Манай төрд “нэг ангийнхны” гэгдэх ноцтой хүчин зүйл ихээхэн сөрөг үр дагаврыг тарьж байна. УИХ – нэг ангийнхан, ЗГ – нэг ангийнхан, Яамны удирдлага – нэг ангийнхан... Олон, олон нэг ангийнхан байна.
Уг нь энэ бол дунд сургуулийн ойлголт. Их, дээд сургууль болохоор нэг курсийнхэн, дамжааныхан, группийнхэн болоод явчихдаг.
Дунд сургуулийн нэг ангийнхан ямар байдаг вэ? Үнэнийг хэлэхэд, олонх нь сурлага, сахилгаар тааруу; онц сурлагатай, томоотой нэгнийгээ шоолдог, шоглодог, бүүрэлхдэг, дээрэлхдэг; хичээл ном, зорилго, багш, эх эцгийн сургаалд дургүй; ёс зүйгүй, муу муухай руу хэлбиймтгий, урсгалыг л аялдан дагалдсан; утга учиргүй л тогтоц байдаг шүү дээ. Муу муухай үйл үйлдэл хийснийгээ өмөөрөмтгий, үүнийгээ их хамт олонч, хүнлэг явдал гэж тооцдог. Тийм биш гэж үү?
Дээрх чанаруудтай төр гэж байж боломгүй. Гэтэл байхын дээдээр байгаа юм. Олонх нь мэдлэг чадвар, сахилга, ёсзүйгээр тааруу; оюунлиг, шударга нэгнийгээ шоолдог, шоглодог, бүүрэлхдэг, дээрэлхдэг; улс түмний ирээдүй, оршихуй, ард түмэн, эх орны ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагад дургүй; ёс зүйгүй, муу муухай руу татагдамхай, бие биеэ аялдан дагалдсан; учир утгагүй тогтоц бол төрийн нэг ангийнхнууд. Муу муухай үйл үйлдэл хийснийгээ ямар их өмөөрч, үүнийгээ хамт олонч, хүнлэг явдал гэж тооцдог гээч.
Б. фактламхай хүн. Гэхдээ түүний ард нэг ангийнхан нь байдаг. Хамгийн том факт болох МИ-8-ын хэрэг нь юугаар төгсөв? Нислэгийг амины, албаных нь мэдэгдэхгүй юм болгосон, буу зэвсэг оруулсан, архидан согтуурсан, нисэгчдийг дарамталж танхайрсан, үнэг хөөлгөж осол гаргасан нь юугаар төгсөв дөө? Ердөө л нэг хундага архи илүү уусан гэгдсэнээр төгслөө.
Тэр бол гурван хундага биш, дөрвийг уучихсан л хүн. Тэгээд л халамцаад, алиа марзан юм яриа биз. Харин түүний үгэнд орсон нисэгчид л буруутай. Б. бол нэг хундага архины л асуудал гаргасан. Ганцхан хундага архи бол юу ч биш.
Нэг ангийнхны өмгөөлөл хамгаалал ийм хүчтэй, ийм нөхөрсөг, ийм хүнлэг. О. агсан намынхаа даалгаврын дагуу бас л нисэгчдэд тушаал буулгасан. Гэтэл нисэгчид л буруудсан. Тэд бол нэг ангийнхан биш ээ.
Бас л нэг МИ-8-ын явдлыг ярья л даа. Бороо орно гэсээр атал түймэр унтраа гэж явууллаа, явсан улс нь холбоогүй, хүнсгүй, багаж зэвсэггүй байж явлаа, борооноос үүдсэн манан онгоцыг хөнөөлөө, осолдсон хүмүүсийг аврахын оронд найрлалаа, ослыг 30 цаг нууцаллаа, тусламж хүлээсээр олон хүн амь насаа алдлаа, О сайд огцрох хүсэлтээ удаа дараалан гаргалаа. Гэтэл нэг ангийнхан яав?
Аймшигтай хүнлэг хандлаа. “О минь боль оо. Чи яах нь вэ. Наанаа үлд, үлд. Бид чамайг хамгаална. Нэг ангийнхан чинь шүү дээ” гэж аргаджээ. Нэг ангийнхан нь огцруулах гэхээр тамга тэмдэг олдохгүй байгаа юм шиг зүйл ч ярилаа. О элсэн ширхэгийн төдий буруугүй, дор нь байгаа Д энэ тэр л буруутай гэх суртал ухуулга явууллаа....
“Юу гэж тийм юм байх вэ, зурагт нээгээд харахад дандаа л тэд нар чинь хэрэлдэж байдаг юм байхчивлээ” гэж уншигч авгай эсэргүүцэж магад. Тэгвэл парламентын сурвалжлагч нар өөрийг шивнэдэг. ТВ-ийн камер асаагүй үед бол тэд эвтэй найртай, анир чимээгүй нөхцөлд, намынхаа өгсөн даалгаврын дагуу л кнопоо дарж сууцгаадаг. Зэрэгцэж суугаад эсрэг саналууд өгч байгаа хоёр ч инээлдээд л, хоорондоо наймаа ярьж суудаг. Гэтэл ТВ-ийн камер асангуут л жүжиг тавьж эхэлдэг гэнэ.
Царай нь хувьсхийж, дуу нь чангарч, нүүр нь минчийгээд л бие, бие рүүгээ дайрч, хэрэлдэж гардаг. Сонин юм шүү. Гэмт хэрэгтнүүд хуурмаг хэрүүл зодоон үүсгэж анхаарал сарниулж байгаад, хэргээ үйлдэх нь элбэг байдаг. Яг л түүнийг санагдуулдаг гэнэ. Камерын өмнө хэрэлдэж байгаа нь ард түмний анхаарлыг сарниулах гэсэн л жүжиг. Шударга, мууг хүлцдэггүй царай гарган жүжиглэсэн хэрнээ, цаагуураа ялт хэргээ үйлдэхийн дээдээр үйлдэнэ. Тэдний эсрэг тэмцэгч хөдөлгөөнүүд үнэндээ бол “шеф” ангийнхан нь.
Энэ удаад нэрийг нь дурдахаа больё. Нэргүйгээр өчихөд: гишүүн А, гишүүн Б хоёр аймшигтайгаар хэрэлдэж, бие биенээ ална тална гэж заналхийлэхдээ тулсан. Гэтэл хурал дуусахад “Чи юу гээд байв аа. Арай хэтрүүлсэн шүү”, “Тэр яахав, улс төр л байхгүй юу. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм?” гээд инээмсэглэн уулзалдаж, улмаар уушны газрыг зорьцгоож, өдрийг элээжээ.
Гишүүн В, гишүүн Г-г шатаж улайстал нь “шүүмжиллээ”. Г босоод В рүү түргэн, түргэн алхлав. Аюултай юм болох нь дээ гэтэл нөгөө Г инээвхийлэн “Хөөе, В! Наад улс төр мөр яах вэ? Хоёулаа нөгөө ажлаа мартсан байна. Аягүйдвэл хоцрох нь!” гэхэд, В нь “Өө, нээрээ тийм байна шүү. Цуваад, сэм гарцгаая!” гэж мөн инээд алдан хариулжээ.
Нөхөн сонгуулийн үеэр гишүүн Д, гишүүн Е нар намынхаа үзэл баримтлалыг хамгаалан, ширүүхэн хэрэлджээ. Танхимаас гараад нөгөө хоёр стресс тайлах нэрийн дор, бараа бологчидтойгоо хээр гарч найрлан мөрийтэй хөзөрдөж, улмаар Е нь 300 доллар хожиж, туйлын нөхөрсгөөр салцгаажээ. Тэд бүгд л жүжгийнхээ дараа халуун дотноор тэврэлддэг. Бүгд шүү! Байдал ийм л байгаа юм. Тэдний хувьд улс түмэн бол нэг ангийнхан биш. МИ-8.
Ч.Мөнхбаяр.
2007.6-р сар
No comments:
Post a Comment