Tuesday, July 27, 2010

Винайн ёсыг сахихгүйгээр Монголд Буддын шашин орших аргагүй



Буддын сүм хийд маань шарын шашнаас татгалзаж, эр эмийн ёс бол лам хүний хувьд буян мөн гэсэн номнол гаргаж, монгол улс түмнээр зөвшөөрүүлэхгүй бол, хууль бус үйл ажиллагаатнууд, залилан мэхлэгчид гэгдэж болохоор болжээ.

Монгол орон цагтаа Буддын шашны, Төвдийн дараа орох том төв, Мянган сүмийн орон, ариун дагшин газар байсан билээ.
Гэтэл, тэр олон сүмээс ажиллагаатай нэг ч үлдэхгүй болтол устгаж, ном, урлагийн бүтээлийг түймэрдэж, өнгөт металл үнэт чулууг кг-ыг нь нэг рүблиэр үнэлсэн үнэлээгүй болж гадагш нь зөөн, бусад материалыг сул олз хэмээн, хамтрал коммун, малын хашаа барьж байгуулахад ашиглаж байсан аймшигт цаг буй.
Лам нарыг сум гарздахгүй гэж давхарлаж зогсоогоод нэвт буудаж, олон газар амьдаар нь шатаасан. Богдууд, хутагтуудын занданшсан шарилыг хог дээр аваачин галдаж устгаж байв. Хуврагуудыг хүчээр шар шувтлуулан, тэднээр тусгай цэргийн салаа, ротуудыг байгуулж, До яамны ажилд олноор нь дайчилж байсийм. Бурхдыг маань хайлуулж, сум цутгаад, лам нарыг бууд гэж илгээж байлаа шүү дээ.

Өдгөө Монголд шүтэн бишрэх эрх чөлөө сэргэх ээдрээтэй явц явагдаж байна. Далай лам Монголын лам нар винайн ёсыг огт сахихгүй байна, тэндээс Буддын шашин сөнөж мөхөх муу нөлөө ялгарч байна гэж санаа зовон өчсөн. Чойжамц хамбыг харин винайн ёсыг сайн сахиж байна гэж магтсан юм билээ. Эхнэр аваагүй ганц хувраг маань тэр гэж бараг хэлж болох.
Шашны сургуулийн 3 шавь БГД-т дээрэм хийсэн. Завханд дөрвөн лам бүлэглэн, дэлгүүрээс хулгай хийсэн. Сэлэнгийн хийдүүдэд оны ялгаа, дэглэлт газар авсан.
Бөө нар ямар ч боловсрол, анагаах чадваргүй байж, хүний эрүүл мэндээр тоглож, амь насыг нь хөнөөж байна. Хараал жатга хийж, нүгэл үйлдэж байна. Шал согтуу удган “Би биш, миний сахиус архи уусан” гээд байж байна.
Энэ нөхцөл байдал дунд христийн сүмүүд итгэж бишрэгчдийг сугалж авч байна. Нэг христийн сүм суумгай охиныг Солонгост аваачиж, том ламтайгаа уулзуулахад, итгэж биширсний хүчинд босч явдаг болсон бол, энд ирээд суумгай болжээ.
Винайн ёс гэдэг бол лам нарын эгэл хүмүүсээс ялгарах гол хүчин зүйлийн нэг. Тааламжтай бүхнээс аль болох ихээр татгалзаж, өөрийгөө сайн үйлсийн төлөө аль болох ихээр золиосло гэдэг нь винайн ёс. Винайн сахилд юуны өмнө сексээс татгалз гэсэн байдаг. Хуял тачаал нь хүний хамгийн хүчтэй хүслүүдийн нэг болохоор тэр шүү дээ.
Лам нарын сахил санваарын асуудал нь буддизмын сургаал дотор, хутагтын дөрвөн үнэний номлолтой нягт сүлбээтэйгээр, бүр эрт үеэс оршиж ирсэн ёс зүйн хэм хэмжээ байв. Түүний нэгэн болох эр эмийн ёсыг тэвчих санваар бол, угтаа “тачаалыг эгнэгт умартах” хийгээд, түүнтэй салшгүй уялдаатай дэг мөр болох “эхнэр үл авах ёсон” хоёрын нэгдэл байдаг нь хүн төрөлхтний шашны бусад томоохон урсгалуудад ч хэрэгждэг.
Буддизм бол юуны өмнө ламын шашин. Ийм ч учраас лам нараас сахивал зохих дэг ёсны тухай винайн номлол бүхэлдээ бурхны шашны нэн чухал хэсэг байдаг байна.
Буддын лам нарын таван тэвчлийн нэг - “Лам хүн бүсгүй хүнийг нүглийн нүдээр харж үл болно. Гагцхүү эх хүн хэмээн сүслэн үзэх ёстой” гэсэн эл санваарыг эвдэж хөсөрдүүлбэл хар болгож /шар шувталж/ хийдээс хөөдөг байв.
Шарын шашныг үндэслэгч их лам Зонхава /1357-1419/ эртний энэтхэгийн дэг ёсыг үндэслэн винайн сургаалыг дэлгэр номлож, лам нарын сахил санваарыг хатуу чандлан тогтоосон юм. 
Монголд ламаизмыг улсын шашин болгон дэлгэрүүлсэн цагаас эхлэн эр эмийн ёсыг тэвчих явдлыг хууль тогтоомжоор цаазлан тогтоосон байна. 1789 оны “Монгол цаазны бичиг”, 1815 оны “Зарлигаар тогтоосон Гадаад Монголын Төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт” лам, банди нар, тусгай зөвшөөрөлгүйгээр хийдийн гадуур хоноглохыг хориглон анхааруулсан заалт бий. Зөрчсөн этгээдийг гурван ёсоор баалахаар тогтоосон байдаг. 
Цаашилбал, лам нараас бүсгүй хүнтэй цээрлэсэн харилцааг тогтооход оногдуулах шийтгэл, торгуулийг нарийвчлан заасан байна. “Хэрэв лам хүн нөхөрт гараагүй бүсгүйтэй нөхцсөн бол шар шувталж зуу ташуурдах, нөхцсөн эмийг мөн зуу ташуурдах” гэх мэтээр өгүүлсэн байдаг. “Лам хүн хуулийн хариуцлага хүлээхэд эхлээд шар шувталж дараа нь шийтгэнэ” гэж тогтоосон юм. 
Ташуурдан жанчих нь хүнд шийтгэл байв. Зуугаас доошгүй ташуурдан жанчуулсан гэмтэн хүн удаан хугацаагаар тэнхэлгүй болж, заримдаа үхэж байсныг бичиг сурвалжид өгүүлдэг. 


• /1770/ онд, Түшээт хан тэргүүтэй ноёд болон Эрдэнэ Шанзодба тэргүүтэй шашны мяндагтан нар Даруга Цэрэн Дайчин отгийн Дамчой хэмээх нэгэн ламын ослын тухай шүүн хэлэлцэх үед түүнд ял тохогдож ирэхэд, Түшээт ханы хошууны бүсгүй гэмийг биедээ хүлээсэн гэх ба, бүсгүйд “цаазын бичгийн ёсоор” ял оноов гэсэн байдаг нь “Монгол цаазын бичиг”-ийг хэлж байгаа бололтой. Харин тэр лам 30 бэрээ, 300 банзаар баалуулсан нь “Халх журам”-д тогтоосноос ихэд өндөр байна. “Энэ нэгэн зүйл цаазыг тэмдэглэж, хойч цаг дор сахилгатай хэн хүмүүн энэ Дамчой адил сахилаа буртаглаж явсныг үүн лүгээ адил ялламой” гэж бичиж үлдээсэн баримт бий.
• “Зарлигаар тогтоосон Гадаад Монголын Төрийн засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” хэмээх 1815 оны цаазыг ажиглахад, бидний авч үзэж байгаа лам хүнд холбогдох асуудал даруй 4 дэвтэрт тусгагдсан байдаг. Тус хууль цаазын ёсоор бол лам нарын суудаг орон хийдээр бүсгүй хүн орж болохгүй. Хэрэв лам нар өөрийн гэр орноор бүсгүй хүн агуулбаас да лам бол хоёр ес, гэлэн, банди нар бол 5 толгой малаар баалж байсан ажээ.
• Цаашилбал, “Шавийн яамны улаан хацартаас хуулсан дүрэм”-д ч уг асуудал тусгагдсан байдаг. Эрх зүйн практикт хэрхэн хэрэгжиж байсны жишээ болгон зарим зүйлийг дурдъя: “Цэрэнхүү хэмээгч лам шөнийн цагаар хүрээ хийдэд бүсгүй хүн орогнуулсан тул 5 толгой малын анз баалуулсан…
• Хиа лам Самбуу гэгч гэртээ бүсгүй хүн агуулсан тул таваар баалуулж, албаа хураалгасан…
• Сахиул Лувсандаш, лам Дамцагдорж нар төрөл садныхаа бүсгүйг охидынх нь хамт хүрээнд авчирч орогнуулсан учир тус бүр тавын анз баалуулсан ба гэсгүй Аръяа энэ явдлыг мэдүүлээгүй тул 3 мал торгуулж байжээ..”
• Түүнчлэн лам Цэдэнхүү нь Хүүхэн хувилгааны хийдийн гэсгүй Лувсангомбо болон түүний бараа бологч нараас эмс охид гэртээ агуулав хэмээн мөрдөн хянасанд тэрбээр ундууцан тэднийг муу үгээр хараасны учир нэгэн ёс анз баалуулж байсан тухай өгүүлсэн байна.

Эр эмийн ёсыг хүлцэх нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлнө. Эрдэмтэн Майский 1919-20 оны зааг дээр ар монголчууд 400 мянга, 115 мянга нь (1/3) лам байв гэжээ. Ийм болчихвол хэцүү л юм.
Гэхдээ, винайн ёсыг дагахгүй гэвэл, “эр эмийн ёс бол арван цагаан буян мөн, лам нар түүнийг тэвчиж үл болно” гэсэн, шарын шашны эсрэг шинэ номлол суртал гарган, Монгол улс түмнээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Эсбөгөөс, шарын шашныг хөнөөгч чаралбаанууд хэмээгдэн, цөм хууль бус сүм хийд гэгдэж, ял зэмд ч унаж болох ажээ. Нэгэнтээ шарын шашин бус бол, нэрийг нь зээлдэн, ашгийн үйл ажиллагаа явуулах гэгч нь залилангийн хэрэг хэмээгдэж болох буюу. Юутай ч атугай, Далай лам манай сүм хийдийнхэнтэй таарамжгүй болсон, хилийн чанадад зэмлэн буруушааж, муу муухайн жишээ болгон дурддагийг анхаарууштай. Ёсоо өөрсдөө сахидаггүй хуврагуудад цаашдаа ер нь хэн итгэх юм бэ?
Ч.Мөнхбаяр
"НЭР ТӨР" сонин
MMX.VII.V

3 comments:

Dorjoo said...

Сайн үйлсийн төлөө нүгэл хийхийг зөвшөөрдөггүй нь буддын шашны сул тал.
Үүнээс болоод хүчирхэг улс гүрэн ч гэсэн бурхны шашны хүлцэнгүй үзэлд баглагдан мөхсөн тохиолдол бий...

Мөн олон мянган эрчүүд сахил хүртсэнээс болж улс орондоо баялаг бүтээх ажлаас хөндийрдөг.

Мөн бурхны шашны судар номнууд хүн болгоны тэр бүр мэдээд байдаггүй төвд хэл дээр байдаг нь уншуулж байгаа хүндээ ойлгогддоггүй юм.
Энэ чинь сохор хүнд ном өгсөнтэй адил биш гэж үү.

Ер нь ямар нэгэн шашин гэдэг аливаа хүнийг өөрийн сургаал номлолоороо мансууруулж байдаг хар тамхитай адил. Тийм болохоор шашин гэдэг ер нь огт хэрэггүй зүйл.

Хүмүүсийн оюун санаанд илүү прагматик ёс суртахуун, дэлхий ертөнцөд илүү чанга хууль дэглэм оршин тогтнож байж сая нэг амар амгалан ноёрхох болно.

Энэ бол миний л бодол шүү...

Unknown said...

сайн үйлсийн төлөө бурхан багш гэгээрэгүй байхдаа нэг удаа хүн алж онгоцонд байсан тэр олон хүмүүсийн амийг аварсан тохиолдол байна

Unknown said...

сургаалын хувьд өнөө цагт их олон ном гарсан байна жишээ нь сайн хувьтны орох олом павонха ринбүүчигийн бодь мөрийн зэрэг болох гэтлэхүйн гарын авлага ламрим гэх мэт дурдаж болно