Wednesday, April 13, 2011

Мянгуулаа сайд болно

Наргиа

Индра сайд 100 мянган хужаа ажиллах хүч нэмж оруулах үйлс нь урагшилж өгөхгүй болохоор, өөрийн биеэр бүртгэлийн газар очив. Тэгсэн, “ухаантай байшин” тэхнологиор баригдсан ордных нь цахим систэм эвдрээд, дарга нь офисынхоо арын амралтын тасалгаанаас гарч чадалгүй түгжигдээд, олон хонож байгаа гэнээ. Үүдний өрөөнд нь суух танихгүй хүүхэд тийм мэдээлэл өгөв.
-Энд суудаг НБД хүүхэн нь хаачсийм?
-Бас тэр өрөөнд гацсан. Тэхникийн саатал гэдэг чинь хэнийг ч ялгахгүй саатуулна шүү дээ. Тэгэхээр гайхаад байх зүйл биш, хэвийн л үзэгдэл.

-Чи өөрөө хэн бэ?
-Та чинь бичиг үсэг мэддэггүй юм уу. Энэ хармаан дээрх танилцуулгыг умш!
-Би төрийн сайн байна! Яасан задарсан бацаан бэ, чи! Харьж тогло, нусаак минь гэхэд шавилхан хүү хоёр мээмийг нь бүлтийн ширтсэнээ:
-Энгэр задгай палаажаар гангарахаасаа илүү, танилцуулгаа зүүж явбал дээрсэн дээ, хатагтай! гээд ёжтой мушилзав. Индра сайдын тэсгэл алдарч, “Ия!” гэж хашгираад алганы хажуугаар хүзүүнд нь цохих гэтэл сөөсгөр банди компьютэрийн гараараа хаав.
-Танхайраад байвал хамгаалалтынхныг дуудна шүү. Би саяхан энэ ажилд орсон, сайд байтугайг нь танихгүй гэж тэр цод цод хийв.
-Ийм мануухайнуудыг хэн яах гэж ажилд авдаг байнаа!
-Больёо, эгч гуай. Би Дондов гэнэралын хүү шүү.
-Хн, тэр олон шороон түмэн гэнэралыг чинь хэн тоодгийм.
-Даргын энүүгээр тэрүүгээр болох болохгүй янз бүрийн хүүхнүүд эргэлдээд байдаг. Сайд гээд л орчихдог юм билээ. Та нэг нь ч юм билүү.
-Бага галзуур! Би наана чинь Индра сайд дүрээрээн байна!
-Пороомсгоо үзүүлчих л дээ, тэгвэл?
-Сайдыг хүн бүхэн таньдаг болохоор үнэмлэх олгодоггүй юм. Тэгээд ч Төрийн ордон цаасгүй тэхнологид шилжсэн.
Иргэний үнэмлэхээ охиндоо өгөөд, тэтгэврээ авахуулах гээд явуулцан…
-Онолын хувьд, тийм сайд байдаг байжээ гэж бодъё. Гэтэл гадаад төрхийг нь дууриасан хөнгөмсөг этгээд явж байвал яах юм. Өөрийн чинь үс гэзэг, будаг шунх, хувцас хунар, хадаасан өсгийт чинь хүртэл эргэлзээ төрүүлж байна.
-Чи чинь өчнөөн эгч хүнийг хөлөөс нь толгой хүртэл шинжээд хараад байдаг ямар ичдэггүй амьтан бэ?
-Ажлаа л хийж байна. Индира гэлүү, компьютэрт ямар мэдээлэл байна, хараадхая.
-Биш ээ, Индра!
-Овог нэрээ бичээд өгчих.
-Май, визитный карточкнаас хар!
-Йөн-шөө-бү гэнэ үү. Та чинь хятад хүн юм уу.
-Хүн доромжилбол хуультай байдаг юм шүү, жаал аа!
-Хятад гэдэг чинь доромжлол биш шүү дээ. Угсаатны зүйн тодорхойлолт.
-Эр хүний шинжгүй хаашаа чалчганасан амьтан бэ, чи.
-Битгий бэлгийн дарамт үзүүлээд байгаарай. Манай байгууллагад хүйсийн талаар дуугарах хориотой…
Өө, бүртгэл чинь гараад ирлээ.
Тэгж таарнаа! Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах болж дээ. Та чинь нас барчихсан байнаштээ!
-Чи чинь согтуу хүүхэд үү, солиотой хүүхэд үү? Дондов аавд чинь хэлээд алган боов амсуулаад өгье өө!
-Хэлээд нэмэргүй ээ, аав Зааны Ясан Эрэг Улсын босогчдод олзлогдчихсон. Сонин монин уншдаггүймуу?
-Ёоё бүр даралт ихэсчихлээ…
-Би таныг ямар ч дарамтанд оруулаагүй шүү!
-Даралт гэж байна.
-Даралтанд ч оруулаагүй.
-Чи одоо юу гэж хүн мүн үхүүлээд байгаамбэ, хөөе! Өөрөө чи үхнээ, за!
-Энэ албан ёсны мэдээлэл хар л даа. Нас барсан л гэж байгаа биз дээ. Тэгээд ч, та сайд биш, саальчин байсан байна.
-Ээ бүү үзэгд!!!
-Эгч ээ та чинь яаж байнаа!
-Гараа тат! Юу гэж намайг өвөр мөвөр дээрээ суулгаад байгаа юм?
-Өөрөө л өвөр дээр уначихсанштээ… Яйя-яйя, юм хум хугалаад хаячихав уу, яав…
-Би зүүдэлж байнуу? Намайг сэрээгээдхээч дээ. Сэгсрээд, дугтраад, татаад чангаагаадхаач дээ!
-Зүүдлээгүй ээ, нас барсан! Бүртгэл чинь давхардсан байна. Нэг рэгистрийн дугаар дээр олон хүн бүртгүүлсэн байж байгаад, нэг нь нас барахаар бүгдийг нь автоматаар хасчидийм.
-Танай цахим систэм чинь эвдэрсэн гээ биз дээ? Энэ юу гарч ирээд байгаам?
-Систэмийн зарим хэсэг нь  сэргээгдсээн.
-Миний тухай мэдээлэл эвдэрцийм биш үү? Ямар балиар газар вэ?
-Балиар болгоод байгаарай. Та өөрөө ямар юм. Өвөр дээрээс босооч ээ, би гэр бүлтэй, олон хүүхэдтэй, олон авгайтай хүн.
-Чи л намайг татаж чангаагаад байгаа биз дээ.
-Өөрөө татаж чангаа гээд байгаагүй билүү.
-Алив дүү минь, эгчдээ туслаадах. Тэр 10 мянган хужаагийн асуудлыг Гадаадын харъяатын газартай зөвшилццөн, танайхаас нэг формальный л тус авах гэсийм.
-Формалин  байхгүй ээ, манайд!
-Формальный гэж байхад чинь!
-Эгч минь би хэл сайн мэдэхгүй. Олон оронд сурсан болохоор нэг ч хэл олигтой мэдкүйштээ.
-Амьд гэдгээ би өөрийн биеэр нотолж байгаа юм бишүү?
-Гоц үзэгдэл ч юм билүү, хэн мэдлээ. Гэхдээ би гоц үзэгдэлд итгэдэггүй л дээ.
-Тэгээд би юу болж таарч байна!
-Юу ч биш л болж таарахкээд байна даа. Хэрэв та өөрийгөө амьд гэж бодож байгаа бол, ийм тохиолдолд бид: “Амьд хүнийг нас барсан гэхээр мөнхөрдөг юм, тайван бай. Хөөцөлдөөд учрыг нь олчих" гэсэн хариу өгдөг.
2
Индра сайд салганан чичирсээр гадагш гарав. Үнэхээр би нөгөө ертөнцөд байна уу гээд эргэн тойрноо харсан чинь тамд ч байгаамшиг.
Машиндаа орох гэтэл жолооч нь нүд нь орой дээрээ гарчихаад л хаалга булаалдаад цааш нь татаад байх юм.
-Чи чинь одоо энэ Зуун айлын хужаа нартай архидцым биш биз дээ?
-Таныг төрийн захиргааны албан тушаалд хууль бусаар томилогдсон гэсэн.
-Хэн?
-Дэмбэрэллха дарга.
-Яагаад хууль бусаар гэж?
-Нас бараад…
-Пээ, энэ хов жив чинь ямар хурдан тардымбэ! Ажлаа хийдэг хүн байхгүй болжээ? Намайг яаж нүд аньсан гэж байна, тэгээд?
-Хүүхэдтэй юу яагаад…
-Дэбийл новш вэ чи чинь! Би бурхан болсон юм бол чи энд үхсэн үлийгээ хийж байгаам?
-Та ч бурхан биш, би ч үхсэн үлий хийгээгүй, шинэ даргаа хүлээж байна.
-Муу албан тушаалын донтнууд намайг зайлуулах гэж Халх даяараа хуйвалдана гэнээ! хэмээн Индра сайд бүртгэлийн газрын даргын хаалгыг нурж онгойтол нь бархираад утсаа цоортол чичлэв.
-Байна уу? Дэмбээ юу?
-Өөрөө хэн бэ?
-Танихгүй маяглаад байхдаа яадым бэ? Хөөе Дэмбээ?
-Би Дэмбээ биш Дэмбэрэллха. Та хүн андуураад байна.
-Муу дуулдаад байгаамуу, хайшааийн. Юнитэл биш, Моби барьж бай л даа. Индра байнаа!
-Еэ, ум мааний бадми хум.
-Тэнэгтээд бай л даа, би амьд аа, амьд. Цуурхалд битгий итгэ! Найзынх нь эсрэг фракцийнхан сөрөг лообий хийгээд байгаамаа.
-Өө тиймүү, тэгвэл ч аргагүй. Уг нь ч сайхан хүүхэн үхдэггүй гэдэгсэн дээ. Нөгөө хууль бусаар томилогдсон асуудлаа ярих гэж байна уу?
-Би томилогдохдоо амьд л байсан биз дээ?
-Мэдэхгүй ээ, янз бүрийн улс янз бүрийн юм яриад, бүр эргүүтчихээд сууж байна. Одоо тэгээд ямар байгааийн?
-Байдгаараа л байна!
-Хоолой чинь ч нөгөө хөөрхнөөрөө цангинаад байна л даа. Бүртгэлийн газрынхан л хамаг юм будлиулчлаа.
-10 мянган хужаа ирэх болгонд л хамаг юм нь эвдрээд, бүх мэдээлэл нь устчихдаг газарштээ. Намайг нөгөө асуудлаа шийдүүлэхээр ахиад будаа болно. Тэдний нэг ч үгэнд итгэж болохгүй.
Сонгуульд амьгүй албат оролцуулна гээд миний нэр дээр мянган хуурамч хүн бүртгэсийм. Тэрэнтэйгээ хольж хутгаад бүр…
-Чи чинь мянга юм байна шүү дээ. Ерөнхийд нь ойлголоо хө. Чамд албаны зөвлөлийн дүгнэлт хийгээд өгчихье. Тэгээд л болоо.
-Ямар дүгнэлт?
-“Энэ хүн алдаагаа засчээ” гэсэн дүгнэлт.
-Юун алдаа вэ?
-Нас барсан…
-Арай ч дээ, та нар чинь бүгдээрээ одоо архины цагаан…
-Хуралд орлоо, баяртай. Дараа ярья.
-Миний оронд өөр сайд томилчихсон гэсэн, би тэгэхээр яахийм бэ?
-Бид хууль бусаар томилогдсон 106 даргын нэрийг зарласан, бүгдийг нь аргалж чаргалаад албанд нь үлдээлээ. Өөр биднээр яалгах гэсиймбэ? Шинэ сайдыг ч, чамайг ч халуулж чадахгүй нь. Манай зөвлөл ажил хийж сонгогчдод харагдсан уу харагдсан, та нарт харагдсан уу, харагдсан, болооштээ!
Та хоёр ерөөсөө сайхан үзчих. Дийлсэн нь тэгээд сайд бол?!
-Миний энэ бүртгэлийн асуудал яахымбэ?
-Чи чинь одоо мянгуулаа сайд болох гээд байгаамуу. Юу хүсээд байгаамбэ? Мянга бол арай дэндэнэ шүү. Маний эрх хэмжээнээс хэтэрсэн, “бригадын дарга” л мэдэх асуудал.
Ч.Мөнхбаяр
ММХI.III.IV

No comments: