Шог үгүүллэг
Хөхөө дарга сүмогийн улаан фэн. Гэр нь ойрхон учир, башёгийн үеэр ажил дээрээ дэмий донгодон сууж зүрхэлдэггүй гэж байгаа. Башёгүй үеэр л донгодно. Харин одоо бол Есүнгэ мэргэний харвасан сум шиг л нисэн очиж, хаалга юугаан онох нь ойлгомжтой.
Авгай нь компютэрийн засварчин дуудсан нь, яг башёгийн үеэр ирэх болж таарч. Манай дарга, өмнө нь жаахан бэлтгэл хангах учиртай боллоо л доо. Тэр засварчныг харж сахиад л, сүмогоо мөрөөдөн, элдвээр шаналан сууж хүлцэхгүйн учир, дэлсчихэж болох дэл сул юмнуудаа л далд хийчих нь зүйтэй гэж шийдсэн хэрэг. Тэгээд л, өрөөндөө ороод тухтай сүмодно доо. Яггүй жинтэй түүний хувьд сүмо сэтгэлзүйн эмчилгээ болдог агаад, дараа нь өөрийгөө санъякуд орсон мэт төсөөлөн, таахаг таахаг алхах хичнээн сайхан. Өмнө нь ч, тэгэж төсөөлдөг л дөө.
Дэлгүүрийн лангуун дээр омог бардам гэгч, цүдгэр гэдсээ тавиад:
-Шар тор нэгийг авъя! гээд хорин мянгат дэрвүүлэв.
-Байхгүй. Хориглочихсон шүү дээ.
-Гэхдээ та нар нууцаар зараад л байдаг биз дээ.
-Нууцаар зардаг хүн маань цаазлагдсан.
-Цаазлах ялыг бас хориглочихсон биш бил үү?
-Зандалчлах зүйл анги хамрагддаггүй гэсэн.
-Шар тор зарах нь зандалчлал гэж үү?
-Эхлээд торгох гэж байснаа, дараа нь төр засгийн эсрэг үймээн самуун дэгдсэн гээд, сүүлд нь зандалчлал гэж үзсэн.
-Та нарын л буруу. Битгий зар аа гээд байхад… Өөр зарах юм мундсан юм шиг, заавал л шар тор зараад гөжүүдлээд байсан даг. За тэгвэл, даавуун тороо авъя даа.
-Наад мөнгө чинь хүрэхгүй юм байна. Гар урлалын бүтээгдэхүүн болохоор үнэтэй л дээ. 70 мянган төгрөг.
-Юу? Ард түмнийг дэндүү шулж байгаа юм биш үү? Наадахь чинь зүгээр л нэг хогийн шуудай байнаштээ!
-Мэдэхгүй ээ. Яамнаас л ийм юм нийлүүлж, тийм үнээр зар гээд байгаа. Анхны худалдан авагч нь та болох нь!
-Ард нь Палаанз дарга байгаам байна л даа. Яахав, авъя аа, авъя. Бусад хүмүүс авсан юмаа яаж авч явж байна.
-Цөмийн хаягдлын, поошгийг нь суллаж аваад, таллаж тайраад, толгой дээрээ тавиад явцгаах юм байна шүү дээ.
-За, за, тэр улс төр ч яахав. Битгий дахиж ард түмнийг шулж байгаарай гээд дарга гэр лүүгээ шуртхийв.
Чингээд авгайнхаа өрөөний элдэв фэншүгийн хэрэгсэл, алтан жаазтай худал үнэн өргөмжлөл, будаг шунх, чихмэл шувуутай тор, хиймэл цэцэгтэй ваар, секс-тоглоомууд зэргийг шуудай руу яаран хамахад тар нярхийнэ. “Юу гэж эдэлгээ даахгүй шал дэмий юмнууд авч байдаг юм. Байгалийн шалгарал явуулна аа” гээд л нядаагаад байсан чинь дороо шуудай дүүрэв.
Утас нь хангинахад харвал, авгайнх нь дугаар жирийнэ. Бас юу гэх л бол доо, яршиг яршиг, утсаа хаячихсан л хүн байгаа биз гээд цонхоор чулуудав. Тэгээд, шуудайтай зүйлээ чирсэн чинь хүчирдэг юм биш. Дээр нь озэки нар суусан шиг л санагдана. Энийг ч хулгайч дийлэхгүй юм байна гээд коридорт орхиод явлаа.
Байшин нь шатахад Матрёна эмээ ер бусын хүчтэй болж, авдартай алт мөнгөө тэврээд гүйсэн тухай уншсан нь санаанд орж, шаналгав. Шуудайг хүү татаад хоосолсон ч болох юм шүү дээ гэж сэртхийхүй, даруй балиус авчран хэрэгжүүлээд, доторхийг нь хормойлон, өрөө рүүгээ гүйж асгав. Хагарч хэмхрээд, хэрэгтэй юм ч гэж ховор боллоо доо, хөөрхий. Гэхдээ яах вэ, санасан хэрэг л бүтэж байвал...
Эхнэрийн өрөөний хивс, аравч, зурагт, диван гээд зөндөө л, хүнд хэрэгтэй юм байгаа болж таарав. Шоронд насаараа шахуу мод бэлтгэж, чулуу күблэж, шохой ачиж явсны хэрэг юу билээ. Яаж ийгээд зөөлөө дөө, бүрэн бүтэн байдлуудыг нь л алдагдуулчихсан болохоос.
“Нөгөө засна гэсэн компютэрээ өвөртлөөд явчихаж болохнээ, хамгийн түрүүнд тэрийг л санах байж, ээ тэнэг, ээ тэнэг!” хэмээн духаа алгадаад, бөөгнүүлж тэврээд л харайлгасан чинь утас шүрмэст нь татагдаад, тэрий хадав.
“Намайг сүмо үзээд ухаанаа алдчихсан, ухнатаж суух хойгуур, цоож түгжээнүүдийг хөөрхөөн оролдоод...” гэж төсөөлөнгүүт хар хөлс чийхарч, түйвээсэн юмнууд дундаа түлхүүр хайж цаг алдахгүйн тулд, төмөр утас, арматур махийлган элдэв гох дэгээ, гөнжүүр бэлтгэж аваад, хаалгатай бүхнийг онгойлгон цөлмөж эхлэв.
“Би бусад өрөөнүүдэд орж чадаад байхад, тэр яагаад чадахгүй гэж?” хэмээн бодов. “Ерөөсөө хажуу айлд энэ гайтай хөөтэй юмнуудаа түр оруулаад тавьчихъя, өсч үржсэн хойно нь авъя” гэж сэтгэв. Ингээд, хогшил хөрөнгөө үүдэндээ гаргаж овоолоод, хөршийнхөө хаалгыг эвдсэн чинь цагдаа нар ирж, гарт нь гав зүүв ээ.
Эхлээд торгох гэж байснаа, дараа нь төр засгийн эсрэг үймээн самуун дэгдээсэн гээд, сүүлд нь зандалчлал гэж үзэв. Хөхөө тийм ч том дарга биш л дээ. Тэгэхлээр, шар тор нууцаар худалдан авах гэж оролдсон гэх хэргээсээ мултарч дөнгөсөнгүй ээ.
Хамаг эд хөрөнгийг нь хурааж, эдэлж хэрэглэж болох зүйл үгүйн учир, нэгэн эрхэм гишүүн сумын сургуульд хандивлаж, тэрбум төгрөгөөн чөлөөлж авав. Эхнэр нь урьдын адилаар гудамжинд гарчээ.
Нэгэнтээ тэр нөхрөө эргэж ирээд “Энд тэнд булсан барьсан өв хөрөнгө чамд байхгүй юм уу” гэж асуув. Шоронгийн овгоруудын байцаалтад донгодоогүй тэр юу гэж одоо ам ангайх билээ. Угаасаа өөрөө шоронгийн овгор юм чинь. харин эхнэр нь:
-Уг нь би чам руу, нөгөө засварчин: “1-рт, би дэлхийд өрсөлдөх чадвартай брэнд компютэр үйлдвэрлэх болсон, 2-рт, хаард засч болдоггүй юм” гээд ирэхээ больсон гэдгийг утасдаж хэлэх гээд зөндөө л залгасан ш дээ! гэдэг байна шүү.
Ч.Мөнхбаяр
MMIХ.Ү.ХҮ
http://moenhbayar.blogsроt.соm
No comments:
Post a Comment