Wednesday, April 13, 2011

“Сүхбаатар” киног маань узбекууд манай үндэсний соёлын үнэт дурсгал гэж бишрэн шүтдэг

Сүхбаатарын дүрийг бүтээсэн Я.Свердлин халимаг хүн

Англи хуучинсгаараа алдартай орон. Гэхдээ Англи бол сайн юмаа сонгож авч үлддэг бол Орос бараг хуучин бүхнээ авч үлддэг. Матрёшка, самовар, хар лакадсан модон дээр зурсан зураг, “дондор маамуу” гэж манайхны нэрлэдэг тоглоом зэргийг хүмүүс Оросын үндэсний л юм гэж боддог. Тэгвэл матрёшка бол Японоос гаралтай, XIX зуунд нэг хэсэг Өрнөдөд моодонд орсон тоглоом. Самовар - XVIII зуунд дэлхий даяар түгсэн, Англиас гаралтай хэрэгсэл. Модон дээрх зураг XIX зууны эцсээр хаа сайгүй түгсэн, Кока-Коланы рекламыг ч тийнхүү зурдаг байлуу. Дондор маамуу XVIII зууны тоглоом.
Оросод зөвлөлтийн бараг бүх зүйлээ их бага хэмжээгээр хадгалж үлдсэн. ЗХУ-ын далбааг ОХУ-ын далбаатай зэрэгцүүлж хэрэглэж болдог. Яггүй хоцрогдсон автомашины үйлдвэрлэлтэй. Зөвлөлтийн үеийн бүх баяраа тэмдэглэдэг.
Хиагтад нь Сүхбаатарын музей бий. Москва хавьд Сүхбаатарын нэрэмжит танкийн 44-р сургалтын хороо буй. Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Барнаул Курган, Ново-Ленино гээд зургаан хотод нь Сүхбаатарын гудамж байдаг (Киргизийн Бышкек, Казахстаны Алма-Аты, Тараз, Шымкентэд бас бий)

“Его зовут Сухэ-батор” хэмээх найруулагч А.Зархи, А.Хейфецийн 1942 онд найруулсан кино байдаг. Монголкино, Мосфильм, Ташкентфильмийн хамтарсан бүтээл. Манай жанжин Сүхбаатарын дүрд Оросын ардын жүжигчин Яков Свердлин тоглосон. Энэ дүрээрээ тэрбээр ардын жүжигчин цол авсан шүү дээ.
Насан туршдаа Сухэ-Батор гэх хочтой явсан тэр 1901 онд Астраханьд төржээ. Лев Наумович Свердлин гэх “улаан” еврей нэр овогтой ч ази царайтай тул ямагт азичуудын дүрийг бүтээж, чукч, япон, хятад ч болж явж. Түүний жинхэнэ эцэг нь халимаг хүн гэх яриа байдаг (Астрахань бол угтаа халимагуудын нутаг). Морь малд гарамгай тул, залуудаа циркэд агт маллагч байжээ. Сүхбаатарын дүрдээ их хайртай, Монгол улс үндэстэнд тун элэгтэй хүн байжээ.



Энэ киног оросууд нандигнан хадгалж, бүр DVD-нд буулгасан байна. DVD нь интернэтээр чөлөөтэй худалдагдаж байх бөгөөд муугүй гүйлгээтэй аж. Хуучны юманд дуртай оросууд энэ киног амтархан үздэг юм байна.
1941 онд Мосфильм Ташкент руу дүрвэж очсон. Тэгэхдээ шинэ тулгар Зөвлөлт Узбекистан улсын киностудийг байгуулж өгчээ. “Его зовут Сухэ-Батор” Узбекистаны хамгийн анхны кино юм. Тиймээс узбекчүүд бас энэ киног үндэсний соёлынхоо үнэт дурсгал гэж нандигнадаг, үзэх дуртай гэнэ. Узбекийн нэлээд жүжигчин ч тоглосон юм билээ.
Ташрамд, Оросын домогт эсэргүү дуучин (бард) Владимир Высоцкий Д.Сүхбаатарын дүрийг жүжгийн тайзнаа бүтээж явжээ.

No comments: