Дэлхийн газрын зургаас бүхэл бүтэн улс орны нэр алга болчих нь олонтаа. Сиам, Бирм, Дээд Вольт, Дагомей, Зааны ясан эрэг, Родези, Шинэ Гебрид гээд л хичнээн олон дасал болсон нэр алга болчихов.”Бид чинь ямар ч Сиам биш, Тай шүү дээ, Тай” гэсээр байгаад тай нар нэрээ өөрсдийнхөөрөө болгуулах гэтэл олон улсын хамтын нийгэмлэг: нэгдүгээрт, Тай гэдэг нэр хэлж амжимгүй хэтэрхий богинохон байна, хоёрдугаарт тайчууд гэхлээр монголын түүхтэй эндүүрэгдэх болуужин гээд англи үг Land-ыг нэмж Тайланд бий болсон билээ.
Англичууд очоод нэг хэсэг нөхдийг та нар Burma боллоо шүү гэчихсэнийг нь оросууд Бурмаа юмуу, Баармаа хэмээн ер хэлж чадахгүйд хүрээд нэг янз болгосныг нь бид Бирм гээд хэдийнэ сурч орхисон байсансан. Гэтэл бирм нөхөд миан ма, миан ма гэж дэлхийд багтахгүй хэл ам тарьсан учир арга буюу Мьянма гэж байхаар тогтсон. Дээд Вольтынхон биднийг цахилгаан төхөөрөмжийн фирмтэй эндүүрээд байна гэсээр Буркина-Фасо хэмээх гайхалтай нэртэй болсон. Зааны ясан эрэгчүүд “бидний эх сайхан франц хэлээрээ нэрлэсэн Cote-d’lvoire байсаар атал хэлтэн болгон өөрийн дураар Bereg Slonovoy Kosti ч гэнэ үү, Zaanui Yasan Ereg ч гэх шиг эмх замбараагүй авирлаж байгаа нь манай хүндэт улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг бүдүүлгээр хөсөрдүүлсэн хэрэг болой. Одоогийн байдлаар манай улсыг 5000 янзаар нэрлэж буй нь ард иргэдэд маань нэн тааламжгүй нөхцөл ажуу” хэмээн тэмцсэнээр Кот-д’Ивуар гэх үл ойлгогдох байдал хэвшсэн байх жишээтэй. Гэхдээ хөндлөнгөөс ажихад бидэнд ямар ч хамаагүй мэт санагдах нэрний ийм асуудал үнэн хэрэгтээ монголчуудын хувьд бодитоор урган гарч ирэх үндэстэй юм.
Шинэ тусгаар тогтносон Киргиз, Молдав, Белорусс зэрэг улсууд гэв гэнэтхэн л Кыргызстан, Молдова, Беларусь гэж бичиж байхыг дэлхий дахинд шаардаж, санасандаа ч хүрсэн. Эстони улс нийслэлийнхээ нэрийг Таллин биш Таллинн гэж бичүүлж байх болсон бол, Туркменистан Ашхабадаа Ашгабат гэж зөвшөөрүүлж билээ. Улс орны нэр ус гэдэг харь хүний хазгай дуудлагаар бус, тусгаар улсын бүрэн эрхийг хүндэтгэснээр хэвших ёстой гэж орчин үе бидэнд ухааруулж байна.
Тэгвэл Монгол улсын маань нэр монголоос бусад хэлэнд Монголия хэмээн хэвшсэнийг юу гэж үзэх вэ? Монгол гэсэн үг нь эр хүйсийн үг бөгөөд дүрчилэн төлөөлүүлэх бидний төсөөлөл ч Монголмаа гэхтэй нийцэхгүй. Тийн атал Монголия хэмээн эм хүйсийн үг болгож, бидэнд ямар ч ач холбогдолгүй и+(j+a) гэх хоёр ч үеийг залган сунжруулахын ашиг юун. Харин ч монгол эрийн малгай дээр -ия цэцэг хатгах явдалгүй гэдгийг ухаарч, дөрвөн үетэй Монголия бус, хоёр үетэй Монгол-оор хэвшвэл хэн хэндээ о’кей бус уу?
“State of Mongol” эсвэл “Государство Монгол” г.м. Ингэлээ гээд муудах юм огт үгүй. Brazil, Nepal, Senegal, Israel, Portugal, Marshall гээд л “л” үсгээр төгссөн улсууд ямар нэг залгавар сүүлгүйгээр оршин тогтносоор байна. Монгол улсынхаа нэрийг илүү ч үгүй, дутуу ч үгуй Монгол хэмээн хэвшүүлье гэхэд татгалзах хүн гарахгүй байхаа. MONGOLIA, MONGOLIE, MONGOLIJA, MONGOLSKO, MOGOL, MENGGU, MOOL аль нь ч бус, төрөлх сайхан MONGOL гэсэн нэр хувиршгүй мөнх байх болтугай.
Ч.Мөнхбаяр
1995
2 comments:
Энэ харин зөв зүйтэй санал байна даа.
үнэхээр би бас энэ дээр санаа зовсоор байна. бид одоо иймэрхүү орос хэлтнүүдийн буруу галигласан хэллэгээр дэлхий нийтэд нэрлэгдэх ёстой гэж үү. Энэ байдлаар үргэлжлэхэд бид монгол биш, монголиан хүмүүс гээд хэдэн жилийн дараа яриад байж байх нь байна ш дээ. ухаараач ээ, таминь ээ. Монголиан эмпайр гэж англи хэлээр манайхны нэг сайтанд бичсэнийг хараад би за арай ч дээ, энийг хүртэл гэж бодсон шүү. уур хүрч байна. бид хэдий болтол хүлээсэнд байх юм бэ. одооноос засчгаая.
Post a Comment