Ч.Мөнхбаяр: "Эрдэнийн хишиг"-ийн хүрээнд хүн бүрд эхний удаад 50-100 саяыг өгч, cap бүр нэг сая төгрөг олгож байвал зохино
-Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болчихлоо. Одоо шүүхэд өгөх нь оройтсон хэрэг биш үү?
-Би Оюутолгойн ордын төлөө эртнээс тэмцсэн. Гэрээ буруу байгуулагдах гэж байна гэж тэмцлээ. Янз бүрийн төслийг нь шүүмжиллээ. Байгуулагдсан хойно нь цуцлуулъя, шүүхэд өгъе гэж мөн ч их бичиж, уриалсан. Бүхэл бүтэн ном биччихсэн хүн.Саяхан гэхэд л "Оюутолгой, эрдэс баялгаа аврах 56 зүйлт уриалгаа" гаргасан. Тэгэхдээ Оюутолгойн гэрээг шүүхэд өгөх талаар тодорхой хэлсэн байгаа. Ингэсээр явтал хүчин төгөлдөр болчихлоо.
Эх орноо аврах, чөлөөлөхөд оройтно гэж байхгүй. Монгол улс Манж Чингийн харъяанд байсан нь хүчин төгөлдөр л байсан, яалаа даа. Социализмын замаар замнана, Зөвлөлт ахан дүүтэй үүрд хамт байна гэсэн нь хүчин төгөлдөр л байсан. Сайн юм хүчин төгөлдөр байхыг зөвшөөрөхөөс бус, муу, гэмт зүйл хүчин төгөлдөр байхыг юу гэж зөвшөөрөх билээ дээ.
Ашигт малтмалын хууль гарахаасаа эхлээд, лиценз өгч авснаас эхлээд, энэ засгийн газрын хууль эрхзүйн чадамжгүй байдал, гадаадын талын субектийн тодорхойгүй байдал хүртэл өчнөөн хууль бус юм байна. Хэдэн зуу, мянга байна. Хууль бус гэдэг чинь зөрчил, гэмт хэрэг, зөвшөөрч болохгүй, хүчин төгөлдөр бус гэсэн үг.Би 42 зүйлээр хууль зөрчсөн гэж үзэж, гэрээг шүүхэд өгсөн. Үүнээс олон зөрчил буй ч, бүгдийг нь тодруулан тоочно гэвэл нас хүрэхгүй юм билээ. Гэхдээ гол гол гэмийг нь хэлсэн.
-Засгийн газрын чадамжгүй байдал, гадаадын субьектийн тодорхойгүй байдал гэдгээ тодруулно уу?
-Энэ засгийн газар байгуулагдахдаа олон хууль зөрчсөн, тэгэхлээр хууль бус. Тэр талаар би хэдэнтээ бичсэн. Хууль бус ЗГ-ын байгуулсан гэрээ ч чадамжгүй. "Оюутолгой төсөл" гэж яригддаг. Энэ нь манай ЗГ-ынх юм уу, гадаадын компанийх юм уу, хамтарсан юм уу, төсөл гэж ер нь байгаа юм уу, бэлгэдлийн үг юм уу гэдэг нь мэдэгддэггүй. Манай ЗГ-тай Айвэноу Майнз, Рио -Тинто гэрээ байгуулсан л гэдэг. Гэтэл Айвэноу Майнз Монголиа-тай ч байгуулсан, хамтарч ажиллаад байгаа юм шиг. Оюутолгой ХХК-тай ч байгуулсан, хамтарч байгаа юм шиг. Тэд бол манай ЗГ-ыг барьж аваад шүүхдэж болно, Паушок шиг шүүхдэж ялна ч. ЗГ маань дандаа л алдаа мадаг гаргаж байдаг болохоор байнга л шалтаг олдож, харийнханд орлогын давхар эх үүсвэр болно ш дээ.
Ер нь тэгнэ гээд ч далдуур тохирчихсон, сцэнарийг нь хийчихсэн байдаг шиг билээ. Харин манай ЗГ шүүхдэх, хариуцлага тооцох гэвэл хэнийг ч барьж авах аргагүй болгож будлиулсан байгаа юм.
-Оюутолгойн гэрээг засч сайжруулчихсан учраас цуцлах,эсэргүүцэх шаардлагагүй л гээд байгаа шүү дээ?
-Нэоколоничилол л бол нэоколоничлол. Монгол хамаг баялгаа алдаад, дээрээс нь бас их өрөнд унаад, бас нэмээд шүүхдүүлж төлбөр ялбарт орох тийм л юм байгаа.
Нөгөөтэйгүүр, бараг 10 жил хууль бус юм хийгээд, гэрээгээ байгуулж чадахгүй явсан улсыг шийтгэх хэрэгтэй болохоос, яаж ийгээд ч болсон тэдэнтэй л гэрээ хийх нь Монгол улс түмний туйлын зорилго юм уу. Хятадад Рио-Тинтогийнхон авлига, төрийн нууцын хэрэгт яллагдаад л байж байна. Тэгэх л хэрэгтэй байхгүй юу. Манай хуулийг Айвэноу, Тинтогийнхон хангалттай зөрчсөн. Шийтгэх хэрэгтэй болохоос, юун гэрээ. Гэмт хэрэг хийсэн хүнтэй гэрээ байгуулж, алт баялаг өгнө гэсэн хууль байдаггүй биз дээ.
-Таныг хэр олон хүн дэмжиж байна?
-Олон хүн дэмжиж байгаа гэж худал хэлэхгүй. Гэхдээ уулзсан хүн бүр дэмжиж л байдаг юм. Цаашид өргөн олны дэмжлэг авах байх аа. Би өөрөө үнэнийг бичиж нийтлүүлэх нь л миний үүрэг гэж бодож, олон түмний хөдөлгөөн тэмцэл өрнүүлэх чиглэлээр төдийлөн ажиллаж байсангүй. Тэр нь алдаа ч байж болох. Цаашдаа иргэний хөдөлгөөдтэй хамтран ажиллаж, олон нийт рүү өөрөө явж очно гэж бодож байгаа. Гэхдээ үнэн гэдэг бол их хүчтэй. Би үнэнийг гаргаж тавьсан, төр үнэнийг хүлээж авах бол бүх юм бүтнэ.
Тэгэхлээр шүүхэд нэг хүн өгөх, нэлээд хүн өгөх хоёрт уг нь бол зарчмын ялгаа үгүй. Бусад хүмүүс яаж олон түмнийг байлдан дагуулаад байдаг юм. Би л хувьдаа хичээгээд хичээгээд л тэгж чадахгүй байгаа. Бусадтай л нэгдэж нийлж ажиллах хэрэгтэй байх л даа.
-Таван толгойн асуудлыг юу гэж үзэж байна?
-Тавантолгойг 100 хувь төр эзэмшиж байна гэдэг нь тайвшрах үндэс огт биш. Үндсэн хуулийн дагуу бол хамаг баялаг маань 100 хувь төр түмний мэдэлд л байсан, одоо эсрэгээрээ байна. Тавантолгойг харийнханд гэрээгээр ашиглуулна л гээд байгаа. Оюутолгойг ч тэгж л томъёолж байгаа шүү дээ. Яахав, ашиглахад нь монгол компаниудыг оролцуулна гэж байгаа. Уул уурхайн монгол компани гэж юусан билээ. Нэр нь Монголынх, нидэр дээрээ харийнх байдаг. Монгол компанид Тавантолгойн лиценз олголоо гэхэд, харьд өгчихгүй гэх баталгаа алга байна. Урьдны эзэмшигчидээс нь, харьд өгөх гээд байна гээд төр 86 хувийг нь хурааж аваад, дараа нь 100 хувь хурааж авсан бус уу.
39-ийг нь бол яасан ч байсан харьд өгнө л гээд байгаа. Хуулинд бол Монголын төр 34-өөс доош хувийг эзэмших ёстой тул гээд Оростой хамтарсан газруудын 51 хувиас татгалзсан. Тэр, төр 100 хувь эзэмшиж байна гэдэг чинь маш хэврэг үг, маргааш юу ч болж болно. Шинхуа энэ тэр гээд эзэн нь аль эрт тодорчихсон юм биш үү.
Урьдчилсан төлбөр хоёр тэрбумыг авна гэв үү. Юун ч бага мөнгө вэ дээ. Бас л өндөр хүүтэй зээл биз.
Таван толгойг 500 мянган төгрөгөөр худалд, зар л гэж ард түмнээ төөрөгдүүлж байна, зөвшөөрөө ч үгүй, мэдээ ч үгүй байхад нь ард түмэн зарчихсан болгочихоо мэднэ л дээ, цаадуул чинь. Үнэхээр Тавантолгойг Оюутолгой шиг харьд зүгээр өгөх гээгүй, үр бүтээлтэй ашиглах л гэсэн юм бол нэг хүнд нэг удаа 500 мянгахан төгрөг ирэх учиргүй. Тэгээд ч тэр 500 чинь ганц Тавантолгойгоос ирж байгаа юм биш, нийт эх орноо худалдсаны үнэ.
-Таны бодлоор ашигт малтмалын үр өгөөж хувь хүнд яаж тусах ёстой вэ?
-Улаанбаатарт газар хөдөлж болзошгүй тул орон сууцтай иргэдэд яаралтай 100 сая төгрөг өгч, шинэ амьдрал зохиох боломжийг нь олгох хэрэгтэй. Гэр хорооллынхонд 70 сая, бусад гамшиг нүүрлэхгүй нутгийнханд 50 сая төгрөг хүртээвэл зохино. Тэгж байж л аюул гамшиг, үгээгүй ядуу амьдралаас монголчуудыг аварна. Нэг удаа тийм мөнгө олгоод, цаашид cap бүр харъяат бүрд нэг сая төгрөг олгож байх хэрэгтэй. Эрдэнийн хишиг тийм л байх ёстой.
-Зүгээр сууж байгаад тэжээлгэнэ гэдэг зохисгүй бус уу?
-1-рт, тэр баялаг биднийх болохоор өөр яах ч аргагүй. 2-рт, энэ яриад байгаа мөнгө маань тийм тэжээлгээд байх их мөнгө ч биш. Гадаадад бол ажилгүйчүүдийн тэтгэмж нь сард нэг сая төгрөг байдаг. Харийнханд тэрбум тэрбум, их наядаар нь өгч болдог, монголчуудад яагаад болдоггүй юм. Тэр чинь нарийндаа ярьвал төрийн ч юм биш. Төр зөвхөн ард түмнийх нь юмыг ард түмэнд нь хувиарлах үйлчилгээний ажлаа л үг дуугүй хийвэл барав. Өөрийн юмаа яаж эдлэх, яаж амьдрахаа ард түмэн өөрөө л мэднэ.
-Тийм их мөнгө түгээх боломжийг яаж олох юм бз?
-Тийм их мөнгийг харийнханд түгээх боломжийг яаж олсон, тэрэн шигээ л олохгүй юу. Манай төрийн хамгийн сайн чаддаг, ганц мэддэг ажил нь шүү дээ.
Зээл мээл, газар дор байгаа чигээр нь худалдах гээд түмэн арга байдаг юм аа. Харьд л өгөхгүй бол болно, бүтнэ. Нэг монгол хүнд 12 тэрбум доллар оногдох ашигт малтмал байгаа.
-АНАТХ зэрэг хөдөлгөөний тэмцлийг юу гэж үзэж байна?
-Зөв зүйтэй зүйл ард түмэнд хэлж ойлгуулж байгаа тул би дэмжиж байгаа. Даанч эрүүл мэндийн асуудалтай, эмчлүүлж байна. Тэгээд биечлэн оролцож чадахгүй юм. 4.5-ны жагсаалд нь би нийтлэлээрээ, эчнээгээрээ оролцсон шүү дээ. Хоёр нам монгол хүн баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр шимээр сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэж амласан. Тэгэхлээр миний тэмцэл бас амлалт нэхэх тэмцлийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь гэж бодож байна. Тэгж яривал би төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд л оролцож байна. Төр л хэрэгжүүлнэ гэсэн бодлогоо мартчихдаг болохоос.
Ярилцсан П.Гантулга
2010.5-p cap
No comments:
Post a Comment