Wednesday, April 13, 2011

Оймс нөхөх төв

Шог үгүүллэг

Өглөө ажилдаа гарсан Өлзийгийн тархинаас, авгайнх нь авчирсан “Гүр” сэтгүүл ерөөс үл гарна. Зөвхөн дарга, босс, тэдний үр хүүхэд, ач гуч, өвөө эмээг магтан бичдэг сэтгүүл юмсанж. Тэд нь тэгээд баян гэж яана! Нэг залуухан хүүхэн 780 мянган доллараар байр худалдан авсан, эрдэнэсийн чулууны цуглуулга нь сая гаруй доллар, мөн тийм мөнгөөр люкс хаус бариулж буй, алтан онгоцны үнэтэй шиншилла-гийн арьсан дээлтэй… Юу шиншилчихээрээ ингэж баяждаг байнаа!
Долларын тэрбумтан төрлөө л гэнэ. Туршлага судлах гэхлээр, эсвэл ашигт малтмалтай холбоотой ажил эрхэлдэггүй, эсвэл юу ч эрхэлдэггүй байх юм.
Яаж? Энэ л асуулт түүнийг эхнэртэйгээ тар тур хийхэд хүргэсээн. Иргэний хөдөлгөөний тэмцэгч юм уу, зохиолч болох гэдэг бол ядуурах хамгийн сайн арга баймаар. Тэд ч баян байх юм!
Гэтэл Өлзий цоорхой оймстой л тууж явах. Аз болоход ч гэх үү, гай болоход ч гэх үү? “Оймс нөхөх төв” гэх хаяг үзэгдлээ. Сонирхоод шагайвал:

-Оймс нөхөх нь мартагдсан хэдий ч, хүн төрөлхтний соёлын томоохон тулгуур багана болой. Экологийн цэвэр хөгжлийг тэтгэх “Явдаг хэрэм” хөтөлбөрийн дагуу манай төв нээгдээд байна. Өчүүхэн муу өрвөгөр цоорхойноос болоод хүний хөдөлмөр бүтээлийг хөсөр хаях нь Алфрэд Хичкокийн аймшиг, эрхэмлэн дээдлэх нь Дэн Круикшанкийн гайхамшиг болой гээд л бурж өгч байна аа.
-Та тэгээд юу хэлэх гээд байгаамбэ. “Гүр” сэтгүүл шиг л нэг юмаа түм давтаад, бувтнаж бавтнаад байх юм. Гол санаагаа гаргаач дээ!
-Доголж байхыг тань үзвэл оймс тань цоорчээ. Оймс цоорвол сэтгэл, сэтгэл цоорвол итгэл, итгэл цоорвол халаас цоорч эд буян тогтдоггүй юм.
-Пөөх, та чинь Шэрлок Холмс байх нь ээ.
-Би Шэрлок бол та Пинкэртон. Алив наад оймсонд чинь даруй уран сайхны нөхөлт хийгээдэхье гээд булиа оёдолчин хөлтэй ноцолдлоо.
-Үгүй энэ чинь угааж арчаад авчрая хөөе!
-Хүний хөлөнд чинь шивэрнээс их юм байдаггүймаа, от-күтюр нөхөлтөд харшлаад байх зүйлгүй. Шивэр гэх үгнээс ч бүү санаа зов, экологийн цэвэр бүтээгдэхүүн  дээ. Муухай монгол үг гэж байдаггүймшдээ.
Чадалтай хүн шивэртэй байдаг. Монголын хойд их тайга нутгийг маань Шивэр ч гэдэг.
Тавхайны 250 мянган хөлсний цэг, синтэтик оймс, пластик гуталнаас өөр юу ч гарах вэ. Боортой спиртэнд божийтол нь хийгээд бүрмөсөн ариутгаадахъя, хө гээд үйлчлэгч мулт татан шүүрэв.
-Одоо байгууллага дээр хуралтай гээд түүнтэй чангаалдаж байтал бүр дарвайтал нь урж орхив. Ингээд л явна гэдэг ч лөөлөө боллоо л доо.
-Миний цалинг нэмэх эсэхийг хэлэлцэх гэж байхад чинь дээ хэмээн уйлан дуугарвал, нөгөө этгээд Өлзийгийн оймсыг баахан муухай хог новштой нийлүүлээд угаах гэж байна. Ямар ч улсынхтай хольж хутгачих гэж байгаа юм билээ, больё оо гэсэн чинь:
-Зүгээр зүгээр андуурагдахгүй, оймсны цоорхой, үнэр ерөөсөө давтагддаггүй юм. Далимд нь, таны оймсноос шинжилгээ аваад, эрүүл мэндийн байдлыг чинь тодорхойлчихъё. Бас цоорхойгоор нь мэргэлдэг зөн билигтэн байгаа шүү гээд халгаах янз алга аа.
-Миний эрүүл мэндийг тодорхойлох гээд байнуу, оймсныхыг уу?
-Аль алийг нь.
-Тэр зөн билигтэн чинь хэн бэ?
-Мэхди л байхгүй юу даа, өөр хэн байх юм.
-За тэгвэл мэргэлүүльяа: Яавал тань шиг баяжих бол?
-Мэхди үүнийг танд хэлж өгнө гэдэгт итгэлтэй байж болно. Тэр, бүхнийг сонсоод арын өрөөнд сууж байгаа.
-Та өөрөө ч хариулчих боломжтой бус уу?
-Тэр бол бизнэсийн нууц. Тэгээд ч манай байгууллагад ажил үүргийн хуваарь гэж нэг юм бий, хө. За, хажуугийн өрөөнд ороод цээж зургаа авахуулж, арван хурууныхаа хээг өгөөрэй. Хөлний хурууных шүү.
-Тэрүүгээр яах юм. Ямар “ухаантай иргэний үнэмлэх” авах гэж байгаа биш.
-Зохих матэриалаа бүрдүүлж өгөхгүй бол дараа нь таныг яаж таних юм. Оймсны тань фотог ч анкэтанд хавсаргана. Тэгэхгүй бол та оймсоо яаж таних билээ?
-Танай тэр Мэхди чинь мэргэлээд эздэд нь олоод өгчихөж болдоггүймуу?
-Цаадах чинь үхсэн хүн л мэдэхээс, тийм юм мэдэхгүй ээ. Үнэндээ бол шал худлаа гар ш дээ.
Цээж зурган дээр толгойны чинь урт 32-36 см, өргөн 18-25 см байх ёстой шүү гээд будлиу хэрэглэгчээс залхсан оёдолчин оймсоор хөлсөө шударлаа.
Орос үг байнга хольж хутган ярьсан нэг эр “Оймс ба идэализм” сэдвээр лэкц уншлаа. Оймсны идэализм бол дотроо носки, чулки, колготки гэж гурав хуваагдах агаад Төв Азиас, тэр тусмаа Монголоос гаралтай аж. Носки нь ч яахав нөгөө Өлзийгийн цоолдог философи. Чулки, колготки хоёр бол эмэгтэй философичидтой л их холбоотой аятайхан, хөөрхөн, дотуур, дотоод ч гэнэ үү, дотоож асуудал юм байх.
Францын нэрт модэлер Чарли Лэ Минду ээлжит цуглуулгаа толилуулна гэхийг сонсоод Өлзий огло үсрэхээн дөхөв. Оймсноос өөр хувцасгүй хүүхнүүдийн үзүүлбэр шүү дээ. Франц биш монгол, мэргэжлийн бус, гүн ухаантан бүсгүйчүүд байв. Гэвч эмэгтэй хүний нүцгэн биеэс илүү гайхамшиг гэж юу л байлаа даа, ёстой л жинхэнэ от-кутюр!
Мөн ч сэтгэх юм аа гэж бодсоор гарахдаа Өлзий 500 доллар төлөв. Уг зүйл нь 500 төгрөгийн оймсны өрөөсөн шүү дээ. Хужаагийн хулхи эдлэл ийнхүү Люи Вюттоны луугар эдийн зиндаанд хүрдэг сэнжээ. Өөрийгөө “Гүр” сэтгүүлийн баатар шиг л мэдрэн сэргэсэн тэр, ерөөсөө ийм төв ажиллуулах нь баяжих нэг арга юм байна шүү гэж бодов. Анх ороход, ганц л уранхай оймсны төв үзэгдсэнсэн. Гарахад лав 80 болж. Зарим нь ч дампуурч, хаалгаа барьж байлаа.
Ч.Мөнхбаяр
ММХI.III.XXIX

No comments: