Tuesday, June 15, 2010

Монголчууддаа хүргэх нээлттэй захидал


Хэрэв та нийгэмд болж буй үйл явцын бодит учир шалтгааныг мэдэхийг хүсэж байгаа бол, улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалахыг хүсэж байгаа бол, үүний тулд хийх тэмцэлд нэгдэхийг хүсэж байгаа бол энэхүү сонордуулга мэдээг уншаарай.


МОНГОЛЧУУДДАА ХҮРГЭХ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

Эрхэм хүндэт таны амар мэндийг асуухын ялдамд монгол орныхоо хувь заяаны асуудлаар сэтгэл бодлоо хуваалцах чин сэтгэлээр энэхүү захидлыг танд бичлээ. 
Өнөөдөр Монгол улсын төрийн бодлого, үндэсний аюулгүй байдал алдагдаж, төрийн эрх мэдлийг барьж буй эрх мэдэлтнүүд, тэдний тусламжтайгаар цөөн бүлэг этгээд монголын бүх баялгийг луйвардан цөлмөж завшин, гадныханд худалдаж дуусгалаа. Үүнийг монголын олон нийт  төдийгүй гадаадынхан ч хүлээн зөвшөөрч, олон улсын шинжээчид та бидэнд сануулан хэлж байна. /Тухайлбал Параг Ханна/
Өөрөөр хэлбэл Монголын төрийг үндсээр нь өөрчлөн шинэчлэхгүйгээр монгол улс аврагдах аргагүй боллоо. 
Үүний тулд одоогийн УИХ, Засгийн газар төдийхнийг огцруулаад ямар ч олигтой үр дүн гарахгүй бөгөөд учир нь өнөөдөр Монгол төрийн дээр МАХН, түүний хань хамсаатан АН хоёр байгаа цагт одоогийн эрх баригчдыг зүсээ хувиргасан өөр луйварчдаар солих төдий хэрэг болж, Төр засгийн эрх мэдлийг энэ хоёр нам луйвардан авч, Монголыг худалдан үгүй хийх бодлого, үйл ажиллагаа нь хэвээр үргэлжлэх болно.  
Тиймээс Монголын Төр засгийг үндсээр нь өөрчлөхийн тулд нэн тэргүүнд МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглон тарааж, хөрөнгийг нь хураах ёстой. 
Тийм үндэслэл ч байгаа билээ. 
Сүүлийн 20 жилийн турш МАХН, АН хоёр хамтарч болон ээлжилж төр засгийн эрхийг барихдаа монгол улсын үндэсний ашиг сонирхлын эсрэг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хохироосон, харш бодлого, үйл ажиллагааг л явуулж ирсэн байна. 
Тиймээс бидний хэсэг нөхөд 2008 оны 4 дүгээр сарын 17-нд Улс төрийн намын тухай хуулийн 23.2. дугаар зүйлд заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах,... үйл ажиллагаа ... явуулсан... “ гэсэн заалтыг үндэслэн МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглох хүсэлтийг Улсын дээд шүүхэд хандан гаргаж байсан боловч тэр үед Улсын дээд шүүх ямар ч хариу өгөөгүй юм. 
Улсын дээд шүүхийн тэр хандлага бол шүүх засаглал гэгч нь эрх баригч намд үйлчилж, тэдний гэмт хэргийг нь ял шийтгэлээс хаацайлах үүрэг бүхий нэг “эрхтэн” нь, гэмт хэргийн бүлэглэлийн эд эс төдий болсныг илчилсэн төдийгүй, олон нийт ойшоож ухамсарлаагүйн илэрхийлэл болсон юм. 
Өөрөөр хэлбэл монголын олон нийт улс төрийн өнгө аястай янз бүрийн тэмцлийг хийсээр байгаа боловч МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хамтад нь хориглох санаа, ач холбогдлыг үл ойлгон, хэвшмэл үзлийн “хальсан бүрхэвч дор хатаж”, тус хоёр намыг тахин шүтэх хэмжээнд талцан хуваагдаж байснаараа улс төрийн халхавчтай луйварчин бүлэглэлүүдийн сайхан зууш нь болж ирлээ. 
Харамсалтай нь биднийг УДШ-д хандаад үр дүнгүй хоцорсны дараа УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН, АН хоёр мөн л ард нийтийн сонгуулийг мөнгөөр худалдан авах, булхайлан санал луйвардах зэрэг хууль бус аргуудыг эрээ цээргүй хэрэглэн хууль бусаар Төр засгийн эрхийг булаан авч, энэ явдлыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийг гудамжны эмх замбараагүй явдал болгон өдөөн турхирч, эцэст нь ард нийтийн зүг буу шагайн таван хүний амь насыг хороож, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон ялт хэргийг үйлдсэнийг та бид мэдэх билээ. 
Харин түүнд нь ард түмэн хүлцэнгүй хүлээцтэй хандсанд эрх баригч намуудын удирдах бүлэглэлүүд улам эрэмшин оодорч, төр улсыг эзэнгүйдүүлэн улс орныг худалдах, хувааж идэх үйл ажиллагаагаа цаашид улам эрээ цээргүй явуулж байгааг хараад суух аргагүй болж байна. Иймд МАХН, АН-ын үйл ажиллагааг зайлшгүй хориглох ёстой гэж үзэж дахин Улсын Дээд Шүүхэд хандахаар шийдлээ. 
МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглох нь:
1-рт Монголын олон нийтийн хувьд одоогийн УИХ, Засгийн газрыг огцруулах хууль ёсны үндэслэл, аливаа хүчирхийлэл, мөргөлдөөнгүйгээр төр засгийг өөрчлөх хууль ёсны арга зам, боломж, нөхцөл юм. 
2-рт Ах дүү /МАХН, АН/ хоёр намын зүгээс ард иргэдийг хуваан талцуулж, хэрэлдүүлэн дундаас нь өөрсдөө ашиг олж, улс төрийн ямарваа хариуцлагаас мултарч ирсэн муу арга явууллагыг цаашид гаргуулахгүй таслан зогсоох нэг арга зам юм. 
3-рт Цаашид төрийг нам удирддаг /үндсэн хуулийн бус/ гажуудлыг арилгах ганц боломж энэ юм. 
4-рт Олигархиудаас төрөө цэвэрлэх бодит боломжийг эндээс бүрдүүлж болох юм. 
Чухам энэ хоёр намыг үгүй хийсэн цагт л жинхэнэ нийт ард түмний хуралдайг хийж, Монгол төрийн тогтолцоо, бүтцийг цоо шинээр бүрдүүлж чадах бөгөөд Монгол улс энэ хоёр намаас ангижирч чадаагүй цагт эрүүл шударга нийгэм, улс төрийн хариуцлага, монгол төрийн бодлого, улс орны цаашдын хөгжил, сайн сайхан амьдралын тухай яриа нь хоосон тунхаг, чалчаа үг төдий байх болно. 
Иймээс эрхэм таныг энэ талаар сайтар тунгаан бодож үзэхийг, УДШ-д хандан өгөх гэж байгаа бидний өргөдөлд оюун сэтгэлээ хандуулан, бодол ухаанаа нэмэрлэж санаа зөвлөмжөө өгөхийг, хэрэв дэмжиж байгаа бол нэрээ оруулан гарын үсгээ өгөхийг, цаашид эцсийн үр дүнг олох хүртэл бидэнтэй нэгдэн нийлж, хүч зорилгоо хамтатган тэмцэхийг хүсэж байна. 
Ер нь шаардлагатай гэж үзвэл энэ хоёр намын үйл ажиллагааг хориглон тараах асуудлаар нийт ард түмний хэлэлцүүлэг явуулахыг ч санал болгож байна. 

Таныг хүндэтгэн мэндчилсэн Хэсэг нөхөд



МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД
ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

2010 оны 03 дугаар сарын .....  Улаанбаатар хот

Утга нь: МАХН, АН-ын үйл 
ажиллагааг хориглох тухай

Сүүлийн 18 жилийн турш Монгол ардын хувьсгалт нам /МАХН/, Ардчилсан нам /АН/ хоёр ээлжилж болон хамтарч төрийн эрхийг барихдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагааг явуулж ирлээ.  
Үүнийг тодорхой зарим баримтаар дурьдвал: 

1. Төр Засгийн эрхийг хууль бусаар авч ирсэн
Тухайлбал: 
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН 1,0 сая төгрөг, МАХН 1,5 сая төгрөгийг монгол улсын иргэн бүрт өгөхөөр амласан нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.11.18-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа байлаа. 
Ялангуяа МАХН 1500000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн зураг бүхий “Батламж бичиг”-ийг айл бүрт ам бүлийнх нь тоогоор тараасан нь сонгогчдын саналыг шууд худалдан авах луйврын ажиллагааг улам гааруулж, сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараах, сонгогчдын тоог худлаа бүртгэх, санал тоолохдоо луйвардах зэрэг бусад хууль бус аргуудыг эрээ цээргүй хэрэглэсэн. 
2008 оны УИХ-ын сонгуулиар 60 гаруй тйрлийн булхай илэрсэн хэмээн ‘’Иргэдийн сонголт’’ ТББ-аас мэдээллэж байлаа. Тэдний танилцуулснаар үндсэндээ 3 янзын луйварын шинжтэй үйл ажиллагаа голлож явагдсан. Эхнийх нь шилжин нүүдэллэх хөдөлгөөнтэй холбоотойгоор хэдэн мянган иргэдийг тухайн тойрог дээр нэмж санал өгүүлсэн БЗД 1400, ЧД 11900, СБД 11926 хүнийг тус тус нэмж бүртгэсэн, мөн хоёр дахь нь санал тоолох үеэр саналын хуудас нэмж тоолсон. Үүнд БЗД-т 2600, Увс аймгийн Давст суманд 51 санал илүү гарсан, гурав дахь нь шинээр хэсгийн хороо байгуулан санал авсан тохиолдол гарсан. Увс аймагт саналын хуудас хийх хайрцгийг өөрсдөө дур мэдэн хийж малчдын гэрээр явж санал авсан хууль бус үйлдэл гарсан. Уг нь СЕХ-ны зөвшөөрөлтэй сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг байгуулдаг журамтай, гэтэл урьд өмнө нь гарч байгаагүй луйварын шинжтэй ийм үйлдэл илэрсэн. Сонгуулийн тухай хуулиндаа тухайн тойрог, хэсгийн хороод дээр будлиантай асуудал гарвал уг тойргийн хорооны санал хураалтыг хүчингүйд тооцож, сонгуулийг ахин явуулна гэсэн заалт байдаг. Гэтэл СЕХ нүдэн балай чихэн дүлий байсаар байгаад сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан явдал нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна” хэмээн ТББ-ынхан тухайн үед мэдэгдэж байсан билээ. 
Түүнчилэн Ардчилсан нам сонгуульд зориулж Америкийн сенатчаас их хэмжээний доллар авсан байж магадгүйн баримт ч /Дорлигжавын захидал гэх/ хэвлэлд нийтлэгдэж байлаа. 
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.“ гэсэн заалтыг зөрчсөн.
Өмнөх Засгийн газруудаас мөнгөтэйгөөрөө илүү үзэгддэг байсан С.Баярын Засгийн газар сонгуулийн дараа мөнгөн сангийн “авдар” нь хоосорч, арилжааны банкууд дампуурч, “дэлхийн эдийн засгийн хямралд өртсөн” улс орны тоонд орсон нь эрх баригч 2 нам ямар бохир аргаар төр засгийн эрх мэдлийг булаан авсныг тодорхой илэрхийлэх үзүүлэлт юм.  
Түүгээр ч зогсохгүй төр засгийн эрхийг булаан авсан энэ хууль бус ажиллагааг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглааныг гудамжны эмх замбараагүй үймээн болгон өдөөн турхирч, эцэст нь ард нийтийн зүг буу шагайн таван хүний амь насыг хороож, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт явдалд хүргэсэн ялт хэргийг үйлдсэн. 
Улмаар олон иргэдийг, түүний дотор насанд хүрээгүй хүүхдүүдийг ч хоморголон баривчилж, зодож, айлган сүрдүүлж, хэрэг тулган хавтгайруулан ижил ял оноосон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-рт заасан “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.”  гэсэн заалтыг уландаа гишгэсэн хэрэг байлаа.   
Төр засгийн эрх мэдлийг хууль бусаар авсан энэ үйл ажиллагаа анхных нь биш, бас зөвхөн УИХ-ын сонгуулийг ч луйварддаг хэрэг биш ээ. 
Нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгж баг хорооны засаг даргыг сонгоход хуулийг үл хэрэгсэх явдал бүр ч цагаандаа гарсныг СБД-ийн зарим хороодын иргэдийн хурлыг хийлгэхгүй, хороодын засаг дарга нарыг 10 сарын турш түр томилолттойгоор ажиллуулж, үүнийг эсэргүүцсэн СБД-ийн 2, 3, 4, 16 дугаар хорооны иргэдээс түр хороо байгуулаад байгаа, БЗД-ийн 15 дугаар хороонд удаа дараа Засаг даргын сонгууль явагдсан ч 8 сарын турш засаг даргагүй байгаа зэрэг хэрэг явдлууд нотлож байна.   

2. Үндсэн хуулийн үзэл санааг гажуудуулан эрх мэдлийг үндэсний ашиг сонирхолд харшаар ашиглаж ирсэн
Тухайлбал: 
1999 онд 2 нам үгсэн хуйвалдаж Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь улс нийгмийн ашиг тусын тулд биш өөрсдийн ажлаа хийдэггүй, залхаг дампуу байдлаа хаацайлан хамгаалах сонирхлоос үүдэлтэй байлаа.Тухайлбал, УИХ 76-аас доошгүй гишүүнтэйгээр хуралддаг байсныг ирц хүрэхгүй болсон шалтгаанаар 50-иас доошгүй болгож,  өнөөдөр 20 хүн ч  хууль баталдаг болоод байна. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдог болгосноор гүйцэтгэх эрх мэдлийг, хууль тогтоох эрх мэдэлтэй нийлүүлж, хяналтгүй болжээ. 
Ингэснээр УИХ, Засгийн газар хоёрын аль нь гүйцэтгэх засаглалын үүргийг гүйцэтгэж байгаа нь ч мэдэгдэхээ больж УИХ-ын гишүүд улсын төсвийн хөрөнгийг өөрсөддөө тэрбум тэрбумаар нь хуваарилаад сууж байдаг боллоо.
Засгийн газар ямар бүтэцтэй байх, хэн сайд болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч шийддэг байсан бол одоо намын дарга-Ерөнхий сайд шийддэг, Ерөнхийлөгчид сонсгоод л хэрэв санал зөрөлдвөл өөрсдийнхөөрөө шийддэг болсон байна.  Өөрөөр хэлбэл төрийн дээр нам, намын дарга гарсан байна. 
УИХ-ын дарга, дэд даргыг нууц санал хураалтаар сонгодог байсныг ил санал хураалтаар шийддэг болсон. 
“Шаардлагатай гэсэн нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах санал”-ыг УИХ-д оруулдаг байсныг аваад хаячихсан. Ингэснээр ажил хийгээгүйн төлөө хариуцлага хүлээдэггүй, улс орноо худалддаг, бэлэглэдэг, хууль бус үйл ажиллагаагаа зөвшөөрөхийг УИХ-д шахаж шаарддаг “өндөр” эрх мэдэлтэй Засгийн газартай болж хувирсан. 
Үндсэн хуульд халдсан дээрх халдлага нь уг хуулийн хамгийн гол үзэл баримтлал, зарчмыг нь үгүй хийснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтыг завхруулж, дуртай хэдэн хүн нийлээд дураараа дургиж байх нөхцлийг бүрдүүлсэн нь үндсэндээ улс төрийн хариуцлагыг үгүй хийж, төрийг хүчгүй, хяналтгүй болгосон юм. 
Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэг байлаа. 
Энэ мэтээр Монгол Улсын Үндсэн хуулийг сахих байтугай дураараа засварлаж, бусдын захиалгаар хууль боловсруулдаг, хэн хүссэн нь хулгайгаар хуулийн үг үсэг, утга санааг нь өөрчилдөг, заалтуудыг нь үгүй хийдэг, өөрсөддөө тохируулан хууль гаргадаг болсон. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулиас эхлэн энэ мэт олон баримт жишээг дурьдаж болох байна.  
Түүнээс гадна төрийн захиргааны байгууллага, түүнд ажиллагсдын үйл ажиллагааг  нам бүлэглэлийн гэмт хэргийг хаацайлан хамгаалахад чиглүүлж ирлээ. Тухайлбал: Нийслэлийн ундны цэвэр усны эх үүсвэр болох тусгай хамгаалалтын бүсэд газар олгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар эрх үүргийнхээ дагуу хандсан Төрийн захиргааны ажилтны өргөдлийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзаж “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 3.1.7-д “Нэхэмжлэл гэж иргэн хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан заалтыг дурьдаад, хуулинд иргэн гэснээс биш албан тушаалтан гээгүй, бас таны хууль ёсны ашиг сонирхол хохироогүй байна, та бусдын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн тайлбарыг өгсөн нь төрийн захиргааны ажилтан “иргэн” биш,  бас тэд улс нийгмийн эрх ашгийг, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх, үүрэггүй болохыг “хуульчлан” тайлбарласан хэрэг юм. Энэ тайлбар, бодлогыг УИХ-ын дарга хүртэл хамгаалдаг нь эрх баригч МАХН, АН хоёр Монголын төрийн бодлого, үйл ажиллагааг монгол улсын ашиг сонирхлын эсрэг  чиглүүлж буйг илэрхийлсэн баримт билээ.  
  
3. Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж ирлээ
Тухайлбал: 
а/ Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг 
алдагдуулах үйл ажиллагааг явуулж ирлээ
- Монгол улсын хөрсөн доорхи бүх баялагийг хоёр намын дарга нарын удирдсан удаа дараагийн Засгийн газрууд лиценз эзэмшүүлэх гэсэн нэрээр харийн хүмүүст хуваан өгснөөр, монгол хүн ойртох эрхгүй, нутгийн засаг захиргаа нь ч мэддэггүй харийн хүний эзэмшлийн бүс нутаг энд тэндгүй бий болж, нутгийн иргэдийн малын бэлчээр, хадлангийн эзэмшил газар нь хомсдон, газар нутаг эвдэгдэх болсон. Улмаар гадны тэдгээр эзэд том гүрнүүдийн хөрөнгийн бирж дээр монголын баялгийг хувьцаа болгон арилжиж, дамлан худалддаг болсоор удаж байна.   
- 2008 оны 8 дугаар сард Арабын Эмирийг Монголд айлчлах үеэр С.Баярын Засгийн газар Дархан цаазат Богд хаан уулын Ар Зайсан дахь амыг түүнд бэлэглэсэн. Монголын газар нутгаас таслан бэлэглэх эрхийг хэнд ч ямар ч хуулиар олгоогүй билээ. 
- Зотолхаан уулыг хэвлий доорхи ураны нөөц баялагийнх нь хамтаар Францад бэлэглэсэн тухай ч яригдаж байна. 
- Дарханы чиглэлийн замд оршуулгын газрыг монгол хүн хятад иргэдээс худалдаж авдаг болоод байна. 
- Оюутолгойн гэрээг хоёр намын дарга, удирдах бүлэглэлийн сонирхол шахалтаар Монгол улсын хуулиудыг зөрчин, монголын талд ашиггүйгээр байгуулахдаа зарим хуульд өөрчлөлт оруулж гадны хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон цэвэр усны нөөцийг тэдний мэдэлд өгч ашиглуулахаар болсон нь Говийнхон уух усаа харийн эздийн зөвшөөрөлгүйгээр ашиглах хэрэглэх аргагүй болсон. Тэрч байтугай Говийн багахан усны нөөцийг том үйлдвэрийн хэрэгцээнд ашиглуулснаар амьдралгүй ангамал нутаг бий болгох аюул нүүрлээд байна. 
- Монголчуудад өнөөдөр өөрсдөө мэдээд ашиглах байгалийн баялаг ч ер нь хомсхон үлдэж, бүгд эзэнтэй болчихоод байна. 
- Гэтэл гадны нэг тэнэмэл жуулчин монголд орж ирээд ямар нэг ордын лиценз худалдаж аваад газар нутгийг чөлөөтэй ухаж сэндийлж байдаг, тэрч байтугай олзворлох үйлдвэр байгуулчихаад ажиллаж байхад хэн ч мэддэггүй “чөлөөт байдал” зөвхөн монгол улсад л бий болоод хориод жилийн нүүр үзлээ. 

Энэ мэтээр монголын газар нутаг, байгалийн баялаг монгол улс, монголын ард түмний мэдлээс гарсаар байна. 

Хамгийн хортой нэг санааг МАХН, АН хоёр нэгэн дуугаар уухайлан дэвэргэж, яаран амжуулж байгаа нь зөвхөн нэг л томхон ордыг ашиглахад монголын хэдэн үеийг тэжээх боломж байсаар атал бүх ордыг ашиглах нэрээр монголын газар шороог нийтэд нь онгичин сүйтгэж, байгаа бүхнийг нь гадагш зөөж дуусгах гэж улайрч байгаа явдал юм. Тэгэхдээ зөвхөн стратегийн гэх ордуудаас л Монгол улс жаахан юм хүртэж болох, харин тэр ангилалд ороогүй ордыг тус хоёр намын хэдэн хүн өөрсдийн дур сонирхлоороо гадныхантай ханцуй дотроо наймаалалцан дуусгахыг зорьж байгаа нь энэ хоёр нам хэний эрх ашгийг хамгаалж, монгол улсыг яаж устгах гэж байгааг дэндүү тодорхой илчилж байгаа бус уу!

б/ Экологийн аюулгүй байдлыг 
алдагдуулах үйл ажиллагааг явуулж ирлээ
- Тусгай хамгаалалтын бүс болох Улаанбаатар хотын ундны цэвэр усны эх үүсвэр, Туул голын сав газарт МАХН-ын дарга байсан эрхэм Монгол улсын хуулиудыг зөрчин газар олгож, /үнэн хэрэгтээ газрын наймаа эрхлэж/ түүн дээр нь бүтээн байгуулалт нэрээр “гадны хөрөнгө оруулагчид” голдуу орон сууцны барилгууд барьж, цаана нь бас өчнөөн барилга байгууламж нэмэж барихаар улайрцгааж байна. Нийслэлийн цэвэр усны байгалийн ганц нөөц сан болсон Туул голын сав газрыг эвдэн сүйтгэх ажиллагаа үүгээр зогсоогүй ээ.  
Туул голын эрэг сав дагуу аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж, элс хайрга олзворлож, бохирын цооног ухаж, барилгын хог хаягдал асгаж, бохир усаа гол руу юулж, эргийн мод бутыг нь огтолж, Гачууртад цэвэр усны сав газарт гольфийн талбай барих нэрээр 500000 м2 газрын хөрсний бүтцийг эвдэн ухаж, олон нийтийн эсэргүүцэл тэмцлийн үр дүнд л арай гэж үүнийг зогсоосон. Дээр нь бас Туул голын дээд эхийг тэжээдэг Галтайн голын эхэнд хятадын компаниудад алт олзворлох ашиглалтын болон хайгуулын /2196А, 12310Х дугаарын/ лицензүүд олгожээ. 
Ундны цэвэр усны нөөцийг үгүй хийх ийм үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хотод төдий биш нийт монгол улсын нутаг дэвсгэрт явагдсаар байна !!! 
2 жилийн өмнөх албан ёсны тоо баримтаар бол Монгол орны 2000 гаруй гол, нуур, булаг шанд ширгээд байгаа. 
- Өвс ургамал, ан амьтан, шувууг ч төрөл зүйлээр нь устган үгүй хийж, ой модыг огтолж дуусахад хүрээд байна. 
Тэр ч байтугай хөрш гүрний хоолны хэрэгцээний савхыг хангахад зориулж Хятадын хөрөнгө оруулалттай компанид Сэлэнгэ аймгийн Ерөөгийн модыг огтлуулж сүйтгүүлж байлаа.  
Шонхор шувуу зарах, ой мод огтлон вагон вагоноор нь гадагш гаргах ажлыг зөвхөн төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн шийдвэр зөвшөөрлөөр гүйцэтгэж ирсэн. Харин энэ бүхнээ ажлын байргүй, амьдрах аргагүй болсон ард иргэдэд тохохын тулд тэднийг далдуур өдөөн турхирч, өөгшүүлэн дэмжиж, үл мэдэгчийн байр сууринаас зоргоор нь тавьж, сүйтгэх ажиллагааг ард иргэдийн гараар гүйцэтгүүлж ирлээ.
- Өнөөдөр монголын баялагийг хяналтгүйгээр гадагш нь зөөх болсон төдийгүй, байгаль газар нутгийг маань хордуулан сүйтгэх үйл ажиллагаа нь улс орны экологийн аюулгүй байдлыг нэгэнт үгүй хийгээд байна. Энд зарим нэг албан ёсны тоо баримтыг дурьдвал: ОБЕГ, УМХГ, БОЯ, VХЯамнаас хийсэн шалгалтын тайланд “... эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймагт 2330 га талбай эвдрэлд орж сvйрсэн...
...Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 6025 тн хортой шлам vvсгэж, 4,8 га талбай мөнгөн усаар бохирдсон. Төв аймгийн Жаргалант сумын Талбулагийн тасагт 1,5 га, Борнуур сумын Бичигт бригадын төвд 1,5 га, Нумт гэдэг газар 0,35 га талбай онцгой хортой химийн бодис болох цианит натри, мөнгөн усаар хордсон…
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгой гэдэг газар 0,06 га, Мандал сумын Эрээний орд 4,0 га газар, Мандал сумын Малгар уул орчим 1,5 га, Баянгол сумын Нарангийн аманд 1,5 га, Нарангийн голд 5,5 га талбай онцгой хорт химийн бодис болох цианит натри, мөнгөн усаар хордсон. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд 0,05 га талбай мөнгөн усаар хордсон”
МЩн ОБЕГ, УМХГ, БОЯ, VХЯамны дээрх тайланд “Капитал ресурс” ХХК Баянгол сумын Нарангийн гол болон Рашааны ам хэмээх газруудад цианит ашиглан шлам угаах vйл ажиллагаа явуулж байснаас мөнгөн ус, цианитаар хордсон 1000 м кв. гаруй шороо, 3000 м кв. орчим талбай бvхий хаягдал усан сан vлдэж... /Ийм цөөрмvvд хаа сайгvй бий болсон шvv дээ./
....Өмнөговь аймгийн Ханбогд, Хvрмэн, Ноён, Булган суманд мөнгөн усаар бохирдсон 25 мянга орчим тонн шлам vvсгэн, vvгээр 18,6 га талбай хордож
.....Баянхонгор аймгийн Баян-Овоо, Баацагаан, Шинэжинст, Жинст суманд 6,6 га талбайг мөнгөн усаар бохирдуулсан 100 мянга орчим тонн хорт хаягдлыг байгальд хаясан. Эдгээр сумдад бэлчээрийн худгууд бохирдсон байх өндөр магадлалтай, малчдын эрvvл мэнд, удмын санд аюул нvvрлэж, байгаль орчин сvйдэж…
....Говь-Алтай аймгийн Тонхил, Есөнбулаг, Чандмань сумдад байгаль орчин сvйдэж, химийн хорт бодис алдагдаж.....
Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Архангай, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад ч хордсон цэгvvд гарсаар байна....” гэж тэмдэглэгдээд байгаа.
Экологийн аюулгүй байдлын эсрэг энэ мэт үйл ажиллагааны хорт үр дагавар захаасаа Хонгор суманд илэрч, хүн амьтан, ураг удамд ямар аюул нүүрлэж байгааг нийтээрээ харж мэдэрч эхлэж байна. 

в/ Монгол Улсын Хил хязгаарын халдашгүй 
дархан байдал алдагдаж ирлээ
- Монголын газар нутаг, хүн амыг нийтэд нь хөнөөн сүйрүүлж болох асар их хорт бодисыг хилээр ямар ч хяналтгүйгээр чөлөөтэй нэвтрүүлсээр ирлээ. Өнөөдөр манайд хэн нэг эрх мэдэлтний зөвшөөрөл л байвал хилээр юуг ч нэвтрүүлж болдог болсон нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах хилийн үүрэг нэгэнт байхгүй болсныг илтгэж  байна.  
Энэ талаар албан ёсны ганц нэг баримт жишээг дурьдвал “....Дорнод аймагт химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д 115 нэр төрлийн, 6,6 сая кг, Төмөртийн “Цайрт минерал” ХХК-д 106 нэр төрлийн олон арван мянган тонн, “Шан лун” ХХК зургаан нэр төрлийн химийн бодис оруулж ирж байна...” Тэр ч бvv хэл зарим нэг боомтыг тусгайлан нээсэн байна. “...Засгийн газрын 2007.03.20-ны өдрийн 65 тоот тогтоолоор химийн бодис нэвтрvvлэх боомтын жагсаалтад Дорнод аймгийн Баянхошуу боомт, Сvхбаатар аймгийн Бичигтийн боомтыг нэмэлт болгон оруулсан бөгөөд ...” эдгээр боомтууд нь дээр дурьдсан нэг л компанид зориулсан арга хэмжээ байжээ. Мөн тvvнчлэн “...Эдгээр хилийн боомтууд дээр химийн бодис оруулж ирэхэд хяналт тавих лаборатори, байгаль орчны улсын байцаагч, мэргэжлийн боловсон хvчин байхгvйгээс химийн бодис хууль бусаар хилээр нэвтрэх нөхцөлийг бvрдvvлж байна..” гэсэн дvгнэлтийг ОБЕГ, УМХГ, БОЯ, VХ Яамнаас хийсэн шалгалтын бvрэлдэхvvн хийсэн байна. 
/Бороо гоулдыг нэрээр 2008 оны 04 сарын эхээр 40 чингэлэг буюу 800 тн цианит натри орж ирсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж бичигдэж байсан/
- Гаалийн албаны эрх мэдэл бүхий албан тушаалуудад намын томилолтоор тавигдсан этгээдүүд “гаальтай машин” гэх мэтийн ямарч хяналтгүй хил нэвтрэгчдийг зохион байгуулан бий болгосон төдийгүй, монгол улсын хилээр  зорчигчдод хууль, дүрэм журмынхаа дагуу үзлэг шалгалт хийх гэсэн хил, гаалийн ажилтныг өөрсдөө очиж хориглон саатуулж байгаа албан тушаалтныг ч олон нийт телевизээр үзэж харлаа.  
- БНХАУ руу Тавантолгойн өндөр чанарын нүүрсийг өдөр шөнөгүй, ямар ч хяналтгүйгээр зөөж, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн нутгуудаар урд хөршийн иргэд дуртай цагтаа орж гарч, хэсэн тэнүүчилж, бэлчээр газрыг ухаж сүйтгэн алт, бусад ашигт малтмал, өвс ургамлыг ч үндсээр нь зулгаан зөөдөг боллоо. Хурдан унаа, бүрэн зэвсэг агсан ан амьтныг нь алж хядаад чөлөөтэй сэлгүүцэж байдаг боллоо. 
- Монголын нүүрсийг зөөхийн тулд монголын хилд тулж ирсэн БНХАУ-ын төмөр замтай холбож урагшаа төмөр зам тавих зөвшөөрлийг МАХН-ын дарга С.Баяр нууцаар олгож, Хятад иргэд Хөшөөтийн уурхайгаас урд хөрш руу өндөр даацын засмал зам тавьж байна.   

г/ Эдийн засгийн аюулгүй байдал 
бүрэн алдагдлаа
МАХН, АН хоёр төрийн эрх мэдлийг ашиглан улс орны хамаг хөрөнгө баялгийг цөөн бүлгээрээ хуваан завших санаа зорилгыг хэрэгжүүлж ирсэн нь үнэн чанартаа тонон дээрэмдэх, түйвээн сүйтгэх ажиллагаа болсон юм. Энэ нь хэрхэн шатлан өргөжиж ирснийг, тэдний бодлого үйл ажиллагааны гайгаар монгол улс, монголын ард түмэнд учирсан хохирлыг тоймлон тоочвол: 
- Өмч хувьчлал нэрээр монголын ард түмний хэдэн үеийн бүтээн байгуулсан их хөрөнгийг цөөн хэдэн эрх мэдэлтэн хуваан авах үйл ажиллагаа явуулснаар иргэдийн олонхи ямар ч хөрөнгөгүй хоцорсон төдийгүй үй олноороо ажлын байргүй болж, гудамжинд хөөгдөн гарсан. Цэл залуугаараа “тэтгэвэрт” хөөгдөн гарагсдын олонхи нь өнөөдөр амь зогоох тэтгэврийн мөнгө ч үгүй хохирч байна.  
Өмч хувьчлалын үр дүнд үйлдвэрүүдийг хөгжүүлнэ гэж сурталчилж байсан боловч харин эсрэгээрээ бүх үйлдвэрийг тонож, тоног төхөөрөмжүүдийг нь хаягдал төмөр болгон ачуулж, үндэсний үйлдэрлэлийг бүхэлд нь үгүй хийсэн. 
Хөдөөд өдий төдий малын хашаа, худаг уст цэг, механикжсан ферм, үтрэм, мал эмнэлэг, тэжээлийн цэг, барилга байгууламжууд, тэрч байтугай хүн ам оршин амьдарч байсан суурин төвүүд тэр чигээрээ устгагдаж, энд тэнд хаягдмал балгасууд үлдэж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үндсэндээ зогссон.  
Үр дүнд нь өнөөдөр монгол улс ажилгүйчүүдээр дүүрч тариа, ногоо гэх мэт хүнсний зүйлсээсээ эхлэн, нусны алчуур, оймс шаахай гээд эдлэж хэрэглэх бүхнээ цөмийг гаднаас авах болсон. Энэ бүхний ард “хүнсний аюулгүй байдал алдагдах” гэгч нэгэн хөнөөл нийгмийг идсээр байна. 
Малыг хувьчилсан гэж сайрхадаг ч энэ нь сүргийн бүтэц, мал эмнэлэг, үржил селекци, бэлчээрийн даац, ашиглалт, усжуулалт, хадлан тэжээлийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн механикжуулалтын асуудал зэрэг шинжлэх ухааны үндэслэл бүхий төрийн бодлого, зохицуулалтгүй болгож, хөсөр хаягдсан малчид өнөөдөр хадлан авъя гэсэн ч ганц гар хадуураас өөр гартаа барих багажгүй /гар хадуур нь байдаг ч юм уу үгүй ч юм уу/, нэг нэгнээсээ өрсөж ашиглах гэсэн аминч өрсөлдөөн, ямаа голдуу сүргийн буруу бүтэц, зохицуулалтгүй өсөлтөөр /мөн бусад буруу бодлого үйл ажиллагааны гайгаар/ бэлчээр нь талхлагдаж, цөлжсөнөөр хамар хатгах өвс бэлчээр нь ч барагдаж, хүн төрөлхтний оршин амьдрахуйн төгс төгөлдөр хэлбэр болсон нүүдлийн соёл иргэншил, монголчуудын оршин тогтнохуйн үндэс болж ирсэн, олон мянган жилийн түүхтэй  монголын  мал аж ахуй ганц зудыг даах эсэх нь, цаашид үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй болоод байна. 
Зохион байгуулалттайгаар банкуудыг дампууруулж, банк санхүүг голдуу гадныхны мэдэлд өгснөөр өнөөдөр монголын мал “Хаан банкны” барьцаанд орж, малчид үндсэндээ ямар ч цалин хөлсгүйгээр харийн нэгэн банкны эзний малыг маллаж, гадны түүхий эдийг бэлтгэж суудаг болсон. 
- Цаашид эрх баригч намуудын бүлэглэлийн дээрэмдэн тонох ажиллагаа шатлан өргөжиж банкуудыг дампууруулж, улс орны санхүүг хоосруулаад, ард иргэдийн амьжиргаагаа залгуулахаар барьж босгосон ТҮЦ-үүдээс эхлэн ажил бизнесийг нь, хадгаламжийн мөнгийг нь, тэр ч байтугай амьдрах орчных нь зай чөлөө, хүүхэд тоглох талбайг нь хүртэл булаан луйвардах болсон. 
Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын сургуулиуд сурагчдын хөл бөмбөгийн тэмцээнийг спортын заалны умгар зайд явуулдаг болж, гүйлтийн тэмцээн гэх мэтийн оронд компьютер тоглоомын тэмцээн л зохион байгуулахдаа тулаад байна.  
Монголчуудад олдохгүй болсон тэр зай талбайд гадныхан хөрөнгөө байршуулж, орон сууц, албан контор, баар, ресторан, зочид буудал, банк, зуучлалын товчоо, сүм хийдээ байгуулан, үй олноороо орогнон суурьших болж, амьдрах орчин зай талбайгаа өргөтгөн тэлж монгол орны эрх мэдэлт эзэд нь болцгоож байна. Харин монголчууд улам ядуурч захын хорооллууд руу шахагдсаар байна. 

Монголын ард түмэн өнөөдөр өмч хувьчлал ямар зорилготой, ямар үр дүнтэй явагдсаныг эрх баригч хоёр намаас асууж, өнгөрснийг эргэн харж дүгнэж цэгнэх хэрэгтэй болжээ. 
Өмч хувьчлал гэгч нь монгол улсад ашигтай орлоготой бүхнийг ард түмнээс булаан авч устгасан, цөөн бүлэг этгээд ашиг орлогыг нь завшин зугаа цэнгэл, тансаг хэрэглээнд зориулж гарын салаагаараа гадагш урсгасан, дээрэм луйврын шинжтэй хэрэг явдал байлаа. 
Өнөөдөр Монголд улс нийгмийн хамаг баялгийг эрх баригч намуудын нөмөрт хоргодож, эрх мэдэлтний эзэмшилд, эрх мэдлийн ивээлээр амьдардаг хэдэн том хувийн компани хуваан эзэмшиж байгаа хэдий ч тэдний ашиг орлого Монгол улсад өчүүхэн ч шингэж, хувь нэмрээ оруулж байсангүй. 
Тэд татвараас орлогоо нууж, өршөөлөөр татварын өрөө цайруулж, улсын төсвөөр зарладаг тендерийг тэд авч, банкуудаас их хэмжээний зээл аваад банкуудыг нь дампууруулан, зээлээ төлөлгүй мултарч, бусдаас давуу эрх эдлэн эзэмшилдээ авсан ашигт малтмалын ордуудыг гадныханд дамжуулан худалдаж, мөнгөн хөрөнгөө гадаадын банкуудад байршуулан эх орноосоо зувцуулж, харин өр зээлээ ард түмэнд үүрүүлж, импортоор оруулж ирсэн чанар муутай бүтээгдэхүүнээ өдөр өдрөөр үнийг нь өсгөн ядарсан иргэдээ үнийн хөөрөгдлөөр дарамталж ирлээ.     
Монгол орныг тэд цөлмөн ядууруулж байна.  
Гэтэл өнөөдөр улс оронд шийдэх ёстой өчнөөн асуудлыг яах, юу хийх талаар ганц үг ганхийхгүй байж Монгол улсыг тэжээж байгаа ганц үйлдвэр “Эрдэнэт”-ийг хувьчлах санааг МАХН-ын даргын дэвшүүлж гаргаж тавьсан Монгол Улсын шинэхэн Ерөнхий сайд Сү.Батболд гаргаж тавьж байгаа нь ард иргэдийн сүүлчийн талхыг нь булаах гэж байгаа увайгүй явдал юм. Монголын овоохон хөрөнгийг хувьчлалаар “цохисон” шинэ Ерөнхий сайд ийм л ажил сэдэж байна. Ёстой л сурсан юмыг сураар боож болдоггүйн жишээ энэ биз ээ. 
Ийм увайгүй явдалд дэндүү гаршсан эрх баригч хоёр нам энэ бүхэндээ ч сэтгэл ханахгүй гадагшаа бас гуйлга гуйсаар… 
- Ард түмний нэрээр гадны улс орнуудаас учир тоймгүй их өр зээл авч Монгол улсыг өр зээлийн намагт гүнзгий  шигтгэж байна. 
Авсан зээлийн хэмжээ нь Монгол шиг жижиг улсыг байтугай Хятад шиг том улсыг ч хөл дээр нь босгочихоор боллоо. Гэтэл өр өсөж байгаатай зэрэгцэн Монголын гэх өнгөтэй өөдтэй бүхний нөөц өдрөөс өдөрт шавхагдах болов.  
- Хэн нэг нь тушаал буулгасан мэт нэгэн зэрэг гэнэт олноороо байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоод зорилго чиглэлийг нь хуулиар “зохион байгуулалттай залилангийн үйл ажиллагаа явуулах” гээд тогтоочихсон юм шиг бүгдээрээ л ард иргэдийн мөнгийг луйвардах ижилхэн сэтгэлгээгээр ажиллаж, хэдэн мянган айл өрхийн амьдралыг үгүйрүүлэн бусинуулчихаад байхад, хоршоодод хуримтлагдсан хэдэн арван тэрбум төгрөгийг зээл нэрээр луйвардсан нууц ноёдын луйвардсан мөнгөө завших бололцоог нь хангахын тулд ХЗХ-ны эзэн нэртэй золиосны хэдэн хүнийг хохирсон иргэдийн нүүрэн дээр барьж, шийтгэсэн дүр үзүүлээд  хохирлыг нь харин ард түмний татварын мөнгөөр төлөх аргыг сэдэж,
-Хадгаламж банкны 14,2 тэрбум төгрөгийг банкны удирдах ажилтан нь өөрөө цөлмөн идэж байхад, төрийн мөнгөний бодлогыг барьж хянах үүрэгтэй Монгол банк нь хүртэл түүнд нь хуйвалдан оролцож байдаг, 5 жилийн турш түүнийг нь нуун дарагдуулж, мэдээгүй дүр үзүүлж суудаг тийм төрийн хяналтын системийг бүрдүүлж, 
- “Анод”, “Зоос” гэх мэт арилжааны банкуудыг хэдэн хүн зээл авах нэрээр хоослон дампууруулж байхад ард нь эрх баригчид төсвийн мөнгөөр хувийн банкуудын алдагдлыг нөхөх баталгаа гаргаж,
-”Намдаа хандив хөрөнгө цуглуулах”-ын тулд “Гаалийн” Баатар мэтийн хамгийн том авилгач, хулгайч, алуурчдыг төрүүлж, тодруулж, эрх мэдэл бүхий том албан тушаалуудад байршуулж 
- Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүд олон нийтийн ямар ч хяналтгүйгээр, үр ашиггүйгээр дураараа зарцуулж ирсэн зэрэг эрх баригч хоёр намын хулгай луйврын ажиллагааны  энэ мэт жишээг тоочоод барашгүй. 

Дээрх хоёр нам гэх улс төрийн бүлэглэлүүдийн ялт ажиллагаа тонон дээрэмдлэгээр зогсохгүй монголчуудын оюун санааг ч хордуулж байна.

 - Ажлын байрыг нь булаан үгүй хийж, иргэдийг үй олноор нь ажилгүй, /ажилгүй болохоор/ орлогогүй, амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлгүй болгочихоод, аргагүйдсэн байдал, гутарч гунисан сэтгэлийг нь хар наймааныхаа золиос болгон ашиглаж Монголчуудыг архин далайд живүүлж, эр эмгүй бүгдийг архичин болгох ажлыг сүүлийн 18 жилд ээлжилж, хамтарч төр барилцсан улс төрийн хоёр хүчин л бодлоготойгоор зохион байгуулан хэрэгжүүлж ирсэн. 

17 чингэлэг спирт, 64 тонн спирт гэх мэт олон хэргийг ард иргэд санаж байгаа байх аа! 
Сонгуулийн үеэр эрх баригч намуудын хийж гаршсан, санал авах сонгомол арга хэрэгслийн нэг нь авдар авдраар архи тарааж, сонгогчдын дунд хавтгай архидалтыг зохион байгуулах ажил байдгийг хэн хүнгүй мэднэ. 
Энэ мэтчилэн хямд, хортойгоос эхлэн дуураймал, гадаад дотоод элдэв архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт эрх баригч бүлэглэлүүдийн ил далд дэмжлэгээр цэцэглэж, баар цэнгээний газар, дэлгүүр худалдаанд архи зарах эрх ч тэдний ивээл, зөвшөөрлөөр явагддагийг, сүүлийн 18 жил монголд архины үйлдэрлэл л хамгийн сайн хөгжсөнийг бүгдээрээ мэдэж байгаа. 
Тэдний ивээлээр бүр хортой архи хүртэл үйлдвэрлэгдэж 15 хүний амь насыг авч одсон.
Эрх баригчид “санасандаа хүрч” өнөөдөр монголд “архины цагаан солио тусаж” эцэг эх гэр бүл үр хүүхдээ айлган сүрдүүлж, үгүйрүүлэн барж амьдардаг,  гэмт хэргийн эзэн-согтуучуудаар гудамж дүүрээд байна. Арга нь барагдсан ард иргэд “Ардчиллын “буянаар” айл болгон нэг архичинтай л боллоо” гэж халаглах болжээ.
- Зөвхөн архиар зогсохгүй монгол улсыг хар тамхичдын орон болгох зам мөр рүү түлхэж байна.  

Улс төрийн бүлэг луйварчдын томилсон дипломатууд хар тамхи зөөж олон улсын хэмжээнд шившгээ дэлгэн шуугиан тариад төдий л удаагүй байхад улс төр санхүүгийн нэр нөлөө бүхий эрх мэдэлтний үр хүүхдүүдэд уруу татагдсан “хар тамхичдын залуу арми” монголд нэгэнт бий болчихоод байна. 
 
- Монголчуудыг архин далайд ингэж живүүлчихээд тэндээс арай гайгүй сэлж гараад амьдрах чадвартайгаа үлдэж байгааг нь гадаадад хар ажилчин болгон худалдаж байна. “Хөлсний цэрэг” болгож ч явуулж байна. Бүр гадаадад худалдагдаад явахыгаа хамгийн азтайд тооцох тийм хар бараан амьдралыг эрх баригчид нийгэмд тулгаж байна.  
(Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд 34879 байгаа гэсэн тоо баримт байдаг хэдий ч энэ нь зөвхөн бvртгэлтэй иргэд ба бvртгэлгvй албан бус 300000 орчим иргэд байдаг юм байна. 
/ Сонгуулийн насны 1552539 иргэний бvртгэл, нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд хvргvvллээ/  Нийтэлсэн: 2008-03-28 16:06:00 , Мэдээний дугаар: #95876  Б.Баяр, Б.Ганболд Мэдээллийн эх сурвалж:   )
Өөрөөр хэлбэл өнөөдөр монголчууд амьдрахын эрхэнд ажил хайж эх орноосоо дүрвэх боллоо.  
Ард иргэдийг “сайн дурын хүсэлтээр нь худалдаалж” байгаа энэ бодлогын үр дүнд монголд хүүхэд хөгшид, хөдөлмөрийн чадваргүй архичдаас өөр хань бараагүй “гэр бүлгүй гэр бүл” гэдэг шинэ маягийн гэр бүл төлөвшил бий болж, сонин хэвлэлийн хуудсаар дамжуулан эмэгтэйчүүд төрөөс эрчүүдээ нэхэх болсон. 
/Ажлын байргүй, амьдралын орлогогүй, эр нөхөргүй, дээр нь нийгмийг архичдаар дүүргэсэн энэ байдал нь эмэгтэйчүүдийг ялангуяа охид бүсгүйчүүдийг биеээ үнэлэх, харийн хүнд худалдагдах, доромжлогдох гэх мэт нийгмийн олон сөрөг үзэгдлийг бий болгох үндэс нь болж байна./ 
Сайн дураараа явах насанд хүрээгүйг нь хүчээр дамлан худалдаалах явдал ч газар авсныг 2 жилийн өмнөөс олон нийт мэдэж, төрийн бус байгууллагынхны оролцоотой хохирсон иргэд олон нийтэд мэдээлснээр л нийгэмд эсэргүүцлийн дуу хоолой сонсогдох болсноор хүчний байгууллагынхныг дуртай дургүй ч хөдөлгөөнд оруулсан. 

- Хорноос дутуугүй аюултай баталгаагүй эмийн наймаа ч энэ хоёр намын ивээл халамж дор явагдаж байдгийг олон нийт мэдэх боллоо. 

- Эрх баригч улс төрийн энэ хоёр хүчний дээр дурдсан хорт бодлого, буруу үйл ажиллагааны гайгаар өнөөдөр монголчууд амьдрахын эрхэнд худал хэлэх, хулгайлах, луйвардах нь төрөлх чанар нь болтлоо ёс суртахууны хувьд ялзран доройтож, тэр бүү хэл захиалгаар бие биенээ цааш харуулах нь энүүхэнд болж, ДОХ, бэлгийн замын болон бусад мэдэх мэдэхгүй халдварт өвчин нийтэд дэлгэрэн газар авч, байгалийн гай гамшигт үзэгдэл ч нүүрлэх боллоо.
Энэ бүхний үр дүнд монголд наад зах нь бүтээн байгуулалтын ажил хийе гэхэд ажиллах хүчин үгүй болж, армид алба хаахад бие бялдар болоод оюун санаа, эрүүл мэндийн хувьд тэнцэх монгол залуус цөөн боллоо гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаны хүмүүс ч хэлж ярих болсон. 

д/ Монгол соёл иргэншлийн аюулгүй 
байдал алдагдлаа
Тухайлбал:
Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд гэгдэх
1/ гадаад улс, хүчнүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын бодлогын улмаас монгол соёл иргэншлийн өвөрмөц дүр төрх бүдгэрч бусдад уусч болох нөхцөл бүрдэх;
2/ шашны харгис номлолыг сурталчлах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самууныг сурталчлагч зүйлсийг ямарваа хяналтгүйгээр дэлгэрүүлэх.
Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд гэгдэх
2/бусад ард түмний соёл иргэншлийг хэт дөвийлгөн сохроор хуулбарлах буюу зах зээлийн эдийн засгийн болон орчин үеийн шинжлэх ухаан-техникийн дэвшлийн сөрөг үр дагавраас сэргийлэх бодлого алдагдах;
3/гадаад, дотоод байдлын улмаас нийгэмд оюуны хоосон зай үүсэх, нийгэм оюуны хоосролд орох;
4/түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарах  зэрэг нь ердийн үзэгдэл болжээ. 
Монголын Нүүдлийн соёл иргэншлийн хөрс суурь болсон газар нутаг, бэлчээр, усыг сүйтгээд зогссонгүй монгол улсын нутаг дэвсгэр дээрх түүх соёлын ховор нандин дурсгалуудыг хайр найргүй устгах ажиллагаа ч туйлдаа хүрч байна. Энэ талаар Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн гуайн бичсэн зарим баримтыг дурьдвал: 
“Монгол улсын газар нутгийн 70 орчим   хувь нь 6000 шахам лиценз нэртэй баримт бичгээр бусдын  мэдэлд оржээ. Энэ газар нутгийн 70 орчим хувьд  түүх соёлын хичнээн их үнэт зүйлс ил далд хадгалагдаж байгаа … 
“Айвенхоу майнз”-ийн ашиглалтын  талбайгаас олон удаагийн судалгаагаар Өмнөговийн Манлай сумаас хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгал, Өмнөговийн Ханбогд сумаас чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл, төмөр зэвсгийн үеийн 51 дурсгал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хүрэл, төмрийн үеийн 233 дурсгал, 13 булш, Дорноговийн Мандах сумаас хүрэл, төмрийн үеийн 47 дурсгал, Баянхонгорын Жинст сумаас хүрэл,төмрийн үеийн 9 дурсгал, Өмнөговийн Ханбогдоос 19  дүгээр зууны үеийн Дэмчигийн хийдийн туурийн малтлага, хүрэл төмрийн үеийн ЗЗ дурсгал, 13 булш, Хүннү, Түрэгийн үеийн 10 дурсгал олдсон “Каскадиа майнз” ХХК 1999-2000 онд хайгуул хийх үеэр хүрэл төмөр зэвсгийн үеэс дундад зууны үеийн 76 дурсгал илэрсэн байдаг. Энэ дурсгалт зүйлс одоо “Бороо гоулд”-ын Гацууртын ашиглалтын талбайд орчихсон.
Түүх дурсгалын үнэт олдвор бүхий Ноён уулын газрын координатыг Археологийн хүрээлэнгээс 48 U 623901 5389343 гэж тодорхойлсон байна. Энэ нь “Бороо гоулд” компанийн ашиглалтын 198 А лиценцтэй талбайд байгаа юм.
Төслүүдэд дээрх 6.13-т заасан түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах судалгаа хийлгэсэн  нь ердөө 26-хан удаа байна. өөрөөр хэлбэл энд Соёлын өвийн тухай хуулийн хэрэгжилт 0,4 хувь ч хүрээгүй байна. Заамарын нутаг, олон голын хөндийн түүх дурсгалуудыг гадаад дотоодын тавь гаруй компани устгалаа. Булган аймгийн Дашинчилэн сумын Чин толгой  хэмээх домогт газарт байсан Хядан улсын үеийн  Хэрэмт хотын туурийг хятадын компани сүйтгэв. “Шеймен” гэдэг хятадын компани, түүх соёлын үнэлгээ дүгнэлт үгүйгээр Хэрлэний хөдөө арлыг өрөмдөж байна.  Даанч дэндэж байгаа юм биш ҮҮ!
Үндсэн хуулинд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл,  шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалт, “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-гийн 10-т хот суурин, барилга, байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад газар олгоход, түүх археологийн мэргэжлийн байгууллагаар  урьдчилан хайгуул судалгаа хийлгэж зөвшөөрөл авна” гэсэн заалтууд байх юм… Ягштал баримтлах ёстой энэ заалтууд зөвхөн цаасан дээрээ “хэрэгжиж” байна…”
- Монголын үндэсний дээл хувцаснаас эхлэн язгуур урлаг өөр гүрний өв соёл болон бүртгэгдэж байгаад зөвхөн ард иргэд л санаа зовж, Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа, үүрэг хариуцлагыг нь эрх баригчдаас дэмий л нэхэж шаардсаар сууна. 
- Түүх соёлын үнэт дурсгалууд ямар ч хяналтгүй гадагшаа “урсаж”  байна. 
- Монгол гэрийг шоовдорлон, үеэ өнгөрөөсөн нийгмийн хоцрогдлын үлдэгдэл мэтээр үзэх сэтгэлгээг Нийслэлийн утаагаар дамжуулан нийгэмд төлөвшүүлэх сурталчилгаа ч мундахгүй явж байна. 
- Төрөлх монгол хэл эвдэрч, үүний улмаас сэтгэлгээнд гажуу донгио байдал үүсэж, буруу зөвийг тэр бүр ялгахгүй болж, үүнийгээ олон ургалч үзэл гэж эндүүрэх, өөр өнцгөөс харж байна гэж тайлбарлах боллоо. Эрх баригч намуудын хөтөлбөрөөр дамжин илэрч буй монгол төрийн бодлого нэг иймэрхүү. 
Энэчилэн Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал алдагдсаны зах зухаас дурьдвал шинжлэх ухааны Үндэсний чадамжийг үгүй хийж, өнөөдөр шинжлэх ухааны байгууллагууд гэж төрийн бодлогоос хаягдан, гадныхны төсөл горьдож, гадаадад уривал баярлаж, ёстой дурандаа л ном шагайж суудаг хэдэн буурал эрдэмтэн, дулаан цахилгааны зардал нь ч танагдаж байдаг тоосонд дарагдсан хэдэн өрөөнөөс өөр нэрлэх юмгүй болсон.   
Мэдээллийн аюулгүй байдлын талаар бүр ч ярилтгүй болж, монгол төрийн аливаа нууц мэдээллийг зөвхөн монголчуудаасаа л нууцлаж, гадныханд хадгалуулдаг болсон гэхэд хэлсдэхгүй. Төрийн маш нууц материалууд гадаадын хэн нэгэн доншуучлагч иргэний цүнхэнд явж байх нь энүүхэнд болжээ. 
Нууц материалыг гадныханд өгсөн гэдгээр хариуцлага хүлээн шийтгэл хүртсэн ажилтан гэж дуулдаагүй. Харин олон нийтээс нууж байсан мэдээллийг ард олондоо задласныхаа төлөө ажлаасаа хусуулж, хоолноосоо салсан хүн монголд олон бий.

Энэ мэтээр МАХН, АН хоёр төр засгийн эрх мэдлийг барих хугацаандаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг 
1. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал
2. нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал
3. иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал 
4. эдийн засгийн аюулгүй байдал
5. шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал
6. мэдээллийн аюулгүй байдал
7. монгол соёл иргэншлийн аюулгүй байдал
8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал
9. экологийн аюулгүй байдал гэсэн бүх бүтцээр нь алдагдууллаа.

Энэ бүхэн нь Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэсэн заалтыг
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд: “Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, эдийн засгийн харьцангуй бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил, Үндэсний эв нэгдэл багтана. Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхол нь төр, ард түмний онцгой анхаарал хамгаалалтад байна” гэсэн заалтыг 
Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын II бүлэгт: “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал…халдашгүй дархан байдал хангагдсаныг хэлнэ” гэсэн заалтыг.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчиж Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулаад байна

4. Эрх баригч намууд улс нийгмийн эсрэг хамгийн том зохион байгуулалттай гэмт хэргүүдийг үйлдэж ирсэн
Тухайлбал:
- С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг “улс төрийн …” гээд нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн  болохоор буруутан нь тэд. Тэгээд ч МАХН, АН хоёр бие биенээ буруутан болгон ярьж байсан нь цөөнгүй. Эрх барьж ирсэн уг хоёр нам энэ хэргийг одоо болтол илрүүлээгүй, шуудхан хэлэхэд илрүүлэх сонирхол байхгүй байгаа нь тодорхой билээ. 
Түүнээс хойш гарсан улс төрийн шалтгаантай болон эрх мэдэлтний хар хэргийн гэрч болох сэжигтэйгээр амь насаа алдагсад ч бүр тоогоо алдаад байна. 
Эдийн засгийн, авлигын гэмт хэргүүдийг ч эрх баригч хоёр нам дэлгэрүүлэн цэцэглүүлж байгаа билээ. 
Өнөөдөр монгол улсын нийслэлд хүн машин хоёрын хөдөлгөөнийг ялгаж салгаж болохгүй болтол зайгүй чихсэн, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын өмч хөрөнгө болох өндөр сүрлэг олон барилга чухамдаа монголын авлигын сүр хүчний бодит илэрхийлэл билээ. 

   Төрийн аливаа эрх мэдэл албан тушаалыг тус хоёр нам ах дүү, найз нөхөд, танил талын хүрээллээр өмчлөн эзэгнэж, бие биедээ “бэлэглэж”, төрийн аливаа хяналт тогтоох боломжийг хууль, дүрэм журамтай нь хамт хасаж танаж, хязгаарлан үгүй хийсээр өнөөдөр монгол улсад хаана юу болж байгааг, гадны хичнээн иргэн орж ирээд хаана юу хийж байгааг, байгаль газар нутгийн бүрэн бүтэн байдал хэрхэн алдагдаж байгааг, улс орны хичнээн баялаг хэзээ хаашаа гарч байгааг, монгол улс хэдэн хүн амтайгаа ч мэдэхгүй болчихоод байгаа. 
Өнөөдөр төр засгийн байгууллагаас зарлаж байгаа статистик тоо мэдээ бүгд худлаа гарч байгаа. Өөрөөр хэлбэл монгол төрийн тогтолцоо байхгүй болж, зөвхөн гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааны тогтолцоо болон хувираад байна.
- Эх орныхоо  тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. Харин үүнийг эрх баригч намууд хөсөрдүүлж иржээ. 

Тус хоёр нам төрийн эрхийг барьж ирсэн жилүүдэд албан тушаал эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын наймааны хэрэгсэл болгон, эх орноо, ард түмнээ тонон дээрэмдэхэд ашиглаж ирснээр төрийн үйл ажиллагааг дампууруулж, олон жилийн дайнд нэрвэгдсэн улс орнуудаас ч илүүтэйгээр монгол орныг хөнөөн сүйтгэж, ард олноо ядуугийн туйлд хүргэлээ. 
Нийгмийн баялгийг бүтээн хөдөлмөрлөгч нь сайн сайхан амьдралд хүрдэг хүний нийгмийн жам ёсны зарчмыг толгойгоор нь тонгоруулж, зөвхөн гэмт хэрэг, эрх мэдэл албан тушаалын хүчээр баяжих тогтолцоог бий болголоо.    

Алив та бүхэн хэлээч! Хэзээ, хаана, ямар дайн, ямар байгалийн аюул гамшиг, хэн гэгч эзлэн түрэмгийлэгч нь аль улс орны байгалийн болон хөрсөн доорхи бүх баялгийг цөмийг нь цөлмөн сүйтгэж, онгичин хоосруулж байсныг та мэдэх вэ?!  
Дайны хөлд сэг болтол сүйтгүүлж, агаарын дайралт, тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд сийчүүлэн гуу жалга болсон газар нутагт ч хөрсөн доорхи баялаг нь, мод ургамлынх нь үр, үндэс нь үлддэг юм. Тэгвэл МАХН, АН хоёрын явуулж буй бодлого, үйл ажиллагааны балгаар монголд юу үлдэж байна вэ?!
Өнөөдөр монголын газрын хэвлийд өлгийдөгдөн байсан эрдэнэс баялгийнх нь оронд химийн хорт бодисуудаар хордуулагдан сэглэгдсэн гуу жалга, хонгил нүх л үлдэж байна. Ус булаг нь ширгэж, малын бэлчээр устаж, цөлжиж, малчид орон нутгаасаа шахагдан хөөгдөж, хөдөө нутаг эзгүйрч байна. 

Оксфордын Их сургуулийн Африкийн Эдийн Засгийн Судалгааны төвийн захирал Пол Коллиер дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын сүйрлийн талаар бичсэн “Адагт үлдсэн тэрбум” номондоо иргэний дайн гарсан орнуудад Засгийн газрын хяналтаас гарсан газар нутаг бий болж, тэнд хууль бус үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэж, олон улсын элдэв гэмт хэргийн талбар үүр уурхай болдогийг, Африкт ДОХ тархсан нь засаглалын хяналтгүй бүс нутагт олноор гардаг хүчингийн хэрэг, олноор шилжин суурьшсан зэрэг нь бэлгийн замын халдварт өвчнийг тараах нэн тохиромжтой нөхцөл болсныг дурьджээ. 

Харин МАХН, АН хоёр төр засгийн эрх мэдлийг барьж ирсэн жилүүдэд Африкийн ядуу буурай орнууд дахь иргэний дайны үеийн тэр нөхцөл байдлаас ч илүүтэй гамшигт үеийг Монгол улсад бүрдүүлж чадлаа. 
   
Монгол улс, монголын төрийг сүйтгэн бусинуулсан өнөөгийн Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам хоёрын бусармаг бодлого, үйл ажиллагааны гайгаар өнөөдөр  монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон төрийн хар хайрцагны бодлого алдагдан сэлүүргүй завь шиг харийн бодлогын “салхинд туугдан” хөвөх болж, эд баялагт шунасан гадны хүчний эрхшээлээр улс орны оршин амьдрахуйн үндэс болсон газар нутаг, байгаль экологийг сүйтгэн монгол хүний амьдрах орчин хумигдаж, ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа, улс үндэстний оюун санааны дархлаа алдагдан гадагшаа тэмүүлэх болж, үйлдвэрлэх хүчний бааз суурь устан бүх л хэрэглээ нь гадны улс орны хараат байдалд орж, тусгаар улсын хувьд гадны хараат бусаар ганц өдөр ч оршин тогтнох чадваргүй болтлоо хэврэгшин доройтлоо. 
Улс орны эд баялаг, хүн ардын хүмүүнлэг чанар, оюун санаа, ахуй соёл, сэтгэл итгэлийг нь үгүйрүүлэн хоосруулж, үндэстнийх нь хувьд хөнөөн устгахуйцаар дайсагнаж, нөхөж баршгүй их хохирол сүйтгэл учруулсан, улс орны тусгаар тогтнолыг алдагдуулах, ард түмний эв нэгдлийг саринаан бутаргах хорт ажиллагааг сүүлийн 18 жилийн турш энэ хоёр нам хамтран явуулж ирлээ.   
Улс орон ард түмнийхээ эсрэг үйлдсэн ийм том гэм нүгэлт хэргийн буруутан нь тус хоёр намын удирдах бүлэглэлд багтсан болон тэдний ивээл нөмөрт хоргодсон цөөн тооны хэдэн этгээд хэдий боловч тэдгээр луйварчдын орогнох газар нь, ард түмнийг хууран мэхлэх баг нь, гэмт үйлдлүүдийг нь хаацайлан хамгаалах нөмрөг нь, хар хэргийнх нь замналыг өвлүүлж, залгамжлалыг нь сурган бэлтгэх үүр уурхай нь МАХН, АН хоёр болж ирсний хувьд энэ хоёр улс төрийн намын үйл ажиллагааг хориглох нь зүйд нийцэх билээ. 

Иймд Улс төрийн намын тухай хуулийн 23.2. дугаар зүйлд заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах,... үйл ажиллагаа ... явуулсан... “ гэсэн заалтыг үндэслэн МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглох хүсэлтийг Улсын дээд шүүхэд хандан гаргаж байна.   

Хэрэв өнөөдөр улс төрийн хариуцлагын тухай жинхэнэ ёсоор нь ярих гэж байгаа бол, улс төрчдийн ёс зүйн тухай ярих гэж байгаа бол, улс төрийн хариуцлага тооцдог механизм бүрдүүлэх шаардлагатай гэж үнэхээр үзэж байгаа л бол сүүлийн 18 жил төрийн эрх барьж, төрийг гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц тогтолцоо болтол нь төрийн бүх механизмыг ялзруулан, одоо бусад жижиг намуудыг ч өөрсдийн бузар бусармаг хэргүүддээ хутгалдуулан хань хамсаатнаа, гар хөлөө болгохыг санаархаж байгаа МАХН, АН хоёртой хариуцлага тооцохоос эхлэх ёстой гэж үзэж байна. 
Авч үзэх ёстой өөр нэг асуудал бол намын нэр өөрийн онолын үзэл баримтлалтайгаа холбогдон нэрлэгддэг бөгөөд  марксист ленинист үзэл онол бүхий улсын өмчид суурилсан нийгмийн харилцааг  үзэл баримтлалаа болгосон МАХН улс орныг жолоодож явсан үе монголын түүхэнд бий боловч уг үзэл онолыг таягдан хаяж хувийн өмчид суурилсан нийгмийн харилцаанд шилжсэнээр уг нам үгүй болсон. Нийгмийн өөр харилцаанд шилжсэнээр улсын нэрийг хүртэл Бүгд найрамдах, ард гэсэн нэр, ухагдахуунуудаас нь салган өөрчилж Монгол улс гэж нэрлэх болсон билээ. Тэр ч байтугай тэр үеийн хэвлэлүүдийн нэрийг хүртэл хэрэглэхийг хориглосон. Гэтэл өнөөдөр өөр үзэл онол, хувийн өмчийн харилцааг дэмжигч, улс орныг худалдаж буй луйварчин этгээдүүдийн бүлэглэл МАХН-ын нэрийг ашиглаж байгаа нь зүй ёсоор хориглох ёстой, ард түмнийг залилан мэхлэж буй гэмт хэрэг мөн. 
 Энэ бүхнийг үндэс болгон Монгол оронд өнөөдөр нүүрлээд байгаа засаглалын хомсдол, иргэний дайн ч үүсгэж мэдэхээр болоод буй  нийгмийн хямралт байдлыг тайван замаар өөрчлөх, гамшигт байдлаас эх орноо хамгаалах, ард олноо аврах хууль ёсны ганц арга зам энэ гэдгийг тунгааж УДШ-ийн эрхэм шүүгчид үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгож, эх орон ард түмнийхээ төлөө түүхэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.  

ӨРГӨДӨЛ ГАРГАСАН

Монгол улсын иргэн  ... ... ... ... ... ...

No comments: