Төр Цанхийг л эзэмшиж байж
Тавантолгойг эзэмшиж байна гэж хуурав
Тавантолгойг 100 хувь эзэмшинэ гэдэг нь тайвшруулах эм, демидролорхуу л юм шүү гэдгийг би “харийн олборлогчдыг “дробинкдох” хэрэгтэй”, “Тавантолгойг оператор компаниудаар цөлмүүлэх гэж байна”, “Баялгийг нь харийнханд, жогорхойгоо ард түмэнд өгөх нь ээ” зэрэг үгүүлэлдээ дурдсаар ирсэн.
Хэрхэн төр 100 хувь эзэмшив? Гишүүн С.Эрдэнэ “Ухаа худагаа яах гэж байна?” гэхэд ЗГ-ын тэргүүн бүлх залгисан мэт дуугүй өнгөрсөн. Есөн хэсгийг нь тасалж, тус тусад нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон агаад, нэгийг нь Буянаа Жагаагийн маань “Марубени” өрөндөө авна ч гэх шиг. Бүр эхнээсээ л 100 хувь эзэмшсэн юм огт байхгүй, 50 хувьтай л байсан байхгүй юу.
Тавантолгойг төр 100 хувь эзэмшнээ гэх бус, Цанхийг 100 хувь эзэмшинэ гэж хэлэх учиртай байсан юм. Цанхиасаа сайн хэсгийг нь, гадны арван хэдэн консорциумд нэгдсэн, хэдэн арван мангас махчин компанид шууд бэлэглэхээ оператор гээд байгаа. Чанар муутай хэсгийг Монголын ЗГ буюу Эрдэнэс МГЛ компани эзэмшинэ. За тэрнийх нь арав арван хувийг өөрийн иргэд, дотоодын компаниудад хувьцаагаар эзэмшүүлнэ. Тэр хувьцааг нь харийнхан гартаа оруулах бололцоо бүрэн нээлттэй, магадлалтай. Оюутолгойгоос дор юм болох гэж байна гэдэг чинь л энэ шүү дээ.
Юун 100 хувь бэ? Төр өөрөө одоо 51 хувийг нь мэдэлдээ авч үлдэнэ гээд л сууж байна шүү дээ. Тэг хувийг ч гэсэн авч үлдэх юм уу. Хасах хувь буюу их өртэй л хоцордог болсон биш үү.
Одоогийн төслөөр бол, Тавантолгойгоос
сард 10 центийн хишиг түгээнэ
сард 10 центийн хишиг түгээнэ
Энэ хаврын чуулганы зорилго бол ердөө л Тавантолгойг амлан авч, тамлан хаях явдал байсан юмсанж. УИХ-ын нэгэн дарга даамал “ЗГ, ерөнхий сайдын зүгээс шахалт их үзүүлж байгаа” гэж гомдоллов. Ерөнхийлөгч ЗГ-ын халаасанд орсон ч гэж бичигдлээ. Тавантолгойн төслийн талаарх УИХ-ын ажлын хэсгийн даргаар Д.Дамба-Очир томилогдсон нь учиртай гэлцэнэ. Элдэв хэрэг түвэгт холбогдож, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж яваа эрхэм гишүүнээр хамгийн бохир даалгавар биелүүлгэж байж, амийг нь хэлтрүүлж, гэмийг нь цайруулах юм гэв үү.
Монгол улс түмний үндэсний их баяр цэнгэл - наадмыг ч харийнханд эх орноо худалдах зэвсэг болгон ашиглах гэж улайран дайрсан дарга сайд нар юутай жигшүүртэй.
Ганц Цанхийн нөөц багаар бодоход 170 тэрбум доллараар үнэлэгдэж байхад, 30 жилд 2,5-8,7 тэрбумын ашиг олох төсөл гаргаад ирсэн. Монголын харъяат бүрд 892-3480 доллар оногдож байна. Жилд 29,7-116, сард 2,4-9,6 доллар. Төсөвт орох тэр бүх мөнгийг бүгдийг нь бэлнээр тараахгүй. Тэгэхлээр сард доллар өгөх юм уу үгүй юу, эсвэл 10 цент үү? Тавантолгойн далай их баялгийг ийм л “дусал нэмэр” болгочихоод байна.
Хүн бүрд 10 мянган долларын хувьцаа өгнө гэх. Ичгүүргүйгээр хуурч байнам бус уу. Олно гэх ашиг нь хүрэхгүй нь байна шүү дээ. 30 жилд 200 доллар хүртээвэл дээдийн заяа аж.
Тооцоолсон ашиг нь иргэдэд амласныхаа дэргэд ёстой л аманд ч үгүй, хамарт ч үгүй байхад хөрөнгө оруулагчдаас 1,5 тэрбум долларын урьдчилгаа авна, хожмын орлогоос “Утаагүй Улаанбаатар” төслийн 18,5 триллион төгрөгийг /13 тэрбум доллар/ гаргана гээд л алаагүй баавгайн арьсыг арав хуваах юм яриад байгаа. 1,5 тэрбум нь бас л өндөр хүүтэй зээл /1,2 тэрбумын бонд гаргахгүй бол болохоо байлаа гээд л түжигнээд байсан даг/ биз. Тэр 18,5 нь ч утаа болж замхрах байлгүй. Бас тэгээд орж ирэх ч үгүй мөнгө гэж байгаа.
Харийн оператор компанид олборлох, борлуулах болон бүх эрхийг хэмжээ хязгааргүй олгох юм гэсэн. Уг нь бол оператор компанид тийм эрх өгөх ямар ч шаардлагагаүй, бүхнийг ажлын ердийн стандарт гэрээгээр л зохицуулчих юм байгаамшдээ. Гэвч хуулинд маань гадны компани оператор болно гэж байхгүй, эзэн ноён болно л гэж байгаа юм чинь хуулиа дагахаас биш яахав?
Харин төрийн Эрдэнэс МГЛ бол хяналт тавина гэсэн яаж хэрэгжих нь тодорхойгүй, нэрийн төдий “эрх”-тэй. Нэгэн мэргэжилтэн “Эрдэнэс МГЛ-ын үйл ажиллагаа гадаадын хөрөнгө оруулагчийг аль болох их ашигтай ажиллуулахыг эрмэлзэхээр зохион багйуулагдсан, зохицуулагдсан байна” гэсэн. Э. гэдэг дарга нь: “Тавантолгойг Монгол дангаар эзэмших ёсгүй. Дэлхийн хэмжээний компаниуд байж байж л дэлхийн хэмжээний стратегийн чухал орд байна. Үндэсний компаниуддаа өгвөл нүүрс түгээх ямар ч боломжгүй болно” хэмээж. Мөн лут аа?
Ард түмний аманд алтан аяга дөхүүлэхийн оронд, хэвлэлийн амыг 280 саяар үдэв
Саяхан хэсэг гишүүд “том ордыг бол төр авч байх юм” гэсэн утгатай төсөл санаачлав. Нэг гишүүн “төр ерөөсөө ордоос эзэмшиж болохгүй” л гээд байх. Уг нь бол, төр авах авахгүйдээ гол нь байгаа бус, монголчуудын төлөө, Монгол улс үндэстний төлөө гэсэн эх оронч бодлого гол нь юм шүү дээ. Бодлого зөв байх аваас бүх асуудлыг хэрхэн зохицуулах нь ойлгомжтой болоод ирнэ.
Алдаатай бодлоготой яваад байгаа учраас л чухам ямар хуультай байх ёстойгоо мэдэхгүй, жижиг деталийн өөрчлөлт хийх гээд, тэрэн дээрээ маргаад байдаг, зөв бурууг тодорхойлох үндэслэлгүй болчихсон шүү дээ.
Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ Тавантолгой төсөл дээр аль болох ихээр хамтран ажиллахыг чармайна гэсэн. Яаж чармайв? Ордыг олон хувааснаар, янз бүрийн хэсгүүдийнхэн хямд үнээр өрсөлдөж, нүүрсийг үнэгүйдүүлнэ, өчүүхэн бага хэсэг дээр цөлөгдсөн хэдэн мянган монгол компаниуд ингэхлээр дампуурна. Ерөөсөө Тавантолгойн олон хэсэгт компаниуд багтаж шингэж, уялдаж зохицож ажиллаж болохооргүй хуваарь хийчихсэн байгаа юм. Хүчтэй нь буюу харийнхан л ялна, бусдыгаа шахаж гаргана.
ЗГ-ын төсөлд, олон улсад өрсөлдөх чадвар бүхий ААН бий болгоно гэх бүрхэг үг бий. Улсын уул уурхайн салбарын хүчийг Тавантолгойд дайчилж болох л байсан л даа. Гэвч тэр үг цаасан дээр л үлдсэн.
Ерөнхий сайд “монголчууд гээд ямар нэгэн давуу тал ерөөсөө олгохгүй” гэж мэдэгдсэн. Аль улсын төрийн албан хаагч юм бол доо.
Гадныхныг 10 гаруй жилийн турш ивээн тэтгэж, хөл дээр нь босгочихоод, үндсэндээ одоо л уул уурхай руу орж эхэлж байгаа монголчуудынхаа өмнө заавал гадаадын оператор компанитай хамтар гэсэн тулгалт, лицензийн хориг, 12 зүйлийн шинэ татвар зэрэг өчнөөн хана хэрэм босгож байна.
Үндэсний үйлдвэрлэгчид, эх орончдыг есөн шидээр муучлан гүтгэж, хар РR хийлгэж буй. Монголынхоо төлөө гэвэл хуурамч эх оронч үзэл, харийн төлөө гэвэл жинхэнэ эх оронч үзэл гэсэн сурталчилгаа мөн ч их байна даа! Бас Тавантолгойн талаарх ЗГ-ын баримтлалаас зөрүүтэй зүйл нийтэлж болохгүй гэж ХМХ-үүдийг 280 сая төгрөгөөр хэмх хахуульдсан гэнэлээ.
МҮХАҮТ-ын баг хэмээх “өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн” гэдэг шиг зүйл гаргаад ирсэн. Багийн дарга нь “үндэсний үйлдвэрлэлийн төлөө” гэх атлаа харь үндэснийхийг л лоббидоод байх жишээний. “Хамаг дэлхийн шударга улстай нийлж... гэсэн мөр сүлд дуунд байдаг. Үүнийг зөрчиж болохгүй” гээд л ёстой ангайлгаж байгаа юм чинь. Өөрсдөө эзэмшье, олборлоё гэвэл заяагдмал нөөцийн олдмол хам шинж гэдэг өвчин гэж ДОХ-той зүйрлүүлж ярьсан. Гадныхан манай хамаг хөрөнгийг хурааж аваад л, манайхан гагцхүү нанотехнологи хөгжүүлэх учиртай юм байх. Хаанахын, ямар гээч ял вэ, энэ?
Ц.Даваасүрэн гишүүн “Бид баялагтаа хариуцлагатай хандах ёстой. Энгэр султай хүүхэн шиг энэ надад хэрэг болж мэднэ гээд очоод хэвтчихээд байж болохгүй биз дээ” гэсэн. Тэр үнээн. Гадаадын хулгайч гуйлгачдын өмнө янхан, завхай эмс шиг, монголчуудыгаа болохоор “хүчиндлээ” гэж гүтгээд байдгаа хэзээ болих вэ?
Нүүрс алтны үнэд хүрч магад
Дэглэмийн нэгэн үзэл сурталч: “Нүүрсээ ямар ч үнээр хамаагүй, гадаадын авах гэсэн хэнд нь ч болтугай яаралтай өг. Хэдхэн жилийн дараа нүүрс хэнд ч хэрэггүй болно, нүүрс үнс хоёр адилхан үнэтэй болно” гэж улиглаж, клип хийлгэн ТВ-үүдээр цацаж байсан.
Үнэн байдал дээр бол нүүрс алт шиг үнэтэй болж ч магад. Эртний ой ширэнгийн үлдэгдэл, органик нарийн бүтэцтэй эд тул нанотехнологийн үндсэн нэг материал болох ирээдүйтэй, ухаант материал гэж нэрлэгдэж эхэлсэн юм билээ шүү дээ. Нүүрснээс кокс, бензин, дизель, мазут, будаг, мяндас, хуванцар, бордоо, сүрчиг, эм, герман болон циркон элемент гээд өчнөөн үнэт бүтээгдэхүүн гарган авч болно.
Монгол бол хүн амаар дэлхийд хөл бөмбөгийн рейтингтэйгээ адил шахуу байр эзлэх хэрнээ, ашигт малтмалын нөөцөөр дэлхийд 20-р байр эзэлдэг. Бид хамгийн баян ард түмэн шүү дээ. Зөвхөн нүүрсээрээ ч бүгд баяжиж хөлжиж чадна. Учир нь, Монгол улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа л, ОХУ-тай зэрэгцэн 2-р байр эзэлдэг /150 гаруй тэрбум тонн/. Сайн судалбал, АНУ-ыг ч /247 тэрбум/ гүйцэх бололцоотой гэж байгаа. Манай нүүрсний нөөцийг мэдэгдэж буйгаасаа хоёр дахин их бололтой гэж таамагладаг.
“Яарч болохгүй. Эхлээд алхаж сураад, дараа нь гүйх хэрэгтэй” гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Саед хэлжээ. Родман энд Рэншоу санхүүгийн байгууллагын дэд ерөнхийлөгч Жадамбын Жамул “Үнэлж баршгүй баялгаа хэдхэн төгрөгөөр өгч байна” гэж дүгнэжээ. Хөрөнгө оруулалтын судалгааны “Энжел рисөрч” байгууллага “Монголд оруулсан хөрөнгө наад зах нь 57 дахин өсөх хосгүй боломж: байна” гэжээ.
Тавантолгойд хамгийн багаар бодоход 7,5 тэрбум тонн /Норуэст компаний үнэлгээ/ нүүрс байгаа бөгөөд, энэ тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй. 65 хувь нь коксжих нүүрс, уул-геологийн буюу олборлох нөхцөл нь хялбар. Ийм гайхамшигтай хар алтан боломж байгаа болохоор л харь цустай, сүнстэй дарга нар маань түүхэн, жинхэнэ эх орондоо өгч, баатар, баастай бурхан нь болох гээд шүлсээ асгаруулаад, улайрч улангасаад дайраад байгаа.
Манай жилийн ДНБ 5 тэрбум доллар. Монгол улс хамаг асуудлаа шийдвэрлээд, хөгжиж цэцэглэсэн орон болоход гуч дөчин тэрбум хэрэгтэй. Тэгвэл Тавантолгойн зөвхөн Цанхид 170 тэрбум долларын нүүрс бий.
Далан худалч, Бэлэн Сэнгээ төр маань нөөц, ашгийн тооцоог хамгийн доогуур гаргаж буй. 3,2 тэрбум нүүрс байгаа гэдэг. Залилангийн шинэ аргатай болсон ш дээ. Нэг грамм эрдэс бодостой л гээд байдаг. Өчнөөн тэрбум тонн шүү дээ гээд учрыг мэдэх хүн хэлэхлээр “Батлагдсан нь л тэр шүү дээ, тэрийгээ л баримталж байна” гэж хэдэрлэнэ. “Тэгээд өдий хүртэл нь баталж амжилгүй юу хийж байв” гэхээр, шаардагдах санхүүжилт, бололцоо нөхцөл нь бүрдэж өгөхгүй байнаа, тэрбум тэрбум төгрөг хэрэгтэй гээд өөдөөс нэхдэг байхгүй юу. Төрийн үнэн худал эргүүтэл бүр аймшигтай хэмжээнд хүрчихсэншд. Малынх хажууд нь юу ч биш.
Хятадын мөр
Хаа сайгүй хятадын мөр. МҮХАҮТ Хятадаас 4 сая долларын тусламж авсан гэж байна. Өмнөд хөршийн хэвлэлд баялгийг маань “манай баялаг, үүц, нөөц” гэж ил цагаан бичдэг болж. Үнэн нь л тийм болчихсон хэрэг шүү дээ. Бид хөрөнгөө наад зах нь 57, монголчууд цаад зах нь 17 дахин өсгөх боломж тэнд байна, энэ давуу талаа алдаж болохгүй ч гэж бичжээ. Монголчууд нутагтаа харийнхан шиг, хятадууд манайд уугуулууд шиг болох нөхцөл байдлыг дарга нар маань сайн бүрдүүлж өгч чаджээ.
Хятадын төрийн өндөрлөгүүд уван цуван айлчилж, 300 сая, 500 сая долларын зээл амлаж, хариуд нь Тавантолгойг авах хүслээ илэрхийлсэн гэнэ. Олигархууд маань эл мөнгийг халааслахын төлөө алалдахаас наахнуур тэмцэлдэж ирсэн аж. Юун тэр Тавантолгой.
Д.Зоригт сайдаас нэг гишүүн “Чи яагаад хятадуудад бүх юмыг өгөх гээд байгаа юм бэ” гэж асуухад “Тэгээд та өөр хэнд өгөх гээд байгаа юм?” гэж бүр нэг үнэн чин сэтгэлээсээ, ямар ч наануу цаануу юм бодсон шинжгүй, гэгээн цайлганаар хариулж дээ.
Гадны гуйлгачин Монголд хэрхэн тэрбумтан болдог вэ?
Гадны хулгайч гуйлгачин нар Монголд гуяа ганзагалж, эрэн сурвалжлагаас оргон зайлж ирчихээд хэрхэн саятан, тэрбумтан, хаад ноёд болцгоодог вэ?
Манай дарга нарт хахууль амлана, лиценз авна. Лицензээрээ түрээ барьж, зээл олно, хахуулиа ч өгнө. Зээлээрээ компани хөлсөлж, орддоо техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ хийлгэнэ. Сая доллараар ТЭЗҮ хийлгээд биржид Анхны нийтийн арилжаа /IPO/ гаргаад л тэрбум доллар босгож, 1000 дахин илүү мөнгө завшчихаж байгаа юм. Тэрбум доллараараа олборлол-борлуулалт хийгээд хэдэн зуун тэрбум доллар болгоно. Тэр олборлол-борлуулалтыг өөрөө ч гүйцэтгэхгүй, бас тусгай компани хөлслөөд л хийлгэчихнэ.
Ингэж гадны хулгайч, гуйлгачин Монголд ирж, үлгэрт гардаг шиг баяжиж хөлждөг юм аа. Тэр хэрээр монголчууд ядуурч, зовдог юм.
Яагаад манай дарга нар зөвхөн гадныхныг ивээгээд байдаг юм бэ гэсэн сэжигтэй асуудал шударга хүмүүсийн анхаарлыг татдаг. Засгийн газрын шийдвэрт гадаадын агентууд нөлөөлж байгаа талаар ТЕГ-аар дүгнэлт гаргуулна гэж дуулдсан. Төр өөрөө ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө илчлэх хөдөлгөөнийг бага ч болов хэмжээгээр өрнүүлж байгаа нь нөхцөл байдал хичнээн их хүндэрснийг харуулж байна.
Дарга нар маань бидэндээ л эр бар болохоос, дэндүү арчаагүй юм билээ. Харийнханд өгсөн ордоосоо ашгийн хувь хүртдэг юм болов уу гэж би таамагладаг байсан чинь, биржийн нэг мэргэжилтэн тийм юм огт байхгүй, хувьцаан дээр харагдах ёстой гэж батлан хэлсэн. Ганц удаа хахууль аваад л хахаж үхэх дөхдөг юм байж л дээ.
Гэхдээ өөр нэрээр хувьцаа эзэмшдэг, эсвэл мафийнхны ёсоор резинээр боосон бэлэн мөнгө авдаг байж ч болох л доо.
“Форбс”-д, Монгол ойрын үед 100 дахин баяжиж, дэлхийд хөгжлөөрөө хол тасарна гэжээ
Монголын гэсэн сэтгэлтэй улс төрч, бизнесмен, иргэдээс Тавантолгойн баялгаа зөв зүйтэйгээр ашиглахад чиглэсэн янз бүрийн санал гарч байна.
“Монгол 999” гэсэн корпораци маань бид Тавантолгойд ажиллана, ашгийнхаа 34 хувийг төрд, 33 хувийг ард түмэнд, 33 хувийг гишүүн компаниуддаа хувааж өгье гэж байна. Болж өгвөл Монголын 30 мянган компанийг бүгдийг нь үүндээ хамруулчих санаатай, 3 мянгыг нь хамруулчихаад байгаа, иргэдийг нөхөрлөл, хоршоо болоод ч нэгд гэж уриалж буй юм билээ. Энэ бол үнэхээр бүх ард түмэнд өгөөжтэй, үндэсний хэмжээний сайхан үүсгэл санаачилга юм.
Улс төрч Н.Энхбаяр бүх ард түмэн, 2,8 сая хүн хувьцааг нь эзэмших компани байгуулъя, ашгийг харъяат бүрд нэрийн дансаар хүртээж байя, гүйцэтгэх ажилд монголын компаниудаа давуу эрхтэй оролцуулъя гэсэн илүү ардчилсан шинжтэй гэмээр хувилбар дэвшүүллээ. Тэрбээр ийм компани байгуулах алсын зорилготойгоор, Тавантолгойг төрийн мэдэлд 100 хувь авах ажлыг анх санаачлан хэрэгжүүлсэн гэнэ. Э.Бат-Үүл гишүүн бас тийм санаа дэвшүүлж буй. Нийтийн өмчийн хуультай болъё гэж ҮЭ-ийн Ганбаатар дарга ярилаа.
Өөр саналууд ч буй. Миний бие тэдгээрийн заримыг зөв зүйтэй хэмээн баясахын учир нь Монгол ард түмэн, төр, бизнесчид хэн нь ч бай Монгол л болохын тул, аль нь ч эзэмшиж ашигласан Монголдоо л үр өгөөж нь үлдэнэ, бууна, шингэнэ хэмээн санаж, Монголын талын эрх ашиг гэж томъёолж ирсэнд буй. Төр нь УҮГ /Монгол улсын шүү!/ байгуулаад ажиллуулсан ч болж байна. Бизнесчид нь санаачлагыг гартаа авсан ч болно. Ард нийтээрээ өмчлөх ч боломжтой. Янз бүрийн холимог хувилбар байж болно. Хамгийн гол нь Монгол улс үндэстний минь л баялиг байх ёстой, Монгол улс үндэстэн минь мандан бадарч, мөнхжин энхжих ёстой.
Тавантолгойг эзэмшихэд төр ч, бизнесменүүд ч зохих хөрөнгийг нь босгож чадна. Зөвлөлтөд, дотооддоо, өөр улсуудад бэлтгэсэн, монголын уул уурхайн боловсон хүчин хангалттай бий. Уул уурхайн хот суурингуудад маань, мэргэшсэн монгол ажилчид мянга мянгаараа ажилгүйдэж байна, Налайх тэр аяараа ажилгүй болов.
Чадахыг нь өөрсдөө, чадахгүйг нь бусдаар гэх зарчимтай ашигт малтмалын хуулийн төслийг 1994 онд гаргаж байсан юм билээ. Чадахгүй зүйл байлаа гэхэд гадаадын шударгаар хамтран ажиллах анд нөхөд олдохдоо л олдоно. Бид Тавантолгойгоо өөрсдөө эзэмшиж чадах толгойтой шүү! Монголчууд чадна аа!
“Форбс” сэтгүүлд “Катарын 2000 оны ДНБ 1973 оныхтой нь харьцуулахад 100 дахин өсчээ. Тэгвэл Монгол түүнээс ч хурдацтай өсөлттэй болж, дэлхийд хол тасархай тэргүүлэх бодот боломжтой байна” гэж бичжээ. Гэхдээ тэр өсөлтийн эзэд нь, үр шимийг нь хүртэгчид нь бид биш, харийн неоколоничлогчид байх болчихсон нь эмгэнэлтэй.
Энэ эмгэнэлийг таслан зогсооцгооё! “Тавантолгойг алдахгүй!” гэсэн хөдөлгөөн байгуулан тэмцэж, эх орноо гадаадын түрэмгийлэгчдээс хамгаалцгаая!
Тавантолгойг алдвал та бид толгойгоо алдана. Тавантолгойгоо л алдчихаж байгаа бол цаашдаа бол ямар ч найдлагагүй, ирээдүйгүй, байхгүй, тийм л хүмүүс болчихжээ л гэсэн үг шүү дээ. Тавантолгойг алдах алдахгүй нь бид толгойтой байх үгүйн, толгойгоо цаазын тавцан дээр тавих үгүйн шалгуур шүүлтүүр.
Хэрвээ Тавантолгойгоо алдахгүй бол бид тэр “Форбс” сэтгүүлд бичсэн шиг зуу зуу дахин баяжаад, дэлхийд хөгжлөөрөө хол тасраад, цэнгэлийн манлайд хүрэх бодот боломжтой юм шүү. Тавантолгойгоо алдахгүй бол, бид алдахгүй байж сурч, бусдыг нь ч алдалгүй харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөн авч, алтан аяганаас мөнхийн усыг уух юм чинь дээ!
Ч.Мөнхбаяр
"НЭР ТӨР" сонин
ММХ.VII.I
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment