Сүүлийн үед манай “ухаантай байрын” хүмүүс сонин хэвлэлд уван цуван, сэм сэмхэн ярилцлага өгөх болсон. “Монголын хамаг ухаантныг цуглуулъя, тэгээд их сэтгэгчдийн нийгэмлэг байгуулъя, тэдгээр нь л улсаа хөтлөн жолоодъё” гэсэн санаагаар уншигчдын тархийг угаах маягтай ярилцлагууд л даа.
Найрагч гуай шүлэг найргаас уйдаж залхаад, улс орныг удирдан чиглүүлье гэж бяр амтагдсан янзтай “Монголын ухаантан бүгдийг цуглуулъя гэсийм. Монголын аль сайхан элитүүд, аль ухаантнуудын оюуныг цуглуулъя. Төрдөө үгээ хэлдэг, сэтгэлгээний нийгэмлэгийн маань үгийг төр бас сонсдог болгох. Ийм юм хийх гэж олон хоног шаналж явна” гэхчлэн тэрбээр хуучилсан.
Тэр нийгэмлэг нь саяхан байгуулагдваа. Уг нь ч “ичмээр дамшиг” юм. Өөрсдийгөө ухаантнууд гэчихээд, үүндээ баригдаад дуугарч ч чадахгүй, хөдөлж ч чадахгүй, сэтгэлгээлиг царайлах гэж элгээ эвхэж, эрүүгээ тулж, хөмсгөө зангидаж, хөлөө ачиж, хөшүүн намбалж суух гэдэг ямар л олиг байв гэж.
Тэд юуны өмнө ҮАБЗ, ҮХЦ-д айлтгал бичиг өргөсөн. Тэдгээр нь есөн шаардлагат уг бичгийг нь хүлээж аваад юу шийдэх, яаж хэрэгжүүлэх юм бол. Ялангуяа ҮХЦ-д ТББ-ын байдаг л нэг ерөнхий бичиг ямар хамаатай юм бэ? УИХ, ЗГ-т л өргөмөөр юм үзэгдэнэ лээ.
“Монголын нэр алдартай сэхээтэн бид...” гэж өөрсдийгөө танилцуулсан бичигт “Монгол орон хөгжих, мөхөх хоёрын торгон заагт тулж ирээд байна” гэж улс орны байдлыг болхидуу тодорхойлжээ. Монгол улс хөгжихийн даваан дээр байна гэвэл үлгэрийн далай. Хөгжихийн тухай ярих нь дэндүү эрт байна, харин ямар нэг заагийг ярих нь дэндүү оройтож байна. Тэр заагаас аль эрт холдож, унаж доройтоод, одоо зөвхөн мөхлөөс яаж аврах вэ гэдгийг л авч үзэх хэрэгтэй болсон. Гэхдээ тэд оргүйгээс оройтсон нь дээр гэдгийг санагдуулж байгаа нь яамай.
Ухаантны энэ нийгэмлэгт миний таньдаг хүн орсон байна билээ. Тэрбээр нийгэмлэг байгууллагдахаас өмнө надад “Энэ гудамжны тэмцэл хөдөлгөөнөөс залхаж гүйцлээ. Гудамжны тэмцлийн үе өнгөрсөн. Төрөө хүндэтгэх хэрэгтэй ш дээ. Огт өөр тэмцлийн хэлбэр хэрэгтэй байна. Түүнийг бидний нөхөд үүсгэн санаачлах гэж байгаа” гэж байсан. Гудамжны тэмцэл гэдгийнхээ тухай ярьж байхдаа их л жигшсэн, дургүй нь хүрсэн янзтай байсан сан. Энэ нийгэмлэгийнхэн бол төрөө хүндэтгээд л, их гоё сайхан яриад л, цэвэр ухаанаараа л төрийг дагуулаад л, чиглүүлээд л, төгс төгөлдрөөр тэмцэх нь л дээ. Тэмцэх гээд ч байгаа юмуу, эвсэх гээд ч байгаа юмуу.
Нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын нэгэн болох зураач “Нэг сэрсэн чинь эх орон минь алга болчихсон байна” гэдэг нийтлэл бичсэн. Тэндээ Монгол орныг хөгжүүлэх арга замыг заасан. Тэр нь алтыг зарж үрэлгүй, хадгалж хуримтлуулаад байвал мөнгөний ханш өснө, зуун мянган төгрөгийн цалин зуун мянган доллартай тэнцэх болно, энэ бол хамгийн шударга, эдийн засгийн хамгийн зохистой хэлбэр гэжээ. Алтнаас бусад нь ач холбогдлоор маруухан болж таарах нь ээ. Алт л байвал болчих уу?
Мөн Хятадын төрийн валют хуримтлуулдаг ухаалаг бодлогоос суралцах хэрэгтэй гэжээ. Тэр нь яадгав гэхээр, Хятад улс чөлөөтэй хөрвөдөг валютаар үндэсний валютыг нь сольж авах гэхээр, юаниа өгөхгүй, тусгайлан шинээр буй болгосон бай жуй хуар гэдэг мөнгө өгдөг болсон гэнэ. Юанийг чөлөөтэй хөрвөх валютаар солихыг тас хорьсон гэнэ шүү. Ингээд л асар их гадаад валютын нөөцтэй болсон гэнэ. Өмнөхөн нь валют бол цаас төдий, алт л хэрэгтэй гэж байснаа, хэдхэн мөрийн дараа цаас хуримтлуулах ухаанд хятадуудаас суралц гэж зөвлөсөн хэрэг. Гадаад валютаар төгрөг сольж авахыг хориглоод, монгол бай жуй хуар оронд нь өгөөд байвал, гадныхан “ямар гоё вэ?” гээд нааш нь баахан валют авчраад овоолчих уу? Их л унтаж байж сэрж дээ.
Энэ мэтчилэн сонин хачин санааг ухаантны нийгэмлэгийнхэн гаргадаг байна. ҮАБЗ, ҮХЦ-д өргөсөн бичигт нь есөн зүйлийн шаардлага буй бөгөөд, 2008 оноос монгол залуусыг гадаадад ажиллахаар явахыг хорино гэжээ. Хаана очиж, юу хийх нь Хүний эрхийн түгээмэл тунхагт заасан эрхэм эрхүүдийн нэг шүү дээ. Тэгээд бас залуусыг явуулахгүй, ахмадыг бол чөлөөтэй илгээх юмуу? Ялгаварлан гадуурхсан хэрэг биш гэж үү.
Энэ нийгэмлэгийнхний онцгой сонин тал нь гэвэл төрд их л наалдацтай, аядуу зөөлөн хандаж байгаа явдал. “Бид төрийг манах зорилготой” л гэнэ. Хэнээс хамгаалж манах гээ вэ? Тэмцэгчдээс үү? Эсвэл төрийг бүхэлд нь эзэгнэсэн этгээдүүдийг түлхэн унагаж, эргүүлж оруулахгүй манах уу? Тэр нь тодорхойгүй. Харин маш эерүү намуун үйл ажиллагаатай, бодрол бясалгалын чанартай, тэгээд төрдөө үгээ хэлдэг байна гэдгээ тэд тодорхой хэлж байгаа. Бас “Төр маань хэвтэрт байгаа юм биш байгаа? Сахих хүн хэрэгтэй гэж бодох юм” гэлцсэн.
Ер нь л одоогийн төр гээчийг л асарч сувилж, хамгаалж, аядуу зөөлөн үгээр тайтгаруулж бүүвэйлж байх улс гэж ойлгогдоод байгаа шүү. Тийм аргаар улсыг удирдан жолоодно, ухаан ихийн тусыг хүргэнэ гэвэл бэрхтэй. Хамаг л юм бахь байдгаараа, улам уруудан доройтсоор л байх нь лавтай. Тийм аргаар бол энэ төр гээчийн пиарыг хийхэд л зохимжтой. Тэгэхлээр ер нь ухаантнуудын нэрийн өмнөөс пиар хийж, өнөөгийн дэглэмийг өмгөөлж хамгаалах гээд байна уу?
Уг ухаантны нийгэмлэгийн гишүүн бас нэг найрагч “Зөв гэж бодож хийсэн буруу юм, буруу нь тодорхой юмнаас аюултай” гэж өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагааг тодорхойлсон байна. Сонин л үг. Энэ эрх баригчид чинь зөв л юм хийгээд байгаа, даанч алдаж оноод, тэнтэр тунтар гээд баацганаад байгаа их сайхан хүмүүс юм байна шүү дээ.
Зарим хүмүүс ухааны элитүүдийн энэ “Сэтгэлгээний нийгэмлэгийг” , нам болох гэж байгаа “Иргэний холбоо”-ноос ирэх сонгуульд нэр дэвших хүмүүсийн хуралдай юм гэнэ лээ ч гэлцэн хэлж байна.
Уг нь “Сэтгэлгээний нийгэмлэг” гэж байх боломжтой бол, тэнд их сэтгэгчид төрийг манах, сахих манаач, асрагчийн үүргийг горилж суух бус, гүн ухаан, уран бүтээлийн маргаан өрнүүлж, цэц сорьж суух ёстой доо.
Тэгээд ч өөрийгөө ухаантан гэж бодохыг хамгийн аюултай өвчний нэг ч гэдэг. Арай тэгж бодоогүй байлгүй гэж найдъя.
Ч.Мөнхбаяр
2007
No comments:
Post a Comment