1968 онд Икар од дэлхийтэй мөргөлдсөн бол энэ өгүүлэл бичигдэхгүй байв
1566 онд Икар /Икарус/ гэх нэгэн сансрын эрхэс нээгджээ. Наранд их ойртож очдог нь нэр өгөхөд тус болж. Хиймэл далавч зүүгээд хэт өндөр хөөрөн ниссэн тул наранд хуйхлагдан эрсэдсэн Икар гэдэг хүмүүний тухай домог буй.
Энэ л Икар од хүн төрөлхтний хувь заяанд гамшиг сүйрэл авчирч мэдэх тавилантай гэдгийг дундад зууны одон орончид тооцоолон гаргаад, хиртхийн цочсон гэдэг.
9-38 жилийн үечлэлтэйгээр, Буд /Мэркүри/ гарагийн нөлөөгөөр тойрог замаа хэлбийлгэн, дэлхийг мөргөчих гээд байдаг эрхэс билээ.
1949 онд Австралийн одон орончид аймшигт мэдэгдлийг хийсэн юм. Тэдний судалгаагаар бол, 1968 онд Икар од /хэвшсэнээр нь од л гэж бичье дээ/ Энэтхэгийн далайн бүсээр дэлхийтэй мөргөлдөж, хүн төрөлхтнийг сөнөөх учиртай юмсанжээ.
Километр гаруй диаметртэй, хэдэн сая тонн жинтэй энэ эрхэс 100 мегатонны хүчтэй дэлбэрэлт үүсгэж, дэлхийг цөм цохиж, цөмийн дайн болсны дайтай гамшиг авчирч, соёл иргэншлийг, амьд бүхнийг устгана гэж тэд хэлсэн. Тэр үед ямар сансрын техник, тив алгасах пуужин байсан биш. Аюулын өмнө гар хоосон хүн төрөлхтөн хорь хүрэхгүй жилийн дараахь аймшгийг түгшин хүлээж эхэлсэн. Сансар огторгуйг судлах, эзэмшихэд Икар одны аймшиг ихээхэн түлхэц өгсөн юм шүү…
Икар од. Эхнээс нь авахуулаад эцсийг нь хүртэл дуулаагүй бас нэгэн “домог”. Икар од гэсэн нэрийг хүн болгон л сонссон байх юм. Гэхдээ өнөөдөр энэ тухай нэг ч хүн тодорхой зүйлийг мэдэхгүй байх нь хачин. “Тийм юм ярьдаг байсан”, “Ярьж байсан байх шүү”, “Еp нь ярьж байлуу” гэж цаг үеийнхэн нь хариулцгааж байна. Монгол орон XX зуунд олон юмыг мэдсэн мэдээгүйн хооронд өнгөрүүлсэн.
Ингэсхийгээд байж байтал нь Икар одны тухай яриа гарч иржээ.
Өнөөгийн өндөрлөгөөс харахад эх захгүй харанхуй цуурхал ч байсан юм шиг. Цуурхал юм гэхэд энэ яриа чухам сэхээтний дундаас гарч ирсэн байлаа. Икар од ярих нь сэхээтний марк, магадгүй таних тэмдэг болж гарч ирсэн. Икар од, дэвшил, сэхээтний давхарга бүгд л шинэ цагийн бэлгэдэл байв. Монголчууд тэр үед коммунизм бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж, их л өөдрөг байжээ. Коммунизм өөрөө Икар од байж болох магадлалыг үгүйсгэж байв.
“Икар од дэлхийтэй мөргөлдөх гэнэ. Дэлхий сөнөнө”. Энэ товчхон мэдээлэл 1967-1968 онд, бүр 1969 онд ч эгэлхэн монгол хүмүүсийн сэтгэлийг хоёрдуулсан нэлээд тогтвортой түгшүүр, шаналан болжээ. Тэгсэн атал цаг үед нь монголын хэвлэл, радио, телевиз энэ талаар таг чимээгүй байсан. “Икарус”-ын ололтыг ярихаас бус, Икар од гэснийг бол заналтайяа бойкоотолж байлаа. Икар од санаандгүй сөрөг хүч болчихжээ. Цаг импортлохыг “цаазлан хориглох” хүртлээ утга учиргүй авирлаж байсан дэглэм цаг үеэ мэдрэхийг хөрөнгөтний үзэл суртал гэж тооцдог байв. Хэрвээ ард түмэн зөвхөн иргэний хамгаалалтыг ирээдүйтэй салбарт тооцож эхэлбэл, эгшин ч саатах ёсгүй социалист бүтээн байгуулалт яах билээ. Хэрвээ “Зөвхөн нарыг хэвээр үлдээх Октябрь” өчүүхэн Икарын өмнө арчаагүй байдалд орно гэдгийг ард түмэн мэдвэл яах вэ. Хэрэв ард түмэн эхлээд Икар од, дараа нь бүхний тухай үнэнийг мэдэхийг шаардвал яах билээ. “Үгүй, хэрхэвч үгүй, үймээн дэгдээгч Икар од сөрөг хүчин. Икар одны тухай яриа сэхээтний төөрөгдөл, өдөөн хатгалга, xopт явуулга болог. Энэ тухай ярихыг хориглолоо, Та минь ээ худал үг хуультай шүү”. Ингэж дэглэм шийджээ. Хэрэв мянган үнэнийг нуусан бол бүх үнэн аюултай болдог ажээ. Аюул гамшгийн тухай ард түмнээсээ нуусан нь тэр үеийн дэглэмийн бас нэгэн нүгэл ажуу.
Харин бүх ард түмний зөн билэг намжсангүй. Бүр ч эсрэгээр эргэв. Коммунизм гэхээсээ, Икарт илүү итгэж, худал хуурмагт бухимдана, дургүйцнэ. Энэ тухай ярьж ч болохгүй, яривал цуу үг тараасан хэрэгт орно. Гэхдээ бүгдийг хэрэгт татах apгагүй. “Юу ч болоогүй юм шиг таван жилээр төлөвлөнө гэдэг юу гэсэн үг вэ? Атомын довтолгооноос сэргийлнэ гээд сургууль хийлгээд байдаг засаг сансрын сүйрлийн талаар ядаж ярьж таниулж болно оо доо. Яриад яриад нэмэргүй л юм байхаа даа. Хөөрхий энэ хүүхэд багачууд. Монгол орон. Хүн төрөлхтөн. Юутай эмзэгхэн, юутай хөөрхийлөлтэй” гэсэн үгс дуунаас хурдан тархжээ. Хаа сайгүй ажил хэрэгч уур амьсгал алдагдаж байв. Социалист бүтээн байгуулалтын эрч мэдэгдэхүйц саарлаа. Нам, засгийн мэргэн жолоодлогыг ч эс ойшоох хандлага цухалзаж эхлэв. Галав юүлэх гэж байхад юун бүгд хурал, тогтоол. Гутрангуй, хайхрамжгүй хүмүүс хаа сайгүй болоод өдөр хоногийг үлгэн салган өнгөрүүлнэ. Хар захын амьдрал үлэмж идэвхжив.
Эд хөрөнгөө хямдхан ч болтугай зарж борлуулчихаад алт мөнгө болгох гэсэн хүн зөндөөн. Орон сууцаа хашаа байшингаар солигсод өөрсдийгөө азтайд тооцно. Ямар ч л гэсэн нурангид даруулчихааргүй боллоо гэсэн үг. Гандан хийдэд хувь заяагаа даатгуулсан нь Гаанжуур Даанжуурт галав юүлэх тухай юу гэж зөгнөснийг дуулж бишрэн буцна. Анх удаа л, хотоос хөдөө рүү албадлагагүйгээр шилжин суурьших болов. Хотын сүйрлээс талын гамшиг хамаагүй дээр гэх аж. Хөдөөгийн ардууд өдөр болгон хонь гаргаж идэх нь нэн аймшигтай. Тахлын дунд найр гэдэгчилэн найр наадам ч зөндөөн. Ямар шалтгаанаар найр хийснийг ч эс ухах хөлчүү олон “Икар од, Икар од” хэмээн уухайлах нь цорын ганц шалтгаан гэлтэй.
Чингээд ер нь Икар од гэж байсан юм уу? Эсвэл бүдүүлэг нийгмийн эмгэнэл, монголчуудын хөгтэй явдал байсан юм уу? Харамсалтай нь, үнэхээр Икар од гэж байсан, байсаар ч байна. Ердөө л хөрш Зөвлөлтөд маань Икар одны тухай ил тод ярьж, бичиж байсан аж. Зуу зуун сая хүний нүд чихийг яаж ч таглах билээ. Зөвлөлт засаг буулт хийхээс аргагүйд хүрсэн юмсанж. “Яая гэхэв, ярьцгааж л байхаас. Харин бид тайвшруулах албаны үүрэг гүйцэтгэнэ, өөр яах ч apгагүй” гэж коммунист удирдагчид үзсэн байна. “Тийм асуудал бий. Гэхдээ яасан ч гэсэн тайван амгалан байцгаа, засаг төрөөс албан ёсны тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх ямар ч үндэс алга байна” хэмээн дахин дахин мэдэгдэнэ. Мэдээж, засгийн талархаагүй арга хэмжээг хувьдаа хэрэгжүүлэх гэсэн зүрхтэн байвал торны цаана тавтай морилогтун. Энэ талаараа дэлхийн бүх засгийн газрууд адил байр суурьтай байлаа. АНУ-д Икар од бараг л коммунистуудын явуулга гэж ойлгуулж, Вьетнамаас өөр ямар ч Икар байхгүй хэмээн мэтгэнэ. Кубад төрийн нууц болсон агаад нууцыг задруулсан хүн империалистуудын гap хөл. Иранд бол Икар Аллахтай тэрсэлдэгч, учир нь исламын зөнчдийн зөвшөөрөлгүйгээр яаж гарч ирж зүрхлэв. Испанид “Франко Икар одноос өөр юуг ч өгч чадахгүй” гэдгийг ард түмэн мэдчих вий хэмээн одон орон судлалыг цензурдэж байлаа. Анголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид хувьсгалын ажлыг сааруулж болох Икар одыг хараан зүхэж, португалийн колоничлогчдын ов мэх хэмээн тодорхойлж байв.
Гэвч үнэндээ бүх улс орны ард түмэн Икар одыг хүлээн зөвшөөрчээ. Эд хөрөнгөө үрж зарж, еврейчүүдийн баялгийг нэмэгдүүлнэ. Гэм нүглээ наманчилж, үнэн сэтгэлээс мөргөл үйлдэнэ. Хаагдсан сүмүүдэд ч өдөр шөнөгүй мөргөл явагдах болжээ. Ватикан Икар одыг Есүс Христ гэж зарлав. Баячууд газар дор хороолол байгуулж, олон жилийн хугацаатай савласан хүнс, алт мөнгө, автомашин, зарц нартайгаа хамт далд орлоо. Гaмшиг тохиолдоод намжсаны дараа эзэнгүй болсон хот балгас, эд баялаг, газар нутгийг хэрхэх тухайгаа төлөвлөөд тэд уйдах завгүй байлаа.
Нэг хэсэг баячууд яаран цусныхаа оронд глицерин юүлүүлж, өөрсдийгөө тэс хөлдөөлгөж аваад мөсөн агуйд тавтай нойрсов. Чухам энэ үед хүн хөлдөөх криогеникийн салбар үсрэнгүй хөгжжээ.
Зураач нар цоо шинэ сэдвийг зотон дээр амилуулж байхад дэгжин бүсгүйчүүд “Икар” маягийн банзал дэрвүүлэн цаг үеэ чимж байв. Улс төрчид өрсөлдөгч хүчнээ “Икар од” хэмээн нэрлэж, цэргийнхэн Икар одтой хамтран явуулах байлдааны ажиллагаагаа хэлэлцэнэ. Одон орончдын улам тодорхой мэдээллийг тэргүүн нүүрүүд нийтэлж, сарны эрдсээс хүчилтөрөгч гаргаж авах, саран дээр хүн суурьшуулах талын судалгааны ажлууд урьд үзэгдээгүй өгөөмөр хандив тэтгэлгийг хүртсэн юм.
Асар өндөр үнээр олж авсан мэдээллээрээ “Чикаго сан таймс” бүх сонинуудын атаархлыг төрүүлжээ. 1967 оны 5 дугаар сарын 22-ны дугаартаа: “1968 оны 7 дугаар сарын 19-нд Чикагийн цагаар өглөөний 6 цаг 26 минутанд асар их сүйрэл тохиолдоно. 1.4 тэрбум тонн жинтэй сансрын эрхэс Икар Флоридийн хойгоос зүүн тийш 2000 милийн зайд Атлантын далайд унана. Доргилтоос үүсэх энерги мянга мянган, халуун цөмийн, асар хүчтэй бөмбөгний дэлбэрэлттэй тэнцэнэ. Далайн ёроолд 25 км-ийн голчтой тогоо үүснэ. Хөнөөлт давалгаан Аглантын далайн хоёр эргийг эгшин зуур живүүлнэ. Цунами, газар хөдлөлт, шороон хуй, цөмийн өвөл дэлхий дээрх амьдралыг богино хугацаанд устгана” гэж мэдээлжээ.
Тавиад он, жараад оны туршид Икар од алсаас онилсон сум адил дэлхий рүү ойртсоор байлаа. 1959 онд Калифорнийн их сургуулийн доктор С.Херрик Икар од дэлхийд хамгийн ойрхон очих зай нь долоон сая км гэж тооцоолсон нь хэнийг ч тайвшруулсангүй. Дунд сургуулийн багш хүртэл Икар од дэлхийг мөргөх нь гэдгийг баталж чадахаар байв. Учир нь Икарын замд Буд гариг тохиох aгаад Буд гаригийн соронзон орон, татах түлхэх хүч бага эрхсийн замд нөлөөлөн, хэдэн хэм хазайлгах нь ойлгомжтой байлаа. Икар, Дэлхий хоёр мөргөлдөх нь онолын хувьд гарцаагүй байна гэж олон нэр хүндтэй эрдэмтэд мэдэгдсэн юм. Дэлхий сөнөхөөс өрсөж Польшийн профессор Людвиг Зайдлерын бичсэн “Атлантида” ном Зөвлөлтөд хэвлэгдсэн. Зөвлөлтийн ард түмэн Икарын тухай бүр бестселлертэй байжээ.
Дэлхий сүүлийн үед гурван удаа сансрын сүйрэлд өртсөнийг эрдэмтэд илрүүлсэн юм. Эхний удаад Гондван тив харь гаригийн хүчтэй мөргөлтийг тэсэлгүй хуваагдаж шинэ газрын зургийг буй болгожээ. Дараагийн удаад өнөөдрийн хөхтнүүдийн адилаар амьтны аймагт ноёрхож байсан үлэг гүрвэлүүд мөхсөн. Диноандроид бyюу гүрвэл-хүний үүсэл хүртэл эхэлчихээд байхад тийм гамшиг тохиолдсон нь эмгэнэлтэй. Гуравдагч удаад Атлантида тив асар өндөр соёл иргэншилтэйгээ хамт далайн ёроол болжээ.
Түүнээс хойш, 1911 онд Канадад нэг фермер солирт өртөн эрсэдсэнийг эс тооцвол сансар хүн төрөлхтөнд ямар ч аюул учруулсангүй. Тийм ч учраас 1968 онд, Икар од мөргөнө гэхлээр хүмүүс психологийнхоо хувьд тэр сүйрлийг бapaг хууль ёсны хэмээн зөвшөөрчих гээд байлаа. Ер нь шинжлэх ухаан астероидын гамшгийг урьдчилан хэлж л чадахаас бус, хүн төрөлхтнийг яаж ч аварч хамгаалж чадахгүй юм. 1992 онд дэлхий сансрын эрхэстэй мөргөлдөж болзошгүй болох үед хэвлэлийн бaгa хурал дээр нэгэн сэтгүүлч “Хэрэв үнэхээр ойрын гамшиг тодорхой болбол над шиг эгэл хүмүүс яах ёстой вэ” гэж асуугаад нэрт эрдэмтний зүгээс “Ойрын бааранд очигтун” гэсэн зөвлөгөөг сонсч байсан билээ.
1968 онд Икар од дэлхийтэй мөргөлдсөн бол өнөөдөр энэ үгүүлэл бичигдэхгүй байв. Хүн төрөлхтнийг юутай ч гэгээн аз дайрчээ. Шинжлэх yxaaны алдаа анх удаа хүн төрөлхтнийг баярлуулсан юм. Тэгээд л бүгд тайвширч, нэг хэсэг нь социализмаа, нөгөө хэсэг нь эдийн засгаа, үлдсэн нь дайн байлдаанаа үргэлжлүүлсэн ажгуу.
….Тэгэхэд Икар од дэлхийгээс 3,38 сая километрийн зайтай зөрж одсон. Сарнаас 20 дахин хол гэсэн үг. Тэр эрхэс хаагуур яаж явахаа хэнээр ч заалгахгүй. 1996 онд 15,1 сая километрийн зайтай зөрөв. 2006 онд бас түгшээсэн. 2015 онд 8,1 сая километрийн зайтай зөрнө гэнэ.
Олон орон нэгдсэн Сансраас хамгаалах алба гэж буй. Хэрэв Икар од мөргөх янзтай болбол, өөдөөс нь цөмийн пуужин харвана, дээр нь цөмийн цэнэг суурилуулж дэлбэлнэ гэдэг. Ингэснээр зам нь хазайж, зөрж одно. Гэвч тэрхүү технологи, төхөөрөмж нь одоогоор бэлэн болоогүй, санхүүжилт нь ч шийдэгдээгүй байгаа.
Тэр бүү хэл тойрог замыг нь нарийн тооцоолж ч чадахгүй байгаа юм. Сая сая километрээр л “нарийвчилдаг”. Уг нь, наад зах нь зуун метрийн нарийвчлал хэрэгтэй юм шүү дээ. Икар одны аюул арилаагүй л байна.
Өдгөө болзошгүй аюултай эрхсийг цөмийн дэлбэлэлтээр зайлуулах, дэлхийн дээгүүр хаалт барих, эрхсийн мөргөлтийг саармагжуулах төслүүд аз заяагүй төрсөндөө гоморхсон мэт хүрээлэнгийн аль нэг мухарт хоног төөрүүлэн чимээгүйхэн хэвтдэг хэвээр ажээ.
Ч.Мөнхбаяр
MMX.VI.XXIX
No comments:
Post a Comment