Wednesday, April 13, 2011

Тувад монгол бичгээр бичсэн бүхэн алт эрдэнэ шиг үнэлэгдэж байна

Тува бол Монголын нэг хязгаар, аймаг байсан билээ. 1944 оны эцсээр л манайхаас нэгмөсөн саллаа ш дээ.
Тува “хэл” гэдэг нь монгол хэлний кальк байв. Монгол бичгээр бичсэнийг ард нь -лар, -лэр, -пир, -пар гэсэн дагавар залгаж уншаад л тува хэл болчихдог байв.
1931 он хүртэл монгол бичиг тэнд үндэсний хэл бичиг байв. Төрийн далбаан дээр нь “Бүгд Найрамдах Тува Арад Улус” гэж монгол бичгээр бичсэн байдаг асан нь баримт юм.
1921 оноос хойш 18 жилийн турш бүх нийтэд монгол бичиг үсгийг сургах ажил Тувад эрчимтэй өрнөсөн юм. 18 жилийн турш Тувад хамаг хэвлэл монгол бичгээр гарч байв л.
1931 онд латин үсэгтэй болгоно гэж оросууд зүтгэсэн ч олигтой бүтлийг олсонгүй. Монгол бичиг үйлчилсээр л. Латин үсгээр сонины толгой, нүүр, булан, зарим хаяг л бичигдэнэ.
Гэтэл Тува Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны III Бүгд Хурлаар монгол бичгийг ард олны заналт (злейший враг аратских масс) дайсан, хувьсгалын эсэргүү нарын зэвсэг (орудие контрреволюционеров) хэмээн зарлав. Оросууд л зарлуулсан хэрэг шүү дээ.

Ингээд монгол бичгээр байгаа бүхнийг хайр найргүй устгуулав. Тувагийн монгол бичгийн соёлоос “Эрх чөлөөт Тагна Тува” сонины нэг бүрэн бус дугаар, “Тагна Тувагийн үнэн” сонины хоёр бүтэн, нэг бүрэн бус дугаар, “Тувагийн үнэн” сонины 16 дугаар (¹3-9, 12, 13, 17, 18) л үлджээ! Өдгөө тэр хэдэн навсархай сонин Тувагийн түүх соёлын хамгийн үнэт дурсгалуудын тоонд орж байна. Мөн “Хувьсгалт ард”, “Залуучуудын зорилго” сэтгүүл гарч байснаас нэг ч үлдээгүй. Ном нэг ч үлдээгүй. Монгол, Зөвлөлтийн номын сангуудад ч устгал хийлгэжээ.
Тэгээд, Тувагийн хэд хэдэн аялгаас, хамгийн түрэгжсэн, тува-хакасын холимог аялгыг тува хэлний үндэс гэж зарлав. Энэ аялгыг тува нар ойлгоно, монголчууд ойлгохгүй. Гэхдээ тэр аялгын 60 хувь нь монгол үгс.
Буриадын ч, зүйгээс хамгийн холдсон хорь аялгууг “буриад хэлний үндэс” гэж зарлаж асан. С-ийг х-гээр дуудах нь ойлгоход их түвэгтэй болгодог, авиалбар нь их оросжсон. Буриад латин үсэгтэй байхдаа, монгол хэлний ерөнхий зүйд хамгийн ойр сэлэнгийн аялгаа үндэс болгож байж. Монгол, буриад, халимагийн эрдэмтэд чуулж, бараг адилхан, үндсэндээ нэгдмэл латин бичигтэй болж байжээ. Хожим Зөвлөлтийн дайснууд холдуулж хорлосон. Өдгөө бидний орчин цагийн монгол хэл гээч нь дөчөөд оныхны хамгийн дорд гарвальтай люмпен пролетариудын, магадгүй хужаа гаралтнуудын гудамжны ярианы хуулбар юм. Анх энэ хувилбар гарч ирэхэд эрдэмтэд ямар ч муу сурлагатай сурагч ингэж бичихгүйсэн гэж халаглаж байжээ.

No comments: