Wednesday, April 13, 2011

Газар хөдлөлтийн талаар илэн далангуй ярилцацгаая!

I. Газар хөдлөх гээд байнуу, ашиг хонжоочид 
нийгмийг үймүүлээд байнуу?

…20 цагт газар хөдөлнө гэх сургаар нийслэлийн оршин суугчид үймж түйвэн, гэрээсээ дайжин гадаа байх, гэр хороолол, зуслан руу зугтах, онц байдлын, цагдаагийн зэрэг байгууллагыг асуулт, хүсэлтээр булах зэргээр сандарч цочирдлоо.
Оросын удган Турсуна энэ цаг үед газар хөдөлнө, төв нь Улаанбаатар байна гэж зөгнөсөн, Хятадад хүчтэй газар хөдлөлт болсон зэрэг нь хүн ардын сэтгэлзүйд нэмэлт сөрөг нөлөө үзүүлэв.
Аз болоход байгалийн гамшиг нүүрлэсэнгүй. ЦЕГ цуурхал дэгдээсэн этгээдүүдийг тогтоож, хариуцлага хүлээлгэхээр ТЕГ-тай хамтран ажиллаж байна гэв. Зарим улс төрч энэ нь сонгуульд нөлөөлөх гэсэн, бодлоготой явуулга хэмээв. 2008.6.4-нд паник дэгдсэн хэрэг шүү дээ.
Онц байдлынхан болон гэофизикчид ойрын жилүүдэд газар хөдлөлт болохгүйг мэдэгдэв (Нэгэн өдөр тутмын сонины Г.Сайханаа гэсэн зохиогчтой сурвалжлага). Мөн тэд “УБ-ын орчимд 6.8 магнитудын энэрги хуримтлагдаж газар хөдлөх магадлалтай. Гэхдээ хуримтлагдах боломжтой болохоос хуримтлагдсан юм биш. Заавал 6.8-аар хөдөлнө гэсэн үг биш шүү. Маш олон зуун мянган жилд хуримтлагдсан энэрги чөлөөлөгдөх процэсс. Газар хөдлөлт 2500-10000 жилийн давтамжтай, тодорхой зүй тогтолтой байдаг. Сонгины орчимд судалгаа хийх гээд төсөл боловсруулаад байгаа. Ер нь судалгаа хийгдэх байх. Хамгийн гол нь газраа зөв олох хэрэгтэй” гэсэн нь хэвлэл бүр дээр шахуу гарсан. Дотоод зөрчилтэй, авцалдаагүй зүйлс ярьж байсан ч, олон нийтийг тайвшруулж дөнгөсөн юм.

Гэвч тайвшрал удаан үргэлжилсэнгүй. Элдэв мэргэжилтэн, хариуцах албан тушаалтнууд:
-1994 оноос хойш Сонгино, Сонсголонгийн орчимд газрын чичирхийлэлт идэвхижсэн байгаа.
-2000 оноос хойш Сонгино, Сонсголонгийн чиглэлд газар хөдлөл маш идэвхижсэн. Байнга чичиргээ явагдаж, газар хөдлөлийн хэмжээ 1-2 балл байдаг. Үүнийг бид ард түмнээс нуух шаардлага байхгүй.
-Бидний судалгаагаар Сонгино орчимд 6.8 магнитудын газар хөдлөл болох нөхцөл байна. Гэхдээ хамгийн дээд хэмжээгээрээ газар хөдлөлт болно гэсэн үг биш.
-Энд газар хөдөлбөл 6.8 магнитуд буюу 9 баллын хүчтэй хөдөлнө.
-Уг газар хөдлөлт дээд хэмжээгээр 8 баллын хэмжээнд мэдэгдэнэ.
-Манай улс газар хөдлөл хамгийн хүчтэй болох боломжтой бүсэд оршдог. Өөрөөр хэлбэл, Хятадад тохиолдсон байгалийн гамшгаас ч хүчтэй газар хөдлөлт манайд болох боломжтой гэсэн үг. Гэхдээ таны орон сууц зохих ном дүрмийн дагуу баригдсан бол айгаад байх зүйлгүй.
-Жишээ нь, Сонгино, Сонсголон орчимд бидний тодорхойлоод байгаа баллд хүрч газар хөдлөх юм бол Улаанбаатараас юм үлдэхгүй.
-Хэр хүчтэй хөдлөхийг нь мэдэхээс, яг хэдийд хөдлөхийг нь мэдэх боломжгүй.
-Нийслэлээс 50 орчим км-т хагарал үүссэн. Сонгинын орчим гэсэн үг. Бид тэнд газар судалгааны ажил хийж байгаа.
-Газрын хөрсөнд энэрги хуримтлагдаад барьж дийлэхгүй хэмжээнд хүрээд хагарал үүсгэдэг. Одоо манай улс төдийгүй дэлхийн аль хэсэгт энэрги хуримтлагдаж байгааг хэлж мэдэх арга байхгүй.
-Энэ дагуу Сонгино, Сонсголонгийн орчимд нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа аж.
-Нарийвчилсан судалгааны төсөл хийчихсэн байгаа. Мөнгө төгрөг нь бүтэх эсэхийг мэдэхгүй байна. Бид нарын энэ жилийн судалгаанд 450 сая төгрөгийн төсөл одоогоор хийгдсэн. Харин манай улс багаж, тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн түвшинд хүрсэн гэж хэлж болно. Улаанбаатар хотын тухайд 1994 оноос хойш нийслэл хотын орчимд Франц улстай хамтран ажилласны үр дүнд маш нарийн мэдрэмжтэй багаж тоног төхөөрөмжийг тавьсан гэхчлэн, бие биеэ үгүйсгэсэн тодорхойгүй мэдээллүүдийг өгч нийслэлчүүдийг түгшээж байлаа.
Хазгай, хэврэг барилгуудын тухай мэдээлэл ч нэрмээс болов. Багахан чичирхийлэл болоход л дээрх барилгууд нурах аюултай гэгдэв.
Зохиолч Б.Бааст гуай “Аймшиг түгшүүр нэмэгдсээр байна аа, дарга минь” хэмээх том ил захидлыг хотын дарга Т.Билэгтэд хандан бичсэн.
“Миний багад манай нутагт зун, шөнө, орой болсон үед газар хөдөлсөн юм. Гадаа мал шуугиж, ноход хуцалдаад гэрт, тулган дээрх тогоотой сүү асгарч цалгиад айсан бидний зүрх амаар гарах шахсан. Муу гэрийн минь энд тэндээс зөндөө олон унь унасан байв. Энэ газар хөдлөлт нэлээн удаан болсон шиг санагддаг. Чухам энэхүү газар хөдлөлт надад үргэлж аймхай явах нэгэн шалтаг ч болсон байж мэднэ.
Миний төрсөн ерээд жилийн тэртээхээс одоо юм бүхэн хачин өөр болж дээ. Одоо байчихаад, тийн өөрлөгдөх явц улам түргэсээд ч байх шиг. Ялангуяа, байгаль, цаг уур мөн ч лут хачин авир араншинтай болоод байх чинь вэ!
Миний сэтгэлийг түгшээж, айлгаж байгаа зүйл бол газар хөдлөлт. Улаанбаатарт газар хөдлөлт нэмэгдэж байгааг саяхан хэвлэлээр мэдээлэв. Тэр мэдээнээс хоёр өгүүлбэр энд дурдъя. “1995-2003 онуудад зөвхөн 50 орчим газар хөдлөлт тохиолдсон болохыг тогтоожээ. Харин үлдсэн нь буюу бараг дийлэнх болох 310 орчим нь 2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2007 оны хооронд болжээ”. Ер нь Улаанбаатар хотын хувьд аюул учруулж болох газар хөдлөлтийн байдал идэвхижиж байхад амар тайван суувал гэмшил нь хойноо гэгчийн үлгэр болоод байгаа юм биш үү!
Нэг баллын чичирхийлэл даах барилга хэд байна? гэж сонинд бичсэн өгүүлэл уншихад л аймхай би багтах, суух газар олдохгүй болж байна” гэсэн мөрүүдийг нь уншаад, их л өрөвдөж байж билээ.
Гэвч  сонгууль бүхнийг, энэ бүгдийг мартахад хүргэсээн.

Дэлхийг 3-4 хоног донсолгосон газар хөдлөлт Монголд 1957 онд болжээ
Монгол орон маань газар хөдлөлийн арвин баялаг уламжлалтай юм билээ. 1905 онд Хөвсгөлийн Хар Азаргын нуруунд 8.4 магнитуд, 11-12 баллын доргилт, 130 км хагарал үүссэн бол, 14 хоногийн дараа Хан Хөхий хавь хүчтэй доргиж, 350 км урт ангал төрүүлжээ. 1931 онд Монгол Алтайн өврөөр 10-11 балл чичиргээн боллоо. 1957 онд Говь-Алтайд маш хүчтэй донсолгоон тохиож, 270 км ан гарч, Их Богд дээш 12 м, зүүн тийш 8 м хөдөлж тогтжээ. Долгион нь дэлхийг 18 удаа тойрч, бөмбөрцгийг 3-4 хоног чичигнүүлсэн агаад, тэр үед гадаадын эрдэмтэд Хиросимад хаясантай адил 3000 бөмбөгийн хүчтэй дүйцэх үзэгдэл болов гэж тооцоолжээ. Баянговь сумын сургууль хэдхэн минутад овоолсон шороо болсон гэж нүдээр үзэгсэд дурсдаг.
Хүн амын сийрэг тархалт л аврал болдог аснаас бус, догшин газар хөрстэй орон юмсанжээ, Монгол маань.
164 ЕБС, 144 цэцэрлэг газар хөдлөлтийн төлөвлөлтгүй баригдсан учир нэн даруй шинэчлэх шаардлагатай гэнэ (Шинээр бүртгэлжүүлсэн сургуулийн барилгуудын ихэнх нь шаардлага хангахгүй юм байна, тэгвэл бусад нь?). Угсармал барилга есөн баллыг тэсвэрлэх учиртай атал, манайд хамгийн түрүүнд л нурах юм байх. УБИС, Арслантай гүүрний хоорондхи байрны нэг айл угаалгын өрөөндөө шинэ ванн тавьсан чинь, дорхи үйлчилгээний газар луугаа цөмөрчээ. I давхарт нь хана эвдсэн, нүхэлсэн байрууд бол гамшиг учрахад ямар ч найдлагагүй л юм гэсэн. Түлэнхийн төвийн тааз нурж эхэлж, хэт чийгшилд идэгджээ.
Иймэрхүү байдлыг арилган засамжлах байтугай, улам л даамжруулсаар. Газар хөдлөлийн гамшигт хамгийн ихээр сүйдэх хөрстэй Туулын эргийг нэн эрчимтэйгээр барилгажуулж байна. Мэтро барьж бүр чиг эрсдэлтэй болгох нь. Хагаралтай гэх Эмээлтээс хүн ардыг нүүлгэж буй тухай бус, тэнд түүхий эдийн, монгол боолчуудтай хятад концлагэр буй болсон тухай л мэдээ ирэх.
Өнгөрсөн оны 1.9-нд Улаанбаатарт 3-4 баллын газар хөдлөлт болсноос хойш нэг хэсэг энэ гамшгийн талаар бишгүй л шуугицгаасан. Түүнээс хойш, чичирхийлэл идэвхтэй явагддаг цэгүүдэд хэмжүүрийн аппарат байрлуулаагүй, судалгаанд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүй байх юм.
Хэрэв үнэхээр аюул байгаасан бол иймэрхүү арга хэмжээ авч, өч төчнөөн барилга хороолол төлөвлөж, мэтро баримааргүй л юм. 2008 онд ойрын жилүүдэд газар хөдлөхгүй гэж байсан улс яагаад жил хагасын дараа 2010-2012 онд хөдөлнө гэх болсон бэ? Газар хөдлөх гээд байнуу, ашиг хонжоочид нийгмийг үймүүлээд байнуу? ММХI.III.V

II. Ядуу, жижиг Монгол Японд үзүүлсэн тусламжаар тэргүүлэх дөхөв

Энэ үгүүллийг бичиж байх явцад Японд газар хөдөллөө. Байгалийн гамшгаас илүүтэйгээр, Монгол дахь хийрхэл намайг цочирдуулав. Эл хийрхэл бол массын психоз хэмээх бас л нэг байгалийн гамшиг юм. Аливааг бодитоор дүгнэх, харах чадвар ер нь бүрэн алдагдчихаад байнуу, та минь ээ.
Саяхан л “2007 онд хэдэн муусайн япон порно кино хийчихэж, Японы ЭСЯ хаагдтал жагсая, Япон, Солонгосын эсрэг үндэсний эсэргүүцэл зохион байгуулъя, барааг нь бойкотлоё” гээд хийрхээд байсныг нь би шүүмжлэн бичиж байсан. Тэгвэл “Япон орон байхгүй боллоо, живлээ, нүүлгэж ирүүлье, газар нутгаа өгье, бүх нийтээрээ хандив өргөе” гээд л үндэсний хайр зарлаж, бүх хэвлэл мэдээлэл өөр зүйл анхаарахаа байж, төр засаг нь ч мөн адил болж (хаанахын л бол хаанахын төр мэт байдаг, Монголынх л байж өгдөггүй савсаг явдалтууд юм даа), аюумшигтай хийрхэж буйг бас шүүмжлэхээс өөр арга алга. Аль аль тохиолдолд нь би Монголыг ч, Японыг ч өмгөөлж хамгаалж буй хэрэг.
Монголд газар хөдөлсөн бол энэ хэвлэл, энэ дарга нар ингэхгүй дээ ч гэж бодогдов. Монголчуудын төлөө хэзээ ингэж санаа зовж байлаа! Ноднин зуд болоход яалаа, дарга нар нь гамшиг болоогүй ээ, цаг уурын түр зуурын үзэгдэл гэж цааргалаад, гаднаас тусламж авахаас ч татгалзаад, хэвлэл ч аялдан дагалдаад, эцсийн бүлэгт энэ явц хятадын доншуур наймаачдад л ашигтай болж дууссан.
Манай газар хөдлөлийн асуудлаар, ард олныг хий айлгаж түгшээж, ямар ч аврал байхгүй гэж цөхрөөхөөс өөр юу хийсэн бэ, Японы төлөө амь тавигсад? Мэдээллийн тэррор, хорлон, хулгай залилан л хийсэн.
Улс орон нэоколоничлолын талхин дор тарчилж, хамаг баялаг, газар нутгаа алдаж байхад ингэж байв уу? Монгол туургатныхаа гамшиг зовлонд анхаарал тавьж байсан уу? Мэдээж үгүй.
Монголчуудыг анхаардаггүй юм байж, тэгвэл гадны асуудлыг? Арабын хувьсгалуудыг ингэж мэдээлсэн үү? Ноднин Хаитид газар хөдөлж, 200 мянган хүн эрсдэхэд яав?
2008 оны Сычуань (70 мянган хүн үрэгдсэн), 2004 оны Энэтхэгийн далай (250 мянга), 2003 оны Иран (60 мянга), 1999 оны Турк (43 мянга), 1995 оны Японы Кобэ (6.4 мянга), Оросын Нефтегорск (1.8 мянга, хот газрын зургаас хасагдсан)-ын газар хөдлөлтийн үеэр манайхан байж болохуйц хэвийн рэакцитай л байв. Одоо юу болчихоод байгаа юм бэ? Дэлхийн III дайн эхлэв үү, Ангарагийнхан довтлов уу.
Япончууд дөрөв хоногийн өмнө анхааруулга авч, нэг минутын өмнө онц түгшүүр сонссон тул, олон хүний амь аврагдсан. Өдгөө 1700 хүн нас бараад байна. Япондоо 5-7-рт орох хүчтэй газар хөдлөлт гэнэ. 1707, 1896, 1923, 1995 оны газар хөдлөлтөөс хавьгүй бага хохиролтой гамшиг гэж байна. Тус улсын ард иргэд харьцангуй тайван ажиллаж амьдарч, гамшгийг даван туулж буй. Монголд л болохоо байчихаад, паник, шок, психоз, гамшиг үргэлжилсээр.
Бусад улсаас 10-50 аврагчид очлоо, манайхаас сайд, 350 аврагч очно, Хятад 167 мянган долларын тусламж үзүүллээ, манайх нэг саяыг өгөөд, цаашид бүр ч их өгнө гэж байна. Японы стратэгийн холбоотон Тайвань хамгийн их буюу, 3.3 саяар тусалж. Манайх Тайваний дэргэд ямарсан билээ, манайд болон Тайваньд үзүүлсэн Японы тусламж, нөлөө ямар билээ? Тэгвэл манайх Тайваний толгой дээгүүр харайгаад гарчихлаа.
Японы ард түмнийг би хүндэтгэдэг, сумо, жүдо, самурай, бусидо, түүх, дайчин чанар, хөгжил дэвшил, тэмцэл зүтгэлийг нь сонирхдог, бахаддаг. Манайд Япон өглөгийн гараа сунгасан, манайх ч Японд сунгадаг (ашигт малтмалын компаниудад нь дарга нар маань ордууд бэлэглэсэн нь мэдээж). Япон бүх буурай орныг тэтгэдэг. Гэхдээ манай оронд үзүүлсэн гадны ямар ч тусламж нөхцөл байдал, уналт мөхөлтийг өөрчилсөнгүй. Монгол дахь нэоколоничлол-гэноцидийг нэг ч орон эсэргүүцээгүй, манай газар хөдлөлийн асуудалд нэг ч орон санаа зовоогүй. Онцгой хайр дурлал үүсгэх ямар шаардлага байна вэ? Япончууд ч тийм зүйл хүсэхгүй. Хайр дурлал бүрийг хүлээж авах бололцоо байдаггүй. Элчин сайд нь тайван амгалан байхыг зөвлөлөө. Галзуурах гээд цовхчоод байхаар чинь аргагүй шүү дээ.
Япон, Монгол хоорондоо туслалцаж ч явсан, тулалдаж ч явсан. Хэрэв Япон 1912 онд Орост дарамт үзүүлж, Монгол улсын өөрийнхөө нутаг дээр (Өвөр Монгол албан ёсоор нэгдсэн байв) түрэмгийлэгч хар цэргүүдтэй хийж байсан дайныг зогсоолгож, Хиагтын гэрээ рүү түлхээгүй бол өдийд монгол туургатан хотлоороо аз жаргалтай байх байсийм.
Гэвч өөр улсын төлөө амиа өгдөг улс гэж байдаггүй. 1912 оны тэр алхам нь Япондоо зөв, япончуудынхаа л төлөө хийсэн зүйл. 1939, 1945 онд Япон монголчуудыг хооронд нь байлдуулсан нь тэдэндээ зөв, ашигтай. Улс үндэстэн гэдэг ийм л байдаг. Хэрэв өөр бусдын төлөө амиа өгөх аваас хамгийн тэнэг мулгуу үндэстэн гэгдэж, түүхийн хог шаар болж, мөхсөн хойноо ч мөнхөд ясаа өндөлзүүлнэ.
Өөрийнхнийхөө төлөө биш, харийнхны төлөө амь тавихад биднийг сургаж байна. Хятадад үер, ган, өлсгөлөн, газар хөдлөлт, хөрс гулгалт, цунами, хуй гээд төрөл бүрийн гамшиг тохиолддог. Хятадуудыг нүүлгэж ирүүлье, Хятадад газар нутгаа өгье гэж хэлүүлэхэд сургаж байна.
Ээ дээ, монголчуудынхаа төлөө, Монголынхоо төлөө энэ өдрүүдийнх шиг санаа зовдог ч болоосой. Улс үндэстний минь байдал газар хөдөлсөн Японыхоос хавьгүй дор байгаа. Даанч…

III. Монголчуудыг Улаанбаатарт бөөгнүүлж, 
газар хөдлөлийн зэвсгээр устгах нь ээ

Улаанбаатарын эргэн тойронд газар хөдлөлийн идэвхжил
нэмэгдэж, хагарал илэрсээр байна
Японы төлөө санаа зовохынхоо хажуугаар, Монголынхоо төлөө санаа зовцгооёо, ард түмээн. Дэглэмийнхний хутган үймүүлэх хийрхэл гэж байхад, ард түмний минь эрүүл саруул оюун ухаан гэж бас буй гэдэгт итгэнэм.
Нийслэлийн ойролцоо Сонгино, Эмээлт, Өлзийт, Хустайн гээд хагарлууд илэрсэн. Баруун хэсэгт аюулын голомт буй гээд байсан чинь зүүн хэсэгт Гачууртын 10 км хагарал илрэв. Онгоцны буудал барих газар судалж байтал Хөшигтийн 10 км хагарал гарч ирлээ. Өөр хаана хичнээн ч байгаа юм билээ.
УБ орчмын сейсмо идэвхжил нэмэгдсэн нь факт. 2005 оноос 2008 онд хоёр дахин, түүнээс хойш өдий хүртэл бас хоёр дахин нэмэгдэв гэнэм. 6.8 магнитудын (ийм хүчтэй доргино гэж байгаа) газар хөдлөлт болбол УБ-аас барилга үлдэхгүй гэдэг.
Бас энэ аюулыг судлах бараг боломжгүй байна гэж мэргэжилтнүүд нь мэдэгдэж байна. Станцийн аппарат хүчтэй доргихоор хэмжихгүй, сул доргихоор хүчтэй гэж гаргадаг гэнэ.
Сургуулиудад газар хөдлөлтийн тухай хичээл орж байна. Ц.Элбэгдорж дарга байсхийгээд л газар хөдлөлийн хурал хэлэлцүүлэг, төлөвлөгөө хөтөлбөр гаргаж байна (Гагцхүү энэ хүний л санаа зовоох асуудал биш байлтай).

Хэдэн зуун хувийн баталгаатайгаар УБ-ыг бүрэн устгах нөхцлийг бүрдүүлжээ
1970-аад онд УБ-ын газар хөдлөлийн судалгааг хийж, аюулын магадлалыг анх мэдсэн гэдэг. 1994 онд энэ магадлал нь маш ноцтой болохыг ухаарчээ.
Түүнээс хойшхи 17 жилд төр засаг маань юу хийв ээ?
Энэ хугацаанд гарсан гол өөрчлөлт бол нийслэлийн хүн ам 600 мянга (1996) байснаа, бараг хоёр сая болсон явдал юм. НЗДТГ-ын ХХБХ-ийн ахлах мэргэжилтэн нийслэлийн хүн ам 1.85 сая болсон гэж мэдэгдсэн. Үүнийг дагалдаад хөрс эвдрэл, барилга байгууламжийн ачаалал эрс өссөн. Газар хөдлөлийн хөнөөлийг олон дахин нэмэгдүүлэх өөрчлөлтүүд эрх баригчдын бодлогын дагуу гарчээ.
Зөвхөн нийслэлдээ амьдарч, бусад нутгаа харийнханд түрээслэе, өгье, найр тавья гэх, монголчуудыг УБ гэттод хорьж устгах бодлого ямар тууштай, амжилттайгаар явагдаж ирснийг харав уу. Монголчуудын шарилыг хүртэл, Холокостын үеэр еврэйчүүдийн цогцсыг шатааж байсан шиг шатааж, ор мөргүй болгоно гэж байгаа.
Газар удахгүй хөдөлнөө гээд байхад 2018 он хүртэл дөрвөн их наяд 832 тэрбум 100 сая төгрөг зарцуулж мэтро барина, зарим чиглэл нь нөгөө газар хөдлөлийн голомтууд руу очно гэж байна. Доогуур нь хөндийлж нүхлээд, голомт руу зөөвөрлөөд байхаар юу болох вэ. Хотынхныг Өлзийт, Эмээлт рүү хөөж тууж ирснийг ч бодогтун. Баруун хэсэгт хотын шинэ төв буй болно хэмээж буй. Хааш нь биднийг аваачиж байна вэ?
УБ-ын ойролцоо, АЦС барина гэх юм. Хамгийн осолтой газраа барьдаг нь юуны учир вэ? Тэр мэтро, АЦС-ийн мөнгөө газар хөдлөлийн эсрэг л зарцуулмаар байна шүү дээ!
Сэйсмо зэвсэг гэж байдаг. Тэр бөмбөгийг хөрсөн дор дэлбэлснээр өөр нутаг оронд газар хөдлөлтийг өдөөж болдог. 90-ээд онд Дундад Азийн улсууд бидний эсрэг сэйсмобомба хэрэглэв хэмээн Хятадыг хардан буруушааж байсныг санаж байна. Далимд нь өөрийн оронд газар хөдлөх байсан энэргийг бас зайлуулаад авдаг байгаа юм. Өөрөөр хэлбэл газар хөдлөлийн идэвхилтэй оронд сэйсмо зэвсэг хэрэглэх, бусад улс руу аюулыг хөөх зайлшгүй шаардлага байдаг гэж болно.
Бүх нөхцөл байдлыг эргэцүүлээд үзэхлээр, дотоод гадаадын нэоколоничлол-гэноцидчид амар амгалан, итгэмтгий, цагаан цайлган байдлыг маань ашиглаж, байгалийн баялаг, газар нутгийг маань бүрэн эзэмшихийн тулд, нэг цэгт бөөгнүүлэн сейсмозэвсгээр устгахаар шийдсэн гэж үзэж болох байна.
11-12 онд 11-12 баллын (дээд хэмжээ) сүйрэл учирнаа л гээд байгаа. Туул гол, СХД-ийн бүсэд бүр илүү (тэгэхлээр дэлхийд байхгүй 13-14 болоод явчих юм уу, хаашаа юм), төв бүсэд баллдаа багтаж, Сансар хавьд 10-11 буюу арай сул хөдлөх юм гэсэн. 10 балл л хөдлөх юм бол мэдээж юу ч үлдэхгүй шүү дээ.
Хөрсөө төрөл бүрээр эвдчихсэн, даацыг нь хэтрүүлчихсэн, доогуур нь хөндийлөөд мэтроны сүлжээ ухчихсан, дэргэд нь АЦС барьчихсан, гамшгийн голомт дээр хотын шинэ төвөө буй болгочихсон байхлаар яах вэ, та минь ээ! Хэдэн зуун хувийн баталгаатайгаар, УБ-аас юу ч үлдэхгүй!
72 цагийн хүнс, ус нөөцөлж, бичиг баримт, үнэт зүйлсээ бөөгнүүлж, шүүрээд гүйхэд бэлтгэ гэж даажигнаж байна. Урьдчилан мэдэгдэх боломжгүй гэж байгаа юм чинь газар хөдлөхөд юман дор орж амжих уу, үгүй юу л болно. Зарим нэг нь нөмгөн нүцгэн гүйж гарлаа гэхэд хөлдөж, өлсөж үхэх юм биз дээ. Дарга нар бол яахав амиа аргалчихна. Түүнд эргэлзэхгүй байж болно.
Аз болоход, Монголд аюулаас гадна, аврал нь байна. Тэр бол ашигт малтмал! Эрдэс баялгийнхаа ачаар бид хичнээн ч мөнгө босгож, ямар ч аюулыг гэтэлж чадна. Гэтэл тэр авралыг дарга нар хааш нь хийв? Харь эздийнхээ халаасанд хийчихсэн.
“Газар хөдлөлийн эсрэг босоцгооё! Хөдөлцгөөе! Төрийн эрх, баялгийнхаа эзэн болж өөрсдийгөө аварцгаая! Үхэхээсээ өмнө дайсныг сөнөө! Алдах юмгүй!” гэж бархирмаар санагдах юм. ММХI.III.XIV

IV. Нийслэлийг газар хөдлөлд тэсвэргүй барьсан этгээдүүдийг нэн хатуугаар гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй

1. Газар хөдлөлөөр сүрдүүлэгсдийг газар хөдөлгөдөг 
зэвсэгтэй холбоотойгоор шалгая
ОХУ-ын судлаачид 3.20-нд, "Ирэх 14 хоногт АНУ, Мэксикт хүчтэй газар хөдлөлт болно, энэ нь ойрын үеийн дөрвөн аймшигт гамшгийн нэг юм (нэг нь Японд тохиосон хэмээв)" гэж мэдэгдэв. 2010 оны есдүгээр сараас 2011 оны тавдугаар cap хүртэл дэлхийн бараг бүх сейсмо бүсэд цахилгаан соронзон идэвхжил үүссэн агаад Бархасбадь, Санчиртай нэг эгнээнд жагссаны нөлөө гэнэ. Пакистан, Крайстчёрчийн газар хөдлөлт жишээ нь гэх аж.
Өмнө нь оросын эрдэмтэд 3.20-нд хүчтэй газар хөдлөл, эсвэл байгалийн гамшиг тохиолдоно гэж асан. Эрдэмтдийн анхааруулга тэр бүрий биелээд байдаггүй билээ.
Харин манай дарга дорго, судлаач шинжлээч нэртэй дарваанууд бүтэн жилийн турш л, дэлхийн хамгийн аюумшигт гамшиг Улаанбаатарт хэзээ ч тохиолдоход бэлэн байна гэж хүн ардыг айлгаж түгшээж ирэв. Өөрсдөө болохоор айсан ч юмгүй, хийсэн ч юмгүй аян шалтгаар нь тэрбум тэрбум төгрөг цохиод цулайж гялайж суухыг нь үзэхлээр амыг нь ард нь гартал алгадчихмаар.
Тэдний сүрдүүлэхийг сонсвол гарагийн хамгийн том доргилтууд Монголд болж байсан. Улаанбаатарт саяын Японых шиг газар хөдөлбөл барилгын 95 хувь нурна гэж байна. Улаанбаатар биш, Булаанбаатар, Булшбаатар, Авсбаатар барьчихаад ангалзан гайхуулж сууж байгаа дайснуудыг, үхэхээсээ өмнө, одоо хатуу цээрлүүлэх хэрэгтэй байна, нөхөд минь.
"Долоон баллын сэйсмо магадлалтай бүс" гээд найман баллд тэсвэртэй барилга барих норматив тогтоосон атал, "Найман баллд 70 хувь нь нурна шүү, найдваргүй шүү" гэж тавлаж суугаа этгээдүүдэд сургамж өгье л дөө.
Зарим нэг нь, эртний доргилтын үлдэгдэл 11 хагарал илэрсэн, энэ хагарал идэвхжээд байвал аюултай, эдгэвэл аюулгүй гэж гайгүй юм хэлж байна. Үнэнийг хэлэхэд дэлхий даяар сэйсмо идэвхжил явагдаж буй агаад газар хөдлөлийн алдартай бүсүүдээр тэр нь гарч тайлагдах магадлал өндөр байгаа юм. Хилийн чанадад ингэж үзэж байхад, манайхан л "зөвхөн Монголд газар хөдөлдөг" гээд байгаа нь тун сэжигтэй. Газар хөдөлгөдөг зэвсэгтэй холбоотойгоор шалгаж ч болмоор санагдана.
Ард түмнийг аюулын байнгын дарамт дор бaйлгаж сул дорой, нам засгаас аврал эрсэн,  ирээдүйдээ итгэлгүй, байгаа байдлаа зол гэж үзсэн арчаагүй адгуус болгох тэррор бодлого бол аль ч дарангуй төрийн адгийн муухай арга мэх юм. "Социализмын" үеийг л санагтун.

2. Манайхан газар хөдлөлийн хагарал дээр хүн зон нүүлгэнэ, хороолол, онгоцны буудал барина гэж буйн учир?
Хүн төрөлхтний түүхэнд 1556 оны Ганьсу-Шэньсигийн (830 мянган хүн үрэгдсэн), 1737 оны Калькуттын (300 мянга), 1948 оны Ашхабадын (176 мянга, зохиомол гамшиг ч гэгддэг) газар хөдлөлтүүд дээд амжилт тогтоожээ.
Зөвхөн Улаанбаатар түгшүүр дор оршиж байна уу гэвэл үгүй юм.
Сан-Франциско-г хамгийн аюултай хотын нэг гэдэг. Ойролцоо нь 1300 км урт Сан-Андреасын хагарал, жилд 3-4 км-ээр хөдөлдөг хавтангууд бий. 1906 онд Сан-Франциско бараг бүхэлдээ сүйдэж, хотын зүүн хэсэг баруунаасаа долоон метрээр холдож байв. 1989 онд бэйсболын тэмцээн шууд дамжуулах үеэр энд хүчтэй газар хөдлөлт болж, олон сая үзэгч гамшгийн гэрч болж байсан.
Барилга бөхжүүлэх ажил тэнд байнга явагдаж ирсэн. Урьдчилсан олон тооны микро газар хөдлөлтийг өдөөж, айсуй гамшгийг замхраах хөтөлбөр буй.
Токиог 1923 оны Кантогийн (нийслэлээс 90 км зайтай газар) гамшиг бараг газартай тэгшилсэн. 8.3 магнитудын энэ доргилтод Ёкохама мөн нэн их сүйдсэн. Хоёр хоногт 356 доргилт тохиож. 12 метр өндөр цунами нэрвэж. 174 мянган хүн нас барж, 542 мянган хүн сураггүй болж, сая гаруй хүн орон гэрээ алдаж, гудамжинд гарсан бөгөөд Орос-Японы дайнаас тав дахин их хохирол учирчээ.
Ойрын 50 жилд Токиод "шинэ Канто" учрах нь гарцаагүй гэж эрдэмтэд үздэг. Евро Азийн, Хойд Амэрикийн, Филиппиний, Номхон далайн гэх дөрвөн тэктоник хавтангийн уулзвар Токио хавьд байдаг. Бас 1000 км урт, 8412 м гүн Японы хагарал энэ улсын дэргэд далай дор буй.
2008 оны 7-9 сард 8.3 магнитудын газар хөдлөлт Токио орчимд болж "Канто" давтагдана гэж байв. Тийм юм болоогүй агаад, эрдэмтэд "газар хөдлөлтийн төв шилжчихлээ (миграци), 2020 он хүртэл аюулгүй боллоо" гэсэн. Өөр газарт доргилт болсноос энэ нь үүдсэн юм. Токио бөх бат байшингаараа алдартай.
Лос-Анжелос хотын дундуур Пунтэ Хиллз хагарал өнгөрдөг. 2007 онд Сан-Андреас хагарлын идэвхжил, судлагдсанаасаа хойшхи дээд төвшиндөө хүрч, орчин тойрон нь танигдашгүй болтлоо өөрчлөгдөн эвдэрч байсан ч, идэвхжил буурчээ. Тус хотод хүчтэй газар хөдлөлт болж асан.
Сиэтл Хуан дэ Фука гэх сэйсмо идэвхтэй хавтан дээр оршдог. 2001 онд 45 секунд доргиход тэнд байсан АНУ-ын ерөнхийлөгч сэтгэл хөдлөлд авталгүй ард иргэдийг тайвшруулж, залбирч мөргөхийг уриалж байжээ.
1971 оны Сан Фэрнандогийн газар хөдлөлтөөс хойш АНУ сэйсмо-архитэктурт онцгой анхаарал тавьж эхэлсэн. Газар хөдлөлийн энэргийг уусгадаг тэхнологитой байшин Сиэтлд олноор баригджээ.
Мэхикод 1985 онд газар хөдөлж, есөн мянган хүн эрсдэж. 30 мянган хүн шархдаж, 100 мянган хүн орон гэргүй болсон. 240 км хол газар 8.1 магнитудын доргилт болсноос үүджээ. Газар хөдлөлтийн яг голомт дээр байсан хөнгөн байшин сууцтай тосгоныхон бараг хохироогүй гэдэг.
Мэхико Номхон далайн сэйсмо бүсэд хамрахаас гадна, нуурыг сувгаар урсгаж, зөөлөн чийглэг хөрсөн дээр барьж байгуулснаас болж давхар давхар сэйсмо эрсдэлд оржээ.
Дэли, Калькутта, Мумбай, Нью-Йорк, Шанхай, Жакарт, Стамбул гээд дэлхийн хамгийн томоохон хотууд газар хөдлөлийн аюул дор оршиж байна. Жакарт байнга салганан чичирч, өндөр байшин нь ганхаж байдаг газар бол Мумбай хөрсний даацыг хэтрүүлэн эвдсэн байх жишээтэй.
Гэхдээ сэйсмо аюултай бүх хотуудад аюулаас хамгаалах арга хэмжээг авсаар иржээ. Харин Улаанбаатарт газар хөдлөлийн хагаралууд дээр хамаг оршин суугчдыг нүүлгэж аваачина, том том хороолол, мэтро, онгоцны буудал барина гэхээс өөр юм хийв ээ?

V. Улаанбаатарт газар хөдлөх ямар ч аюул байхгүй ч байж болно

“Улаанбаатарт газар хөдлөнө” гэж буй нь худлаа байх 
дэндүү олон үндэслэл байна!
Манай дарга, хариуцлагатангууд: гарцаагүй газар хөдөлж Монгол сөнөнө, та нар үхнээ, тийм болохоор байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг байдаг бүхнээ харийнханд яаралтай өг, заяагүй монголчууд л мөхөх болохоос заль цог төгс гадныхан бол яах ч үгүй гэж солиорсоор, жил гарангийн хугацаа өнгөрлөө.
Үнэндээ бол, зайлшгүй, авралгүй сүйрэл тохиолдоно гэж баттай итгэх аргагүй юм. Аль 70-аад онд нийслэлд газар хөдөлж болзошгүй гэдгийг онолын хувьд тогтоож, долоон баллын магадлалтай хэмээн судалж гаргажээ. Нэгэн гэофизикч “Өнөөдөр юундаа сүйд болоод байгаа юм бэ. Энэ зүйлүүд чинь социализмын үед яригддаг л байсан ш дээ. Казахстанаас ирсэн мэргэжилтнүүдтэй хамт хэмжилт хийж л явлаа. Тодорхой юм юу ч байхгүй ш дээ” гэж надад маш тайвнаар ярьсан билээ. Тэр гэофизикч сэйсмо үүднээс бол нэн хэврэг, хөндий хандай, нүсэр том атлаа нимгэн ханатай байшинд ажиг ч үгүй аж төрөн суудаг.
Төдийлөн их аюул үгүй гэж үзсэн тул, социализмын үед газар хөдлөлийн аюулын тухай нам засгаас хөдөлмөрчиддөө ярьдаггүй байжээ.
1994 оноос, 2004 оноос аймшигт гамшгийн тухай асуудал тодорхой болсон гэлцэж буй. Тэгвэл яагаад тэр үед түгшүүрийн харанга дэлдээгүй юм бэ? 2010.1.9-ний Дундговийн газар хөдлөлтийн дараа мэдээлэх нь хамгийн зохистой гэж хүлээсэн гэж үү?
2008 оны 6-р сард болсон “газар хөдлөл”-ийн үймээний дараа “байгалийн гамшгийн аюул их биш” гэж мэдэгдэж асан хүмүүс өдгөө эсрэг зүйл өчиж буй нь итгэл төрөхгүй байхад хүргэж байна.
Мэдээллийн тэррор, төөрөгдүүлэлт явагдаж байх магадлал л багагүй байна даа. 2008 онд, “бид Францын шинэ төхөөрөмжтэй” гэж байснаа, өдгөө болохоор “юу ч үгүй, тиймээс олон тэрбум төгрөгийн төхөөрөмж шаардлагатай” гэж буй улсад яаж ч итгэмээр юм б дээ. Манай аппаратур юуг ч, яаж ч хэмжих, мэдрэх чадамжгүй хамээн онцолж, тэд үгийнхээ үнэ цэнийг улам үгүй болгодог.
УБ орчмын хагарлуудыг ирэх гамшгийн дохио юу, урьдын гамшгийн ул мөр үү гэдгийг ялгахгүй байгаа гэсэн. Хагарлууд дахи идэвхжил багасч, арилж, аюулын магадлал замхрах боломжтой.
Манайхаас ноцтой шинж тэмдгүүдтэй газарт “аюул алс байна” гэж үзэж суудаг юм билээ. Этиопийн саяхан үүссэн 60 км хагаралд сэйсмо идэвх манайхаас илүүтэй нэмэгдэж буй, харин тэнд олон мянган жилийн дараа л газар хөдлөх аж. Еллоустоуны шинж тэмдгүүд маш аймшигтай, гэтэл 37500 жилийн дараа л дэлбэрэлт болно гэнэ. 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтийн дараа, Монголд хүчтэй доргилт 2500 жилийн дараа болно гэж байсан юм гэнэ билээ. Гэтэл өнөөдөр бол “Одоо! Энд!” л гэлцэх юм.
УБ-ын орчимд гамшгийн энэрги хуримтлагдах боломжтойгоос бус, хуримтлагдсан, хуримтлагдана гэсэн үг биш гэнэм. Газар хөдөлбөл заавал дээд магадлал 6.8 магнитудад тулах албагүй, ер нь дээд хязгаартаа хүрэх нь ховор байдаг аж. Хэрэв бага зэргийн доргилт болбол гамшгийн потэнциал багасдаг, дунд зэргийн доргилт болбол дундардаг.
Хүчтэй сэйсмо гамшиг, сэйсмо аюул ихтэй уламжлалт, хүн төрөлхтний сайн мэдэх бүсүүдэд л болдог. Тэгвэл УБ тийм бүсэд багтдаггүй нь тодорхой. Учир нь Евразийн тэктоник хавтангийн төв хэсэг рүү Монгол нэлээд дөхүү оршино. Хавтангийн захаар сэйсмо идэвхжил өндөр байдаг нь жам (Жишээ нь Япон).
Дэлхийн сэйсмо картыг харахад УБ газар хөдлөлийн аюултай бүсээс гадагш үзэгдэнэ. Хэрэв аюултай бүсэд оршдог байсан бол яалаа гэж чингэж тэмдэглэх вэ дээ.
Газар хөдлөлийн эрсдэлтэй нутаг олон улсын судлаачдын анхаарлыг их татдаг. Харин УБ орчмын нутаг тийм биш юм. Өнгөрөгч зун ОХУ-ын эрдэмтэд ирж, аюул буй эсэхийг нарийвчлан судална гэж байсан. Тэд ноднин юу ч хэлсэнгүй шүү дээ.
Аюул болно гэх эрдэмтдийн үг ч үнэн байх албагүй аж. 2008 оны 7-8 дугаар сард Токиод газар хөдөлнө гэж байсан, хөдлөөгүй. Сэйсмо төв нь шилжсэн хэмээсэн ба, УБ-ын хувьд ч тийм зүйл тохиолдож болно.
3.19-нд нарны эрчимжил оргил үедээ хүрсэн бөгөөд, энэ өдөр ямар нэг гамшиг болно гэж байсан ч биелсэнгүй. Ноднингийн мөн эрчимжлийн өдөр Улаанбаатарын “онцгой аюулын бүс”-д юу ч тохиолдоогүй нь нэгийг шивнэнэ. 3.20-ноос хойшхи 14 хоногт хүчтэй газар хөдлөлт болно гэж оросын эрдэмтдийн таамагласан нь мөн талаар болов.
Дарга-олигархын дүрвэн зугтахгүй байгаа явдал, нийслэлд хөдөлшгүй хөрөнгөтэй болох эрмэлзэл, мэтро, хороолол, АЦС барих зэрэг урт удаан хугацааны төслүүд- удирдах ажилтнуудад байгаа мэдээллийн талаар тааварлахад хүргэнэм.
Газар хөдлөлөөс сэргийлэхэд чиглэсэн-олон тооны тэсрэлтийн, цөмийн дэлбэрэлтийн, гэнэраторын, барилга бөхжүүлэх, хөнгөн сууцжих, гэржих, шилжин суурьших гээд төрөл бүрийн арга ч буй.
Гэхдээ бүх юм тодорхойгүй байгаа гэдгийг санагтун. Хэрвээ үнэхээр сүйрлийн аймшиг байгаа бол яахав?
Тийм учраас ард түмэн минь “Газар хөдлөлийн эсрэг” хөдөлгөөн байгуулан, эрслэн босч тэмцье! Хэрэв аюул байхгүй аваас, ард түмний эсрэг мэдээллийн тэррор хийж ирсэн зандалчдыг залхаан цээрлүүлье!
Аюул байгаа бол:
-Засгийн эрхийг гартаа авч, асуудлыг шийдвэрлэх боломжтой болцгооё!
-Ашигт малтмалынхаа эзэн болж, эрдэс баялаг дээрээ суурилан, гамшгийн эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлье!
-Дэлхий нийтээс тусламж хүсч, хамтдаа айсуй гамшгийг сөрөн зогсоё!
-Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авалгүй хорлон сүйтгэж ирсэн дайснуудыг хатуугаар гэсгээн цээрлүүлье!
Монгол улс үндэстний минь хувь заяа бидний л гарт байна шүү, уншигчид минь! Газар хөдлөлөөс улс үндэстнээ аврах эрс шийдэмгий хувьсгалыг хамтдаа хийцгээе! Нэгмөсөн улс үндэстнийхээ хамаг гол асуудлыг шийдвэрлэцгээе!
Ч.Мөнхбаяр
ММХI.IV.III

No comments: