Tuesday, June 15, 2010

Бо. даргын болчимгүй пээдийлт


Нийслэлийн “УИХ-ын дарга” гэдэг нэр хүндтэй том албан тушаалд чимээгүйхэн очоод суучихсан Бо дарга сүүлийн үед чимээ шуугиан их гаргах болсоон. Уг нь “нийслэлийнхэн” олны хараанд өртөлгүйгээр, сэмхэн гэгч нь нийслэл хотыг идэж ууж, хивэн хорхой навч мэрэх лугаа адил аниргүйхэн амжуулж, “гэмгүйхэн” болцойж цэлцийж, бор ходоодоо божийлгож, арьс үсээ толийлгочихдог эртний сайхан уламжлалтай билээ л. 
Үе үе л арзайсан олон сэтгүүлчдийн маань хараанд өртчихдөг ч, тэд нь юу бичих гээд байгаа, яах гээд буйгаа ч мэдэхгүй байнам гэлтэй, учир тоймгүй олон он сар, тушаалын тоот, дугаар, рэгистр, хаа хамаагүй нэрс, үйл явдал, үгийн овоолонг хольж хутган, холион бантан, хярамцаг болгоод, тостой будгаар цаасан дээр дармаллаж орхих тул тэдгээр дарга нарт өчүүхэн төдий хор гэмийг үл учруулна. Цөөн тооны давгүй сэтгүүлчид зөв зүйтэйг бичих ч дэндүү цөөдөөд байдаг талтай. Тиймээс “нийслэлийнхэн” зохих анхааралд өртөж амжаагүй л байна.

Бо даргыг элдвээр л хэлж, бичдэг. “Хөөрхөн иддэг хөөрхөн дарга” л гэнэ. “Бумбагар бамбагар” л гэнэ. “Ху намын хэдэн эрх ямааны нэг” л гэнэ. ”Мөөмтэй пионер” гэж солиорохыг хүртэл яана. Арай ч дэндэнэ ээ.
Гэхдээ түүнийг төрөлхийн дарга гэлтэй. Хэлд оронгуутаа л захирч командлах санаатай цод цод хийж, ясли цэцэрлэгт нусгай бацаануудыг жагсаачихдаг байв гэнэ шүү. Улаан бүч зүүнгүүтээ л нам засгийн уриа лоозонг цээжлэн хэлсээр, шат шатаар ахиж дэвшиж явсан. Хөдөлмөрийн гараа нь хүүхдийн байгууллагаар эхэлж, дууссан. Одоо тэрбээр том тоглоомоор нааддаг болсон.
“Миний зорилго бол АББА буюу Ажилгүйдэл, Боловсрол, Байр, Авилгал!” гэсэн сонин уриа дэвшүүлж, мөн л сонин байдлаар Симба гүенгийн дүрстэй тор, наалт, дэвтэр, үзэг бал, малгай тарааж байсан АН-ын нэр дэвшигчийг, намынхаа хөтөлбөрийг цээжилж дуржигнуулаад л ялахдаа тэр хол гэгч алхаж, “их улс төр” гэдэг тоглоомд орж ирсэн юм. Дараа нь Дорнодод ялж залхаад, нийслэлд зодоглох гэж ирсэн, бяр чадал нь амтагдаад болж өгөхгүй байгаа С.Оюунд хэмх ялагдсан ч, харин ч бүр завшсан.
Нийслэл гэдэг том айлын хойморт тэр заларсан. Аль л хүүхдийн байгууллагад байхын л идэж уугаад болохгүй байна гэгддэг асан тэр томчуудын байгууллагад хур их туршлагаа хэрэглэж эхэлсэн нь мэдээж.
Зах зухаас нь дурдсу. Тэмцэгч Н.Баасангийн “хандыг хага дарж”, “хайрт намдаа нэр нүүр олох, түүний цайз бэхлэлтийг солонгосчуудад “бэлэглэж”, тэдний гараар бяц даруулах опэрацийг амжилттай хэрэгжүүлчихэв. Баасан Хууль зүйн яам руу очиж, бүгдийг зодож занчихаар дайраад урхинд орсон. Түүнийг дураар нь нэг аашлуулаад л, 10 хоногийн турш барьж хорьчихсон. Баасан тэмцэгч сайн эрийн шийрийг үзүүлэх гэсэн мэт балар хөвчид бүгэхчээ аядсан ч, юм бололгүй баригдсан. Түмэн моодноос гарсан Н.Баасанг биш, жинхэнэ саак моод болсон өвчин зовлонт Тунгалаг бүсгүйг сонирхон бүчиж, хуйлран пижигнэж байх хооронд Бо даргын солонгос лантуу түнэр харанхуй шөнөөр Ахмадын холбооны гэгдэх байран дээр буусан л буюу.
Үүний дараахан Бо дарга номэргүй Тоёта Лэнд Крүзэр Би-экс 105 гэдэг 70 сая төгрөгийн үнэтэй, танк шиг данагар, суналзсан хар жиптэй болчихсон бөгөөд, түүнийгээ онцгой ихээр нууцалж сүйдэн майдан болсон. Солонгосчуудаас л авсан гэж бүгд л нэгэн дуугаар оношилсон. Нэг иймэрхүү.
Энэ мэтийн рид хувилгаан шидийг нь нам нэгт эв хамтат нөхөд нь ихэд бишрэн дагалдах бөгөөд ялалт амжилт бүрийнх нь дараа болор цомыг тулгацгааж,


-Зээ,
Харагдах дүр бөмбөгөр ч,
Халдах чанар нь иртэй билээ
Бүтэл муутай “Россия” гайхлыг
“Бүтээн байгуулалт, хөгжил” хоршоонд
Гурван зуун сая төгрөгөөр
Гудиг ч үгүй шахсан нь Бо.!
Олон олон шахаа мэхийг
Онцгой даацтай хийдэг нь Бо.!
Алсын Америкийн луйварчдыг
Ажиг ч үгүй залаад,
Мөрийтэй морин уралдааны барилгыг
Мөн ч нууцаар эхлүүлэх
Мөнгө сангаар чамгүй төслийг
Мөдхөн хэрэгжүүлэх нь Бо.!
Амэрикийн сонинд энэ тухай
Айхавтар сэнсаацтай бичсэнийг
Албин сэтгүүлч олж мэдээд
Асуулт юугаараан чичлэхэд
“Хууль нь байхгүй юм чинь нууц нь байлгүй яахав” гээд
Хулхийг нь буулгасан нь Бо.!
Зуун арван сая долларын
Зузаан гэгч төсөвтэй төсөл
Хүүхдийн Бо.-гийн минь гараар
Хөгжин давших нь гарцаагүй ээ!
Нийслэлийн төлөөлөгчийн хурлын тайланг
Нэг ч удаа тавиулаагүй нь Бо.!
Өөрийн тухай үл бичүүлмой гээд
Өрөвгөр муусайн дөчин сонинтой
Чигчий хуруугаараа л гэрээлж орхисон нь
Чи шүү, Бо.!
Ийм сайхан Бо. дагина маань
Идэж уусан ч өнгө үл алдмой.
Эрчүүд байж хөлд нь чирэгдсэн ч,
Эрхлэн алиалж Бо.-гоон баясгацгаая!
Зээ хө, Бо. минь
Зээрийн хурдаар дэвшээрэй
Хосгүй сайхан авьяас тань
Хотын даргыг ч нармийлгах болтугай!
Ер бусын чадварт тань
Ерөнхий сайд ч онхолдох болтугай!
Байн байсаар хорвоог хувьсгаж,
Балтгар нарыг л хэвээр үлдээх Бо.!

гэхчлэн ерөөл магтаал урсгадаг юм байх. Үнэн ч юмуу, худлаа ч юмуу, өөрөө нүдээр үзээгүй болохоор мэдэхгүй юм, зүгээр.
Гэхдээ бас ч гэж тэрхүү болор цомт ерөөлд үнэний хувь бас байна аа. Сүүлийн үед Бо дарга нийслэлийн асуудал бэрхшээл, арзайсан сарзайсан бүхнийг хотын дарга руу бухаж, хөөрхий Батбаяр даргыг хөл гишгэх газаргүй болтол шүүмжилж, хууль тогтоогч нь би, хуу гүйцэтгэгч нь тэр гэж зиндаархаж суудаг болсон гэнэ.
Мөнөөх Бага хурлын үеэр, урьдын хотын дарга байсан Энхболд ерөнхий рүү бас баахан бухаж, хамаг муу муухай түүний балгаас л үүдсэн мэт давшилжээ. Тухайлбал, Баасан гуайн тэмцэл бол М.Энхболд учир замбараагүй газрын зөвшөөрөл олгосноос л болсон гэнэ. Уг нь өөрийг нь Энхболд ерөнхий л өөд нь татсан гэдэг. Гэтэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг нь ганц Х. биш гэдгийг харуулж, гайгүй сайн түншээд авах нь тэр.
Ээ дээ, Бо дарга маань дэмий л чимээ шуугиан гаргаад байх шиг. Аль амбасын 90-ээд он, эртний Э. даргын үеэс өвснөөс намхан сууж, уснаас чимээгүй иддэг нэн сайн уламжлал тогтсоныг эвдээд яахнав дээ. Чимээ гаргавал чих соотон сэтгүүлчид шаваад л ирнэ. Тэр чимээний араас юу юу гарч ирнэ гэж санана!
Ч.Мөнхбаяр
2007

No comments: