Wednesday, April 13, 2011

Цолмон сайдын доголон нулимс

Наргиа

Салдан бид хоёрыг ажилдаа ирсэн чинь эрхлэгч хөөрхөөн хуураад, холбоод гавлачихав.
-Ямар ч буруугүй байж, авгай нарт чинь, та нарт архи уулгалаа гэж загнуулаад байх хэцүү юм! Тэдний л зарлигийг биелүүлж байна гээд явахаар зэхэв.
-Бид хоёр Японы газар хөдлөлтөд зориулсан хандивын цэнгүүн сурвалжлах ёстой штэй!
-Би л та нарын ажлыг хийж байхаас. Намайг ямар байдалд оруулаад байгаагаа харж байнуу гээд тэр гарахдаа, хаалгыг гаднаас нь түгжив. Салдан:
-Шоу эхэллээ! гэж бархирангуутаа компьютэрийн ширээг яльгүй өргөсхийснөө гавтай гарнуудаа чөлөөтэй гаргаад ирэв. Нээрэн бид чинь эртүүд барилдаж байгаад эвдчихээд, аятайхан эвлүүлсэн болоод тавьчихсан шүү дээ. Би кино дууриан, хар шилээ хэмхчин, гаваа тайлах гэсэн чинь бүр гацаагаад хаячихав. Саагий:
-За энэ ч яахав, ямар ч байсан эндээс гаръя гээд хаалгыг шилний зүүлтүүрээр минь чадмаг гэгч онгойлгоод, түгжчихэв. Цагаан Долгорын цаана наана нөхөрлөж явахдаа бид юу эсийг үзэж, мэддэг чаддаг болсон гэх вэ?

-Эрхлэгч ирээд ёстой ангайна даа гэж би баясан дуу алдав. Хэдэн төгрөгөөрөө гаваа тайлах уу, шараа тайлах уу гэдэг дээр мэдээжийн сонголт хийж, “дотроо засчихсан байхад бүх юм бүтнэ дээ!” гэж зэрэг шахуу дуугарав.
Нүхтийн хамгаалалтынхан биднийг андахгүй хойно, “та хоёр ч цагаа мөн сайн баримтална шүү” гэж жуумганасаар үг дуугүй л нэвтрүүлэв. Бусад нь монгол ёсоор 30 минутын дараа ирнэ.
-Гавтай мутруудаа л ээ мөн сайн нуудаг юм шүү гэсээр Сааяа маань солгой гараараа “Сантори” задалж аягалаад, сүши өмнө дөхүүлэв.
Улсын ерөнхийлөгчөөс авахуулаад л томчууд цуглаж эхэллээ. Бидний хүрээлэл гэж энэ шүү дээ! Даанч нэг нь ч маниусыг таньдаггүй л болохоос.
Цэнгүүн ч эрч хүчтэй өрнөлөө. Ерөнхийлөгч Монголын үндэсний бүтээн байгуулалтын “Гэрэгэ” шагналаа Наран гүрэнд өгнө гэв. Ерөнхий сайд төрийн албан хаагчдад Эрдэнийн хишиг олгож байхгүй, япончуудад олгож байх болно гэв. Нэг аймгийн дарга аймгаа өгнө гэв, өөрөө тэгээд яах гэж байгаа юм бол доо. Онц байдлынхан онц байдлыг, гэофизикийнхэн гэофизикийг амлалаа.
-Та нөхдүүд юу хандивлах гэж байна? Дуугүй л суугаад байх юм гэж ерөнхийлөгч биднээс ууртай гэгч асуув. Ээрч муурч байтал:
-Яагаад та хоёр чинь наалдаад нэг л хачин суугаад байгаа юм. Арай тэр Сёндай хотоос ирсэн, дарагдсан улс биш биз гэж арай зөөлөн хэлэв. Гаваа нуух гэж л наалдаад байсныг маань, дарагдаад наалдсан гээд ойлгочихжээ.
-Тийм гэхтэй минь зэрэгцээд Саанаа,
-Үгүй гэчихэв.
-Тийм юм уу, үгүй юм уу?! гэж ерөнхийлөгч бүр ч хилэнтэй лавлав. “Салдаа маань гүйлгээ ухаан сайтай даа, нэгийг сэтгэх байх” гэж бодсон чинь:
-Бидний зигот хуваагдаагүй юм л даа гэв.
-Зигот оо? Тэр чинь Африкийн нэг улс билүү?
-Үгүй ээ, 200 мянган төрөлтөд нэг тохиолддог нь бид л дээ. Хагас нь амьгүй төрдөг. 5-25 хувь нь л насанд хүрч, цаашид амьдардаг.
-Таминь ээ, энэ чинь 2.6 сая Чингисийн эмгэнэл байна шүү дээ!
-70-75 хувь нь эмэгтэй хүйстэй төрдгийг ч хэлэх үү?
-Ямар өрөвдмөөр юм бэ? Ерөөсөө “Гэрэгэ” шагналаа би энэ хоёрт өглөө. Дэлхийд өрсөлдөх чадвартай Монголын үндэсний бүтээн байгуулалт хийсэн хүнд хүртээдэг юм чинь эдэнд соёрхохгүй яахийм? Ингээд сайхан ухаж биш, ургуулж хөгжөөд, ухаарч амьдрах ёстой байхгүй юу даа, монголчууд!
-Нэр хэн билээ?
-Намайг Салдан, найзыг Балдан…
-Өө ёстой гоё гоё. Гэхдээ та хоёрыг одоо юу гэмээр ч юм бэ дээ, нэг л ойлгохгүй байна. Алив эрүүл мэндийн сайд, юу болохыг нь тодорхойлоодох хэмээн цэнгүүн хөтлөх ерөнхийлөгч Ламбаа гуай руу дуу өндөрсгөвөл:
-Боксын үүднээс бол жингээ сайн бариагүй байна, шог зургийн үүднээс бол яах вэ, давгүй болж байна гэж үглэв. Харин дэд сайд Цолмон:
-Омфалопагус! гэж хашгирах нь хамаг зүрх сэтгэлийг булгилуулав. Түүнийг харахаар л хачин болчихдог болсон. Ерөнхийлөгчийн, Арабын хаан билүү гэсэн асуултад:
-Цээжний доогуураа наалдсан сиамын ихэр! Нэг элэг, гэдэстэй, сиамын ихрийн 34 хувь нь ийм төрдөг гээд л цангинана.
-Оюутолгойн манай эзэмших хувь шиг ямар сонин сиамын ихэр вэ? Аль наашаа гараад ир! гэж Элбэгээ гуай дуудав.
Наалдан падаар наачихсан юм шиг харагдах гэж хоёр бие рүүгээ хар хүчээрээ налж явсаар нэлээд зүдэрч индэрт хүрлээ. Эргэ гэхэд нь можго тожго гишгэлсээр эргэж олныг уулга алдуулав. Бүжиглэ гэхэд нь хуруугаа инчдэн зогсож, хөлөө жаал жуул хөдөлгөцгөөв. Барилд гэхээр нь зүүн баруун гаруудаараа бие биенээ заамдаж, цуппаридлаа. Дуул гэхэд нь би уртын дуу, Саакаа рок поп эхлүүлэв. Шүлэг унш гэхэд би Явуухулан, тэр Галсансүхийг дуржигнуулж, сүүлдээ ч хэн нь ямар маань уншиж байгааг ялгахад бэрхтэй болов. Урьдчилан бэлдээгүй юм чинь дээ.
Улс амьтны хөгжиж баясч байгаа гэж. Ход ход хөхөрч байснаа ерөнхийлөгч:
-Монголчуудыг бүгдээрээ сүү ууж цэнгэ гэж би зарлиг буулгасан байхад яахлаараа та хоёр архи уудаг билээ гэхэд нь:
-Би ч сүү уудаг л даа! Манай энэ найз л архи уугаад надад нөлөөлөөд байдийм гэж хөгтвөө, би.
-Энэ Салданг эрүүлжүүлэхэд хий, Балдан нь яахав тоглолтоо үзүүлэг гэхэд цагдаа нар манай хүнийг чирэв.
-Балдан нь байж байг гээд байхад чинь дээ гэхэд тэд буцаагаад индэр лүү гулдрав.
-Салданыг нь аваад яв л даа! гэж Элбэгээ дарга уцаарлахад, хоёр талаас олс чангаах тэмцээн мэт татаж, байдал ч мөн хэцүүдлээ дээ!
-За, за, боль! Нээрээ эд чинь наалдаастай билүү. Цолмон сайд миний саяын тушаалыг хэрэгжүүлэх талаар судал! гэж мань хүн лүндэн буулгасан нь аврал ч болов, уярал ч болов. Хөөрхөн сайд нүүр лүүгээ унжсан үсийг гоёхноор сэжсэнээ:
-Та хоёр чинь ямар улс төрийн үзэлтэй билээ гэхэд би:
-Бид эсрэг тэсрэг улс төрийн баримтлалтай. МАНАН-гийн МАН-ыг нь би, АН-ыг нь найз маань дэмждэг гэв.
-Юун найз вэ. Та хоёр чинь ах дүү биз дээ?
-Өө нээрэн тийм. Салиа дүү маань юм хөөрхий. Нялх амьтаан, чааваас гэвэл Салли:
-Балдан ах танд дурлаад болохоон байсаан, надад үнэхээр хэцүү байна. Ахаас болж би архи уугаад байгаа гэснээ нэг хөнтөрчихөв. Сүү уудаг гэсэн би яаж ч чадсангүй.
-Хүүе яанаа, анагаах ухааны ямар сонирхолтой үзэгдэл бэ гээд Цоомоо сайд ичингүйрэн инээмсэглэв. Ам нээх завдал өгөлгүй нөгөө Салдка маань:
-Таныг чинь одоо тэр “АХА”-гийн сэтгүүлчтэй холбогдож байхын оронд “АХО”-гийн сэтгүүлч надтай холбогдоход яадаг байнаа, Энэтхэгт тувтан бүтэн биеийн массаж, саунд орлоо гээд л олдохгүй алга болчихоод байсан гэсэн, надтай тэгж байх хэрэгтэйштээ, элдэв эрчүүд рүү мэссэж бичдэг л гэсэн, миний утас руу мэссэж биччихэд яадаг байнаа л гээд байдийм! гэдэг байна шүү. Үзэсгэлэнт дэд сайдын дүр үчимбэр мэт болж, ягаарсан нүүрийг минь ялбийтал алгадав.
-Наадах чинь бас эхнэртэй хүн шүү, сануулаад хэлчихье гэж байгаад “дүү” маань ч жавтий хүртлээ дээ.
-Хүүе, манай хоёрыг яаж байна! Балдан Салдан хоёр багагүй дэггүйтсэн шиг байна шүү! Алив, ерөөсөө энд ир гээд л ерөнхийлөгч даллав. Очих замдаа би: “Чи чинь одоо Шөмбөөхэйн дэргэд солиорч, алган боов амсуулаад яадаг нарнигар тархи вэ” гэвэл “Харин чи Шомбоохойн дэргэд элийрч, эрүүлжүүлэхэд бариулаад яадаг нурнигар тархи вэ” гэж байна.
-Би аймгаа Балдан, Салдан хоёртоо өглөө! гэж түрүүний дарга хөлчүүрхэн дуугарав.
-Айл болгонд гурван япон хүн суулгах уриалгаасаа татгалзлаа, би. Айл болгонд энэ хоёрыг суулгая гэж О.Магнай тэмцэгч орилов.
-Нийслэлд бүх монголчуудаа төвлөрүүлж, бусад нутгийг энэ хоёр монголчууддаа түрээслүүлье гэж өдөр тутмын сонины эрхлэгч чарлав.
Бидэн хоёрын сэтгэл ч тэнийж, харгалдан маргалдахаан болив. Нуугдсан байсан эрхлэгч маань ч ил гарч, “Үү-үү!” гэж балиашиглаад л. Бүгд аз жаргалтай байлаа. Ганц дэд сайд л доголон нулимстай суухыг үзээд, бас л сонин болоод явчихав.
Ч.Мөнхбаяр
ММХI.III.XXIII
http://moenhbayar.blogspot.com

No comments: