Саяхан “Эрлийзийг хэрхэн таних вэ?” номыг ахин үзсэнээсээ үүдэн, эргэцүүлэл бодолд автлаа. Эл номонд “Эрлийзийн аюул занал”-ын талаар онцолж цохон үгүүлсэн байдаг нь, үндэсний үзэлтэн миний сэтгэлийг хэрхэн амар байлгахсан билээ. Зохиогчид нь цөмөөрөө л миний танил, найз нөхөд болохыг ч хэлэх үү. Хоёр нь нас барчихсан…
Өдгөөг хүртэл уншсан дуулснаа дүгнэн үзэхүл, Монголд “эрлийзийн фактор” үнэхээр бодтой байгаа нь тодорхой. Харин тэр факторыг хэрхэн үнэлж цэгнэх вэ, холбогдох ямар байр суурь, бодлого чиглэлтэй байвал зохих вэ гэдэг нь асуулт хэвээр.
Өнөөдөр эрлийз хүмүүс үүсэл гарлаа, бусад хүмүүс тэдний тухай мэдээлэх, хэлэлцэхийг хууль бус гэж үзэх нь холгүй, нууцалдаг хандлага зонхилж байна. Ардчилсан нийгэмд ийм байж болохгүй нь мэдээж. Бүх ард иргэдийн харилцан ойлголцол, нийгмээс үзүүлэх тэгш анхаарал халамж үгүйлэгдсээр байгаа юм.
Нэгэн улсын харъяатуудаас л хойш, бүгдээр хамтдаа эрлийзийн асуудлыг илэн далангүй ярилцах цаг болсон. Монгол улсынхаа, угсаатны хувьд холимог гаралтай иргэдийг бид харь луу түлхчихээд, сүүлд нь амаа барьж таарахгүй юм.
Харь гаралтай гаралгүй гэснийг тойрсон харилцан үл ойлголцол, сөргөлдөөний уур амьсгалыг хүлцээгүй Э.Бат-Үүл гишүүн бухимдлаа хэвлэлээр илэрхийлсэн чинь, сэтгэгдэлчдийн ширүүн довтолгоонд өртөж, аанай л эрлийз хурлийз гэж хэлүүлсэн юм билээ. Тэгээд: “Эрлийз байсан ч яадаг юм. Монгол эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй л эрлийз байгаа биз. Хүний эрхийн төлөө зовнисон л эрлийз байгаа биз. Ямар ч гэсэн та нараас л дээр, новшнууд минь гэж бичмээр санагдсан” хэмээн, цухалдан үгүүлсэн байдаг.
Угсаатан хоорондын асуудлыг шийдвэрлэх талаар санаа тавихгүй хэрнээ, олны танил болсон хэнийг ч эрлийз хурлийз гэж ямаан омог гарган давшилдаг болоод байна шүү дээ. Миний бие ч, Монголын түүх соёлыг түрэгжүүлж буй сөрөг үзэгдлийг шүүмжлэн бичээд, тиймэрхүү дайралтад өртөж л явав (амжилттай ч няцаасан гэдгийг тухайн этгээдүүд өөрсдөө мэдэж байгаа).
Яваандаа, бултаар бие биенээ эрлийз хурлийз гэж “цоллочихоод”, монгол хүн гэж огтоос байхгүй гэж ч төсөөлцгөөчихөөд сууж байх вий дээ. Угсаатны ил тод байдал, харилцан ойлголцол үгүйгээс олон сөрөг нөлөө үүдэж байна. Эрлийз гэж хялайх, эрлийз гэдгээ нуух явдлыг үгүй хийж, эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх шаардлагатай болжээ.
Өөрсдийн эрлийз болохыг нуугаагүй, жүжигчин Жамсранжав, Жарантав, дуучин Зангад, Мөнхшүр, зохиолч Зо Бай Жин-гийн Баттулга, сэтгүүлч Го.Бадарч гээд олны танил хүмүүс байна. Үүсэл гарвалиа далдлалгүй, ил тод амьдрана гэдэг үнэн шударга, зөв зүйтэй алхам мөн. Гэхдээ ийм иргэд цөөн учраас, “монгол талдаа, гавъяа зүтгэлтэй нь эрлийзээ нуудаггүй, харь талдаа, хорлон сүйтгэлтэй нь нуудаг” гэх хардлага мөн үүсдэг.
Нийгэмд өргөн түгсэн ойлголтуудыг тоймлон харъя:
“ХХ зууны эхээр монголын ард түмний өмнө харийн ассимиляцийн хөнөөл ноцтойгоор тулж ирсэн байв. Ар Монголын гэхэд л, нийт хүн ам нь 600 гаруй мянга атал, 100 гаруй мянга нь харь байлаа. Их Хүрээний 60 мянган оршин суугчийн 10 мянга нь л монгол байв. Тэр ганц түмийн ихэнх нь лам. Харин харь гаралт, улс төр, эдийн засаг, хүн ам зүйн идэвхтэй таван түм нь Монголын нийслэлд болон нийгмийн бүхий салбарт Ромын патриций нарын адилаар илүү эрх дархтай байх орчин тал бүрээс хожим бүрэлдэхэд энэ угтвар нөхцөл нөлөөлсөн.
1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал гарсны дараа, харь гаралтнуудын 5-р цувааны үйл ажиллагаа шинэчлэгдэн эрчимжсэн, манай үндэстний эсрэг төр-рэпрэссийн аппарат, тогтолцоо болон төлөвшиж эхэлсэн. Монголын эх оронч удирдагчдыг хорлон егүүтгэх цуврал аллагыг зохион байгуулж, хар шар гэгдсэн ноёд язгууртан, дээд давхаргынхныг хагаралдуулан тэмцэлдүүлж, төрд шургалсан байр сууриа ахиулан бэхжүүлж, улмаар импэриалист шинэ гүрэндээ манай улсыг нэгтгэх явуулгыг зохион байгуулсан. Төрийн өндөрлөг өөд мацсан эрлийз тагнуул, эрлийз санваартан хоёр үүнд их үүрэг гүйцэтгэсэн. Ташрамд, лам нарын дунд холимог угсаатан цөөнгүй байсан болой.
Хожим үндэс саармагчууд түүхэн эх орныхоо даалгавраар, Хиагтын шударга бус гэрээний тусламжтайгаар Монголыг тасчин хувааж, эрх чөлөөг нь боомилсон. 1919 онд харийн цэргүүдийг урьж ирүүлсэн, улмаар Нийслэл хүрээний монгол хүн амыг устгах гэноцид үйлдэхийг завдсан. Тэрхүү их хядлагаас өрсөн, 1921 оны хавар монголын эх орончид гадаадын анд нөхөд, холбоотны (Барон Унгэрн зэрэг) хамт Нийслэл хүрээ болон, улсынхаа ихэнх хэсгийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн түүхтэй. Чингээгүй бол, нийслэлгүй болсон улс ямар байдалд орох вэ, цаашид харгислал хэрхэн үргэлжлэх вэ.
Эх орноо чөлөөлөх үйлсэд тусламж хүссэн МАН-ын нөхдийн зорилгыг мушгин гуйвуулсан зөвлөлтийн большевикууд Монголын эх орончдод үл итгэж байсан бол, харин эрх ашгийнхаа төлөө яаж ч хувирч, юу ч хийхээс буцахгүй эрлийз иргэдийг атгаг бодлогодоо ашиглаж болно гэж үзсэн. Үүн дээр дөрөөлөн, харь гаралтнууд засгийн газар, төрийн бүх түлхүүр байгууллагад ноцтойгоор нэвтрэн орж, чухал албан тушаал эзлэх болсон. ХХ зууны хориод, гучаад оны Монгол үндэстний эсрэг их харгислал, тотал гэноцидийг зөвлөлтийн большевикууд болон, 5-р цуваа хамтран удирдаж, зохион байгуулж, хэрэгжүүлсэн.
ХХ зууны 10-аад, 20-иод, 30-аад, 60-аад, 80-аад, 90-ээд онд эрлийзүүд манай улс үндэстний эсрэг хандсан зургаан “хувьсгал”-аа хийж, ихэнхдээ ялж, эцэстээ Монголыг бүрэн ноёлон захирах болсон”.
Ийм л мэдлэг ардын дунд хөвж яваа шүү, таминь ээ. Үүнийг хэн ч уншсан, дуулснаасаа мэдэж, энэ мэт ойлголт авах бололцоотой. Чингээд эрлийз нарт сөрөг байдлаар ханддаг, улмаар жигшдэг, үзэн яддаг, янз бүрийн зөрчил үүсгэдэг, өвөр хоорондоо бие биенээ хардаж сэрддэг.
Ерөнхийлөгчийн сонгууль бүр маань, 1-2 нэр дэвшигчийг эрлийз гэх “сурталчилгаа”-тай хамт явагдаж ирлээ. УИХ-ын гишүүд, том албан тушаалтнуудын ихэнх нь эрлийз хурлийз гэж бичигдсэн дээ. Саяхан дуучин С.Жавхлан руу үл мэдэгдэх хүн утасдаж: “УИХ-ын гишүүдийн 52 нь гадны улс шүү. Монгол тэр аяараа гадныхны захиргаанд орсон” гэж хэлсэн байна.
Таалагдаагүй нэгнээ эрлийз хурлийз гээд л, баримт нотолгоогүйгээр дайрч давшлах нь түгээмэл боллоо. Зарим, гүнзгийрсэн “эрлийз судлаач”-дын үгийг сонсвоос бараг Монголын бүх хүн ам харь гаралтан ч юм шиг.
Энэ байдал даамжирвал, нэг мэдэхэд “үндсээр ялгаварлах явдал өргөн дэлгэрсэн орон” хэмээгдэн, дэлхийн хамтын нийгэмлигт донгодуулж бангадуулж магад. “Манай үр садыг дарлаж доромжиллоо” гээд харь гүрэн халдан довтлохыг ч үгүйсгэх аргагүй. Мөн тэр ч эрлийз, энэ ч хурлийз гэхийг үзэж сонссоор, өсвөр хойч үе маань “монгол бид чинь угтаа бол эрлийз хурлийз л юм байна шүү дээ” гэх төсөөлөл, төлөвшилтэй болж, яс үндсээ алдаж болзошгүй.
Эрлийзийн факторыг яах вэ? Холбогдох, зөрчилтэй нөхцөл байдлаас гарах арга зам буй юу?
Тийм арга зам буй юм. Нэгэнтээ, Монгол улс нь ардчилсан, эрх чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн орон хэмээх учраас, ардчиллын жишиг, хүмүүн төрөлхтний дэвшилт чиг хандлагыг баримтлахад л гарц олдоно. Товчоор бол, эрлийзийн факторын асуудлыг шийдвэрлэхэд ардчиллыг хэрэгжүүлье. Үүнд, дараахь алхмууд юун түрүүн шаардлагатай гэж бодном.
1-рт. Эрлийз иргэдийг хамгаалах хууль-эрх зүйн орчинг бүрдүүлэх.
Монгол улсын харъяатуудыг үндсээр нь ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах ёстой (Энэ талаар би, ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж, ноднин төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн, төр ч анхаарна судална гэсэн). Чингэснээр эрлийз иргэдийн гарлаа нууж хаах, ялангуяа улс төрийн зорилгоор, сонгуулийн үеэр худал мэдүүлэх зэрэг сөрөг үйл арилна.
Сонгогдоогүй байхдаа, үндэсний гарлаа хүртэл худал мэдүүлж байгаа хүн цаашдаа яах вэ? Угаас, сонгогчдыг хуурах нь гэмт хэрэг болой. Иргэдээ ийм гэмт хэргээс хамгаалбал зохино.
Эрлийз иргэдийн үндэс угсааны байдлыг ил тод болгосноор л тэдний эрх ашгийг хангах боломжтой. Тэд ч, төр түмэнд хуурамч мэдээлэл өгөх нь хуулинд харш гэдгийг мэдэж, асуудалд үнэнч шударгаар хандвал зохилтой.
Хууль-эрхзүйн зохих орчныг нь бүрдүүлэхгүйгээр, эрлийз иргэдийг хамгаалах, Монголын нийгэмд бүрэн дүүрэн интэграцичлах аргагүй.
2-рт. Эрлийз иргэдийг түүхийн үүднээс судлах.
Ийнхүү судалснаар, тэдний түүхэн үүрэг ролийн талаарх янз бүрийн мэдээллийн хар цагааныг ялгаруулж, нэгэн мөр болгон, тодорхой бодтой ойлголтыг ард түмэнд хүргэнэ.
Эрлийз иргэн бүр Монголын төр түмний эсрэг хандаж яваагүй нь ойлгомжтой. Манай эх орны хувьд гавъяа зүтгэлтэй явсан нь ч буй. Харь орны хатгалга, явуулгад автан төөрөлдсөн нь ч бий л байх.
Хэн нь хэн бэ? Үүнийг таниулах нь чухал. Бүх эрлийзийг сайн, муу гэж хавтгайруулж болохгүй.
Аливаа гэмт хэрэгтэн яс үндэсгүй гэх оноч үг бий. Гэмт эрлийз иргэн байлаа ч, гэмийг нь бүгдэд нь нялзааж болохгүй билээ.
Тусгай түүхэн судалгаа нь манай улсын хүн амын бүрэлдэхүүн хэсэг болох эрлийз иргэдийг таньж мэдэх, тэднийг бүхэлд нь 5-р цуваа гэж ойлгох явдлыг залруулах, түүхэн сургамжийг үндсэн дээр ямарваа алдааг давтахгүй байхад ихээхэн нэмэр тустай.
3-рт. Эрлийз иргэдийг угсаатны зүйн үүднээс судлах.
Монголын хүн амын багагүй хэсгийнх нь хувьд, энэ иргэдээ угсаатны зүйн талаас судлахгүй байх нь ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Угсаатны ийм бүрэлдэхүүн байна гэдгийг хүлээн зөвшөөрч, ул суурьтай судлах нь шинжлэх ухааны ч, төрийн ч үүрэг.
Дээрх гурван алхмыг цаг алдалгүй хийвээс, Монгол улс үндэстний хувьд стратэгийн ач холбогдолтой. Монгол улс үндэстэн байх уу, үгүй юу гэдгийг ч шийдвэрлэнэ.
Харь гаралт иргэд улсын нууцыг нь түүхэн эх орныхоо тагнуулын байгууллагад дамжуулдгаас болж, Амэрик гүрэн асар их бэрхшээлтэй учирдаг гэнэм. АНУ хүртэл ийм хэцүү байдалд орж байхад, Монгол улс бол яаж ч болохоор гэдэг нь ойлгомжтой.
Тус улс, харь орон элдэв гэмт хэрэгт татан оролцуулах явдлаас, эрлийз иргэдээ хамгаалах тусгай арга хэмжээг хэрэгжүүлж ирэв. Тэднийг хамгаалахын тулд зарим байгууллагад ажиллуулахгүй байхаар шийдвэрлэх гэх мэт. Энэ бол дэлхийн жишиг юм. Манайх ч гэсэн иргэдээ хамгаалахын тулд ийм арга хэмжээ авлаа гэхэд, хэн ч буруутгахгүй. Харин, эрлийз бол дайсан гэсэн дэл сул үг яриа л хөвөөд байвал хялбархаан буруудна. Хууль бус болохоор тэр шүү дээ.
Ямарваа орны гол үндэстний төлөөлөгчид төрийн том албан тушаалын ихэнхийг, улсынхаа угсаатнуудын хувьтай пропорциональ харьцаатайгаар эзлэх нь ардчилсан, шударга зарчим гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ингэснээр л, олонхийн болон, цөөнхийн эрх ашиг тэнцвэртэйгээр хангагдаж, аливаа зөрчлийн үүд хаагдана. Үүнийг нөхцөлдүүлэхийн тулд сонгууль, албан тушаалд дэвшигчдийн яс угсааны байдал ил байх учиртай юм.
Харийн улсын хүн амын ихэнхийг бүрдүүлдэг угсаатны янз бүрийн төвшний төлөөлөгч, өөр улсын төрийн чухал албан тушаалуудыг олноор эзлэх нь, гадаад улсын явуулгаас болж үндэсний аюулгүй байдал алдагдахад хүргэдэг нь тодорхой. Иргэдээ гэмт үйлдэл рүү уруу татагдах, халтиран орохоос урьдчилан сэргийлэхийн тулд эхнээсээ нөхцөл байдлыг нь зохистойгоор бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг гадаад дотоодод, зөв зүйтэйгээр, олон улсын хууль-эрхзүйд нийцүүлж томъёолон ойлгуулах шаардлагатай.
Монгол улсын угсаатны зүйн бүтэц нь монгол олонхи, эрлийз, казах цөөнхийн хүчин зүйлээс бүрдэнэ гэдгийг төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, төрийн төвшинд, тусгайлан уялдуулсан бодлого боловсруулах цаг болжээ.
Чингэхдээ эрлийз хүн монгол цустай гэдгийг мартаж болохгүй. Мэнталитэтийн хувьд монгол эрлийз, харь эрлийз, саармаг эрлийз гэж байгаа нь ойлгомжтой. Эрлийз иргэний үндэсний мэнталитэт хоёрдмол, монгол талдаа сул, үгүй байгаа бол; монгол цустай, Монгол улсын иргэн болохынх нь хувьд монгол тал руу нь татах контрассимиляци, абсорбцийн бодлого явуулах нь зайлшгүй шаардлагатай үйл хэрэг мөн.
Эрлийз төрсөндөө тухайн хүн ямар ч буруугүй. Түүний яс үндсийн байдлыг ил гаргаснаар ч буруудах ёсгүй. Учир нь яс үндсийн нэр, тодорхойлолт нь доромжлол, гэмт хэрэг бус. Харин үнэн бодтой бус гэдгийг нь мэдсээр байж, санаатайгаар, атгаг зорилгоор, мэдээлэл түгээх нь ямагт бурууддаг.
Эцэг эх болох улс үр хүүхдийнхээ хувь заяанд бодлоготой хандаж байвал зохино. Эрлийз хүүхэд миний манай гэх яс үндэсгүй шиг төрж, хожим аль үндэстнийх нь талд угсаатны сонголт хийх вэ гэсэн асуулттай тулгарахдаа томоохон, хүчтэйгий нь дагаж, улмаар үүнээс болж, төрөл бүрийн зөрчил бэрхшээлтэй учирч, харь гүрний явуулгад урхидуулан, гэмт үйлдэл рүү хазайн ороход хүрдэг явдал ч бий гэдгийг санууштай.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухайд хангалттай бодож боловсруулахгүй байж, эрлийз иргэн ингэв тэгэв гэж буруушааж, хардаж л явах нь учир дутагдалтай. Иргэдээ харийн экспансионист явуулгаас хамгаалахыг гол болговол, харин алсын хараатай.
Өдгөө, эрлийз цөөнх нь яс үндсийн байдлаа нууж, эрх ашгаа нууцаар бүлгэрхэн хангаж, эрлийз бус олонх нь холимог гаралтнууд бидний эрх ашгийг хохироож байна гэж сэрдэхээс хэтрэхгүй ч, бухимдан явсаар; энэ нь хөндлөнгөөс үзвэл - олонхийн зүгээс апартэид хандлага гаргаад ч байгаа юм шиг янзтай харагдаж; аль аль нь бие биедээ дайсагнахад, цаашид тэсрэх аюулд ч хүргэж мэдэх орчин бүрдсэн нь ажиглагдаж буй. Олон улсын хурцадмал асуудал ч үүсэж болзошгүй.
Фрэдэрик дэ Клэрк ӨАБНУ дахь үндэстэн хоорондын ноцтой байдлыг энхийн аргаар зохицуулж байсан шиг эрс шийдэмгий алхмууд хэрэгтэй. Эрлийзийн хүчин зүйлийг ил тод болгож, манай ард иргэд эв найрамдалтай, харилцан хүндэтгэлтэй, бүрэн ойлголцолтой, Монгол улс үндэстний ирээдүйг мандуулан бадруулахын төлөө нэгэн итгэл сэтгэл, хүсэл зоригоор хамтдаа урагшлах нөхцлийг бүрдүүлж, нийгмийг цогцлооё.
Ч.Мөнхбаяр
MMX.V.XXII
P.S. Энэ үгүүллийг бичихдээ, эрлийзийн хүчин зүйлд, яс үндсийн байдлаа далдлан явагч бүх иргэдийг хамруулан авч үзсэн болно. Мөн, хурц асуудлуудыг угсаа гаралтай холбох гэсэн бус, харин учрыг ялгаж салгах гэсэн билээ.
No comments:
Post a Comment