зориулж, ордны өртгөөр бариулсан гэж байгаа. Төмөр сараалжин шал дэмий аркыг 20 саяар бариулсан, барьсан тэр компаний ажилтан нь мэт явдаг. Хүүхдийн ордон бариулсных нь бөмбөгөр дээвэр нурсан, гал гарсан, 100 саяар засвар хийлгэхэд хүрсэн. ЗДТГ-ын даргаа аймгийн МХГ-ын дарга, эхнэрээ МХГ-ын дэд дарга болгож, нууц амрагаа ажилгүй байхад нь аймгийн НҮГ-ын дарга, дараа нь АТГ-ын дарга болгосон. Хяналт шалгалт хийгчид бүгд өөрийнхөн нь болсон байв. Хувийн нууц барилгын компаниараа, харилцан солилцоогоор барилга бариулах бизнесийг өөр аймгийн ЗД-тай хамтран хийдэг.
•Албан тушаал дээрээ байя гэвэл мөнгөө төл гэж дээдэх албан тушаалтан нь шууд шаарддаг. Араатан чоно үржсэн мэт болсон дарга нар хоорондоо хэмлэлдэн уралцаж, бие биеэ барьж идэхэд хүрсэн нь аюумшиг. Тэд элдэв гэмт хэргийн талаарх мэдээллээр шантаажлан барьцаа хийж байж л түрхэн тэнцвэртэй оршдог. “Гөлгөө яалаа?” гэж нэг нэгэндээ хэлдэг. “Чи гөлөг”, “Гөлөг болгоно” гэж их ярьдаг.
•Эрхээ түдгэлзүүлж, шоронд орсон нэг эрхэм гишүүн гэртээ л сууж байдаг байв гэнэ шүү.
•21 сая долларын залилан хийгээд зугтсан Чалмерсын хэрэгт холбогдолтой УИХ-ын гишүүн: “Хэнтэй гарын үсэг зурах нь гол биш байхгүй юу. Гуйлгачин байнуу, дээрэмчин байнуу, гол нь хэлсэндээ хүрдэг байх ёстой” гэж өмөөрөв.
•Гэр бүлээрээ залиланч, гэмт хэрэгтэн дарга олон болсон. Нэг газрын дэд даргын тодхон жишээ буй бөгөөд, өөрөө, эхнэр нь, хүү нь тус тусдаа залилан хийж, хэрэгт холбогдлоо.
•З.Э. гишүүн англи хэл мэддэг гишүүн байнуу, гараа өргө гэхэд нэг нь ч гар өргөсөнгүй. Биржийн мэдээлэлтэй танилцдаг хүн байнуу гэхэд бас таг.
•Нэг дүүргийн ЗД хуурамч дипломтой, дээд боловсролгүй хүн, нөгөө дүүргийнх нь хуурамч намтар, баримт бичиг, хурлын хэрэгт холбогдсон, дээрээс нь бас төрийн албанд үйлдэж болох бүх нүглийг ахар богино хугацаанд үйлдэж амжсан.
•Газрын ерөнхий инженер, “Шүн Ди” компаний Ван захирлаас 94 сая төгрөгийн үнэтэй 3 өрөө байр хахуульд авч, шаардлага хангахгүй барилгуудыг нь хүлээж авдаг байжээ.
•Газрын дэд дарга Ц.Г. 130 сая төгрөгөөр авлигадуулж, хятад ажилчдыг ажлын байрны татвараас чөлөөлөн, олноор орж ирэх таатай нөхцлийг бүрдүүлж өгч байв. Манай хоёр ч газар ийм бизнес хийж, харийн цагаачдад найр тавьдаг.
•Хятадууд танайд 300 сая доллар тусална, гэхдээ манай компаниудаар үйлчлүүлэхэд л зориулж шүү гээд жишгээс хоёр дахин өндөр тарифыг нь тулгахад дарга нар маань жа гээд л бөхөлзөж. МҮХАҮТ-д болсон арга хэмжээн дээр оросууд та нар хуулийн ийм тийм заалтаа өөрчилж болохгүй гэж шууд заавардахад бас л жа. Тэгсэн хэрнээ харийн луйварчдын төлөө Монгол улсыг энэ хоёр оронтой янз бүрийн шалтгаанаар байлдуулах дөхдөг. Сүүлийн 50 жилд уснаас болж 37 зэвсэгт мөргөлдөөн гарсан, 10-15 жилийн дараа дэлхийн дайн гарч магадгүй атал голын урсгалыг эргүүлнэ гэх жишээтэй.
•Мянганы сорилын сангаас тусламж үзүүлэх болоход, төмөр замдаа хөрөнгө оруулна гэж төсөл хийсэн, оросууд америкчуудаас тусламж авахаас дургүйлхэн татгалзсан учир бүтээгүй. Өөр нэг төсөл хийсэн нь боловсруулалт, гүйцэтгэл маш муу учир тэнцээгүй.
•Монголбанкны ерөнхийлөгч маань дэлхийн эдийн засгийн хямралын 25 буруутны нэг Мэтт Жозэфсоныг зөвлөхөөр сонгожээ. Улсын ерөнхийлөгч маань Перу, Хаити зэргийн хямралын буруутан Ф.Сотог сая доллараар урьж авчирч зөвлүүлж байв. “Дээдэс” маань Грекийг дампууруулсан Голдман Закстай ч хамтран ажиллаад, тэр нь манайхыг олон улсын шүүхэд өгчихсөн байгаа. Урьд бас, хямралуудын буруутан М.Фридманыг дагадаг л байлаа.
•Гол намын ЕНБД дүүргийн намын хорооны дэд даргаа зодож, зодуулсных нь төлөө бүр намаасаа хөөж гудамжинд гаргав.
•Дарга нарын дунд эмэгтэйчүүдийн процент хурдацтай өссөөр ирсэн ба, тэдний дотор хөнгөн явдалтан цөөнгүй гэнэ. Саяхан эмэгтэй бизнесчдийн чуулган дээр “Эмэгтэйчүүд л Монголыг авч явж байна” гэх үндэслэлгүй үг аанай л түм давтагдсан ба, чуулагсдын дунд, авгайдаа нэрийн төдий бизнесээ шилжүүлсэн дарга нарын эхнэрүүд жинтэй хувийг эзэлж байжээ.
•Морины хорхойтон, томоохон бизнесч нэг лут дарга надад адуу байхгүй, цалингаас өөр орлогогүй гэж мэдэгдсэн ба, эсрэгээр нь хэлсэн гэдгийг бүгд мэднэ.
•Эрхэм гишүүд, хүн амьтан элдвээр хэлээд машин ч унуулахгүй юм, түүнээс биш Ордонд Хаммертайгаа ирмээр байдаг гэж гомдоллодог. Хаммер тэдний дунд моодонд орсон ба, зарим нь вагон шиг урт.
•ҮХЦ дархан цаазтай Богд ууланд байрлаж, Үндсэн хуулиа зөрчив, эгэл хүн ард ҮХЦ-тэй холбоотой ажил хөөцөлдөх ч аргагүй болж алсрав.
•Компьютерийн доголдлоос болж, кадастрын зураг устаж, хэн ямар газар эзэмшихийг хэлэх аргагүй болов. Өмнө нь ийм шалтгаанаар ИБМУТ-ийн мэдээлэл ноцтойгоор устаж байсан агаад, бичиг баримтын шинэчлэл түүнтэй холбоотой ч гэдэг. Монголд буй гадаадынхны талаар л лав ямар ч ойлголтгүй болсон гэлцэж асан. Гэтэл үндэсний статистикийн хороо төрийн байгууллагууд ажлын цааасгүй горимд шилж гэж зарлиг буулгав.
•Үйсэн дээрх бичиг, Алтан Данжуур маань сураггүй алга болжээ.
•Өнгөрсөн 20 жилд ямар 10 ололт амжилт гарав гэсэн санал асуулга явагдаж байх юм. Зохион байгуулагч нь, цаазаар авах ялыг хориглочихоод сайхан байнаа гэсэн чиг өгөв.
•2004 онд нэг хүнд оногдох ДНБ 600 доллар байсан бол одоо 1824,4 доллар боллоо гэж сүртэйгээр рапортолж байна. Энэ бол үндсэндээ гадаад дотоодын луйварчдын орлогын өсөлтийн л үзүүлэлт бөгөөд, ард түмний бодит орлого, амьжиргааны төвшний үзүүлэлт байнга буурч ирсэн.
•Монгол улсын авсан зээл хоёр их наяд 600 тэрбум боллоо.
Тэд ингэж амьдарч байна. Биднээс мөн ч их ялгаатай байгаа биз? Дээрх баримт мэдээллүүдийг бүрдүүлэх гэж би төдийлөн хүчин чармайлт гаргаагүй. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр зах зухаасаа өөрөө цухуйж байгаа нь л тэр. Кино үзсэн сэтгэгдлийн дор нэг амьсгаагаар урсгахад л иймэрхүү. Жинхэнэдээ бол ямар их аюумшигт гай гамшиг өрнөж байдгийг төсөөлөхийн ч аргагүй.
“Завтра была война” кинон дээр, сургуулийн захирал “Бид өөрийн талынхнаа хайрлах ёстой. Дайснаа үзэн ядах ёстой. Өөрийнхнөө хайрлаж тэмцэх ёстой. Дайснаа үзэн ядаж тэмцэх ёстой. Хайр, үзэн ядалт хоёр шударга нийгмийг цогцлооход маш чухал юм шүү” гэдэг.
1940 оны, зөвлөлтийн тэр хүний үгээр яв гэж байгаа юм биш. Гэхдээ бидэнд дотно хүмүүс, эх орон, улс үндэстнээ хайрлах хайр байна уу? Тэдний дайсныг жигших үзэн ядалт байнуу? Байхгүй юу?
М.Ганди хүмүүсийн хооронд бус, хүний чанаруудын хооронд тэмцэл явагдах ёстой гэсэн. Цөөхөн монголчууд бид хоорондоо тэмцэлдэхийг урьдал болгоод яахав. Харин дайсан чанар, дайсан үзэгдлийг үзэн ядаж, сөрөн тэмцэж болно оо доо?
Тэр дайсны эсрэг тэмцэж бүрэн болно оо. 9Б ангийн хэдэн хүүхдийн өмнө ичиж үхэхээр амьдарч болно гэж үү? Үгүй ээ! Өөрийн талынхнаа хайрлаж тэмцье, дайснаа үзэн ядаж тэмцье!
Цаг алдалгүй тэмцэхгүй бол завтра была война, маргааш нь дайн болсон юм шүү.
Ч.Мөнхбаяр
ММХ.VI.XXVIII
P.S. Хойд хөршид маань эрүүл нийгэм байсан бол, аугаа их эх орны дайн гарахгүй байж ч болох асан. Фашистуудаар өрнөдийнхөнд цохилт өгүүлж, араас нь өөрөө цохин дэлхийд ноёрхоно гэсэн сталинист дэглэмийн мунхаг бодлого дэлхийн дайныг өдөөхөд их үүрэг гүйцэтгэсэн билээ.
No comments:
Post a Comment