Wednesday, April 13, 2011

Н.Энхбаярт итгэх үү, эс итгэх үү?

1. Миний дайсны дайсан миний найз...
Өнөөдөр, Н.Энхбаяр гэдэг хүн урьд өмнө байгаагүй хэмжээгээр хүчтэй, нэр хүндтэй болох процэсс явагдаж байна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Олны танил улс төрчид, зүгнэлтнүүдийг багтаасан МАХН-ын дарга болчихлоо. МАХН-ыг тойроод нам, ТББ-ууд бөөмнөрч, томоохон бүлэглэл үүсгэж байна. МАНАН монголчуудыг ямар ч сонголтгүй болгохыг чармайж ирсэн ч, хүрээгээ эрчтэйгээр тэлж буй гуравдахь хүч нөхцөл байдлыг өөрчиллөө. Энэ явцад их үүрэг гүйцэтгэсэн Н.Энхбаярыг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандах байр сууриа тодорхойлох цаг иржээ. Дэмжих үү, эс дэмжих үү?

Ердөө жилийн өмнө Н.Энхбаярт сөргөөр хандагчид маш олон байлаа. Өдгөө байдал эсрэгээр эргэж. Хоёр жилийн өмнө бүр улайрсан, сохор анти-энхбаяризм байсаан. Асуудлыг бодитойгоор харах гэсэн би ч хийрхлийн хоморго, хунвэйбиний улангасалд өртөн хэлмэгдэх дөхсөн. Монголын нийгмийн хамаг муу муухай олигархиудын дэглэмээс үүдэлтэй гэдгийг харахыг хүсэхгүй, туйлшралаа шинэ моод загвар, чамирхал, сармагчлал болгосон тэдэнд эгдүүцэл төрж, “Н.Энхбаяр хав хар, Ц.Элбэгдорж цав цагаан хүн үү?” гэсэн нийтлэлийг бичиж асан. Улс төрийн бодот байдал дээр дүгнэлт хийгээд үзэхэд, Н.Энхбаяр дэвшигч ерөнхийлөгч болох нь зүйтэй санагдаад байв л. Хоёр намын зүү орох завсаргүй хана хэрмэнд тэр хүн л ан цав гаргана гэж санагдаж байлаа. Шаардлага хангах хэмжээний гуравдагч хүч байсангүй ээ.
Харин Н.Энхбаяр гуравдагч хүч болох бүхий хувьсгалын тохироо бүрдээд байсан. 2005 онд ерөнхийлөгч болоход нь л тохироо бүрэлдэж эхэлсээн. Удирдагчаа ерөнхийлөгч болгон “цөлж”, “тэтгэвэрт” нь гаргадаг уламжлал буйтай тэр эвлэрэхийг хүсээгүй учраас.
Ноднин хавар миний бие, Н.Энхбаярт Монголын М.Горбачёв болох боломж байна, харин хөшигний ард биш, урд гарах нь зүйтэй гэсэн үгүүлэл бичсэн. Хэн нэг нь намайг Н.Энхбаярын хүн, мөнгө авсан гэж “оношлоод” л өнгөрч магад. Би мэдээж, Н.Энхбаярын хүн биш, түүнтэй огт харьцаж байгаагүй, мөнгө төгрөг ч аваагүй. Надад 20 жил ноёрхсон, ард түмний эсрэг дэглэмийг унагах нь л чухал байна. Тийм болохоор би сөрөг хүчнийг ер нь дэмжих хандлагатай байдаг.
Хэв шинжит коммунист дарга, номэнклатурчин байсан М.Горбачёв зөвлөлтийн байтугай, оросын түүхэнд тохиолдсон хамгийн дэвшилтэт зүтгэлтэн болж чадсан, тэр явц Монголд давтагдах бололцоотой гэж бичиж суухтай минь зэрэгцээд, Б.Галаарид сэтгүүлчийн Н.Энхбаяртай хийсэн том ярилцлага нийтлэгдсэн юм. Тэгэхэд ярилцлагын дор 300 орчим коммэнт хурсан нь үндсэндээ сөрөг сэтгэгдлүүд байсан агаад, эерэгээр хүлээж авсан, дэмжсэн хүн бараг байгаагүй. Өдгөө харин нөхцөл 180 хэм эргээд байгаа билээ.
“Н.Энхбаяр М.Горбачёв шиг өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчилал шинэчлэлийг эхлүүлж, монголчуудад шинэ уур амьсгал, итгэл найдварыг авчирч, Монголыг өөрчлөх хэрэгтэй байна” гэж ноднингийн үгүүллээ төгсгөж байсансан.

2. "Монголыг тэр чигээр нь Хятадын эдийн засгийн чөлөөт бүс болгоно”
1990-1996 онд Н.Энхбаяр улс төрийн тэмцлийг төдийлөн өргөн хэмжээнд өрнүүлж байгаагүй агаад, тэр үед нийгмийн контраст антагонизмын төвшин одоогийнх шиг өндөр бус, өөрт нь ч лидэр болоход шаардагдахуйц нэр нөлөө бүрэлдээгүй байлаа. Харин МАХН-ыг шинэчлэх талаар багагүй тэмцлийг өрнүүлж, тэр нь өсч дэвжихэд нь ихээхэн нөлөөлсөн.
1996-2000 оны АХЭ-ийн дэглэмийн үед тэрбээр бусармаг явдлуудынх нь эсрэг тууштай зогссон. Хэргийн эзэд нь түүнийг төрийн хутгуур, бойкоотчин, шантаажчин гэхчлэн хорсолтойёо муучилдаг. Н.Энхбаярыг хар PR, гүжир гүтгэлгээр булах болсон шалтгаан, үзэн ядалт, өс хонзон энэ цагаас үүдэлтэй.
Үнэндээ тэр үед Н.Энхбаяр “МАНАН”-гийн эсрэг хандаж байсан л байхгүй юу. МАНАН гэдэг чинь хоёр нам МАН, АН гэсэн нэртэй болсноос үүссэн бус, 1990 оны эргэлтээр л буй болсон. 1996-2000 он бол төрийн албан тушаалтнуудын хулгай луйвар урьд өмнө байгаагүй хавтгайрч, ил цагаандаа гарсан, их самууны үе юм.
АХЭ-ийн анхны ЗГ-ын үед бүх импортын болон ноолуурын экспортын татвар тэглэх, суурь үнэ чөлөөлөх зэрэг алхмууд хийгдсэн нь үндэсний үйлдвэрлэл, ХАА, ард түмний амьжиргаанд хүнд цохилт болсон. Монгол улс тэр чигээрээ чөлөөт бүс болж (хаанахын?) орших ёстой гэж удирдагчид нь мэдэгдэж байв. Төсөв асар их алдагдалд орж, “Эрдэнэт”-ээс татвар авч чадахаа болив. Төв Ази банкны, Аэробусны, Эгийн голын УЦС-ийн, Тэхноарт компаний, “Иточу”-гийн гээд томоохон хэргүүдэд АХЭ-ийн томчууд ээлж дараалан холбогдож байлаа. Сөрөг хүчнийхнийг тагнаж чагнасан хэрэг гарлаа (Н.Энхбаярыг онцгойлон тагнасан). АХЭ дөрөвхөн сард нэр хүндээ алдаж, орон нутгийн сонгуульд навс ялагдсан нь тохиолдлын хэрэг бус (дараа нь ерөнхийлөгчийн, нөхөн, УИХ-ын сонгуулиудад далаараа цэвэр тавиулж байв). УИХ-ын чуулганд нэгээс бусад бүх гишүүн ЗГ-ыг огцруулахын төлөө санал өглөө.
Дараагийн ЗГ хэдхэн сар оршин тогтнож, бараг дэлхийн рэкорд тогтоолуу даа. Ашигт малтмалын нэоколоничлолыг практик дээр эхлүүлж, анхны тогтвортой байдлын гэрээ болон бусад холбогдох алхмуудыг хийсэн, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг авахын төлөө тэмцэлдсэн, “Ногоон хувьсгал”, “Зэвсэгт хүчний шинэчлэл” зэрэг маш но-той, хор хөнөөлтэй төслүүд хэрэгжүүлсэн, улсын банкийг хувийнхад нийлүүлсэн зэрэг олон алдаатай алхам хийсэн. “Банк нийлүүлэх хамгийн best шийдвэрийг бид гаргасан. Тэр үеийн ЗГ одоогийн ЗГ-аас тэнгэр газар шиг зөрүүтэй” гэж Ц.Элбэгдорж, Н.Энхбаярын ЗГ-ын үед мэдэгдсэн. Төрийн өмчийг шууд хувийн болгочихоод, төрийн ачааллыг багасгав хэмээн улс үндэстнийг маллахыг оролдсоноо best хэмээн үзсээр л.
АХЭ-ийн II ЗГ-тай холбогдон, “УИХ-ын гишүүн ЗГ-т орж болно” гэсэн, Үндсэн хуулийг зөрчсөн асуудал шуугиан дэгдээсэн юм. “Бид ЗГ-аа гудамжнаас олох болж байнуу” гэж Ц.Элбэгдорж ихэрхэн хэлж байв. УИХ-ынхнаас бусад нь гудамж болж таарч байгаа биз. Ийм л сэтгэлгээтэй тэд тун ч удалгүй СҮГ (олон нийт Сүг гэж зүхэх сэдлийг гаргасан) гээч болцгоосон. Ерөнхий сайдад Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Г.Ганхуяг нарыг найман удаа дэвшүүлэх явцад, ард түмний хүлээлттэй кандидат С.Зориг туйлын хачирхалтай, сэжигтэйгээр алагдаж, тэр хэрэгт АХЭ-ийнхэн хардагдсаар ирэв.
Н.Багабандийн санал болгосон жагсаалтаас сонгож, АХЭ ерөнхий сайдад нэр дэвшүүлэв. “М.Энхсайханы ЗГ огцроход улсын төсвийн данс боломжийн үлдэгдэлтэй байсан бол, бид улайчихсан данс хүлээж авлаа. Төсвийн алдагдал 104 тэрбум, орлого төлөвлөснөөс 41.5 тэрбумаар дутсан байна. Шийдвэрлэх асуудал шил шилээ даран хуримтлагджээ” гэж шинэ ЗГ-ын тэргүүн дүгнэж байв. Энэ ЗГ олигархиудын мафид үйлчилж, “Эрдэнэт”-ийг бүхлээр нь 500 мянган доллараар үнэлэн, Орос, Хятадад худалдах төлөвтэй гэгдсэн. Энэ асуудлаар Оросын талд хандан бичсэн, ЗГ-ын тэргүүний гарын үсэгтэй нууц захидал илчлэгдсэн нь, кабинэт нь огцроход хүргэв (хэргийн эзэн “Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэсэн бичиг цахилгаан дунд байхад нь мэдэлгүй дээр нь гарын үсэг зурчихсан байлаа” гэсэн тайлбар өгсөн). Хятад компанид казиногийн бизнэсийн монополь эрх олгох гэсэн хэрэг илэрч, УИХ-ын гурван гишүүн зэрэг хүмүүс хэдэн жил хоригдох ял авч, 25-95 мянган доллар төлөх болсон билээ.
Кандидатур нь дахин дахин буцаагдсан, ЗГ-ын гишүүний ажлыг хавсарч хийж болохгүй, хэрэг түвэгт холбогдоод байгаа хүмүүсээр кабинэт бүрдүүлэх гэж байна гэхчлэн бөөн хэл ам дагуулж байж боссон богино настай IV ЗГ НИК зэрэг томоохон ААН-үүдийг маргаантай хувьчилснаас өөр дорвитой зүйл хийсэнгүй.
АХЭ-ийн бусармаг үйл ажиллагааг сөрөг хүч төдийгүй, өөрийнхөн нь хүчтэй эсэргүүцэж байв. Мэдээж, МАХН-ын ЕНБД Н.Энхбаяр “урвагчдын талбар” (М.Зэнээ) гэгдсэн ЗГ-уудын ард түмний эсрэг бодлогыг таслан зогсоох тэмцэлд их үүрэг гүйцэтгэсэн. Чингээд, АХЭ-ийнхий ¹1 заналт дайсан нь болсон юм. Өдий хүртэл тэд Н.Энхбаярын эсрэг тасралтгүй тэмцэж ирсэн нь “10 үеийн дараа ч өшөөгөө ав” гэх хятадын эртний зарчмыг санагдуулна.

3. "Н.Энхбаяр л бүхэнд буруутай”
Дараа нь Н.Энхбаярын “хаан болох дөхсөн” гэх үе эхэлсэн юм. Сөрөг хүчний хар PR, суртал ухуулгын шуурга хуй, тойрон хүрээлэгчдийн толгой эргэм бялангачлалын дунд тэр хавчуулагдсан байлаа. Түүний нэр нөлөөний халхавч дор дураар дургиж, дараа нь золигт гаргах л гэж тэд Н.Энхбаярыг өргөмжилж байв. Нэр хүнд нь унаад ирэхлээр бүгд анти-энхбаяристууд болон зүсээ хувилгаж, арьсаа хамгаалсан юм.
1990 оноос хойш үндсэн үйл ажиллагаа нь “луйвар-авлигын машин” (Баабар) болчихсон төрийн тогтолцоо түр түр эргэж, “хар мөнгө” хэвлэсээр л байв. Үүнд Н.Энхбаяр буруугүй ч биш, ганцаараа буруутай ч биш. Алдаа мадаг гаргаж явснаа өөрөө ч хүлээдэг. Сайн сайхан зүйл хийж бүтээе гэж санадаг л байсан байх, гэвч боломж байв уу? Өөрчлөх гэдэг байнга боломжтой байдаг зүйл бус. Хүрээлэн байгаа ертөнцөөсөө хамааралгүй байх гэдэг амаргүй. Ойлгох, дэмжих уур амьсгалгүйгээр тэмцэх гэдэг бүтэшгүй.
Н.Энхбаярын алдаа гэм дээр өөрсдийнхөө түм буман нүгэл хилэнцийг овоолон, ганц хүн рүү бүх буруугаа бухах гэсэн хоёр намынхны хосгүй дайралт олон нийтийн санаа бодолд багагүй нөлөөлсөөн. Түүнийг хэрхэн буруутгаж ирсэн дээр тогтон ярилцъя.
1. Авлигын загалмайлсан эцэг. Авлига хүн төрөлхтөнтэй хамт үүссэн агаад, авлигыг асуудал болгон дэвшүүлсэн хамгийн эртний баримт Вавилоны үед холбогддог. Монголд ч авлигагүй үе байгаагүй нь ойлгомжтой. Би хувьдаа, авлига хамгийн өндөр төвшинд хүрч цэцэглэсэн нь 1996-2000 оны АХЭ-ийн засаглалын үе гэж боддог. “Банкны зээлийг төрийн албан хаагчид зуучлаад өндөр шан авч байна. Архины үйлдвэрлэл, алтны олборлолын зөвшөөрөл дээр хавтгайрлаа. Гааль, шүүх, цагдаагийн авлигын төвшин өндөр байна. Авлигатай хийх тэмцлийг нэн чухалчлан анхаарахгүй бол, ЗГ үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна” гэж АХЭ-ийн III ЗГ-ын тэргүүн мэдэгдэж асан.
“Н.Энхбаяр, 500 саяын авлига өгөх гэсэн хүнийг хөөж явуулсан гэж өөрөө хэллээ, тиймээс хариуцлага хүлээлгэе” гээд л хичнээн шуугилаа даа. Ийм яриа бол үндсэн проблэмийн дэргэд инээдэм юм. “Бид авлига хийж болно, бусад нь болохгүй” л гэж сонсогдохоос хэтэрдэггүй байв л.
2. “7.1”-ний харгислалыг үйлдсэн. Уг нь С.Баяр нар санаачилж, УИХ (96,6%), ЗГ, ҮАБЗ санал нэгтэй дэмжиж, “00 цаг гэхэд эмх замбараагүй байдал арилахгүй бол автоматаар онц байдал зарлагдана” гэж шийдэж, гүйцэтгэлийн явцад л буудсан хэрэг гарсан байдаг. Онц байдал тогтоохын өмнө, үеэр, хойно гарсан харгислалуудыг үйлд гэж Н.Энхбаяр ямар ч тушаал заавар өгөөгүй юм билээ. Гэтэл Н.Энхбаярт хамаг гэм бурууг тохох оролдлого гарсаар өдий хүрэв. Түүнийгээ үргэлжлүүлж, МАХН-ыг дарахаар чармайцгааж байна. МАН-ын хоёр сэжигтэй даргыг яах ч үгүй, харин тэр үед нам бус асан, бэлгэдлийн төдийн, номинал, формал байдлаар гарын үсэг зурчихсан нэг даргыг золигт гаргах гэж байгаа, прокурор АН-ынхны мэдэлд байгаа зэргээс дүгнэлт хийгтүн.
3. Улс төрийн өрсөлдөгчдөө хөнөөсөн. С.Зориг, М.Зэнээ, О.Дашбалбар, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, М.Чимидцэрэн, Б.Дангаасүрэн нар түүний үед нас барсан нь хар төрүүлж байна гээд л саяхан сонин дээр хатгаас хийсэн байна билээ. “Миний олон найз нас барсан. Тэднийг би алсан болж таарах уу” хэмээн уржнан бичиж байснаа санана.
Монголд 1990 оноос хойш улс төрийн аллага үйлдэгдэж ирсэн гэдэгт би төдийлөн итгэдэггүй. Н.Энхбаяр бол Б.Цэрэндорж, Х.Чойбалсантай дүйцэх улс төрийн алуурчин гэх нь үлгэр домог шиг санагддаг. Нэрт улс төрч агснуудыг тухайн үхлүүдэд хүргэх нь ид шидтэний л дөнгөх ажил. Харин тэр хар сэрийн үзүүр дорхиноо л луужингийн зүү шиг, буруутгагсад руу эргэчихээд байдаг нь сонин. Аллага үйлдэгдсэн аваас, тэд л холбогдох сэжим, тохироо, магадлал их байдаг.
4. Хамаг ашигт малтмалыг харийнханд өгсөн. Эрдэс баялгийг харийнханд бэлэглэх хууль 1997 онд гарч, 1998 онд анхны тогтвортой байдлын гэрээ байгуулагдаж, Н.Энхбаяр ерөнхий сайд болоход галт тэрэг хөдөлчихсөн байв. Галт тэрэгний хөдөлгөөн шинэ мянганд үргэлжилсээр байсанд Н.Энхбаяр ганцаараа буруутай гэвэл хэн үнэмших билээ. Буруутгаад байгаа улс нь л 2009.10.6-нд Оюутолгойг өгчихсөн гэдгийг бүгд мэднэ. “Би үе шаттайгаар, Оюутолгойгоос Монголын талын эзэмших хувийг 51 болох төлөвлөгөөтэй байсан. Манайх 51 хувийг эзэмшээд, нөгөө талаас татвар хураамжаа аваад явахлаар 70 гаруй хувь болох байсан. Энэ бол боломжийн жишиг. Тавантолгойг төр 100 хувь эзэмших санаачлагыг би гаргасан” гэж тэр ярьдаг.
Оюутолгойн санаархлаа “Айвэноу Майнз” АХЭ-ийн үед эхлүүлсэн юм билээ. Тавантолгойн хувьд, монголчуудад 10-20 хувь нь оногдохтой үгүйтэй байдлаар л өнөөгийн эрх баригчид зохион байгуулж байгаа.
Монголын бүх баялгийг монголчуудад тэгш хүртээх хэрэгтэй гэж Н.Энхбаяр хэлдэг. Харин МАНАН-чууд “Ухаж биш ургуулж хөгжинө”, “Ашигт малтмалын хараал Монголыг доройтуулж байна”, “Одоо гадаадынханд өгөхгүй бол удахгүй нүүрс үнсний үнэтэй болно”, “Байгалийн баялгаас болж, монголчууд нийгмийн хэтэрсэн халамжинд бялууран голланд өвчин тусч, зүгээр тэжээлгээд хэвтэж байна” гэдэг.
5. Их өрийг хүчингүй болгоход 50 саяыг завшсан. Ингээд зохиогоод биччихье, Интэрнэтэд нэр хаяггүй оруулаад, дараа нь тэндээс авсан гээд л цацчихъя гэж ярилцсан тухай баримт буй гэдэг. Өөр нэг баримт бол, Их өр тэглэгдэхэд Н.Энхбаяр их үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл бусад эрх баригчид шинэ их өрийг л үүсгэж байгаа байх юм. Монгол өртэй байх үгүй нь тэдний санааг зовоож байсан гэж үү?
6. Казиногийн хэрэгт холбоотой. Казиногийн тухай хууль АХЭ-ийнхний санаачилгаар 1998 онд гарсан. Казиногийн хэрэг хууль нь хүчингүй болж, АХЭ-ийн гурван гишүүн яллагдсанаар өндөрлөсөн.
Дээрх зургаан зүйлийг харахад, Н.Энхбаяр “бүхэнд буруутай” гэх хэлмэгдүүлэлтийн хохирогч болох нь ойлгогдоно.
Н.Энхбаяр: “Өөрийгөө би сайн хүн гэхгүй. Алдаануудыг минь өршөөгөөрэй. Гэхдээ би сайн зүйл хийх гээд л алдаа гаргадаг байсан. Ажил их байсан тул алдаж онож явсан нь дамжиггүй. Үүнээс хойш, алдаагаа залруулахын төлөө, ард түмнийхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр, эргэлт буцалтгүй тэмцэж зүтгэх болно оо. Авлигыг устгая. Ашигт малтмалын нөхцөл байдлыг засъя, сайжруулъя. Улс төрийн ялзарсан тогтолцоог халъя. Хямарч доройтсон нийгмээ эрүүлжүүлье. Шударга сонгуультай болъё. Монголчуудынхаа аж амьдралыг дээшлүүлье. Хийх ажил их байна. Ахиж албан тушаалд очих сонирхол байхгүй. Бүх том албан тушаалыг хашиж үзсэн. Ард түмнийхээ л төлөө явмаар байна” гэсэн нь Монголын 90 оноос хойшхи “удирдагчдын” амнаас гарч байгаагүй үг. Хэзээ л, би алдсан, өршөөгөөрэй гэж байлаа даа, лухгар лухгар дарга нар маань. Алчих гээд, хядчих гээд л байдаг бус уу. Зөвхөн Н.Энхбаяр л буруутай, харин бид бол best шийдвэр гаргасаан, гарганаа л гээд явдаггүй гэж үү.
Хрущёв том том алдаа хийж байсан, тэднээсээ салж, сталинизмыг түлхэн унагасан. Горбачёв алдаа хийж байсан, гэтэл тэр үзэл сурталжсан, эрүүл бус нийгмийг халж, перестройка, гласность-ийг эхлүүлж, хүйтэн дайныг зогсоож, коммунист колоничлолоос татгалзаж, олон улс түмэнд эрх чөлөөгөө олох боломжийг олгосон. Өдгөө тэр хүмүүсийн алдааг бус, гавъяаг дурсдаг.
Н.Энхбаяр МАНАН-гаас, алдааны ертөнцөөс салсан. Тэдний санал болгож аргадсан зүйлүүдийг хүлээж аваагүй, заналхийлэл дайралтаас нь эмээгээгүй. Тэр урагшаа явж байна. ММХI.III.XIII

4. Н.Энхбаярыг ямар ч хэрэгт хутгах гэсэн, өөрсдөө түүндээ холбогдож байна
Өнөөдөр Н.Энхбаярт цохилт өгөх гэж дэндүү олон хүн, хүч чармайж байна. Сая нэгэн хэвлэл “Н.Энхбаярт ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж анхаарал хандуулаач ээ” гэж түгшүүрийн харанга дэлджээ. “Хувьсгал гэдэг үг сүүлийн үед гарч ирээд байгаа биш, ерөөсөө сүүлийн 20 гаруй жил энэ үгийг бид бүгд ярьж байна. Шударга бус явдалтай эвлэрэхгүй гэж бухимдсан хүмүүсийн сонирхож байгаа үг үйлдэл. Нийгэмд шударга бус явдал хавтгайрч, хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрсэн тул тэд хувьсгалын тухай ярьж, хувьсгал гэсэн үг сонсогдож байгаа” гэж хэлсэн нь тус сониныг халууран хийрхэхэд хүргэж дээ. Өнөөгийн Монголын хэвлэл ийм л нэг улайрсан дэглэмчин, ард түмний жигшил зэвүүцлийг төрүүлсэн харгис жандарм болчихоод байна.
ҮАБЗ бол хувьсгал гарахыг хориглодог байгууллага биш, хувьсгал гарвал явцыг нь аюул осол багатай, аятай эвтэй байлгах учиртай байгууллага шүү дээ. Үүнийг үхсэн хойноо ч эс мэдэх тэнэг үзэл сурталчид яаж ч зүүдлэх вэ дээ.
Тэгээд, сүүлийн үед 1921 оны Ардын хувьсгалыг галзууран доромжлох болсон инэрцээрээ, Д.Сүхбаатар буриад, хятадуудтай нийлж, Хиагтад жүжиг тавьсан шиг, Н.Энхбаяр нар Эрээнээс өвөр монгол, хужаа нартай нийлэн “цоохор хувьсгал” экспортолж, жүжиг тавих гэж байна, дараа нь тэр мөн л Д.Сүхбаатар шиг журмын нөхдөө цааш харуулж, эрх мэдлийг гартаа авна гэхчлэн аргаа барж буйг уншигчид бус, Шар хадны больницынхон сонирхох учиртай. Харин Н.Энхбаярыг хардсан хардаагүй, Арабын орнуудад дүрэлзсэн шиг хувьсгал болдгоороо болж, урвагчид-маанагуудын дэглэмийг арчин хаях л болно.
Н.Энхбаярыг 7.1-ний, С.Зоригийн, Баасан ламын зэрэг хэрэгт унаган дарах гэсэн, түүнийг шоронд суулгах гэж Сангарагчаагаар бэлтгэл ажлаа хийв гэгдсэн улс өөрсдөө тэр бүхэндээ холбогдоод баларч байна.
Д.Рэнцэнтавхай нарын АН-ын угшилтай тэмцэгчид С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нарыг 7.1-ний харгислалд буруутай хэмээн Гаагын Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ. МАНАН-гийнхан Н.Энхбаярт үхлийн цохилт өгөхөөр ээлжит Барбаросс төлөвлөгөөгөө боловсруулсан нь - 7.1-ний хэргээр хэлмэгдүүлэх явдал байсан юм. Прокурорын газраас Н.Энхбаярыг гэрчээр татаж, С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёрыг “тайлбар хий” гэж ор нэрийн төдий дуудаж асан. Н.Энхбаярыг шаардлага гарвал гэрч биш сэжигтэн болгоно, нөгөөдүүлийг яах ч үгүй хэмээж байв л. Гэтэл байдал яаж эргэв?
Д.Рэнцэнтавхай нар Н.Энхбаяр шахалт дор онц байдал зарласан, гүйцэтгэх засаглал бүх хэргийг үйлдсэн гэж баримт нотолгоотой өчсөн. С.Зориг, Баасан ламын хэрэгт ч МАНАН-гийнхан буруутай гэж үнэмшилтэйгээр таниулагсад нийгмийн тавцанд гарч ирээд буй.
Одоо тэгээд Н.Энхбаярыг яах вэ? Яаж ч чадахгүй гэдгээ МАНАН-гийнхан мэдэрч байна. Бүх муу муухай, гэм нүгэл, сөнөл мөхлийн ундаргыг ингэж мухардуулна гэдэг сайхан л юм. Би энэ тухай, ингэж яриад байгаа биш. Бид бүгдээрээ харж байна.
Том удирдагчдаа жол гарууд нь жолоороо нийлж бүүрэлхээд, “улс төрийн хүүр” болгох гэдэг, өвд нь санаархдаг барилаа арилгаж чадаагүй нь МАНАН-гийн хохь. Юу ч хийхээс буцахгүй хоосон гавалт хунвэйбин (улаан хамгаалагч) залуусыг хэт гааруулж, үндсэн массаа хөндийрүүлж алдан, галзуурахад ганц хуруу дутуу оодорч явсны гор энэ.
МАХН-ын өмчийг бидэнд өг, ард түмэн МАН-ыг биш, МАХН-ыг сонгосон тул УИХ-д сууж буй гишүүд эсвэл биднийг дага, эсвэл УИХ-аас гарцгаа, намын шинэ байранд хандив өгөх нэрээр авлига хийж, ашиг хонжоо олсон улсыг улайлгаж илчлэнэ, МАН нэрээ бүртгүүлэхдээ Дээд шүүхэд 500 мянган долларын хахууль өгсөн хэрэгт хариуцлага хүлээлгэнэ гээд л МАХН-ынхан удаа дараалан оночтой “гал нээж”, МАН-ынхныг цус харвуулах дөхөж байна. Хэн нь хүчжиж, хэн нь хүчгүйдсээр байгаа нь тодорхой бус уу.
Н.Энхбаяр юу ч тохиолдсон, гандан буурахгүй, улам бяд сууж байна. Тун чиг хосгүй, шинэ маягийн улс төрч төлөвшиж буйг бид сонирхон ажсаар.

5. Н.Энхбаяр өөрөөс нь урвасан хүмүүсээс бусдыг эргүүлэг мэт эрчлэн татсаар…
Н.Энхбаярын улс төрийн Олимп өөд дахин мацах явц нэг сонин хандлагатай давхацсан юм. Тэр нь юу гэвэл, өнөөгийн улс төрийн нөхөд түншүүдийн олонх нь, урьд цагийн дайснууд нь ажээ.
Үүнийг миний бие, Чингис хаан хүзүүг нь харвасан Зургаадайд Зэв хэмээх алдар хайрлан нөхөрлөсөнтэй зүйрлэж, “Н.Энхбаяр зэвизм хэмээх үзэл баримтлалаар амжилт олж байна” хэмээн бичиж асан. Та өөрөө үз л дээ:
Тэнгэрээс буусан солир мэт, гэнэтхэн л шинэ МАХН-ыг үүсгэн байгуулагчдын тоонд ороод ирсэн Молор-Эрдэнэ ногоон намын Бум-Ялагчтай үй зайгүй найз байж (хоюулаа Гэрманд хамт сурч судалгаа, бизнэс хийж ирсэн), “авлигын загалмайлсан эцэг” Н.Энхбаярын эсрэг тэмцэлд оролцож л явсан гэдэг.
Н.Удвал Ардын намыг МАХН байхад “Уламжлал шинэчлэл-Ардчилал шударга ёс” нэртэй жигүүр байгуулалцан Н.Энхбаярыг хүчтэй шүүмжлэх замаар албан тушаалын шантаж хийсэн. Гэвч жигүүрийн нөхөд нь бүгд албан тушаалд хүрмэгцээ түүнийг ганцааранг нь тойргийн гадна хаясан. Харин Н.Энхбаяр түүнд албан тушаал өгсөн нь парадокс.
“Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Д.Нинж ардчилсан гэгдэх хүчний л хүн юм хойно Н.Энхбаярын эсрэг блокод хүчин зүтгэж л байж.
Л.Цог бас Н.Энхбаярыг эсэргүүцэгчдийн эгнээнд явсан, “ардчилагчдын” угшилтай, олон нам дамжиж, хал үзэж, халуун чулуу долоосон нэгэн гэгддэг.
7.1-нд Нинж тэр хоёр: “МАХН-ыг газрын хөрснөөс арчина” гээд гүйж байсан гэх сонин яриа буй. Хувь заяаны тоглоом гэж энэ дээ. Одоо тэд МАХН-ын торгон цэргүүд болчихоод байдаг.
Ц.Шинэбаяр урьд нь намынхаа анти-энхбаяристууд нөхөдтэй нийлээд л, ойлголцоод л явдаг байсан гэх. Тийм бишсэн бол юу гэж түүнийг УИХ-ын гишүүн болтол нь өндөр авахуулж байх билээ дээ.
Авилгачныг цээрлүүлнэ гэх, асгарсан цусыг санагдуулам плакатаар гангарч, ална гэх нь холгүй явсан нэгэн хүн: Н.Энхбаярын тэргүүнээс хувилгаан гэрэл сацрав гэх шүлэг бичин, 75-аар бууж өгч байсан билээ.
АНАТХ зэрэг хөдөлгөөний тэмцлийг түүний ҮШН санхүүжүүлдэг (Ард нь аанай л Н.Энхбаяр буй гэгддэг). “Тэмцэгч Бор” нь Энхсайханыхаа ач буянаар л өдий хүртэл дээшээ доошоо болж яваа, Н.Энхбаярыг Сталинаас дутахгүй улс төрийн алуурчин гэж даанч их суртал ухуулга хийж явсан хүн байдаг.
Х.Эрдэнэтуул Н.Энхбаярыг шүүмжилдэг байсан улс төр судлаач гэнэм.
Үндэсний үзэлтэн З.Эрдэнэбилэг Баасан авгайтай хамт Н.Энхбаярын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж асан гэж сонинд бичигджээ.
НН, ИЗН, Эрс шинэчлэл, Миний Монголын газар шороо гээд цагтаа “авлигач Н.Энхбаяр сөнөж, алимад жаргал түгтүгэй” гээд л явж байсан олон улс төрийн хүч өдгөө шударга баатар Намбар вангаа дагаж, шушмаа МАНАН-г даран сөнөөцгөөе гээд л “үндэсний удирдагч” руу бал үзсэн баавгай мэт хуйларч байна.
Хэдийгээр Н.Энхбаяр дарга экс дайснуудаа элбэрэлт андууд болгон хувиргадаг “ид шидтэй”, хоббитой лоббитой ч гэлээ, дайсан бус, нөхөд нь болох хүмүүсээ ч мартдаггүй нь ойлгомжтой. Тэр бол намын удирдлагадаа захидал бичсэн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, “сайд огцруулдаг” Ц.Батбаяр, өөр бас Ч.Улаан, Э.Мөнх-Очир, Б.Туяа…
ҮШН, БНН, МУНН, МоАХН, МЛН, ЭЧХН нар хэзээ ч Н.Энхбаярт дайсагнаж яваагүй юм. Тусгаар тогтнол, Монгол улсын төлөө зүтгэе, Гал үндэстэн хөдөлгөөн, үндэсний үзэлтний байгууллагууд ч мөн адил. Дайснуудаа нөхөд болгосныг нь зэвизм гэмээр бол нөхдөө нэгтгэж ирснийг нь эвизм гэлтэй. “Зэвизм+эвизм” өнөөдөр түүний амжилтын нэг түлхүүр болоод байна. Тэр өөрөө ч эвийн тухай их ярьж уриалдаг хүн.
Ташрамд, өнөөдөр Н.Энхбаярын эсрэг дайтаж буй улсын олонх нь цагтаа үнэнч боолууд нь байж, мань хүнээр шилэн хүзүүнээсээ татуулж дээш гарч ирж байсан гэхэд болно. Тэдгээр урвагчдыг бол энэ хүн нөхдөө болгоно гэж байхгүй биз ээ.
Даян дэлхийн түүхэнд, дайснуудаасаа өөрийн хүчирхэг багийг бүрдүүлж байсан хүн тохиолддог гэдэгт эргэлзнэм. Шинэ улс төрийн замналаа хатуу хүтүүгээс нь эхэлсэн нь зөв ч мэт.
Дайснаа өөрийн хамтран зүтгэгч болгоно гэдэг багагүй эрдэм. Өөрийн талынхнаа хамтран зүтгэгч болгох нь түүнээс амархан буй заа. Өөрийн талынхан нь тэгээд хэн юм? Ард түмэн гэж хэлж болохоор байна.

6. Э.Бат-Үүл ч Н.Энхбаярын хувьсгалт процэссыг дэмжчихэв үү дээ
Өдгөө МАНАН-гаас бусад хэн бүхнийг л Н.Энхбаярын хүн, хүч гэх болж. Ногоон намын Д.Энхбатыг Н.Энхбаярын хүн л гэнэ. Д.Энхбатын сөрөг бүлгийнхэн ч мөн адил тийн гэгдэх аж. Ц.Молор-Эрдэнэ Ногоон намыг Н.Энхбаярын далавчин дор бөмбөрүүлэн хийх гэж байна гэлцэх. 16 нам, ТББ түүнийг тойрон хүрээлж, Шударга ёсны холбоо байгуулав. Н.Энхбаярыг дэмжээгүй хүн бараг ард түмний хувьд “харгис этгээд” гэгдэж мэдэхээр болж.
Энэ хүнийг тойроод янз бүрийн үйл явц өрнөж байна. Нинж УИХ-ыг тараах, ашигт малтмалын бүх лицэнзийг цуцлах шаардлага тавилаа. М.Энхсайхан идэвхжиж байна. Э.Бат-Үүл “М.Энхсайхан Н.Энхбаяртай нийлсэн нь буруу болохоос биш, хувьсгал хийх нь зөв” гэсэн нь үнэндээ бол Н.Энхбаяр хувьсгал хийх нь зөв гэх шиг дуулдлаа. Учир нь нэг л процэссын тухай яригдав.
Хэрэв Н.Энхбаяр нарт хэрхэн хандахаа яаран тодорхойлохгүй бол, хамаг юм болоод өнгөрсний дараа, сүүл мушгиж хоцорсондоо амаа барин гэмшиж сууж болох нь ээ, та минь ээ.
Өдрөөс өдөрт, мэдээллийн нөхцөл байдал Н.Энхбаярт ашигтай болж ирж байна. Казиногийн хэрэг гээч нь АХЭ-ийнхэн “хэрэв хуулийн төслийг дэмжвэл танай намд хандив өргөнө” гэж Б.Энхмандахад хэлж, Н.Энхбаяр намынхаа санхүүгийн байдлыг бэхжүүлэх гэж зарчмын хувьд зөвшөөрснийг л хэлж буй юм билээ шүү дээ. АХЭ-ийнхний найруулж буй хор ширний нарийн ширийнийг Э нар гадарлацгаах ч үгүй явж.
Би Ногоон намын гишүүн. Нам маань Н.Энхбаяр луу хэлбийж байна. Бас Үндэсний үзэлтэн. Үзэл санаа нэгтнүүд маань эргэлзээгүйгээр Н.Энхбаярыг дэмжиж байна. “Гал үндэстэн” хөдөлгөөний (бүрэлдэхүүн дэх нь Хоёр намыг хориглох хөдөлгөөний) гишүүн. "Гал үндэстэн" Н.Энхбаярыг дэмжиж байна. Хэрхэх вэ, би? Бүгдээс нь татгалзах уу? Яах гэж?
Харийнханд эх орноо худалдаж олсон асар их хөрөнгө мөнгөөрөө сагагсдыг би үзэн яддаг. Тэд аминдаа арчаатай, ухаантай, хөдөлмөрчдөө тийм баян болоогүй юм. Хулгайчдын бузар муухай дэглэмийг түлхэн унагах нь миний эрхэм нандин мөрөөдөл. Үүнийгээ харин яаж биелүүлэх вэ? Намайг дагаж, хувьсгал хийцгээ гэж хашхирах уу (Хэн дагах вэ?). Эсвэл энэ дэглэмийн хана хэрмийг тараанаар нүдэн ан цав гаргаж чадах хүнийг дэмжих үү?
Н.Энхбаяр хамаг ашигт малтмалыг харийнханд өгсөн л гэдэг. Гэтэл 1996 онд АХЭ “гадаадын хөрөнгө оруулалт” нэртэй нэоколоничлолыг эхлүүлж, 1997.7.1-нээс бүх эрдэс баялгийг харийнханд татвар төлбөргүй бэлэглэх ажиллагааг зохион байгуулсан юм билээ шүү дээ. Үнэн гэдэг л энэ.
Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд авах Н.Энхбаярын саналыг “хайрт” нам засаг маань ямар л болгочихоод байна даа.
Монголын хамаг асуудлыг шийдвэрлэх ид шидтэн, хөшүүрэг, хүчин зүйл бол ашигт малтмалын маань асар их нөөц юм. Н.Энхбаяр: “Монголын ашигт малтмалын эзэд нь монголчууд л байх ёстой, үр шимийг нь ч монголчууд л хүртэж байх ёстой” гэж буй нь л гэхэд, миний хувьд түүнийг хоёр гараа өргөн дэмжихэд хангалттай юм.
Амьдралын нэгэн утга учир минь бүх монгол үндэстэн нэгдэх явдал. Энэ асуудлаар Н.Энхбаярын хүмүүс надтай гурван удаа уулзаж байсан нь 2006 он. Бүх монголчуудыг нэгтгэх талаар яриа хөөрөөг үргэлжлүүлж, алхам хийж, II Чингис хаан гэгдэх гавъяаг байгуулаасай гэж би түүнд ерөөж байна.
Сонгох ямар ч хүнгүй болох цаг үе гарч байсаан. Хэрэв сонгох хүн буй болбол бид яах ёстой вэ? Н.Энхбаяр бол арван таван толгойт атгаалжин хар мангас гэх гэнэн үлгэрт итгээд л гутлаа чирч, тулга тойрч явах уу. Эсвэл түүний эхлүүлэх өөрчлөлт шинэчлэлтийн үйлсэд гар бие оролцоцгоох уу. Эцсийн эцэст, Монгол улс түмний төлөө үйл хэргийг яагаад дэмжиж болохгүй гэж?
“Урьдын Н.Энхбаяр биш, цоо шинэ хүн болсоон би” гэж тэрбээр байн байн хэлдэг. Ошо багшийн “Орой бүр үхэцгээ, өглөө бүр шинээр төрцгөө” гэх сургаалийг тэр дагадаг. Тэгэхлээр, өнөөдрийн Н.Энхбаяр бүр өчигдрийн Н.Энхбаяр биш. Тэр ямагт шинэ байх ажээ.
Өөрийгөө ялж, “алж” чаддаг хүн бидэнд хэрэгтэй. Миний дайсан бол “төр засаг” гэх псэвдонимтой нэоколоничлол-гэноцидийн аппарат, жинхэнэ хулгайч, дээрэмчин, залиланч, хүчиндэгч нарын бөөмнөрөл болсон харгис дэглэм. Тэгвэл энэ дэглэмийн нураана гэсэн хүчтэй хүн гарч ирлээ.
Миний дайсны дайсан-миний найз. Энэ бол афоризм биш, улс төрийн эрүүл тооцоо, төлөвлөгөө. Ийм сонголтыг ганц би хийж байгаа бус гэж бодно.
Ч.Мөнхбаяр
ММХI.III.XXX
http://moenhbayar.blogspot.com

No comments: