Wednesday, April 13, 2011

Монголчууд Ромын папыг баллах дөхсөн нь

Одоогоос 20-оод жилийн өмнө асбестийн тухай шуугисан билээ. Барилгад өргөнөөр хэрэглэдэг асбест хэмээх материал рак өвчин үүсгэгч нэгэн эх булаг гэдгийг өрнөдийн мэргэжилтнүүд судалж мэдсэн. Өөрсдөө мэдээд зогсолгүй өргөн олонд таниулсан. Тэр дороо л барууны улсуудад асбестан хучлагуудыг хуу татан,орлох материалаар солих кампанит ажил өрнөсөн юм. АНУ-д бүр түүнийг хуулах ажилчид олдсонгүй. Шүүлтүүртэй баг, хамгаалалтын хувцсаар хангуулаад цагт 30 долларын хөлстэйгээр ажиллаад өгөөч гэхэд ажилгүй, сүйрч мөхөж байгаа гэгдэх Гаитийн дүрвэгчид хүртэл эрүүл мэндээ бодно хэмээн зугтаж байжээ. Аргаа бараад европын туршлагыг сонирхсоноор арай гэж асуудлаа шийдвэрлэж чадсан. Польш ажилчид аврал нь болжээ. Тооцоотой америкчууд хөөрхий зүдэрсэн, юм мэдэхгүй “соц”-уудыг хараад цагт 10 доллар гээд хэлчихсэн чинь ямар ч хамгаалалт нөмрөггүйгээр улаан гараараа урж хуулаад өгье гэх польш ажилчид дугаарлаад зогсож байна гэнэ. Польшуудаас гурав дахин бага хөлс авдаг (энэ нь орост авдгаас хавигүй их) хямд ажиллах хүчин болох  оросууд “бид бүр яахад ч бэлэн, хэдэн ч долларын хөлсийг голохгүй” хэмээн өрсөлдөж байсан боловч польшийн хөдөлмөр хангамжийн байгууллагууд асуудлыг өөрсдийнхөндөө ашигтайгаар шийдвэрлэжээ. Харин монгол ажилчид яасан гэж санана? Нэгэн инженер даамал бололтой хүмүүн “Асбест” гэж хэлэхийг минь огт ойлгосонгүйд гаран дээрээ бичээд харуулбал:

-Абсетийн асуудал гэнэ үү? Ёстой бүү мэд? Апсет гэж харин англи үг бий. Ай ам апсет гэвэл я расстроен гэсэн үг гэх нь тэр. Би урамгүй болж хэзээ энэ гайхал асбестийг зүүдэлснээ бодов. Гэтэл нарлаж суусан ахмад барилгачин “Наад хүн чинь аазбэстийн тухай хэлэх гээд байх шиг байна” гээд ороох тамхиа гаргалаа. “Аа, та чинь өөрөө асбеэст гээд байсан шүү дээ. Орос боловсролтой юм уу даа? Аазвеэст гэхгүй?” гэсэн доогтой үг сонсогдоно. Манайхан цэвэр англи аялгаар хэлдэг юмсанжээ (Англиар айзбэстэс). Гэвч аялгаас цаад асуудал руу орж, асбестийн хор хөнөөлийн тухай хэлэлцэх гэтэл үнэндээ ойлголцсонгүй. “Юун хор? Огт хоргүй. Харин ашигтай. Ашиггүй байсан бол яалаа гэж түүнийг хэрэглэх билээ? Үгүй чи бодоод үз. Саяхан манай хажуу айлын хүүхэд хуучин индүүгээр тоглож суугаад асбестэн жийргийг нь гаргаад л ирж байгаа юм. Тэгсэн чинь жаахан дүү нь аваад бүр амандаа хийгээд тасчаад, зажилж байгаа юм даа. Чиний ярьж байгаагаар бол тэр хүүхэд дороо үхчих нь ээ. Гэтэл үгүй шүү. Амьд л байж байгаа” гэлцэнэ. Манайхан асбестийн сөрөг үйлчлэлтэй холбогдсон ямар арга хэмжээ авч буйг ч мэдэх гэж Барилгын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институт, түүний барилгын материалын лаборатори, Барилгын материал хангамжийн ерөнхий газар, Барилгачдын поликлиник, Барилгын яам, Барилгын анги трестүүд, Ханын материалын комбинат, Байшин үйлдвэрлэх комбинат, Төмөр бетон завод, Хөнгөн бетон завод, Материалын нэгдсэн үйлдвэр, Мэргэжлийн өвчний диспансер гээд л барилгатай холбоотой бүх л газраас асууж лавлаад олигтой хариу авсангүй. Бүгд л асбестээс болж үхсэн хүн л алга гэж ам таглана, эндэх тэндэхийн байдал ч ёстой тэнгэр газар шиг эсрэг тэсрэг ялгаатай юм гээч. Манайд бүгдээрээ 30 доллар гэлтгүйгээр асбесттэй шууд ажиллана. Дангаараа бол хөвөн барилгын ёстой л алхам тутамд жийрэглэн хэрэглэнэ. Шатдаггүй материал тул бидний духовка гэж нэрлэдэг пийшингийн дотор ч байж л байна. Асбест агаарт тархамтгай, амьсгалын замаар хордуулдаг онцлогтой. Гэвч амьсгалын замаар ч хордуулна уу, амьсгалгүй замаар ч хордуулна уу, манайханд ер нь хамаагүй юм гэдгийг мэдсэн болохоор цааш юу хэлэх вэ дээ? Түүхийн бяцхан халил хийж өгөөд төгсгөе. Тува монголын хэсэг байх үед монголчууд шөрмөсөн чулуугаар хувцас хийж өмсдөг байв гэнэ. (Шөрмөсөн чулууны томоохон орд одоо ч Тувад ашиглагдсаар буй, түүнийг “Туваасбест” комбинатад боловсруулдаг). Тодруулбал шөрмөсөн чулуун завсар байх хөвөн мэт мяндсыг авч ашигладаг байжээ. Тэгээд шөрмөсөн чулууны утсаар ээрсэн нэгэн цамцаа Ромын папад илгээсэн түүхтэй. Монголчуудын ид шидтэй цамц гээд л энэ тухай бишгүй ярьдаг шүү дээ. ХХ зууны сониуч нэгэн итали эрдэмтэн түүнээс хайчлан авч сүйтгээд галд хийж үзсэн гэж байгаа. Тэгтэл шатсангүй. Эрт дээр үед асбестан цамц өмсч байсан монголчуудын ачаар бид асбестад ажирдаггүй дархлаатай болчихсон байж магадгүй гэж тайвширахаас.
Ч.Мөнхбаяр
1992

No comments: