Tuesday, June 15, 2010

Иргэний хөдөлгөөнүүд бүгд л өрсөн даалуу шиг ар араасаа нурж унацгаав


“Эрүүл нийгэм” анх иргэний хөдөлгөөнүүдийн салхийг хагалсан. Шилний цаана ширүүн харцат нүд нь хурцаар эргэлдсэн Б. мөн ч дайчин үгсийг бараг л өдөр алгасалгүй олон түмний чихэнд хүргэж хүчтэйхэн гарч ирсэн. 
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түүний үгийг уриалгахан нийтэлж нэвтрүүлнэ. Дараа нь жагсаал цуглаан зохион байгуулав. Манай иргэд ч нэн ухамсартайгаар түүнд нь оролцоно. Ховорхон л тохиолддог идэвхийг тэд гаргацгаана. Тиймэрхүү идэвх Солонгост ажиллах хүсэлтийг бүртгэхэд ч илэрдэг сэн. 

Араас нь “фэншү” Г.-ын “Эрс шинэчлэл” гарч ирэв. Мөн л адил хурц дайчин. Б. тодрон мандлаа. Сэтгүүлч У.-ын дуу хадлаа. Олон, олон хөдөлгөөн борооны дараах мөөг шиг цувран мэндэлж байв аа. Одоо л нэг ард түмний төлөө тэмцдэг, эрх ашгийг нь хамгаалдаг, жинхэнэ үнэнч шударга, эх оронч хүчнүүд буй болж байна даа гэж хүн зон тайвширч, найдаж, баясаж суув. “Засгийн газар огцор!”, “Шүүцгээе!” гээд л чанга чанга шаардлагууд нь агаарт хадан байв л. Гэвч дор бүрдээ агаарт замхарчихаад байлаа.
2006 оны эхээр нөгөө л засгийн газрыгаа огцруулахгүй гэж нөгөөдүүл жагслаа. Төрийн ордонд орох дөхөв, МАХН-ын байрыг эзэлж авав, төр эргүүлж хувьсгал хийх нь үү л гэлтэй. Гэвч бүхнийг хэвээр нь үлдээхийн төлөө тэмцэж байсан юм чинь, юу гэж тэгэх билээ дээ.
Үүнийг Ху нам даанч тоогоогүй. Элбэгдорж 30 саяар зохион байгуулсан жүжиг, айх хэрэггүй гээд л засгийн газрыг нь огцруулчихсан. Нөгөө жагсагчид ч тэдний хэлснийг батлах мэт таг. Харин ч гол рольд тоглосон Г тэмцэл хөдөлгөөнөө сар завсарлая, Цагаан сар болох гэж байна гэж ятгасан. Тэр, тэмцлийг дарагчийн үүргийг гүйцэтгэсэн. Ингэж өөрсдийнхөө эсрэг тэмцэцгээж эхэлсэн дээ. Тийм болохоор ард түмний итгэл ч буурч эхэлсэн. Тэд тэр итгэлийн эсрэг зогссон юм чинь.
О.Энхсайханыг нас барсны дараа газар шорооны төлөө гэх сунжирсан тэмцэл өрнөв. Хорь гучин иргэний хөдөлгөөн оролцсон. Гэтэл Б, Г хоёр нь засгийн газартай салангид хэлэлцэж тохиролцоод тэмцлээ орхив. Харин ч бусдын тэмцлийг дарах гэж оролдсон. Цаадуул нь “Эрүүл нийгэм”, “Эрс шинэчлэл” хоёр урвалаа гэж мэдэгдсэн. Энэ хоёргүй бол бусад нь даанч хүчгүй юм даа, хорь гучхан л хүн. Тэднийг бараг л цэвэрлэгч нараар шүүрдүүлчихээд, “Номун хаан” гэж долигонон улыг нь долоох дөхсөн Солонгосын ерөнхийлөгчөө угтаж авсан. 
Үүнээс хойш ард түмний итгэл бүр хагарч бутарсан. Түүнийг эвлүүлж наахыг иргэний хөдөлгөөнийхөн чармайсангүй. “Хятадуудын захиалгаар хятад бус компаниудын эсрэг тэмцсэн”, “АН-ын захиалгыг биелүүлсэн”, “Улс төрийн томчуудтай наргиж наадаж, хор найруулж явдаг”, “Б. Тан Лу-гийн эрх ашгийг хамгаалагч байсан”, “Бүгд зэрэг байртай болж, нэгдсэн журмаар Хятадаас хогшил ачуулж ирэв”, “Арслан 100 сая төгрөгийн явдлыг чинь илчилнэ гэж бусдыгаа айлгав” гээд л сөрөг бараан мэдээллүүд тэднийг тойрон хөврөх боллоо.
Ямар ч бизнэс хийдэггүй, хамгийн ядуу нь бид гэж мэдэгддэг байснаа, бид цаагуураа нууц бизнэс эрхэлдэг байсан юм гэх болов. УИХ-д нэр дэвшихгүй, улс түмнийхээ төлөө тэмцэж, мөнхийн сөрөг хүч байх болно гэсэн чинь бүгд л дэвших болчихоод байна. 5000 төгрөгөөр хөлслөөд л хүмүүсийг жагсаагаад байсан болж таарав, тэр тухай бодат сурвалжлага ч ТВ-ээр гарав. Үнэхээр тэмцдэг, нэр төртэй, иргэний хөдөлгөөн, удирдагчид нь гэж үгүй болов.
Бүгд л өрсөн даалуу шиг ар араасаа нурж унацгаалаа. Ямар харуусалтай нуралт вэ? Ард түмнийг хэн ч өмгөөлж хамгаалахгүй юм гэж үү? Ард түмнээ гээд гараад ирэх шударга, зоригтой, сэтгэл зүрхтэй аавын хөвүүд үгүй гэж үү? Хэн л тэмцэгч гэж тодорнов, тэр дайснаа гэж зүхэж байсан этгээдүүдийнхээ л толины тусгал байдаг боллоо. Яаж тэд УИХ-ын сонгуульд олон түмний нүүрийг харна гэж бодож, урваж шарваж, ашиг хонжоо хөөцгөөж чадав аа? Эсвэл худлыг мянга давтвал үнэн болдогт найдацгааж байна уу?
2008 оны сонгуулиар шударга, зөв хүч гарч ирэхгүй нь бараг 100% тодорхой болоод байна. Улс түмэн хэзээ аврагдаж харанхуй ангалаас гарах бол оо?
Ч.Мөнхбаяр
2007

No comments: