Wednesday, April 13, 2011

Халх голын бүсэд Солонгос аймаг гэх 22 дахь аймаг үүсч эхлэв

Монгол дахь Баруун Солонгос улс 
нутаг дэвсгэртэй болов ч гэж хэлж болно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань “Ухаж биш, ургуулж хөгжинө” гэсэн уриа лоозонтой хүн. Энэ нь алт эрдэнэсээ харьд бэлэглэе ээ, амуу будаа тарьж амь зогооё оо хэмээн ойлгогддог нь аргагүй.
Тэрбээр саяхан, Дорнодын Халх гол дахь Солонгосын тариалангийн цогцолборын нээлт дээр онц чухал ач холбогдол өгөн, давхин очиж: “Зүүн Хойд Азийн, цаашилбал Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд монголчууд бид Халх голын төслөөр дамжуулан хувь нэмрээ оруулж буй хэрэг юм!” хэмээн сүр дуулиантай мэдэгдэв. Золтой л “…би хувь нэмрээ оруулж буй хэрэг” гэчихсэнгүй.
Ази-Номхон далайн хөгжил яах вэ? Монголын хөгжилд хэзээ хувь нэмэр оруулах вэ, эрх баригчид маань. Дэлхийг тэжээх яах вэ, дэндүү хоосорлоо, монголчууд бид. Нам засгийн нэоколоничлолын энэ мэт төсөл бүр Монгол улс үндэстнийг хүнд шархдуулах юм.
2700 ам км газар бол бага юм биш. Хэдэн УБ багтана. Яагаад үүнийг монголчууд ашиглаж болдоггүй юм бэ? Монголын иргэдэд бүх юм хориотой, гадныханд бүх юм нээлттэй…
Далай их ашигт малтмал дээрээ суурилаад мөнгө санхүү босгоод, өөрсдөө газар тариалан хөгжүүлчихэж болсонгүй юу. Лаост талбай худалдан авч, тутарга тарих гэж байгаа байж, тариаланд зохистой ийм их нутгаа харьд 99 жилийн хугацаатайгаар найр тавихын учир юусан билээ.

НҮБ-аас энэ мэт төслийг хүнсний нэоколоничлол хэмээх аюултай алхам гэж анхааруулжээ. Мадагаскарт үүнээс болж хурц асуудал үүсчээ.Харин Солонгосын улс төрчид монгол солонгос хоёр бол нэг ард түмэн гэхчилэн суртал ухуулга хийх нь нэмэгдсэн байна. Миний бие Монгол, Солонгосын газар усны адил нэрүүд гэх судалгааны ажлыг үзэж л явлаа.
Солонгос бол Монголын эдийн засаг, нийгмийн олон салбарт эзэгнэх, ноёрхох байдлаараа Хятадын дараа орох орон юм. Үйлчилгээ, худалдаа, эмнэлэг, уул уурхай, шашин, соёл гээд олон чиглэлээр солонгосчууд давшилт хийж ирэв. Манайх шиг хамаг сайн сайхнаа май май гээд харийнханд өргөчихөөд, тэднээсээ боов боорцог гуйгаад явж байдаг улс гэж байдаггүйм байнаштээ. Өөрийнхийг өгөх байтугай, өрөөлийнхийг авах идэх гэж өлөлзөж өнгөлзөж байж л хөгждөг юм байна.
Мянганы эхээр, Монгол Солонгост эзлэгдэв гэсэн шог үгүүллэг бичээд явж байхад минь, манлай нийтлэлч маань зэрэгцээд “Солонгос ахтай болъё!” гэж, “Орос ах” хэмээн мухар сохроор мөргөж шүтэж явсныгаа солонгос хувилбараар давт гэж уриалж, тэрнийг нь цөөнгүй зарим нь хуйлран дагацгаагаад л, дайрч унагачих гээд л байдаг байлаа, хөөрхий. Солонгосын хийрхлийг өөгшүүлэх нь харийн нэоколоничлолд, синосфэрт дасгах, уусгах, манай болон мангасуудын төрийн хорт явуулга гэж миний бие нийтлэл бүтээлээрээ анхааруулж ирэв л.
Өдгөө ямар болов? Монголд Баруун Солонгос гэх багахан улс үүсчихээд байна. Сэтгүүлийн бизнэс гэж манайд хөгжиж дэвшиж өгдөггүй янзын эд буй. Тэгвэл Монгол дахь хамгийн том сэтгүүлүүдийг солонгосчууд гаргадаг. Зөвхөн баруун солонгосчуудад зориулсан, солонгос хэлээр гардаг, 100 гаруй гялтгар хуудастай, дүүрэн рэкламтай, эндхийн солонгосчуудын хоорондын ажил амьдрал, бизнэсийн харилцааг дэвжээхэд л чиглэсэн, улсын доторхи улсын сэтгүүлүүд (Korea-Mongolian News, нөгөө нь юу ч билээ).
Монголчууд өглөө босоод солонгос автобусанд сууж, өдөр солонгос хоол идэж, орой солонгос сэриал үзэж байна. Солонгос бараа хэрэглэж, солонгос машин унаж, солонгос эмнэлэгт эмчлүүлж, солонгос сүмд мөргөж, охид нь солонгос эрд богтлогдож, солонгос порно-д зургаа авахуулж, залуус нь Солонгост очиж ажиллаж, дарга нар нь Солонгост цэнгэж, казинодож, биднээс дээрэмдсэн мөнгөө тэнд тушааж, сүүлдээ бүр Солонгос колони байгууллаа. Болоо биш үү?
Монгол хүн Москвад солонгос хоолны газар нээж гэнэ. Ингэж солонгосжих гэж байдаг аа?
Зарим хүн Солонгос бол Хятадаас аюултай гэдэг. Солонгос Хятадын аюулыг дагуулна гэвэл зөв мэт. Солонгосын хийрхлийг дарга нар маань Хятадад хүргэх гүүр болгож ашигласан юм. Учир нь Солонгос бол Хятадын соёлын хүрээний (синосфэр) орон.
Эхлээд Японы (ташрамд, Японы хийрхлийн үе буюу 90-ээд оны эхээр миний бие, нэртэйгээр нь Японтой нутаг дэвсгэрээ сольчихмоор юм даа гэхчлэн шүүмжлэн бичдэг байж билээ), дараа нь Солонгосын хийрхлээр синосфэрт хүрэх замыг тавив. Олон түмэн, хятад автобусанд сууж, хятад сэриал үзэж, хятад дуу сонсч, хятад хань ижилтэй болж, хятад колони байгуулагдахад сэтгэлзүйн хувьд бэлтгэгдчихлээ ш дээ.
Дорнод гэж ямар ч үйлтэй аймаг вэ. Тэнд хужаа дүүрч, Халхын голын тулалдааны хөшөө дурсгал болгоны ард баагаад сууж байдаг, хоёр гурван монгол хүүхнээр сугадуулаад дэмнүүлээд цэнгэж явдаг, хүн ард нь хятад хүргэнтэй болохоос цэрвэхээ больж байгаа, хаа сайгүй хятад бичээс, уриа лоозон, хаяг алаглаж, манай нэфтийг бохир ус гээд үнэгүй завшин зөөвөрлөж байдаг сураг дуулддаг. Ураныг нь бүхий хөгжилтэй улс булаалддаг, тэнд бас хужаа ажилчид ирнэ. Халх гол төслийн шугамаар бас хятад тариачид ирж сууна. Манж улсын, хятадуудыг Монголд суулгаж, атар хагалбарлуулан колоничлох “Шинэ засгийн бодлого” дүрээрээ хэрэгжиж эхэллээ шүү дээ.
Олон ажлын байр бий болно, зөндөө гоё хөгжинө, өчнөөн гоогоо орлого ашиг ирнэ гээд л ард түмэнд модтой чихрийн гялгар цаасыг долоолгон “цатгах” гэж оролдож байна. Тэр ажлын байр хятадынх, хөгжил солонгосынх, орлого солонгос-хятадынх. Манайх 4-10 хувийн ашиг авах юм уу, үгүй юу л гэнэ билээ.
Халх голын төсөл бол загвар аж ахуй гэнэм. Энэ загвараар бүх аж ахуй “маань” хөгжих нь дээ.
Ерөнхийлөгчийг Солонгостой их холбоотой гэдэг. 2009 оны сонгуулийн өмнө солонгосын тал (тэр дундаа шашныхан) түүнд тал бүрээр тусалсан. Хариуд нь манай хүн тэдэнтэй аман “ТБГэрээ” маягийн юм байгуулаад ирсэн гэж бичигдээд л байсан. Ноднин Солонгосын Сонгдо эмнэлэг амийг нь аварсан. Энэ бүхний төлөөс нь Халх голын төсөл биш биз?
Манай улс ах дүү монгол туургатан ирэхээр элдэв аян шалтгаар хөөж гаргаад, эсвэл барьж тушаагаад байдаг. Тэгсэн хэрнээ, Хойд Солонгосын дүрвэгчдийг оруулж ирье гэж олон жилийн турш хөөцөлдөж байгаа. Хожим БНАСАУ-д хувьсгал гарвал, хоёр Солонгос нэгдвэл, БНСУ-д багтаж шингэх аргагүй олон дүрвэгч хойноос үерлэн орж ирэх юм билээ ш дээ. Тэр асуудлаа шийдэх гэж БНСУ манайд хойд солонгос дүрвэгч оруулна гээд л зүтгээд байдаг юм билээ.
“Баруун Солонгос Улс” одоо өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй болох нь энэ үү. Бид гадныхныг тэтгэсээр, өөрсдөө уруудаж доройтсоор байх уу?
Араб, лал болон бусад орнууд хувьсгалжиж гүйцлээ. Манайхаан, яагаад таг чиг байна вэ? Бурангуй орнуудын хувьд хувьсгал гарахгүй байх нь ичгэвтэр явдал болоод байна шүү! Хурцыг сулла гэж жагссанаас өөр дорвитой юм дуулдахгүй л байна.
Асуудлын гол нь Солонгост байгаа биш. Солонгос улсыг гурав дахь хөршийн статустай болгож, эрх тэгшээр найрамдаж нөхөрлөх хэрэгтэй.
Хамаг муу муухайн шалтгаан нь манай дарга нар юм. Олигархиудын нэоколоничлол-гэноцидийн дэглэмийг түлхэн унагаж, таягдан хаяваас, гадаад хамсаатнууд нь ч зайлан одно. Танайхан хувьсгал хийж, эрүүл нийгэм байгуулж, хөгжиж цэцэглэж, аз жаргалтай амьдарч болохгүй гэж нэг ч улс хэлэхгүй! Асуудлын гол нь Манж Чингийн “Шинэ Засгийн бодлогыг” хэрэгжүүлдэг нам засагт л байна!
Ч.Мөнхбаяр
ММХI.III.IX
http://moenhbayar.blogspot.com

No comments: