Tuesday, July 27, 2010

Чечень шиг зэвсэглэсэн, дарьтай торх шиг Монгол болжээ


7.1-нд хүн буудсан хэргийг нэг мөр болгон шийдвэрлэх чухаг асуудлыг УЕПГ ажил хэрэг болгон эхлээд байна. Энэ бол зөв. Хүний амь хөнөөгдсөн л бол буруутан нь шийтгэгдэх л ёстой.
Урьд ЦЕГД хошууч генерал Ч.Амарболд, НЦГД О.Зоригт, Хэв журмын хэлтсийнх нь дарга Г.Ганбаатар, ЭХГД Ш.Батсүх нарт “Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан” гэсэн Эрүүгийн хуулийн 263.2-т, Эргүүл хамгаалалтын тасгийн VI хэлтсийн 7 ажилтанд “Хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алсан” гэсэн 91.1-д холбогдуулан шалгаж байсан. Сүүлдээ хэн тушаал өгсөн, хэний нь суманд хэн нь өртсөн нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шалгалтыг зогсоож, өршөөсөн. Өршөөгдсөн хүмүүс ахин шалгагдаж болдог л юм байна.

УЕПГ-ын МБАД Б.Галдаа “ҮАБЗ асуудал хэлэлцэж байхад, буудах эрх өгөөдөх гэж байсан хүн бий” гэжээ. ҮАБЗ-д Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Д.Мягмар, М.Ганболд нар багтдаг аж. Онц байдлыг тогтоосон гэж Н.Энхбаярыг, тогтоолгосон гэж С.Баярыг, баталгаажуулсан гэж Д.Лүндээжанцанг, хэрэгжүүлсэн гэж Ц.Мөнх-Оргилыг буруутгах явдал байдаг. Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан, Д.Энхбат нарын улс төрчдийг буруутгадаг. Тухайн үеийн АН-ын даргыг хэвлэлийн хурлын үеэр, дараахан нь, оройхон Сүхбаатарын талбайд болсон цуглааны үеэр гурван удаа асуудлыг хурцатган турхирсан ч гэдэг юм билээ.
Шөнөжин хонгио түүлгэж цэвэрлүүлсэн гэдэг үнэн бол бараг дайн болсон шиг. 70 хүнийг машинаар ачиж яваад буудан алж, голд живүүлсэн, сонсогчдоор гаргуулж, булуулж, нууцлана гэж андгайлуулсан, ар гэрийнхнийг нь аргалсан бололтой гэж яригдаад, бичигдээд байна. Ху нам байраа өөрөө галдан шатаасан хэрэг үйлдсэн, 1000 гаруй хүнийг хоморголон баривчлуулж, зодож тамлаж, 300 орчим хүнийг хүчээр хэрэгт холбогдуулаад 5 жил хүртэл ял оноосон, хэрэгт холбогдсон хүмүүсийг яллах төвшин 49 хувь байдаг атал, хаалттай хуралдаж, 96 хувийг нь ялласан гэлцэж байна. Үнэн худлыг нь тодотгож, ард түмэнд албан ёсны мэдээлэл өгөх хэрэгтэй.
Үнэн байвал нийгэмд ойлголцол үүснэ. Эс бөгөөс тун аюултай нөхцөл байдал хэзээ нэгтээ үүсч болно. Зөвхөн алдагдсан гэх бүртгэлтэй бууны тоо 700 байдаг ажээ. Өөрийгөө хүндэтгэдэг эр хүн бүр л ангийн болон, биеэ хамгаалах буу зэвсэгтэй байхыг эрхэмлэх болж. Зарим компаний захирлын хамгаалалт гэж бараг зэвсэгтэй салаа цэргийн дайтай. Чечень шиг зэвсэглэсэн Монгол болсон шүү. Дарьтай торх шиг болсон шүү. Байдлыг үнэн, шударга ёс л тогтвортой, намжмал байлгах болноо.
Шударга ёсны төлөө бүлхэмүүдийн нэгдэл гэдэг эвслийг дуучин С.Жавхлан нар толгойлон гарч ирлээ. Тэд Тавантолгойн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, 7.1-ний эмгэнэлт явдлын гэм буруутнуудыг шийтгэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаадын ажиллах хүч оруулж ирэхийг багасгах, байгалийг сүйтгэхийг таслан зогсоох зэрэг шаардлагуудыг (http://moenhbayar.blogspot.com -ийн “Содон нийтлэл” булангаас үзнэ үү) төрийн өндөрлөгүүдэд тавьж, нааштай хариултыг 7.16-ны дотор өгөхгүй бол, томоохон хэмжээний бослого гарч мэдэх нөхцөл байдал үүсээд байна гэж мэдэгдлээ.
Интернет дэх, холбогдох сэтгэгдлүүдийг үзлээ. Бүх нийтийн ажил хаялт зарлая, онцгой объектуудыг барьцаалж авъя, олигархууд руу дайръя, зэвсэгт бослого өрнүүлье гэж их бичсэн байдаг шүү. Бүр, зэвсэгт бослого гаргая, хамгийн гол нь хэзээ, хаана, яаж гэдгийг зарлах, зохион байгуулалттай байх хэрэгтэй гэсэн байв.
Нийгмийн уур амьсгал маш ноцтой болжээ. Эрх баригчид маань санаж сэрмээр юм даа.
Ч.Мөнхбаяр
MMX.VII.VI

No comments: