Tuesday, June 15, 2010

Дэглэмийнхэн ард түмнийг утга учиргүй тэмцэлд сургаж байна


Ард түмнийг харанхуй мунхаг болгож, үүний хүчинд ээлж халаагүйгээр тэднийг захирах гэсэн бодлого санаандгүй үр дүнд хүргэж байна. Ард түмний зарим төлөөлөгч хууль дүрэм, эрүүл ухаан, бодол санаа гэж юу байдгийг сонсоогүй тул хачирхалтай, гайхалтай зүйлүүдийг шаардаж, шат ахиулан алмайруулах боллоо! 
Нэг талаар ард түмнийг хайрлаж халамжилдаг дүр эсгэх гэж, нөгөө талаар ивгээлийн нэг баянаа хаацайлах гэж, түүний учруулсан хохирлыг төсвөөс барагдуулаадахсан юм чинь хүүхэндэх мөнгө өг гэж банди нар жагсах нь холгүй болоод байна! Хоноц хоноцдоо дургүй гэгчээр, элдвийг шаардагсад нэгддэггүй нь л  зол болж байна.
Үнэндээ эрх баригчид хэн ч жагссан уначих гээд байдаг. Хөл дээрээ гишгүүлж уурласан хэрийн хэдэн хүн л голомтыг нь самарчих гээд айлгадаг. Цөөн хэдэн авгай хүүхнүүд ч өөрийнхөөрөө зүтгэсээр, нэр дэвшигчдийн 30% жендерчид байх ёстой гэж зөвшөөрүүлж чадаж байна ш дээ. Даанч тэгж айдгийг нь, тийм хүчгүйг нь мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй л болохоос.
Буруу ч бай, зөв ч бай, овоо хүчтэйд нь буулт хийж, хүчгүйг нь яадаг ч байсан няц дардаг дэглэмийнхэн ард түмний төлөөлөгчдийг олон муу юманд сургаж байна. Хойчийн их уршигт үр дагавар нь тэдэнд падлийгүй юм чинь!
Хаягдал металлын тэмцэгчид гээчийг аваад үз. Улс орны хамаг өнгөтэй өөдтэй, хэрэгтэй шаардлагатай бүхнийг хятадуудын хүсэлтээр ховх татаж, цөлмөн дээрэмдэж бүгдийг нь овоолоод хилээр гаргасан нь тэд. Тусгаар тогтнолын нэгэн бэлгэдэл болсон өөрийн гэсэн хамаг зоосон мөнгөнүүд маань хаачив? Манжууд металл хэрэглэхийг хориод, чулуун зэвсэгт орох гэж байсан үе давтагдах дөхсөн! Аргагүй өөрсдийнх нь хашаа хайс, шугам хоолой, төмөр цайр тэргүүтнийг хамж авчих гээд байхаар нь төрийн түшээд “хаягдал” төмөр гаргахыг хорьсон. 
Гэтэл 6000 траншейчдын амьдрал замнал алдагдав гэж тэд боссон. Хууль бус “олборлолоо” хууль ёсны болго гэж шаардсан. Тэгж болдоггүй юм, улс оронд ийм тийм хор холбогдолтой юм гэж тэдэнд хичнээн хэлээд, учирлаад, ухуулаад нэмэр алга. Та нар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагш гаргаж болно шүү дээ ч гэж үзсэн. 1995 онд Баярсайхан гэгч ширмэн тогоо үйлдвэрлэж гэнэдсэн чинь одоо болтол нэг нь ч зарагдалгүй Нарантуулд хөлөөр нэг хөглөрч байна гэлцээд, түшээдийн амыг тагласан. Яахаас ч буцахгүй тэд Төрийн ордон луу зүтгэлээд, нөгөө төмөр мөмрөөрөө нүдчих гээд төрийн түшээдийг мөн ч их түгшээж байна даа.
Сурч боловсорч байгаа, эвдэрч завхарч амжаагүй гэсэн утгаараа оюутнууд улс орныхоо тэргүүний, оюунлиг хүч нь байдаг. Гэтэл манай оюутнууд Мобикомын үнийг буулгана гэж жагссан. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тухайн үнээр борлогдоно гэж тооцоолсноороо тогтоох нь хувийн байгууллагын өөрийнх нь л эрх шүү дээ. Энэ оюутнууд Мобикомын удирдлагад багтдаггүй гэдгээ хойд насандаа ч ухаарахгүй янзтай байсан. Мобиком таалагдахгүй байгаа бол илүү хямд үйлчилгээтэй операторт л хандах хэрэгтэй. 
Гэтэл тэд Мобикомын утсыг боссууд барьдаг гэсэн цуурхалд итгэж орхисон нь саад болоод байгаа юм. Хэрэв үнэ нь хямдарчих юм бол, “боссын” утас биш болчихно гэдгийг өөрсдийнх нь сэтгэлгээ хэлж өгч чадахааргүй л  юм байх даа. Эцэг эхийн гаргаж өгсөн сурч боловсрох нөхцөл бололцоог мунхаглахад зориулан яваа тэднийг скаутын байгууллагынхан даган салбаганаж явдаг нь ч юучив дээ. 
Энэ нь бас Монголыг анд нөхөр, стратегийн түнш улсуудтай нь муудалцуулах бодлогын хүрээнд явагдаж байгаа ажил байж болох юм. Тэр улсуудын төлөөлөгчид рүү л хуурамч уриа лоозон хэлж дайрч давшлаад байгаа. Ямрыг нь хөөж, ямрыг нь үлдээх гээд байгаа нь тодорхой.
Ёс суртахуунгүй багш нар боловсролыг оюуны эрлэг болгох, оюуны хоосролыг бүтээхэд хүчин зүтгэчихээд, үүнийхээ шанд цалинг 300 мянга болгож нэм ч гэх шиг, салбараа унасан дээр нь унагаад, ажлаа хаяад, улсын сан хөмрөгийг хоосруулах гээд л явцгаасан. Алт баялаг маань харийнхны саварт орчихоод байхад юугаараа боловсролыг барьцаалагчдад нэхсэн золионы мөнгийг нь олж өгөх юм бэ?
Эдийн засаг өсөж байж, цалин нэмдэг юм! Бусад нь 100 хүрэхгүйг авч байхад. Тэдний аман дахийг л булааж идэх санаа байхгүй юу. Өрх бүлийн орлого өсөөгүй атал нэг нь хамгийг хамж залгивал гарц мөн үү! 
САПУ-гийн хохирогчдыг сана! Мартын 8-ныг “Алтжин”-гийн хүүхнүүдийг зодож тэмдэглэсэн, ШТС-уудынх нь байршлын зургийг харуулаад төдөн цагийн дотор мөнгө төлөхгүй бол цөмийг нь дэлбэлнэ гэж тулган шаардсан шүү дээ. Юу хийж буйгаа ухамсарлаж байв уу, тэд! Ийм шударга ёс гэж байж болох уу?
“Шударга амьдаръя!” хөдөлгөөнийхөн үнэхээр шударга амьдрахыг хүсч байгаа юу? Тэд юуг шударга амьдрал гэж нэрлэж байна вэ? Шуудхан хэлэхэд, орон сууцны I давхарт согтууруулах ундаа зарахыг тэд тийнхүү өргөмжилж байна. 
Тийм юм байж болохгүй нь мэдээж. Засч залруулах нь шударга амьдрал мөөн. Чингээд хэрэгжүүлэх гэтэл, өөдөөс шударга амьдаръя гэж дайраад байх юм.
Налайхад нүүрс олборлох нь хэтийн төлөвгүй ч болсон, хэтэрхий аюул осолтой ч болсон. Тиймээс тэнд нүүрс олборлохыг хориглосон. Яахав, хоригийг зөрчөөд, лиценз авчихсан улс байдаг. Гэхдээ лицензтэнгүүд олборлох арга эвээ олохгүй байгаа. 
Харин олдог хүмүүс бий. Тэд хаашаа ч хамаагүй дайрч ороод л булшны нүх аятай юм малтаад, цаашаа ухаад, мөлхөөд байдаг. Татах хүчний хуулиар шороо тэднийг дардаг. Төрийн зүгээс хориод хориод ямар ч нэмэргүй. Бүр амь насаа сохор номингийн үүр шиг юмандаа бэлэглэдэг. Өөрсдөө л бэлэглэж орхисон хэрэг шүү дээ. Гэтэл ар гэрийнхэн нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ шүү. Амь бүрийн төлөө 100 сая төгрөгийг төрөөс нэхэмжлэх юм байх. Мөн хэцүү еэ!
Өөр нэг жишээ гэвэл, захын микрчдийн  бослого. Нугасанд хүн суулгах, суух хүний тоо, “тасалбарын” үнийг хязгаарлахгүй байх, хамгаалалтын бүс зүүхгүй байх, торгохгүй байх гээд л ухаан санаанд багтамгүй бүхнийг л тэд шаардсан. Тэдэнд хууль дүрэм гэж дуугараад ямар ч нэмэргүй байсан. Та нарын явах эрхийг хүчингүй болгоно, цаана чинь өөр явах улс зөндөө байгаа гэхэд л нэг удаа тарсан. Дараагийн удаад тэд яах бол доо. Микрийн жолоо барьж ханалаа, төрийн жолоо барина аа, одоо гээд нөгөө төрийн түшээдийг чихдээд гаргаад ирэх вий дээ, базарваань! 
Саяхан дунд сургуулийн сурагчид сургууль эрх чөлөөг боогдуулж байна гэж өлсгөлөн зарлажээ. Хэрэв тэд сурахгүй бол харин эрх чөлөөгөө боогдуулна, хожим боол л болно гэдгээ ойлгохгүй байлаа.
Утга учиргүй тэмцлийг төр засаг төдийлөн эсэргүүцдэггүй, буруушаадаггүй, шүүмжилдэггүй, харин буулт хийх, чимээгүй өнгөрөх, өөгшүүлэх зэргээр дэмждэг. Учир нь ийм тэмцлүүд эрх баригчдад аюулгүй, утга учиртай нь л аюултай. Утгагүй тэмцэл Монгол улс түмэнд аюултай. Утгагүй тэмцэл улс түмнийг маань хэмлэж дуусгах нь байна шүү!
Ч.Мөнхбаяр
2007

No comments: