Wednesday, April 13, 2011

Бослого дэгдээсэн 50 мянган чех цэрэг Монголд орж ирэх төлөвлөгөөтэй байв

Тэд ирсэн бол Монгол Чехийн дарлалд өртөх байлаа

Оросын иргэний дайн гэж 1918-1922 онд явагдсан аймшигт үйл явдал болсон. Большевик, цагаантан, казак, үндэсний хүчнүүд, анархистууд, эсер, меньшевик, интервент, оккупант зэрэг олон талууд бүгд бүгдэнтэй нь тулалдаж байв гэхэд болно. Большевиктэй эсер, анархист, казактай цагаантан, германчууд гэхчилэн эвсдэг ч байлаа. Махно гэхэд большевик, Петлюра нартай эвсэж ч тэмцэлдэж ч явав.
Тэгвэл чехүүд гэдэг аймшигт хүч бас байв. Дэлхийн I дайны үед Австрийн армийн чех, словакууд "ах дүү славуудтайгаа байлдахгүй" гээд Орост олноороо олзлогдож байсан юм. Олзлогдогчдыг 50 мянган хүнтэй арми болгоод, тусгаар тогтнолынх нь төлөө буюу, Австри-Унгарын эзэнт улсын эсрэг байлдуулах гэж байлаа, оросууд.
Октябрийн большевик эргэлт үүнд саад болов. Улаантнууд Германы тусламжаар төрийн эрхийг авсан. Хариуд нь Украин, Белорусь, их хэмжээний төлбөр өгч, дайнаас гарахаа амласан байв. Түүнийгээ ч биелүүлсэн. Баруун фронт руу явж байсан чехүүдийг зогсоож, холбоотон биш, цэргийн олзлогдогч болов. Энэ урвалтад чехүүд маш их дургүйцжээ.

Гэдрэг татагдсан чехүүдтэй, германы шаардлагаар суллагдсан унгарууд галт тэрэгний буудал дээр таарчээ. Унгарчууд чехүүдийг даажигнан доромжилж, улмаар германаар хэрэлдэж гарав. Нэг унгар төмөр шидсэн нь чех цэргийн толгойг гэмтээжээ. Зодоон гарч, юм шидсэн унгарыг дор нь алав. Зэвсгээ хураалгаагүй байсан чехүүд унгарчуудыг харгислаж, вокзалыг эзэлж авлаа. Чехийн бослого ийнхүү эхлэв. Ингэсэн нь ч болж. Чингээгүй бол большевикууд тэднийг баруун фронтоос холдуулан бөөгнүүлж, мэхэлж зэвсгийг нь хураагаад, толгой дараалан хядах гэж байв.
Чехүүд Ижил мөрнөөс Байгаль нуур хүртэлх төмөр замын дагуухь нутгийг эзэлж авав. Тэдэнд Владивостокоор дамжиж, Францад хүрээд, Австри-Унгараас тусгаарлах дайнд оролцох ганц төлөвлөгөө байв. Холбоотнууд тэднийг цагаантанд тусалбал Франц руу гаргана гээд саатуулаад байв.
Тэд хаа сайгүй ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, тэр тусмаа хатуу ширүүн авирлана. Екатеринбург губерний хүн амын 10 хувийг зодуурын (ташуурдах, банздах, зодох) шийтгэлд хамрагдуулж, 25 мянган иргэнийг бууджээ. Омскод тосгон шатаав.
Челябинскэд зөвлөлийн бүх гишүүдийг цаазлав. Пензад тэд, улаантны талд орсон 250 чехийг авчирч хороожээ. Петропавловскийн зөвлөлийн гишүүдийг хүйс тэмтрэв. Самара-г эзлээд100 улаан армийн цэрэг, 50 большевик, нийт 300 хүнийг хороов. 2000 хүн баривчилж, эрүүдэн зовоожээ. Бузулукад 500, Хвалынскад 700, Сызраньд 600 хүн хядав.
Самара-д эсэргүүцлийн жагсаал болоход галт зэвсгээр тараагаад зогсолгүй, 20 хүнийг “сургамж авахуулна” гэж олны өмнө буудав. Самарын ачигчдын холбооны 75 гишүүний 54-ийнх нь амь насыг бүрэлгэжээ.
Симбирскэд 400, Казаньд 1000 хүн цаазлав. Нийтдээ 5000 хүнийг чехүүд цаазалжээ. Бугурусланы тариачны үймээний дараа 500 хүн цаазлав. Казаньд 37 бүсгүйг шилж сонгон, оршуулгын газар аваачин бөөнөөр хүчиндээд, жагсаан буудах гэтэл 16 нь зугтаж, зугтсанаас долоо нь араасаа буудуулжээ. Тэр 5000 гэх тоонд чехүүдийн тулалдаан, бослогын явцад хөнөөсөн хүмүүсийн тоо мэдээж ороогүй.
Чехүүд аймшигтай дээрэмчид байв. Тэднийг “Үхлийн галт тэрэг” гэдэг байлаа. Поездыг нь устгах ямар ч боломжгүй байсан. Нэг л алдаа гаргавал бүгд бүрмөсөн сүйрнэ гэдгээ мэдэж асан тэдний тагнуулын алба маш сайн ажиллаж байв. Өлсөж зовсон оросуудыг хөлсөлж туршуул заншлаач болгох тул хэн ч тэдэнд цохилт өгөх хэмжээнд ойртож зүрхлэхгүй. Галт тэргүүдэд нь байлдааны бэлэн байдалтай пулемёт, миномёт, их буу, зенитийг зайгүй байрлуулсан байдаг байв. Тэдний галт тэрэг байлдан өнгөрөх нь тэнгэр газар нийлтэл галлахтай зэрэгцдэг асан тул “Үхлийн галт тэрэг ирлээ, амь амиа бодоорой” гээд л дайснууд нь сүүл хавчин өнгөрдөг байж.
Тэдний замд Эрхүүгийн бослого гэх гай гарч иржээ. Тэнд эсерүүд Колчакийн ЗГ-ын эсрэг бослого зохион байгуулжээ. Кремль эрхүүгийн большевикуудад “Эсерийн бослогыг дэмж. Аажмаар хотын шинэ засгийн эрхийг гартаа оруул” гэж заавардсан байв. Эсер-большевикийн эвслийн ЗГ-т улаантнууд дарамт үзүүлсээр, чехүүдийг дарамталж байгаад, Оросын эрдэнэсийн нөөцийн 300 гаруй тонн алт, Колчакийг авах шийдвэр гаргуулав.
Чехүүд сурсан зангаараа Эрхүүг арчаад өнгөрье гэтэл, хэрэв шаардлагыг маань биелүүлэхгүй бол Владивосток хүртэлх зам гүүрийг эвдэлж, та нарын эсрэг ардын дайн зарлана гэж сүрдүүлэв. Зохион байгуулалттай том хүч, террорист заналхийлэлтэй учирч байгаагүй чехүүд барьц алдав.
Тэдний эзэмшлийн бүсэд алт, Колчак байв. Хүчээр авъя гэвэл Колчакийн хүч, Холбоотны (Антанта) хүчтэй байлдаж сүйрэх болно. Мэхэлж авъя гэхлээр бүтэх эсэх нь эргэлзээтэй. Бас, большевикууд хэлсэн амандаа хүрээ ч үү, үгүй ч үү. Өөрсдийг нь устгах төлөвлөгөөтэй байсныг чехүүд мэдсэн байлаа. Одоо алт, Колчакийг, дараа нь зэвсгээ хураалгахыг шаардвал яана гэж тэд эмээж байна.
Иймээс чехүүд далайн боомт хүрэх жирийн замын, Б төлөвлөгөө боловсруулжээ. Тэр нь Эрхүүгээс урагшаа явган маршаар аялан байлдсаар, буриадуудын төвийг сахисан нутагт орох. Тухайн үед салж бутраад Орос орон гэж байхгүй болсон байсан агаад, Бурнацком гэх, бараг тусгаар тогтносон буриадуудын эрх барих байгууллага иргэний дайнд оролцохгүй, төвийг сахина гэж байсан юм. Чингээд Монголд орж, олон агт морьтой болж, хүнсний хангамжаа сайжруулаад (дээрэм л хийх байсан биз), Хүрээ-Халган-Бээжин-Тяньжин гэсэн маршрутаар далайн боомтод хүрье гэжээ. Манжуураар яагаад явахгүй гэсэнгүй вэ гэвэл, тэнд төмөр зам, Дальний боомт цагаантнуудын мэдэлд байлаа. Улаантантай тохиролцох гэсний учир цагаантнуудтай эвдрэлцсэн байлаа л даа.
Чехүүд франц генерал Жаннентай хуйвалдаж Колчакийг алттайгаа ганцаараа Эрхүүд ир, та нар бидний найдвартай хамгаалалтад байх болно гэж мэхэлж чадсан юм. Ингээд Б төлөвлөгөө хэрэгжсэнгүй, А төлөвлөгөө шуударчээ. Алт, Колчактай болсондоо баяссан большевикууд чехүүдийн аллага хядлагыг зөвшөөрөөд зогсолгүй, дээрэмдсэн эд зүйлс, зэвсэгтэй нь Владивостокод шуурхай хүргэж өгөв.
70 мянган чех, словакууд францын хөлгүүдээр Европод хүргэгдэв. Чехословак улс нь тусгаар тогтночихсон байв. Хүн ард нь тэднийг баатрууд мэт үзэж, дээд зэргийн хүндэтгэл ёслолтойгоор хүлээн авчээ.
Ч.Мөнхбаяр

No comments: