Tuesday, June 15, 2010

Монголын гэноцидийг даруй таслан зогсооцгооё!



Украины шүүх ЗХУ, ЗХУУ-ын удирдагчдыг 1932-33 оны голодомор-гэноцидийг зохион байгуулсан гэж яллалаа. Голодоморын үеэр 3 сая 941 мянган хүн өлсгөлөн, харгислалаас болж үрэгджээ.
Босни-Гэрцэговины сэрб салан тусгаарлагчид 1995 онд Сребреникийн дэргэд 8000 мусульманыг хядсан нь гэноцид гэж Европын  шүүхээр хүлээн зөвшөөрөгдлөө. Одоо тус шүүх, Азэрбайжаны Хожалы-д армянууд хядлага үйлдсэнийг хэлэлцэх гэж байна.
Түрк улс, армяны гэноцидийн хариуцлага гээчийг манай тал хүлээх ёсгүй хэмээн тус шүүхэд хандав. АНУ, Швэд, Аргэнтин, Франц зэрэг орон Түрк улс гэноцид үйлдсэн гэж  хүлээн зөвшөөрөөд байгаа. 1.5-2 сая армян хүнийг устгасан тухай асуудал юм. 

Еврошүүх В.Кононов нарыг гэноцид үйлдсэн гэж яллав. Зөвлөлтийн партизан гэгдэх түүний удирдсан зэвсэгт хүч Латвийн энгийн номхон ард иргэдийг олноор нь харгислан алж байжээ.
Сэрб улс Хорватыг тус шүүхэд  өгөв. “Олуя” ажиллагаагаар, сэрб хүн амыг төрлөөр устгасан хэмээн буруушаажээ. Хорват мөн Сэрбийг төрөлгүйтгэлд буруутай хэмээн шүүхдэв.
Францын шүүх Руандад үйлдэгдсэн гэноцидтэй холбоотой 12 мянган хэргийг судлах нөр их ажилд дарагдаад байна. 
2003-2004 онд Дарфурын хүн ардыг харгисласан “Жанжавид” зэвсэгт бүлгийнхнийг дэмжсэнийхээ төлөө Суданы төр гэноцидийн хэрэгт унасан. НҮБ-ын шүүх ерөнхийлөгч Башарыг нь баривчлах тушаал гаргалаа. Польшийн үндэсний шүүх, 1941-1945 онд 200 мянган польш хүнийг егүүтгэх ажлыг зохион байгуулсан гэж С.Бандера, Р.Шухевич нарыг яллав.
Аргентиний шүүх, БНХАУ-ын төрийн тэргүүн асан Зянь Зэминийг Фалунгун шашныхныг төрлөөр нь харгисласан хэмээн тогтоож, баривчлахыг тушаав.
Ийнхүү, дэлхий даяар гэноцидийн (төрөлгүйтгэл) аливаа хэргийг буруушаан яллаж байна. Монголын гэноцид ч шударга шүүхээр хэлэлцэгдэж, гэм буруутнууд нь шийтгэгдэх болноо.
Дэлхийн хамгийн баян Монгол орныг дарангуйлагчид монгол хүн байтугай, Монголын мал амьтан амьдрах аргагүй там болгожээ. 
1990 оноос хойш каннибалууд маань олон чиглэлийн хүйтөрөлгүйтгэл явуулж, чиглэл бүрээс их ашиг хонжоо олж, бага ард түмнийг өнөөгийн нөхцөлд устгах туршилтыг монголчууд дээр хийж, вивисэкцид оруулан тамлаж, хүйтөрөлгүйтгэлийн бизнэсээр хөлгүй баячууд болжээ. Хожим Монголын энэ аймшигт хүйтөрөлгүйтгэлийг харуулсан, Камбож дахь Улаан кхмэрүүдийн мүзэй шиг мүзэй байгуулагдаж, шударга хүн төрөлхтнийг айлгаж, сэрэмжлүүлж байх болноо.
1. Монголын ард түмэн зөвлөлтийн анд нөхөдтэйгээ (Кремлийн импэриалистуудтай биш) гар нийлэн, 70 жилийн турш бүтээсэн бүхнийг “зар, устга” хэмээн уриалж, зохион байгуулж, санасандаа хүрсэн, “их сүйтгэлийн”, 
2. Бүхнийг дамын наймаа, нүд хуурсан үйлчилгээ рүү хөөргөдөн түлхсээр, гарцгүй мухардуулсан “худалдаа-үйлчилгээний”,
3. Гаалийн татвар тэглэх, бодлогоор доройтуулах зэргээр салбаруудыг бүрмөсөн сөнөөж, өдгөө хий хоосон уриа лоозонгоос өөр юмгүй болгосон, “үйлдвэр-тариалангийн”,
4. Ямаа хэт өсгөх нь үлэмж хор хөнөөлтэйг мэдсээр байж зориуд гааруулсан; арга ажиллагааны хоцрогдол, зах зээлийн хязгаарлалд оруулж, салбарыг мөхөхөд хүргэсэн, “МАА-н”,
5. Харийнханд бүх эрдэс баялгийг бэлэглэж, өөрсдөө ашгийн хувь хүртэж, хэрэв баялгаа буцааж авах гэвэл дааж давшгүй өрөнд орох, гадаадын цэргийн хүчинд дарагдах болгон зохицуулсан, ард түмний жинхэнэ гэрэлт ирээдүйг булшлахыг санаархсан, “ашигт малтмалын”,
6. Мухардсан олныг барилгын салбар луу хошууруулан төөрөгдүүлж, газар хөдлөлтөд тэсвэргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй барилгыг олноор бариулж, хорлон сүйтгэсэн, “барилгын”, 
7. Хоосорсон ард түмэн төлж хүчрэхгүй зээлийг гадаадаас их хэмжээгээр авч, завшиж, үрж, банк-санхүүгийн системийг заналтайгаар бусниулж, үндэсний валютыг доройтуулсан “санхүүгийн”, 
8. Эдийн засгийн болон бусад чиглэлийн томоохон хямралуудыг зохион байгуулж, уг хямрал дээр дөрөөлөн өөрсдөө улам хөлжин дэвжиж, ард түмнийг өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдүүлж, элгээр нь мөлхүүлж ирсэн, “хямралын”,
9. Оюуны хоосрол, хомсдолд хүргэх үйл ажиллагаа явуулж, боловсролын систэмийг завхруулж, соёлыг унагаж, эрдэм мэдлэгийн ертөнцийг сөнөөж, ухааны эсрэг суртал нэвтрүүлэг хийж, золиосуудыг нь өөгшүүлэн дэмжиж, дэглэмд таатай мангуунуудыг олноор үйлдвэрлэсэн, “оюуны”, 
10. Нийгэмд хууль зөрчих, хулгай хийхээс өөрөөр амьдарч болохгүй нөхцөл бүрдүүлж, үлгэрлэн үзүүлээд, оройлон манлайлж, хүн зоныг үйлдсэн их бага гэмийнхээ сүүдэрт эмээн явдаг, эсэхүл гэмийг гэм бус гэж үздэг болгож, эрүүжүүлэн эвдсэн, “ёс суртахууны”,
11. Ард түмнийг мунхруулах, төөрөлдүүлэх, тэмцэл хөдөлгөөнөөс хөндийрүүлэх зэрэг дэглэмийн зорилгод шашныг ашиглаж, итгэж бишрэх эрх чөлөөг боогдуулж, угтаа бол чөтгөр шулмын мөн чанарлуугаа цаламдан татаж, сатанизацид уусгаж байдаг, “итгэл бишрэлийн”,
12. Хүн амын хагас нь амьдардаг нийслэлийг утаан хот, хөдөө нутгийг элсэн цөл, шороо манаргасан нүх, гол нуурыг хуурай сайр, бохир ус болгон хувиргаж, байгаль орчныг дээд зэргээр сүйтгэж, сүйтгүүлсэн, “экологийн”,
13. Нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдлаар ард түмний эрүүл мэндийг доройтуулж, бүх хүнийг ноцтой суурь өвчлөлүүдтэй болгож, эмнэлэг, аптэкийг сөнөөж, улс орондоо эмчлүүлэх боломжийг устгасан, “эрүүл мэндийн”,
14. Хүүхдийн эндэгдлийн, цаг бусын үхлийн төвшинг өндөрсгөж, абортыг өөгшүүлэн дэлгэрүүлж, эх нялхаст эмнэлэг, асрамж халамжаар үйлчлэхийг даран мөхөөж, хүн амын өсөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг, кампанит ажил явуулдаг, “хүн ам зүйн”,
15. Монголын түүх соёлыг мушгин гуйвуулж, муучлан харлуулж, мартуулах, устгахыг оролдож, монголчуудыг бүхий муу муухай язгууртай хэмээн сурталчилж, Монгол улс үндэстнийг үзэн ядах үзлийг түгээж, монгол хүнийг 2-р сортын болгон, шинэ апартэидээр ялгаварлан гадуурхаж, хавчиж хяхаж, монгол хүн байсных нь төлөө хоёрдахь холокостоор устгахыг завдсан, “үндэс угсааны”,
16. Нийгмийн эрүүл бусын эсрэг, харгис дэглэмийн эсрэг тэмцсэн, бичсэн, хэлсэн, бодсон бүхнийг түмэн зүйлийн аргаар хорлож, гишгэх газаргүй болгож, шоронд хорьж, амь насанд нь халдаж ирсэн, “хэлмэгдүүлэлтийн”,
17. Харийн колоничлогчдын даалгавраар Монгол улс үндэстэн оршин байх бүхий нөхцөл бололцоог үгүй хийж, хамаг баялаг, нөөц боломж, газар нутаг, сайн сайхан болгоныг гадаадын луйварчдад бэлэглэж, тэдэнд зориулан Монгол орныг хүн амаас нь, монголын гэсэн бүхнээс нь чөлөөлж өгч, өөрсдөө зүсэм хүртэн бялуурч ирсэн, “нэоколоничлолын”,
18.Нийгмийг бүхлээр нь авлигажуулж, монголчуудыг өчүүхэн бага, дэлхийн улсуудыг асар их хөрөнгө баялиг заран хахуульдаж, атгаг зорилгодоо ашиглаж ирсэн, “авлигын”;
19.Хөдөлмөрийн чадвартай бараг бүх хүн амыг, амьжиргаанд хүрэлцэх цалинтай ажил олж хийх боломжгүй болгож, хэдэн зуун мянгаараа гадаадад гастарбайтараар одоход хүргэсэн, “ажилгүйдлийн”,
20.Хүнсний аюулгүй байдлыг бүрмөсөн алдагдуулж, шаардлага хангахгүй хүнсээр 20 жилийн турш хордуулан хөнөөж, хүнсний зохиомол хомсодлыг үүсгэсэн, “хүнсний”,
21.Хүн ардыг худал суртал ухуулгаар мунхруулж, үнэн бодот байдлыг мэдэх боломжгүй болгох гэсэн, “суртал ухуулгын”,
22.Орон нутагт аж төрөх бүхий бололцоог үгүй хийж, нийслэл хотод л утга учиргүйгээр бөөгнүүлэн зовоосон, “хэт төвлөрлийн”,
23.Эрдэмтэд 2004 оноос хойш түгшүүрийн харанга дэлдсээр атал, Улаанбаатар хотыг байгалийн гамшгаас аврах биш, байдлыг улам хүндрүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа, “газар хөдлөлийн”... 
зэрэг чиглэлтэй хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэргүүдийг Монголын төр засгийг атгасан харийн нэоколоничлогчид дотоодын урвагчидтай хамтран үйлдэж ирлээ.
Миний бие 2005 онд монгол туургатны гэноцидийн асуудлыг дэвшүүлэн бичиж, иргэний хөдөлгөөнийхөнд олон улсын шүүхэд хандах шаардлагатайг хэлж, 2007 онд “Гэноцидийн тухай хуулийн” төслөө төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж, энэ үгүүллийн үндсийг 2008 оны “Хүйтөрөлгүйтгэлийн нөхөн төлбөр авцгаая!”, “С.Баярын ЗГ огцрох болжээ”, 2009 оны “Монгол оронд  хувьсгал хэрэгтэй!” үгүүллүүдээрээ нийтэд хүргэсэн болно. Цаашид ч, Монголын гэноцидийн хэргийг таслан шүүх, шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэх эрмэлзэлтэй агаад, хүн ардынхаа дэмжлэгийг хүлээж горилон сууна.
“Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм хэрэг үйлдэгсдийг шийтгэн цээрлүүлэх тухай конвэнц” нь НҮБ-ын үүсгэлээр буй болж, манай орон ч нэгдэн орсон. Конвэнцэд нэгдсэн орон, түүнд таарах хууль тогтоомжийг буй болгож, дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Гэвч манай төр эсрэг чанартай үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэдгийг бид мэднэ.
Уг конвэнцийн 2-р зүйлд: “…үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг нэгтэйнх нь хувьд аливаа бүлэг хүнийг бүхэлд нь буюу хэсгийг нь устгах зорилгоор үйлдсэн дараахь үйлдэл төрлөөр устгах хэрэг мөн. Үүнд:
а/ тийм бүлгийн гишүүдийг алах;
b/ тийм бүлгийн гишүүдийн бие махбодид ноцтой гэмтэл учруулах, ухаан санаанд нь согог суулгах;
с/ тийм бүлгийг бүхэлд нь, эсвэл хэсгийг нь бүрэлгэн устгахад чиглэсэн амьдрал ахуйн нөхцлийг санаатайгаар буй болгох;
d/ тийм бүлгийн дотор төрж үржихийг зогсооход чиглэсэн арга хэмжээ авах…” гэхчилэн заажээ.
3-р зүйлд: “Дараахи үйлдлийг шийтгэн цээрлүүлбэл зохино. Үүнд:
а/ төрлөөр устгах;
b/ төрлөөр устгах зорилгоор хуйвалдах;
c/ төрлөөр устгахыг шууд болон илээр турхирах;
d/ төрлөөр устгахыг завдах;
е/ төрлөөр устгахад хамсан оролцох” гэсэн байдаг.
Цаашид: төрөлгүйтгэлийн хэрэгтэн нь албан тушаалаас эс хамааран шийтгэл хүлээнэ, улсад нь шийтгэл хүлээлгэх боломжгүй бол, олон улсын шүүхээр шийдвэрлэнэ, ийм гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрнэ гэж үгүй гэсэн буй. НҮБ-ын, олон улсын, тивийн, зарим улсын шүүх төрөлгүйтгэлийн хэргийг шийдвэрлэх эрхтэй. Цөөнгүй улс, хүн төрөлхтний төвшинд үйлдэгдсэн, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүх эрхийг хуулийн байгууллагадаа олгосон байдаг.
Монгол улсад, “Арьс үндсээр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвэнц”, “Апартэид гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэн цээрлүүлэх олон улсын конвэнц”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлиг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвэнц” ноцтойгоор зөрчигдөж, холбогдох томоохон гэмт хэргүүд үйлдэгдсээр байгааг мөн дурдъя. Үндсээр ялгаварлах, апартэид бодлогын золиос нь манайд нийт хүн ам маань болоод байгаа билээ. Харин хэрэгжүүлэгч, хохироогчид нь харийн нэоколоничлогчид, тэдний 5-р цуваа. 
“Гэноцидийн тухай хууль”-ийн (2007) төсөлдөө би: 
“1. XX зуунд монгол туургатанд нэгдэх нягтрах зvй ёсны хандлага, эрмэлзэл буй болсныг улс төрийн атгаг зорилгынхоо vvднээс таслан зогсоох гэж хvн төрөлхтний эсрэг гэмт хэрэг vйлдсэн сталинист дэглэм, “соёлын хувьсгалчид”:
1/ БНМАУ, БНТУ, мөн Буриад, Халимаг, Өвөр Монгол зэрэг бvс нутгуудад, монгол туургад хамрагдах эх оронч, сэхээтэн, соёлын болон шашны зvтгэлтэн, язгууртан, чинээлэг ард, энгийн номхон иргэдийг олон мянгаар алж хядаж, vндэсний хэл соёл, төр, vзэл, эдийн засгийг нь устган сөнөөхийг чармайсан, зарим бvс нутагт vндэсний нэр (этноним)-ийг нь ч мартуулахыг оролдсон;
2/ Буриадын автономит улсын нутаг дэвсгэрийг 5 хэсэг болгон салгаж, vндэсний нэгдмэл байдлыг алдагдуулсан;
3/ Халимагийн ард тvмнийг Сибирь, Дундад Азид тараан цөлж, угсаатных нь хувьд мөхлийн ирмэгт аваачсан”
гэсэн төрөлгүйтгэх гэмт хэргүүдийг дурдсан. Төрлөөр устгах хэргийг үйлдсэн улсууд хохирогч талын өмнө буруугаа хүлээж, нөхөн төлбөр өгч, хэргийн  сөрөг үр дагаврыг арилгахын төлөө чармайн хичээдэг номтой. Молдов улс Зөвлөлтөд хүчээр нэгтгэгдэн хохирсны, Гүрж улс ОХУ 2008 онд түрэмгийлэн довтолсны төлөөс гэж, тус тус 28, 40 тэрбум долларыг Москвагаас нэхэмжилж байна. Тэгвэл Монгол улс үндэстний авах нөхөн төлбөр бүр ч их байх нь ойлгомжтой.
Гэхдээ, олон улсын хамтын нийгэмлигээс тал бүрийн шүүмжлэлийг хүлээдэг хоёр хэт их хөршдөө “бүслэгдсэн” бид, тэднээс их хэмжээний төлбөр нэхэмжилж, санасандаа хүрнэ гэвэл бодот байдлаас хазайсан хэрэг болох буй заа. 
Гурван улс хамтдаа монгол туургатны эсрэг төрөлгүйтгэлийг буруушааж, цаашид түүхэн сургамжаас үлгэр аван эв найрамдалтай зэрэгцэн оршино, хүн төрөлхтний эсрэг эл гэмт хэргийн урхгийг арилгахын төлөө хамтран ажиллана гэж тохиролцох, тунхаглах боломж бол бий. БНХАУ монгол туургатны нэг үндэстэн болохыг, ОХУ “монгольские народы”, “монголоязычные народы”, “монгольский мир” гэх нийтлиг байна хэмээн хүлээн зөвшөөрдөг. Мөн, Орос сталинизм, их хэлмэгдүүлэлтийг, Хятад “соёлын хувьсгал”, “дөрвөн дээрэмчний гэмт хэрэг”-ийг яллан буруушаасан гэдгийг санууштай.
Өдгөө, монгол туургатны эсрэг гэноцидийн нэг том бүрэлдэхүүн хэсэг нь, 1990 оноос хойш Монгол улсад үйлдэгдэж ирсэн хүйтөрөлгүйтгэл мөн гэж үзэх цаг нэгэнт болжээ. Энэ талаар миний бие өмнө нь ч дуугарч байсан. Өнөөгийн төр засаг эл гэноцидийг хүлээн зөвшөөрч, гэм нүглээ наминчилбал сайн л байна. Гэхдээ, чингэнэ гэж санах нь бараг алдас болох биз ээ.
Хууль л бол хууль. Монголынхоо хуулиар, эх орондоо тэмцээд амжилт олдоггүй юм бол, олон улсын хуулиар, дэлхийн тавцан дээр тэмцэцгээе ээ, ард түмээн! Гэноцидчидийг чаддаг улсаар нь шүүлгэе! Монгол улс үндэстнийг маань шат дараалан устган сөнөөж байгаа, хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэргийг даруй таслан зогсоох нь нийт хүн төрөлхтний төлөө ч хийж буй, ариун цагаан буян юм шүү!
Сайн үйлс дэвжин дэлгэрэх болтугай!
Ч.Мөнхбаяр
ММХ.VI.VI
http://moenhbayar.blogspot.com

No comments: