Wednesday, April 13, 2011

Дөрвөн батлан даалт

наргиа

1
Ногоон намд элсэн орсон чинь байгаль л байвал болоо, байгаль бол гэрэлт ирээдүй, байгаль бол Монгол улс үндэстэн гэсэн нөхөд байх юм. Яаж намдаан тус нэмэр болох вэ гэвэл, нэг л хэлэх үгээ олж ядан байцгааснаа, тоть тэжээхгүй юу гэдэг байна. Нөгөө нь яст мэлхий тэжээх хэрэгтэй гэж маргав. Аль алиных нь шинжийг хадгалсан амьтан тэжээнээ хэмээн, заамдалцсан тэднийг тайтгаруулаад гарав.
Амьтан тэжээх гэдэг ард түмнийг тэжээхээс хэцүү юм байна, хөөе. Цагаан өнгөтэй, зусаг хэмээгч хөөрхөн амьтан авлаа. Өдөр өөрөө үзэгдэхгүй унтчихаад, шөнө харин бусдыг унтуулахгүй пижигнээд байдаг товарищ юм. Нэг өдөр хүү гэдэг дэггүй тархи:
-Аав аа, Хулаахай зулзага гаргачихаж гээд жижиг цагаан юм барьсаар ирэв. Ихэд уяран хайлсаар өндийтөл өөдөөс шидчихлээ.

-Ха ха, хөвөнштээ! гээд зугтсан бандиа элдлээ дээ. Эр амьтнаас юу гэж зулзага гарах вэ.
Надад их хөгшин, хоёр настай зусаг зарчихсийм байлээштээ. Чингээд хөөрхий бие барсан даа. Хөвүүн газар гэсэхээр оршуулна гээд, хайрцганд хийгээд тагтан дээр тавьчив.
Удтал уулзаагүй найз Ээгий маань ирээд тухлан сууснаа, пүржинтэй юм шиг л огло үсэрдгийм. Хүү ч: “Хайртай Хулаахай дээр минь бяц суугаад алчлаа ш дээ, ий ий” гээд л енгэнүүлэв. Ээгий бүр сүнс нь зайлчихсан амьтан: “Ахиад дэлгүүрээс авчихаарай” гээд түрийвчээ чулуудчихаад зугтан одлоо. Уйлж байсан хүү маань толгойгоо хоёр тийш гилжигнүүлэн алга ташиж:
-Үхсэн Хулаахайгаа дор нь тавьчихсан байхгүй юу? гээд хөхөрч байх юм. Хэрэв надтай ингэж наадвал аавгүй болохыг нь ойлгуулах гэсэн чинь:
-Ээгий та хоёр архи уугаад байдагштээ хэмээн мад тавив. Ээ мөн хөгжилтэй шүү, амьтан тэжээх гэдэг. Уйднаа гэж байхгүй!
-Зебровая амадина гэдэг юм! гээд л өөр найз маань гайхалтай хөөрхөн шувуухайг танилцуулав. Эрхийн чинээ биетэй, эр хонгор дуутай, эвий дээ мөн гоё! Зээвий гээд нэрлэчихлээ.
Бяцхан зочин маань асар том том асуудлуудыг үйлдвэрлэж эхэлвээ. Хэрүүлч зодоонч, үглээ, ховдог, гэхдээ зөвхөн гадаадаас хоолоо захиалуулж иддэг, далайн каракатица гэх амьтны хуягийг тоншихоос нааш санаа амардаггүй, жаахан л сэтгэлд нь нийцэхгүй юм гарвал стрэсст орж бөмбийн суусаар бүр бурхан болчихдог байх юм.
Өндөг гаргахад нь их л баясав. Гэтэд харин хөвүүн маань үүрэнд нь цагаан самар хийчихсэн байж.
Жинхэнэ өндөг ч буй боллоо. Дарж өгдөггүй ээ. 30 гаруй хэмд даруулдаг юм байна. Тэгэхлээр нь 14 хоног жавжиндаа тээж явлаа. Бүтээж алчихгүйн тулд ангарайтаж явна, хэлээрээ дээш нь доош нь болгож эргүүлнэ, их арчилгаатай, бас. Дарга маань:
-Чи чинь одоо хэнтэй ч дуугарахгүй юу болчихоов? Багаар ажиллаж чадахгүй бол… гэхээр нь үгийг нь тасалж:
-Чаднаа гэх гэсэн чинь яг тэр эгшинд ангаахай өндгөө цоолж гараад, жийв жийв гээд нисчихдэг байна шүү. Худлаа, худлаа тоглосон юм. Өндгийг нь үмхчихвэл аав ээж нь аманд үүрлэчихэж магадгүй гэж бодоод хаширласан л даа.
Нохойтой болоодохсон чинь “Улаанбаатарын утаажилт дэндэж байна аа” энэ тэр гэж байснаа, тэгсхийгээд үхэв. Хөдөөлүүлэх юм боллоо. Сугавчлаад явах эвгүй, 100 кг жинтэй сэнбэрнар нохой юм чинь. Шуудайд хийгээд нэг найзтайгаа үүрээр сэм гаргая гэж шийдлээ. Таксинд ороод ярилцав.
-Хүн амьтан хараагүй биз?
-Хараагүй ээ. Нэг согтуу толгой л…
-Тэр чинь хүн амьтан биш юм уу? Чи бид хоёроос өөр хэн мэдэж болохгүй гээд байхад чинь дээ. Цэвэр ажиллаж чадсангүй дээ.
-За юун сүртэй юм? Чи хэзээ ийм болчихсон юм бэ? Ямар Зоригийн хэрэг байгаа биш.
-Зоригийн хэргийн дэргэд юу ч биш. Харин миний дэргэд бол том асуудал.
-Зоволгүй чадхийсэн үү?
-Зовоолгүй чадхийлгэх гэж их хичээсээн, би. Надаас бусад нь бол ч…
-Яасан хүнд товарищ вэ? Дандаа тарваганы боодог цохиод байсийм уу, хаашаа юм?
-Хүний иддэгийг л иддэг байсан даа. Оршуулгын газрын нөгөө таньдаг хүн чинь найдвартай биз?
-Наадхын чинь байтугай, хэнбугайн ч цогцсыг далдруулчиж чадах нэг сайхан гар бий. Ам гэж цоож, ажил гэж оонц! Хүүш, мартсанаас чи энийгээ мооргонд хийж болоогүймуу, эвгүй үнэр гараад байх шиг.
-Юун морг! Бөөн юм болоод дороо л баривчлагдана шүү дээ! гэсэн чинь жолооч муухай чарлаад, машиныхаа явдал дунд үсрээд алга боллоо. Арын суудлаас жолоо барих гэж мачийсан шүү.
Сүүлдээ ер нь зүгшрээд, дан шувуугаар дагнах болов. Нохой хуцаад, яст мэлхий хуцахгүй, туулай бөмбөрдөөд, могой бөмбөрдөхгүй, ядаргаатай юм билээ. Шувуу нь тувтан шуугиад, хоорондоо байлдаад, талаар нэг хог новш тариад амар юм.
Нэг тоть маань хачигтай болчихов оо. Тэтрациклиний тос зөндөөн л түрхлээ, гэтэл би өөрөө хачигжчихав аа. Өд сөд маань, биш ээ, үс сахал маань унаад эхэллээ, амьтан хүн байтугай амраг хань минь ойртохоон болив. Аптэк руу давхиж очоод л хамаг биедээ тэтрациклиний тос түрхэж гарав. Тэгсэн чинь харин, гайтай хачигнуудыг үзэн ядахдаа хамаг бүхнийг умартаад, аптэкийн хүүхний өмнө нүцгэлчихсэн зогсч байдаг байгаа. Авгай хараагүй нь л яамай.
-Та 300г тос хэрэглэчихлээ. Нэг сав нь 3г, 3500 төгрөгийн үнэтэй гэж, нүүр нь час улайчихсан бүсгүй өчив. Авдрын ёроолыг ухаж атга гурил гаргав гэгчээр, хамаг хармайгаа нэгжиж байж 350 мянган төгрөг арайхийн хүргээд өглөө дөө. Өдөрт хоёр удаа, 14 хоногийн турш гэхээр ядуу сэхээтэнд санхүүгийн хүнд цохилт болох нь ээ.
-Хэрэглэх тосоо манайхаас авч байх юм бол би түрхэж өгч байж болох юм гэж эмийн санч хүүхэн ичингүйрэн хэлсэн ч, инээмсэглэж байна. Энэ л надад дутлаа гэж үү? Эхнэр дуулаагүй нь л зол.
Амьтны амэрик эмнэлэг рүү харайлгаж, далавчныхаа хооронд, далавч гэнэ шүү, далныхаа хооронд ивомэктин дусаалгахаар шийдлээ. Тотинд бол нэг дусал л хангалттай байдаг. Миний дооз бол нэг стакан гэнэ. Хүзүү рүүгээ хүйтэн хор асгуулах ямар байх в дээ. Шалз булз түлэх шиг л санагдав. Толгойд өд ургачихсан нь тоогүй, шувууны ивомэктин юм чинь аргагүй ш дээ. Тэгтэл харин Солонгосын залуусаас гаралтай, толгойдоо өд ургуулдаг моод дэлгэрээд аврал боллоо.
Харанхуй өрөөнийхөө хамаг юмыг гаргаж хаяад дотор нь волер байгуулсан юм, би. Волер гэдэг маань шувууны амбаар гээд болхиор, болохоор тайлбарлачих уу даа. Тэр дотроо чөлөөтэй нисэцгээгээд л, би сангас дүүрсэн шалыг нь угаагаад л, ээ мөн сайхан шүү дээ.
Тэгсэн нэг өдөр волерэндээ мөлхөж ороод, дээр арзайж сарзайх мөчир дундуур аятайхан атирч мушгирч, бий биелж, брэйк данс хийж байгаад өндийх гэсэн чинь, шинээр авсан фишэрүүд шуртхийж гарангуутаа хаалга гаднаас түгжчихдэг байна ш дээ. Чөлөөлөгдөх гэсэн бүхий оролдлого минь улам хөдөлгөөнгүй гацах үр дүнд хүргэв.
Хэдэн ч билээ өдрийн дараа л суллагдав. Гэрийнхэн хоббид маань дургүй болохоор, би харанхуй өрөөнд ороод дотроос нь цоожилчихдог байсан юм. Үүд нь чимээ анир нэвтрүүлдэггүй. Тэгэхлээр намайг тэнд байна гэж яаж мэдэх вэ дээ. Тийм болохоор би дуугараа ч үгүй, хүчээ гамнах хэрэгтэй байв л. Харин шувуухайнууд надад дасаад аманд будаа хийж, толгой дээр үүр засаад их халамжилсаан, хөөрхий. Эхнэр, цагдаа, тагнуулынхан гурав улс даяар эрэн сурвалжилсны эцэст, хамгийн сүүлд волерэнд хайя гэж шийдсэн байгаа юм. Мөчир дунд өлгөгдөж, нүд нь гархилсан намайг хараад хэлэх ч үгээ олохгүй байсаан, авгай хөөрхий.
Хүүхэд шиг хөнгөхөөн болчихсон намайг тэврэн авч явж хэвтүүлэхдээ, “энэ ч муу ёр доо” гээд нулимс дуслуулсан юм. Миний эрх чөлөөтэй болох нь муу ёр санагдаад байна уу гэж дүрсхийвэл, “торны цаана байгаа чинь надад маш эвгүй санагдлаа” хэмээгээд мэгшив.

2
Манайх чинь амьтан оруулж ирэхийг хориглосон цорын ганц улс шүү дээ. Нэг амьтны дэлгүүрийнхэн харин, бараг зоопарк импортлоод ирж. Тэнд би, өсөөд илүү гараад байгаа шувуудаа тавьж заруулан, өөрийн гэсэн хэдэн мөнгөтэй болдог ухаантай. Өөрийн ч гэж дээ, шувуудын маань л мөнгө. Тэрийг олохгүй бол бялзуухайнууд гэрээс хөөнө, намайг.
Дэлгүүрийнхэн өөдөөс хараад л мишээгээд байх юм. Тэгснээ:
-Чиний шувууг зарагдахгүй байсан ч энэ оруулж ирсэн амьтад зарагдах тоолонгоор чамд мөнгө өгөөд байя аа. Харин элдэв байцаагч майцаагч ирээд “хаанаас шувуу авсан” гэвэл чамаас л авсан гээд хэлчий. Тохирох уу гэдэг байна. Дуртай зөвшөөрлөө. Гол өрсөлдөгч Базарвааниас нэр сүрээр илүү гарах нь ч гэж бодов. Сүүлийн үед тийм нэг шинэ шувуучин тодрон мандаад, сонин бүрд ярилцлага өгөөд байгаа юм. Уур хүрээд тэрийг нь хардаг ч үгүй.
Гэтэл, ААН байгуулалгүй, шувуу үржүүлж бизнэс хийж, татвараас бултсан хэрэгт холбогдов оо. Анодын Даваа, Гүр-Аранз хоёртой хамт нэг камэрт орж байгаа юм. Танилцах золголт, золголт биш ээ, зодолдолт хийж амжаагүй байтал ерөнхийлөгчийн хүмүүс намайг гаргалаа. Нөгөө хоёр надаас хойш зөндөө л суусан. Би тийм түргэн гарсан нь хэдэн сөөсгөр шувууны л ач. “Ухаж биш ургуулж хөгжиж буй” хүнийг үндэсний бүтээмжийн “Гэрэгэ” шагнал олгох гээд л хайгаад байсан чинь Баабар мань хоёроос өөр амьтан олдоогүйм байлээштээ. Тэгсэн тэрийг нь шоронд хийчихлээр ямар олиг байхав. Ерөнхийлөгчийн батлан даалт ч гоё л юм билээ.
Манай найз шувуучин Бажгаа бид хоёр хавь ойрынхоо багваахай, таван салаа, түрүүт ургамлыг тэсгээнэ гэж байхгүй. Нэг өдөр хоёулаа мөргөлдөн инээлдсэн ч, дороо хувьсхийн барайв. Тэр Амгаланд, манайх Орбитод байдгийм л даа. Хоорондох бүх ургамлыг зүйл дуусгажээ, бид.
Туулын эргээр түүе гэж шийдлээ. Намайг тэнд өвс зулгаагаад явж байна гэж хүн мэдвэл онигоо юм даа. Тэгээд биеийн тамирын хувцас өмсч, маск, хар шил зүүгээд ургамал огтлох хутгаа бариад гарлаа. Яахав, дасгал хийж байгаа, ичимхий л хүн байгаа биз.
Зорьсон газраа очсон чинь хүүхнүүд гүйлдэж ирээд л хамаг юмаа өгөөд л байх юм. Ямар буянтай улс вэ гээд л аваад л байлаа. “Бас ч гэж эр хүний хувьд эмс охидыг татаад бишрүүлээд байгаам болов уу, өргөл барьц өгөөд байхыг бодоход…” ч гэж санаж явав.
Нэг нартай сайхан өдөр “масктай дээрэмчин” гээд намайг бариад авлаа шүү. Хамаг хувцсаа тайчаад бэлэглэсэн хүүхэн буй. Шалдан давхиж очоод цагдаад мэдэгдсэн байнам бөгөөд, гадуур масктай дээрэмчиний тухай дуулиан дэгдээд байгааг шувуучин би хэрхэн мэдэх билээ. Масктай фишэрийг л мэднэ.
Камэрт маань яг над шиг өмсгөл зүүсгэлтэй хүмүүс пиг. Тоолоод тоогоо алдчихсан. Хоригдогсод хана тогшиж мэдээлэл дамжуулахыг сонсвол: “Манай эрдэмтэд нийслэлийн төв зам дагуух бүс болон, Туул голын эргээр зарим ургамал тохиолдохоо больсон экологийн нууцлаг үзэгдлийг нээж, Төрийн шагнал хүртлээ. Олон нийт багваахай, таван салаа зэргээ ЮНЭСКО-д бүртгүүлэхийн төлөө томоохон хөдөлгөөн өрнүүлэв. БНХАУ бүртгүүлсэн гэсэн мэдээлэл тарсан нь нийгмийн бухимдлыг гааруулав. Төр засаг алга болсон ургамлыг сэргээх санхүүжилттэй болох зорилгоор Халхын голыг Солонгост бэлэглэхээ амлаж, сонгогчдыг тайвшрууллаа” гэж байх юм. Тэр ургамал ногооны явдал ч надад ямар хамаа байхав, хурдан гарч, хэдэн шувуундаа багваахай олж өгөхсөн дөө л гэж санааширна.
-Жинхэнэ масктай дээрэмчин баригдсаан. Алив бушуу гар, битгий төрийн зардал мөнгө хий үрэгдүүлж, улсыг алдагдалд оруулаад бай! гээд л намайг хөөлөө. Зөрөөд орж ирж буй нөхрийг харсан чинь Бажгаа маань! Хамсаатан гээд буцаагаад хийчих вий гэж санаад мэндэлсэн ч үгүй.
Эрх чөлөөг мэдрэн, нүдээ анин нар луу ширтэж, хоригдоход ургасан үс сахлаа салхинд сэвэлзүүлж, гараа алдлан зогстол:
-Нэрт шувуучин Гамбаа дүрээрээ! Тантай танилцахыг эртнээс мөрөөдөж ирэв. Даанч намайг шинэков, бацков гээд тоохгүй байх л даа гээд гэрээсээ ч хамраа цухуйлгадаггүй байв. Таныг батлан даалтаар гаргах таатай боломж олдоогүй бол ч… гэж хашгирсан нь Базарваань.
Авгайг хүлээсэн ч үгүй, түүнийд зочиллоо. Зэбра, долгионт, фишэр бол хогоороо. Ерөөсөө мань хүн хог л гэж үздэг юм билээ л дээ. Энэтхэг цагаригт, тэнгэрийн цэнхэр өнгөөр харц булаахад гал командын машин шиг улаан лори сөргөлдөнө. Алаг розэллтэй эрээн лорикэт гуа үзэсгэлэнгээрээ ч, нударгын хүчээр ч өрсөлдөн хэмх зодолдоно. Баруун мөрөн дээр жако нисэн ирж далийлгахад, зүүн мөрөн дээр какаду бууж тэгшлэн, толгой дээр ара залраад төгөлдөр. Жако их Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг, какаду “Харанхуй хад” үгүүллэгийг уншиж, ара “Учиртай гурван толгой”-г дуулах нь ёстой л нэг жинхэнэ учиртай гурван толгой. Д.Нацагдоржийн уран бүтээлийн үдэшлэг болж байна уу гэтэл зэрэг зэрэг царгиж хяхтналдаад ойлгогдох юм алга, шувууны хэлийг мэддэг үлгэрийн баатар ч биш л дээ, би.
Энд ч улаан канар, тэнд ч улаан чихт астрилд, өмнө диваажингийн бэлбэсэн, хойно хартлаубын турако, бүр нүд эрээлжлээд явчихлаа, хө. Наполэоны нэхээч! Миний шүтэн биширдэг шувуухай! Аварга аалзны махыг амтархан идээд арвалзсан хөлтэй арьсыг нь ангайсан ам руу минь чулуудах нь юутай хөөрхөн! Буруу хоолой руу орж ханиалгахад Базарваань анд, шувуудын булхдаг ваннтай усыг санал болгох нь аргагүй л бидний амьдрал.
-“Монгол хүн-2020” хөтөлбөр гээд л ярьдаг, монгол хүн тэр үед үлдээчүү, гүйчүү, үл гүйцэлдэх төсөл. Харин би “Монгол шувуу-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна. Монголчууд шувууг бишрэн шүтдэг байсан. Миний онолоор бол монголчууд хижи гөрөөснөөс биш хижи гардиас, бөртэ чоноос биш бөртэ шонхроос үүссээн! Бүхий Монголоо би энэ диваажин дагшин оромж шигээн болгоно! Халуун орны шувууд хүйтэнд бас амьдарчдагийм байлээштээ. Нөгөө хонь иддэг кэа тоть яагаав? гээд л түүнийг дүрслэн дэвж, юм хум эвдэж сүйтгэн тоншиж, нуруугаараа цаст уулын оройгоос гулгав. Би ч тоншилцлоо.
-Харин 18 их наяд төгрөг хэрэг болоод байна. Анд минь чи л намайг ойлгоно, тусалж үз! Надад шувуу оруулж ирэх чадвар нь байна, чамд мөнгө санга нь байна хэмээн бархирснаа тэрбээр тэмээн хяруул зайдлан булгиулж гарлаа.
-Их наян төгрөг гэдэг чинь юу гэсэн үг вэ? 81 гэсэн үг үү?
-81 биш 18 их наяд аа. Тэрнээс илүү тоо би мэдэхгүй.
-Пөөх, би бол чиний хэлээд байгаа тоог ч мэдэхгүй юм байна. Тийм их мөнгө банкинд л байдаг байх.
-Харин тэгээд яагаа вэ? Танай нагацын хүүгийн эхнэрийн эцгийн охины нөхрийн ээжийн эгчийн хүү банкны босс юм байхчивлээ.
-Тэр чинь би л байнаштээ.
-Өө будилчихаж. Нагацын авгын дүүгийн хүүгийн өвөөгийн эмээгийн хүргэний бэрийн ачийн зээгийн найзын танил босс юм билээ. Тэрэндээ л хэлж аль. Эхний ээлжинд чамайг урамшуулаад энэ бүх хайртай шувуугаа падааркалчы.
-Үнэн үү? Манайд зай байхгүй, бас авгай толгой авна даа.
-Мэдээж, энэ байртай нь л ав! Тавхан өрөө л дөө, гэхдээ томруулж өгнөө.
-Танихгүй л хүн юм даа, тэр банкны нөхөр. Гэхдээ өнөөдрийн гайхамшиг надад ямар ч гайхамшгийг бүтээх эрч хүчийг өгөв гэж би аз жаргалдаа бялуурав.
Тусыг тусаар гэгчээр, Базарвааний хэргийг бүтээж өгсөн чинь Монголын банк-санхүүгийн систэмийг нурааж, эдийн засгийн хямралд өртүүлэв гэж баривчлав. Монголын хамаг томчуудтай хамт суудаг байна шүү. Бүх томчууд энд байхад хэн эднийг баривчлуулдаг байна аа. Бодоод бодоод бодын шийр дөрөв гээч л боллоо.
Базарваань захидал илгээсэн байхаар нь намайг эндээс гаргаж авах нь гэж баясав. Мэксикээс, нөгөө Шушанкийн шоронгоос оргодог нөхөртэй хамт авахуулсан зургаа илгээжээ. Ард нь: “Би шувууг жигшдэг олон олон орчин үеийн монголчуудын л нэг. Чамаар зээл бүтээлгэх л гэж Шижиминий захаас тэр хэдэн шувууг зээлээр бөөндсиймштээ. Шувуучин болж жүжиглэх гэж хичнээн зовсноо санахаас дотор аягүйцдэг. Гэвч чамаас хариугаа авсандаа баяртай байна. Байр ч түрээснийх. Аз жаргалын шувуухай чинь цонхоор гараад нисчихэж дээ!” гэсэн байв. Миний бие, ийм тохиолдолд ингэдэг ёстой гэж бодох тул цонхны торыг атган тэнгэр нуртал ориллоо. Ногоон намынхан маань миний хашгирсныг сонсч, батлан даалаа даа.
-Манайхан бүх хөрөнгөө зарж үрж байж, чамайг чөлөөллөөштээ.
-Намын байраа юу?
-Намын байр чинь Д.Энхбатынх байхгүй юу. Манай өмч гэж угаасаа байхгүйштээ, тэр нөхөр хамаг юмаа авч яваад л биднийг гудамжинд гаргасан. Бид өөрсдийн байраа, гэр орноо зарж байж, суллалаа чамайг, ойлгож байна уу?
-Та нар одоо тэгээд орох оронгүй, оочих аягагүй болчихоод яана?
-Наяд наядаар нь нармийлгаад өгдөг Гамбаа дарга маань байхад алзахгүй ээ, хө. Онц их хурлаараа чамайг даргаар сонгоцон.
-Сонгох хүнээ мөн олов оо. Аз жаргалын шувуухай чинь цонхоор гараад нисчихэж хэмээн дарга хүн шиг даналзлаа...
Дөрвөн батлан даалттай хүний эрхзүйн байдал тодорхойгүй учир хаана ч би суусангүй. Шувуудын минь л ач! Тэд шигээн л тогтож сууж чадахгүй, эрвэлзэж дэрвэлзэж явна, би.
Ч.Мөнхбаяр 
ММХI.III.XI

No comments: