Цэндийн Доржготов
Түүхч На.Сүхбаатар “Галдан бошигт Манжтай дайлалдах цагт Халхын ихэнх аймаг хошуу говь гатлаад урагшаа нүүсэн” гэж “Өдрийн сонин”-ы 2009 оны 6-дугаар сарын 8-ны дугаарт ярилцлага өгчээ. Хачин юм. Ойрад Манж хоёр нутаг дээрээ тулалдахад халхууд уг нь баруун зүг Ойрад ах дүүс өөдөө нүүхгүй яагаад дайсан руугаа зугтсан юм бол? Амь гаръя гэвэл ахан дүүсээ барааддаг атал алуулъя гээд дайсан руугаа зугтааж байдаг? Халхуудын тэнэг эндээс нотлогдож байна.
ХVI зуунд нийт Ойрад 40 хошуутай, Зүүн Баруун гарт хуваагдаж байв. Гэтэл хаад ноёдын байнгын дажин хүн амыг нь тараан бутаргаж, Ижил мөрөн, Баруун Сибирь, Хөх нуур, Төвд рүү дүрвэж, нутгаа сахиад Зүүнгар үлджээ. Зүүнгар зүгээр суусангүй. Дайн хийв. Дорнот Туркестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд зэрэг оронд довтолж, улмаар Самарканд, Сайран, Бухар хотыг эзэлж, 1681 онд Тэнгэр уулын хэрэгсүүдийг түйвээж, Ферганд нэвтэрчээ. Тэднийг дундад азийнхан Жунгар хэмээн айж, Чингиз Айтматов нэг зохиолдоо Жуан жуан гээд, тун эвгүйгээр бичсэн.
Галдангийн төрсөн хоёр ах дүү аав Эрдэнэбаатарыгаа залгамжлан Зүүнгарын хаан ширээнд суусан Сэнгэ ахыгаа өргөөнд нь хаан ширээний төлөө алсан. Галдан баруун Зуугаас яаралтай ирж, төрсөн ахан дүүстэйгээ алалцаж, Ойрадын хаан болохоор зүтгэсэн. Хаан ширээний тэмцэлд хүчин мөхөстсөн Галдан Ойрадын чуулган дарга Очирт сэцэн ханы хүчийг ашиглахын тулд Очирт сэцэн ханы охин бөгөөд төрсөн ах Сэнгийнхээ бэлбэсэн хатан Анударьтай гэрлэсэн. Очирт сэцэнтэй хүч хавсарсан Галдан бошигт, хаан ширээний төлөөх дайнд ялж, дараа нь хадам эцэг Очирт сэцэн ханыг даржээ. Галдан бошигтыг Халх руу дайлаар мордсоны ар хударгаар Сэнгийн хүү Цэвээнравдан өөрийгөө Зүүн гарын хаан ширээнд залав. Хаан ширээ! Хаан ширээн дээр эрх мэдэл, эд хөрөнгө!
Засагт хан Норов нас барж, ууган хүү Чу мэргэн залгамжлах байтал хоёр дахь хүү Ванчиг хан ширээг булаажээ. Гэтэл Засагт ханы Хотгойд ноён Лувсан тайж Ванчигийг алаад Чу мэргэнд хан ширээг шилжүүлэв. Ванчиг ханы талынхан Түшээт хан Чахундоржоос тусламж гуйжээ. Ванчиг ханыг алсан Лувсан тайж Түшээт ханаас дүрвэж Галдангийн нөмөрт шургасан аж. Засагт ханыхан Чу мэргэнийг хан ширээнээс буулгаж Ванчигийн дүү Цэнгүнийг хан ширээнд залжээ. Ингэмэгц Халхыг эзлэх бэлтгэлээ базаасан Галдан Засагт хан Цэнгүнийг биедээ татахын тулд дэргэдээ амь хоохойлсон Лувсан тайжийг барьж Цэнгүнд тушааж цаазлуулаад, Цэнгүнийг Түшээт ханы эсрэг хамтран дайтахыг ятгажээ. Юуны төлөө? Мэдээж хаан ширээний төлөө!
Бүх Хятадыг нэгтгэн захирах гэж самгардаж асан жижиг авч том санаатай нүүдэлчин Манж, ар талын түшиг-нүүдэлчин Монголын ханууд хоорондоо муудалцах нь уршиг дагуулж, Импер болоход садаа болно гэж сэрэмжлээд, Хүрэн бэлчирийн чуулган хуралдуулж, Засагт хан Түшээт ханыг эвлэрүүлэн, найрамдлын тангараг өргүүлэв. Халхын хоёр хан эвлэрэх нь бүх Монголыг эзлэхээр тэмүүлсэн Галдангийн уурыг бадрааж, тэр бээр Хүрэн бэлчрийн чуулган дээр Далай ламын элч Галдан ширээтийг Далай ламын зэрэгт хүндэлсэнгүй, суудлын эхэнд мөр зэрэгцэн суулаа гэж Өндөр гэгээнийг баалж дайн зарласан нь гэнэн мугуйдлал харагдавч цаанаа бол тийм биш байв.
Төвд Өөлдийн эрх ашгийн үүднээс Халхыг эзлэхээр Дэв Санжайжамцтай Галдан бошигтын хийсэн “нууц тохиролцоо” хэрэгжихэд Халх 7-н хошууг нягтрахыг уриалсан Хүрэн бэлчирийн чуулган тээг болох нь мэдээж. Галдан бошигтын бухимдал “суудал зэрэгцлээ” гэсэн оноогүй шалтгаар бүлтэрсэн нь ойворгон ойрадын нийтлэг зан. Засагт хан Түшээт хантай эвлэрсэнд Галдан бачимдахдаа Манжид элч зарж, Гадаад Монголын төрийг засах яам, улмаар Энх-Амгалан хаанд бичиг илгээж, түүндээ “Богд эзний суурин шашин хэмээвээс Шар малгайн шашин, лам хэмээвээс Далай лам болой” гэж Өндөр гэгээнийг “Умар зүгийн амьтны итгэл-Богд Жавзандамба хутагт” гэж Банчин богд Далай лам нарын айлдсан зарлигийг үгүйсгэв.
1688 онд Галдан бошигт Манжийн хаанд Өндөр гэгээнийг “Зонховын шашныг хиртээсэн хүмүүн... шашныг эвдэж хоёрын хооронд муухан явах хүмүүн, аливаад сайн үгүй. Эдүгээ түүнийг сөнөөвөөс Дундад улсын Хуанди болон Далай ламын сэтгэл ч амар болох буй за” гэж дахин элч зарж байв. “Үүнээс Галдан бошигтын зорилгыг ажиглахад Жавзандамба нарыг Дундад улсын хилийн харуулын дотор оруулахгүй, улмаар баривчилж өгсөн нөхцөлд Манжийн Энх-Амгалан хаан, Төвдийн Далай ламын төр шашны бодлогоос огт гажихгүй, чухамхүү “цавхийтэл” нийлэлцэх тухай өгүүлсэн нь Галдан бошигт Манжийн төрийн эсрэг монголчуудын хүчийг нэгтгэн тэмцэх зорилгыг анхнаасаа агуулаагүй нь илэрхий байна” гэж СГЗ доктор Л. Хүрэлбаатар түүх шашны сурвалж бичгүүд судлан байж дүгнэжээ.
Юань гүрнээс хойш Төвдийн хуврагууд “шар” “улаан”-аараа талцан 300 шахам жил тасралтгүй тэмцэлдсэн түүхтэй. Шарын тал буюу Зонховын шашинд улааны шашны хуврагуудыг хядах зэрлэг хэрцгий торгон цэрэг хэрэг болов. Орхимж нөмөрч хонх дамар хангинуулсан шарын шашны лам нарт улааны хуврагуудыг өөрийн гараар хөнөөх нь бас чиг гэж нүгэл болох нь магад. Тэгээд шарынхан Хошуудын Гүүш хан Төрбайх, түүний хүү Даян, ач Лхавзан нараар нядалгаа хийлгэж, өөрсдөө нүгэлгүй мэтээр маани уншин үлддэг байжээ. Далай лам Гүүшид “Шашныг баригч номун хаан” цол хайрлаж, шашин төрөө мануулсан аж.
Улааны шашинт Цогт хунтайжийг Гүүш хан хэрхэн хүйс тэмтэрч буйг Б. Ренчиний киноноос бид үзсэн. Их эрдэмтэн яг тэр цагт баларч мушгигдаж эхэлсэн түүхээс ямар эгцэгтэй зурвас үе сонгосныг молхи толхи би бээр одоо л ухаарч сууна. Лигдэн хутагт хаан эхэн үедээ ламын шашны улааны ба шарын урсгалыг алагчлалгүй дэмжин дэлгэрүүлж байтал өвөр Монгол дахь шарын шашны томоохон хутагт лам нар Манжийн хаанд хүчин зүтгэх болсон нь Лигдэн хааныг улааны шашны талд түлхсэн аж. Лигдэн хутагт хаан Мин улстай холбоо тогтоон, улам бүр өсөж буй Манжийн эзэрхийллийг сөрөн эсэргүүцэх бодлого баримталж байв. Манж Мин хоёрын анхны мөргөлдөөнд Лигдэн хаан Мин улсад тусалсны гайгаар Цахарыг Манжид алдав. Манжийн хаан хожим нь энэ тухайгаа тайлбарлан бичихдээ, “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн. Урьд Цахарын Лигдэн хаан Мин улсын жил бүр өгсөн эдэд орж, намайг өшөөлж, Мин улсыг дайлуулахгүй бөгөөд бас цэрэг илгээж тусалсны тулд би ийнхүү цэрэг илгээж, Цахарыг дайлав” гэжээ. Чухам энэ үеэс Лигдэн хүчирхэгжиж буй Манжийг сөрөх зорилгоор, улааны шашныг дэмжиж, Манж болон шарын шашинтны эсрэг хамтран тэмцэх зорилго бүхий Төвдийн хаад ноёдтой сүлбээлдэн цэрэг-улс төрийн холбоо бүрдүүлж, түүнд Халхын Цогт хун тайж нэгдэж, Хөх нуурт очсон байна.
Гэтэл түүхч На. Сүхбаатар “Өдрийн сонин”-ы 2009 оны 11-р сарын 17-ны дугаарт, “Халх монголчууд дотроо задарч Цогт хунтайж Хөх нуурт очиж суув” гэсэн байх юм. Цогт хунтайж Халх ноёдын самуунаас зугтаж, Хөх нуурт очсон гэж түүхч хэлэх гэж оролджээ. Халхад тэр үед ямар ч задрал гараагүйг түүх гэрчилж буй. Төвд Халх хаад ноёдын цэрэг-улс төрийн энэ бүлэглэлээс айсан Төвдийн шарынхан Дөрвөн Ойрадаас тусламж гуйжээ. Шарынхны хүсэлтийг биелүүлэхээр Хошуудаас Гүүш хан Төрбайх, Дүүрэгч ноён, Цоросоос Баатар хунтайж, мэргэн Дайчин, Торгуудаас Мэргэн Тэмнээ, Мэргэн тайши, Бумба Илдэн, Хойдоос Сүлдэн тайши, Сүмэр тайши, Дөрвөдөөс Далай тайши нарын их цэрэг нэгэн дуугаар гайхалтайгаар бөөгнөрч, тэр ч байтугай Ижилээс хүртэл нэмэгдэл хүч ирж, улмаар Хөх нуурт очиж, Цогт хунтайжийн цэрэгтэй ширүүн тулалдаж, орчныхоо газрыг дөрвөн түмэн (40 мянган) халхын цусаар бялдсан бөгөөд Цогт хунтайж алагджээ. Цусанд будагдсан хоёр толгой Улаантолгой нэртэй хоцорчээ. Сталин Чойбалсан нар дөнгөж 30 мянгыг дөнгөсөн гээд бодчих.
Тулалдаанаас амьд үлдсэн Цогтын цөөвтөр цэрэг зугтсан авч Төрбайхын хүү Даян тайж мөшгөн хөөж хүйс тэмтэрсэн байна. Хаа холын Төвдийн улаан шарын тэмцлийн үзүүрт монголчууд нэг нь нөгөөгөө ингэж хядаж байдаг мөн ч тэнэг үйлдлээ гэж санаа алдахаас өөр яалтай. Төрбайх нар Төвдийн төр, шарын шашинд зарагдаж, монголоо хядсан бол, Цогт, Лигдэнгийн замаар замнаж, Манжтай тэмцэх зорилготой Хөх нуурт очсоныг тодотгох нь мөн юм гэж үзлээ. Монгол улсын түүхэнд, “Хөх нуурын газар бэхжин хүчжиж, Төвдийн улаантны шашны бүлэглэлтэй холбоо тогтоон, шарын шашны бүлэглэл болон Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг хамтын хүчээр тэмцэхийг зорьсон Лигдэн хутагт хаан, Цогт хунтайж нарын тэмцэл харамсалтайгаар төгсгөл болжээ” гэж тэмдэглэжээ. Манжийн эсрэг Ойрадууд Цогтыг дарсан шигээ тийм их хүч хуралдуулж чадах л байж. Гэвч тэдэнд Манжийг сөрөн нэгдэх хүсэл байсангүй, харин Цогт хунтайжийг даран сөнөөх занал дүүрэн байжээ. Хаад ноёдын иймэрхүү тэнэглэл л чухамдаа Монголыг задлаж байв. Цогтыг дарсан Гүүш хан Төрбайх Хөх нуурт бэхжихийн хамт Төвдөд цэрэглэн орж, улааны шашинтан болон тэдний сүм хийдийг түүвэрлэн устгав. 1642 оны 3-р сарын 15-нд Төвдийн төр, шашны тэргүүнийг өргөмжлөх ёслол болж, Гүүш хан Төрбайхыг Төвдийн хаан ширээнд, V Далай лам Лувсанжамцыг Төвдийн бурхны шашны тэргүүнд тус тус өргөмжилжээ. Төрбайх 73 насандаа Лхаст нас нөгчиж, түүний хүү Даян тайж, ач хүү Лхавзан нар, Төвдийг 70 гаруй жил ноёлжээ. Халхын Богд нарыг Төвдөөс тодруулж байсан нь Дэв Санжайжамц Галдан нарын суурийг нь тавьсан бодлого үе дамжин хэрэгжиж ирснийг гэрчилнэ.
Төвдийн төрийн сайд дэсрид Санжайжамц Галдангаар өндөр гэгээн Занабазарыг тонилгуулж, Халхаар Өөлдийн хүчийг зузаатгаад, тэр хүчийг улсын дотоодод оруулж, шашин төрөө Гүүш хааны угсаа залгасан Лхавзан нарын 70 жилийн дарангуйллаас ангижруулан даруулах давхар далд санаа өвөрлөжээ. Дэсридийн энэ давхар зорилго яаж төгссөн бэ гэвэл, бүх Монголын хаан болж, улмаар Төвдийн шашин төрийг Төрбайх шиг атгах гэсэн Галдан Манжид дарагдаж, Хошуудын ноёрхлыг Галдангаар зайлуулах давхар санаа агуулсан Дэсрид Санжайжамц Лхавзан нарт хорлогдож, Дэсридийн дорх түшмэлүүд Хошуудын ноёрхлоос гарах зорилгоо орхилгүй Зүүн гарын тайж Цэрэндондовтой сүлбэлдэж, түүний цэргийг Төвдэд оруулж, Лхавзан хааныг устгуулжээ.
Үргэлжлэл 6-р нүүрт
Түрүүч 4-р нүүрт
Бүх хүч анхаарлаа үржил шимт далайн зөөлөн дулаан уур амьсгалтай Хятад, Солонгосын зүг төвлөрүүлээд хөндийдүү байсан Манжид импер болох санаагаа гүйцээхэд Монгол Төвдийн энэхүү сульдалт сайхан далим болсон нь ойлгомжтой. Үүнийг хэний буруу гэх вэ, Та?
“Монгол улсын түүх” таван ботийн дөтгөөрт энэ талаар бичсэн С. Цолмон нар хан хаан ширээний төлөө алалдаж асан ах дүү ноёдыг гагцхүү Манжийн хагалан бутаргах явуулгаар тийнхүү сүйрч байв гэсэн ганцхан үзүүрт санааг хуудас бүхэнд ухуулсан нь хуучинсаг болжээ. Энэ нь түүхчийн итгэл үү, эсвэл үзэл суртал уу? Манжийн явуулгыг байх газар нь оновчтой шигтгэх нь зүй.
Их гүрэн хязгаар нутгаа засан тохинуулах нэрээр, харгис бодлогыг дундад зуунд байтугай одоо ч явуулж буй. Эдүгээ тусгаар улс болох гэсэн Чеченийг ОХУ яаж харгислаж буйг хар. Төвдийг хар. Хаант Орос бяцхан Чеченийг олон мянган хүнтэй Ермоловын армиар 10 гаруй жил балбаж байж арай гэж эрхшээлдээ оруулсан түүхтэй. Өөр шашинтай, оросоос тэс ондоо үндэстнийг эдүгээ өөрийн харьяат байлгах гэж 20 жил муйхарлаж, ямар их гамшиг удав аа? Энэ хугацаанд өчнөөн чечень хүн өөрийгөө дэлбэлж, гэмгүй орос иргэд хэдэн зуугаар үрэгдлээ. Чечень бүсгүй өөрийгөө дэлбэлж, 41 орос устгав. Саяхан Москвагийн метронд 17 настай охин, 28-тай математикийн багш бүсгүй хоёр биеэ үртэсгүй болтол дэлбэлж, хичнээн гэмгүй хүний амь бүрэлгэв. Ямар их хонзон бэ? Яасан их гомдол бэ? Тусгаар тогтнолынхоо төлөө амь үрэгдсэн аав ээж ах дүү салан тусгаарлагчдынхаа өшөөг авч буй нь энэ гэнэ. Импер болох гэсэн цагаан улаан оросын бодлогоос болж өдгөө огт гэмгүй иргэд алалцаж байна.
Монголчууд яавал олон манж устгах вэ гэж амиа золихдоо арай тулаагүй. Тийм хорсол гомдолд арай хүрээгүй. Баримтгүй зөвхөн хоосон домгоор манжийг 50 жил үзэн ядсанаар бид юу хожив? Ганцхан улаан оросыг шүтэх өвчинд мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн өвчтэй болсон нь дэвшил гэж үү? Манжийн төрд өртөө улаа залгуулж, татвар төлж байсан хэдий ч гурил будаа, даалимба даавуу, цай зэрэг өргөн хэрэгцээт барааны худалдаа наймаа хийж, аядуу аж төрөх үүд хаалга тэр их зэрлэг дажны хажуугаар бас чиг гэж нээгдсэн бололтой. Дайтахаас өөрийг бараг мэдэхгүй шахам манай ноёд өвөр хоорондоо сэнтий булаацалдаж, “хэн нь хэнийгээ” орон нутгийн чанартай үгүй хийв, тэр болгонд Манжийн хорон санаа хэмээх хаяг хадсан нь, өөртөө хир халдаахгүй гэсэн мугуйд арга ядалт болж, үнэмшлийн учгийг алдуулж, ботийн үнэ цэнийг бууруулжээ. Гадны үзэл суртлаар зохиогдсон худал түүх биднийг харь гүрний хүлцэнгүй зарц, үндэс угсаагаа санах ой санамжгүй боол болгожээ. Тийм зарц, тийм боол алхам тутам таарч дургүй хүргэх юм. Түүхийн шинэ ботиос үзэл суртал ханхалсаар.
Түүхээ буртаггүй болтол ариусгах ёстой эрдэмтэн мэргэд алгуурлаж буйг сануулъя. Хаан ширээний тэмцэлд манай ноёд буруугүй, ганцхан Манж буруутай гэж уг ботид дэндүү олон давтах нь хэн нэгэнд ая тал засах мэт. Хамгийн адгийн чанар бол өөртөө хир халдаахгүй бусдад буруугаа чихэх. Өөрийгөө магтаж, өрөөлийг муулснаар хөгждөг бол бид өдийд цойлсон. Ботийн үзэл сурталжсан энэ хэсэг үнэн түүхээ мэдэх гэсэн урмыг минь хугалав.
Галданцэрэнг нас барсны дараа 15 настай Цэвээндоржнамжил хүү хаан ширээнд суусан. Хачирхалтай нь төрсөн эгч Уламбаяр дүүтэйгээ хаан ширээ булаацалдсан байгаа юм. Цэвээндоржнамжил “Өөрөө хаан сууж, хүүхэн хаан болсугай гэнэ” гэж эгчийгээ барьж хориод олон зайсанг цаазалжээ. Эцэст нь 15 настай бяцхан хүүг Галданцэрэнгийн залуу хатнаас төрсөн Ламдаржаа хороож хаан ширээг эзлэв. Ламдаржаа хажуугийн гэргийн хүүхэд учир хаан суух ёсгүй, их хатнаас төрсөн бага хүү Цэвээндашийг хаан суулгавал зохино гэсэн Даваач нарын тохироог Ламдаржаа тандаад, Цэвээндаш хүүг алсанд Даваач Амарсанаа нар Хасагийн зүг дүрвэжээ. Тэднийг устгахаар Ламдаржаа нэхсэн боловч гүйцсэнгүй.
Ламдаржаа ямар нэгэн хонзонгоор Дөрвөд ноён Дашдавааг алсанд түүний зайсан Саарал албатаа авч Манжид дагаар оржээ. Ламдаржаа тэднээс хоцрохгүйн тулд Бээжинд элч зарж, найрамдлын гэрээ байгуулахыг хүсэж, 100 мянган лан мөнгөний зээл олгохыг гуйсанд Манжийн хаан зөвшөөрсөнгүй, харин дахин элч ирүүлэх хэрэггүйг мэдэгдсэн байна. Эцэст нь Амарсанаа Ламдаржааг устгаад Даваачийг хаан ширээнд залав. Гэтэл Дөрвөдийн ноён Нэмэхжаргал хааны өргөөг довтолж, Даваач зугтаж амь зулбав. Дараа нь Даваач Амарсанаа хоёул Нэмэхжаргалыг гэнэдүүлэн устгаад Даваач хаан ширээгээ эргүүлэн авсан үе бий. Даваачид дургүйцсэн Дөрвөд ноёд Цэрэн, Цэрэн убаш, Цэрэнмөнх нар албатын хамт Манжид дагаар оржээ. Хятадтай хийдэг Даваачийн худалдааг Манж хорьчихов.
Даваач Амарсанаа хоёр удалгүй эвдрэлцэж, цус асгаруулан алалдаж, Амарсанаа ялагджээ. 1754 онд Амарсанаа өөрийн харъяат 20 мянган хойдыг удирдан Манжид дагаар орсон юм байна. Ноёдын эцэс төгсгөлгүй дажны хөлд ойрадууд олноор амь эрсдэж, мал хөрөнгө нь сүйрч, ийш тийш зугтан нүүж, өлбөрч турж үхэх нь ердийн үзэгдэл болов. Энэ гамшгийг далимдуулан Амарсанаа Манжийн умард замын их цэргийн туслах жанжнаар, Саарал баруун этгээдийн туслах жанжнаар тодроод Даваачийг устгахаар эх орондоо харийн цэрэг удирдан довтолсон нь уучилж болшгүй урвалт билээ. Даваач ялагдаж Бээжинд хүргэгдэв. Баруун хязгаарт хаан ширээний төлөө бие биеэ хядаж асан ноёдын самууныг манж-халх цэргээр номхотгосон халхын Цэнгүнжав “шившигт урвагч”, харин манж цэргийн туслах жанжин болж, Зүүнгар улсын хаан, яс махны тасархай Даваачийгаа барьж Бээжинд тушаасан Амарсанаа “эрэлхэг эх оронч” гэсэн үзэл сурталжсан түүх зохиож, Ю.Цэдэнбалын нам засаг олон жил ухуулж, итгэл үнэмшил болгосон нь эдүгээ ноёрхсоор байна. Ингэж зохиогдсон түүхэнд ойрадууд онгирч, харин хэнэггүй халхуудад үүх түүх нь үнэн худал эсэх нь юу ч биш тул тоосонгүй. Хэлмэгдлийн үед “ам бат бол амь бат” гээд дуугүй явсан халхууд эрхбиш бий нь бий шүү л байх. Цөөхөндөө.
Хоёр жил нүдэлдэж зодолдсоны эцэст Амарсанаа Бор тал гэдэг газар өөрийгөө Зүүн гарын хаанд арай гэж өргөмжилж, Илийн зайсан Шигэширгэ Саарал нарын цэрэгтэй байлдаж хиар цохив. Энэ явдал Амарсанааг Манжийн эсрэг тэмцэгч гэж өргөмжлөхөд хангалтгүй. Тэр Манжийн эсрэг тэмцэгч биш хаан ширээний төлөө улайрагч явсныг дараагийн түүх гэрчилнэ. Амарсанаа Дондогмаанж нар нийлсэн боловч бас л өөр хоорондоо хагаралдаж цус урсган тулалдаж Амарсанаа ялагдаж, бас л Хасагийн зүг зугтжээ. Амарсанаа гэгч ийм нэгэн эр цус урсгасаар аль ч үгүй хоосон хоцорсныг эдүгээ үлгэр жишээ эх оронч баатар хэмээн хөшөөнд нь мөргөнөм. Ер нь бүгд ижил дээ.
1756 оны эцсээр Цоросын хан Галсандорж, Хойдын хан Баяр, зайсан Занагарбу, Ням нар Манжийн цэргийг хэдэн удаа бузгай цохив. Галсандорж манжийн цэргийг устгавал, биеэ Зүүнгарын хаанд өргөмжлөх нууц санаа тээж явжээ. Үүнийг нь Занагарбу Ням нар мэдүүт, баталгаажаагүй хаан ширээг гурвуул булаацалдаж, Галсандоржийг хороосон байдаг. Энэ бүгд эцсийн эцэст хаан ширээний төлөөх жалга довын тулаан болохоос эх оронч тэмцэл огт биш. Тэд хаан ширээг ичгүүргүй булаацалджээ.
Хаан ширээ нь томхон бор гэрийн хойморт өндөрлөн зассан олбог. Ямар ч цайз хэрэмгүй. Дуртай нь дайрч ороод алахыгаа алаад суучихна. Ийм ширээний төлөө бие биеэ алж цөөрсөөр энд тэнд үлдсэн хэдхэн ноёныг Чин гүрний манж хаад хятад савхаар цэвэрхээн түүгээд залгичихаж. Гол буруу нь хаан ширээнд одоогийн сонгуульд өрсөлдөгч нар шиг ухаан жолоогүй тэмүүлсэнд оршино. Хийж бүтээхийн гайхамшгийг ухаарахгүй, хаан ширээн дээр хэн сууж байна, түүнийг алахаас өөрийг сэтгэсэнгүй. Хаад ноёдын энэ гутамшгийг нийт монголчууд, ялангуяа төрийн түшээд хатуу цээрлэх ёстой. Хаан ширээ бус Монголоо гэсэн үндэсний үзлийг өндөрт сүлдлэн тахиж, үе дамжуулан залгамжлах учиртай.
Өөлдүүд дотооддоо болон гадаад тийшээ амар амгалангаар аж төрсөн бол тийм гай зовлон эдлээгүй бөгөөд Баруун Зүүнгар улс бутраагүй. Энэ бол сургамж. Ойрадуудыг тэгж бужигнаагүй бол Манж ямар юмаа хийх гэж их цэрэг хөдөлгөж, Халхыг өртөө улаа, цэрэг, агт морь, ачилга, хоол хүнс гэх мэт албаар дарамтлах билээ. Дэлхийг донсолгосон хүчирхэг баатрын домгоор эдүгээ онгироод онгироод бидэнд юу ч наалдахгүй. Хоосон домог хоол болохгүй. Энэ үгээ би Чингисээр солиорогч нарт бас зориулж байна. Чингис хичнээн гайхалтай байгаад байгаад бид түүнээс юу өвлөж авсан юм бэ? Өвлөж авснаа бид хэрхэн хөгжүүлсэн юм бэ? Юу ч хийж сураагүйдээ ядуугийн туйл явна. Мин улсыг Манж эзэлж, Манж гүрэн цэцэглэснээр, хятадын урсгалыг хааж, тэдэнтэй найрсаг хөршийн ёсоор, зах зээлийн журмаар, хэн хэндээ ашигтай, тайван, аж төрөх хэр хэмжээг монгол зонд манжийн хаад тохируулж байжээ. Энэ бол тухайн үедээ дэвшил мөн. Хонгилын мухарт гялайх гэгээ гэх шиг энэ бяцхан боломжийг халхууд бие биеэ хядсан цусан дундаас олж харсан нь овоо. Өөр гарцгүй нөхцөлд энэ бол урвалт биш. Харин ойрадууд хэн хэндээ аймшигт гай тарьсныг би түүхч болох гэсэндээ бус, үзэл суртлаар гуйвуулагдсан түүхээ эргэж нягтлаач гэж түүхчдийг уриалах гэсэндээ хөндлөө. Эх оронч, урвагч хоёр, сайн муугийн туйл. Энэ хоёр туйлыг ойртуулбаас түүхийн жинхэнэ үнэн цухуйх сан. Мушгигдаж бүдгэрсэн үнэнийг залуу түүхчид минь тодруул. Үнэн түүхээр үр хүүхэд минь хүмүүжиг. Харин би Манжийн хаадыг Зөвлөлтийн удирдагчдын зиндаанд тахин шүтэх гээгүйгээ андгайлъя.
Ховорхон азаар тусгаар Улс болсондоо байнга залбир. Бүгд нэг хүн шиг зохион байгуулалттай, бүгд нэг хүн шиг зорилготой бай. Ядуу тусмаа, цөөхөн тусмаа цул, дотуур тамиртай бай! гэж уншигч түмэндээ уриалснаа дахин сануулъя. Бурууг бусдаас эрснээс өөрөөсөө эрэх өгөөжтэй. Юм л бол дэлхийд үгүй болсон Манжийг ялладгаа өөр өнцгөөс хар. Бусдыг муулснаар бидний гэм цайрахгүй. Муудалцсан хоёр хүн гэр гэртээ хариад нэг нь өөрийн зөвийг хайж, нөгөө нь өөрийн бурууг хайсан гэдэг. УИХ-ын эв түншингүй гишүүд гэмээ Манжаас хайх бий дээ. “Сул талаа томруулдаг шилээр хараг” гэсэндээ жаахан хэтрүүлсэн байх шүү. Биеэ хэтрүүлж хяналаа гээд хор болохгүй, харин ариусна. Тиймээс өвгөн надад нүгэлгүй. Гэмээ олж харвал буян. Энэ үүднээс бидний удмын цусанд, магадгүй ясанд шингэсэн “ширээ”, “сэнтий”-д шунах өвчний талаар хөндөхийг оролдов. Хаан ширээнд хушууралгүй шударга бизнесээр үндэсний хөрөнгөтөн болох цаг ирсэн шүү. Хууль хүрч үйлчлэхээ больсон ялзарсан сэнтий өөд тэмцэлдэгчдийг тогтоох арга байхгүй. Амархан баяжих, айлган сүрдүүлэх, дураараа дургих дуртай, удмын нь ясанд хаан ширээ булаацалдагчдын угшил шингэсэн хүмүүс тийшээ тэмүүлэх нь гарцаагүй. Тэднийг хазаарлаж тогтооно гэдэг худал! Ганцхан арга бий. Тэр нь хаадын ширээнд хууль хүрч үйлчлэх. Хаад хуулиа өчүүхэн төдий зөрчвөөс ширээнээс нь ширдэг дээр албадан буулгадаг хүчирхэг иргэдтэй болохоос нааш Төр Засаг хэзээ ч цэвэршихгүй. Улс хэзээ ч хөгжихгүй.
2009-2010
Жич: Миний бие, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй, бүтээгдэж буй “Ану хатан” романтай нь холбогдуулан, түүхийн асуудлаар санал бодлоо солилцсоноос үүдээд, “Далд амьдрал” сонины №3 (2010.3.17)-т “Галдан бошгот цогт эх оронч, Занабазар гэгээн, Түшээт хан Чахундорж урвагч мөн үү?” үгүүллээ нийтлүүлсэн билээ. Тэрхүү үгүүлэл санаанд нь нийцсэнийг, миний хүндэлж явдаг эрхэм хүмүүн, төрийн шагналт зохиолч, зураач, нийтлэлч Ц.Доржготов гуай хэлж, дээрх нийтлэл гарсан сонинд өөрийн нэгэн үгүүллийг нийтлүүлэх нь зүйтэй байна хэмээн бидэнд өгснийг уншигч та бүхэндээ толилуулав.
Ч.Мөнхбаяр
P.S. Ц.Доржготов гуайн энэ нийтлэлтэй холбогдуулан, өөрийн урьд бичсэн тэрхүү нийтлэлийг мөн толилуулъя:
Галдан эх оронч, Чахундорж урвагч мөн үү?
Галдан бошготын талаар болон, түүх судлал, хэвшмэл ойлголтуудын чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлмээр санагдлаа.
Ойрдын Галдан бошгот нар Манжийн түрэмгийллийн эсрэг цогтой тэмцэгч, улс орноо нэгтгэхийг зоригч, харин Занабазар гэгээн, Түшээт хан Чахундорж зэрэг Халхын зүтгэлтнүүд бол урвагч гэсэн, хялбаршуулмал, хэвэнд цутгамал баримтлал социализмын үед буй болсон. Үүнд зөвлөлтийн заавар зөвлөгөө их нөлөөлсөн нь дамжиггүй. Тэд хар цагаан, дайсан манайхан гэж бүдүүлгээр хувааж, үүгээрээ дамжуулан янз бүрийн хорт бодлого хэрэгжүүлж, хагалах бутаргах оролдлого ч хийдэг байв.
Социализмын үеийн, түүхийн хоцрогдсон баримтлал өдгөө яг хэвээрээ байна. Тэртээ цагт монголын феодалууд тархай бутархай, хувийн санаархал ихтэй, Манжтай харьцахдаа явцуу эрх ашгаа урьдал болгох нь олонтаа байсан ч, Манжид захирагдах дуртай феодал гэж байгаагүй. Монголын аль ч нутгийн ноёд Манжийн түрэмгий үйл ажиллагаанд боломжийн хэрээр эсэргүүцэл үзүүлж асан. Аргагүй байдалд хүрэхээрээ л дагаар орсон төлөв ажиглагддаг.
Өвөр Монгол дэндүү салангид задархай, бас Лигдэн хаан /бүх Монголын гэгдэвч, үнэндээ Цахарт л эрх мэдэлтэй байв/ хангалттай уян хатан бус, хэтэрхий хатуу аргаар өвөрлөгч ноёдыг захирахыг оролдож, дайн дажин их үүсгэсэн, Мин улстай холбооцож ч явсан. Энэ нь Өвөр Монгол хамгийн анх Дайчин гүрэнд эрхшээгдэхэд нөлөөлсөн. Тэгвэл Халхынхан өвөрлөгчдийн бослого тэмцлийг дэмжиж, хүч хавсран Манжтай тэмцэхийг чармайж байв. Халхын ноёдын түшигтэйгээр Манжийн эсрэг боссон Сөнидийн Тэнгис вангийн жишээ бий. Хожим Тэнгис ван дийлдэхэд халхууд өмгөөлөн хаацайлж, шилжүүлж өгөхийг шаардсан Манжийг сөрөн зогсож, улмаар байлдаж асан. Энэ мэтчилэн, Халх дорнодын түрэмгийлэгчидтэй бишгүй л тэмцэлдэж ирсэн. Харин тэр болгоныг нийт монголчуудыг нэгтгэх гэсэн ч гэдэг юм уу, орчин үеийн эх оронч үзлийн үүднээс шууд тулган тайлбарлавал учир дутагдалтай.
Галдан бошгот шашны зүтгэлтэн болохоор, Далай ламын дэргэд 10 гаруй жил суралцаж асан ч, ах Сэнгэ хаан нь эрх мэдлийн төлөөх ойрд хоорондын дажинд алагдахад, сахилаас татгалзаж, төрийг булаан хаанчилж суухаар 1671 онд ирсэн. Чингээд, өс авах, өрсөлдөгчдөө дарах зэвсэгт ажиллагаанд идэвхийлэн орсон. Хамаг Ойрдын хэмжээгүй эрхт засаглагч болохыг зорьж, энэ зорилгоо бараг л хэрэгжүүлсэн. 1677 онд Хөх нуурыг дайлаар мордсон нь гэхэд л, үндэстнээ нэгтгэх биш, өстнөө мөшгиж намнах учир холбогдолтой байв.
Хошууд нь Түшээт ханыхны холбоотон байлаа. Галдан бошгот Хошууд руу довтолж, Түшээт ханы худ Очирт сэцэн ханыг хороосон нь мэдээж, Чахундорж ханыг дургүйцэхэд хүргэв.
Түрэг овог аймгуудыг байлдан дагуулсан, засгийн эрхийг авангуутаа л Манжтай маш найрсаг харилцахыг эрмэлзэж, хичээнгүйлэн алба барьж байсныг нь монголчуудыг нэгтгэх гэсэн хэмээхэд хэцүү. Хүчлээд янз бүрээр тайлбарлаж болно. Гэхдээ тэр нь түүхийн баримт бус. Галдан бошгот улс үндэстнийг нэгэн гэр болгох зорилго агуулсан гэх орчин үеийнхний яриа буй болохоос, дүйцэхүйц баримт, илэрхийлэл төдийлөн үгүй.
Түшээт хан Чахундорж харийн хорт явуулгыг зүйл бүрээр эсэргүүцэж байсан. Жишээ нь, Манжийн бодлогоор зохион байгуулсан ноёдын нэгэн чуулганд хэргээр очоогүй. Харин Галдан бошгот Халхын ноёд урд хөршийн хамгаалалд орох хүртэл, Чин улсад нэн сайнаар хандаж асан. Галдан хаан, Түшээт хан хоёр аль аль нь л Энх Амгалан хаанаас цол хэргэм хүртэж байсан ( Үүн дээр суурилан Хятад улс Дундад Азийн нутагт санаархаад байдаг). Чин Халхаас өөрийнх нь цэргийг гаргах гэж хөдлөхөд л Галдан бошготын найрсаг хандлага нь өөрчлөгдөв. Угтаа бол, хоорондын тэмцэлдээ Манжийн тусламжийг авах гэж Ойрд, Халхын ноёд аль аль нь хичээж байсан юм. Ойрдын ч, Халхын ч ноёд шинэ гүрэнд дагаар ордог байсныг мөн хэлэх нь зүй.
Чахундоржийн хувьд, шууд өөрийнх нь мэдлийн нутагт халдан довтолж орж ирсэн Оросын түрэмгийлэгчидтэй байлдаж, үүнд гол анхаарлаа хандуулж байсныг онцлох хэрэгтэй. Урьд нь Ойрд, Халхын (Түшээт ханыхан ч мөн адил) том ноёд уламжлалт худ ургийн холбоотой, ихээхэн эв найрамдалтай байсан. Галдан хаан болсноор олон тооны зөрчил үүсч, урьдын сөргөлдөөн сэдэрч сэргэж, найрамдал нөхөрлөл тасалдаж, хамаг бүхэн бужигнан үймсэн нь үнэнтэй.
Засагт хан нас барахад, аймагт нь Галдан бошготынхон, Түшээт ханыхан аль аль нь нөлөөгөө бэхжүүлэх гэв. Ер нь бол, Түшээт ханыхны санаархал илүү үндэслэлтэй л дээ. Алтан ургийнхан захирдаг Халхын аймагт Ойрдынхон ноёлно гэдэг байж болшгүй асан санж. Уг нь Алтан ураг гэдэг бол Хүннүгийн түрүү үеэс ч эхтэй, монголчуудын хууль ёсны засаг, төрийн бодлогыг боловсруулдаг, хэрэгжүүлдэг шалгарсан инститүц, сөрж халдашгүй дархан, эрхэм тогтолцоо шүү дээ.Тэгээд ч бусад халх аймаг Түшээт ханаа дагадаг уламжлалтай асан.
Галдан хан хүчээр эрхшээсэн Хотгойдоо ( уг нь Хотгойд оросын булаан эзлэгчдийг тогтоон барьдаг бат цайз байв) Засагт хан Шард бэлэглэж, үүнд баяссан Шар хан Зүүнгартай нэгдье нийлье гэж байв. Ямар ч гэсэн, холбооцон, Түшээт хантай зэвсэглэн тэмцэхэд хүчээ нэгтгэх маягтай болов.
Засагт хан аймгаас дүрвэж очсон айлуудыг Шар буцааж өг гэдэг, Чахундорж өгөхгүй гэдэг нэг зөрчил байв. Сэцэн хан аймагт Бээжин рүү явж байсан ойрдын элч, худалдаачид дээрэмдүүлсэн явдалд Галдан Чахундоржийг үндэслэл муутайгаар буруутгалаа.
1686 онд Манж Түшээт хан, Засагт хан хоёрыг эвлэрүүлнэ гэж чуулган зохион байгуулав. Эвлэрэл ч бүтэж. Гэтэл чуулганд оролцсон Далай ламын элч Галдан хаантай уулзаж, намайг Жавзундамба хутагттай зэрэгцүүлж суулгаж доромжлов, би дээгүүр суух ёстой гэж гомдол мэдүүлжээ. Түвдийн бодлогыг дагамхай Галдан Чахундоржид захиа илгээж, Далай ламын элчийг доромжилсон, Хошуудын явдалд өсөрхөж, ачаа хөсгийг маань дээрэмдсэн гэхчлэн буруутгав. Үүнд Чахундорж уурсаж, хатгаасанд нь автан байлдахыг завдсанаа больжээ.
1687 онд Галдан, Засагт хан нар ураг барилдан, харилцаагаа бэхжүүлэв. Мөн онд, Засагт хан болон, Галдангийн дүү Доржжав нарын ойрдын язгууртнууд дүрвэсэн айлуудыг буцаана гэх нэрийдлээр Түшээт хан руу довтолж, түйвээж эхлэв. Түшээт хан, түүний хүргэн хошуудын Лувсангомборавдан нар сөрөг довтолгоо хийж, тэднийг бутцохижээ. Улмаар Засагт хан аймаг, Зүүнгарт орж ирж түйвээгээд буцсан байна (Ташрамд, энэ нь Ойрд-Халхын зөрчил бус, ноёдын бүлэглэлүүдийн зөрчил байв. Бүгдийг Ойрд-Халхын зөрчил байсан мэт тайлбарладаг асан нь, зөвлөлтийн хорт бодлого. Бас Манж, Түвд, Оросын явуулга, хутган үймүүлэлт монголчуудын эвдрэлцэлд ¹1 үүрэг гүйцэтгэж байсан юм).
Өсийг авна гэх шалтгаар Галдан бошгот 1688 онд их цэргийг авч, Халх руу цөмрөн орлоо. Түүний давшсан үе нь Түшээт хан буриадуудыг өмгөөлж, оросуудтай дайтаж байсан цаг хугацаатай давхцах болой. Уг нь Оросын түрэмгийлэгчдийг Буриадаас хөөж болохоор байж. Гэвч, хоёр фронт дээр байлдахад хүрсэн Түшээт ханыхан аль алинд нь ялагджээ. Дайтахынхаа өмнө Галдан бошгот оросуудтай хуйвалдан, үйл ажиллагаагаа зохицуулсан байдаг ( Ийм учраас оросууд Галдан бошготыг магтдаг, харин оросын буриадууд шүүмжилдэг). Бас Канси хаанд, дайныг өдөөсөн Чахундорж, Занабазар нарын толгойг авч, гэсгээн цээрлүүлэх л зорилготой, харин Манжтай бол урьдын адил найрамдалтай байхыг эрмэлзэнэ хэмээн учирлаж, мөн хуйвалдахыг оролджээ.
Тэр үед Халхын, Өвөр Монголд дүрвэж очоод байсан төр шашны зүтгэлтнүүдэд Манж өөртөө нэгдэхийг, хамгаалалд нь орохыг санал болгосон. Тэгэхэд ноёдын санал гурав хуваагдсан шүү дээ: тусгаар байна, Манжид, Орост нэгдэнэ гэж. Гэхдээ зөвхөн Галдангийн хатуу харгис явдлыг таслан зогсоохыг голчилж байснаас бус, яг нэгдье ч гэж санаагүй байж. Үүний гэрч нь гэвэл, “нэгдсэнээс” хойш, тусгаар байдлаа, Амарсанаа, Чингүнжавын бослого дарагдтал нэлээд хэмжээгээр хадгалахыг эрмэлзэж байсан. Хэрэв Манжид “дагаар ороогүй” бол, Галдан болон Орост ялагдсан буй эгзэгтэй үеийг нь ашиглан Манж бас дайрч, Халх улам л сүйрнэ гэж тэд үзсэн. Эх оронч хэмээн тахигдсан баатар маань, Халхыг эзэгнэх гээд, Ар Монгол хоёр хөрш гүрэнд хуваагдан эрхшээгдэх үүд хаалгыг нээгээд өгчихсөн байх юм.
Халхын ноёдыг Манжид нэгдсэн гэж буруутгах аваас, Галдан бошготыг Халх аймгууд, Манж, Орос хоёрт ноёлогдоход хүргэсэн гэж буруутгаж болохнээ. Халхад сүм хийдийг нурааж, талж, лам харгүй хядаж, бэлчээр нутгийг ч түймэрдэж байсныг улс эх орноо нэгтгэх гэсэн, эх оронч, Манжтай тэмцсэн сайн сайхан үйлс гэхэд бэрхтэй. Ноёдын гурав хуваагдсан саналыг таслахад гол үүрэг гүйцэтгэсэн Занабазар гэгээн сүм хийд, шавь нарынхаа төлөө зовниж, харин ноёд энэрэнгүй сэтгэлийн үүднээс бус юм аа гэхэд, харьяат албат, нутаг орон нь сүйдэж буйд аргагүй харуусч, тэр хядлага, сүйтгэлийг ямар ч аргаар болсон хамаагүй зогсоохыг яарч байв.
Галдан бошготынхны түйвээлтээс болж Халхын хүн амын нэлээд хэсэг гадагш дүрвэсэн. Үлдсэн хэсэг нь харгислал, хүнд хэцүү нөхцөлөөс болж, ихэд зовж зүдэрч, улмаар бас л дүрвэж байв. Халх нутаг эзгүйрч, тэнд их цэрэг, дагалдагсдаа тэжээх, байж суух аргагүй болсон тул, аргагүй Халхын чинад руу довтолж, дүрвэгч халхууд болон, өвөр монголчууд руу уулгалан дайрч байлаа.
Манж Галдангийн эсрэг давуу хүч хөдөлгөөд ялсан. Нэгэн тулалдааны дараа Галдан бошгот Манжийн хаанд үнэнч байна, зөрчил тэмцэл гаргахгүй гэж андгай тангараг өргөөд мултарч гарч байсан. Түүнийг зарим түүхчид хуурамч андгай гэдэг. Тэгвэл Халхын ноёд хутагтууд ч хуурамч андгай өргөсөн байж яагаад болохгүй гэж.
Галдан бошготыг Халхад дайн хийж явахад нь, Ойрдод Цэвээнравдан суудлыг нь булааж бэхэжсэн тул, тэрбээр хаачих ч газаргүй болсон. Эцэст нь амиа хорлосон.
Цагтаа, Цэвээнравдан хаан болох учиртай байсан юм. Тэрбээр хууль ёсны залгамжлагч мөн байлаа. Харин Галдан шашны зүтгэлтэн болохоор бэлтгэгдэж асан. Гэвч, засгийн эрхийг булаасан л юм. Ах Сэнгийн хатан Ану-г болон, дүү Цэвээнравдангийн сүйт бүсгүй Ахай-г авсан. Энэ бүхэн Цэвээнравдангийн сэтгэлд яахин нийцэх билээ.
Тэрбээр Зүүнгарын хүчирхэг хаан болж чадсан. Халимагийн хүчирхэг хаан Аюуштай худ ураг бололцож, ирж явсан сүйт бүсгүйрүү нь дайрсан хасгийн Таукэ хаантай байлдсан. Ингэхдээ халимагуудтай нийлэн, хоёр талаас нь цохиж ялалт байгуулсан. Түвд, Хөхнуурт довтолж, бас л амжилт олсон. Оросын түрэмгийлэгчидтэй байлдаж няцааж байв. Хөхнуурын Лувсанданзан нарын бослогыг дэмжсэн. Манжтай их тулалдаан хийж дийлсэн. Манж, Орос, Хасаг гурван улсад хүчээ харуулж, Төв Азид тэнцвэрийг тогтоож, сүрийг үзүүлсэн их хаан болой. Түүний хүү Галданцэрэн ч эцэг шигээ хүчирхэг, алсын хараатай хаан байв.
Ер нь ойрдуудын нэгдэл маш хэврэг байсаар ирсэн. Галданг Халх руу хөдлөнгүүт л эрх мэдэл рүү тэмүүлэгсэд, өстнүүд, түргүүд босч үймсэн. Үүнийг урьдчилан харж чадахгүй байна гэдэг алсын хараа бус.Үймээн самууныг намжаа гэж Цэвээнравдан тэргүүтнийг явуулахад очоод засаглачихсан. Хэрэв Галдан хаан ширээг булаагаагүй бол…
Үнэн түүх энэ шүү дээ. Би ямар нэг деталь дээр алдаа мадаг гаргасан байж болно. Гэхдээ ерөнхий зураглал нь үнэн. Галдан бошгот, Занабазар гэгээн, Түшээт хан Чахундорж нарыг энэ нь эх оронч, тэр нь урвагч гэх нь учир дутагдалтай. Тархай бутархай үеийн монгол язгууртнууд, зүтгэлтнүүд гэвэл зохих мэт.
Галдан бошготын тухай хийсэн уран сайхны киног үзсэн. Социализмын үеийн вэрсийг баримтлах гэхээр, өдгөө нэр нь цагаадсан Занабазар гэгээнийг болон, халхуудыг дайрч давшилсан болчих гээд, үнэн баримтыг түшиглэе гэхээр үзүүлэхийг хүсээгүй сөрөг зүйлс гол баатартай холбоотойгоор гарч ирчих гээд, эх оронч, эв нэгдэлч гээд байх зүйлгүй болчих гээд их л мухардсан байдал ажиглагддаг. Эв нэгдэлгүйгээсээ болж ямар эмгэнэлд монголчууд хүрсэнийг харуулсан л бол, бүхний сэтгэлд нийцэх байлаа шүү дээ. Шинэлиг хандлага ч болно. Хэн нэгнийг нь баатар, дайсан гэх юм бол их эмзэг асуудал.
Ану хатны дүр, амьдрал замналыг бодтоор харуулъя гэвэл ч уншигчдын мэдэхийг хүсээгүй сонин сонин зүйлс их л гарч ирэх байх.
Ташрамд, халхууд ойрдуудыг хядсан мэт буруу ойлголт явдаг. Ойрдуудын их хядлагыг Чин улс л зохион байгуулсан, хэргийн эзэн тов тодорхой.Гүйцэтгэгсдийн олонхи нь монгол бус цэргүүд байсан юм. Тодруулбал, манж, хятад, түргүүд алсан хүн бүрийнхээ тоогоор шагнал хүртэж хүйс тэмтэрсээн. Манжийн хаанд үнэнчээ харуулах гэсэн, эсвэл өс хонзонгийн улмаас өвөрлөгч, халх зарим ноёд дэмжсэн байж магад. Лав л, дайчлагдсан халх цэргүүд уг хядлагыг ихэд жигшиж, олигтой оролцоогүй, харин авран хаацайлахыг оролдож байсан юм билээ. Халх цэрэг хамгийн цөөн тоотой нь байсан. Манж төр халхуудад итгэхгүй байсан тул /саяхан бослого дэгдээж дарагдсан/ тэр хядлагад дайчлая гэж нэг ч их бодоогүй.
Халхууд хядлагаас дүрвэн зугтаж ирсэн ойрдуудыг найртайгаар хүлээн авч нутаг орондоо суулгаж, манжуудаас өмгөөлж хамгаалж байсан билээ. Гэтэл саяхан манай нэг түүхч уул хаданд ямар л хятад явж чадах вэ дээ, монголчуудыг монголчуудаар л хядуулсан гэж мэдэгдэж байв. Хятад чинь нэлээн уулархаг шүү. Манжуур, Алтай ч гэсэн. Харин талын халхууд яагаад тэднээс илүү “уулч” байх ёстой гэж. Тиймэрхүү юм ярьж байхын оронд, Чин улсын үйлдсэн тэрхүү аймшигт геноцидийг дотоод гадаадынханд таниулж, амь насаараа хохирон хэлмэгдсэн үй олон хүн ардын гэгээн дурсгалыг мөнхжүүлье, хөшөө хүндэтгэл босгоё гэж ярьж байвал зохино.
Нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Сүүлийн үед үнэнийг хэлсэн хэн бүхнийг буруутгаж хэлмэгдүүлэх нь их амархан болж. Энэ таталбарыг бичсэн намайг гэхэд л Монголын ард түмнийг хагалан бутаргах гэлээ гэж ухвар мөчидчүүд “буруутган”, сул доройн гаж таашаалаа хүртэн жаргана гэдгийг сайн мэдэж байна.
Үгүй шүү ! Харин ч үндэсний үзэлтэн миний бие эв нэгдлийн төлөө л гэж үүнийг тэрлэв. Монголчууд хагаран бутарч, эвдрэлцэн тэмцэлдэж явсан эмгэнэлийг бид үнэнээр харж, сургамж авах ёстой! Гэхдээ ноёд дээдсийн алдаатай бодлогоос болж бутарч байсан юм. Түүнээс биш монгол ард түмэн хагаралдаагүй ээ.
Тэр үеийн ноёдын сэтгэлгээ өнөөгийнхнөөс огт өөр. Зарим нь одоогийн маягаар сэтгэдэг, зарим нь дундад зууныхаараа сэтгэдэг байсан юм биш. Тиймээс, энэ түмнээс нь ийм эх оронч, нэгтгэгч, харийн түрэмгийллийг эсэргүүцэгч гараад сайн сайхныг бүтээх гэж явсан атал, нөгөө түмнээс нь баахан урвагч, эх орноо худалдагч, аймхай хулчгарууд гараад Монгол улс түмнийг баллаад хаячихсан юм шиг, зөвлөлтийн большевикуудын хүчээр тулгасан, социализмын үеийн гажууд баримтлал л жинхэнэ хагалан бутаргагч юм шүү. Даравч дардайна гэгчээр өнөөдөр эс ч, маргааш үнэн гараад ирнэ. Тэгэхлээр үнэнийг баримтлахгүй байна гэгч нь ямар ч явуургүй хэрэг. Бүхий монгол ахан дүүс өнгөрсөн үеийн ноёдын алдааг хүлээн зөвшөөрч, өдгөө давтуулахгүйн төлөө гар гараасаа атгалцан тэмцэх ёстой бүлгээ. Түүхийн сургамж гэдэг ийм л ач холбогдолтой байх ёстой.
Ийм түүхэн зүтгэлтэн тийм сайн үйлс, тийм гэм нүглийг үйлдэж явжээ гэж ялгаж салган ойлгож, сайн үйлсийг нь бахдаж, гэм нүглийг нь буруушаах учиртай. Харин цав цагаан, хав хар түүхэн хүмүүсийг хиймлээр үйлдвэрлээд байвал яавч зөв зүйлд хүргэхгүй.
Ч.Мөнхбаяр
MMX.III.II
1 comment:
Ystoi neg awch ugsun bn dislike
Post a Comment